- Нүүр
- Сайдын тушаал
- ШИНЖЛЭХ УХААНЫ ОНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛ ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
БСШУС-ын 2006 оны 172 дугаар тушаалын хавсралт
ШИНЖЛЭХ УХААНЫ ОНЫ ШИЛДЭГ БҮТЭЭЛ ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Шинжлэх ухааны шинэ оны шилдэг бүтээлийг шалгаруулах, урамшуулах үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.
1.2. Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан шинжлэх ухааны оны шилдэг бүтээлийг жил бүр шалгаруулж, шагнал олгоно.
1.3. Шагналд ганцаарчилсан болон хамтын бүтээл нэгэн адил хамрагдана.
Хоёр. Бүтээлийг шагналд дэвшүүлэх
2.1 Эрдэм шинжилгээний байгууллага, аж ахуйн нэгж, эрдэмтдийн хамтлаг, хувь хүмүүс шинжлэх ухааны бүтээлээ оны шилдэг бүтээлд дэвшүүлж болно.
2.2 Шагналд зөвхөн тухайн онд гарсан бүтээлийг дэвшүүлнэ.
2.3 Дэвшүүлэх бүтээлийг дараах баримт бичгийн хамт шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад жил бүрийн 10 дугаар сарын 1-ний дотор ирүүлнэ. Үүнд:
а. Бүтээл, түүний товч танилцуулга
б. Бүтээлийн онол, практикийн ач холбогдолын тухай эрдэм шинжилгээний байгууллагын эрдмийн зөвлөлийн хурлын тогтоол
в. Бүтээлтэй танилцсан 2-оос доошгүй эрдэмтний үнэлэлт, дүгнэлт, тодорхойлолт
г. Бүтээлийг үйлдвэрлэл, хэрэглээнд нэвтрүүлсэн аж ахуйн нэгж, байгууллагын үнэлэлт, дүгнэлт, цаашид нэвтрүүлж ашиглах, дэлгэрүүлэх буюу технологи дамжуулах талаар хийсэн гэрээ хэлцэл
д. Шинэ бүтээлийн патент, ашигтай загварын гэрчилгээ, стандарт, норм, нормативын баримт бичгийн хуулбар
е. Зохиогчийн анкет, ажил байдлын тодорхойлолт, бүтээлийн жагсаалт
2.4 Шалгаруултад ирүүлсэн материалыг буцааж олгохгүй.
Гурав. Бүтээлийг шалгаруулах, урамшуулах
3.1 Эрдэм шинжилгээний шилдэг бүтээлд дэвшүүлсэн бүтээлүүдэд үнэлгээ өгч, дүгнэлт гаргах комиссыг Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүний шийдвэрээр байгуулна.
3.2 Комиссын бүрэлдэхүүнд эрдэмтэд, холбогдох байгууллагын мэргэжилтнүүдийг оруулна.
3.3 Шагналд нэр дэвшигчийг комиссын гишүүнээр томилохгүй.
3.4 Комиссын үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна.
3.5 Бүтээлийг дараах үзүүлэлтээр шалгаруулна. Үүнд:
А. Онолын түвшин
А. Онолын түвшин
Б. Эрдэм шинжилгээний үнэ цэнэ
В. Эдийн засаг, нийгмийн хөгжлийн тулгамдсан зорилтуудыг шийдвэрлэхэд оруулж буй хувь нэмэр
Г. Бүтээлийг дотоод, гадаадын мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлж, сурталчилсан байдал.
3.6 Комиссын нийт гишүүдийн дөрөвний гурав нь хүрэлцэн ирсэн тохиолдолд хуралдааныг хүчинтэйд тооцож, хуралдаанд оролцсон гишүүдийн ердийн олонхийн саналаар дүгнэлтийг гаргана.
3.7 Комиссын дүгнэлтийг үндэслэн шагналын хэмжээг Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүний тушаалаар батлана.
3.8 Шинжлэх ухааны оны шилдэг бүтээлийн шалгаруулалтад эхний байруудыг эзэлсэн 10 хүртэл бүтээлд "Шинжлэх ухааны оны шилдэг бүтээлийн гэрчилгээ", мөнгөн шагнал олгоно.
3.9 Шинжлэх ухааны оны шилдэг бүтээлийн шагналыг Шинжлэх ухаан, технологийн сангаас санхүүжүүлнэ. Шагналын сангийн нийт хэмжээ жилд 15,0 /арван таван/ сая төгрөг байна.
-оОо—
Текст томруулах
A
A
A