A

A

A

Бүлэг: 1979
                                                                                                                        Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын
                                                                                                                             2009 оны 09 дүгээр сарын 16 –ны өдрийн
                                                                                                                              252 дугаар тушаалын дөрөвдүгээр хавсралт

                                                          ИНД-92 "АЮУЛТАЙ АЧАА ТЭЭВЭРЛЭХ"-д орох нэмэлт, өөрчлөлт

1) 92.1 дэх зүйлийн нэрийг "Дүрмийн зорилго ба хэрэглээ" гэж өөрчлөн, дараах агуулгатай (б), (в), (г) хэсгийг нэмэх:

(б) Энэ дүрмийг иргэний агаарын хөлгөөр үйлдэж буй олон улсын болон орон нутгийн зорчигч тээврийн бүх нислэгт мөрдөнө;

(в) Аюултай ачааг тээвэрлэлтэд санал болгох, тээвэрлэлтэд хүлээн авах болон агаараар тээвэрлэх үйл ажиллагаанд ИКАО-ийн "Аюултай ачааны техникийн зааварчилга"-д заасан нөхцөл, журмуудыг дагаж мөрдөнө;

(г) Өөр төрлийн тээврийн хэрэгсэл ашиглах боломжгүй онцгой нөхцөл байдал үүссэн үед, эсхүл нийтийн эрх ашгийн үүднээс зайлшгүй шаардлагатай гэж үзсэн тохиолдолд ИНЕГ-ын дарга, тээвэрлэлтийн үед аюулгүй ажиллагааны боломжит түвшинг хангах нөхцөлтэйгээр аливаа этгээдийг энэ дүрмийн шаардлагаас ИНД-11 "Дүрэм боловсруулах, дүрмийн шаардлагаас чөлөөлөх" -ийн дагуу чөлөөлж болно.

2) 92.2 зүйлд дараах тодорхойлолтуудыг нэмэх:

Ачааны нэгж төхөөрөмж гэж ачааны буюу агаарын хөлгийн төрөл бүрийн чингэлэг, ачааны тавцан түүний төхөөрөмжийг;

Үл зохицол гэж өөр хоорондоо холилдох үедээ дулаан, хий ялгаруулах, эсхүл зэврэлт зэрэг аюултай нөхцөл байдал үүсгэж болзошгүй нэгдлүүдийн талаарх, аюултай ачаатай холбоотойгоор хэрэглэгддэг нэр томъёо.

3) 92.5 дахь зүйлийг дараах байдлаар өөрчлөн найруулах:

92.5. Агаараар тээвэрлэхийг хориглосон аюултай ачаа

Аливаа этгээд нь энэ дүрмийн 92.1-ийн (г)-д заасны дагуу дүрмийн шаардлагаас чөлөөлсөн, эсхүл аюултай ачааны техникийн зааварт илгээгч улсын зөвшөөрөлтэйгээр тээвэрлэж болохоор зааснаас бусад тохиолдолд, аюултай ачааны техникийн зааварт жирийн нөхцөлд агаараар тээвэрлэхийг хориглосон аюултай ачаа болон халдварт өвчнөөр халдварласан амьд амьтныг тээвэрлүүлэхээр санал болгох, эсхүл түүнийг тээвэрлэлтэнд хүлээн авахыг хориглоно.

4) 92.6 зүйлийн (а) хэсэгт "...тээшиндээ авч явахыг" гэснийг "тээшиндээ авч орохыг" гэж өөрчлөх;

5) "В" Бүлгийн нэрийг "Ачаа илгээгчийн үүрэг хариуцлага" гэж өөрчлөх;

6) 92.13 дахь зүйлийг дараах байдлаар өөрчлөн найруулах:

92.13 Ерөнхий шаардлага

"Аюултай ачааг агаараар тээвэрлүүлэх этгээд нь дор дурьдсан зүйлийг шалгаж баталгаажуулсан байна..."

7) "Г" Бүлгийн нэрийг "Агаарын тээвэрлэгчийн үүрэг хариуцлага" гэж өөрчлөх;

8) 92.16 зүйлийн (б) хэсэгт "байрлуулж тээвэрлэхийг зөвшөөрнө" гэснийг "байрлуулан тээвэрлэж болно" гэж өөрчлөх;

9) 92.18 зүйлийн нэрийг "Ачааны чингэлэг, гадуур сав, баглааны гэмтэл, бохирдлыг шалгах" гэж өөрчлөх;

10) 92.20 зүйлийн нэрийг "Агаарын хөлгийн даргыг мэдээллээр хангах", (а) хэсгийн ' нисэх багийн гэснийг агаарын хөлгийн' гэж өөрчлөх;

11) "Г" Бүлэгт дараах агуулгатай 92.20.1 болон 92.20.2 дахь зүйлүүдийг нэмэх:

92.20.1. Нисэх багийн гишүүдийг мэдээлэл, зааварчилгаар хангах

Тээвэрлэгч нь, аюултай ачаа тээвэрлэхэд нисэх багийн гүйцэтгэх үүрэгтэй холбоотой мэдээллийг Үйл ажиллагааны заавартаа тусгасан байх ба аюултай ачаа тээвэрлэх явцад бий болсон онцгой нөхцөл байдлын үед зайлшгүй авах арга хэмжээний талаар нисэх багийн гишүүдэд зааварчлага өгсөн байна.

92.20.2. Аюултай ачааны талаар нисэх буудалд мэдээлэх

Нислэгийн үед онцгой нөхцөл байдал бий болсон тохиолдолд агаарын хөлгийн дарга Аюултай ачааны техникийн зааварчилгад заасны дагуу агаарын хөлгийн бүхээгт байгаа аюултай ачааны талаар холбогдох НХҮ-ний байгууллагаар дамжуулан нисэх буудалд мэдээлнэ.

12) 92.23 дахь зүйлийн (а) хэсгийг дараах байдлаар өөрчлөн найруулж, (е) хэсэг нэмэх:

(а) Тээвэрлэгч буюу Тээвэрлэгчийн өмнөөс ачаа тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага нь ачаа хүлээн авах ачаа тээврийн цогцолборын цэг дээр аюултай ачааг агаарын хөлгөөр тээвэрлэхтэй холбогдсон мэдээллийг хүрэлцэхүйц хэмжээтэйгээр, нүдэнд ил тод харагдахаар байрлуулсан байна.

(е) Осол, зөрчилд өртсөн агаарын хөлөгт аюултай ачаа тээвэрлэж байсан бол агаарын хөлгийн ашиглагч нь Аюултай ачааны техникийн зааварчилгад заасны дагуу аюултай ачааны талаарх мэдээллийг осол зөрчил болсон улсын эрх бүхий байгууллага болон ослын талбар дээр ажиллах албадад нэн даруй гаргаж өгнө.

13) 92.24 дэх зүйлийн (а) хэсгийг дараах байдлаар өөрчлөх:

1/ аюултай ачааг илгээгч болон түүнийг зуучлагч;
2/ тээвэрлэгч;
3/ тээвэрлэгчийн өмнөөс ачаа хүлээн авах, хадгалах, ачаалах, буулгах газрын үйлчилгээ үзүүлдэг агент;
4/ тээвэрлэгчийн өмнөөс зорчигч бүртгэлийн үйл ажиллагаа явуулдаг агент;
5/ ачаа тээврийн зуучлагчид;
6/ ачаа шуудан, зорчигч болон тэдгээрийн тээшинд аюулгүй байдлын үзлэг шалгалт хийдэг алба/агент.

14) 92.1 Тодоройлолт хэсэг, 92.15. (а)-ын 1 дэх хэсэг, 92.16 (г); 92.18 (а); 92.19 (а)-ийн 1-т байгаа "ачих төхөөрөмж" гэснийг "ачааны чингэлэг" гэж тус тус өөрчлөх.



--- оОо ---