- Нүүр
- Сайдын тушаал
- АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР ХҮНИЙ АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНД, ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧИНД АЮУЛ, ХОХИРОЛ УЧРУУЛЖ БОЛЗОШГҮЙ АЧАА ТЭЭВЭРЛЭХ ЖУРАМ
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын
2009 оны 188 дугаар тушаалын хавсралт
АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР ХҮНИЙ АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНД, ХҮРЭЭЛЭН БУЙ
ОРЧИНД АЮУЛ, ХОХИРОЛ УЧРУУЛЖ БОЛЗОШГҮЙ АЧАА ТЭЭВЭРЛЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү журмын зорилго нь автотээврийн хэрэгслээр хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд аюул, хохирол учруулж болзошгүй ачаа /цаашид "аюултай ачаа" гэх/ тээвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах, хяналт тавихад оршино.
1.2.Аюултай ачаа тээвэрлэх аж ахуйн нэгж байгууллага нь аюултай ачаа тээвэрлэх талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад урьдчилан гарган өгч, тээвэрлэлтийн хөдөлгөөний замнал, цагийн хуваарийг тохиролцож зөвшөөрөл авах бөгөөд аймаг, нийслэлийн автотээврийн талаарх бодлого шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах байгууллагаас баталгаажуулсан замын хуудас авч тээвэрлэлт гүйцэтгэнэ;
1.3.Улс хоорондын аюултай ачаа тээвэрлэлтийг 1996 онд Оросын Холбооны Улс, 2011 онд Бүгд Найрамдах Хятад Ард Улс, 1993 онд Бүгд Найрамдах Казастан Улс, 2003 онд Бүгд Найрамдах Беларусь Улс,1995 онд Украин Улс, 2002 он Бүгд Найрамдах Турк Улс, 2004 онд Бүгд Найрамдах Киргиз Улстай байгуулсан Олон улсын автотээврийн харилцааны тухай хэлэлцээрийн дагуу гүйцэтгэнэ;
1.4.MNS 4978:2000 стандартын 5.2-т заасан аюултай ачааг тээвэрлэхдээ холбогдох хууль тогтоомж, бусад эрх зүйн актуудад заасан нөхцөл, шаардлагын дагуу тээвэрлэлтийг гүйцэтгэвэл зохино; /ЗТС-ын 2015-12-09-ний 334-р тушаалаар 1.2, 1.3, 1.4 дэх хэсэгт өөрчлөлт орсныг тусгав/
Хоёр. Аюултай ачаа тээвэрлэлт
2.1.“Аюултай ачаа” гэж MNS 4978:2000 стандартын 5.1-т заасныг ойлгоно. /ЗТС-ын 2015-12-09-ний 334-р тушаалаар өөрчлөлт орсныг тусгав/
2.2. Аюултай ачааг олон улсын хэмжээнд хэрэглэгддэг аюултай ачааны таних тэмдэг болон аюулын шинж чанарын тухай санамж байрлуулсан, техник ашиглалт, аюулгүйн байдлыг хангасан, зориулалтын буюу тухайн ачааг тээвэрлэхэд тусгайлан бэлтгэж мэргэжлийн хяналтын холбогдох байцаагчаар шалгуулж ашиглахыг зөвшөөрсөн тухай дүгнэлт гаргуулсан автотээврийн хэрэгслээр холбогдох хууль тогтоомж, энэхүү журам, аюултай ачааны стандарт, аюулгүй ажиллагааны зааврын дагуу тээвэрлэнэ.
2.3.Аюултай ачааг хүн, мал, амьтан болон өөр бараа бүтээгдэхүүнтэй хамт тээвэрлэх, шуудан тээвэр, нийтийн тээврийн хэрэгсэл, суудлын автомашин, ердийн хөсгөөр тээвэрлэхийг хориглоно.
2.4.Аюултай ачааны хайрцаг, сав нь гэмтэлтэй, автотээврийн хэрэгсэл бүрэн бус, баримт бичиг зөрчилтэй байвал тээвэрлэлт гүйцэтгэхийг хориглоно.
2.5.Тээвэрлэлтийн үед ачаа унах, сав баглаа боодол гэмтэх, холилдохоос урьдчилан сэргийлж, тэдгээрийг зөв байрлуулж, хөдөлгөөнгүй сайтар бэхэлсэн байна. Аюултай ачаа тээвэрлэх автомашиныг унтраасны дараа ачааг ачиж, буулгахыг зөвшөөрнө.
2.6.Тээвэрлэх үед бодисын сав баглаа, боодлын битүүмжлэл алдагдах, ачаа нурах зэрэг зогсох шаардлага гарсан тохиолдолд уг аюултай ачааг тээвэрлэж яваа автотээврийн хэрэгслээс хоёр тийш 100м зайд "Орохыг хориглоно" тэмдгийг байрлуулна. Ийм ачаатай автотээврийн хэрэгслийг хот, суурин газрын ойролцоо удаан хугацаагаар зогсоохыг хориглоно.
2.7.Их хэмжээтэй шингэн түлш /шатахуун/, шахсан хийг зориулалтын автоцистернээр тээвэрлэнэ. Автоцистерн нь чиргүүл торх, хагас чиргүүл торхтой ажиллаж болох бөгөөд автоцистерний ба чиргүүлийн торхны баруун, зүүн гадна талд "Галын аюултай" гэсэн бичилтийг хурц ялгарах өнгөөр заавал бичсэн байна. Аюултай ачаа ачсан автотээврийн хэрэгслийг газар дээр нь механикжсан аргаар цэнэглэхэд тусгай зориулалтын түлш цэнэглэгч автоцистерн ашиглана.
2.8.Бага хэмжээний шингэн түлшийг төмөр торхонд, шахсан хийг баллонд тээвэрлэнэ. Өргөн хэрэглээний шахсан хий /шингэрүүлсэн шатдаг хий/-г бага хэмжээ /1.5 тонноос доош/-гээр хотын дотор түгээх тээвэрлэлтийг гүйцэтгэхдээ өмнөх сарын тээвэрлэлтийн тайлан, дараа сарын тээвэрлэлтийн талаарх мэдээллийг тухайн аймаг, нийслэлийн онцгой байдлын асуудал эрхэлсэн болон замын цагдаагийн газар, хэлтэст урьдчилан хүргүүлж, хөдөлгөөний аюулгүй байдлын болон тээвэрлэлтийн нөхцөл, шаардлагыг хангаж ажиллана.
2.8.1.баллон баталгаажуулах эрх бүхий байгууллагаас техникийн магадлал хийж баталгаажуулсан хоосон болон шахсан хийтэй баллоныг тээвэрлэлтэд хүлээн авна. Баллон нь цэнхэр өнгөөр будагдсан, дээр нь хар өнгийн тосон будгаар ачааны нэрийг нь бичсэн байх ба түүний мөрөн дээр үйлдвэрийн марк, үйлдвэрлэсэн он, баллоны дугаар, даралтын хэмжээ, дахин шалгах хугацааг заасан байна;
2.8.2.баллонтой шахсан хийг тээвэрлэхэд хоногтой, хоног нь дотроо резинэн зөөлөвчтэй хөндөл дэр мод 2-3-ыг тэвшний уртааш хөдөлгөөнгүй байрлуулж тэдгээрийн хоногонд баллоныг, тагийг нь нэг тийш харуулан ачина. Үе хооронд резинэн зөөлөвч бүхий хоёр талдаа хоногтой модон хөндлөөр жийрэглэж, дээд үеийг талдаа хоногтой хөндлөвчөөр таглана. Баллонууд холхих хөдөлгөөнгүй байх шаардлагатай;
2.8.3.баллоныг босоо байрлалд эргүүлгэн хаалтуудыг нэг зүг рүү харуулж байрлуулан хооронд нь жийрэг тавьж ачиж болно. Баллонд жийргийн зориулалтаар баллон тавих ховил гарган хийсэн хөндлөн мод, мөн 25 мм-ээс багагүй зузаантай олсон буюу резинэн цагираг /нэг баллонд хоёр цагираг/ хэрэглэж болох бөгөөд эсвэл баллонууд өөр хоорондоо мөргөлдөхөөс сэргийлсэн бусад жийрэг хэрэглэж болно;
2.8.4.баллонтой хийг хэт халахаас урьдчилан сэргийлэх ба баллон ачсан тээврийн хэрэгслийн тэвшинд тостой алчуур, торхтой шатахуун, тослох материал ачихыг хориглоно;
2.8.5.хоосон баллонд үлдэгдэл даралт байх тул түүний тээвэрлэлт нь цэнэглэсэн баллоныг тээх бүх шаардлагыг хангасан байна.
2.9.Автомашинд шингэрүүлсэн хийн түлшний зориулалтаар ашиглаж буй баллон нь хаалт, хамгаалах хавхалгаас гадна дүүргэлтийн дээд түвшинг заах хэмжүүртэй байх ёстой. Ийм зориулалттай баллонд дүүргэлтийн тусгай хавхлаг, ууршилтын төлөвд байгаа хий авах хаалт, баллон дахь шингэрүүлсэн хийн түвшин хэмжигч, хий гаргах хаалт зэргийг тавьж болно.
2.10.Хүчил, шүлт зэрэг идэмхий шингэнийг үйлдвэрлэгчээс савласан зориулалтын тусгай шилэн саванд тээвэрлэнэ. Шилэн сав нь гадуураа модон хайрцаг, гөрмөл шээжгий, давхар савтай байна. Автотээврийн хэрэгслийн тэвшинд шилэн савны хоолой /таг/-г дээш харуулж босоогоор хөдөлгөөнгүй байхаар бэхэлж ачина.
2.11.Аюулын зэрэг өндөр химийн хорт болон аюултай бодис бүхий ачааг зөвхөн өдрийн цагаар ачиж буулгах ба түүний ачааны тэмдгэнд заасан урьдчилан сэргийлэх арга хэмжээг хатуу сахина.
2.12. Аюултай ачаа тээвэрлэх жолооч нь /цуваагаар тээвэрлэх үед цувааны ахлагч нь/ замын хөдөлгөөний эрчим, автотээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан автомашины хурд болон хоорондын зайг замын хөдөлгөөний дүрэм, аюултай ачааны стандартаар тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгон өдрийн цагт ойрын гэрлээ асааж явна.
2.13. Аюултай ачааг нэгэн зэрэг 3 буюу түүнээс дээш автомашинаар цуваагаар тээвэрлэх үед дараах шаардлагыг биелүүлнэ:
2.13.1. тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хариуцахаар томилогдсон ажилтан /цувааны ахлагч/ цувааг зохион байгуулж, зөвшөөрөгдсөн маршрутын дагуу замын хөдөлгөөний дүрэм, аюултай ачааны стандарт, аюулгүй ажиллагааны зааврыг баримтлан аюултай ачааг тээвэрлэх үйл ажиллагааг удирдана;
2.13.2. цувааны ахлагч цувааны эхний автомашинд явах бөгөөд цувааны эхэнд хамгаалалтын автомашин, төгсгөлд нөөц автомашин явна;
2.13.3. цувааны эхний болон сүүлчийн автомашин "цуваа" гэсэн тод бичлэгтэй байх ба цуваанд эзлэх дугаарыг автомашин бүрийн урд болон ард талд харагдахуйцаар жигд байрлуулна.
2.14. Аюултай ачаа тээвэрлэх бусад шаардлагыг аюултай ачаа тээвэрлэх техникийн нөхцөл, стандартад тусгана.
2.15. Аюултай ачаа тээвэрлэсэн автотээврийн хэрэгслийг сайтар цэвэрлэж, хоргүйжүүлнэ.
2.16. Аюултай ачаа тээвэрлэх тээврийн хэрэгсэл нь хяналтын цахим төхөөрөмжөөр тоноглогдсон мөн тухайн төхөөрөмжөөр хяналт хийх эрх бүхий байгууллагын сервертэй холбогдож, хяналтад байна. /ЗТС-ын 2015-12-09-ний 334-р тушаалаар 2.16. дэх хэсгийг нэмсэн./
Гурав. Аюултай ачаа тээвэрлэгч, тээвэрлүүлэгчийн хүлээх үүрэг
3.1.Тээвэрлүүлэгчээс тээвэрлэлтэд бэлтгэсэн аюултай ачаа нь зориулалтын сав, баглаа боодолтой, стандартын шаардлага хангасан англи эсвэл монгол хэл дээр үйлдэгдсэн хаяг, шошготой байна.
3.2.Тээвэрлүүлэгч нь үйлдвэрлэгчээс гаргасан хор аюулын лавлах мэдээллийг үндэслэн аюултай ачаа нэг бүрээр боловсруулсан аюулгүй ажиллагааны зааварчилгааг байгаль орчны болон гамшгаас урьдчилан сэргийлэх хяналтын улсын байцаагчаар хянуулж, баталгаажуулсан байна.
3.3.Аюултай ачаа тээвэрлэх автотээврийн хэрэгсэл нь техникийн хяналтын үзлэг, оношлогоонд орж тэнцсэн дүгнэлт гаргуулсан байна.
3.4.Тээвэрлэгч нь аюултай ачаа тээвэрлэх автоцистерн, чиргүүлийн торхыг, тээвэрлүүлэгч нь шахсан хийн баллоныг тухайн аймаг, нийслэлийн стандартчилал, хэмжил зүйн газар, хэлтсээр баталгаажуулсан байна.
3.5.Тээвэрлэгч, тээвэрлүүлэгч нь тухайн аймаг, нийслэлийн онцгой байдлын асуудал эрхэлсэн газар, хэлтсээр аюултай ачааг ачиж, буулгах, тээвэрлэх үйл ажиллагаатай холбоотойгоор гарч болзошгүй ослын үед ажиллах төлөвлөгөө боловсруулж батлуулсан байхаас гадна аюултай ачаатай автотээврийн хэрэгслийг хадгалах байр, талбай, зогсоолын аюулгүй ажиллагааны талаарх дүгнэлт гаргуулсан байна.
3.6.Тээвэрлэгч, тээвэрлүүлэгч нь аюултай ачааг ачиж, буулгах ажилтан, тээвэрлэх автотээврийн хэрэгслийн жолооч болон түүнийг дагалдан явах ажилтанд аюулгүй ажиллагааны зааварчилгаа, аюултай ачаа тус бүрийн хор аюулын лавлах мэдээлэл, болзошгүй ослын үед ажиллах төлөвлөгөө, тээвэрлэх маршрут зэргийг танилцуулж гарын үсэг зуруулсан байна. Эдгээр баримт бичиг болон тээвэрлэлтийн гэрээ /ачаа дагалдах бичиг/, холбогдох замын хуудсыг жолооч заавал биедээ авч явна.
3.7.Тээвэрлэгч нь аюултай ачааны тээвэрлэлтийг зөвхөн аюултай ачаа тээвэрлэх чиглэлээр мэргэшсэн жолоочоор гүйцэтгүүлэх бөгөөд ийм ачаатай автотээврийн хэрэгслийг хот, суурин газарт зориулалтын бус гарааш, зогсоолд тавихыг хориглоно.
3.8.Тээвэрлэгч, тээвэрлүүлэгч нь аюултай ачааг ачиж, буулгах, тээвэрлэхтэй холбогдсон аргачлал, арга зүйн чиглэлийн сургалтад ажиллагсдыг тогтмол хамруулна.
3.9.Тээвэрлэгч, тээвэрлүүлэгч нь нь тээвэрлэлтийн явцад болзошгүй аюул учирсан тохиолдолд хэрэглэх, хор уршгийг арилгах зориулалтын багаж, хэрэгсэл /галын хор, хүрз, лоом, сүх, шуудайтай элс, хувин г.м/, хор саармагжуулах бодис, уусмал, арьс болон амьсгал хамгаалах зориулалт бүхий стандартын шаардлага хангасан хүн нэг бүрийн хамгаалалтын хэрэгслэл зэргээр автотээврийн хэрэгсэл бүрийг хангасан байна.
3.10. Аюултай ачааг тээвэрлэгч, тээвэрлүүлэгч нь тээвэрлэлтийн явцад дотоодын хяналт тавих, хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, гарсан хор уршгийг арилгах арга хэмжээг өөрийн зардлаар авч хэрэгжүүлэх үүрэгтэй.
3.11.Тээвэрлэгч, тээвэрлүүлэгч нь аюултай ачаа тээвэрлэлтэй холбогдсон мэдээллийн цахим сан үүсгэж, тухай бүр шинэчилж, холбогдох байгууллагуудыг мэдээллээр хангана.
Дөрөв. Аюултай ачаа тээвэрлэлтэнд тавих хяналт, хүлээлгэх хариуцлага
4.1.Аюултай ачаа тээвэрлэхтэй холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналтыг автотээврийн хяналтын улсын байцаагч, замын хөдөлгөөний аюулгүй байдалд хяналт тавих цагдаагийн байгууллагын ажилтан хэрэгжүүлнэ. /ЗТС-ын 2015-12-09-ний 334-р тушаалаар өөрчлөлт орсныг тусгав/
4.2.Автотээврийн хяналтын улсын байцаагч, замын хөдөлгөөний аюулгүй байдалд хяналт тавих цагдаагийн байгууллагын ажилтан нь аюултай ачаа тээвэрлэхтэй холбогдсон зөрчлийг илрүүлсэн тохиолдолд холбогдох байгууллагатай яаралтай холбоо тогтоож болзошгүй аюул, ослыг таслан зогсоох арга хэмжээ авна./ЗТС-ын 2015-12-09-ний 334-р тушаалаар өөрчлөлт орсныг тусгав/
4.3.Иргэд, байгууллага нь аюултай ачаа тээвэрлэхтэй холбогдолтой хууль тогтоомж зөрчигдөж байгаа талаарх санал, хүсэлтээ холбогдох төрийн захиргааны байгууллагад тавьж шийдвэрлүүлэх эрхтэй.
4.5.Энэхүү журмын хэрэгжилтэнд мэргэжлийн хяналтын байгууллага хяналт тавих бөгөөд гэм буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу зохих хариуцлага хүлээлгэнэ.
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх