- Нүүр
- Сайдын тушаал
- ТӨСВИЙН УРСГАЛ ЗАРДЛЫН ЗҮЙЛ ДОТОР ЗОХИЦУУЛАЛТ ХИЙХЭД МӨРДӨХ ЖУРАМ
Сангийн сайдын 2009 оны 06 дугаар
сарын 22-ний өдрийн 147 тоот
тушаалын хоёрдугаар хавсралт
ТӨСВИЙН УРСГАЛ ЗАРДЛЫН ЗҮЙЛ ДОТОР ЗОХИЦУУЛАЛТ ХИЙХЭД МӨРДӨХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1Энэхүү журмаар Монгол улсын 2009 оны төсвийн гүйцэтгэлийг хэрэгжүүлэх, төсвийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах, өр төлбөр үүсгэхгүй байх зорилгоор төсвийн байгууллагуудад урсгал зардлын зүйл хооронд зохицуулалт хийхтэй холбогдсон харилцааг зохицуулна.
1.1 Тодотгосон төсвөөр батлагдсан төсвийг зардлын зүйл хооронд шилжүүлэх эрхийг төрийн сан хянан, төсвийн бүх шатны байгууллагуудад олгоно.
1.2 Энэхүү журмыг 2009 оны эхнээс төсвийн жилийн туршид дагаж мөрдөнө
Хоёр. Төсвийн зохицуулалт хийхэд баримтлах зарчим:
2.1 Байгууллагыг үндсэн чиг үүргээ бүрэн хэрэгжүүлэх нөхцлийг хангахад анхаарах;
2.2 Байрны ашиглалттай холбогдсон тогтмол зардлыг хугацаанд нь бүрэн төлөх;
2.3 Өр, авлага үүсгэхгүй байх;
2.4 Төсвийн зарлагыг зээлээр санхүүжүүлэхгүй байх;
2.5 Цалингийн зардлаас үр дүнгийн урамшуулал олгохгүй бөгөөд батлагдсан орон тоонд багтааж ажиллах;
2.6 Зардлын нэхэмжлэлээр зайлшгүй өр, төлбөр үүссэн тохиолдолд үйл ажиллагааны урсгал зардлын зүйл дотор зохицуулалт хийх;
2.7 Үйл ажиллагааны урсгал зардлын зүйл дотор зохицуулалт хийхэд зарцуулалтын эрх хүрэлцэхгүй тохиолдолд тухайн сарын арга хэмжээний (үүнд аюулгүй байдлын болон нөөцийн зардал хамаарахгүй) зардлын зарцуулалтын эрхийн үлдэгдэл дүнгийн 10 хүртэл хувийг үндсэн үйл ажиллагааны урсгал зардалд шилжүүлэх;
2.8 Тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмж болон бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөгдсөн албан тушаалтанд олгох тэтгэмжийн зардлыг өөр зардалд шилжүүлэхгүй байх.
2.9 Эд хогшил худалдан авах буюу хөрөнгийн шинж чанартай зардалд ямар нэгэн зардлаас зохицуулалт хийхгүй байх;
2.10 Эм, хоолны зардал дотроо гүйж болох бөгөөд бусад урсгал зардалд гүйлгэн зохицуулахгүй, харин бусад зардлаас эм, хоолны зардалд шилжүүлэн зохицуулж болно.
Гурав. Төсвийн байгууллагад зардлын зүйл хооронд зохицуулах зарцуулалтын эрх олгох
3.1 Төсвийн байгууллагын эдийн засгийн ангиллаар хуваарилсан зардлын төсөв нь үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хүрэлцэхгүй өр үүсч байгаа тохиолдолд бараа үйлчилгээний зардлуудыг энэхүү журмын 2-т заасан зарчмуудын хүрээнд эдийн засгийн ангилал хооронд шилжүүлэн зарцуулахаар зарцуулалтын эрхийг өөрчилж болно. Энэ тохиолдолд төсвийн байгууллагаас зардлын эдийн засгийн ангилал хооронд гүйлгэх зайлшгүй шаардлага, үндэслэл, холбогдох нарийвчилсан тооцоо, танилцуулгыг албан бичгийн хамт ЗЭБ-5 маягтын дагуу сард 1 удаа харъяа төрийн санд ирүүлнэ.
3.2 Төрийн сангаас энэ журмын 2.1 дэх заалтыг үндэслэн зардлын эдийн засгийн ангилал хооронд гүйлгэж зарцуулалтын эрхийн баталгаанд өөрчлөлт оруулахдаа байгууллагын үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны зардлын зүйл хооронд зохицуулалт хийж болох бөгөөд үйл ажиллагааны зардлын дүн хүрэлцэхгүй тохиолдолд тухайн сарын арга хэмжээний (үүнд аюулгүй байдлын болон нөөцийн зардал хамаарахгүй) зардлаас 10 хүртэл хувийг үйл ажиллагааны зардалд шилжүүлэн зохицуулалт хийж болно;
3.3 Батлагдсан орон тоог орон тооны дээд хязгаар гэж үзэн цалингийн санг тооцож, цалингийн сан хэмнэгдэхээр байвал шаардлагатай өр үүссэн урсгал зардалд шилжүүлэх.
3.4 Орон нутгийн төрийн сан орон нутаг дахь улсын төсвийн байгууллагын болон орон нутгийн төсвийн байгууллагын зарцуулалтын эрхэнд өөрчлөлт оруулах зохицуулалтыг хийж, хариуцлагаа хүлээнэ.
Дөрөв. Төрийн сангийн хяналт, тайлагналт
4.1 Төрийн сан төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлттэй уялдуулан төсвийн санхүүжилтийн эрхийг нээхдээ дараах дарааллыг баримтлаж, шат дараатайгаар санхүүжүүлж болно.Үүнд:
a. Цалин, нийгмийн даатгалын шимтгэлийг эхний ээлжинд санхүүжүүлэх;
b. Нийгмийн халамжийн болон тэтгэвэр, тэтгэмжийн зардал
c. Ашиглалтын зардал болох халаалт, цахилгаан, цэвэр бохир ус, шуудан холбооны төлбөр;
d. Бусад үйл ажиллагааны зардал.
e. Хөрөнгө оруулалтын санхүүжилт
4.2 Төсвийн гүйцэтгэлийн мэдээ тайланд тавих хяналтыг сайжруулж, хугацаанд нь бүх байгууллагын мэдээг бүрэн хамруулж байхад анхаарна.
4.3 Өр, авлагын мэдээг хүлээн авахдаа харилцагч байгууллагаас өр, авлага үүссэн шалтгааныг тодруулан тухайн сарын өр, авлагын мэдээний тайлбар, тодруулгыг аймаг, нийслэлийн төрийн сан Сангийн яамны Төрийн сангийн газарт ирүүлнэ.
---------оОо--------
Текст томруулах
A
A
A