A

A

A

Бүлэг: 1979
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд, Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1998 оны A172 /167 тоот тушаалын нэгдүгээр хавсралт
 
 
ЭМЧИЛГЭЭНИЙ ЗОРИУЛАЛТЫН ХИЙГ, ҮЙЛДВЭРЛЭХ, ТЭЭВЭРЛЭХ, ХАДГАЛАХ ЖУРАМ
 
 
Нэг. Эмчилгээний зориулалтын хийг үйлдвэрлэх
 
Хүчилтөрөгч, азотын дутуу исэл зэрэг эмчилгээний зориулалтын хийг / цаашид "эмчилгээний зориулалтын хий" гэнэ/ үйлдвэрлэхэд Эрчим хүч, геологи уул уурхайн сайдын 1995 оны 330 дугаар тушаалаар баталсан " Даралтад савыг аюулгүй ашиглах дүрэм" болон тухайн үйлдвэрлэгчийн үйлдвэрлэл явуулах, аюулгүй ажиллагааны журмыг баримталж явуулна.
 
Хоёр. Эмчилгээний зориулалтын хийг тээвэрлэх журам
 
2.1. Эмчилгээний зориулалтын хийг тээвэрлэхийг өмнө дараах зүйлийг шалгана. Үүнд:
а. Хий бүхий баллоны хаалтны хамгаалах таг, хажуугийн штуцерт бөглөө, битүүмжийн бүрэн бүтэн эсэхийг шалгана.
б. Баллон тус бүр зөөлөвч бүстэй байгаа эсэхийг тус тус шалган хүлээн авч тээвэрлэнэ.
2.2. Баллон тээвэрлэхдээ 50 мм–ээс доошгүй диаметр бүхий резинэн цагираг 2 – ыг углан, бүдүүн олсыг баллоны дээр доор хоёр хэсэгт 5 – аас доошгүй эгнээ ороож бэхлэх, эсвэл дэр мод ашиглан босоо ба хөндлөн аль ч байрлалаар тээвэрлэж болно. Баллон нь холих хөдөлгөөнгүй байх шаардлагатай.
2.3. Баллонуудыг тээвэрлэх үед замын донсолгоонд савж ойчих, хөллөж ганхах, ойж шидэгдэхээс хамгаалж, хөдлөхгүй байхаар ачна.
2.4.  Баллонуудын толгойн штуцерийг машины бензиний банкны эсрэг талруу харуулж бэхэлнэ.
2.5. Хийтэй баллон тээвэрлэж буй машины тэвшин дээр тостой даавуу, тослох материал, тодорхой бензин шатахуун ачихыг хориглоно.
2.6. Зуны цагт эмчилгээний зориулалтын хий ачсан машины тэвшинд нарны гэрэл шууд тусах, + 35 С – ээс илүү халахаас болгоомжилж, баллоны толгойноос 1м – ээс дээш зайтай, урд хойгуураа онгорхой цагаан өнгийн бүрхүүл хийнэ. Бүрүүлийн гадна талыг кальцийн карбонат эсхүл цагаан шаврыг олифт зуурч будсан байна.
2.7. Цахилгаан бүхий бороотой үед машины аянгаас хамгаалах газардуулга хийнэ.
2.8. Эмчилгээний зориулалтын хийг тээвэрлэж байгаа тээврийн авто машины хурдыг цагт 40 км–ээс хэтрүүлэхгүй явах бөгөөд аль болох донсолгоо гаргахгүйгээр явж, 50 – 60км тутамд баллонуудын бэхэлгээг шалгаж байна.
2.9. Замд олноор бөөгнөрөн зогссон машин буюу буудлыг газар, айлаас 50 – 100 мерийн зайд салхины доод талд зогсооно.
2.10. Бензин түгээгүүрийн газарт өвлийн цагт 100 метр, зуны цагт 200 метрээс дотогш ойртож болохгүй. Бензин авахдаа нарийн холбоотой саваар зөөж, машины банкинд шлангаар соруулж хийнэ. Бензин хийх ү?дээ гуурс шургуулан, савна хоолой, бензины банкны амыг даавуугаар хучиж, бензин хэтэрхий дэгдэж, ууршихаас аль болох болгоомжилно.
2.11. Өвлийн цагт эмчилгээний зориулалтын хий ачсан машин дотор гал түлэх, бамбардан гэсгээхийг хориглоно.
2.12. Эмчилгээний зориулалтын хийг хэрэглэж дууссан үед баллон дотор үлдэгдэл даралт байх тул хоосон баллоны тээвэрлэх үед цэнэгтэй баллон тээвэрлэх бүх нөхцлийг хангасан байна. Ялангуяа хамгаалах таг, хажуугийн бөглөө заавал байх ёстой.
2.13. Баллоныг тостой даавуугаар арчих, тосыг цэвэрлэж байх үедээ тостой даавуу хүргэх, тамхи татах, гал гаргахыг цээрлэнэ.
2.14. Эмчилгээний зориулалтын хий ачсан машин дээр хүн тээвэрлэх, органик гаралтай зүйлүүд /ноос, арьс шир, мал, эсгий/, бусад эд бараа ачихыг цээрлэнэ.
2.15. Баллоны бүрэн бүтэн байдал, баталгаат хугацаа, аюулаас хамгаалах таг, штуцерийн бөглөөн зөв хийж, ломбодох бөгөөд баллоныг зөв тээвэрлэхэд бэлтгэх ажлыг хийгээр хангагч байгууллага хариуцна.
2.16. Эмчилгээний зориулалтын хий тээврийн автомашиныг энэхүү нөхцөлийн дагуу тоноглож, аюул саадгүй тээвэрлэхийг тээвэрлэгч байгууллага хариуцна.
2.17. Эмчилгээний зориулалтын хийг тээвэрлэхээр ачсаны дараа хангагч байгууллагын томилогдсон шалгагч энэхүү нөхцөлийн бүх шаардлага бүрэн хангагдсан эсэхийг шалгаж тусгай маягтыг бөглөж, жолоочоор гарын үсэг зуруулна.
2.18. Эмчилгээний зориулалтын хийг зохих газарт нь хүргэж өгмөгц дээрх маягтыг бөглөж, хүлээн авсан байгууллагын төлөөлөгч, жолооч хоёр гарын үсэг зуралцаж тэмдэг дарна.
2.19. Хоосон баллон ачих үед мөн маягтыг хэрэглэнэ.
2.20. Хангагч байгууллага эмчилгээний зориулалтын хий тээвэрлэх жолоочид энэхүү нөхцөлийг бүрэн танилцуулж, танилцсан тухай протокол хөтлөн гарын үсэг зуруулж хадгална.
2.21. Эмчилгээний зориулалтын хий ачсан автомашин нь аль ч шатахуун түгээгүүрийн газраас дараалал харгалзахгүйгээр шатахуун авах эрхтэй, түргэн тусламжийн болон аюултай ачаатай гэсэн таних тэмдэгтэй ажиллана.
2.22. Эмчилгээний зориулалтын хийг захиалагч эмийн сан, эмнэлэгийн байгууллага 2 цагийн дотор хүлээн авч, хоосон байгаа баллоныг ачиж өгнө.
 
Гурав. Эмнэлэгт эмчилгээний зориулалтын хийг хадгалах, хэрэглэх журам
 
3.1. Эмчилгээний зориулалтын  баллонтай хийг эмнэлэгт цоож, лацтай тусгай бэлтгэсэн өрөө буюу тусгаарласан байранд хадгална. Уг байр нь тогтмол, өрөөний хэмтэй ойролцоо хэмийн дулаантай байна.
3.2. Эмчилгээний зориулалтын хийг хадгалах өрөөнд баллоныг нарны гэрэл тусахгүй, халах хэрэгслээс нэгээс доошгүй метр зайтай байрлуулахаас гадна гал гарах, тостой зүйл ойртуулах, гадны хүн оруулахыг хориглоно.
3.3. Эмчилгээний зориулалтын хийн баллонуудыг тусгай бэлтгэсэн тавиур дээр босоо байдлаар бат бэх суулгаж, сайтар бэхэлж, баллонуудын хоорондын холбоо хоолойг нягт хийж, таглааг бүрэн тагласан байна.
3.4. Хэрэв бололцоотой бол эмнэлэгт эмчилгээний зориулалтын хийг төвлөрсөн системээр түгээнэ. Төвлөрсөн системд оруулах боломжгүй үед тасгуудад эмчилгээний зориулалтын хийг бага даралттай жижиг оврын баллон буюу тусгай зориулалтын уут /подушк/, эсвэл зэвэрдэггүй материалаар хийсэн гуурс ашиглаж түгээнэ. Эмчилгээний зориулалтын хийг олгохдоо техникийн аюулгүй ажиллагааг хатуу баримтлан гүйцэтгэнэ.
3.5. Төвлөрсөн систем бүхий газар хийг түгээхдээ баллоны штуцерт түгээх самбар /стенди/ - ын хоолойнуудыг холбож, баллоны хаалтыг онгойлгоно. Төвлөрсөн системгүй газар хийг олгоход ашиглах баллоны гадна талыг сайтар цэвэрлэж, гадуур нь ариутгасан бүтүү уут хийж, уутны гадна талд тухайн хийн нэр болон "Тостой зүйл болон галаас хол байлга" гэсэн санамжийг харагдахуйцаар бичсэн байна.
3.6. Тасаг, палатанд 100 атмосферийн даралт бүхий баллонтой, эмчилгээний зориулалтын хийг оруулахыг хориглоно.
3.7. Эмчилгээний зориулалтын хийг хадгалах, олгох ажлыг сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасгийн анестезиологч эмчийн / анестезиологч эмчгүй эмнэлэг бол эмнэлэгийн дарга эмч томилно / хяналтын дор эмнэлэгийн даргын тушаалаар томилогдсон ажилтан гүйцэтгэнэ.
3.8. Эмчилгээний зориулалтын хийн хадгалалт, зарцуулалтын байдалд анестезиологч эмч буюу даргын тушаалаар томилогдсон ажилтан байнгын, ерөнхий эмч, эмнэлэг эрхэлсэн орлогч давхар хяналт тавина.
3.9. Эмчилгээний зориулалтын хийн орлого, зарлагын талаар 2 дугаар хавсралтаар батлагдсан бүртгэлд тогтмол бичиж, урьдчилсан захиалгыг тогтмол хийж байна.
3.10. Суларсан баллонуудыг нэг дор цуглуулж хадгална.
3.11. Өвчтөнд мэс засал хийхэд болон хүнсний дараа зарцуулагдах эмчилгээний зориулалтын хийн хэмжээг анестезиологч эмч урьдчилан тооцож бэлтгүүлнэ.
3.12. Эмчилгээний зориулалтын хийн зориулалтын мэдээг анестезиологч эмч сар бүр гарган ерөнхий эмч, эмнэлэг эрхэлсэн орлогч даргад өгч байна.
3.13. Түргэн тусламжийн автомашины дотор эмчилгээний зориулалтын хийг тусгай зориулалт бүхий бага даралттай жижиг баллонтойгоор кузовын хажууд бэхэлсэн байна. Шаардлагагүй үел тусгай зориулалтын уут / подушк / - нд хийж болно.