A

A

A

Бүлэг: 1979
 
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2008 оны 50дугаар тушаалын хавсралт
 
                  
ХОРИХ АНГИЙН ДОТООД ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Шүүхийн шийтгэх тогтоол /магадлал/-оор баривчлах болон хорих ялаар шийтгүүлсэн этгээдийн ялыг биечлэн эдлүүлэх, тэдгээрт холбогдох харилцааг зохицуулахад энэхүү журмыг  журмыг мөрдөнө.
 
1.2.Насанд хүрээгүйчүүдийн хорих ангид мөрдөх дотоод журмыг "Насанд хүрээгүйчүүдийн хорих ангийн дотоод журам"-аар зохицуулна.
 
1.3."Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Монгол Улсын хууль"-ийн 116 дугаар зүйлд заасан хорих ангийн  дэглэмийг харгалзан тухайн хорих ангид мөрдөх байршил, чиглэл, хөдлгөөн, дотоод цагийн хуваарийг энэ журамд нийцүүлэн ангийн дарга баталж мөрдүүлнэ.
 
 
Хоёр. Ялтныг хүлээн авах
2.1.Ял эдлэхээр хуваарилагдаж ирсэн ялтныг ерөнхий жижүүр  /ээлжийн дарга/, шалган нэвтрүүлэгч хянагч, тоо бүртгэлийн байцаагч, эмчийн бүрэлдэхүүнтэй комисс хүлээн авна.
2.2.Ялтан олноор ирэх тохиолдолд хорих анги, шийдвэр гүйцэтгэх албаны даргын тушаалаар байгуулагдсан харуул хамгаалалт, гүйцэтгэх ажил эрхэлсэн дэд дарга, төлөөлөгч, тоо бүртгэлийн ажилтан, эмч, ерөнхий жижүүр /ээлжийн дарга/-ийн бүрэлдэхүүнтэй комисс хүлээн авна.
 
2.3.Ялтныг дор дурдсан баримт бичгийг үндэслэж хүлээж авна:
 
2.3.1.Шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, эсхүл магадлал;
2.3.2.Иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар зэрэг иргэний баримт бичиг;
2.3.3.Эрүүл мэндийн даатгалын дэвтэр;
2.3.4.Ялтныг тухайн ангид хуваарилсан эрх бүхий байгууллагын шийдвэр.
 
2.4.Иргэний үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэргүй ялтан хуваарилагдаж ирсэн бол энэ тухай түүний хувийн хэрэгт тэмдэглэл хийж, өөрөөр нь болон байлцсан хүмүүсээр гарын үсэг зуруулна.
 
2.5.Энэ журмын 2.3-т заасан баримт бичиг хоорондоо зөрчилтэй, овог нэр, зураг, нас хүйс, ял эдлэх дэглэм зөрсөн, эсхүл шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон эсэх нь тодорхойгүй бол ажлын 3 хоногт багтаан зөрчлийг арилгах арга хэмжээ авна.
 
2.6.Энэ журмын 2.5-д заасан хугацаанд зөрчлийг арилгах боломжгүй нь тогтоогдвол асуудлыг прокурорт танилцуулж шийдвэрлүүлнэ.
 
2.7.Ял эдлэхээр хуваарилагдан ирсэн ялтны биед үзлэг, эд зүйлд нэгжлэг хийж, энэ үеэр илэрсэн хориотой эд зүйлсийг устгах буюу хадгалж, энэ тухай тодорхой тэмдэглэл үйлдэж, хувийн хэрэгт хавсаргана.
 
2.8.Хүлээн авсан ялтныг эмчийн үзлэгт оруулж, халдварт өвчтэй хүн илэрвэл бусад ялтнаас тусгаарлан эмчилгээнд хамруулна.
 
2.9.Эмч үзлэгийн явцад тухайн ялтны биеийн эрүүл мэндийн байдал, нас, хүйс, жин, өндөр болон гэмтэл сорви, шивээс, мэнгэ зэрэг онцлох содон тэмдгийг тэмдэглэнэ.
 
2.10.Шинээр хүлээн авсан ялтныг 7 хүртэл хоног тусгаарлан байрлуулж, ангийн дотоод журамтай танилцуулан зохих сургалтад хамруулах бөгөөд энэ хугацаанд дараахь ажлыг зохион байгуулна:
 
2.10.1.Тухайн ангийн хориотой бүс, ялтны эрх, үүргийн талаар танилцуулах;
2.10.2.Ялтны боловсрол, мэргэжлийн түвшин, хөдөлмөрийн дадлага, чадварыг тогтоох;
2.10.3.Ялтныг байрлуулах, хөдөлмөрлөх хуваарь гаргах;
2.10.4.Ялтныг нэг загварын гадуур хувцас, гутлаар хангах;
2.10.5.Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх;
2.10.6.Ялтан тухайн ангид ял эдлэхээр ирсэн талаар түүний ар гэрт нь мэдэгдэх;
2.10.7.Хорих ангид оруулахыг хориглосон эд зүйлс, хувцсыг буцаах буюу
хадгалах;
2.10.8.Ялтны мөнгө, үнэт эдлэл, үнэт цаас зэргийг хорих ангийн санхүүд шилжүүлэн нэрийн данс нээж хадгалуулна.
 
2.11.Ялтан сургалтад хамрагдсаны дараа нийгмийн ажилтны саналыг үндэслэн ангийн даргын баталсан хуваарийн дагуу байрлуулан хөдөлмөрт хуваарилна.
 
Гурав. Хорих ангийн дотоод дэг
 
3.1.Ялтны дэглэм, ажлын цагийн хуваарийг ангийн дарга батална.
 
3.2.Ялтан ажлын цагийн хуваарийг хэрхэн мөрдөж байгааг харуул хамгаалалтын ажилтнууд хяналт тавих ба зөрчвөл түүнд шаардлага тавьж, зайлшгүй тохиолдолд албадлагын болон сахилгын  арга хэмжээ авна.
 
3.3.Ялтныг аль болох цөөнөөр нь байрлуулах бөгөөд нийтийн байр, тасалгаа нь өдрийн цагт байгалийн гэрэл тусах ердийн цонхтой, оройн цагаар хяналт тавих бүрэн боломж бүхий гэрэлтүүлэгтэй байна. Гэрэлтүүпэх хэрэгслийн унтраалгыг жижүүрийн хяналтад байхаар байрлуулна.
 
3.4.Ялтны байр, тасалгааны халаалт, агааржуулалт, талбайн хэмжээ нь хууль тогтоомжид заасан, олон улсын хэмжээнд дагаж мөрдөж байгаа хэм хэмжээний шаардлагыг хангасан байвал зохино.
 
3.5.Ялтны байрны цонх, хаалганд төмөр торон бэхэлгээ хийх бөгөөд шаардлагатай гэж үзвэл нэмэгдэл цоож, бэхэлгээ, бусад хяналтын тоног төхөөрөмжөөр тоноглож болно.
 
3.6.Ялтны байр, тасалгаанд орыг харуул хамгаалалтын хяналтад саад учруулахааргүй байрлуулна.
 
3.7.Ялтны гадуур хувцасны баруун талын энгэрт хувийн дугаар, ялтны овог нэр, эдлэх ялын эрүүгийн хуулийн зүйл анги, хугацааг харуулсан 5x8 см-ийн хэмжээтэй таних тэмдэг байна.
 
3.8.Ялтны овог нэр, эдлэх ялын эрүүгийн хуулийн зүйл анги, хугацааг заасан нэг загварын 8x12 см-ийн хэмжээтэй таних тэмдгийг ялтны орны толгойн дээд хэсэгт байрлуулна.
 
3.9.Ялтны нийтийн байр нь гадуур хувцасны өлгүүр, гутлын тавиуртай байна.
 
3.10.Ялтан ангиас олгосон нэг загварын гутал хувцас, ор дэрний хэрэглэлийг картаар хүлээн авч суллагдах үедээ буцаан хураалгана.
 
3.11.Хорих ангийн дотоод цагийн хуваарьт зурагтын нэвтрүүлэг үзэх цагийг тодорхой тусгах ба хэвлэл, мэдээллийн хэрэгсэл ашиглах нөхцөлөөр хангана.
 
3.12.Ялтны өрөө, нийтийн тасалгаанд нэгээс илүү зурагт, хөгжим зэрэг цахилгаан хэрэгслийг ашиглахыг хориглоно.
 
Дөрөв. Гяндангийн дотоод дэг
           
4.1.Ерөнхий жижүүр, ээлжийн дарга, хянагч нар "Хорих ангийн харуул хамгаалалтын болон ялтанд хяналт тавих журам"-д заасны дагуу гяндангийн ялтанд хяналт тавина.
 
4.2.Ялтан бичгээр хүсэлт гаргаж, албан хаагчидтай гяндангийн эргэлт уулзалтын байр, төлөөлөгч нарын албан өрөөнд уулзах бөгөөд уулзалтад ирүүлэх, буцаахдаа нэг нэгээр нь, гарыг нь гавлан авчирч, шаланд бэхлэгдсэн дөнгө зүүсний дараа уулзалт явагдана.
 
4.3.Гяндангийн ялтан жилд 2 удаа ар гэрийнхэнтэйгээ түр хугацааны уулзалт хийх ба уулзалт нь зөвхөн ажлын өдрийн 10.00-17.00 цагийн хооронд явагдаж дууссан байна.
 
4.4.Гяндангийн ялтан биедээ бэлэн мөнгө хадгалахгүй, зөвхөн нэрийн дансан дахь мөнгөөр хэрэгцээт барааны захиалгыг тоо бүртгэлийн байцаагчаар дамжуулан өгч ангийн дэлгүүрээр үйлчлүүлнэ.
 
4.5.Байгалийн гамшиг, гал усны аюул, эмнэлгийн яаралтай тусламж, цагийн тариа хийх зэрэг онцгой тохиолдлоос бусад үед 22.00-06.00 цагийн хооронд гяндангийн хорих өрөөний хаалга онгойлгохыг хатуу хориглоно.
 
4.6.Гяндангийн хорих өрөө нь дараахь нөхцөлийг хангасан байна:
                        4.6.1.Хорих өрөө нь ялтанд хяналт тавих боломжтой торлосон хаалгатай, 
хаалга нь хязгаарлагчтай, хагас онгойхоор зохицуулагдсан байхаас гадна байнгын цоожтой байх;
                        4.6.2.Нэг өрөөнд хоёроос илүүгүй ялтныг хорих ба шаардлагатай гэж үзвэл прокурортой зөвшилцөн ганцаарчлан байрлуулж болно;
                        4.6.3.Хорих өрөө нь байгалийн агааржуулалт, гэрэлтүүлэг, тогтоосон хэмжээний хэмийн дулаантай, цэвэр, бохир усны холболттой байх;
                        4.6.4.Зурагтыг ялтнуудад үзэх боломжтойгоор хонгилд байрлуулж, ангийн даргын баталсан цагийн хуваариар үзүүлэх ба нэг зэрэг олон сувгаар  үзүүлэхгүй байх;
 
4.7.Ялтныг гяндангийн байранд хөдөлмөрлүүлж болох бөгөөд ажил, сургалтад хамрагдах ялтнуудын нэрсийг ангийн дарга батална.
 
4.8.Гяндангийн ялтныг байранд нь эмчлэх ба зайлшгүй шаардлагаар эмчилгээг эмч, сувилагчийн өрөөнд хийх бол нэг нэгээр нь гавтай авчрах, эмчлэх сувилах үед хөлд нь дөнгө зүүсний дараа шаардлагатай бол гавыг салгаж болно.
 
4.9.Ялтны хөдөлгөөнийг давхардуулан хийхгүй бөгөөд шаардлагатай үед эхний ялтныг байршуулж, аюулгүй байдлыг хангасны дараа дараагийн ялтны хөдөлгөөнийг хийнэ.
 
Тав. Ялтныг хооллох
 
5.1.Ялтан ангийн даргын баталсан дотоод цагийн хуваарийн дагуу, тогтоосон газарт, хэрэв эмнэлэгг хэвтэж буюу тусгаарлан хоригдож байгаа бол өрөөнд нь харуул хамгаалалтын хяналтын дор хооллоно.
 
5.2.Ялтан өглөө цай талх, өдөр, орой, тогтоосон хэмжээний илчлэгтэй халуун хоол, цайгаар хангагдах ба тогтоосон хэмжээний илчлэг, амт чанарт тохируулан сүү, сүүн бүтээгдэхүүнийг ялтны хүнсэнд орлуулан хэрэглэж болно.                                                                                                                    
 
5.3.Ахлах тогооч нь хүнсний материалыг эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангасан газар /агуулах/-т хадгалж, өдөр тутамд батлагдсан нормын дагуу хэсгийн тогоочид хүнсийг олгоно.
 
5.4.Ахлах тогооч нь хоол бэлтгэх, боловсруулах, олгох ажлыг биечлэн хариуцаж, хоолны орц, норм, амт чанар, түүнчлэн ялтан бүрт хоол ногдож байгаа эсэхэд хяналт тавих ба тухайн ээлжийн харуул хамгаалалтын ажилтнууд хоол олгох үед байлцана.
 
5.5.Эмч хоол бэлтгэх, боловсруулах, олгох явц, хүнсний хадгалалт, хамгаалалт, гал зуух, хоолны хэрэгслийн ариун цэвэр, цэвэрлэгээ, эрүүл ахуйн шаардлагад өдөр тутамд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах, хоолны дээжийг заавал авч хадгалан дараа өдөр нь устгах үүрэг хүлээнэ. Шаардлагатай гэж үзвэл хоолны дээжийг авч шинжилгээнд өгөх, хэрэглэж болохгүй гэсэн хариу гарвал акт үйлдэж устгах эрхтэй.
 
5.6.Ялтанд хоногт олгож буй хоолны дээжийг улиралд тутамд шинжилгээнд өгч, илчлэгийг тодорхойлуулах бөгөөд хууль тогтоомжид заасан хэмжээнд хүрээгүй бол нэмэгдүүлэх арга хэмжээ авна. Хоолны илчлэг тодорхойлуулсан баримтыг хорих ангийн санхүүд хадгална.
 
5.7.Ялтныг ердийн тасалгааны хэмд хооллож, хооллосны дараа 30 минутаас доошгүй хугацаанд байранд нь байлгана.
 
5.8.Ялтны байр, гал зууханд ялтанд нэг өдөрт олгогдох хүнсний орц норм, 7 хоногийн хоолны цэсийг гаргаж, ил байрлуулах ба түүний дагуу хоолоор хангана.
 
5.9.Ялтан буцалгасан ус уух боломжтой байна.
 
Зургаа. Ялтны ариун цэвэр
 
6.1.Хорих анги ялтныг өөрийгөө цэвэр авч явахыг шаардах, түүнчлэн түүнийг ариун цэвэр, эрүүл мэндээ сахихад шаардлагатай ус болон ариун цэврийн хэрэгслээр хангах үүрэгтэй.
 
6.2.Ялтны халуун усны газарт шүршүүр, угаапгын онгоцыг ил байрлуулж, батлагдсан хуваарийн дагуу 14 хоног тутамд усанд оруулж, бүртгэл хөтөлнө.
 
6.3.Ялтан хувийн чөлөөт цагаараа хувцас, цагаан хэрэглэлээ угаах, хатаах, индүүдэх нөхцөл боломжоор хангагдах ба тухайн өрөөг зориулалтын дагуу тохижуулсан байна.
 
6.4.Анги ялтныг нүүр гарын болон эдийн савангаар сар тутам хангах үүрэгтэй.
 
6.5.Эрэгтэй ялтан халимагтай байхыг хориглоно.
 
 
Долоо. Албан хаагч ялтантай харьцах
 
7.1.Албан хаагчдын зүгээс ялтантай хүнлэг, энэрэнгүй, хүний хууль ёсны эрх, эрх чөлөөг хүндэтгэх зарчмын дагуу харьцана.
 
7.2.Ялтныг ял шийтгэл, арьс өнгө, яс үндэс, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол зэргээр ялгаварлан харьцахыг хориглоно.
 
7.3.Ялтан албан хаагчтай харьцахдаа түүний албан тушаал, эсвэл цэргийн цолыг хэлж, өөрийн овог нэр, шийтгүүлсэн эрүүгийн хуулийн зүйл ангиа танилцуулж, хүсэл гомдлоо товч тодорхой илэрхийлнэ.
 
7.4.Ялтнууд хоорондоо энгийн иргэдийн адилаар бие биенээ "Та" гэж харьцана.
 
7.5.Ялтан өөрт холбогдох асуудлаар бусад байгууллага, албан тушаалтанд хандаж өргөдөл, гомдол, хүсэлт гаргах бол хорих ангийн захиргаагаар уламжлуулан гаргана.
 
Найм. Үзлэг нэгжлэг
8.1.Ялтны бие, байр, түүний ойр орчинд албан хаагч ямарч үед үзлэг, нэгжлэг хийж болно.
 
8.2.Эмэгтэй ялтны биед эмэгтэй албан хаагч, эрэгтэй ялтны биед эрэгтэй албан хаагч үзлэг, нэгжлэг хийнэ.
 
8.3.Амьдралын бүсэд орж гарч байгаа ялтанд тухайн үед албан үүргээ гүйцэтгэж байгаа ээлжийн бүрэлдэхүүн үзлэг, нэгжлэг хийнэ.
 
8.4.Хүчлэн хамгаалалт, өндөржүүлсэн бэлэн байдал зарласан үед нийт албан хаагчийн хүчээр үзлэг, нэгжлэг хийнэ.
 
8.5.Төлөвлөгөөт үзлэг, нэгжлэгийг 7 хоногт 2-оос доошгүй удаа хийх ба үзлэг, нэгжлэгээр илэрсэн хориотой эд зүйлийг хураан авч тэмдэглэл үйлдэнэ.
 
8.6.Хураагдсан эд зүйлсийн талаар ангийн удирдлагад танилцуулж, дараахь байдлаар шийдвэрлүүлнэ:
 
                        8.6.1.Ялтны хувийн хэрэгцээнд хэрэглэхийг хориглосон эд зүйлсийг ар гэрт нь буцаах, боломжгүй бол тэмдэглэл үйлдэж хадгалах;
8.6.2.Улсын орлого болгох;
                        8.6.3.Чанарын хувьд эдэлж хэрэглэх боломжгүй буюу байгаль орчин, хүний эрүүл мэнд, амь насанд хор учруулж болох эд зүйлсийг акт тогтоож,  тэмдэглэл үйлдэн устгах.
 
Ес. Ялтанд зөвшөөрөх эд зүйлс
 
9.1.Ялтан дараахь эд зүйлсийг өөртөө буюу байрандаа хадгалан хэрэглэж болно:
 
9.1.1.Боловсруулсан хүнсний болон гурилан бүтээгдэхүүн;
9.1.2.Ариун цэврийн болон ахуйн хэрэгцээний зүйлс;
9.1.3.Бугуйн цаг; 
9.1.4.Зөвшөөрөгдсөн сонин, ном, сэтгүүл;
9.1.5.Улирлын болон 3 ээлжийн дотуур хувцас;
9.1.6.Спортын хувцас.
 
Арав. Ялтанд хориглох зүйлс
 
10.1.Ялтанд дор дурдсан зүйлийг өөртөө болон байрандаа хадгалах, хэрэглэхийг хориглоно:
 
10.1.1.Галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх зүйл, эмчийн зөвшөөрснөөс бусад эм тариа, үнэртэн;
10.1.2.3асгийн газраас тогтоосон амьжиргааны баталгаажих доод төвшингийн 10 хувьтай тэнцэх хэмжээнээс илүү бэлэн мөнгө, үнэт зүйлс;
10.1.3.Гар утас, холбооны хэрэгсэл;
10.1.4.Гэрэл зургийн аппарат, хэвлэх, олшруулагч хэрэгсэл;
10.1.5.Садар самууныг сурталчилсан кино, сонин, ном, сэтгүүл;
10.1.6.Бүх төрлийн согтууруулах ундаа, мансууруулах бодис, түргэн исгэгч;
10.1.7.Хүйтэн зэвсэг, хурц иртэй сүлбэх, огтлох багаж хэрэгслүүд;
10.1.8. боловсруулаагүй хүнсний бүтээгдэхүүн, лаазалсан бүтээгдэхүүн;
10.1.9. хориотой тоглоом;
10.1.10. цэргийн зориулалттай хувцас, малгай, таних тэмдэг;
 
10.2.Ялтнууд хоорондоо утсаар ярих, түүнчлэн хорих ангийн дотоод журам зөрчин сахилгын шийтгэл эдэлж байгаа ялтанд таксофон ашиглуулахыг хориглоно.
Арван нэг. Хяналтын бүртгэл
 
11.1.Хорих ангийн дотоод цагийн хуваарийн дагуу өглөөний бослого, оройн амралт, түүнчлэн ээлж солилцох үеэр ялтны нэгдсэн болон хэсэгчилсэн бүртгэл хийнэ.
 
11.2.Нэгдсэн бүртгэлд бүх ялтныг овог нэрээр нь дуудаж бүртгэнэ. Тухайн бүртгэлийн хугацаанд ажилд томилогдсон буюу гадуур байгаа ялтныг байршил, цаг хугацаагаар нь бүртгэлийн дэвтэрт тодорхой тэмдэглэнэ.
 
11.3.Эмнэлэгт хэвтэж байгаа болон сахилгын хорих байр, тусгаарлах тасалгаанд байгаа ялтныг өрөөнд нь овог нэрээр нь дуудаж бүртгэнэ.
 
11.4.Шаардлагатэй бол ямар ч үед амьдралын бопон үйлдвэрлэлийн бүсэд хэсэгчилсэн бүртгэл хийж болно.
 
11.5.Нэгдсэн буюу хэсэгчилсэн бүртгэлийг ерөнхий жижүүр буюу ээлжийн даргын өгсөн удирдлагын дагуу харуул, хамгаалалтын ажилтнууд гүйцэтгэнэ.
 
11.6.Бүртгэлийн дэвтэр нь жижүүрийн тэмдэглэлийн нэг хэсэг болох бөгөөд түүнийг дууссан тохиолдолд хуудсыг дугаарлан харуул хамгаалалт, гүйцэтгэх ажил эрхэлсэн дэд даргад шилжүүлж, "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын нууцыг хамгаалах журам"-д заасан хугацаагаар архивт хадгална.
 
Арван хоёр. Түр ба удаан хугацааны уулзалт
 
12.1.Уулзалтыг хорих ангийн дарга, харуул хамгаалалт эрхэлсэн дэд даргын бичгээр өгсөн зөвшөөрлөөр ерөнхий жижүүр буюу ээлжийн дарга зохион байгуулна.
 
12.2.Уулзахыг хүссэн өргөдлийг тоо бүтгэлийн байцаагч хүлээн авч уулзагсад /төрөл садан/-ын баримт бичгийн бүрдлийг шалгаж, ялтны ял эдэлж байгаа дэглэм, түрүүчийн уулзалтыг магадлан хуульд заасны дагуу уулзах хугацааг тодорхойлно.
 
12.3.Ялтан зохих хяналтын дор төрөл садантай удаан, бусад хүнтэй түр хугацааны уулзалт хийнэ.
 
12.4.Төрөл садан гэдэгт түүний эхнэр, нөхөр, хүүхэд, төрсөн болон хадам эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, өвөг эцэг, эмэг эх, нэг ам бүлд хамт амьдардаг ач, зээг ойлгоно.
 
12.5.Удаан хугацааны уулзалтын байранд ор, ширээ, сандал, хүнсний зүйлс хадгалах шүүгээ болон бусад хэрэглэл байх бөгөөд хугацаа нь 72 цагаас илүүгүй байна.
 
12.6.Түр уулзалтын байранд шаланд бэхлэгдсэн ширээ, сандал байрлуулах бөгөөд хугацаа нь 3 цагаас илүүгүй байна.
 
12.7.Харуул хамгаалалтын ажилтны шаардлага биелүүлээгүй болон дотоод журам зөрчсөн тохиолдолд уулзалтыг зогсоож, энэ тухай ангийн удирдлагад мэдэгдэнэ.
 
12.8.Харуул хамгаалалтын алба уулзалтад хяналт тавьж, ялтанд өгч буй хүнсний болон бусад эд зүйлд үзлэг, шалгалт хийх бөгөөд ялтанд өгөхийг хориглосон эд зүйлс үзлэг, шалгалтаар илэрвэл тэдгээрийг түр хурааж, уулзалт дууссаны дараа эзэнд нь буцаан өгч тэмдэглэл үйлдэн уг ялтны хувийн хэрэгт хавсаргана.
 
12.9.Уулзалтын зардлыг уулзагсад хариуцаж, ангитай тооцоо хийнэ.
 
12.10.Эргэлт уулзалтыг ажлын өдрийн 10.00-18.00 цагийн хооронд зохион байгуулах бөгөөд хүчлэн хамгаалалт зарласан хугацаанд эргэлт, уулзалтыг бүрэн зогсооно.
 
12.11.Амралтын өдрүүдэд хөдөө орон нутаг /тухайн аймаг, орон нутгаас бусад/-аас уулзалтаар ирсэн иргэдийг холбогдох баримт бичгийг нь үндэслэн уулзуулах асуудлыг хорих ангийн дарга шийдвэрлэнэ.
 
12.12.Ялтны хувийн хэрэгт албан ёсоор бүртгэгдээгүй, төрөл садны хүн болохыг нотолсон хууль ёсны баримт бичиг, эсхүл сум, дүүргийн Засаг даргын тодорхойлолтгүй иргэнтэй удаан хугацааны уулзалт хийлгэхийг хориглоно.
 
Арван гурав. Захидал, илгээмж, мөнгөн гуйвуулга
 
13.1.Хорих ангийн тоо бүртгэлийн байцаагч ялтныг байлцуулан захидал, илгээмжийг задлан үзлэг хийж, хүлээн авсан тухай өөрөөр нь гарын үсэг зуруулах бөгөөд хориглосон зүйл илэрвэл энэхүү журамд зааснаар шийдвэрлэнэ.
 
13.2.Нэг удаагийн хэрэгцээнээс илүү ирсэн зүйлийг ялтны нэр дээр хадгална.
 
13.3.Байхгүй ялтны нэр дээр ирсэн захидал, илгээмжийг задлахгүйгээр "Буцаан хүргүүлэв." тэмдэг дарж хаягаар нь явуулна.
 
13.4.Ялтны нэр дээр ирсэн мөнгөн гуйвуулгыг түүний нэрийн дансанд хадгалах бөгөөд ялтан юунд хэдий хэмжээгээр зарцуулах тухай баримт гаргаж, гарын үсэг зурж авна. Ялтны нэг удаагийн авах мөнгөний хэмжээ нь энэ журмын 10 дугаар зүйлийн 10.1.2-т нийцэж байвал зохино.
 
13.5.Дараахь утга, шинж байдал агуулсан захидлыг ялтанд өгөхгүй:
 
13.5.1.Оргох болон бусад гэмт хэрэгт уриалан дуудсан;
13.5.2.Хэн нэгнийг гутаан доромжилсон, айлган сүрдүүлсэн;
13.5.3.Садар самууныг сурталчилсан;
13.5.4.Ялтны сэтгэл зүйд цочрол үзүүлэх зорилготой;
13.5.5.Нууц тэмдэг, үл ойлгогдох хэл дохиогоор бичигдсэн.
 
13.6.Тухайн ялтанд өгч болохгүй утга, агуулгатай захидал байвал тоо бүртгэлийн байцаагч түүнийг ангийн дарга, түүний байхгүйд дэд даргад танилцуулан тэмдэглэл үйлдэж, хувийн хэрэгт нь хавсаргаж хадгална.
 
13.7.Явуулах захидлыг тоо бүртгэлийн байцаагчаар хянуулж илгээнэ.
 
13.8.Албан хаагч нь ялтны захидал харилцаа, хувийн бусад нууцыг задруулахгүй, чанд хадгалах үүрэгтэй.
 
Арван дөрөв. Ялтны эрх, үүрэг
 
14.1.Ялтан "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Монгол улсын хууль"-ийн 115 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээхээс гадна дор дурдсан эрх эдэлнэ:
 
                        14.1.1.Баривчлах ял эдлүүлэх байр болон жирийн дэглэмтэй хорих ангид ял эдэлж байгаа ялтан 09.00-18.00 цагийн хооронд харуул хамгаалалтын хяналтад 5 минутаас илүүгүй хугацаагаар өөрийн зардлаар таксафоноор ярих;
                        14.1.2.Их, дээд сургууль, коллежид өөрийн зардлаар эчнээгээр суралцах;
                        14.1.3.Өөрийн нэрийн дансан дахь мөнгөөр хүнс, нэн тэргүүний хэрэгцээт бусад зүйлийг ангийн дэлгүүрээс худалдан авах.
 
14.2.Жирийн дэглэмтэй хорих ангийн ялтан ялынхаа хоёрны нэгээс доошгүйг эдэлсэн, сахилгын зөрчил гаргаж байгаагүй бөгөөд их, дээд сургууль, коллежид эчнээгээр суралцах хүсэлт гаргасныг хорих ангийн дарга дэмжсэн бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга ийнхүү суралцахыг зөвшөөрсөн тушаал гаргана.
 
14.3.Эчнээ сургалтыг зөвхөн хорих ангийн байранд явуулна.
 
14.4.Ялтныг эчнээгээр суралцуулах асуудлыг тухайн ялтны ар гэр, эсхүл түүний өмгөөлөгч нь суралцуулах сургуулийн захиргаатай урьдчилан тохиролцож, сургалтыг хорих ангийн байрлалд явуулахыг зөвшөөрч гэрээ байгуулсан байх ба элсэлтийн болон төгсөлтийн шалгалт өгөх үеийн харуул хамгаалалтыг хорих ангийн удирдлага зохион байгуулна.
 
14.5.Ялтны суралцахтай холбогдон гарах зардлыг хорих анги хариуцахгүй бөгөөд ялтан суралцах хугацаандаа сахилгын зөрчил гаргавал сургалтыг зогсоох хүртэл арга хэмжээ авна.
 
Арван тав. Өргөдөл, гомдол, хүсэлт
 
15.1.Ялтан зөвхөн өөрт холбогдох асуудлаар хорих ангийн захиргаа, бусад байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол, хүсэлт гаргана.
 
15.2.Ялтны өргөдөл, гомдол, хүсэлтийг тоо бүртгэлийн байцаагч хүлээн авч, бүртгэсний дараа хорих ангийн даргад танилцуулж харьяаллын дагуу шилжүүлж шийдвэрлүүлнэ.
 
15.3.Өргөдөл, гомдол, хүсэлтийн хариуг тоо бүртгэлийн байцаагч тухай бүр нь ялтанд танилцуулж, гарын үсэг зуруулан хувийн хэрэгт хавсаргана.
 
 
Арван зургаа. Хувийн чөлөөт цаг
 
16.1.Хорих ангийн даргын баталсан дотоод цагийн хуваарийн дагуу ялтан хөдөлмөрлөх болон амрах, хооллохоос бусад хугацааг чөлөөт цагт тооцно.
 
16.2.Чөлөөт цагт ялтан шашны зан үйл үйлдэх, спортын сонирхсон төрлөөр хичээллэх, ном сонин унших, хорих ангийн номын санг ашиглах зэрэг эрхээр хангагдана.
 
Арван долоо. Ялтны сайн дурын байгууллага
 
17.1.Хорих ангийн дотоод дэг, цагийн хуваарийг сахиулахад туслах, ялтанд хүмүүжлийн эерэг нөлөө үзүүлж, тэдний идэвхи санаачилгыг дэмжих зорилгоор ялтны сайн дурын байгууллагыг байгуулж болно.
 
17.2.Ялтны сайн дурын байгууллага ажиллуулах эсэхийг хорих ангийн дарга шийдвэрлэнэ. Шаардлагатай гэж үзвэл хорих ангийн даргын тушаалаар байгуулна.
 
17.3.Ялтны сайн дурын байгууллагын идэвхтэн нь илүү эрх, тусгай хангамж эдлэхгүй.
 
17.4.Ялтны сайн дурын байгууллагын идэвхтнийг бусдад сайн талын нөлөө үзүүлж чадах, үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшсэн, хорих ангийн дотоод журмыг үлгэр жишээчээр биелүүлдэг ялтнаас сонгоно.
 
17.5.Ялтны сайн дурын байгууллага нь ажлаа хорих ангийн захиргаанд урьдчилан танилцуулж, зөвшөөрөл авсны үндсэн дээр харуул хамгаалалтын хяналтын дор үйл ажиллагаа явуулна.
 
17.6.Хорих анги ялтны сайн дурын байгууллагын зөв, үр ашигтай үйл ажиллагааг хөрөнгө санхүү, эд материалаар дэмжиж болно.
 
17.7.Ялтны сайн дурын байгууллага нь хорих ангийн даргын зөвшөөрлөөр бусад байгууллага, хувь хунээс хандив, туслалцаа авч ялтны дунд зохиох сургалт, хүмүүжлийн үйл ажиллагаанд зарцуулж болно.
 
 
Арван найм. Ялтанд чөлөө олгох
 
18.1.Жирийн дэглэмд ял эдэлж байгаа ялтны төрөл садангийх нь хүн /эхнэр, нөхөр, хүүхэд, төрсөн болон хадам эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, өвөг эцэг, эмэг эх, нэг ам бүлд амьдардаг ач, зээ/ хүндээр өвчилсөн буюу нас барсан, байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсоны улмаас ар гэрт нь үлэмж хор хөнөөл учирсан бол тухайн ялтны зан байдал, засрал хүмүүжлийг харгалзан баривчлах ял эдлүүлэх байр, хорих ангийн дарга зам хоногийг оролцуулан 7 хүртэл хоногийн чөлөө олгоно. Баривчлах ял эдлүүлэх байранд мөрдөх журмаар чөлөөний хугацааг өөрөөр тогтоож болно.
 
18.2.Чөлөө хүсэгч иргэн дээрхи нөхцөл байдал бий болсныг нотолсон сум, дүүргийн Засаг дарга, эмнэлгийн байгууллагын тодорхойлолтыг бүрдүүлэн баривчлах байр, хорих ангийн даргад чөлөө хүссэн өргөдлийн хамт өгч шийдвэрлүүлнэ.
 
18.3.Чөлөө авах ялтныг түүний төрөл садангийн хоёроос доошгүй хүний батлан даалтанд өгөх ба батлан даагчийн иргэний баримт бичгийг шалгаж, төрөл садан гэдэг нь нотлогдвол чөлөө олгоно.
 
18.4.Тоо бүртгэлийн байцаагч холбогдох баримт бичгийн бүрдлийг нягтлан тодорхойлолт гаргасныг үндэслэн хорих ангийн даргын тушаалаар чөлөөг олгоно.
 
18.5.Батлан даагч нь ялтныг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж, чөлөөний хугацаа дуусмагц өөрийн биеэр буцаан авчрах үүрэг хүлээнэ.
 
18.6.Ялтныг чөлөөгөөр явахтай холбогдон гарах болон хугацаандаа ирээгүйгээс хорих ангид учирсан зардлыг батлан даагч бүрэн хариуцна.
 
18.7.Хорих ангийн дарга ялтанд чөлөө олгосон тухайгаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тогтоол гүйцэтгэх газарт 24 цагийн дотор мэдэгдэнэ.
 
18.8.Чөлөөгөөр явах ялтан, түүний батлан даагч чөлөөний хугацаандаа нийслэлд бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын жижүүрт, орон нутагт явах бол тухайн аймаг, сум дахь шийдвэр гүйцэтгэх албанд ажлын цагаар өдөрт 1 удаа  бүртгүүлэх үүрэгтэй. Чөлөөгөөр яваа ялтан орон нутаг дахь шийдвэр гүйцэтгэх албанд бүртгүүлсэн бол бүртгэсэн албан хаагч энэ тухай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын жижүүрт шуурхай мэдээгээр танилцуулна.
 
18.9.Хэрэв чөлөөний хугацаандаа бүртгүүлээгүй, оршин суух газартаа байгаагүй, эсхүл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол чөлөөг даруй зогсоож, уг ялтанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Монгол Улсын хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулна.
 
18.10.Ялтанд эрүүгийн өөр хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа, эсхүл ял эдэлж байхдаа дахин гэмт хэрэг үйлдэж шийтгэгдсэн буюу оргохыг завдсан, зөрчил гаргаж сахилгын шийтгэл хүлээсэн, түүчлэн эмнэлгийн магадлагаа, сум, дүүргийн Засаг даргын тодорхойлолт, тамга, тэмдэг, батлан даагчийн үнэмлэх зөрчилтэй байгаа бол ялтанд чөлөө олгохыг хориглоно.
 
 
Арван ес. Ялтныг хөдөлмөрлүүлэх
 
19.1.Төлөөлөгч, тоо бүртгэлийн байцаагч, сургалт арга зүйн ажилтны саналыг үндэслэн хорих ангийн даргын баталсан хуваарийн дагуу ялтныг хөдөлмөрт хуваарилна.
 
19.2.Ялтны хөдөлмөрийн хуваарийг хорих ангийн даргын шийдвэрээр өөрчилнө.
 
19.3.Дараахь нөхцөлд ялтныг хөдөлмөрт гаргахыг хориглоно:
 
19.3.1.Харуул хамгаалалтын зохих шаардлага хангагдаагүй;
19.3.2.Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам биелэгдээгүй,
эсхүл энэ талаар зааварчлага өгөгдөөгүй;
19.3.3.Ялтныг ажиллуулах боломжгүй гэж эмч тодорхойлолт гаргасан бол.
 
19.4.Чанга, онцгой дэглэмтэй хорих ангийн ялтны ажил, амралтын цагийг тухайн хорих ангийн үйлдвэрлэлийн онцлогийг харгалзан хорих ангийн дотоод журамд тусгаж хэрэгжүүлнэ.
 
19.5.Ялтны хөдөлмөрийн норм, үнэлгээ, хөлс, түүний нэрийн дансны үлдэгдлийн талаар хариуцсан нягтлан бодогч нь сар тутам уг ялтанд мэдээлнэ.
 
19.6.Хорих анги нь ялтнаар хөдөлмөр эрхлүүлэхдээ түүний мэргэжил, хөдөлмөрийн чадварыг харгалзаж болно.
 
19.7.Ялтны хөдөлмөрийн хөлснөөс хөдөлмөрлүүлэхтэй холбогдон гарах зардлыг суутган үлдсэн хэсгийг түүний нэрийн дансанд төвлөрүүлж, энэ журмын  10 дугаар зүйлийн 10.1.2, 13 дугаар зүйлийн 13.4-т заасны дагуу зарцуулна.
 
19.8.Тухайн ялтан шүүхийн шийтгэх тогтоолоор иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад төлөх төлбөртэй бол түүний нэрийн дансанд төвлөрсөн мөнгөнөөс сар бүр зохих журмын дагуу шилжүүлнэ.
 
19.9.Ялтныг төрийн нууц, цэрэг стратегийн ач холбогдолтой зэрэг тусгай дэглэм бүхий онцгой объектод, түүнчлэн чанга, онцгой дэглэмтэй ялтныг бусад аж ахуйн нэгж, байгууллагад гэрээгээр ажиллуулахыг тус тус хориглоно.
 
 
Хорь. Ялтны дунд зохиох сургалт, хүмүүжлийн ажил
 
20.1.Ялтны үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн хор аюул, бусдад учруулсан хохирол, тэдгээрээс үүсэн гарах үр дагаврыг ойлгуулах, хорих ялын зорилгыг хангах, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэх, ерөнхий боловсролын болон мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор ялтны дунд сургалт, хүмүүжлийн  ажлыг зохион байгуулна.
 
20.2.Хорих анги дахь сургалт, хүмүүжлийн ажлыг сургалт арга зүйн ажилтан, нийгмийн ажилтан хариуцан, батлагдсан төлөвлөгөөний дагуу явуулах бөгөөд хорих ангийн дарга өдөр тутмын удирдлагаар хангаж, бусад нэгж дэмжлэг, туслалцаа үзүүлнэ.
 
20.3.Сургалт, хүмүүжлийн ажлыг ялтны үйлдсэн гэмт хэрэг, насны онцлог, хувийн байдал, хорих ялын дэглэмээс хамаарч ялгамжтай явуулах бөгөөд сургалтыг зөвхөн хорих ангийн байрлалд явуулна. 
 
20.4.Хорих анги өөрийн үйлдвэрлэлийн чиглэл, онцлогт тохируулан мэргэжлийн сургалт явуулж болно.
 
20.5.Ялтны дунд зохиох сургалт, хүмүүжлийн ажлын нэгдсэн төлөвлөгөөг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар батлах бөгөөд энэхүү сургалт, хүмүүжлийн ажилд төрийн болон бусад байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, шашны байгууллагыг татан оролцуулж болно.
 
20.6.Ялтны дунд явуулж байгаа сургалт, хүмүүжлийн ажил, хамрагдсан ялтны тоо, үр дүнгийн талаарх мэдээллийг Тогтоол гүйцэтгэх газарт сар бүр ирүүлнэ.
 
Хорин нэг. Ялтныг урамшуулах
 
21.1."Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Монгол Улсын хууль"-ийн 126 дугаар зүйлд зааснаар ялтныг дараахь тохиолдолд урамшуулна:
 
21.1.1.Хорих ангийн дотоод дэг журмыг чанд сахиж, сахилгын зөрчил гаргаагүй, хөдөлмөрлөх үүргээ хангалттай биелүүлсэн;
21.1.2.Хорих ангиас зохиож буй ажилд идэвхтэй оролцож, зарласан болзлыг бүрэн хангасан;
21.1.3.Ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмийг чанд сахиж, мэдлэг боловсролоо бие даан дээшлүүлсэн, шинэ санаачилга гаргаж хэрэгжүүлсэн;
 
21.2.Ялтныг урамшуулах тухай санал, тодорхойлолтыг тухайн ангийн аль ч албан хаагч, тоо бүртгэлийн байцаагчаар дамжуулан хорих ангийн захиргаанд гаргаж болно.
 
21.3.Ялтныг урамшуулах бол хорих ангийн дарга тушаал гаргана.
 
21.4.Ялтан оногдуулсан ялын хуульд заасан хэсгийг эдэлсэн, засарч хүмүүжсэнээ зан байдлаараа харуулж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн бол түүнийг ялаас хугацааны өмнө суллах тухай саналыг хорих ангийн дарга прокурорт гаргана.
 
            21.5.Ялтныг урамшуулахдаа "Ялтанд шагналын хоног олгох, ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллах, ял эдлэх дэглэмийг өөрчлөхөд мөрдөх журам"-ыг баримтална.
 
Хорин хоёр. Сахилгын шийтгэл
 
22.1.Ялтан хууль тогтоомж, түүний дагуу батлагдсан заавар, журам зөрчсөн нь гэмт хэргийн шинжгүй бол түүнд хорих ангийн даргын тушаалаар сахилгын шийтгэл ногдуулна.
 
22.2.Албан хаагч илрүүлсэн зөрчлийн талаар акт бичиж ерөнхий жижүүр буюу ээлжийн даргад танилцуулах ба тэдгээр нь 24 цагийн дотор ангийн даргад танилцуулж шийдвэр гаргуулна.
 
22.3.Сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг тухайн ялтанд танилцуулж зөрчлийн актад гарын үсэг зуруулах ба гарын үсэг зурахаас татгалзвал энэ тухай зөрчлийн актад тэмдэглэнэ.
 
22.4.Сахилгын хорих байранд хоригдох ялтан ариун цэврийн хэрэглэл /оо, саван, сойз/-ээс өөр зүйл авч орохыг хориглоно.
 
22.5.Ялтныг сахилгын хорих байранд хорихын өмнө эмчийн үзлэгт оруулж, уг шийтгэлийг биеэр эдлүүлж болох тухай тодорхойлолт гаргуулна.
 
22.6.Сахилгын хорих байранд хоригдох ялтан тухайн улирлын хувцастай байх ба хөнжил, гудасыг дотоод цагийн хуваарьт заагдсан амралтын хугацаанд тавьж олгоно.
 
22.7.Сахилгын хорих байранд хоригдож байгаа ялтныг хорих өрөөнд нь хооллоно.
 
22.8.Эрүүл мэндийн улмаас ялтныг сахилгын хорих байрнаас хугацаанаас нь өмнө гаргах бол эмчийн тодорхойлолтыг үндэслэн хорих ангийн дарга шийдвэрлэнэ. Ийнхүү гаргасан ялтны эрүүл мэнд хэвийн болсон нөхцөлд сахилгын шийтгэлийг нөхөн эдлүүлнэ.
 
22.9.Харуул хамгаалалтын хяналтын дор эмч өдөр бүр сахилгын хорих байранд хоригдогсдын эрүүл мэндийн байдалд үзлэг хийж, энэ тухай тэмдэглэл үйлдэн тушаалд хавсаргана.
 
Хорин гурав. Ялтны аюулгүй байдлыг хангах
 
23.1.Амь нас, эрүүл мэндэд нь аюул, занал учирсан тохиолдолд ялтан ямар ч албан хаагчтай харьцаж тусламж хүсэх эрхтэй бөгөөд ийм мэдээлэл авсан албан хаагч ялтны аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авч, энэ тухай ангийн удирдлагад нэн даруй мэдэгдэнэ.
 
23.2.Ялтны аюулгүй байдлыг хангах зорилгоор ерөнхий жижүүр, ээлжийн дарга үндэслэл бүхий тогтоол үйлдэн түүнийг тусгаарлах тасалгаанд шилжүүлж болно.
 
23.3.Хорих ангийн хамгаалалтын бүсээс гадна ажиллаж байгаа ялтны амь нас, эрүүл мэндэд халдаж болзошгүй тухай мэдээллийг хорих ангийн албан хаагч олж мэдсэн, эсхүл цагдаагийн байгууллагын болон бусад байгууллага, иргэдийн мэдээлэл ирсэн бол харуул хамгаалалтын байнгын хяналтад авах, хөдөлмөрийн нөхцөлийг өөрчлөх зэрэг шаардлагатай арга хэмжээг шуурхай зохион байгуулна.
 
23.4.Дээрх мэдээллийн тухай Тогтоол гүйцэтгэх газрын дарга, эрх бүхий албан тушаалтанд нэн даруй танилцуулна.
 
Хорин дөрөв. Ялтныг суллах
           
24.1.Ялтны ял эдэлсэн хугацааны тооцоог хорих ангийн тоо бүртгэлийн байцаагч улирал тутамд хийж ялтанд танилцуулна.
 
24.2.Ялтны ялын өөрчлөлтийн тухай бусад газраас ирүүлсэн шийдвэрийг тоо бүртгэлийн байцаагч тухай бүр ангийн удирдлага болон ялтанд танилцуулж гарын үсэг зуруулна.
 
24.3.Суллагдаж байгаа ялтныг эмч үзэж тодорхойлолт гаргана.
 
24.4.Хорих ангийн санхүүгийн ажилтан суллагдаж байгаа ялтантай тооцоо хийж, хариуцуулж өгсөн эд хөрөнгийг гэмтээж, үрэгдүүлсэн бол үнийг зохих журмын дагуу төлүүлнэ.
 
24.5.Ялтны нэрийн данс хариуцсан санхүүгийн ажилтан нь ялтны хадгалуулсан эд зүйлс, нэрийн данс дахь мөнгө, үнэт цаас, үнэт эдлэл зэргийг тэмдэглэл үйлдэн хүлээлгэн өгч гарын үсэг зуруулж, хувийн хэрэгт хавсаргана.
 
24.6.Нэрийн данс дахь мөнгө нь ялтны замын зардалд хүрэлцэхгүй бол хуульд заасны дагуу нэмж олгоно.
 
24.7.Суллагдах ялтантай тооцоо хийж дууссаны дараа тоо бүртгэлийн байцаагч түүний иргэний баримт бичиг, уг хүний суллагдсан тухай албан тодорхойлолтыг зам явах хуудсын хамт олгоно.
 
24.8.Өр төлбөртэй ялтан хугацаа дуусч суллагдвал энэ тухай оршин суугаа газрын шийдвэр гүйцэтгэх албанд, эсхүл Шийдвэр гүйцэтгэх газарт албан бичгээр даруй мэдэгдэнэ.
 
 
Хорин тав. Ялтны байршил, хөдөлгөөн, чиглэл
 
25.1.Ялтны байршил, хөдөлгөөн, чиглэлийг ангийн даргын тушаалаар баталж мөрдөнө.
 
25.2."Ялтны байршил" гэж хорих ангийн дотоод цагийн хуваарьт заагдсан тодорхой цаг хугацаа, газарт ялтан байрлахыг хэлнэ.
 
25.3.Байршлыг тогтоохдоо 60-80 ялтны эрхэлж байгаа үйлдвэрлэл, аж ахуйн чиглэлээр нь нийтийн байр, барилга, аж ахуй үйлчилгээний ззрэг хэсэгт хуваан байршуулж, тэдний ор, хувцас, хоол бэлтгэх, савлах, хооллох хэрэгслийг ялтан нэг бүрт хуваарилан дугааржуулсан байна.
 
25.4."Ялтны хөдөлгөөн" гэж хорих ангийн дотоод цагийн хуваарийн дагуу 06.00 цагаас 23.00 цаг хүртэл үргэлжлэх үйл ажиллагааг хэлнэ.
 
25.5.Ялтны хөдөлгөөн нь өглөөний босолт, нүүр гар угаах, цай хоолонд орох, ажилд гарах, буух, нүүр гар угаах, чөлөөт цаг, халуун усанд орох, бие засах, унтаж амрах зэрэг хязгаарлалт бүхий хугацааг заасан ялтны зайлшгүй мөрдөх дэгээс бүрдэнэ.
 
25.6.Ялтнууд ангийн дотоод цагийн хуваариар зохицуулагдсан хөдөлгөөн хязгаарлалтын хугацаатай ажиллах, амрах, хооллох байртай, зөвшөөрсөн газруудад явах тодорхой чиглэлтэй байна.
 
25.7.Ялтны явах чиглэлийг эрхэлдэг ажил, эзэмшсэн мэргэжил, засрал хүмүүжлийн төвшинг харгалзан хэсгээр буюу ялтан нэг бүрээр тогтоож болно.
 
25.8.Ээлжийн ажилтай ялтны байршил, хөдөлгөөн, чиглэлийг үйлдвэрлэлд мөрдөж байгаа цагийн хуваарийг үндэслэн харуул дэглэмийн байцаагч тогтооно.
 
25.9.Ялтны байршил, хөдөлгөөн, чиглэлийг тогтоохдоо ангийн дотоод цагийн хуваарьт нийцүүлнэ.
 
25.10.Хорих ангийн дотоод ажилд ялтны хөдөлгөөн, байршил, хорих ангийн дотоод цагийн хуваариар зохицуулагдаж байгаа ялтантай холбоотой бүхий л үйл ажиллагааг хамруулна.
 
Хорин зургаа. Ялтан ажиллуулахыг хориглосон ажил үүрэг
 
26.1.Хорих ангийн дор дурдсан объектод ялтан ажиллуулахыг хориглоно:
 
26.1.1.Галт зэвсэг, албаны баримт бичиг болон тусгай хэрэгсэл хадгалагдаж байгаа нэгжүүдэд;
26.1.2.Хамгаалалтын техник хэрэгслийн болон дотоодын хориотой бүсийн хамгаалалтын инженерийн хэрэгслэлийн засвар үйлчилгээнд;
26.1.3.Олшруулах, радио, цахилгаан мэдээний аппарат, утас, факс зэрэг техникийн засвар үйлчилгээнд;
26.1.4.Тооллого тооцоотой холбоотой ажил, эм тариа, тэсрэх дэлбэрэх болон хордуулах бодис хадгалдаг байранд;
26.1.5.Худалдагч, нягтлан бодогч, мөнгөний нярав, мөн нарийн бүтэцтэй болон өндөр үнэтэй хэрэгсэл хадгалах агуулахад.
Хорин долоо. Хорих, баривчлах, цагдан хорих ажиллагаанд тавих хяналт
 
27.1.Хорих, баривчлах, цагдан хорих үйл ажиллагаанд "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль"-ийн 142 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн хяналт тавина.
 
27.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон түүний харьяа анги, алба, нэгжүүдийн удирдлага хорих анги, баривчлах ял эдлүүлэх болон цагдан хорих байрны үйл ажиллагаанд хяналт тавина.
 
27.3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа шийдвэр гүйцэтгэх алба, хорих ангид мэргэжлийн байгууллагаас өөрсдийн эрхлэх асуудлын хүрээнд хэсэгчилсэн шалгалт, үзлэг хийх тохиолдолд удирдамжийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын холбогдох газарт, иж бүрэн шалгалт хийх тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад тус тус урьдчилан танилцуулж, зөвшөөрөл авсны үндсэн дээр хамруулж болно.
 
 
--------оОо----------