- Нүүр
- Сайдын тушаал
- ЭМНЭЛГИЙН МАГАДЛАГАА ГАРГАХ НИЙТЛЭГ ЖУРАМ
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1999 оны А / 243 тоот
тушаалын 1 дүгээр хавсралт
ЭМНЭЛГИЙН МАГАДЛАГАА ГАРГАХ НИЙТЛЭГ ЖУРАМ
НЭГ. Ерөнхий зүйл
1.1. Хүний эрүүл мэндтэй холбогдсон аливаа асуудлаар эмч, эмнэлгийн байгууллагаас /өмчийн хэлбэр харгалзахгүй/ магадлагаа гаргахад энэхүү журмыг баримтална.
1.2. Эмнэлгийн магадлагааны үнэн магадтай эсэхийг тухайн магадлагааг гаргасан эмч, үүнийг баталгаажуулсан эмнэлгийн байгууллагын эрх баригч /эмчилгээ эрхэлсэн орлогч, амбулатор, поликлиникийн эрхлэгч/ нар хариуцна.
ХОЁР. Эмнэлгийн магадлагааны нэр төрөлд
2.1. Эмнэлэгийн магадлагаа нь дор дурдсан нэр төрөлд хуваагдана.
2.1.1. Хувь хүн өвчин, осол гэмтлийн улмаас хөдөлмөрийн чадвараа түр алдах, эмчлүүлэх, сувилуулах, жирэмслэх, амаржих, хиймэл эрхтэн хийлгэх, хөл хоригдох, өвчтөн асрах зэрэг асуудалтай холбогдуулан гаргах магадлагаа:
2.1.2. Өвчин болон осол гэмтлийн улмаас хөдөлмөрийн чадвараа удаан хугацаагаар алдсантай болон хөдөлмөрийн чадвараа хагас болон бүрэн алдсантай холбогдуулан гаргах магадлагаа:
2.1.3. Зарим онцлог тохиолдолд гаргах эмнэлгийн магадлагаа:
Шүүх эмнэлгийн болон шүүх – сэтгэц судлалын магадлагаа, цогцост задлан шинжилгээ хийсэн тухай магадлал:
2.1.4. Эрүүл мэндийн бүрдмэл үзлэгийн магадлагаа:
2.1.5. Бусад төрлийн магадлагаа
2.2. Эмнэлгийн магадлагаа гаргахад нэр төрлөөс нь хамаарсан өөр, өөр маягтууд хэрэглэх ба тэдгээрийн загварыг Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар батална.
ГУРАВ: Эмнэлгийн магадлагаа гаргах шаардлага, үндэслэл
3.1. Дараахи нөхцөл байдлууд нь эмнэлгийн магадлагаа гаргах шаардлага, үндэслэл болно. Үүнд:
3.1.1. Хувь хүн өөрөө эсвэл түүний ойр дотны хүн / эхнэр буюу нөхөр, эцэг, эх, ах дүүс, хууль ёсоор асран хамгаалагч, харгалзан дэмжигч /эмнэлгийн магадлагаа гаргуулахаар эмч, эмнэлгийн байгууллагад санал хүсэлт тавих:
3.1.2. Байгууллага аж ахуйн нэгжээс өөрийн ажилтны эрүүл мэндийн талаар дүгнэлт гаргуулахаар эмнэлгийн байгууллагад санал, хүсэлт тавих:
3.1.3. Хууль хяналтын байгууллагаас шүүх эмнэлгийн болон тусгайлан магадлагаа гаргуулахаар тогтоол, шийдвэр гаргах:
3.1.4. Тодорхой хүмүүсийн эрүүл мэндийн талаар тусгайлан магадлагаа гаргуулахаар төрийн байгууллагаас хүсэлт тавих:
3.2. Эмч, эмнэлгийн байгууллага нь тухайн хүний эрүүл мэндийн байдлыг тогтоосон үзлэг, шинжилгээ, эмчилгээ, сувилгааны үр дүн, цогцост хийсэн задлан шинжилгээний дүгнэлт, холбогдох бусад материал зэрэгт үндэслэн эмнэлгийн магадлагааг гаргана.
3.3. Магадлагаа гаргаж буй эмч, эмнэлгийн байгууллага нь тухайн нөхцөл байдалд тулгуурлаж, бодит үндэслэлтэй магадлагаа гаргах ба нэг асуудлаар зөрүүтэй буюу зөрчилтэй магадлагаанууд гаргаж болохгүй.
ДӨРӨВ: Эмнэлгийн магадлагаа гаргах ба олгох
4.1. Энэ журмын 2.1.1 – д заасан асуудлаар эмч дангаар магадлагаа гаргаж болох ба энэ тохиолдолд өөрийн албан тушаал, овог нэрийг бичиж, гарын үсгээ зурж, хувийн тэмдгээ дарж баталгаажуулна.
4.2. Журмын 2.1.2 – д заасан асуудлаар Эмнэлэг хяналтын комисс магадлагаа гаргана. Эмнэлэг хяналтын комиссын ажиллах дүрмийг Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар батална.
4.3. Шүүх эмнэлгийн магадлагааг шүүх эмнэлгийн шинжээчээр томилогдсон эмч, шүүх – сэтгэц судалгааны магадлагааг Шүүх, сэтгэц эмгэг судлалын магадлагаа хийх орон тооны бус байнгын комиссоос томилогдсон шинжээчдийн хэсэг, цогцост задлан шинжилгээ хийсэн тухай магадлагааг эмгэг судлаач эмч тус тус гаргана. Шүүх, сэтгэц эмгэг судлалын магадлагаа хийх орон тооны бус байнгын комиссын ажиллах зааврыг Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд батална.
4.4. 2.1.4 – д заасан магадлагааг өмчийн бүх хэлбэрээр аж ахуйн нэг байгууллагад шинээр орж буй хүмүүс ба мэргэжлийн сургуульд элсэгчдийг эрүүл мэндийн бүрдмэл үзлэгт, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа ажилтныг ажиллах явцад нь хугацаат үзлэгт, гэрлэхийн болон хүүхэд үрчлэхийг хүссэн үед, гадаадын иргэдийг гэр бүлийн байдлыг бүртгэх болон бусад тохиолдолд иргэдийг эрүүл мэндийн үзлэгт оруулсны үндсэн дээр гаргана. Үзлэгийг нарийн мэргэжлийн эмч нар хийж, дүгнэлтийг тухайн эмнэлэгийн эрх баригч /эмчилгээ эрхэлсэн орлогч, амбулатор, полилиникийн эрхлэгч/ баталгаажуулна.
4.5. Эмнэлгийн магадлагаа нь засваргүй, ойлгомжтой тодорхой дугаар, огноотой бичигдсэн байх ба түүн дээр магадлагаа гаргагч эмч, эмнэлгийн байгууллагын эрх баригч /амбулаторийн эрхлэгч, ерөнхий эмч, эмчилгээ эрхэлсэн орлогч/ нар албан тушаал, овог нэрээ бичиж, гарын үсгээ зурж, байгууллагын тэмдэг дарж баталгаажуулсан байна.
4.6. Эмнэлгийн магадлагааг хүсэлт тавьсан хувь хүнд өөрт нь эсвэл ойр дотны хүмүүст, түүнчлэн хүсэлт, шаардлага тавьсан албан байгууллага, аж ахуйн нэгжид олгоно.
4.7. Эмнэлгийн магадлагаа олгосон тухай тусгайлан бүртгэлийг дүн бүртгэгч эмч бүртгэх ба магадлагааны дугаар бүртгэлийн дугаартай тохирч байна.
4.8. Эмнэлгийн аливаа магадлагааг гаргах, олгох үйл ажиллагаа нь эмнэлгийн нууц болон эмчийн ёс зүйн хэм хэмжээнд нийцсэн байвал зохино.
4.9. Эмчлэгч, эмч, тасгийн эрхлэгч, эмнэлгийн байгууллагын эрх баригч, тусгайлаг томилогдсон комисс буюу шинжээчдийн хэсгээс бусад эмнэлгийн ажилтнууд эмнэлгийн магадлагаа гаргахыг хориглоно.
ТАВ: Хүлээлгэх хариуцлага
Энэхүү журмыг зөрчсөн буюу эмнэлгийн магадлагааг хуурамчаар үйлдсэн тохиолдолд буруутай этгээдэд холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Текст томруулах
A
A
A