A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • БАЙГАЛЬ ОРЧНЫ ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ЗӨРЧЛИЙГ ИЛРҮҮЛСЭН БУЮУ ЗӨРЧЛИЙН ТАЛААР БОДИТ МЭДЭЭЛЭЛ ӨГСӨН ИРГЭНД МӨНГӨН УРАМШУУЛАЛ ОЛГОХ ЖУРАМ
Бүлэг: 1979
Сангийн сайд, Байгаль орчны сайдын 2006 оны 342/366 дугаар 1 дүгээр тушаалын хавсралт
 
БАЙГАЛЬ ОРЧНЫ ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ЗӨРЧЛИЙГ ИЛРҮҮЛСЭН БУЮУ ЗӨРЧЛИЙН ТАЛААР БОДИТ МЭДЭЭЛЭЛ ӨГСӨН ИРГЭНД МӨНГӨН УРАМШУУЛАЛ ОЛГОХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.Байгаль орчны холбогдолтой хууль тогтоомжийг зөрчсөн аливаа үйлдлийг илрүүлэн арилгах, цаашид зөрчил гаргуулахгүй байхад иргэдийн оролцоо, идэвх санаачлагыг өрнүүлэх, дэмжих зорилгоор байгаль орчны хууль тогтоомжийн зөрчлийг илрүүлсэн буюу зөрчлийн талаар үнэн зөв мэдээлэл ирүүлсэн, зөрчлийг илрүүлэхэд бодит туслалцаа үзүүлсэн иргэнд мөнгөн урамшуулал олгоход энэхүү журмыг мөрдөнө.
Хоёр. Мэдээллийг хүлээн авах
2.Байгаль орчны аливаа зөрчлийн талаарх мэдээллийг Улсын мэргэжлийн хяналтын газар, аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчийн нэр дээр бичгээр ирүүлэх ба амаар өгсөн мэдээллийг заавал бичгийн хэлбэрт оруулж мэдээлэгчээр гарын үсэг зуруулсан байна. Байгаль орчны хяналтын улсын байцаагчид иргэнээс ирүүлсэн мэдээллийг байгууллагын бичиг хэрэгт бүртгүүлж удирдлагад танилцуулна.
З.Мэдээллийг Байгаль орчны яам, аймаг, нийслэлийн Байгаль орчны алба, газар, аймаг, нийслэл, сум, дүүрэг, хот, тосгоны Засаг дарга, Захирагчид ирүүлж болох бөгөөд эдгээр байгууллага, албан тушаалтан нь уг мэдээллийг нягтлан шалгуулж, зохих хариуцлага тооцуулахаар энэ журмын 2-т нэр дурьдсан байгууллага, албан тушаалтанд шилжүүлнэ.
4.Мэдээллийг хүлээн авсан төв байгууллага /УМХГ/ нь мэдээлэлд дурьдсан зүйлийг шалгуулахаар аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт, аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар нь сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчид шилжүүлж болно.
б.Монгол улсын болон гадаад улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, аль ч улсын иргэн биш харъяалалгүй хүмүүс энэхүү журмын дагуу мэдээлэл өгч болно.
6. Мэдээллийг хүлээн авахдаа бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолыг хохироохоор  гүтгэсэн,  бусдын  нэр төр,  алдар хүнд,  ажил  хэргийн болон иргэний нэр хүндийг нь гутаан доромжилсон нь шалгалтын явцад тогтоогдвол Эрүүгийн хуулийн 110, 111 дүгээр зүйлийн дагуу хариуцлага хүлээлгэхээр хууль хяналтын байгууллагад материалыг шилжүүлэх болно гэдгийг мэдээлэгчид урьдчилан ойлгуулж, энэ талаар баталгаа авч гарын үсэг зуруулна.
7.Иргэний мэдээлэл болон түүнд нэр дурьдсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, мэдээлэгчийн нэр хаягийг нууцлана.
Гурав. Мэдээлэлд тавих шаардлага, мэдээлэгчийн үүрэг хариуцлага
8.Мэдээлэлд зөрчил гарсан газар аймаг, сум, дүүрэг, баг, хороо, хот, тосгоны нэр, зөрчлийг илрүүлэгч, мэдээлэгч, гэрчийн этгээдийн овог нэр, хаяг ажлын газар, эрхэлдэг ажил, утасны дугаар, тэдэнтэй холбоо барих арга зам, тээврийн хэрэгсэл ашигласан бол түүний марк, дугаар, өнгө, содон тэмдэг, зөрчлийн хэлбэр, зөрчил гарсан газар түүнээс учирсан хохирол, хууль бус үйлдэлдээ ашигласан техник тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, мод ургамал, ашигт малтмал, ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн зэрэг биет зүйл, байгалийн аливаа нөөц баялгийг бэлтгэх, олборлоход хэрэглэх, ашиглахыг хуулиар хориглосон тоног төхөөрөмж, багаж хэрэгслэл, химийн хорт болон аюултай бодис бусад эд зүйлийг буулгасан, хадгалж, худалдаалж байгаа орон байр, агуулах, граж, контейнерийн байршил зэргийг аль болох тодорхой дурдсан байвал зохино.
9.Аливаа мэдээлэл нь бодитой бус, ам дамжсан яриа, сургаар сонссон буюу тодорхой иргэн, аж ахуйн нэгж байгууллагын нэр хүндийг гутаах зорилготой, хувийн өш хонзонгийн чанартай, зөрчлийн баримт нотолгоогүй, ул мөр нь арилсан, зөрчил үйлдэгч нь тодорхойгүй, гэрчийн этгээдгүй, худал ташаа байж болохгүй.
10.Мэдээлэлд дурдсан зөрчил нь тодорхойгүй, гэрчгүй, нотлох баримтгүй, гүтгэлгийн чанартай буюу буруу ташаа болох нь тогтоогдсон бол түүнээс үүдэн гарах гэм буруу, гарсан зардлыг тухайн мэдээлэгч хариуцна.
Дөрөв. Мэдээллийг хянан шийдвэрлэх
11.Мэдээллийг шалгаж шийдвэрлэх ажиллагаа Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу явуулна.
12.3өрчлийг илрүүлсэн буюу зөрчлийн талаарх мэдээллийг энэ журмын 2-т нэр дурдсан байгууллага, бүх шатны Засаг дарга нар байгаль орчны хяналтын улсын байцаагчид шилжүүлэн шуурхай шалгуулж барагдуулах арга хэмжээ авна.
13.Мэдээлэлд дурдсан зөрчлийг шалгаж шийдвэрлэх хугацаа Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу 30 хоног байх ба энэ хугацаанд багтаан шалгаж мэргэжлийн хяналтын байгууллага, байгаль орчны хяналтын улсын байцаагчийн хэмжээнд шийдвэрлэсэн бол уг зөрчлийг шалгаж барагдуулсан өдрөөс хойш ажлын 10 хоногт багтаан мэдээлэгчид хариу өгнө. Тухайн зөрчлийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах шаардлагатай бол энэ талаар мэдээлэгчид урьдчилан мэдэгдэх ба уг зөрчил эцэслэн шийдвэрлэгдсэний дараа мэдээлэгчид дээр дурьдсан хугацаанд багтаан эцсийн хариу өгнө.
14.Мэдээлэгч болон зөрчил гаргагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчны хяналтын улсын байцаагчийн шийдвэрийг зөвшөөрөхгүй бол гомдлоо холбогдох мэргэжлийн хяналтын байгууллагын удирдлагад, улмаар шүүхэд гаргаж болно.
Тав. Мэдээлэгчийг урамшуулах
15.Аливаа зөрчлийг илрүүлсэн буюу ноцтой зөрчлийн талаар цаг үеэ олсон бодитой үнэн зөв, тодорхой мэдээлэл ирүүлсэн иргэнд мөнгөн урамшуулал олгоно.
16.Мэдээлэлд дурдсан зөрчил нь хөдлөшгүй баримтаар нотлогдож эцэслэн шийдвэрлэгдсэн тохиолдолд зөрчил гаргагчид ногдуулсан торгууль, нөхөн төлбөрийн орлого нь зохих дансанд төлөгдсөний дараа уг торгууль, нөхөн төлбөрийн орлогын дүнгийн 15 хувиар тооцож мөнгөн урамшууллыг мэдээлэгчид олгоно.
17.Энэ журамд дурьдсан мөнгөн урамшуулал нь байгаль орчны хяналтын орон тооны бүх шатны байцаагч, байгаль хамгаалагчдад хамаарахгүй.
18.Байгаль орчны ноцтой зөрчлийг илрүүлсэн, эсвэл зөрчлийн талаар мэдээлэл өгсөн, зөрчлийг илрүүлэхэд бодит туслалцаа үзүүлсэн иргэн нь мэдээллийнхээ хариуг авсаны дараа мөнгөн урамшуулал авах тухай хүсэлтээ нутаг дэвсгэрийн харъяалсан тухайн шатны Засаг даргад хандаж өргөдөл бичнэ.
19.Өргөдлийг хүлээн авсан байгууллагын удирдлага нь уг мэдээллийн мөрөөр шалгалт хийсэн байгаль орчны хяналтын улсын байцаагчаас албан ёсны тодорхойлолт гаргуулсны үндсэн дээр торгууль, нөхөн төлбөрийн орлогын 15%-тай тэнцэх мөнгөн урамшуулал олгох талаар шийдвэр гаргана.
            2О.Мэдээллийн   дагуу   хяналт   шалгалт   хийх явцад тухайн мэдээлэлд дурьдагдаагүй бусад зөрчил илэрсэн тохиолдолд уг зөрчлийг үйлдсэн этгээдэд ногдуулсан торгууль,нөхөн төлбөрийн   орлогоос мэдээлэгчид урамшуулал олгохгүй.
21.Мэдээлэгчид мөнгөн урамшуулал олгох тухай эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг үндэслэн тухайн байгууллагын санхүү урамшууллыг эзэнд нь саадгүй олгох ажлыг хариуцан гүйцэтгэнэ.
Зургаа. Мэдээлэгчийг урамшуулах санхүүгийн эх үүсвэр
22.Мэдээлэгчийг урамшуулахад шаардагдах торгууль, нөхөн төлбөрийн орлогын 15%-ийг зөрчил гаргагчид ногдуулж төв орон нутгийн төсвийн орлого /төрийн сан/-ын дансанд оруулсан торгууль, нөхөн төлбөрийн орлогоос гаргана.
Долоо.Бусад зүйл
23.Мэдээллийг хүлээн авснаас хойш хууль тогтоомжид заасан. хугацаанд шалгаж шийдвэрлээгүй, хариу өгөөгүй, мэдээлэл шалгах ажилд хариуцлагагүй хандсан, мэдээллийн нууцыг задруулсан, мэдээлэгчид олгох урамшууллыг олгоогүй, дутуу, буруу олгосон албан тушаалтанд зохих хууль тогтоомжийн дагуу хариуцлага ногдуулна.
24, Энэ журамд заасан урамшууллыг Амьтны аймгийн тухай хуулийн 26 дугаар зүйлд дурдсан урамшуулалтай давхардуулан олгохгүй бөгөөд уг хуульд дурдсан урамшуулалыг олгохдоо энэхүү журмыг баримтлана.
-оОо-