- Нүүр
- Сайдын тушаал
- УСНЫ САН БҮХИЙ ГАЗРЫН ОНЦГОЙ БОЛОН ЭНГИЙН ХАМГААЛАЛТЫН БҮС, УС ХАНГАМЖИЙН ЭХ ҮҮСВЭРИЙН
Байгаль орчин, аялал, жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайдын 2009 оны
51/75дугаар хамтарсан тушаалын 1-р хавсралт
51/75дугаар хамтарсан тушаалын 1-р хавсралт
УСНЫ САН БҮХИЙ ГАЗРЫН ОНЦГОЙ БОЛОН ЭНГИЙН ХАМГААЛАЛТЫН БҮС, УС ХАНГАМЖИЙН ЭХ ҮҮСВЭРИЙН
ЭРҮҮЛ АХУЙН БҮСИЙН ДЭГЛЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1. Энэ дэглэм нь Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай, Усны тухай, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай, Хүнсний тухай, Ариун цэврийн тухай, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай, Газрын тухай хуулиуд болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актыг үндэслэнэ.
2. Энэ дэглэмийн зорилт нь усны эх, ундарга, нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах, хүн амыг үер усны гамшгаас сэргийлэх зорилгоор усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийн зааг, бүсийн дэглэмийг тогтооход оршино.
3. Рашаан, түүний орчныг хамгаалах, рашаан ордын ариун цэврийн болон хамгаалалтын бүсийн дэглэмийг Рашааны тухай хуулиар зохицуулна.
4. Энэ дэглэмд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
4.1."усны сав газар" гэж Усны тухай хуулийн 3.1.2.-д зааснаар;
4.2."усны сан бүхий газар" гэж Усны тухай хуулийн 3.1.3.-д зааснаар;
4.3."онцгой болон энгийн хамгаалалтын бүс" гэж Усны тухай хуулийн 3.1.4.-д зааснаар;
4.4."эрүүл ахуйн бүс" гэж Усны тухай хуулийн 3.1.5.-д зааснаар;
4.5."эх үүсвэрийн тэжээгдлийн муж" гэж ус хангамжийн газрын доорхи эх үүсвэрийн усны орд нь гадаргын болон газрын доорхи зэргэлдээх уст үеийн ус, хур тунадасны усаар тэжээгдэх нутаг дэвсгэрийг;
4.6."голын татам" гэж голын усны түвшин ихсэх үед усанд автдаг, голдирлын дагуух намаг, ширэг зүлэг бүхий хөндийн ёроолын хэсгийг;
4.7."усан сан" гэж Усны тухай хуулийн 3.1.7.-д зааснаар;
4.8."усны барилга байгууламж" гэж Усны тухай хуулийн 3.1.8.-д зааснаар;
4.9."төвлөрсөн ус хангамж" гэж Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3.1.1.-д зааснаар;
4.10."төвлөрсөн бус ус хангамж" гэж Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3.1.2.-д зааснаар;
4.11."ус хангамжийн эх үүсвэр" гэж Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3.1.4.-д зааснаар;
4.12."шугам сүлжээ" гэж цэвэр ус дамжуулах, хуваарилах, хэрэглэгчид хүргэх байгууламжийг;
4.13."ус түгээгүүрийн гол түгээх шугам" гэж Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3.1.6.-д зааснаар.
5. Усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, усны эх үүсвэрийн эрүүл ахуйн бүс болон ус хангамжийн газрын доорхи усны эх үүсвэрийн тэжээгдлийн мужийн заагийг усны асуудал эрхэлсэн Засгийн газрын эрх бүхий байгууллага /цаашид "Усны газар" гэх/-ын дүгнэлтийг үндэслэн, сум дүүргийн Засаг дарга тогтоож, тэмдэгжүүлэх, хаалт, хамгаалалт хийх, бүсийн дэглэмийг мөрдүүлэх ажлыг бүх шатны засаг дарга гүйцэтгэнэ.
6. Энэ дэглэмийг тус улсын нутаг дэвсгэрт түр болон байнга оршин суугаа иргэн, үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага дагаж мөрдөх бөгөөд мөн барилга байгууламжийн байршил тогтоох, зураг төсөл зохиох, ус хангамжийн эх үүсвэрийг сонгоход үндэслэл болгоно.
7. Дэглэмийн хэрэгжилтэд гол, мөрний сав газрын зөвлөл, аймаг, нийслэлийн байгаль орчны алба, мэргэжлийн хяналтын эрх бүхий байцаагч хяналт тавина.
8. Хамгаалалтын болон эрүүл ахуйн бүсийн дэглэмийг зөрчсөн этгээдэд Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Усны тухай хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомж, Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Хоёр. Усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс ба түүний дэглэм
9. Усны эх, ундарга, нөөцийг хомсдох, бохирдохоос хамгаалах зорилгоор усны сан бүхий газарт хамгаалалтын бүс тогтооно.
10. Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийг дотор нь онцгой хамгаалалтын бүс ба энгийн хамгаалалтын бүс гэж хоёр ангилна.
Онцгой хамгаалалтын бүс ба түүний дэглэм
11. Онцгой хамгаалалтын бүсийг дараахь газарт тогтооно. Үүнд:
11.1.гол мөрний эх, ундарга буюу голын эх хэсэгт түүнээс усны хагалбарын хил хүртэлх зайд болон голын уртын дагуудаа нийт татамд[1]*;
11.2.булаг, шандын эхийн эргэн тойронд болон эхээс доош урсах хэсгийн 2 талын эргээс 50 метрээс доошгүй зайд;
11.3.нуур, усан сангийн эргээс 100 метрээс доошгүй зайд, гол мөрөн дээр байгуулсан усан сангийн хувьд түүний эргээс тухайн гол мөрний онцгой хамгаалалтын бүсийн өргөнтэй тэнцүү хэмжээний зайд;
11.4.хот суурин газрын нутаг дэвсгэр дэх усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй, үерийн хамгаалалтын далангаас 100 метрээс доошгүй зайд;
11.5.ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын бүсэд;
11.6.үерийн хамгаалалтын суваг, түүний хамгаалалтын далангаас 30 метр хүртэлх зайд.
12. Онцгой хамгаалалтын бүсэд дор дурдсанаас бусад бүх төрлийн үйл ажиллагаа явуулах, зуслан, суурьшлын бүс байгуулахыг хориглоно. Үүнд:
12.1.хүн амын унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийн байгууламж барьж ашиглах;
12.2.гадаргын усыг ус хангамжийн эх үүсвэрт ашиглах тохиолдолд гадаргын усыг цэвэршүүлэх байгууламж барих;
12.3.зураг төсөл нь батлагдаж, эрх бүхий байгууллагаас зөвшөөрсөн усны барилга байгууламж /үерийн хамгаалалт, тохируулгын байгууламж, усан цахилгаан станц/ барих;
12.4.ариутгах татуургын байгууламжаас бусад иргэний болон дэд бүтцийн барилга байгууламж /гүүр, зам, усан зогсоол, цэвэр усны шугам сүлжээ, цахилгаан дамжуулах шугам/ барих;
12.5.нийтийн эзэмшлийн ногоон байгууламж, гольфоос бусад спорт тоглоомын талбай байгуулах, мод бут сөөг тарих;
12.6.зөвхөн 11.1-11.3-д заасан газарт мал бэлчээх;
12.7.хяналт-шинжилгээний цооног гаргах, хяналт-шинжилгээ явуулах.
Энгийн хамгаалалтын бүс ба түүний дэглэм
13. Энгийн хамгаалалтын бүсийг дараахь газарт тогтооно. Үүнд:
13.1. усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд;
13.2. улсын болон аймгийн зэрэглэлтэй хот суурины нутаг дэвсгэр дэх усны сан бүхий газрын эргээс 1000 метр хүртэлх зайд.
14. Энгийн хамгаалалтын бүсэд дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Үүнд:
14.1.түгээмэл тархалттай ашигт малтмал хайх, олборлох;
14.2.мод бут огтлох;
14.3.хаягдал бохир усыг цэвэршүүлэх байгууламжгүй буюу ариутгах татуургад холбогдоогүй барилга байгууламж барьж ашиглах;
14.4.газрын тосны бүтээгдэхүүн, химийн бодис болон цацраг идэвхт бодис хадгалах, агуулах;
14.5.шатахуун түгээх станц байршуулах, машин техник угаах;
14.6.хог хаягдал, бохирдуулах бодис хаях, хог хаягдлын цэг байршуулах;
14.7.бүх төрлийн бордоо, пестицид хэрэглэх;
14.8.мал угаах, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулах
14.9.Стандартын шаардлага хангаагүй бохир усны цооног, бие засах газар барьж ашиглах.
15. Энгийн хамгаалалтын бүсэд түгээмэл бус тархацтай ашигт малтмал олборлох асуудлыг тухайн усны сан бүхий газрын усны нөөц, горим, гидрогеологийн онцлог нөхцөл, олборлох технологи зэргийг харгалзан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний дүгнэлтийг үндэслэн тусгайлан шийдвэрлэнэ.
Гурав. Усны эх үүсвэрийн эрүүл ахуйн бүс ба түүний дэглэм
15. Хүн амын унд ахуйн ус хангамжийн эх үүсвэрийг хомсдох, бохирдохоос хамгаалах зорилгоор төвлөрсөн болон төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэрт эрүүл ахуйн бүс тогтооно.
16. Усны эх үүсвэрийн эрүүл ахуйн бүс нь эрүүл ахуйн хориглолтын ба эрүүл ахуйн хязгаарлалтын бүсээс тогтоно. Ус хангамжийн газрын доорхи усны эх үүсвэрт эрүүл ахуйн бүсээс гадна тухайн эх үүсвэрийн тэжээгдлийн мужийг тогтоож өгнө.
17. Эрүүл ахуйн бүс тогтоогоогүй, тогтоох нөхцөл боломж хангагдаагүй болон бүсийн дэглэм зөрчигдөж байгаа усны эх үүсвэрийг хүн амын ус хангамжийн зориулалтаар ашиглахыг хориглоно.
18. Ус хангамжийн газрын доорхи усны эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын бүсийг газрын доорхи усны тухайн ордын нөөц тогтоох гидрогеологийн хайгуул, судалгааны ажлын үед нарийвчлан тогтооно. Энэ судалгаагаар тогтоох газрын доорхи уст үеийн зузаан, цооног дахь ашиглалтын үеийн ундрага, түвшний бууралт, ус дамжуулах чадвар, шүүрэлтийн коэффициент, нүх сүвшилийн коэффициент, усны урсгалын чиглэл, хурд зэрэг үзүүлэлтийг үндэслэн бүсийн заагийг гидродинамикийн аргаар тооцоолж зураглана. Мэргэжлийн байгууллагын хийсэн уг судалгааны дүнг үндэслэн Усны газар дүгнэлт гаргана.
19. Ус хангамжийн газрын доорхи усны эх үүсвэрийн тэжээгдлийн мужийг тогтоохдоо тухайн эх үүсвэрийн усны орд газрын усны хуримтлалыг бий болгож байгаа сав газрыг бүхэлд нь хамруулах буюу усны хагалбарын хилээр хязгаарлана.
20. Ус хангамжийн гадаргын усны эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийг тогтоохдоо тухайн усны объектын ус хурах талбайн хөрс, чулуулгийн тогтолцоо, усны горим, чанар, урсацыг харгалзан Усны газраас гаргасан дүгнэлтийг үндэслэнэ.
21. Ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүс болон түүний тэжээгдлийн мужид усны нөөцийн өөрчлөлт, горим, чанарын талаархи мэдээ гарган авах зорилгоор байнгын хяналт-шинжилгээ хийнэ. Улсын нэгдсэн хяналт-шинжилгээний сүлжээнээс гадна томоохон хот, суурины ус хангамжийн эх үүсвэрийн ашиглалтын /ус хангагч/ байгууллага нь тухайн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүс болон түүний тэжээгдлийн мужид хяналт-шинжилгээ хийж дүнг Усны газарт тогтоосон хугацаанд ирүүлнэ.
22. Ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсэд дараахь дэглэмийг мөрдөнө:
22.1.эрүүл ахуйн хориглолтын бүсэд гадаргуугийн урсацыг тус бүсээс зайлуулах суваг байгуулна;
22.2.эх үүсвэрийг ашиглах зориулалттай барилга байгууламжийг ариутгах татуургын системд холбоно. Хэрэв боломжгүй бол бохир усны цооног, бие засах газрыг бүсийн гадна байрлуулна;
22.3.ус хангамжийн барилга байгууламжид өргөтгөх, засварлах ажил хийхдээ байгаль орчин, эрүүл ахуйн хяналтын байгууллагын баталсан зураг төслийн дагуу хийж гүйцэтгэнэ;
22.4.ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын бүсийн эргэн тойрныг хашиж хамгаалан байнгын харуул хамгаалалттай байлгах бөгөөд худаг, усан сангийн таг, салхивчийг битүүмжлэн хялбар нээх, эвдэх боломжгүй болгоно;
22.5.бүсийн талбайг тогтмол цэвэрлэж, хог хаягдлыг зайлуулж, хөнөөлт шавж мэрэгчийн устгалыг мэргэжлийн байгууллагаар механик аргаар хийлгэнэ;
22.6.усны эх үүсвэрийн гидрогеологийн нөхцлөөс шалтгаалан эрүүл ахуйн бүсэд нэмэлт арга хэмжээ авч болно.
23. Ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын ба хязгаарлалтын бүсэд дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:
23.1.газрын өнгөн хөрсийг эвдрэл элэгдэлд оруулах, мод бут огтлох, элс хайрга чулуу авах;
23.2.ашиглалтаас гарсан цооногийг техникийн болон бусад зорилгоор нөөцөд байлгах;
23.3.цэвэршүүлээгүй хаягдал бохир ус болон хог хаягдал хаях, хаягдлын сан байршуулах;
23.4.уст үеийн дээд талтай залгаа үеийн чулуулагт нөлөөлөх аливаа ажиллагаа явуулах;
23.5.унд, ахуйн бус зориулалтаар ашиглах худаг, цооног өрөмдөх;
23.6.төвлөрсөн ус хангамжийн барилга байгууламж, шугам сүлжээтэй газар унд ахуйн зориулалтаар ашиглах худаг, цооног өрөмдөх;
23.7.бүх төрлийн бордоо, пестицид хэрэглэх;
23.8.газрын тосны бүтээгдэхүүн, химийн бодис болон цацраг идэвхт бодис, түүнийг агуулсан ашигт малтмал хадгалах, агуулах, халдварт өвчин тарааж болзошгүй зүйлс байрлуулах;
23.9.шатахуун түгээх станц байршуулах, машин техник угаах;
23.10.мал амьтны гаралтай түүхий эд боловсруулах, хадгалах;
23.11.орон сууц, үйлдвэр, үйлчилгээний зориулалттай барилга байгууламж барьж ашиглах;
24. Ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хориглолтын бүсэд онцгой хамгаалалтын бүсийн дэглэмийг мөрдөхөөс гадна 23 дугаар зүйлд заасан болон нэмж дараахь үйл ажиллагааг хориглоно:
24.1.гадны хүн орох;
24.2.автотээврийн болон зөөврийн бусад хэрэгсэл байрлуулах;
24.3.мал бэлчээх, мал аж ахуй болон туслах аж ахуй эрхлэх, ногоо тарих;
25. Ус хангамжийн газрын доорхи усны эх үүсвэрийн тэжээгдлийн мужид цацраг идэвхт бодис болон химийн хорт бодис үйлдвэрлэх, тэдгээрийг ашиглан аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
Төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүс
26. Төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэр, ус түгээх шугам, ус түгээх цэгт эрүүл ахуйн бүс тогтооно.
27. Төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн хориглолтын бүсийг тогтооно.
28. Төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрт хөрсний ус нэвтрэх болон урсгал уснаас шууд тэжээгдэх уст үеэс ус авч ашиглавал эх үүсвэрээс 500 метрээс доошгүй зайд, хөрсний уснаас хамгаалагдсан уст үеэс ус авч ашиглавал 200 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн хязгаарлалтын бүсийг тогтооно.
29. Төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрт гадаргын усыг ашиглавал түүний эргээс 200 метрээс доошгүй зайд, урсгал усны хувьд дээд талд 50км-ээс доошгүй, доод талд 500 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн хязгаарлалтын бүсийг тогтооно. Нийт урт нь 40км-ээс бага урсгал усыг ус хангамжийн эх үүсвэрт ашиглавал ус хурах талбайг бүхэлд нь хамааруулан эрүүл ахуйн хязгаарлалтын бүсийг тогтооно.
30. Улсын болон аймгийн зэрэглэлтэй хотын ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн хязгаарлалтын бүсийг тухайн усны эх үүсвэрийн тэжээгдлийн бүс болон түүнтэй гидравлик холбоотой гол, нуурын ус хурах талбайг хамруулан тогтоож болно.
31. Төвлөрсөн ус хангамжийн ус түгээх төв шугам хоолойн тэнхлэгээс хоёр тийш 5 метрт эрүүл ахуйн хязгаарлалтын бүсийг тогтооно.
Төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүс
32. Хот суурин газрын төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэрээс 50 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн хориглолтын бүс, 200 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн хязгаарлалтын бүсийг тогтооно.
...
[1] * тодорхойлох боломжгүй бол эргээс 50 метрээс доошгүй зайд
Текст томруулах
A
A
A