A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ПЕСТИЦИД, ХИМИЙН БОРДОО, АХУЙН ХОРТОН ШАВЖ, МЭРЭГЧ УСТГАЛЫН БОЛОН АРИУТГАЛ, ХАЛДВАРГҮЙТГЭЛИЙН БОДИСЫГ ТУРШИХ, АШИГЛАХ ЖУРАМ /БОАЖС, ХХААХҮС, ЭМС-ын хамтарсан 2018 оны А/319,А-147,А/353 дугаар тушаалаар хүчингүй/
Бүлэг: 1979
/БОАЖС, ХХААХҮС, ЭМС-ын хамтарсан 2018 оны А/319,А-147,А/353 дугаар тушаалаар хүчингүй/
 
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд,  Хүнс, хөдөө аж ахуй,
                                                                   хөнгөн үйлдвэрийн сайд, Эрүүл мэндийн сайдын
                                            2009 оны 03 дугаар сарын 18 - ны  өдрийн 63/67/87 дугаар тушаалын  хавсралт
 
ПЕСТИЦИД, ХИМИЙН БОРДОО, АХУЙН ХОРТОН ШАВЖ, МЭРЭГЧ УСТГАЛЫН БОЛОН АРИУТГАЛ, ХАЛДВАРГҮЙТГЭЛИЙН БОДИСЫГ ТУРШИХ, АШИГЛАХ ЖУРАМ
 
Нэг.Ерөнхий зүйл
 
1.1.      Монгол Улсын нутаг дэвсгэрт пестицид, химийн бордоо, ахуйн хортон шавж, мэрэгч устгалын болон ариутгал, халдваргүйтгэлийн бодисыг /цаашид бодис гэх/ турших, улсын бүртгэлд бүртгүүлэх, ашиглах, улсын бүртгэлээс хасах, шаардлага хангахгүй бодисыг устгах асуудлыг зохицуулахад энэхүү журмыг мөрдөнө.
 
1.2.      Ургамал хамгаалах бодисыг ашиглах зохистой хугацаа, тун, хэрэглэх технологи болон байгаль орчин, амьд бие махбодид үзүүлэх нөлөөллийг мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллагаас шинжлэх ухааны үндэслэлтэй нарийвчлан тогтоохыг "Ургамал хамгаалах бодисыг турших" гэнэ.
 
1.3.      Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн, шинэ дэвшилтэт техник, технологи ашиглан гадаад оронд болон дотоодод үйлдвэрлэсэн ургамал хамгаалах бодисыг сонгож турших ажиллагааг зөвхөн Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэн /цаашид "хүрээлэн" гэх/ хариуцан гүйцэтгэнэ.
1.4.      Хүрээлэн нь ургамал хамгаалах бодисыг өөрсдөө сонгож туршихаас гадна импортлогч болон үйлдвэрлэгчийн хүсэлтээр туршиж болно.
 
1.5.      Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх химийн хортой бодисын бодлого, зохицуулалтын асуудлаар мэргэжлийн санал дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус  салбар зөвлөл /цаашид "салбар зөвлөл" гэх/ пестицид, химийн бордоо, мал эмнэлгийн зориулалттай ариутгал, халдваргүйтгэлийн бодисыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх салбар зөвлөл ахуйн хортон шавж, мэрэгч устгалын болон ариутгал, халдваргүйтгэлийн бодисыг туршсан дүнг үндэслэн тус тус хэлэлцэж, холбогдох санал, дүгнэлтийг гаргана. 
 
1.6.      Технологийн болон хэрэглээний шаардлага хангахгүй болсон, хугацаа дууссан бодисыг тухайн жилд ашиглах бодисын жагсаалтаас гаргаснаар бодисыг бүртгэлээс хасах" гэнэ.
 
 1.7.     Хэрэглээнээс хасагдсан, технологийн болон хадгалалтын буруугаас ашиглалтын шаардлага хангахгүй болсон  пестицид, химийн бордоо, ахуйн хортон шавж, мэрэгч устгалын болон ариутгал, халдваргүйтгэлийн бодисыг "Химийн хортой болон аюултай бодис хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах" журмын дагуу саармагжуулж, устгаж, булшлахыг "пестицид, химийн бордоо, ахуйн хортон шавж, мэрэгч устгалын болон ариутгал, халдваргүйтгэлийн бодисыг устгах" гэнэ.
1.8.      Монгол улсад тухайн жилд ашиглаж болох пестицид, химийн бордоо, ахуйн хортон шавж, мэрэгч устгалын болон ариутгал, халдваргүйтгэлийн бодисын жагсаалтад оруулж, байгаль орчин, хөдөө аж ахуй болон эрүүл мэндийн  асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдийн хамтарсан тушаалаар баталгаажуулахыг "Ургамал хамгаалах бодис, химийн бордоо, ахуйн хортон шавж, мэрэгч устгах, халдваргүйжүүлэх химийн бодисыг улсын бүртгэлд бүртгэсэнд тооцно."
1.9.      Пестицид, химийн бордоо, ахуйн хортон шавж, мэрэгч устгалын болон ариутгал, халдваргүйтгэлийн бодисыг импортлох, экспортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах үйл ажиллагааг эрхлэхдээ "Химийн хорт болон аюултай бодисыг импортлох, экспортлох, хил дамжуулан тээвэрлэх, үйлдвэрлэх, худалдах журам"-ын холбогдох заалтыг мөрдөнө.
1.10.   Пестицид, химийн бордоо, ахуйн хортон шавж, мэрэгч устгалын болон ариутгал, халдваргүйтгэлийн бодисыг хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах үйл ажиллагааг гүйцэтгэхдээ "Химийн хорт болон аюултай бодисыг хадгалах, тээвэрлэх, ашиглах, устгах журам"-ын холбогдох заалтыг мөрдөнө.
 
 
Хоёр. Ургамал хамгаалах бодисыг туршихад тавигдах шаардлага
 
 
2.1.      Ургамал хамгаалах бодисыг турших сектор, лаборатори, эрдэм шинжилгээний ажилтан, арга зүй, байршлыг хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэнэ.
 
2.2.      Ургамал хамгаалах бодисыг туршигч байгууллага нь бодис тус бүрийн хэрэглэх зохистой хугацаа, тун, хэрэглэх технологийг хээрийн болон лабораторийн хоёроос доошгүй удаагийн туршилтын үр дүнд үндэслэн тогтооно.
 
2.3.      Ургамал хамгаалах бодисыг турших явцад ус, хөрс, ургамалд байх үлдэгдэл бодисын хэмжээг холбогдох итгэмжлэгдсэн лабораториор шинжлүүлж,  дүнг гаргуулсан байна.
 
2.4.      Ургамал хамгаалах бодисыг туршсан дүн, түүнийг хэрэглэх технологи, заавар, зөвлөмжийг хүрээлэнгийн эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж, улсын бүртгэлд бүртгүүлэх, эсэх талаар шийдвэр гаргана.
 
2.5.      Хүрээлэнгийн захиргаа нь Эрдмийн зөвлөлийн шийдвэрийг үндэслэн тухайн ургамал хамгаалах бодисыг туршсан дүнг холбогдох салбар зөвлөлд  танилцуулж, шийдвэрлүүлнэ.
 
2.6.      Холбогдох салбар зөвлөл нь тухайн бодисын физик, химийн шинж чанар, туршсан дүн, итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүнг үндэслэж улсын бүртгэлд бүртгэх эсэх талаар санал, дүгнэлт гаргана.
 
2.7.      Туршилтын зориулалтаар импортлох ургамал хамгаалах бодисын хэмжээ 50 кг, эсвэл литрээс ихгүй байна.
 
2.8.      Туршилтын зориулалтаар импортлох ургамал хамгаалах бодисын талаар хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв  байгууллагад мэдэгдэж, урьдчилан зөвшөөрөл авсан байна.
 
2.9.      Турших зорилгоор ургамал хамгаалах бодисыг импортлох зөвшөөрөл авахдаа дараахь мэдээллийг бүрдүүлж ирүүлнэ. Үүнд:
 
            2.9.1. Бодисын нэр, томъёо;
            2.9.2. Худалдааны болон техникийн нэр;
            2.9.3. Олон улсын бүртгэлийн дугаар, /CAS №/;
            2.9.4. Ашиглах газар, зориулалт, хугацаа, тоо хэмжээ;
            2.9.5. Физик, химийн болон хор аюулын шинж, чанар;
            2.9.6. Болзошгүй осол, эрсдлийн үед авах арга хэмжээ;
2.9.7. Тухайн бодисыг таних, дээж авах, түүнийг шинжлэх арга зүй;
2.9.8  Тухайн бодис, түүний хольц, (сав, баглаа боодол) хаягдлыг устгах аргачлал, тээвэрлэх, хадгалах арга. 
 
2.10.   Ургамал хамгаалах бодисыг шинжлэх, турших, бүртгэх үйл ажиллагаатай холбогдсон зардлыг тухайн бодисыг туршуулж буй этгээд буюу импортлогч болон үйлдвэрлэгч тал бүрэн хариуцна.
 
 
Гурав. Пестицид, химийн бордоог улсын бүртгэлд бүртгэхэд тавих шаардлага
 
3.1. Пестицид, химийн бордоог дараахь нөхцлийг хангасан тохиолдолд улсын бүртгэлд бүртгэнэ. Үүнд:
3.1.1. Тухайн бодисын сорилт, туршилтын дүнгийн дэлгэрэнгүй тайланг ирүүлсэн байх;
3.1.2. Тухайн бодисыг хэрэглэх арга технологи, ашиглах, хадгалах заавар зөвлөмжийг боловсруулж баталгаажуулсан байх;
3.1.3.  Тухайн бодисын үйлчлэх бодис, эзлэх хувь, хэмжээ, найрлага, томъёо нарийвчлан тогтоогдсон байх;
3.1.4. Бодисыг хэрэглэх хугацаа, тунгийн хязгаар, сөрөг нөлөө, үйлчлэлийн чанар нь лабораторийн болон талбайн сорилтоор нотлогдсон байх;
3.1.5. Бодисыг үйлдвэрлэх нөхцөл нь олон улсын болон тухайн орны үйлдвэрлэлийн практикт тавигддаг стандарт, эрүүл ахуйн шаардлагыг хангасан байх;
3.1.6. Тухайн бодисыг дотоодод үйлдвэрлэсэн бол түүнийг үйлдвэрлэх технологийн заавар, улсын стандарт буюу техникийн нөхцлийг тодорхойлсон байх;
3.1.7. Tухайн бодис нь олон улсын хэрэглээнд зөвшөөрөгдсөн, үйлдвэрлэгч улсад бүртгэгдэж хоёроос доошгүй жил практикт хэрэглэгдсэн байх.
 
3.2.      Ургамал хамгааллын бодисын хувьд энэ журмын  2.9-д, мал эмнэлгийн зориулалттай ариутгал, халдваргүйтэлийн бодисын хувьд 4.1-д заасан мэдээллийг тус тус  бүрдүүлсэн байх.
 
Дөрөв. Ахуйн хортон шавж, мэрэгч устгалын болон ариутгал, халдваргүйтгэлийн бодисыг улсын бүртгэлд бүртгэхэд тавих шаардлага
 
4.1. Ахуйн хортон шавж, мэрэгч устгалын болон ариутгал, халдваргүйтгэлийн бодисыг дараахь нөхцлийг хангасан тохиолдолд улсын бүртгэлд бүртгэнэ. Үүнд:
4.1.1. Тухайн бодисын дагалдах сертификат
4.1.2. Тухайн бодисын нэршил, олон улсын бүртгэлийн дугаар, найрлага, шинж чанар, болзошгүй эрсдэл, ашиглах тун, заавар, хадгалах, устгах аргачлал зэрэг мэдээллийг агуулсан хор аюулын лавлах мэдээлэл;
4.1.3.  Тухайн бодисыг итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлсэн шинжилгээний дүн; 
4.1.4. Итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүгнэлтийг үндэслэн улсын мэргэжлийн хяналтын албаар дүгнэлт гаргуулна.   
4.2.  Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх салбар зөвлөл нь тухайн бодисын физик, химийн шинж чанар болон бусад холбогдох материалыг үндэслэж улсын бүртгэлд бүртгэх эсэх талаар санал, дүгнэлт гаргана.
 
Тав. Пестицид, химийн бордоо, ахуйн хортон шавж, мэрэгч устгалын болон ариутгал, халдваргүйтгэлийн бодисыг улсын бүртгэлд бүртгэх
 
5.1.      Энэхүү журмын 2 болон 3 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан ургамал хамгаалах бодисыг салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж холбогдох санал, дүгнэлт гаргуулах асуудлыг хүрээлэн хариуцан гүйцэтгэнэ.
5.2. Энэхүү журмын 4 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан ахуйн хортон шавж, мэрэгч устгалын болон ариутгал, халдваргүйтгэлийн бодисыг салбар зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж холбогдох санал, дүгнэлт гаргуулах асуудлыг тухайн бодисыг импортлох хүсэлт гаргасан аж ахуйн нэгж хариуцна.
 
5.3. Салбар зөвлөлийн санал, дүгнэлтийг үндэслэн тухайн жилд Монгол Улсад ашиглаж болох пестицид, химийн бордоо, ахуйн хортон шавж, мэрэгч устгалын болон ариутгал, халдваргүйтгэлийн бодисын жагсаалтад оруулж баталгаажуулах асуудлыг холбогдох төрийн захиргааны төв байгууллага /хүнс, хөдөө аж ахуйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн/ хариуцан гүйцэтгэнэ.
 
5.4. Хөдөө аж ахуйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь бүртгүүлсэн бодисын талаар дэлгэрэнгүй бүртгэл хөтөлнө.
 
Зургаа. Пестицид, химийн бордоо, ахуйн хортон шавж, мэрэгч устгалын болон ариутгал, халдваргүйтгэлийн бодисыг улсын бүртгэлээс хасах
 
6.1.      Пестицид, химийн бордоо, ахуйн хортон шавж, мэрэгч устгалын болон ариутгал, халдваргүйтгэлийн бодисыг улсын бүртгэлээс хасах асуудлыг мэргэжлийн хяналтын болон эрдэм шинжилгээний байгууллага, холбогдох салбар зөвлөлийн санал, дүгнэлтийг үндэслэн Байгаль орчин,  Хүнс, хөдөө аж ахуй болон Эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагууд  хамтран шийдвэрлэнэ.
 
6.2.      Тухайн бодисыг улсын бүртгэлээс дор дурьдсан нөхцөлд хасна. Үүнд:
6.2.1. Хэрэглээний явцад бодисын физик, химийн чанар, үйлчлэл нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон;
6.2.2. Хүн болон халуун цуст амьтад, байгаль, ургамалд сөрөг нөлөөтэй болох нь тогтоогдсон;
6.2.3  Олон улсын байгууллагаас ашиглахыг хориглосон.
 
Долоо. Пестицид, химийн бордоо, ахуйн хортон шавж, мэрэгч устгалын болон ариутгал, халдваргүйтгэлийн бодисыг ашиглах
 
7.1. Тухайн жилд ашиглаж болох пестицид, химийн бордоо, ахуйн хортон шавж, мэрэгч устгалын болон ариутгал, халдваргүйтгэлийн бодисын жагсаалтыг Байгаль орчин болон Хүнс, хөдөө аж ахуй, Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдийн хамтарсан тушаалаар  баталсан  өдрөөс эхлэн ашиглахыг зөвшөөрнө.
 
7.2.      Тухайн жилд ашиглаж болох пестицид, химийн бордоо, ахуйн хортон шавж, мэрэгч устгалын болон ариутгал, халдваргүйтгэлийн бодисын жагсаалтад орсон бодисыг холбогдох заавар зөвлөмжийн дагуу зориулалтаар нь ашиглана.
 
 
-----оОо------