- Нүүр
- Сайдын тушаал
- БАЙГАЛЬ ОРЧИНД НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫН YНЭЛГЭЭНИЙ КОМИССЫН АЖИЛЛАХ ЖУРАМ
Байгаль орчны сайдын 2006 оны 119 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралт
1.Ерөнхий зүйл
1.1.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9.4-т заасны дагуу томилогдсон комисс /цаашид "Комисс" гэнэ/ энэхүү журмыг мөрдөж ажиллана.
1.2.Комисс нь нарийвчилсан үнэлгээний тайланг хэлэлцэн шийдвэр гаргах, хянан магадлагаа хийх эсэх асуудлаар дүгнэлт гаргах, нарийвчилсан үнэлгээ хийх мэргэжлийн байгууллага, үнэлгээний мэргэжилтэнд эрх олгох, хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах үүрэгтэй, орон тооны бус нэгж мөн.
1.3.Комиссын бүрэлдэхүүнийг байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний асуудал эрхэлсэн газрын даргын саналыг харгалзан Байгаль орчны сайдын тушаалаар томилно.
2. Комиссын бүтэц, үйл ажиллагаа
2.1.Комисс нь дарга, орлогч дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдэнэ.
2.2.Комиссын гишүүд нь байгалийн шинжлэх ухааны аль нэг салбарын мэргэжилтэй, магистраас дээш зэрэг цолтой, байгаль орчны болон судалгаа шинжилгээний салбарт 3-аас доошгүй жил ажилласан ажлын арга, туршлагатай байна.
2.3.Комиссын гаргасан дүгнэлт нь Комиссын дарга гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.
2.4.Комисс нь сард хоёроос цөөнгүй удаа хуралдах бөгөөд хэлэлцэх асуудлын жагсаалт, материалтай гишүүд хурал эхлэхээс өмнө танилцсан байна. Хэлэлцсэн асуудлын талаархи дүгнэлтээ гишүүн бүр албан ёсоор бичгээр өгнө. Хуралдааныг Комиссын дарга, түүний эзгүйд орлогч дарга удирдан явуулна.
2.5.Гишүүдийн дийлэнх олонхи оролцсон тохиолдолд хуралдааныг хүчин төгөлдөр гэж үзэх бөгөөд Комиссын нарийн бичгийн дарга хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэлийг хөтөлж, хуралдаанаас хойш ажлын 3 өдөрт багтаан тэмдэглэлийг гишүүдэд танилцуулан албажуулна.
2.6.Гишүүн хуралдаанд биечлэн оролцох боломжгүй тохиолдолд өөрийг нь орлон хуралдаанд оролцох этгээдийг Комиссын даргад албан ёсоор мэдэгдэж зөвшилцсөний үндсэн дээр шийдвэрлэнэ.
2.7.Тухайн асуудлаар Комисс шийдвэр гаргахдаа олонхийн саналд үндэслэнэ. Эсрэг саналтай, цөөнх болсон гишүүний асуулгыг хэлэлцүүлсэн асуудлыг хариуцагчид уламжлан хариу авч, хариултыг бүрэн болсон гэж Комисс үзсэний дараа дүгнэлт гаргана.
2.8.Хэрэв гишүүдийн санал тэнцсэн нөхцөлд шийдвэрийг Комиссын даргын саналаар гаргана.
2.9.Тухайн төслийн онцлог, үнэлгээний ажлын далайцаас хамааран Комиссын хуралдаанд холбогдох чиглэлийн мэргэжилтнийг оролцуулж болох бөгөөд түүний санал нь Комиссын хуралдааны санал хураалтанд хамаарахгүй.
2.10.Комиссын үйл ажиллагааг хангалтгүй гэж үзвэл сайдын тушаалаар татан буулгаж бүрэлдэхүүнийг шинэчлэх буюу хэсэгчлэн шинэчилж байгуулж болно.
2.11.Комисс нь хэлэлцсэн асуудлуудын жагсаалт, товч танилцуулга, холбогдох дүгнэлт, шийдвэрийг улирал тутамд сайдын зөвлөлд танилцуулна.
2.12. Комиссын гишүүдэд урамшуулал олгож болно.
3. Комиссын гүйцэтгэх үүрэг
3.1.Комисс нь төрийн захиргааны төв байгууллагын /цаашид төв байгууллага гэх/ өмнө дараахи үүргийг хариуцан гүйцэтгэнэ:
3.1.нарийвчилсан үнэлгээний тайланг хэлэлцэж, дүгнэлт гаргах;
3.2.үнэлгээний мэргэжилтэн, нарийвчилсан үнэлгээ хийх аж ахуйн нэгжүүдэд эрх олгох, сунгах, цуцлах талаар дүгнэлт гаргах;
3.3.Хянан магадлагаа хийлгэх төслүүдийн талаар ирсэн албан ёсны саналуудыг үндэслэн хянан магадлагаа хийх, эсэх болон хянан магадлагааны дүгнэлтийг үндэслэн шийдвэр гаргах, гаргуулах.
4. Нарийвчилсан үнэлгээний тайланг хэлэлцэж, дүгнэлт,
шийдвэр гаргах
4.1.Нарийвчилсан үнэлгээний тайланг батлуулахаар хүргүүлэхдээ төсөл хэрэгжүүлэгч, төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсоор саналыг нь авсан байна.
4.2.Нарийвчилсан үнэлгээний тайланд шүүмж, нэмэлт тодруулга, тайлбар, үнэлгээний шинжилгээ хийхэд оролцож буй хөндлөнгийн шинжээчид, итгэмжлэгдсэн лабораторийн ажлын удирдамж, зардлын хэмжээг төсөл захиалагчтай зөвшилцсний үндсэн дээр Комисс төв байгууллагаас гаргасан аргачилсан зааврын дагуу тогтоож батална.
4.3.Нарийвчилсан үнэлгээний тайланд шинжээчийн хийлгэсэн үнэлгээний шинжилгээ, хийсэн шүүмж, дүгнэлтийг болон тухайн төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн баг, хорооны иргэдийн нийтийн хурлын санал, хэрвээ тухайн төсөл хэд хэдэн засаг захиргааны нэгжийн нутаг дэвсгэрт хэрэгжихээр бол сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг үндэслэн уг төслийг хэрэгжүүлэх, эсэх асуудлаар үнэлгээний Комисс дүгнэлт гаргана.
4.4.Мэргэжлийн байгууллагын боловсруулсан нарийвчилсан үнэлгээний тайланд Комисс үнэлэлт дүгнэлт өгөхдөө нарийвчилсан үнэлгээний үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагаас санал авч болно.
4.5.Нарийвчилсан үнэлгээний тайлангаа батлуулан үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага уг аж ахуйн нэгжээ өөр байгууллагад шилжүүлэх, нэрээ солих гэх мэт төсөл хэрэгжүүлэгч субъект өөрчлөгдсөн нөхцөлд уг төслийг шинээр хэрэгжүүлэгч этгээд төрийн захиргааны төв байгууллагад хандан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайланд заасан арга хэмжээг бүрэн хэрэгжүүлэх талаар нэмэлт тодотгол заавал хийлгүүлнэ.
5.Yнэлгээний шинжилгээ хийлгэх
5.1.Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийсэн аж ахуйн нэгж нь үнэлгээний ажлын тайланг холбогдох бусад бичиг баримтын хамт байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийсэн төв байгууллагад хүргүүлнэ.
5.2.Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг хүлээн авсан шинжээч ажлын 18 өдөрт багтааж үнэлгээний шинжилгээг хийнэ.
Шаардлагатай гэж үзвэл байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага үнэлгээний шинжилгээ хийх хугацааг сунгаж болно.
5.3.Үнэлгээний шинжилгээг хийлгэхдээ шаардлагатай бол байгаль орчны шинжилгээний итгэмжлэгдсэн лабораториор дүгнэлт гаргуулж болно.
5.4.Нарийвчилсан үнэлгээний тайланг хүлээн авсан шинжээч ажлын 18 өдөрт багтаан үнэлгээний шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргах бөгөөд хийвэл зохих ажлыг бүрэн хамруулаагүй байвал шүүмж бичиж буцаана.
Хэрэв тайланг шүүмжийн дүгнэлтэд заасны дагуу зохих шаардлагын түвшинд хүртэл боловсруулаагүйгээр буцаан ирүүлбэл уг тайланг буруу хийсэнд тооцож үнэлгээний хуулийн дагуу арга хэмжээ авна. Шинжээчийн дүгнэлт гаргах хугацааг тайланд үнэлгээний шинжилгээ, уг тайлантай холбогдсон асуудлаар нэмэлт тодруулга, тайлбар авах шаардлагыг үндэслэн төв байгууллагын шийдвэрээр сунгаж болно.
5.5.Нарийвчилсан үнэлгээний тайланд шүүмж хийх, үнэлгээний шинжилгээ болон нэмэлт тодруулга, тайлбар гаргахад шаардагдах зардал болон зарим мэдээллийг баталгаажуулахад гарах үйлчилгээний хөлсийг уг үнэлгээний ажлыг хариуцан гүйцэтгэсэн мэргэжлийн байгууллага хариуцна.
5.6.Нарийвчилсан үнэлгээний тайланд шүүмж, нэмэлт тодруулга, тайлбар, үнэлгээний шинжилгээ хийхэд оролцож буй хөндлөнгийн шинжээчид, итгэмжлэгдсэн лабораторийн ажлын удирдамж, зардлын хэмжээг төсөл захиалагчтай зөвшилцсөний үндсэн дээр үнэлгээний Комисс тогтоож баталгаажуулна.
Текст томруулах
A
A
A