A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • БАЙГАЛЬ ОРЧИНД НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭ ХИЙХ АРГАЧИЛСАН ЗААВАР /3-р хавсралтыг БОАЖС-ын 2010 оны А-2 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979
/3-р хавсралтыг БОАЖС-ын 2010 оны А-2 дугаар тушаалаар хүчингүй болсон/
 
Байгаль орчны сайдын 2006  оны 119
дүгээр  тушаалын 3 дугаар  хавсралт                                                                                                                                                                                             
 
 
БАЙГАЛЬ ОРЧИНД НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭ ХИЙХ АРГАЧИЛСАН ЗААВАР
 
Энэхүү аргачилсан зааврыг байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийхэд мөрдөнө.
 

А. ТӨСЛИЙН БАЙГАЛЬ ОРЧИНД НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ҮНЭЛГЭЭ

 
1.Ерөнхий зүйл
 
1.1.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ (цаашид "ерөнхий үнэлгээ" гэнэ) хийнэ.
1.2.Ерөнхий үнэлгээний үндсэн зорилго нь төслийн төлөвлөлтийн эхний үе шатанд хууль тогтоомж, судалгааны материал, техник, технологи, стандарт, норм, норматив, анхдагч мэдээ, тоо баримтад тулгуурлан тухайн төслийг хэрэгжүүлснээс байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөллийг урьдчилан тогтоож, түүнийг багасгах, арилгах болон төслийг хэрэгжүүлэх арга  замыг тодорхойлоход оршино.
1.3.Ерөнхий үнэлгээг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын (цаашид "төв байгууллага" гэнэ)  шийдвэрээр томилогдсон шинжээч хийнэ. Тухайн төслийн ангилал, техник, технологийн шийдэл, газар зохион байгуулалтын болон хот байгуулалтын төлөвлөгөө, түүнчлэн холбогдох хууль тогтоомжинд нийцэх эсэх зэргээс хамааран шинжээч үнэлгээний хуулийн 4.6 дугаар заалтын дагуу дүгнэлт гаргахад шаардлагатай судалгаа, шинжилгээний мэдээллийг боловсруулж өгөх ажлын хэсгийг уг шинжээчээр ахлуулан төв байгууллагын шийдвэрээр томилж болно.
1.4.Ерөнхий үнэлгээг хийх болон төслийн товч тодорхойлолт (хавсралт 1, 2 ), мөн энэ зааврын 1.3 дугаар заалтад заасан ажлын хэсэгт оролцох байгууллага, мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүнийг төв байгууллага тогтооно.
1.5.Гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай стратегийн ач холбогдол бүхий томоохон төслүүдэд ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргах үе шатанд байгаль орчны урьдчилсан үнэлгээ /Initial Environmental examination/ хийлгэж болно.
 
2.Ерөнхий үнэлгээ хийхэд шаардлагатай бичиг баримтын бүрдүүлэлт
 
2.1.Ерөнхий үнэлгээ хийх үйл ажиллагаа нь төслийн бичиг баримтыг хүлээн авсанаар эхэлнэ.
2.2.Ерөнхий үнэлгээ хийлгэхээр төслийн  бичиг баримтыг тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага (цаашид "төсөл хэрэгжүүлэгч" гэнэ) хүсэлтээ бичгээр ирүлэх бөгөөд дараахь бичиг баримтыг бүрдэл болгоно:
2.2.1.төслийн байршил, хэрэгжих орчны тойм зураг;
2.2.2.төслийн техник-эдийн засгийн үндэслэл;
2.2.3.хайгуулын ажлын тайлан, холбогдох зураг;
2.2.4.тухайн жилийн газар зохион байгуулалтын  төлөвлөгөө, хөтөлбөрт туссан эсэх;
2.2.5.төслийн товч тодорхойлолт (1 дүгээр хавсралт);
2.2.6.аж ахуйн нэгж, байгууллагын гэрчилгээний хуулбар;
2.2.7.технологийн шийдэл;
2.2.8.холбогдох бичиг баримтыг баталгаажуулсан баримт.
            2.3.Төсөл хэрэгжүүлэгч бүрдүүлсэн бичиг баримтыг  байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх тухай албан хүсэлтийн хамт тухайн байгууллагын бичиг хэрэгт шилжүүлнэ.
            2.4.Шинжээч төслийн бичиг баримтыг хүлээн авсанаас хойш доорхи зүйлийг тусгасан бүртгэл хөтөлнө:
2.4.1.төслийг хүлээн авсан он, сар, өдөр;
2.4.2.төслийн дугаар;
2.4.3.төслийн нэр;
2.4.4.төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж, байгууллагын нэр;
2.4.5.төсөл хэрэгжүүлэгчийн  хаяг, утас, факс, цахилгаан шуудан;
2.4.6.төслийн байршил;
2.4.7.ерөнхий үнэлгээний дүгнэлтийн хэлбэр;
2.4.8.ерөнхий үнэлгээ хийсэн шинжээчийн нэр.
2.5.Төслийн бичиг баримтыг бүрдэл болгож хүлээн авсан шинжээч ерөнхий үнэлгээг хийж гүйцэтгэх талаар энэ зааврын 1.3 дугаар заалтын дагуу гарсан албан ёсны шийдвэрийг төсөл хэрэгжүүлэгчид мэдэгдэнэ.
2.6.Төслийн бичиг баримтыг ерөнхий үнэлгээний дүгнэлтийн хамт хадгална. Шинжээч хагас жил тутамд төслийн баримт бичгийг ерөнхий үнэлгээний үлдэх хувийн хамт өөрийн байгууллагын бичиг хэрэгт хүлээлгэн өгнө.
 
3.Ерөнхий үнэлгээ хийх аргачлал
 
3.1.Төслийн бичиг баримтад тулгуурлан тухайн төслөөс байгаль орчинд учруулж болзошгүй нөлөөллийг дараахь байдлаар тогтооно:
3.1.1.тухайн төслийг хэрэгжүүлснээр байгаль орчны бүрэлдэхүүн хэсгүүдэд учруулж болзошгүй сөрөг нөлөөлөл, түүнийг багасгах, арилгах арга хэмжээг төлөвлөж болох эсэх (жишээг 2 дугаар хавсралтаар үзүүлэв)
3.1.2.төслийн эерэг болон сөрөг нөлөөлөл (шууд, шууд бус, давхардмал)
3.1.3.болзошгүй нөлөөллийн хэмжээ (их, дунд, бага)
3.1.4.сөрөг нөлөөллийг багасгах, арилгах боломжтой бол техник, технологи, удирдлага, зохион байгуулалтын  талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээг заах.
3.2.Ерөнхий үнэлгээг хариуцан гүйцэтгэсэн шинжээч үнэлгээний ажлын үр дүнг үндэслэн дүгнэлтийг дараах байдлаар гаргана:
3.2.1.төслийн нөлөөлөл нь хууль тогтоомж, тухайн үед мөрдөж буй стандарт, норм норматив, дүрэм, журмаар зөвшөөрсөн дээд хэмжээнээс хэтрэхгүй бол байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилслан үнэлгээ хийлгэлгүйгээр төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж үзнэ. Энэ тохиолдолд төслийг хэрэгжүүлэхэд байгаль орчныг хамгаалах шаардлагын үүднээс татгалзах зүйлгүй болохыг дурьдаж;
3.2.2.төслийн нөлөөлөл нь хууль, тогтоомж, стандарт, норм нормативаар тогтоосон хэмжээнд хүртэл багасгах,  арилгах боломжтой бол уг төсөлд нэмж тусгах арга хэмжээ, заавал хангасан байвал зохих шаардлага, биелүүлэх хугацааг зааж нөхцөл, болзолтойгоор хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж;
3.2.3.төслийн нөлөөлөл нь байгаль орчинд уршигтай байж болзошгүй буюу нэмэлт судалгаа, шинжилгээний ажил хийх шаардлагатай гэж үзвэл байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгэхээр ажлын чиглэл, хуваарийг тогтоон өгч;
3.2.4.төслийн байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг урьдчилан хэлэх боломжгүй, эсхүл онц уршигтай байж болох болон хууль тогтоомжинд нийцэхгүй, техник, технологи нь байгаль орчинд халтай буюу газар зохион байгуулалтын  төлөвлөгөөнд тусгагдаагүй төслийг хэрэгжүүлэх боломжгүй болохыг дурьдаж, үндэслэлийг нь заасан холбогдох дүгнэлтийг ерөнхий шинжээчийн албан бичгээр  тус тус хүргүүлнэ.
3.3.Ерөнхий үнэлгээний дүгнэлтийг төсөл хэрэгжүүлэгчид хүлээлгэн өгөхдөө түүнийг цаг хугацаанд нь хэрэгжүүлэх асуудлыг харилцан зөвшилцөж, гарын үсэг зуруулж баталгаажуулна.
3.4.Ерөнхий үнэлгээнд заасан чиглэл, хуваарь, нөхцөл, болзлыг биелүүлээгүй тохиолдолд ерөнхий үнэлгээ, түүний дүгнэлтийг шууд хүчингүй болгож, "Байгаль орчныг хамгаалах тухай" хууль, үнэлгээний тухай хууль болон холбогдох бусад хууль  тогтоомжийн дагуу захиргааны арга хэмжээ авах бөгөөд нөхөн үнэлгээнд хамруулна.
 
4 .Шинжээчийг томилох
 
4.1.Үнэлгээний хуулийн 4.7 дахь заалтын дагуу төв байгууллага нь өөрийн бүтцэд ажиллах ерөнхий шинжээч, ахлах шинжээч, шинжээчид болон аймаг, нийслэлийн хэмжээнд ажиллах шинжээчдийг холбогдох Засаг дарга нартай зөвшилцөн  тус тус томилно.
4.2.Ерөнхий шинжээч нь төв байгууллагын байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний асуудал хариуцсан газрын дарга байх бөгөөд ахлах шинжээч, шинжээчдийн гаргасан дүгнэлтийг албажуулах, буцаах, цуцлах эрхтэй.
4.3.Ахлах шинжээч нь ерөнхий үнэлгээний дүгнэлтээр тодорхойлсон чиглэл, хуваарь, нөхцөл, болзлын хэрэгжилт, биелэлтийг төв байгууллагын өмнө хариуцна.  Шаардлагатай гэж үзвэл үнэлгээний хуулийн 4.7, энэ зааврын 1.3 дугаар заалтуудын дагуу холбогдох мэргэжилтнүүдийг үнэлгээний ажилд татан оролцуулах саналыг ерөнхий шинжээчид тавьж шийдвэрлүүлнэ. Yнэлгээний дүгнэлттэй холбоотой асуудлаар буцаах, цуцлах санал гаргаж ерөнхий шинжээчид тавьж шийдвэрлүүлэх эрхтэй. Төв байгууллагын шинжээч нь төслийн ерөнхий үнэлгээг хариуцан гүйцэтгэнэ.
4.4.Аймаг, нийслэлийн шинжээч нь төслийн ангилын дагуу өөрийн орон нутагт хэрэгжих төслүүдэд ерөнхий үнэлгээ хийнэ. Шинжээч нь байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх шаардлагатай төсөлд үнэлгээний хуулийн 7.3 дугаар заалтыг үндэслэн холбогдох тодорхойлолтыг хийж, төв байгууллагаар ерөнхий үнэлгээ хийлгэхээр хүргүүлнэ. Төслийг үнэлгээний хуулийн 4.6.4 дүгээр заалтыг үндэслэн хэрэгжүүлэх боломжгүй гэж дүгнэлт гаргасан бол энэ тухайгаа төв байгууллагад бичгээр мэдэгдэнэ.
4.5.Нийслэл, аймгийн шинжээч нь Байгаль орчны албаны дарга байх бөгөөд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Ус, цаг уур, орчны шинжилгээний газар, газрын алба, мэргэжлийн хяналтын газрын төлөөллийг заавал оролцуулна.
            4.6.Ахлах шинжээч болон шинжээч нь төслийн ангилал, онцлогийг үл харгалзан ерөнхий үнэлгээ хийсэн буюу үнэлгээний хууль,  холбогдох бусад  хууль тогтоомжийг зөрчсөн нь тогтоогдвол ерөнхий шинжээчийн санал болгосноор төв байгууллага тэдгээрийн шинжээчдийн эрхийг тодорхой хугацаагаар түдгэлзүүлэх, эсхүл чөлөөлнө. Уг шийдвэртээ эрхийг ямар хугацаагаар түдгэлзүүлж, чөлөөлж  байгаагаа тодорхой заана.
 

Ерөнхий үнэлгээний зааврын   1 дүгээр хавсралт

 
Төслийн товч тодорхойлолт
1.Ерөнхий мэдээлэл
1.1.Төслийн нэр
1.2.Төслийн зорилго
1.3.Төслийн эцсийн бүтээгдэхүүн
1.4.Төсөл хэрэгжүүлэгч аж  ахуйн нэгж, байгууллагын нэр
1.5.Төсөл хэрэгжүүлэгчийн хаяг
1.6.Төслийн байршил, хэрэгжих орчны тойм зураг
1.7.Төслийн хүчин чадал (голлох үзүүлэлтээр)
1.8.Төсөл хэрэгжүүлэхэд ашиглах үндсэн тоног төхөөрөмж
1.9.Төсөл хэрэгжих орчны дэд бүтцийн хөгжлийн байдал
1.10.Тухайн орчинд хэрэгжиж буй болон хэрэгжихээр төлөвлөж буй бусад төслүүдийн тойм, орон нутгийн тодорхойлолт
1.11.Төслийг хэрэгжүүлэх урьдчилсан хугацаа, хуваарь
 
2.  Эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд
                        2.1.Хөрөнгө оруулалт
2.2.Үйлдвэрлэлийн зардал
2.3.Нийт орлого
2.4.Цэвэр ашиг
2.5.Байгаль орчныг хамгаалах арга хэмжээний нийт зардал
2.6.Байгаль орчныг хамгаалах арга хэмжээний тухайн жилийн зардал
2.7.Байгалийн баялаг ашигласны төлбөр, хураамж
2.8.Байгаль орчин бохирдуулсны төлбөр хураамж
 
3.Төслийн техник, технологи, түүхий эд, туслах материал:
3.1.Технологийн шийдэл, хувилбарууд
3.2.Техник, тоног төхөөрөмж
3.3.Түүхий эд, туслах материал:
3.3.1.Байгалийн баялаг (нэр төрөл, хэмжээ, эх үүсвэр)
3.3.2.Химийн бодис (нэр төрөл, хэмжээ, эх үүсвэр)
3.3.3.Бусад зүйлс (нэр төрөл, хэмжээ, эх үүсвэр)
            3.4.Хог хаягдал, завсрын бүтээгдэхүүн:

3.4.1.Завсрын бүтээгдэхүүн (нэр төрөл, хэмжээ, эх үүсвэр)

                        3.4.2.Хатуу хог хаягдал (нэр төрөл, хэмжээ, эх үүсвэр)
3.4.3.Шингэн хаягдал (нэр төрөл, хэмжээ, эх үүсвэр)
3.4.4.Хийн хаягдал (нэр төрөл, хэмжээ, эх үүсвэр)
4.Хог хаягдлын хяналт, удирдлага, зохион байгуулалт.
4.1.Хог хаягдлыг цэвэрлэх, зайлуулах арга хэлбэр.
4.1.1.Хатуу хог хаягдал цуглуулах, цэвэрлэх, зайлуулах
4.1.2.Шингэн хаягдал цэвэрлэгээ, арга хэлбэр, зайлуулалт
4.2.Химийн бодис:
4.2.1.Хэрэглэх (зориулалт, технологи, арга хэлбэр г.м)
4.2.2.Хадгалах (сав, баглаа боодол, байр, агуулах, байршил г.м)
4.2.3.Тээвэрлэх (тээврийн хэрэгсэл, тээвэрлэх нөхцөл, хугацаа г.м)
4.2.4.Зайлуулах, устгах (арга хэлбэр, хугацаа, байршил, нөхцөл г.м)
4.3.Цацраг идэвхт бодис:
4.3.1.Хэрэглэх (зориулалт, технологи, арга хэлбэр г.м)
4.3.2.Хадгалах (сав, баглаа, боодол, байр, агуулах, байршил г.м)
4.3.3.Тээвэрлэх (тээврийн хэрэгсэл, тээвэрлэх нөхцөл, хугацаа г.м)
4.3.4.Зайлуулах устгах (арга, хэлбэр, хугацаа, байршил, нөхцөл г.м)
5. Нийгмийн асуудал:
5.1.Ажиллах хүчний тоо
5.2.Ажиллах хүчний эх үүсвэр
5.3.Ажиллагсадын хөдөлмөр хамгааллын асуудал
5.4.Бусад асуудал
6.Төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн суурь нөхцөл байдал:
6.1.Агаарын чанарын үндсэн үзүүлэлтүүд
6.2.Цаг уур, уур амьсгалын үндсэн үзүүлэлтүүд
6.3.Гадаргын болон газрын доорхи усны нөөц, чанар, горим
6.4.Хөрсний  бохирдол, эвдрэлийн байдал
6.5.Газар зүйн тогтоц
6.6.Геологийн тогтоц
6.7.Газар эдэлбэрийн байдал
6.8.Ургамлын аймаг, төрөл зүйл
6.9.Геологийн тогтоц
6.10.Ойн бүрхэвч
6.11.Амьтны аймаг
6.12.Тусгай хамгаалалттай газар нутаг
6.13.Түүх, соёл, шинжлэх  ухааны дурсгалт зүйлс
6.14.Бусад зүйлс
Ерөнхий үнэлгээний зааврын  2 дугаар хавсралт
 
Төслийн дугаар:                   Төслөөс байгаль орчинд учруулж болзошгүй
                                                сөрөг нөлөөлөл, түүнийг багасгах, арилгах арга хэмжээ
 
Байгаль орчны объект
Бүрэлдэхүүн хэсэг
Болзошгүй нөлөөлөл
Сөрөг нөлөөг бууруулах арга хэмжээ
Газар зүй
Байгалийн төрх
Ил уурхай, хөрсний овоолго, усан сан, далан, зам, цахилгаан дамжуулах шугам, түр суурин болон бусад туслах барилга байгууламж нь байгалийн төрх байдалд өөрчлөлт оруулна.
Эвдрэлд орж төрх байдал нь өөрчлөгдсөн газрыг анхны байдалд нь аль болох ойртуулан нөхөн сэргээх, орон нутгийн байгууллагад шаардлагын дагуу хүлээлгэн өгөх.
Одоогийн болон нөхөн сэргээлтийн дараа үеийн фото зураг авах буюу дүрс бичлэг хийж харьцуулалт хийх, түүнийг байгаль орчны хяналтын байгууллагад танилцуулж, газрыг хүлээлгэн өгсөн тухай протокол үйлдэж баталгаажуулах.
Хөрс
Хөрсний эвдрэл үүсэх, хөрсний үржил шим алдагдах
Төсөл хэрэгжих орчмын хөрсний бүтэц, үржил шимийг тодорхойлох, нөхөн сэргээлтийг түүнтэй уялдуулж хийх.
Шатах тослох материалаар хөрс бохирдох
Уурхайн дотоод, гадаад замын маршрут тогтоох, үндсэн болон туслах байгууламжийн хилийн цэсийг тодорхой тогтоож, ямар нэг байдлаар хөрсний эвдрэл үүсэхээс  урьдчилан сэргийлэх.
Хөрсний ус дээшлэх, усан сангийн шүүрэлт болон технологийн хаягдал уснаас болж намагшилт үүсэх
Нөхөн сэргээлтийн төлөвлөгөөг нарийвчлан хийж орон нутгийн байгаль орчны байгууллагатай тохиролцох, хөрөнгө төлөвлөж баталгаатай болгох.
 
Үерт автах нөхцөлтэй бол шатах, тослох материалын агуулахыг үерийн хамгаалалттай  байгуулах, машин техникийг шатахуунаар цэнэглэх, засвар үйлчилгээ хийх ажлыг тогтоосон цэгт хийж, үүссэн бохирдлыг тухай бүр нь цэвэрлэж байх.
Технологийн хаягдал усыг хөрсөнд шууд урсгахгүй байх.
 
Геологи /ашигт малтмал/
Ашигт малтмалын нөөц бүрэн ашиглагдахгүй хаягдаж, бохирдох
Хүдэр авалтыг зохих шаардлагын хэмжээнд хүргэх, шинэ технологи нэвтрүүлэх боломжийг судлах.ү
Овоолго болон бусад туслах байгууламжийг ашигт малтмалын бүсийн гадна байгуулах.
Даланг нэвчилт багатай материал ашиглан байгуулах.
 
Эргэлтийн усан сангийн усны чанарыг тогтмол хянаж байх, бохирдол ихээр үүсэх тохиолдолд мэргэжлийн болон хяналтын байгууллагад яаралтай мэдэгдэж шаардагдах арга хэмжээг авах.
Стандартаар тогтоосон хэмжээнээс илүү бохирдол бүхий  усыг урьдчилан тунгааж цэвэрлэх арга хэмжээг авах.
Гүний ус, цэвдэг
Гүний  усны болон цэвдэгийн түвшин, чанар, горимд өөрчлөлт орох
Угаах төхөөрөмж, тунгаагуур, усан сан болон шатахуун, түлшний агуулах, сав, бусад туслах байгууламжийг усны нөөцийг бохирдуулахгүй газарт байрлуулах.
Гүний усны түвшин, найрлагад байнгын ажиглалт, хяналт тавьж, өөрчлөлт орсон тохиолдолд БОЯ-нд шуурхай мэдэгдэж, шаардлагатай арга хэмжээг авах. Төслийн үйл ажиллагаанаас цэвдэгийн горимд үзүүлэх нөлөөлийг тогтоох, хамгаалах арга хэмжээ авах.
Агаар, орчин
Цаг агаар, уур амьсгал, агаарын чанар
Цаг уур, уур амьсгалд онц өөрчлөлт оруулахгүй,
үйлдвэрлэлийн явцад тоос их гарч агаарын бохирдол үүсэх,
Цаг агаар, уур амьсгалын талаар мэдээлэл цуглуулж үйл ажиллагаандаа ашиглах, шаардлагатай тохиолдолд нэмэлт судалгаа явуулах.
Хуурайшилт ихтэй, тоос их хэмжээгээр гарах нөхцөлтэй тохиолдолд хөрс хуулалт, тээвэрлэлтийн үед ус цацаж чийгшүүлэх арга хэмжээ авч байх.
Ажиллагсадыг тоосноос  хамгаалах хэрэгслээр хангах.
 
 
Биологийн нөөц
Ургамал
Олборлолтод өртөх талбайн ургамлын хэвийн байдал алдагдах, устах
Тухайн орчимд ховор, ховордсон ургамал байгаа тухай мэдээлэл байхгүй боловч ургамлын судалгаа явуулах, түүнтэй уялдуулж  нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэх.
 
 
Ой мод
Ой модыг тайрч, огтолсноос тухайн газар нутаг, байгаль орчны экологийн тэнцвэр алдагдах
Төсөл хэрэгжих талбайд орших ой модыг огтлох шаардлагатай бол мод огтлох үйл ажиллагааны тусгай төлөвлөгөө боловсруулж, ойг нөхөн сэргээх, ойр орчмын газар, орчныг нөхөн сэргээх төлөвлөгөөг боловсруулах
Ан амьтан
Ан амьтны амьдрах орчинд нөлөөлөх
Ан агнуурын хууль тогтоомжийн биелэлтийг хангах удирдлага зохион байгуулалтын арга хэмжээ авах
Газар эдэлбэр ба дэд бүтэц
Газар эдэлбэр
Газар эдэлбэрийн хэлбэр өөрчлөгдөх
Өнөөгийн газар эдэлбэрийн хэлбэрийг тогтоож, шаардлагатай тохиолдолд эзэмшигчид нь нөхөн төлбөр хийх
Газрын тухай хуулийн заалтыг хангах асуудлыг эртнээс төлөвлөх
Дэд бүтэц
Дэд бүтцийн хөгжил, түүний ачаалалд нөлөөлөх, дагалт нөлөөг бий болгох
Дэд бүтцийн өнөө ба ирээдүйн байдлыг тодорхойлох, шаардлагатай тохиолдолд түүнийг хөгжүүлэхэд хөрөнгө мөнгө төлөвлөх
 

Б. БАЙГАЛЬ ОРЧИНД НӨЛӨӨЛӨХ БАЙДЛЫН НАРИЙВЧИЛСАН ҮНЭЛГЭЭ

 
1.Ерөнхий зүйл
 
1.1.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 5, 6 зүйлд заасныг баримтлан дагуу байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг  хийнэ.
1.2.Нарийвчилсан үнэлгээний үндсэн зорилго нь төслийн техник-эдийн засгийн үндэслэл, ажлын зураг, төсөл боловсруулалтын үе шатанд болон түүний дараа тухайн төслийг хэрэгжүүлснээс байгаль орчинд учруулж болзошгүй сөрөг нөлөөллийн хэмжээ, үр дагавар, хамрах хүрээ, учруулах хохирлын хэмжээг тогтоож, түүнийг багасгах, арилгах арга хэмжээ, технологийн шийдэл, төслийг хэрэгжүүлэх хамгийн оновчтой хувилбарыг тогтооход оршино.
1.3.Нарийвчилсан үнэлгээг "Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай" хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу Байгаль орчны яамнаас эрх авсан аж ахуйн нэгж  /цаашид «мэргэжлийн байгууллага» гэх/ гүйцэтгэнэ.
1.5.Хүний эрүүл мэнд, байгаль орчинд тухайн төслийн үзүүлэх нөлөөлөл, түүний хамрах хүрээ, учруулах хохирлын байдлаас шалтгаалан нарийвчилсан үнэлгээг хэсэгчилсэн буюу иж бүрнээр хийнэ.
1.6.Ерөнхий үнэлгээгээр төслийн сөрөг нөлөөлөл нь байгаль орчны нэг буюу тодорхой бүрэлдэхүүн хэсгийг хамарч, байгаль орчинд онцгой уршигтай бус  болох нь тогтоогдсон бол нарийвчилсан үнэлгээг хэсэгчилэн хийнэ.
1.7.Төслийн сөрөг нөлөөлөл нь байгаль орчинд онцгой уршигтай байж болзошгүй буюу нэмэлт судалгаа, шинжилгээний ажил хийх шаардлагатай нь тогтоогдвол нарийвчилсан үнэлгээг иж бүрнээр хийнэ.
1.8.Нарийвчилсан үнэлгээг олон улсын практикт нийтлэг мөрдөж байгаа болон Монгол улсын хууль тогтоомжоор батлагдсан аргачлалын дагуу гүйцэтгэнэ.
 
2.Нарийвчилсан үнэлгээ хийх
 
2.1.Мэргэжлийн байгууллага нь төслийн холбогдолтой баримт бичгийг төсөл захиалагч, эсхүл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгж, байгууллагын албан бичиг, иргэний хүсэлтийг орон нутгийн Засаг даргын тодорхойлолтын хамт хүлээн авна.
2.2.Мэргэжлийн байгууллага нь төсөл захиалагч, эсхүл хэрэгжүүлэгчтэй гэрээ байгуулахдаа ерөнхий үнэлгээний дүгнэлт, шийдвэрийг үндэс болгоно.
2.3.Нарийвчилсан үнэлгээ хийлгэхээр хүсэлт гаргаж буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэн дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:
2.3.1.төслийн байршлын тойм зураг;
2.3.2.техник-эдийн засгийн үндэслэл;
2.3.3.ажлын зураг төсөл;
2.3.4.судалгааны болон хайгуулын ажлын тайлан, холбогдох зураг;
2.3.5.орон нутгийн эрх бүхий байгууллагын тогтоол, шийдвэр;
2.3.6. ерөнхий үнэлгээний дүгнэлт
2.3.7.аж ахуйн нэгжийн гэрчилгээ, иргэний бичиг баримт г.м
2.4.Мэргэжлийн байгууллага нь төсөл хэрэгжүүлэгчийн материал, бичиг баримтыг хүлээн авсны дараа ерөнхий үнэлгээгээр тогтоосон чиглэл, хуваарь, санамж, хийх ажлын агуулга, хэмжээтэй уялдуулан нарийвчилсан үнэлгээний төлөвлөгөө гаргаж, төсөл захиалагч, хэрэгжүүлэгчтэй тохиролцсоны үндсэн дээр гэрээ  байгуулна.
2.5.Нарийвчилсан үнэлгээ хийлгэхэд шаардагдах зардлыг хоёр талын байгуулсан гэрээний үндсэн дээр төсөл захиалагч хариуцна.
2.6.Мэргэжлийн байгууллага нь төсөл захиалагч, хэрэгжүүлэгчтэй гэрээ байгуулсан тухайгаа ерөнхий үнэлгээ хийсэн байгууллагад гэрээ байгуулснаас хойш ажлын 10 хоногийн дотор мэдээлж байна.
2.7.Мэргэжлийн байгууллага нь тухайн төслийн нарийвчилсан үнэлгээний ажлыг эхлэхийн өмнө түүнд оролцож ажиллах  үнэлгээний мэргэжилтнүүдийг сонгож баг бүрдүүлнэ.
2.8.Нарийвчилсан үнэлгээний  ажлыг эхлэхэд юуны өмнө тухайн төслийг хэрэгжүүлэх хамгийн зохистой хувилбарыг сонгож тогтооно.
2.9.Нарийвчилсан үнэлгээ хийх явцад төслийн тодорхойлолт, эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд, техник, технологи, химийн болон биологийн бодис, түүхий эд, туслах материал, завсрын бүтээгдэхүүн, хог хаягдал, нийгмийн асуудал, төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн байгаль орчны суурь нөхцөл байдал, төслийн сөрөг нөлөөлөл болон болзошгүй аюул, осол гэх мэт зайлшгүй шаардлагатай хүчин зүйлүүдийг энэхүү зааврын хавсралтад заасны дагуу нарийвчлан судалж тогтоосон байна.
2.10.Нарийвчилсан үнэлгээ хийхэд тухайн төсөл хэрэгжих нутаг дэвсгэрт ажиллаж, амьдардаг баг, хорооны иргэдийн нийтийн хурлын санал,  хэрвээ тухайн төсөл хэд хэдэн засаг захиргааны нэгжийн нутаг дэвсгэрт хэрэгжихээр бол сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг албан ёсоор авч тайланд хавсаргана.
2.11.Нарийвчилсан үнэлгээний хүрээнд байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт-шинжилгээний хөтөлбөр боловсруулж, байгаль орчныг хамгаалах талаар авах арга хэмжээ болон хяналт-шинжилгээний ажлыг хэрэгжүүлэх хугацаатайгаар төлөвлөн түүнд шаардагдах хөрөнгө зардлыг тусгана.
 
3.Нарийвчилсан үнэлгээний тайлан гаргах
 
3.1.Мэргэжлийн байгууллага нь үнэлгээний ажлыг тогтоосон аргачлал, чиглэл-хуваарь, санамж, төлөвлөгөөний дагуу хийж  гүйцэтгэсний дараа тайлан гаргана.
3.2.Нарийвчилсан үнэлгээний тайланд дараахь зүйлсийг тусгасан байна:
3.2.1.байгаль орчны төлөв байдлын үндсэн үзүүлэлтүүд;
3.2.2.төслийн болон техник, технологийн байгальд халгүй, оновчтой хувилбар;
3.2.3.төслийн болзошгүй болон гол сөрөг нөлөөлөл, түүнийг багасгах, арилгах арга хэмжээний зөвлөмж;
3.2.4.төслийн сөрөг нөлөөллийн хэмжээ, тархалт, үр дагаврыг тогтоосон тооцоо,судалгаа, байгалийн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээ;
3.2.5.ослын үнэлгээ;
3.2.6.байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө;
3.2.7.орчны хяналт-шинжилгээний хөтөлбөр;
3.2.8.төслийн сөрөг нөлөөллийг бууруулах талаар авах удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ;
3.2.9.тухайн нутаг дэвсгэрт ажиллаж, амьдардаг баг, хорооны иргэдийн нийтийн хуралын санал, сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн санал;
3.2.10.төсөл хэрэгжих газар нутгийн соёлт давхарга болон төслийн онцлогтой уялдсан бусад асуудал;
3.2.11.төсөл хэрэгжснээр тухайн газар орчин хэрхэн өөрчлөгдөх, түүнийг нөхөн сэргээх талаар байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт-шинжилгээний хөтөлбөртэй уялдуулан боловсруулсан төсөл, түүний тойм зураг, тооцоо;
3.3.Нарийвчилсан үнэлгээний тайланг батлуулахаар хүргүүлэхдээ  төсөл хэрэгжүүлэгчээс албан ёсоор санал авсан байна.
3.4.Нарийвчилсан үнэлгээний тайланг холбогдох бусад бичиг баримтын хамт байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийсэн байгууллагад хүргүүлнэ.
3.5.Мэргэжлийн байгууллага хийсэн ажлынхаа үнэн зөвийг хариуцна.
3.6.Нарийвчилсан үнэлгээ хийлгэсний үндсэн дээр төсөл хэрэгжүүлж буй  аж ахуйн нэгж, байгууллага, иргэний үйл ажиллагаанаас  хүний эрүүл мэнд, байгаль орчинд хохирол учрахаар, учирч байгаа, учирсан тохиолдолд түүний шалтгаан, нөхцөлийг хянан магадлагаагаар тогтооно.
3.7.Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлангийн баталгаажих загварыг зааврын хавсралтаар батална.
 
4.Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт-шинжилгээний хөтөлбөрийг батлах
 
4.1.Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт-шинжилгээний хөтөлбөрийг нарийвчилсан үнэлгээний тайлангийн хүрээнд боловсруулж бэлтгэх бөгөөд төв байгууллагад нарийвчилсан үнэлгээний тайлангийн 3%-ийн хамт уг төлөвлөгөө, хөтөлбөрийг 2% тусад нь бэлтгэж ирүүлнэ. Төлөвлөгөө, хөтөлбөрийн нэг хувийг байгаль орчны хяналтын төв байгууллагад, нэг хувийг орон нутгийн Засаг даргын тамгын газарт мэргэжлийн байгууллагын зардлаар тус тус хүргүүлнэ.
4.2.Нарийвчилсан үнэлгээний тайлан баталгаажснаар байгаль хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт-шинжилгээний хөтөлбөр батлагдана.
 
 
Нарийвчилсан үнэлгээний
                                                                                    зааврын 1 дүгээр хавсралт
 
                        Нарийвчилсан үнэлгээний тайлангийн загвар
 
1.Төслийн тодорхойлолт:
1.1.           Төслийн нэр
1.2.           Төслийн зорилго
1.3.           Төсөл хэрэгжүүлэгч  аж ахуйн нэгж,байгууллагын нэр
1.4.           Төсөл хэрэгжүүлэгчийн хаяг
1.5.           Төслийн байршил
1.6.           Төсөл хэрэгжих орчны тойм зураг
1.7.           Төслийн хүч чадал /голлох үзүүлэлтээр/
1.8.           Төсөл хэрэгжүүлэхэд ашиглах үндсэн тоног төхөөрөмж
1.9.           Төсөл хэрэгжих орчны дэд бүтцийн хөгжлийн байдал
1.10.       Тухайн орчинд хэрэгжиж буй болон хэрэгжихээр төлөвлөж буй бусад төсөл
1.11.       Төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж буй хугацаа г.м.
 
2.Эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд:     
2.1.           Хөрөнгө оруулалт
2.2.           Yйлдвэрлэлийн зардал
2.3.           Нийт орлого
2.4.           Цэвэр ашиг
2.5.           Байгаль орчныг хамгаалах арга хэмжээний нийт зардал
2.6.           Байгаль орчныг хамгаалах арга хэмжээний жилийн зардал
2.7.           Байгалийн баялаг ашигласны төлбөр, хураамж
2.8.           Байгаль орчин бохирдуулсны төлбөр, хураамж
2.9.           Байгаль орчныг нөхөн сэргээх, сайжруулах арга хэмжээнд зориулан барьцаалах хөрөнгийн хэмжээ
 
3.Төслийн техник, технологи, түүхий эд, туслах материал:
3.1.           Төслийн технологи /дэвшилттэй болон дутагдалтай тал/
3.2.           Техник, тоног төхөөрөмж /нэр төрөл, тоо хэмжээ/
3.3.           Түүхий эд, туслах материал, эцсийн бүтээгдэхүүн:
3.3.1.     Байгалийн баялаг /нэр төрөл, хэмжээ, эх үүсвэр/
3.3.2.     Цахилгаан эрчим хүч, уур, дулаан /хэмжээ, эх үүсвэр/
3.3.3.     Химийн бодис /нэр төрөл, хэмжээ, эх үүсвэр, хэрэглэх зориулалт, технологи, арга хэлбэр, хадгалах агуулах, түүний байршил/
3.3.4.     Цацраг идэвхит бодис /нэр төрөл, хэмжээ, эх үүсвэр, хэрэглэх зориулалт, технологи, арга хэлбэр, хадгалах агуулах, түүний байршил/
3.3.5.     Эцсийн бүтээгдэхүүн /нэр төрөл, хэмжээ, чанар, зориулалт, түүнийг хадгалах, хэрэглэгчдэд хүргэх/
3.3.6.     Бусад зүйлс  /нэр төрөл, хэмжээ, эх үүсвэр/
 
4.Завсрын бүтээгдэхүүн, хог хаягдал:
4.1.           Завсрын бүтээгдэхүүн /нэр төрөл, хэмжээ, эх үүсвэр/
4.2.           Хатуу хог хаягдал /нэр төрөл, хэмжээ, эх үүсвэр, түүнийг цуглуулах, хадгалах, тээвэрлэх, цэвэрлэх, зайлуулах, устгах арга хэлбэр/
4.3.           Шингэн хаягдал /нэр төрөл, хэмжээ, эх үүсвэр, түүнийг цуглуулах, хадгалах, тээвэрлэх, цэвэрлэх, зайлуулах, устгах арга хэлбэр/
4.4.           Хийн хаягдал /нэр төрөл, хэмжээ, эх үүсвэр, түүнийг цуглуулах, хадгалах, тээвэрлэх, цэвэрлэх, зайлуулах, устгах арга хэлбэр/
4.5.           Химийн бодисын хаягдал /нэр төрөл, хэмжээ, эх үүсвэр хадгалах, тээвэрлэх, саармагжуулах, хоргүйжүүлэх, зайлуулах, устгах арга хэлбэр, зайлуулах газрын байршил/
4.6.           Цацраг идэвхт бодисын хаягдал /нэр төрөл, хэмжээ, эх үүсвэр, түүнийг цуглуулах, хадгалах, тээвэрлэх, цэвэрлэх, зайлуулах, устгах арга хэлбэр, зайлуулах газрын байршил/
 
5. Нийгмийн асуудал:
5.1.           Ажиллах хүчний тоо, эх үүсвэр
5.2.           Ажиллагсадын хөдөлмөр хамгааллын асуудал
5.3.           Нөлөөлөлд өртөгчийн асуудал /нөлөөлөлд хамрагдах хүний тоо, барилга байгууламж, төв суурин газар, газар нутгийн хэмжээ, байгаль орчны бүрэлдэхүүн хэсэг, үйлчлэх хугацаа, нөлөөллийн эрчим, эргэлт буцалтгүй байдал, байгалийн өөрчлөлттэй давхардах байдал г.м /
5.4.           Олон нийтийн санал бодол /биечлэн уулзах, санал асуулга явуулах, уулзалт ярилцлага зохион байгуулах, хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан санал авах г.м/
5.5.           Бусад асуудал
 
6.Төсөл хэрэгжих нутаг дэвсгэрийн суурь нөхцөл байдал:
6.1.           Агаарын чанарын үндсэн үзүүлэлтүүд
6.2.           Цаг уур, уур амьсгалын үндсэн үзүүлэлтүүд
6.3.           Гадаргын усны  нөөц, чанар, горим
6.4.           Газрын дорхи усны нөөц, чанар, горим
6.5.           Хөрсний төлөв байдал, эвдрэл, бохирдол
6.6.           Газар зүйн тогтоц
6.7.           Геологийн тогтоц
6.8.           Газар эдэлбэрийн байдал
6.9.           Ургамлын аймаг, төрөл зүйл, нөөц
6.10.       Ойн бүрхэвч, төрөл зүйл, нөөц
6.11.       Амьтны аймаг
6.12.       Тусгай хамгаалалттай газар нутаг
6.13.       Түүх, соёл, шинжлэх  ухааны дурсгалт зүйлс
6.14.       Физик нөлөөлөл /дуу, шуугиан, чичиргээ г.м/
6.15.       Бусад зүйлс
7. Төслийн болзошгүй болон гол сөрөг  нөлөөлөл:
7.1.           Төслийн болзошгүй сөрөг нөлөөлөл /шууд, шууд бус, давхардмал, түүний үр дагавар, хамрах хүрээ, багасгах, арилгах арга хэмжээ/
7.2.           Төслийн гол сөрөг нөлөөлөл /шууд, бууд бус, давхардмал, түүний үр дагавар, хамрах хүрээ, багасгах, арилгах арга хэмжээ/
7.3.           Сөрөг нөлөөллийг багасгах, арилгах зөвлөмж
8. Болзошгүй аюул, осол:
8.1.           Үер, салхи, аянга, газар хөдлөл, гал түймэр, үйлдвэрлэлийн осол, цацраг идэвхт болон химийн хорт бодисоос үүдэн гарах аюул, осол г.м
 
 
Зааврын 2 дугаар хавсралт
 
Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан
үнэлгээний тайлангийн баталгаажих загвар
 
 
 
Батлав. ....................................... ерөнхий шинжээч                     
 
   Нарийвчилсан үнэлгээ
хийсэн мэргэжлийн байгууллагын
                 ЛОГО
Шүүмж хийсэн. ......................................шинжээч
 
 
 
 
 
 
 
                                    НАРИЙВЧИЛСАН YНЭЛГЭЭНИЙ ТАЙЛАН
 
 
 
 
 
 
Yнэлгээ хийсэн мэргэжлийн байгууллага ......................................................................
 
 
 
 
 
 
 

Төсөл хэрэгжүүлэгч.....................................................................................