- Нүүр
- Сайдын тушаал
- ОЙГООС МОД БЭЛТГЭХ ЖУРАМ
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын
2009 оны 05 сарын 20-ны өдрийн 127 тоот
тушаалын 1 дүгээр хавсралт
ОЙГООС МОД БЭЛТГЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.3, 29 дүгээр зүйлийн 29.1, 30 дугаар зүйлийн 30.1,30.2 заалтуудыг хэрэгжүүлэх, ойгоос мод бэлтгэх ажлыг зохион байгуулахад журмын зорилго оршино.
1.2. Ойгоос мод бэлтгэх ажлыг төлөвлөх, бэлтгэх модны хэмжээг тогтоох, мод бэлтгэх болон хяналт тавих үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.
1.3. Энэхүү журманд хэрэглэсэн дараах нэр томъёог дор дурьдсан утгаар ойлгоно.
1.3.1. "Ойгоос мод бэлтгэх" гэж Ойн тухай хууль тогтоомжийн дагуу төлбөр хураамжийг төлж, эрхийн бичиг авсны үндсэн дээр ойгоос мод огтлох, мөчиртэй нь эсхүл мөчирлөсөн тууш, гуалин, түлээ болгон тайрах, цагаалах, хураах, мөчир, гишүү, үлдэгдлийг цуглуулж ялгах, талбайгаа цэвэрлэх зэрэг бэлтгэсэн модоо тээвэрлэх хүртэлх цогц үйл ажиллагааг;
1.3.2. "Ойгоос мод ашиглах эрх үүсэх" гэж Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасны дагуу явуулж буй үйл ажиллагааг;
1.3.3. "Мод бэлтгэлд хяналт тавих" гэж ойгоос мод ашиглах эрх үүсэхээс эхлэн тээвэрлэх хүртлэх үйл ажиллагаа нь байгаль орчныг хамгаалах хууль, тогтоомжид нийцэж байгаа эсэхэд байнгын хяналт тавихыг;
1.3.4 "Цахим сүлжээ" гэж эрхийн бичиг болон гарал үүслийн гэрчилгээ олгосон тухай мэдээллийн цахим хуудсанд суурилсан байнгын нэгдсэн санг.
Хоёр. Ойгоос мод бэлтгэх ажлыг төлөвлөх, бэлтгэх модны хэмжээг тогтоох
2.1. Ойгоос мод бэлтгэх ажлыг төлөвлөх, бэлтгэх модны хэмжээг тогтоохдоо ойн тооллого, ой зохион байгуулалтын тайлан, ойн санг гэрээгээр эзэмшигч нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын ойн менежментийн төлөвлөгөөг үндэслэнэ.
2.2. Аймаг, нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар нь ойн менежментийн төлөвлөгөө, иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллагын хүсэлтийг үндэслэн дараа жилд бэлтгэх модны хэмжээг тогтоох тухай саналаа Ойн газарт тухайн оны 6 дугаар сарын 1-ний дотор ирүүлнэ.
2.3. Ойн газар дараа жилд ойгоос бэлтгэх модны хэмжээг аймаг, нийслэлээр нэгтгэсэн саналыг тухайн оны 7 дугаар сарын 1-ний дотор Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлнэ.
2.4. Байгаль орчин, аялал жуулчлалын яам дараа онд бэлтгэх модны дээд хязгаарыг аймаг, нийслэлээр тогтоосон шийдвэр гаргаж, Сангийн яам болон аймаг, нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт 8 дугаар сарын 10–ны дотор хүргүүлнэ.
2.5. Ойгоос жилд бэлтгэх хэрэглээний модны хэмжээг нягт шоометрээр, түлээний модыг сийрэг шоометрээр, ойд хийх арчилгаа, цэвэрлэгээний ажлын хэмжээг талбайн хэмжээгээр тооцож төлөвлөнө.
2.6. Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн жилд ойгоос бэлтгэх модны хэмжээг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас тогтоосон дээд хязгаарт багтаан сум, дүүргийн менежментийн төлөвлөгөөг үндэслэн сум, дүүрэг бүрээр тогтооно. Энэ хуваарийг цахим сүлжээгээр дамжуулан нийтэд мэдээлнэ.
2.7. Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ойн санг гэрээгээр эзэмшигчийн менежментийн төлөвлөгөөг үндэслэн бэлтгэх модны хэмжээг Ойн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсгийг үндэслэн тогтооно.
2.8. Мод бэлтгэх тухай аймаг, нийслэлээс ирүүлэх захиалгын маягтыг Ойн газар батална.
Гурав. Мод бэлтгэх гэрээ байгуулах
3.1. Мод бэлтгэх эрх авсан нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллага нь үйл ажиллагаагаа эхлэхээс өмнө Ойн ангийн дарга / Ойн анги байгуулагдаагүй газарт сумын Засаг даргын томилсон эрх бүхий албан тушаалтан/-тай "Мод бэлтгэх гэрээ"-г энэ журмын 1 дүгээр хавсралтаар баталсан загварын дагуу байгуулна.
3.2. Нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага мод бэлтгэх гэрээнд дараах бичиг баримтыг хавсаргана. Үүнд:
3.2.1. мод бэлтгэх үндэслэл / зохих шийдвэр/
3.2.2. талбай тусгаарласан байдал, хугацаа, бэлтгэх модны төрөл, хэмжээ
3.2.3. нөөц ашигласны төлбөрийн хэмжээ
3.2.4. гэрээ байгуулагч талуудын эрх үүрэг, хамтран хүлээх хариуцлага
3.3. Гэрээг 2 хувь үйлдэх бөгөөд тухайн сум, дүүргийн Засаг дарга баталснаар хүчин төгөлдөр болно.
3.4. Гэрээ нь тухайн жилдээ хүчинтэй байх бөгөөд талууд хамтран тохиролцсоноор гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж болно.
Дөрөв. Ойгоос мод бэлтгэх
4.1.Ойгоос мод бэлтгэх ажлыг ойн менежментийн төлөвлөгөөний дагуу урьдчилан сонгосон талбайд гүйцэтгэнэ.
4.2. Ойгоос мод бэлтгэх эрх авсан нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь мод бэлтгэх талбайгаа Ойн анги эсхүл мэргэжлийн байгууллагаар тусгаарлуулсан байна.
4.3. Мод бэлтгэх талбайг тусгаарласан актыг үндэслэн ойн нөөц ашигласны төлбөр хураамжийг мод бэлтгэгч байгууллага, сум, дүүргийн төсөвт төлсөн байна.
4.4. Мод бэлтгэгч байгууллага нь ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэх эрхийн бичгийг Ойн ангиас эсхүл сумын Засаг даргын Тамгын газраас авч, "Ойн үндсэн ашиглалтын огтлолтын заавар"-ын дагуу ойгоос мод бэлтгэнэ.
4.5. Ойгоос бэлтгэсэн хэрэглээний мод, түлээний хэмжээг тодорхой болгох зорилгоор хяналтын хуудас хэрэглэнэ.
4.5.1.Хяналтын хуудсыг энэ журмын 3, 4 дүгээр хавсралтын дагуу бөглөсөн байх бөгөөд 2 хувь үйлдэж, 1 хувийг байгаль хамгаалагчид, нөгөө хувийг хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичгийн хамт мод бэлтгэгчид олгоно.
4.6. Мод бэлтгэгч нь ажлын явц, бэлтгэсэн модны тоо хэмжээг "Мод бэлтгэлийн дэвтэр"-т өдөр тутмын бүртгэл хөтөлж, тухайн сумын байгаль хамгаалагчтай 7 хоногт 2-оос доошгүй удаа тулгалт хийж, хянуулна.
4.7. Сумын Засаг дарга нутаг дэвсгэрийнхээ албан газар, байгууллагын хэрэглээний болон түлшний модны хэрэгцээг мод бэлтгэх зөвшөөрөл олгосон нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллагаар хангуулах арга хэмжээг зохион байгуулна.
4.8. Түлшний зориулалтаар ургаа нойтон мод ашиглахыг хориглоно.
4.9. Ой цэвэрлэх журмаар бэлтгэсэн хатсан, өмхөрсөн, унанги мод, гишүү, мөчир зэргийг түлшинд хэрэглэнэ.
4.10. Өөр аймаг, сумын нутагт мод бэлтгэх тохиолдолд Ойн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1, 33.2 дахь заалтыг баримтална.
4.11. Хатсан, салхи шуурга, цас, үер зэрэг байгалийн нөлөөгөөр хугарч гэмтсэн, унасан модыг ой цэвэрлэх журмаар бэлтгэж ашиглахдаа Ойн газрын томилсон мэргэжлийн байгууллагаар үнэлгээ, дүгнэлт гаргуулна.
Тав. Мод бэлтгэлд тавих хяналт
5.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нь мод бэлтгэх ажлын явцад байнгын хяналт тавина.
5.2.Мод бэлтгэх үйл ажиллагаанд тавих хяналт нь дор дурьдсан хэлбэртэй байна.Үүнд:
5.2.1. Мод бэлтгэх, тээвэрлэх явцад тавих байгаль хамгаалагчийн хяналт
5.2.2. Эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоход байгаль орчны хяналтын улсын байцаагчийн хяналт
5.3.Байгаль орчны хяналтын улсын байцаагч нь сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан мод бэлтгэх дээд хязгаар, эрх бүхий албан тушаалтнаас олгосон эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ, мод бэлтгэх үйл ажиллагаанд хяналт тавина.
5.4.Байгаль орчны хяналтын улсын байцаагч нь "Мод бэлтгэх гэрээ" –гээр бэлтгэх модны тоо хэмжээ дуусмагц сумын Засаг даргад мэдэгдэж, мод бэлтгэх ажлыг зогсооно.
5.5. Байгаль хамгаалагч нь нөхөрлөл, аж ахуйн нэгж , байгууллагын ойгоос бэлтгэсэн модны тоо хэмжээг тогтоох зорилгоор "хяналтын хуудас" хэрэглэнэ.
5.6.Сум болон сум дундын Ойн анги нь нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын ойгоос бэлтгэсэн модны тоо хэмжээг нэгтгэн тогтоосон мэдээллийн сан бий болгож, зохих мэдээллийг холбогдох газруудад 12 дугаар сарын 01-ны дотор хүргүүлнэ.
5.7.Энэ журмын 2.6 -т заасан хуваарийн дүнг цахим сүлжээгээр сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан олон нийтэд мэдээлж, гүйцэтгэлийн тайланг гаргана.
5.8.Ойгоос мод бэлтгэх хэмжээг хэтрүүлэн олгосон Ойн ангийн дарга, сум, дүүргийн Засаг дарга, эрх бүхий албан тушаалтныг Ойн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.8 , Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон ойгоос мод бэлтгэх хэмжээг хэтрүүлэн ашигласан нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагыг 38 дугаар зүйлийн 38.2.6 дахь заалтыг үндэслэн, дараа жилд ойгоос мод олгох, ойд явуулах арчилгаа цэвэрлэгээний ажил гүйцэтгэх эрхийг зогсоох асуудлыг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд тавьж шийдвэрлүүлнэ.
-------оОо--------
Текст томруулах
A
A
A