- Нүүр
- Сайдын тушаал
- БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН АШИГЛАЛТ, ӨРГӨТГӨЛ, ШИНЭЧЛЭЛ, ИХ ЗАСВАРЫН ХУВИЙН ХЭРЭГ ХӨТЛӨХ ЖУРАМ
Зам,тээвэр, барилга, хот байгуулалтын
сайдын 2009 оны 71 дүгээр
тушаалын 1 дүгээр хавсралт
БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН АШИГЛАЛТ, ӨРГӨТГӨЛ, ШИНЭЧЛЭЛ, ИХ ЗАСВАРЫН ХУВИЙН ХЭРЭГ ХӨТЛӨХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэ журмын зорилго нь барилга байгууламжийн талаарх мэдээллээр хэрэглэгч, худалдан авагч, түрээслэгчийг хангах, барилга байгууламжийн хувийн хэрэгт байх зүйлсийн бүрдүүлбэрийг тогтоох, ашиглалтын хугацаанд тухайн барилга байгууламжид хийгдсэн өргөтгөл, өөрчлөлт, шинэчлэл, их засвар, үзлэг шалгалт, түүнд гарсан эвдрэл, гэмтэл, согогыг бүртгэж, барилга байгууламжийн хувийн хэргийг хөтлөхтэй холбогдсон үйл ажиллагааг зохицуулахад оршино.
1.2. "Барилгын тухай" хуулийн 3.1.4-д заасан "барилга байгууламж" гэсэн тодорхойлолтод хамаарагдах Монгол Улсын нутаг дэвсгэрт баригдсан, бүх төрлийн барилга байгууламжийн /гадаад улс, олон улсын байгууллага, гадаадын иргэдийн өмчийн болон тэдний мэдлийнхээс бусад/ хувийн хэргийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр заавал хөтөлнө.
1.3. Барилга байгууламжийн хувийн хэрэг нь тухайн барилга байгууламжийн ашиглалтын хугацаанд хийгдсэн өргөтгөл, өөрчлөлт, шинэчлэл, их засварын ажил, үзлэг шалгалт, гарсан эвдрэл, гэмтэл, согогын талаарх мэдээлэл, уг барилга байгууламжийн үндсэн үзүүлэлтийг агуулсан баримт бичиг байна.
1.4. Барилга байгууламжийн хувийн хэрэг хөтлөхөд "Барилгын тухай", "Орон сууцны тухай" хууль, энэхүү журам болон холбогдох бусад эрх зүйн актуудыг мөрдөнө.
1.5. Иргэний хуулийн 89-90 дүгээр зүйлд заасан этгээд нь барилга байгууламжийн эзэмшигч, ашиглагч, мөн хуулийн 100 дугаар зүйлд заасан этгээд нь барилга байгууламжийн өмчлөгч байна.
1.6. Өмчлөгч, эзэмшигч, ашиглагч нь барилга байгууламжийг шинээр ашиглалтад орох үед барилга байгууламжийн хувийн хэргийг нээж, түүнд энэ журамд заасны дагуу хөтлөсөн хувийн хэрэг, холбогдох хавсралт материалуудыг бүрдүүлж, тухай барилга байгууламжийг ашиглах хугацааны туршид хадгална.
1.7. Засгийн газрын тогтоолоор баталсан "Барилгын ашиглалтын дүрэм"-д нийцүүлж, энэ журмын дагуу барилга байгууламжийн хувийн хэрэг хөтлөх, түүнд баяжуулалт хийх үүргийг тухайн барилга байгууламжийг өмчлөгч хүлээнэ.
1.8. Өмчлөгч нь өөрийн өмчийн барилга байгууламжаа хууль буюу гэрээ, хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар бусдад эзэмшүүлбэл түүнийг эзэмших, ашиглах хугацаанд эзэмшигч, ашиглагч нь хувийн хэргийн хөтлөлт, баяжуулалтыг хийнэ.
1.9. Өмчлөгч, эзэмшигч, ашиглагч нь хувийн хэрэг хөтлөгдөж байгаагүй хуучин барилга байгууламжид тусгай зөвшөөрөл бүхий зураг төслийн байгууллагатай гэрээ байгуулан холбогдох үзүүлэлтийг дахин тооцуулах, мэргэжлийн дүгнэлт гаргуулах, хэмжилтийн зураг төсөл боловсруулах ажлыг гүйцэтгүүлж, түүнийг үндэслэн хувийн хэргийг нөхөн хөтөлж, баяжуулалт хийнэ.
Хоёр. Барилга байгууламжийн хувийн хэрэг хөтлөх үйл ажиллагаа
2.1. Өмчлөгч, эзэмшигч, ашиглагч нь барилга байгууламжийг шинээр ашиглалтад орох үед түүний хувийн хэргийг нээж хөтлөн, ашиглалтын явцад түүнд өргөтгөл, шинэчлэл, их засвар, үзлэг, шалгалт хийсэн, зориулалтыг өөрчилсөн, эвдрэл, гэмтэл, согог гарсан тохиолдолд хувийн хэрэгт баяжуулалт хийнэ.
2.2. Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2009 оны … -р тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан доорх бүрдэл хэсгээр хувийн хэргийг хөтлөх бөгөөд түүнд заасан холбогдох үзүүлэлтүүдийг тухайн барилга байгууламж нэг бүрд тодорхойлж тэмдэглэнэ. Үүнд:
1. Барилга байгууламжийн үндсэн мэдээлэл
2. Барилга байгууламжид хийсэн үзлэг, шалгалтын тэмдэглэл
3. Барилга байгууламжид хийсэн их засвар, өргөтгөл, шинэчлэлийн талаарх
тэмдэглэл
4. Барилга байгууламжийн дахин үнэлгээ
5. Ашиглалтын явцад гарсан эвдрэл, гэмтэл, согогийн тухай тэмдэглэл
6. Барилга байгууламжийн хувийн хэрэг хөтлөлтийн байдал
7. Барилга байгууламжийн холбогдолтой баримт бичгийн жагсаалт
2.3. Өмчлөгч, эзэмшигч, ашиглагч нь барилга байгууламжийн хувийн хэргийг хөтлөхдөө дараах зарчим , дарааллыг баримтална. Үүнд:
2.3.1. Барилга байгууламжийг ашиглалтад анх хүлээж авахдаа түүний талаарх үндсэн мэдээлэл, зураг төсөлд заагдсан бусад өгөгдлүүдийг захиалагч байгууллагаар хувийн хэрэгт нь бичүүлж, түүний үнэн зөвийг нягталж шалгана.
2.3.2. Хуучин барилга байгууламжийн хувийн хэргийг нөхөж хөтлөхдөө тухайн барилга байгууламжийн батлагдсан зураг төсөл, холбогдох акт баримт, дүгнэлтийг үндэслэнэ. Хэрвээ газар хөдлөлтийг тэсвэрлэх арга хэмжээ зураг төсөлд нь тусгагдаагүй байвал тусгай зөвшөөрөл бүхий зураг төслийн байгууллагатай гэрээ байгуулан барилга байгууламж, түүний хийц бүтээцийн чанар байдлыг шалгуулж, дүгнэлт гаргуулан газар хөдлөлтийг тэсвэрлэх чадварыг тогтоолгож, түүнийг үндэслэн холбогдох үзүүлэлтийг хувийн хэрэгт тодорхой тэмдэглэнэ.
2.3.3. Барилга байгууламжийн ашиглалтын хугацаанд хийгдэх үзлэг, шалгалтыг "Барилга, байгууламжийн ашиглалтын дүрэм","Барилга байгууламж, инженерийн шугам сүлжээний засвар, ашиглалтын хугацааны жишиг норм"-д заасны дагуу гүйцэтгэж, хийгдсэн үзлэг, шалгалтын талаарх дүгнэлт, дэлгэрэнгүй материалыг холбогдох мэдээллийн хамт хувийн хэрэгт тэмдэглэж, хадгална. Түүнчлэн барилгын үндсэн хийц бүрд гүйцэтгэсэн үзлэг, хийц бүтээцийн чанар байдалд өгсөн үнэлгээний талаар бичиж тэмдэглэнэ.
2.3.4. Барилгын техникийн хяналтыг хэрэгжүүлэгч , мэргэжлийн байгууллага, улсын байцаагчаас өгсөн албан шаардлага, дүгнэлт, түүний дагуу авсан арга хэмжээ, түүнтэй холбоотой бусад мэдээллийн талаар тодорхой бичиж тэмдэглэнэ.
2.3.5. Барилга байгууламжийн их засвар, өргөтгөл, өөрчлөлтийн боловсруулагдсан зураг төсөл, барилгын ажлын гүйцэтгэл, түүнд зарцуулсан хөрөнгө, чанар байдлын тухай хувийн хэрэгт бичиж , ил далд ажлын акт зэрэг холбогдолтой бичиг баримтыг хувийн хэргийн хавтаст хийж, баримт бичгийн жагсаалтад бүртгэнэ.
2.3.6. Барилга, байгууламжид гэнэтийн болон байгалийн давагдашгүй хүчин зүйлсийн /газар хөдлөлт, гал түймэр, үер ус, хүчтэй салхи, шуурга гэх мэт/ улмаас ашиглалтын хугацаанд гарсан эвдрэл, гэмтэл согог, түүнээс шалтгаалан ашиглалтгүй байсан хугацаа, түүнийг хэрхэн зассан, тэдгээрийн огноог бичиж тэмдэглэнэ. Засаж сайжруулсан, хүчитгэсэн, бэхэлсэн ажлын зураг төслийг хувийн хэргийн хавтаст хийж хадгална.
2.3.7. Барилга байгууламжид дахин үнэлгээ хийсэн байгууллагаас гаргасан шийдвэрийн огноо, дугаар, хийсэн үнэлгээний талаархи мэдээллийг бичиж, үнэлгээний тайланг хувийн хэргийн хавтаст хийж хадгална.
Гурав. Барилга байгууламжийг өмчлөгч, эзэмшигчид
хүлээлгэх хариуцлага
3.1. Барилга байгууламжийг өмчлөгч, эзэмшигч, ашиглагч нь энэ журмыг зөрчсөн тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.
--------оОо----------
Текст томруулах
A
A
A