- Нүүр
- Сайдын тушаал
- ГАДААДЫН ХАРЬЯАТ ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТЭНД ЭМЧЛЭХ, СУВИЛАХ, ЭМ БАРИХ МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, ДАХИН ОЛГОХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЖУРАМ Уг хавсралтыг ЭМС-ын 215 дугаар тушаалаар хүчингүй болгосонд тооцсон/
Эрүүл мэндийн сайдын 2008 оны
9 сарын 17-ны өдрийн 199 дугаар
тушаалын хоёрдугаар хавсралт
ГАДААДЫН ХАРЬЯАТ ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТЭНД ЭМЧЛЭХ, СУВИЛАХ, ЭМ БАРИХ МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, ДАХИН ОЛГОХ, ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЖУРАМ /Уг хавсралтыг ЭМС-ын 215 дугаар тушаалаар хүчингүй болгосонд тооцсон/
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Гадаадын харьяат эмнэлгийн мэргэжилтэнд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр эмчлэх, сувилах, эм барих мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл (цаашид "зөвшөөрөл" гэх) олгох үйл ажиллагааг Эрүүл мэндийн тухай хууль, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хууль, энэхүү журам болон бусад холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмаар зохицуулна.
1.2. Энэхүү журам нь Монгол Улсад түр хугацаагаар мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх гадаадын харьяат эмнэлгийн мэргэжилтэнд хамаарна.
1.3. "Эмчлэх, сувилах, эм барих мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох журам"-ын 1.2 дахь заалт, 3, 4 дүгээр бүлгийн заалтууд энэхүү журамд хүчин төгөлдөр мөрдөгдөнө.
Хоёр. Зөвшөөрөл олгох үйл ажиллагаа
2.1 Дараахь шалгуурыг хангасан гадаадын харьяат эмнэлгийн мэргэжилтэнд зөвшөөрөл олгоно. Үүнд:
2.1.1 Анагаах ухаан, сувилахуй, эм зүйн бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй;
2.1.2 Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл буюу түүнтэй адилтгах хүчин төгөлдөр баримт бичигтэй байх;
2.1.3 Тухайн мэргэжлээрээ 5-аас дээш жил ажилласан туршлагатай байх;
2.2 Гадаадын харьяат эмнэлгийн мэргэжилтнийг урьж ажиллуулах байгууллага нь (цаашид "байгууллага" гэх) тухайн мэргэжлээр зайлшгүй ажиллуулах шаардлага, гүйцэтгэх ажил, үйлчилгээний хэмжээ, хугацааг дэлгэрэнгүй тодорхойлсон албан бичиг, танилцуулгыг гадаадын харъяат эмнэлгийн мэргэжилтэнтэй байгуулах хөдөлмөрийн гэрээний төслийн хамт Эмнэлгийн мэргэжилтний зөвшөөрлийн Үндэсний зөвлөлд (цаашид "үндэсний зөвлөл" гэх) ирүүлэх ба Үндэсний зөвлөл тухайн мэргэжлийн эмнэлгийн мэргэжилтний хэрэгцээг харгалзан дэмжих эсэх талаар шийдвэр гаргана. Үндэсний зөвлөл дэмжиж буй тохиолдолд зөвшөөрлийн хугацааг тогтооно.
2.3 Үндэсний зөвлөл дэмжсэн тохиолдолд байгууллага нь гадаадын харьяат эмнэлгийн мэргэжилтэнд холбогдох доорхи материалыг Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төв (цаашид "ажлын алба" гэх)-д ирүүлнэ. Үүнд:
2.3.1 Байгууллагын хүсэлт гаргасан албан бичиг;
2.3.2 Гадаадын харьяат эмнэлгийн мэргэжилтнийг тухайн мэргэжлээр урьж ажиллуулахыг дэмжсэн Үндэсний зөвлөлийн шийдвэр;
2.3.3 Гадаадын харьяат эмнэлгийн мэргэжилтний гадаад паспорт, түүнийг орлох хууль ёсны баримт бичгийн баталгаажуулсан хуулбар, ажлын албаны гэрээт Орчуулгын товчооны монгол орчуулгын хамт;
2.3.4 Ажлын албаны гэрээт нотариатаар баталгаажуулсан тухайн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл буюу түүнтэй адилтгах хүчин төгөлдөр баримт бичгийн хуулбар, ажлын албаны гэрээт Орчуулгын товчооны монгол орчуулгын хамт;
2.3.5 Ажлын албаны гэрээт нотариатаар баталгаажуулсан боловсролын дипломын хуулбар, ажлын албаны гэрээт Орчуулгын товчооны монгол орчуулгын хамт;
2.3.6 Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх албаны санал;
2.3.7 3х4 хэмжээний зураг (2 хувь);
2.3.8 Тэмдэгтийн хураамж төлсөн баримт;
2.3.9 Зөвшөөрөл дахин хүссэн тохиолдолд тухайн мэргэжилтний талаархи Улсын мэргэжлийн хяналтын албаны тодорхойлолт.
2.4 Энэхүү журмын 2.3 дахь заалтад заасан материалыг бүрдүүлсэн гадаадын харьяат эмнэлгийн мэргэжилтэнд Үндэсний зөвлөлөөс тогтоосон хугацаагаар зөвшөөрлийг 1 сарын дотор Эрүүл мэндийн сайдын тушаалаар албажуулан олгоно.
2.5 Монгол Улсад тохиолдсон байгалийн гамшиг, осол, нийтийг хамарсан аюул бүхий халдварт өвчний дэгдэлт болон бусад онцгой тохиолдлын үед Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр ирж ажиллаж буй гадаадын мэргэжилтэнд зөвшөөрлийг Эрүүл мэндийн сайдын шийдвэрээр ажлын 1 өдөрт багтаан олгоно.
Гурав. Байгууллагын хүлээх үүрэг, хариуцлага
1.1 Энэхүү журмын 2.2, 2.3-т заасан баримт бичгүүдийг бүрдүүлэх;
1.2 Гадаадын харъяат эмнэлгийн мэргэжилтний танилцуулгад урьж буй байгууллагын нэр, хаяг, утас, гадаадын харъяат эмнэлгийн мэргэжилтний нэр, нас, хүйс, яс үндэс, иргэншил, монгол улсад зорчихоор мэдүүлсэн визийн ангилал, төрөл, боловсрол, мэргэжил, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээний дугаар, олгогдсон огноо, хүчинтэй байх хугацаа, урьд эрхэлж байсан ажлын товчоон, монгол улсад мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхээр хүсэлт гаргаж буй мэргэжлийн чиглэл, үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чиглэл зэргийг дэлгэрэнгүй бичих;
1.3 Зөвшөөрөл олгосон гадаадын харьяат эмнэлгийн мэргэжилтэнтэй Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуульд нийцүүлэн хөдөлмөрийн гэрээ байгуулан, мөрдүүлж ажиллуулах;
1.4 Зөвшөөрөл олгосон гадаадын харьяат эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж үйлчилгээг мэргэжлийн монгол хэлээр үзүүлэх нөхцлийг бүрдүүлэн ажиллах (эрүүл мэндийн зохих боловсролтой орчуулагч ажиллуулах);
1.5 Гадаадын харьяат эмнэлгийн мэргэжилтэн Монгол улсад мөрдөгдөх хуулийн дагуу тусламж, үйлчилгээг үзүүлэх нөхцөл бүрдүүлэх;
1.6 Мэргэжилтэнтэй хийсэн гэрээгээ цуцалсан тохиолдолд ажлын 5 хоногийн дотор ажлын албанд мэдээлэх;
1.7 Ажлын алба болон Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх алба, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Улсын мэргэжлийн хяналтын газар зэрэг холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, мэдээлэл харилцан солилцон ажиллах.
Дөрөв. Гадаадын харьяат эмнэлгийн мэргэжилтний үүрэг, хариуцлага
4.1 Монгол улсад ажиллах хугацаандаа Монгол Улсын хууль, тогтоомжийг бүрэн сахиж, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг мөрдөж ажиллах;
4.2 Гадаадын харьяат эмнэлгийн мэргэжилтэн нь зөвхөн тухайн мэргэжлээр авсан зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулах.
Тав. Зөвшөөрлийг дахин олгох, хүчингүй болгох
5.1 Гадаадын харьяат эмнэлгийн мэргэжилтэн олгосон зөвшөөрлийг сунгахгүй бөгөөд үргэлжлүүлэн ажиллах тохиолдолд дахин хүсэлт гаргаж энэхүү журмын 2.2-2.4-ын дагуу шийдвэрлүүлнэ.
5.2 Дараахь тохиолдлуудад гадаадын харьяат эмнэлгийн мэргэжилтэнд олгосон зөвшөөрлийг хүчингүй болгоно:
5.1.1 Байгууллагын болон гадаадын харьяат эмнэлгийн мэргэжилтний санаачлагаар хөдөлмөрийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах;
5.1.2 Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хууль, бусад холбогдох хуулийг зөрчсөн үндэслэлээр зөвшөөрлийг хүчингүй болгох санал Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх алба, Улсын мэргэжлийн хяналтын алба, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, хууль хяналтын байгууллагаас ирүүлэх.
оОо
Текст томруулах
A
A
A