- Нүүр
- Сайдын тушаал
- ХҮНСНИЙ ТАЛОН ОЛГОХ ЖУРАМ
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 2009 оны 11 сарын 11 -ны өдрийн 152/251 дугаар хамтарсан тушаалын нэгдүгээр хавсралт
ХҮНСНИЙ ТАЛОН ОЛГОХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Засгийн газрын 2008 оны 25 дугаар тогтоолоор баталсан "Нийгмийн эмзэг бүлэгт хоол, тэжээлийн дэмжлэг үзүүлэх дэд хөтөлбөр" /цаашид "дэд хөтөлбөр" гэх/-ийн Зорилт 3.1.1-ийг хэрэгжүүлэх хүрээнд орлого багатай иргэнд хүнсний дэмжлэг үзүүлэхэд зориулж хүнсний талон олгох, түүгээр хүнсний бүтээгдэхүүн худалдан авах, хяналт тавих үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмыг баримтална.
1.2. Хүнс тэжээл, нийгмийн халамжийн хөтөлбөр хэрэгжүүлэх нэгж нь (цаашид "Хөтөлбөр хэрэгжүүлэх нэгж" гэх) хүнсний талоноор хүнсний бүтээгдэхүүн худалдан авахад зарцуулагдах санхүүжилтийг олгох үйл ажиллагааг зохион байгуулна.
Хоёр. Хамрах хүрээ
2.1. Хүнсний талоныг дараахь иргэнд олгоно:
2.1.1. тэжээн тэтгэх үр хүүхэд, төрөл садангийн хүнгүй, ганц бие ахмад настан;
2.1.2. байнгын асаргаа шаардлагатай ахмад настан;
2.1.3. асран хамгаалах хүнгүй, ганц бие, хөдөлмөрийн чадвараа 70 болон түүнээс дээш хувиар алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэн;
2.1.4. байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй иргэн;
2.1.5. байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд;
2.1.6. бүрэн хараагүй 0-18 хүртэлх насны хүүхэд;
2.1.7. сэтгэцийн өвчтэй 0-18 хүртэлх насны хүүхэд.
2.2. Энэхүү журмын 2.1.3-т заасан нөхцөлүүд нэгэн зэрэг хангагдсан байна.
2.3. Энэхүү журмын 2.1 дэх хэсэгт заасан нөхцөлийн зарим нь зэрэг хангагдсан тохиолдолд хүнсний талоныг нэг иргэнээр тооцож олгоно.
Гурав. Хүнсний талон олгох иргэдийн нэрсийн мэдээллийн сан бүрдүүлэх
3.1. Хүнсний талон олгох иргэдийн нэрсийн мэдээллийн санг бүрдүүлэхдээ дараахь байдлаар нэг удаа гаргана:
3.1.1. аймаг, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллага энэ журмын 2.1-д заасан иргэдийн нэрийн жагсаалтыг гаргаж нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ;
3.1.2. нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь иргэдийн нэрийн жагсаалтыг хянан үзэж, нэгтгэн гаргаж Хөтөлбөр хэрэгжүүлэх нэгжид хүргүүлнэ;
3.1.3. Хөтөлбөр хэрэгжүүлэх нэгж нь хөтөлбөрт хамрагдах иргэдийн нэрийн жагсаалтыг Хүнс тэжээл, нийгмийн халамжийн төслийн баримт бичиг, дэд хөтөлбөрт тусгагдсан заалтыг үндэслэн сонгон шалгаруулалтаар шалгарсан төрийн бус байгууллага /цаашид "төрийн бус байгууллага" гэх/-аар иргэн бүрийн амьдралын нөхцөл байдлыг биечлэн судлуулж үнэн зөв бүртгэгдсэн эсэхэд баталгаажуулалт хийлгүүлнэ;
3.1.4. энэ журмын 3.1.3-т заасны дагуу гаргасан нэрийн жагсаалтыг сум, хорооны Амьжиргааг дэмжих зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэр гаргуулах бөгөөд аймаг, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллага нэрийн жагсаалтыг Хөтөлбөр хэрэгжүүлэх нэгжид ирүүлнэ;
3.1.5. Хөтөлбөр хэрэгжүүлэх нэгж нь энэхүү журмын 3.1.4-т заасны дагуу баталгаажуулсан нэрийн жагсаалтаар мэдээллийн сан бүрдүүлж, аймаг, дүүргийн нийгмийн халамжийн байгууллага, сонгон шалгаруулалтаар шалгарсан арилжааны банк /цаашид "банк" гэх/-нд файл болон албан бичгээр хүргүүлнэ.
Дөрөв. Хүнсний талоныг иргэнд олгох
4.1. Энэ журмын 2.1 дэх хэсэгт заасан нөхцөлийг хангасан, 3.1.5-д заасан мэдээллийн санд бүртгэгдсэн иргэнд цаасан болон цахим хэлбэрээр сар бүр хүнсний талон олгоно.
4.2. Хүнсний талоныг 2 сард нэг удаа олгохоор зохион байгуулна.
4.3. Сум, хорооны нийгмийн ажилтан тухайн иргэний нийгмийн халамжийн үйлчилгээний хувийн хэрэгт хүнсний талон олгосон талаарх бичилт хийнэ.
4.4. Тухайн иргэн зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаанаар хүнсний талоныг өөрөө ирж авах боломжгүй бол түүний итгэмжлэгдсэн хүнд олгож болно.
4.5. Итгэмжлэлийг Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан эрх бүхий этгээд, мөн хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу олгоно. Итгэмжлэл нь Иргэний хуулийн 64.5-д заасан хугацаанд хүчинтэй байна.
4.6. Хүнсний талон авч байгаа иргэн оршин байгаа аймаг, сум, дүүргээс өөр аймаг, сум, дүүрэгт шилжин суурьшсан тохиолдолд тухайн сум, хорооны нийгмийн ажилтан шилжин суурьшсан иргэний хувийн хэргийг хуулбарлан авч хадгалах бөгөөд эх хувийг тухайн иргэнд өгнө. Иргэн нь шилжин очсон сум, дүүргийнхээ нийгмийн ажилтанд хувийн хэргээ бүртгүүлж, хүнсний талоныг бүртгүүлсэн сарын дараа сарын 1-ний өдрөөс шинээр авна.
Тав. Хүнсний талоныг цаасан хэлбэрээр хүргүүлэх, тайлагнах
5.1. Хөтөлбөр хэрэгжүүлэх нэгж нь энэ журмын 3.1.5-д заасан мэдээллийн санд багтсан иргэдийн хүнсний цаасан талоныг аймаг, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллагад хүргүүлнэ.
5.2. Аймаг, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллага нь хүнсний талоныг сум, хороонд хүргэх, төлбөр тооцоог хийх, тайлагнах ажлыг зохион байгуулна.
5.3. Аймаг, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллага нь хүнсний талоныг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногийн дотор сум, хорооны нийгмийн ажилтанд хүргэнэ.
5.4. Сум, хорооны нийгмийн ажилтан ажлын 5 хоногт багтаан хүнсний талоныг эзэнд нь олгож, энэхүү тушаалын хоёрдугаар хавсралтаар батлагдсан маягтын дагуу тэмдэглэл хөтөлж, дөрөвдүгээр хавсралтаар батлагдсан маягтын дагуу хүнсний талон олгосон тайлан, тавдугаар хавсралтаар батлагдсан маягтын дагуу дэлгүүрээс хүнсний талоноор худалдан авсан бүтээгдэхүүний үнийн дүнгийн тайланг тус тус гаргана.
5.5. Хөтөлбөр хэрэгжүүлэх нэгжээс хүнсний бүтээгдэхүүний үнийг төлөхөд шаардагдах санхүүжилтийг дараагийн хүнсний талон олгох 2 дахь сарын 10-ны дотор аймаг, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллагын дансанд шилжүүлнэ.
5.6. Сум, хорооноос хүргүүлсэн хүнсний талоноор худалдан авсан бүтээгдэхүүний үнийн дүнгийн тайланд үндэслэн сумын Засаг дарга, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллагын дарга төлбөрийг тухайн дэлгүүрийн дансанд шилжүүлнэ.
5.7. Сумын Засаг дарга энэхүү тушаалын зургаадугаар хавсралтаар батлагдсан маягтын дагуу тайланг гаргаж аймгийн нийгмийн халамж, үйлчилгээний байгууллагад хүргүүлнэ.
5.8. Аймаг, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллага нь хөтөлбөрт зарцуулсан хөрөнгийн нэгдсэн тайланг энэхүү тушаалын долоодугаар хавсралт маягтын дагуу гаргаж сар бүрийн 03-ны дотор Хөтөлбөр хэрэгжүүлэх нэгжид ирүүлнэ.
5.9. Иргэн хүнсний талоныг хаяж үрэгдүүлсэн тохиолдолд нөхөн олгохгүй.
Зургаа. Хүнсний талоныг цахим хэлбэрээр хүргүүлэх, тайлагнах
6.1. Хөтөлбөр хэрэгжүүлэх нэгж нь банкны байгууллагаар дамжуулан цахим талон олгох, төлбөр тооцоо хийх, тайлагнах ажлыг зохион байгуулна.
6.2. Сум, хорооны түвшинд нийгмийн ажилтан, тухайн банкны орон нутаг дахь салбар, хүнсний дэлгүүрийн эзэн энэхүү тушаалын наймдугаар хавсралтаар батлагдсан загварын дагуу гурвалсан гэрээ байгуулж, төлбөр тооцоог хийнэ.
6.3. Банк нь энэ журмын 3.1.5-д заасны дагуу мэдээллийн баазад бүртгэгдсэн нэрийн жагсаалтаар тухайн иргэний бичиг баримтыг үндэслэн ажлын 10 хоногт багтаан цахим талоныг олгоно.
6.4. Хөтөлбөр хэрэгжүүлэх нэгжээс цахим талоноор хүнсний бүтээгдэхүүн худалдан авахад шаардагдах санхүүжилтийг дараагийн хүнсний талон олгох 2 дахь сарын 15-нд банкинд шилжүүлнэ.
6.5. Банк нь гэрээнд заасны дагуу мөнгө шилжүүлсэн сарын 20-ны дотор нэрийн жагсаалтад бүртгэлтэй иргэний мөнгийг цахим талонд байршуулсан байна.
6.6. Цахим талонд мөнгө байршуулахад иргэнээс үйлчилгээний хөлс авахгүй.
6.7. Иргэн цахим талоныг хаяж үрэгдүүлсэн тохиолдолд 24 цагийн дотор харилцагч банкны салбарт мэдэгдэх бөгөөд банк ажлын 3 өдрийн дотор дахин олгоно. Цахим талоныг дахин олгоход шаардагдах зардлыг тухайн иргэн өөрөө хариуцна.
Долоо. Хүнсний талон олгох үйл ажиллагаанд оролцогч байгууллагыг сонгон шалгаруулах, гэрээ байгуулах
7.1. Нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хүнсний талонд хамрагдах иргэний талаарх мэдээллийн баталгаажуулалтыг хийх төрийн бус байгууллага, хүнсний талон хэвлэх үнэт цаасны үйлдвэр, цахим талон олгох арилжааны банкийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зохион байгуулна.
7.2. Сонгон шалгарсан төрийн бус байгууллага, үнэт цаасны хэвлэх үйлдвэр, арилжааны банктай Хөтөлбөр хэрэгжүүлэх нэгж гэрээ байгуулах бөгөөд уг гэрээг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн дарга батална.
7.3. Сонгон шалгарсан үнэт цаасны хэвлэх үйлдвэр нь гэрээнд заасан нөхцөлийн дагуу нууцлал, серийн дугаар бүхий хүнсний цаасан талоныг хэвлэнэ.
7.4. Банк нь гэрээнд заасан нөхцөлийн дагуу цахим талоныг хэвлүүлэх бөгөөд цахим талон нь банкны бусад картаас ялгагдах өнгө, дүрслэл, нууцлалтай байна.
7.5. Сумын болон дүүргийн Засаг дарга хүнсний талоноор хүнсний бүтээгдэхүүн худалдах хүнсний дэлгүүрийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулна.
Найм. Хүнсний талоноор хүнсний бүтээгдэхүүн худалдан авах
8.1. Хүнсний дэлгүүр нь нэрийн жагсаалтад бүртгэлтэй иргэний бичиг баримтад үндэслэн хүнсний цаасан болон цахим талоноор энэхүү тушаалын гуравдугаар хавсралтад заасан хүнсний бүтээгдэхүүнийг олгоно.
8.2. Хүнсний дэлгүүр нь эрүүл ахуй, чанар, аюулгүй байдлын баталгааг бүрэн хангасан хүнсний бүтээгдэхүүнийг гэрээ байгуулснаас хойш тогтвортой үнээр худалдана.
8.3. Хуурамч хүнсний талоноор бүтээгдэхүүн худалдсан төлбөрийг дэлгүүрт олгохгүй.
Ес. Хүнсний талон олголтыг зогсоох
9.1. Дараахь тохиолдолд хүнсний талон олголтыг зогсооно:
9.1.1.иргэн нас барсан;
9.1.2.хууль ёсны тэжээн тэтгэх үр хүүхэд, төрөл садангийн хүнтэй болсон;
9.1.3.хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөрийн чадвар алдалт нь 70 хувиас буурсан тухай эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр гарсан;
9.1.4.асран хамгаалах хүнтэй болсон;
9.1.5.хөтөлбөрт хамрагдаж байсан ганц бие ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн ба хүүхэд нь улсын төсвийн хөрөнгөөр санхүүждэг асрамжийн газрын үйлчилгээнд хамрагдахаар болсон;
9.1.6.хуурамч бичиг баримт бүрдүүлж хүнсний талон авсан нь тогтоогдсон.
9.2. Иргэн хүнсний талон болон хүнсний бүтээгдэхүүнээ авахгүй байгаа тохиолдолд түүний хаягийн дагуу сум, хорооны нийгмийн ажилтан судлан үзсэний үндсэн дээр Амьжиргааг дэмжих зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, санал гаргана.
9.3. Хөтөлбөр хэрэгжүүлэх нэгж нь энэ журмын 9.1, 9.2-т заасан иргэний талаар сум, хорооны Амьжиргааг дэмжих зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг үндэслэн мэдээллийн санд хасалт хийнэ.
Арав. Хяналт, шинжилгээ, үнэлгээ
10.1. Хөтөлбөр хэрэгжүүлэх нэгж нь хүнсний талон олгох, түүгээр хүнсний бүтээгдэхүүн худалдан авах үйл ажиллагаанд батлагдсан удирдамжийн дагуу хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн гарсан дүгнэлтийг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
10.2. Сум, хорооны нийгмийн ажилтан цахим талон олголт, хүнсний дэлгүүрээс хүнсний бүтээгдэхүүн худалдан авалтын байдалд байнгын хяналт тавьж ажиллана.
10.3. Сум, хорооны нийгмийн ажилтан нь энэ журмын 4.5, 9.1, 9.2-т заасан асуудлыг Амьжиргааг дэмжих зөвлөлөөр хэлэлцсэн шийдвэр, холбогдох бичиг баримт болон энэ журмын 5.4-т заасан тайланг аймаг, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллагад сар бүрийн 1-ний дотор, аймаг, дүүргийн нийгмийн халамж үйлчилгээний байгууллага уг шийдвэр, мэдээг нэгтгэн сар бүрийн 15-ны дотор Хөтөлбөр хэрэгжүүлэх нэгжид ирүүлнэ.
10.4. Мэргэжлийн хяналтын байгууллага нь дэлгүүрт худалдаж байгаа хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг удирдамжийн дагуу хийнэ.
Арваннэг. Өргөдөл, гомдол шийдвэрлэх
11.1. Иргэдээс хүнсний талон олголт, түүгээр хүнсний бүтээгдэхүүн худалдан авахтай холбоотой асуудлаар гаргасан өргөдөл, гомдлыг сум, хорооны нийгмийн ажилтан хүлээн авч Амьжиргааг дэмжих зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлнэ.
11.2. Хөтөлбөр хэрэгжүүлэх нэгж нь Амьжиргааг дэмжих зөвлөлийн хурлаар иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжгүй асуудлыг хянан үзэж шийдвэрлэнэ.
11.3. Иргэдээс тус нэгжид шууд хандаж ирүүлсэн өргөдөл, гомдлыг хянан үзэж, баталгаажуулсны үндсэн дээр шийдвэрлэх бөгөөд Амьжиргааг дэмжих зөвлөлд болон иргэнд хариу мэдэгдэнэ.
11.4. Хөтөлбөр хэрэгжүүлэх нэгж нь иргэдээс гаргасан өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн явцын мэдээ, тайланг сар бүр гаргаж Удирдах зөвлөлд танилцуулан дүгнэлтийг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
Арванхоёр. Бусад
12.1. Сум, хорооны Засаг дарга, Амьжиргааг дэмжих зөвлөл хөтөлбөрт хамрагдаж байгаа иргэдийн нэрийн жагсаалтыг нийт иргэдэд нээлттэй, ил тод байлгах үүргийг хүлээнэ.
12.2. Хуурамч баримт бичиг бүрдүүлэх, худал мэдээлэх зэргээр хөтөлбөрт хамрагдсан гэм буруутай этгээдэд эрх бүхий этгээд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
12.3. Хүнсний талон олгох иргэний тодорхойлолтыг үндэслэлгүйгээр болон хуурамчаар үйлдсэн, хүнсний талоныг тухайн иргэнд олгоогүй нийгмийн ажилтан, албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу эрх бүхий этгээд хариуцлага хүлээлгэж, буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ.
---о0о---
Текст томруулах
A
A
A