A

A

A

Бүлэг: 1979
БХС-ын 2020 оны А/80 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Батлан хамгаалахын сайдын 2007 оны 264 дүгээр тушаалын хоёрдугаар  хавсралт
 
ТУСГАЙ ҮҮРГИЙН НИСЛЭГ ҮЙЛДЭХ ЖУРАМ
 
Нэг. Ерөнхий зүйл
 
1.1. Энэхүү журмын зорилго нь улсын агаарын хөлгөөр тусгай үүргийн нислэг үйлдэхэд оролцогч байгууллагуудын үүрэг, харилцан ажиллагааг хэрэгжүүлэхэд оршино.
 
1.2. Энэ журам нь тусгай үүргийн нислэг үйлдэх улсын агаарын хөлгийг эзэмшигч /цэрэг, цагдаа, хил хамгаалах, гаалийн болон төрийн бусад чиг үүргийг хэрэгжүүлэх / байгууллагуудын баримтлах үндсэн баримт бичиг болно.
 
1.3. Тусгай үүргийн нислэгт тайван цагийн батлан хамгаалах нислэг, хил хамгаалалт, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үүрэг гүйцэтгэхтэй холбогдолтой нислэг болон байгалийн гамшиг, хүн малын гоц халдварт болон ургамлын онц хөнөөлт өвчинтэй тэмцэх, эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн зорилгоор үйлдэж буй бүх төрлийн нислэгүүд хамаарна
 
1.4. Мөн тусгай үүргийн нислэгт Монгол улсын "Улсын нисэхийн тухай" хуулийн 10.4-т зааснаас гадна  төрийн бусад чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллагуудын гүйцэтгэх үүргийн дагуу хийгдэх эрэн хайх, авран туслах ажиллагаа, барилга угсралтын ажил, урлаг, спортын арга хэмжээ, хүмүүнлэгийн олон улсын үйл  ажиллагаанд оролцох, стратегийн зориулалттай ашигт малтмалын нөөц тогтоох, кино болон газрын  зураг авах, ан амьтны  тооллого хийх, гэмт халдлага /терроризм/-тай тэмцэх зэрэг  нислэгүүд хамаарна.
 
         Хоёр. Тусгай үүргийн нислэгийн захиалга
 
2.1. Захиалагч нь тусгай үүргийн нислэгийн захиалга /хүсэлт/-ыг батлан хамгаалах, цагдаа, хил хамгаалах, гаалийн болон төрийн бусад чиг үүргийг хэрэгжүүлэх байгууллагуудад ирүүлнэ.
 
         2.2. Улсын агаарын хөлгийн эзэмшигч нь:           
          - батлан хамгаалах, хил хамгаалалт, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх үүрэг гүйцэтгэхтэй холбогдолтой нислэг, байгалийн гамшиг, хүн малын гоц халдварт болон амьтан, ургамлын онц хөнөөлт өвчинтэй тэмцэх, эмнэлгийн яаралтай, түргэн тусламж үзүүлэх нислэгийн захиалгыг нислэг эхлэхээс 2-оос багагүй цагийн өмнө;
 
          - барилга угсралтын ажил, урлаг, спортын арга хэмжээ, хүмүүнлэгийн олон улсын үйл ажиллагаанд оролцох, стратегийн зориулалттай ашигт малтмалын нөөц тогтоох, кино болон газрын  зураг авах, ан амьтны  тооллого хийх нислэгийн захиалгыг нислэг эхлэхээс 48-аас багагүй цагийн өмнө Цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллага/ЗХЖШ/-ын даргаар батлуулан  ИНЕГ-т тус тус хүргүүлнэ.
 
             2.3. Улсын  агаарын хөлгийг эзэмшигч байгууллагууд нь өөрсдийн чиг үүрэгтэй холбоотой эрэн хайх, авран туслах ажиллагаа, үйлдвэрлэлийн осол, гэмт халдлага /терроризм/-тай тэмцэх зэрэг тохиолдолд ИНЕГ-т мэдэгдэн нислэгийн захиалга /төлөвлөлт/ харгалзахгүйгээр  Цэргийн мэргэжлийн удирдлагын дээд байгууллагын даргын тогтоосон бэлэн байдлын зэргүүдэд шилжин нислэг үйлдэнэ.
 
          Гурав. Тусгай үүргийн нислэг үйлдэх агаарын хөлөг, нисэх баг
 
            3.1. Тусгай үүргийн нислэгт ашиглах агаарын хөлөг нь Зэвсэгт хүчний АДХЦ-ийн нисэхийн хэлтсийн "Сургалт, үнэмлэх, гэрчилгээжүүлэлтийн алба"-наас олгосон улсын агаарын хөлгийн бүртгэлийн болон нислэгт тэнцэх чадварын гэрчилгээтэй байна.
 
          3.2. Тусгай үүргийн нислэг үйлдэх нисэх багийн гишүүдийг улсын агаарын хөлгийг эзэмшигч байгууллагын даргын тушаалаар томилно.
 
3.3. Тусгай үүргийн нислэг үйлдэхээр томилогдсон агаарын хөлгийн нисэх багийн гишүүд нь Зэвсэгт хүчний АДХЦ-ийн нисэхийн хэлтсийн "Сургалт, үнэмлэх, гэрчилгээжүүлэлтийн алба"- наас олгосон мэргэжлийн үнэмлэхтэй байна.
 
              Дөрөв. Нислэгийн зөвшөөрөл олгох
       
            4.1. Зэвсэгт хүчний АДХЦ-ийн командлагч нь тусгай үүргийн нислэгийн захиалагч байгууллагын хүсэлт, талуудын байгуулсан гэрээг хянан үзээд нислэгийн удирдамжийг боловсруулан ЗХЖШ-ын даргаар батлуулна.
 
            4.2. Тусгай үүргийн нислэг үйлдэх зөвшөөрлийг Зэвсэгт хүчний АДХЦ-ийн командлалын санал, дүгнэлтийг үндэслэн ЗХЖШ-ын дарга олгоно.
 
           Тав. Тусгай үүргийн агаарын хөлгийг нислэгт бэлтгэх, нислэг үйлдэх
 
5.1. Улсын агаарын хөлгийг тусгай үүргийн нислэгт бэлтгэх, нислэг үйлдэх, нислэгийн аюулгүй байдлыг хангах асуудлыг агаарын хөлгийг эзэмшигч байгууллагын дарга хариуцна.
 
5.2. Агаарын хөлгийг эзэмшигч нь  тусгай үүргийн нислэгт бэлтгэх ажиллагааг ЗХЖШ-ын даргын баталсан "Нисэхийн инженерийн албаны заавар" болон  "Техник үйлчилгээний заавар" -ын дагуу  гүйцэтгэнэ.
 
5.3. Агаарын хөлгийг эзэмшигч байгууллагын даргын нислэг эрхэлсэн орлогч, ерөнхий инженер нар нь  тусгай үүргийн нислэг үйлдэх агаарын хөлгийн баримт бичгийн бүрдэлт, агаарын хөлөгт хийгдэх үзлэг, техникийн үйлчилгээ, нисэх багийн нислэгийн урьдчилсан болон өмнөх бэлтгэлийг хангуулна.
 
5.4. Агаарын хөлгийг тусгай үүргийн нислэгт бэлтгэх инженер, техникийн бүрэлдэхүүн нь Зэвсэгт хүчний АДХЦ-ийн нисэхийн хэлтсийн "Сургалт, үнэмлэх, гэрчилгээжүүлэлтийн алба"- наас олгосон мэргэжлийн үнэмлэхтэй байна.
 
5.5. Тусгай үүргийн нислэгийн зорилгоос хамаарч агаарын хөлөгт нэмэлт төхөөрөмж суурилуулах, дүүжин нислэгээр зөөвөрлөх, өргөгч ашиглах зэрэг нислэгийн үүрэг гүйцэтгэх бол Зэвсэгт хүчний АДХЦ-ийн нисэхийн хэлтсийн "Нислэг-техникийн шалгах алба"-наас зөвшөөрөл авч, дадлагажуулах нислэгийг хийсэн байна.
   
         Зургаа. Тусгай үүргийн нислэгийн хангалт
 
6.1. ИНЕГ болон нислэгийн цаг уурын төв нь тусгай үүргийн нислэг үйлдэх улсын агаарын хөлгийн эзэмшигч байгууллагатай хамтран ажиллах гэрээний дагуу тусгай үүргийн нислэг үйлдэх аэродромууд, тэдгээрийн тоног төхөөрөмжийн бэлэн байдал, цаг уурын болон нислэгийн бусад мэдээллээр хангах үйл ажиллагааг зохицуулна.
 
6.2. Тусгай үүргийн нислэг үйлдэж буй нисэх баг нь нислэгийн хөдөлгөөний холбогдох журам, зааврын дагуу хөөрөлт буултын цаг, агаарын хөлгийн байрлал, нислэгтэй холбоотой бусад мэдээллээ ИНЕГ-ын нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны нислэгийн удирдагчид мэдээлнэ.
 
6.3. Тусгай үүргийн нислэг үйлдэж буй улсын агаарын хөлөг зөвшөөрөгдсөн аэродромоос өөр газарт буух шаардлага гарсан тохиолдолд Зэвсэгт хүчний АДХЦ-ийн командлал болон ИНЕГ-ын НХҮА-д мэдэгдэж, агаарын хөлгийн нисэх багийн даргын шийдвэрээр буух талбайг сонгоно.
 
         Долоо. Тусгай үүргийн нислэгийн зорчигч, ачаа тээш
 
7.1. Тусгай үүргийн тайван цагийн батлан хамгаалах болон хил хамгаалалт, гэмт хэрэг, гамшигтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үүрэг гүйцэтгэхтэй холбогдолтой  нислэгийн зорчигч, ачаа тээшийг  нисэх буудлын аюулгүй байдлын үзлэгт хамааруулах шаардлагагүй.
 
7.2. Энэ журмын 7.1-д зааснаас бусад тусгай үүргийн нислэгийн зорчигч, ачаа тээшийг тогтоосон журмын дагуу  нисэх буудлын аюулгүй байдлын үзлэгт хамааруулна.
 
7.3. Нисэхийн аюулгүй ажиллагааг хангах шаардлагын дагуу нислэгийг захиалагч нь тусгай үүргийн нислэгийн зорчигч, ачаа, тээшний хэмжээг тусгай үүргийн нислэгийг гүйцэтгэгч байгууллагаас гаргаж өгсөн хэмжээнд байлгах үүрэг хүлээнэ.
 
7.4. Тусгай үүргийн нислэг үйлдэж буй агаарын хөлгөөр нислэгт оролцох зөвшөөрөл авснаас өөр зорчигч, ачаа, тээш тээвэрлэхийг хориглоно.
 
7.5.  Тусгай үүргийн нислэгээр аюултай ачаа тээвэрлэх бол агаарын хөлгийн дарга нь нисэх буудлын аюулгүй байдлын албанд мэдэгдэж, зөвшөөрөл авна.
 
7.6. Тусгай үүргийн нислэгийн үед агаарын хөлгийн дарга нь өөрийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх бөгөөд түүний өгсөн үүргийг хөлгийн бүхээгт байгаа нисэх багийн гишүүд болон зорчигчид биелүүлэх үүрэгтэй. 
 
        Найм. Тусгай үүргийн нислэгийг дууссанд тооцох
 
            Тусгай үүргийн нислэгийг захиалагч аяллын зорилгоо биелсэн тухай улсын агаарын хөлгийг эзэмшигч болон үйлчлэгч бусад байгууллагуудад албан ёсоор мэдэгдсэнээр тусгай үүргийн нислэгийг дууссанд  тооцно.