- Нүүр
- Сайдын тушаал
- ОЙН МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛЛАХ ЖУРАМ
Байгаль орчин, аялал жуулчлалын
сайдын 2009 оны 10 дугаар сарын 23-ны
өдрийн 307 дугаар тушаалын хавсралт
ОЙН МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖИЛЛАХ ЖУРАМ /БОАЖС-ын 2010 оны 131 дүгээр тушаалаар орсон нэмэлт өөрчлөлтийг тусгав/
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэ журмын зорилго нь ойн мэргэжлийн байгууллагын эрхлэх үйл ажиллагааны чиглэл, чадавхийн түвшин, хамрах хүрээг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2.Ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд явуулах, арга зүйн зөвлөгөөгөөр хангах эрхийг холбогдох хуулийн дагуу авсан байгууллагыг ойн мэргэжлийн байгууллага гэнэ.
1.3. Ойн санг гэрээгээр эзэмшиж хамгаалах иргэний нөхөрлөлийн явуулах үйл ажиллагаа энэхүү журамд хамаарагдахгүй.
Хоёр. Ойн мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааны чиглэл
2.1 Ойн мэргэжлийн байгууллага нь дараахь чиглэлийн үйл ажиллагаа явуулна:
2.1.2. Ойн сангийн тооллого бүртгэл, ой зохион байгуулалтын;
2.1.3. Ойд үндсэн ашиглалтын огтлолт хийх;
2.1.4. Ойд цэвэрлэгээ хийх;
2.1.5. Ойд арчилгаа хийх;
2.1.6. Ойн дагалт нөөцийг хамгаалах, ашиглах;
2.1.7. Хуш модны самар бэлтгэх, боловсруулах;
2.1.8. Ойжуулалт, ойг нөхөн сэргээх, мод үржүүлэх.
Гурав. Ойн мэргэжлийн байгууллагын явуулах үйл ажиллагааны
хамрах хүрээ, чадавхийн түвшин
3.1. Ойн нөөцийн тооллого бүртгэл, ой зохион байгуулалтын ажил эрхлэх байгууллагын үйл ажиллагааны хамрах хүрээ:
3.1.1. ойн сан, түүний нөөцийн тооллого, бүртгэл, ой зохион байгуулалтын ажил гүйцэтгэх;
3.1.2.аймаг, нийслэл, сум, дүүрэг, ойн санг гэрээгээр эзэмшигч иргэдийн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын захиалгаар ойн менежментийн төлөвлөгөө боловсруулах, сургалт явуулах;
3.1.3.ойгоос мод бэлтгэх талбайг тусгаарлах;
3.1.4.ойд арчилгааны огтлолт явуулахад мэргэжлийн зөвлөгөө өгөх, сургалт явуулах;
3.1.5.ойн дагалт нөөцийн судалгааг холбогдох эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран хийх.
3.2.Ойн нөөцийн тооллого бүртгэл, ой зохион байгуулалтын ажил эрхлэх мэргэжлийн байгууллагын чадавхийн түвшин:
3.2.1.ажил, үйлчилгээ эрхлэхэд шаардагдах мэргэжлийн ойн инженер, ой зүйч, газарзүйн мэдээллийн системийн болон сансрын зургийн мэргэжилтэн, биологич, экологичтой байх бөгөөд боловсон хүчний 60-аас доошгүй хувь нь тухайн чиглэлээр 3-аас дээш жил ажилласан ажлын туршлагатай байна;
3.2.2.ажил гүйцэтгэх зориулалтын хэмжилт, судалгааны багаж, хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй байна;
3.2.3.газар зүйн мэдээллийн системийн болон хиймэл дагуулын тоон мэдээлэлд ангилал, боловсруулалт хийх программ хангамжтай байна;
3.2.4. өөрийн эрхлэх ажил, үүргийн хүрээнд зохих мэдээллийн сантай байна.
3.3. Ойг хөнөөлт шавж, өвчнөөс хамгаалах, тэдгээртэй тэмцэх ажил эрхлэх мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааны хамрах хүрээ:
3.3.1.ойн хөнөөлт шавж, өвчний судалгааг явуулж, тархалтын байршилыг тодорхойлох;
3.3.2.ойн хөнөөлт шавж, өвчнөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, тэдгээртэй тэмцэх арга хэмжээг улс, орон нутаг, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын хөрөнгөөр, тэдгээрийн захиалга, даалгаврын дагуу гүйцэтгэх;
3.3.3.ойн хөнөөлт шавж, өвчин, түймрээс урьдчилан сэргийлэх талаар сургалт, сурталчилгаа явуулах, зөвлөгөө өгөх.
3.4. Ойг хөнөөлт шавж, өвчнөөс хамгаалах, тэдгээртэй тэмцэх ажил эрхлэх мэргэжлийн байгууллагын чадавхийн түвшин:
3.4.1.ажил, үйлчилгээ эрхлэхэд шаардагдах мэргэжлийн ойн инженер, ой зүйч, биологич, экологичтой байх бөгөөд боловсон хүчний 60-аас доошгүй хувь нь тухайн чиглэлээр 3-аас дээш жил ажилласан ажлын туршлагатай байна;
3.4.2.ойн хөнөөлт шавж, өвчний судалгаа хийх, тэмцлийн ажил гүйцэтгэх батлуулсан арга зүйтэй байна;
3.4.3.ойн хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэх багаж, хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй байна;
3.4.4.өөрийн эрхлэх ажил, үүргийн хүрээнд зохих мэдээллийн сантай байна.
3.5. Ойд үндсэн ашиглалтын болон цэвэрлэгээний огтлолт эрхлэх мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааны хамрах хүрээ:
3.5.1.ойн эко орчны тэнцвэрт байдлыг хангах нөхцөлтэйгөөр технологийн баримт бичгийн дагуу үндсэн ашиглалтын огтлолтыг явуулах;
3.5.2.цэвэрлэгээний огтлолтоор хөнөөлт шавж, өвчин, түймэрт нэрвэгдсэн, байгалийн нөлөөллөөр хугарч гэмтсэн, унасан, хатсан, унанги болон нас гүйцэж хөгширсөн, өсөлт хөгжилт нь зогсож өмхөрсөн модыг бэлтгэх;
3.5.3.үндсэн ашиглалтын болон цэвэрлэгээний огтлолт явуулсан талбайд шаардлагатай тохиолдолд ойг нөхөн сэргээх арга хэмжээ авах;
3.5.4. мод бэлтгэлийн технологи, ойд цэвэрлэгээ явуулах чиглэлээр сургалт, сурталчилгаа хийх, зөвлөгөө өгөх.
3.6. Ойд үндсэн ашиглалтын болон цэвэрлэгээний огтлолт эрхлэх мэргэжлийн байгууллагын чадавхийн түвшин:
3.6.1. өсвөр модыг хамгаалан мод бэлтгэх технологийн баримт бичгийг боловсруулан мөрдүүлэх чадвар бүхий инженер-техникийн ажилтнуудтай байна;
3.6.2. ойд мод бэлтгэлийн ажил гүйцэтгэх ойн инженер эсвэл мод бэлтгэлийн техникчээр ахлуулсан бригад, мэргэжлийн хөрөөчинтэй байхаас гадна мод бэлтгэлийн ажилчдын 1/3-аас доошгүй хувь нь мэргэжлийн үнэмлэхтэй байна;
3.6.3.огтолсон модыг хаягдалгүй тээвэрлэх арга ажиллагаа, зохион байгуулалтыг нэвтрүүлсэн дэвшилтэт арга, технологитой байх ба зүсмэл материал үйлдвэрлэх тохиолдолд стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, сортиментийн гуалингаас гарах зүсмэл материалын гарцыг 80-аас доошгүй хувьд хүргэх хүчин чадал бүхий технологитой байна;
3.6.4. өөрийн үйлдвэрлэлийн хүчин чадалд нийцсэн, ойгоос мод бэлтгэхэд шаардлагатай, техникийн тодорхойлолт /сертификат/, патентаар болон эрх бүхий байгууллагаас баталгаажигдсан тусгай зориулалтын тээвэр, цагаалга, түүнчлэн мод тээвэрлэлтийн зайд зам засах зориулалтын машин, техник, тоног төхөөрөмжийн /туслах зориулалтаар ердийн хөсөг байж болно/ баазтай байна;
3.6.5. ойг нөхөн сэргээхэд шаардагдах тарьц ургуулах Мод үржүүлгийн газартай байх бөгөөд тарьц, суулгацын байнгын нөөцтэй байна.
3.6.6. Ойд үндсэн ашиглалтын огтлолт хийх мэргэжлийн байгууллагын инженер техникийн ажилчдын 60-аас доошгүй хувь нь ойн мэргэжлийн байх.
3.6.7.Ойд үндсэн ашиглалтын огтлолт болон арчилгаа, цэвэрлэгээ хийх байгууллага нь түймрээс урьдчилан сэргийлэх төлөвлөгөө, гал унтраах зориулалтын багаж хэрэгсэлтэй байх
3.7. Ойд арчилгааны огтлолт эрхлэх мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааны хамрах хүрээ:
3.7.1. зулзаган ойн титэм нийлэх үеэс эхлэн ашиглалтын нас хүртэлх хугацаанд түүний бүтэц, бүрэлдэхүүн, шигүүрлийг зохицуулж, модны өсөлтийг нэмэгдүүлэх зорилгоор арчилгааны огтлолт явуулах;
3.7.2. түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор ойн халз болон шороон зурвас байгуулах;
3.1.4.ойд арчилгааны огтлолт явуулахад мэргэжлийн зөвлөгөө өгөх, сургалт явуулах.
3.8. Ойд арчилгааны огтлолт эрхлэх байгууллагын чадавхийн түвшин:
3.8.1. ойд арчилгааны огтлолт явуулах технологийн баримт бичгийг боловсруулан мөрдүүлэх чадвар бүхий орон тооны эсвэл гэрээт инженер-техникийн ажилтантай байна;
3.8.2. ойд арчилгааны огтлолтын ажил гүйцэтгэх мэргэжлийн ойн инженер эсхүл ойн техникчээр ахлуулсан бригад, мэргэжлийн хөрөөчинтэй байна;
3.8.3. ойн арчилгааны огтлолтын явцад мод болон модны үзүүр, ёзоорын ашиглалтын түвшинг нэмэгдүүлэх арга хэмжээ авч, зохих үр дүнд хүрсэн байх;
3.8.4. арчилгааны огтлолт явуулах техникийн баазтай байх.
3.9.Ойн дагалт нөөцийг хамгаалах, ашиглах мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааны хамрах хүрээ:
3.9.1.ойн дагалт нөөцийг ахуйн зориулалтаар түүж бэлтгэх аргачлал боловсруулах, сургалт зохион байгуулах;
3.9.2. ойн дагалт нөөцийг хамгаалах, түүж бэлтгэхтэй холбоотой хууль тогтоомжийг сурталчлах ажлыг зохион байгуулах;
3.9.3. ойн дагалт нөөцийг ашиглах, нөхөн сэргээх ажлыг гүйцэтгэх;
3.9.10. ойн дагалт нөөцийг бэлтгэх, хадаглах, боловсруулах талаар зөвлөгөө өгөх.
3.10. Ойн дагалт нөөцийг ашиглах мэргэжлийн байгууллагын чадавхийн түвшин:
3.10.1.ойн дагалт нөөцийн төрөл, явуулах үйл ажиллагаанаас хамааран судалгаа, шинжилгээ, үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах, плантац байгуулахад төрөл тус бүрт тавигдах тусгай шаардлагын дагуу зориулалтын техник, технологи, арга зүйн материалтай байна;
3.10.2.стандарт, бусад норматив, техникийн баримт бичгийн шаардлагыг хэрэгжүүлэх мэргэжлийн боловсон хүчинтэй байна;
3.10.3.хусны нүүрс, давирхай, техникийн ашигт ургамал, хөвд зэргийг зах зээлд гаргах зорилгоор их хэмжээгээр бэлтгэх тохиолдолд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг эрх бүхий байгууллагаар хийлгэж баталгаажуулсан байна.
3.11. Хушны самар бэлтгэх, боловсруулах мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааны хамрах хүрээ:
3.11.1. байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг эрх бүхий байгууллагаар хийлгэж баталгаажуулсны үндсэн дээр хуш модны самрыг үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэх, эцсийн бүтээгдэхүүн боловсруулах;
3.11.2. хуш модны самар бэлтгэх, боловсруулах талаар зөвлөгөө өгөх.
3.12. Хушны самар бэлтгэх, боловсруулах мэргэжлийн байгууллагын чадавхийн түвшин:
3.12.1. хушны самар түүж бэлтгэх зориулалтын багаж, техник хэрэгсэлтэй байна;
3.12.2. хуш модны самрыг боловсруулах техник, тоног төхөөрөмж нь стандартын шаардлагыг хангасан байна;
3.12.3.хуш модны самрыг үйлдвэрлэлийн зориулалтаар бэлтгэх, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор их хэмжээгээр бэлтгэх тохиолдолд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг эрх бүхий байгууллагаар хийлгэж баталгаажуулсан байна.
3.13.Ойжуулалт, ойг нөхөн сэргээх, мод үржүүлэх ажил эрхлэх мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааны хамрах хүрээ:
3.13.1.ойжуулалт, ойг нөхөн сэргээх, ойн зурвас байгуулах, мод үржүүлэх үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд гүйцэтгэх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх;
3.13.2.цөлжилттэй тэмцэх зорилгоор ойг нөхөн сэргээх, ойжуулах, гол горхи, булаг шандын эх, бэлчээр, тариалангийн талбай хамгаалалтын ойн зурвас байгуулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа улсын захиалга, даалгавар, төсөл, хөтөлбөрийг улсын болон орон нутгийн төсөв, өөрийн хөрөнгө, гадаад дотоодын хандив, тусламжаар тэдгээрийг зураг, төсвийн дагуу мэргэжлийн түвшинд гүйцэтгэх;
3.13.3. ойг нөхөн сэргээх, ойн зурвас, мод үржүүлгийн газар байгуулах талаар хөтөлбөр боловсруулах, зураг төсөв хийх, мэргэжил арга зүйн зөвлөгөө, зааварчилгаа өгөх, дүгнэлт гаргах;
3.13.4. бүх нийтээр мод тарих, ойжуулах, мод үржүүлэх талаар олон нийтийн дунд сургалт, сурталчилгаа, зөвлөж туслах ажил хийх.
3.14. Ойжуулалт, ойг нөхөн сэргээх, мод үржүүлэх ажил эрхлэх мэргэжлийн байгууллагын чадавхийн түвшин:
3.14.1.мод үржүүлгийн газар нь жилд шилмүүст, навчит модны 150 мянган ширхгээс доошгүй стандартын тарьц, 5 мянган ширхгээс доошгүй стандартын суулгац үржүүлэн гаргах хүчин чадалтай байна;
3.14.2.ойжуулах, хот суурин газрыг цэцэрлэгжүүлэх, жимсний плантаци байгуулах, мод үржүүлэх ажлын чиглэлээр 3-аас доошгүй жилийн дадлага туршлагатай байна;
3.14.3.сургалтын материаллаг баазтай, зааж сургах, ажил гүйцэтгэх чадварлаг инженер, техникийн ажилтан, мэргэжсэн ажилчидтай байна;
3.14.4. ойжуулах, мод үржүүлэх ажилд шаардагдах зориулалтын машин механизм, техник, тоног төхөөрөмж, багаж, хэрэгслээр хангагдсан байна.
Дөрөв. Ойн мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаа, чадавхийн түвшинд үнэлгээ өгөх
4.1. Ойн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ журмын 2.1, 3.1-3.14-д заасан ойн мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааны чиглэл, хамрах хүрээ, ойн мэргэжлийн байгууллагын чадавхийн түвшинд үнэлгээ өгч дүгнэлт гаргана. Үнэлгээ дүгнэлтээр тухайн мэргэжлийн байгууллага нь мэргэжлийн түвшинд үйл ажиллагаа явуулах чадваргүй нь тогтоогдвол дүгнэлт материалыг Байгаль орчин, аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
4.2.Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт материалыг хүлээн авснаас хойш ажлын 15 хоногт багтаан "Журам батлах тухай" Засгийн газрын 2006 оны 6 дугаар сарын 14-ны өдрийн 137 дугаар тогтоолын дагуу ойн байгууллагын эрх олгосон шийдвэрээ цуцлах, эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
4.3. Ойн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь Ойн мэргэжлийн байгууллагаас ажил, үйлчилгээ эрхлэхдээ ойн санд ноцтой хохирол учруулсан нь тогтоогдсон бол ойн мэргэжлийн байгууллагын эрхийг нь цуцлуулах талаар холбогдох дээд байгууллагад тавьж шийдвэрлүүлэх арга хэмжээ авна.
--------оОо-------
Текст томруулах
A
A
A