- Нүүр
- Сайдын тушаал
- ТӨСВИЙН САНХҮҮЖИЛТИЙН БОЛОН ЗАРЦУУЛАЛТЫН ЭРХИЙН ТУХАЙ ЖУРАМ
Сангийн сайдын 2009 оны 06 дугаар
сарын 22-ний өдрийн 147 тоот
тушаалын нэгдүгээр хавсралт
ТӨСВИЙН САНХҮҮЖИЛТИЙН БОЛОН ЗАРЦУУЛАЛТЫН ЭРХИЙН ТУХАЙ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Энэхүү журмаар Улсын болон орон нутгийн төсвөөс төсвийн байгууллагуудад төсвийн санхүүжилтийн болон зарцуулалтын эрх олгохтой холбогдсон харилцааг зохицуулна.
Хоёр. Журмын нэр, томъёо
Энэ журамд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
2.1 "Төрийн сан" гэж төсвийн хэрэгжилтийг хангах зорилгоор байгуулагдсан Сангийн яамны Төрийн сангийн газар /Төв Төрийн сан/, аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс,сумын төрийн сангийн төлөөлөгчийг;
2.2 "Төвлөрүүлэн захирагч" гэж төсвийн ерөнхийлөн захирагчтай бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний дагуу харъяа төсвийн байгууллагуудын төсвийн хөрөнгийг хуваарилан зарцуулах эрх бүхий албан тушаалтныг;
2.3 "Бүртгэлийн данс" гэж төсвийн байгууллагын батлагдсан төсөв зарцуулах эрхийн хүрээнд орлого, зарлагын гүйлгээ, санхүүжилтийн эрхийн гүйцэтгэлийг эдийн засгийн ангиллаар бүртгэх Төрийн сангийн дансыг;
2.4 "Санхүүжилтийн эрх" гэж бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, батлагдсан төсвийн хүрээнд төсвөөс авах санхүүжилтийн дээд хязгаарыг;
2.5 "Зарцуулалтын эрх" гэж Төрийн сангийн нэгдсэн дансны тогтолцооны хүрээнд төсвийн ерөнхийлөн захирагчдийн батлагдсан төсвийн хүрээнд төсөвт байгууллагад төрийн сангаас олгож буй сар, улиралд зарцуулах зарлагын дээд хязгаарыг;
2.6 "Төсвийн хуваарь" гэж тухайн жилийн төсвийг батлагдсан хууль болон Төсвийн ерөнхийлөн захирагчийн байгуулсан бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээнд үндэслэн хуваариласан төсвийн орлого, зарлагын сар, улирлын батлагдсан хэмжээг;
2.7 "Засгийн газрын санхүүгийн удирдлага мэдээллийн систем" гэж төрийн сангийн нэгдсэн дансны төлбөр, тооцоог гүйцэтгэх, эрх олгох, төсвийн гүйцэтгэлийн хяналтыг хэрэгжүүлэхэд ашиглагдаж буй санхүүгийн програм хангамж, /цаашид систем гэж нэрлэх/-ийг;
2.8 "Эрүүл мэндийн нэмэлт тусламж үйлчилгээний орлого" гэж Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан ажлын бус цагаар үзүүлж буй нэмэлт тусламж үйлчилгээний төлбөрийг;
2.9 "Төсвийн байгууллагын урсгал өр" гэж тухайн байгууллагын батлагдсан төсвийн хуваарилалт, үйл ажиллагааны онцлог, ажил, үйлчилгээний төлбөр хийх хугацаанаас шалтгаалан 60 хоног дотор төлөгдөх боломжит төлбөрийн үлдэгдэл;
2.10 "Төсвийн байгууллагын хугацаа хэтэрсэн буюу хуримтлагдсан өр" гэж төлөгдөх хугацаанаас хойш 61 хоногоос дээш хугацаагаар төлөгдөөгүй, эх үүсвэргүй төлбөрийн үлдэгдэл;
Гурав. Төсвийн санхүүжилтийн эрх нээх
3.1 Сангийн сайдын батлагдсан төсвийн хуваарийг үндэслэн төв төрийн сан улсын төсвийн байгууллагын сар, улирлын санхүүжилтийн эрхийн тооцоог хийж, тайлант үеийн эхэнд нэг удаа энэхүү журмын хавсралтаар батлагдсан ЗЭБ-1 маягтын дагуу баталгаажуулан олгоно.
3.2 Орон нутаг дахь улсын төсвийн байгууллагын болон орон нутгийн байгууллагын санхүүжилтийн эрхийг орон нутгийн төрийн сан тухайн орон нутгийн ИТХ-аар болон орон нутгийн боловсрол соёлын газар болон эрүүл мэндийн газраас баталж ирүүлсэн сар, улирлын төсвийн хуваарийг үндэслэн тухайн сар, улирлын санхүүжилтийн эрхийн тооцоог хийж, тайлант үеийн эхэнд нэг удаа ЗЭБ-1 маягтын дагуу баталгаажуулан олгоно.
3.3 ЗЭБ-1 маягтанд төв төрийн сангийн хувьд Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга 1-р гарын үсэг, Төрийн сангийн газрын дарга 2-р гарын үсгийг, орон нутгийн төрийн санд орон нутгийн санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, сумын төрийн сангийн төлөөлөгч 1-р гарын үсэг, 2-р гарын үсгийг орон нутгийн төсвийн ерөнхий нягтлан бодогч зурж санхүүгийн тэмдэг дарж баталгаажуулна.
3.4 Баталгаажуулсан ЗЭБ-1 маягтыг үндэслэн Төрийн сангийн газарт төрийн сангийн мэргэжилтэн, орон нутагт төсвийн ерөнхий нягтлан бодогч төсвийн санхүүжилтийн эрхийг өөрийн хариуцаж буй төсвийн байгууллагын бүртгэлийн дансанд тус тус хуваарилна.
3.5 Төрийн сан нь үндсэн үйл ажиллагаанаас бусад зориулалтаар батлагдсан, төвлөрсөн арга хэмжээ болон бусад арга хэмээний санхүүжилтийн эрхийг нээхдээ холбогдох баримт нотолгоо, түүнийг санхүүжүүлэх зардлын тооцоо судалгааг үндэслэн төсвийн хуваарьт багтаан шат дараатайгаар эрх нээж болно.
Дөрөв. Зарцуулалтын эрхийг батлах, нэмэгдүүлэхэд баримтлах зарчим
4.1 Төрийн сангаас төсвийн байгууллагын зарцуулалтын эрхийг батлахдаа зардлын нийт дүн, санхүүжилтийн эрхийн дүнг тухайн байгууллагын төсвийн сар, улирлын хуваариас хэтрүүлэхгүй байх зарчмыг баримтлана.
4.2 Бараа үйлчилгээний зардал дотроос эд хогшил худалдан авах зардал, нормын хувцас худалдан авах зардал, татаас шилжүүлгийн зардлуудад ямар нэгэн зохицуулалт хийхгүй бөгөөд баталсан төсвийн хуваарийг баримтлана.
4.3 Төсвийн байгууллага нь төлөвлөгөөнөөс давсан өөрийн орлого олсон тохиолдолд тэрхүү хэмжээгээр зарлагын зарцуулалтын эрхийг шууд нэмэгдүүлэхийг хориглоно. Энэхүү харилцааг төсвийн ерөнхийлөн захирагчид саналаа уламжилан төсвийн тодотголд нэмэлт өөрчлөлт оруулах замаар зохицуулна.
Тав. Төсвийн зарцуулалтын эрх олгох
5.1 Батлагдсан төсвийн хуваарийг үндэслэн төрийн сангаас сар, улирал бүр зардлын зүйл тус бүрээр улсын төсвийн байгууллагын болон орон нутаг дахь улсын төсвийн байгууллагын бүртгэлийн ерөнхий дансны зарцуулалтын эрхийг сарын эхэнд 1 удаа системд оруулна.
5.2 Төрийн сангаас олгосон зарцуулалтын эрх тухайн төсвийн жилийн туршид хүчин төгөлдөр байна.
5.3 Төсвийн байгууллага нь зарцуулалтын эрхийн хүрээнд зардал гаргах бөгөөд урсгал өр үүссэн тохиолдолд тухай бүрт төлбөрийг барагдуулах бөгөөд хугацаа хэтэрсэн өр, төлбөр үүсгэхгүй байхад анхаарч ажиллана.
5.4 Төсвийн байгууллагын эдийн засгийн ангиллаар хуваарилсан зардлын төсөв нь үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хүрэлцэхгүй урсгал өр үүссэн тохиолдолд бараа үйлчилгээний зардлуудыг эдийн засгийн ангилал хооронд шилжүүлэн зарцуулахаар зарцуулалтын эрхийг өөрчилж болно. Энэ тохиолдолд төсвийн байгууллагаас зардлын эдийн засгийн ангилал хооронд гүйлгэх зайлшгүй шаардлага, үндэслэл, холбогдох нарийвчилсан тооцоог танилцуулгын хамт харъяа Төрийн санд ирүүлнэ.
5.5 Төрийн сангаас энэ журмын 5.4 дэх заалтыг үндэслэн зардлын эдийн засгийн ангиллын хооронд шилжүүлэн зарцуулалтын эрхийг өөрчлөхдөө зөвхөн бараа үйлчилгээний зардлын бүлэг дотор зохицуулалт хийхийг зөвшөөрнө.
5.6 Бараа үйлчилгээний зардлуудыг дотор нь тогтмол чанартай зардал, үйл ажиллагааны үндсэн үзүүлэлттэй шууд холбоотой зардал болон бусад бараа үйлчилгээний зардал гэсэн 3 бүлэгт хувааж үзнэ.
5.7 Тогтмол чанартай зардлын бүлэгт төсвийн байгууллагын байрны ашиглалттай холбоотойгоор тухайн үеийн үнэ, тарифаар тооцогдон төлөвлөгддөг цахилгаан, дулаан, болон цэвэр бохир усны зардлыг хамааруулна.
5.8 Үйл ажиллагааны үндсэн үзүүлэлттэй шууд холбоотой зардлын бүлэгт тухайн байгууллагын үйл ажиллагааны үндсэн үзүүлэлттэй шууд холбоотой эрх бүхий байгууллагаас батлагдсан норм, нормативын дагуу төлөвлөж гүйцэтгэл нь тооцогддог хоол, эм вакцины зардлыг хамааруулна.
5.9 Бусад бараа үйлчилгээний зардлын бүлэгт төсвийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой бичиг хэрэг, тээвэр шатахуун, шуудан харилцаа холбоо, албан томилолт, ном хэвлэл захиалах худалдан авах, хичээл үйлдвэрлэлийн дадлага хийх, эрдэм шинжилгээний ажил хийх, төлбөр хураамж жижиг татвар, харуул хамгаалалт, банкны үйлчилгээний хураамж, төрийн өмнөөс гүйцэтгэсэн ажил үйлчилгээний төлбөр, маягт хэвлүүлэх, урсгал засвар, биеийн тамирын уралдаан тэмцээн, гадаад зочны зардал, бусад зардлуудыг хамааруулна.
5.10 Дээрх зардлын зохицуулалтаас гадна зайлшгүй шалтгаанаар хугацаа хэтэрсэн өр үүссэн тохиолдолд харъяа төрийн сан болон төсвийн ерөнхийлөн захирагчид хандан өр үүссэн зардлын тооцоо, судалгаа, үндэслэлийн хамт албан хүсэлт ирүүлнэ. Үүнд зөвхөн урсгал зардлын өр төлбөртэй холбоотой асуудал хамаарна.
5.11 Төсвийн ерөнхийлөн захирагч нь хагас жил тутам төсвийн байгууллагуудын хугацаа хэтэрсэн өрийг зардлын зүйл бүрээр гарган, өөрийн төсвийн багцын хүрээнд хэрхэн зохицуулалт хийх тухай саналаа Сангийн яаманд ирүүлнэ.
5.12 Сангийн яам саналыг судлаж үзээд төсвийн зохицуулалт хийх боломжтой гэж үзвэл төсвийн ерөнхийлөн захирагчдын батлагдсан төсвийн хуваарьт өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэнэ.
Зургаа. Батлагдсан төсвөөс нэмж зарцуулалтын эрх олгох
6.1 Төсвийн байгууллагын үндсэн үйл ажиллагаатай холбоогүй, эрүүл мэндийн ажлын бус цагийн нэмэлт тусламж үйлчилгээний орлого, төсвийн байгууллагын бүртгэлийн дансаар дамжин хийгдсэн төсөл, хөтөлбөрийн санхүүжилт, барьцаа, дэнчингийн төлбөр, орон нутгийн болон улсын төсвийн байгууллагад төсвийн ерөнхийлөн захирагчдаас олгосон хандив, тусламж, санхүүгийн дэмжлэг зэрэг байгууллага хооронд дамжин хийгдсэн төсөл, арга хэмжээний зардлын эрхийг гүйцэтгэлээр орсон орлогоос төрийн сан нээж болно.
6.2 Орлогоос эрх нээхдээ тухайн ажил гүйлгээний эрх нээх тухай төсвийн байгууллагын албан хүсэлт болон холбогдох гэрээ, шийдвэр, төсөв, түүний нэхэмжлэх зэргийг үндэслэн гүйцэтгэлээр нь хянан эрх нээнэ.
6.3 Сар бүрийн эцэст төсвийн байгууллагын орлогоос нээсэн зарцуулалтын эрхийн жагсаалт хийж удирдлагуудад танилцуулж баталгаажуулна.
Долоо. Төвлөрүүлэн захирагчийн зарцуулалтын эрх
7.1 Төвлөрүүлэн захирагч нь харъяа төсвийн байгууллага тус бүрийн санхүүжилтийн болон зарцуулалтын эрхийг энэхүү журмын хавсралтаар батлагдсан ЗЭБ-3, ЗЭБ-4 маягтын дагуу бэлтгэж сард 1-2 удаа Төрийн санд хүргүүлнэ.
7.2 Төрийн сан хянан ажлын 3 хоногт багтаан төвлөрүүлэн захирагчдын зарцуулалтын эрхийн хүсэлтийг үндэслэн харъяа төсвийн байгууллагуудад санхүүжилтийн эрхийг хуваарилан зарцуулалтын эрхийг эдийн засгийн ангиллын дагуу нээж төсвийн байгууллагын төлбөр, тооцоо хийх боломжоор хангаж ажиллана.
Найм. Орон нутгийн төрийн сан дахь төсвийн байгуулагуудын санхүүжилтийн болон зарцуулалтын эрх
8.1 Орон нутагт байрладаг улсын төсвийн байгууллагын санхүүжилтийн эрхийг Төв Төрийн сангаас сар, улирлын хуваарийн дагуу журмын дагуу баталгаажуулан олгох бөгөөд орон нутгийн төрийн сангаас энэхүү санхүүжилтийн эрхэд багтаан орон нутаг дахь улсын төсвийн байгууллагын санхүүжилтийн эрхийн тооцоог хийж, баталгаажуулан хуваарилна.
8.2 Орон нутгийн төрийн сангийн мэргэжилтэн төсвийн байгууллагын батлагдсан сар, улирлын хуваарь, батлагдсан ЗЭБ-1 маягтыг үндэслэн, журмын хавсралтаар батлагдсан ЗЭБ-2 маягтын дагуу төсвийн байгууллагын тухайн сарын зарцуулалтын эрхийг төсөв хоорондын шилжүүлгээр нэмэгдүүлэн нээнэ.
8.3 Төв төрийн сангаас хуваарилсан ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, сум , сум дундын эмнэлгүүдийн ерөнхий дансанд нээсэн санхүүжилтийн эрх болон зарцуулалтын эрхийн баталгааны дүнгээс орон нутаг дахь улсын төсвийн байгууллагын бүртгэлийн дансанд эрхийг хуваарилах бөгөөд системд холбогдоогүй төсвийн байгууллагын санхүүжилтийг зардлын ваучераар хийх бөгөөд, түүний зарцуулалтын эрхийг эдийн засгийн ангилал бүрээр хорогдуулан сумын санхүүжилтийн тооцооны дансанд эрхийг нэмэгдүүлнэ.
8.4 Орон нутгийн төсвийн байгууллагын хувьд орон нутгийн ИТХ-аар батлагдсан төсвийн сар, улирлын хуваарийг үндэслэн санхүүжилтийн эрх болон зарцуулалтын эрхийг энэхүү журмын хүрээнд нээж ажиллана.
Ес. Зарцуулалтын эрхийн хяналт
9.1 Батлагдсан төсвийн хуваарь болон төсөл арга хэмжээний зардалд нээсэн эрхээс гадуур аливаа зарцуулалтын эрх батлах, гүйцэтгэл гаргахыг хориглох бөгөөд үүнийг зөрчсөн албан тушаалтанд "Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль", болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
9.2 Санхүүжилтийн болон зарцуулалтын эрхийн гүйцэтгэлд харъяа төрийн сангууд хяналт тавина.
9.3 Төсвийн байгууллага жилийн эцсийн төсвийн гүйцэтгэлийн тайлан гаргахад харъяа төрийн сангийн зөвшөөрлөөр энэхүү журмын 4.2-т заасан хүрээнд эдийн засгийн ангилал хооронд шилжүүлсэн тухай санхүүгийн тайлангийн тодруулгад тусгана.
9.4 Зарцуулалтын эрхийг эдийн засгийн ангилал хооронд шилжүүлсэн нь батлагдсан төсвийг хэтрүүлэн зарцуулах үндэслэл болохгүй.
Текст томруулах
A
A
A