A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ОЛОН УЛСЫН БОЛОН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖААР ЗОРЧИЖ БУЙ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭС ТӨЛБӨР ХУРААХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ /ЗТХС-ын 2018 оны 273-р тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/ЗТХС-ын 2018 оны 273-р тушаалаар хүчингүй болсон/

Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын

2006 оны 127 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт

 

ОЛОН УЛСЫН БОЛОН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖААР ЗОРЧИЖ БУЙ

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭС ТӨЛБӨР ХУРААХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ

 

Нэг.Ерөнхий зүйл

1.1.Энэхүү журмын зорилго нь Монгол улсын Засгийн газрын 2002 оны 177 дугаар тогтоолоор батлагдсан. "Олон улс болон улсын чанартай авто замаар зорчиж буй тээврийн хэрэгслээс төлбөр авах журам"-ыг хэрэгжүүлэх зорилгоор төлбөр хураах цэгийн үйл ажиллагааг зохион байгуулах, төлбөр хураамжийг улсын замын санд төвлөрүүлэх, түүнийг захиран зарцуулах, үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх, хяналт тавих үйл ажиллагааг зохицуулахад оршино.

1.2.Төлбөрийг захиран зарцуулах, санхүүжүүлэх, хяналт тавих үйл ажиллагаа нь Монгол Улсын "Авто замын тухай" хууль, Санхүү эдийн засгийн сайдын /хуучин нэрээр/ 2001 оны 174 дүгээр тушаалаар батлагдсан "Улсын төвлөрсөн төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ, барилга байгууламж, угсрагдахгүй тоног төхеөрөмж, их засварын ажлыг төлөвлөх, санхүүжүүлэх, хяналт тавих журам"-д нийцсэн байна.

Хоёр.Төлбөр авах үйл ажиллагаа

2.1.Олон улсын болон улсын чанартай авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр хураах ажлыг энэхүү журмын дагуу Авто замын хяналт судалгааны төв зохион байгуулж, хэрэгжүүлнэ.

2.2.Төлбөр хураах ажлыг төлбөртэй замын эхлэл, төгсгөлийн болон бусад боломжтой цэг дээр автомашины хөдөлгөөнд саад учруулахгүй байхаар зохион байгуулна.

2.3.Улсын чанартай авто замын чиглэлийн эхлэлийн цэг дээр төлсөн хураамжийн тасалбар нь тухайн чиглэлдээ болон дараагийн төлбөр хураах цэг хүртэл хүчинтэй. Төлбөр хураах эхлэлийн цэгээр нэвтэрсэн тухай бүрт нь цаг хугацаанаас үл хамааран төлбөр хураамж авна.

2.4.Эхлэл төгсгөлийн цэг нь тухайн чиглэлийн дугаар бүхий замаар хязгаарлагдах бөгөөд дараагийн чиглэл буюу өөр дугаартай чиглэлийн замаар үйлчлүүлэхдээ төлбөр төлнө. Тухайн чиглэлийн төгсгөлийн цэг нь эсрэг урсгалдаа эхлэлийн цэг болно.

2.5.Төлбөр төлсөн тухай баримт, тасалбарыг тээврийн хэрэгслийн жолоочид олгоно. Тээврийн хэрэгслийн жолооч нь чиглэлийн эхлэл дээр төлбөр төлөөгүй, тасалбараа үрэгдүүлсэн зэрэг тохиолдолд төгсгөлийн цэг дээр төлбөрийг нөхөн төлнө.

2.6.Тасалбар нь төлбөртэй замын чиглэлийн дугаар, чиглэлийн нэр, төлбөр хураах цэгийн нэр, олгосон огноог тусгасан санхүүгийн тэмдгээр баталгаажсан үнэт цаас байна.

2.7.Улсын чанартай авто замаар зорчиж буй тээврийн хэрэгслээс тарифын дагуу хураах хураамжийн хэмжээг заасан төлбөр хураах тасалбарыг хэвлэж, байгууллагуудад тараах, холбогдох тооцоо хийх ажлыг Авто замын хяналт судалгааны төв хариуцана.

2.8.Авто тээврийн хэрэгслээс авах авто зам ашигласны төлбөрийг зөвхөн Засгийн газрын 2002 оны 177 дугаар тогтоолоор тогтоосон хэмжээг баримтлан тээврийн хэрэгслийг даац, суудлын тооноос хамааруулан ялгавартайгаар авна.

2.9.Дуут болон гэрлэн дохио ажиллуулан албан үүргээ гүйцэтгэж байгаа эмнэлгийн түргэн тусламж, цагдаа, гал унтраах байгууллагын болон бүх төрлийн цуваагаар зорчиж буй тээврийн хэрэгслийг төлбөрөөс чөлөөлнө.

2.10.Тогтоосон чиглэлд байнгын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд авто зам ашигласны төлбөрийг урьдчилан төлж болно. Энэ тохиолдолд үнийн дүнгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний хөнгөлөлтийг үзүүлж зөвшөөрлийн бичиг олгоно.

2.11.Төлбөртэй авто зам, замын байгууламж, чиглэлийн талаарх мэдээллийг авто замын сүлжээний зурагт тэмдэглэн нийтэд зарлан мэдээлнэ.

2.12.Нэг тээврийн хэрэгслээс төлбөр авах үйл ажиллагааг шаардлага үүсээгүй тохиолдолд 1-3 минутаас хэтрүүлэхгүй хугацаанд гүйцэтгэнэ.

Гурав.Төлбөр хураах цэгийн үйл ажиллагаа

3.1.Улсын чанартай авто зам ашигласны төлбөрийг Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын тушаалаар батлаж, төлбөр авах зориулалтаар зохион байгуулж тусгайлан тоноглож нийтэд зарлан мэдээлсэн олон улсын болон улсын чанартай авто зам болон гүүрэн дээрх цэгт авна.

3.2.Төлбөр хураах цэг нь байнгын ба байнгын бус ажиллагаатай байж болох ба тэдгээрт төлбөр хураах цэгийн ахлагч, төлбөр хураагчид болон шаардлагатай тохиолдолд авто тээврийн улсын байцаагч, тээврийн зохицуулагч, гэрээт цагдаа, хамгаалагч нар байрлан үйл ажиллагаа явуулна.

3.3.Төлбөр хураах цэгийн ахлагч нь ажиллагсдын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулахын хамт цэгийн бүх өмч хөрөнгийн ашиглалт, хадгалалтанд хяналт тавьж бүрэн бүтэн байдлыг хариуцна.

З.4.Төлбөр хураах цэгийн байр нь ажил үүрэг гүйцэтгэхэд тохиромжтой, гэрэлтүүлэг бүхий тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад болохгүй, автомашин зогсоох тусгай зогсоол бүхий объект байх бөгөөд тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад болохгүйгээр авто замын тэнхлэгийн дунд байрлаж болно.

З.5.Төлбөр авах цэгт тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүйгээр түр зогсоох хаалт, хурд сааруулагчийг байрлуулна. Хөдөлгөөний хурд сааруулах заалт тэмдэг болон хууль тогтоомж, үйл ажиллагааг сурталчилсан самбарыг замын хөдөлгөөний хуулийн холбогдох заалтыг баримтлан байрлуулж болно.

3.6.Төлбөр хураах цэг дээр ажиллаж байгаа гэрээт цагдаа, зам тээврийн улсын байцаагч нар нь төлбөр хураах ажиллагааны үед авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.

3.7.Төлбөр хураагчид ажилласан хоногт нь үндсэн цалин олгохоос гадна орлогын дүнгээс 10%-иар бодож нэмэгдэл цалин олгоно. Төлбөр хураагч төлөвлөгөө тасласан, хөдөлмөрийн сахилга алдсан тохиолдолд байгууллагын удирдлагын бичгээр гаргасан шийдвэрээр нэмэгдэл олгох хувь хэмжээ болон хугацааг тодорхой хугацаагаар бууруулж болно.

3.8.Төлбөр хураагч нь цэгийн ахлагчийг байлцуулан дараагийн ээлжийн төлбөр хураагчид үлдэгдэл тасалбар болон ажлын байрны эд хогшил, бусад тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгнө. Цэгийн ахлагч нь тухайн өдрийн орлогыг хүлээн авч, улсын авто замын сангийн харилцах дансанд тушаах ба сарын эцэст төлбөр хураагч бүртэй үнэт цаасны тооцоог хийж, тайлан гаргаж өгнө.

3.9.Улсын чанартай авто замаас төлбөр хураах цэгийн бүтэц, орон тоо, үндсэн ба нэмэгдэл цалингийн хэмжээ, үйл ажиллагааны зардлын нэр төрөл, тоо хэмжээний төлөвлөгөөг Авто замын хяналт, судалгааны төвийн боловсруулсан саналыг үндэслэн Зам, тээвэр, аялал жуулчлалын яамнаас жил бүр баталж байна.

 3.10.Төлбөр хураах цэгт орсон төлбөр хураамжийг төвлөрсөн орлогын дансанд ажлын 3 хоногт багтаан тушаах ба түүгээрээ зарцуулах мөн батлагдсан зардлын төлөвлөгөөг хэтрүүлэхийг хориглоно.

3.11.Авто замын хяналт судалгааны төвөес төлбөр хураах цэгийн үйл ажиллагааны санхүүгийн тайланг холбогдох стандарт, журмын дагуу улирал тутам гаргаж Зам, тээвэр, аялал жуулчлалын яаманд хүргүүлж байна.

3.12.Зарим төлбөр хураах цэгийг тухайн чиглэлийн хөдөлгөөний эрчмийн судалгааг үндэслэн, бусад аж ахуйн нэгж, иргэдэд тодорхой нөхцөлтэйгээр гэрээгээр түрээслүүлж болно.

Дөрөв.Төлбөрийн зориулалт

4.1.Олон улсын болон улсын чанартай авто замаар зорчиж буй тээврийн хэрэгслээс тогтоосон тарифын дагуу төлбөр авч улсын замын санд төвлөрүүлсэн төлбөрийг дараах үйл ажиллагаа, төсөл арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна. Үүнд:

4.1.1.Төлбөр авах цэгийн үйл ажиллагааны зардалд,

4.1.2.Төлбөр авах цэгийн барилгыг шинээр барих, шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгсэл худалдан авах, ажлын байрыг тохижуулах зардалд,

4.1.3.Төлбөр авч байгаа тухайн чиглэлийн замын засвар арчлалт болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах төсөл, арга хэмжээнд,

4.1.4.Авто замын тухай болон төлбөр хураах цэгийн үйл ажиллагааны талаар гарсан эрхийн актууд, холбогдох хууль тогтоомжийг олон нийтэд тайлбарлан таниулах, сурталчлахад,

4.2.Төлбөр авах цэгийн үйл ажиллагааны захиалагчийн хяналтыг Авто замын хяналт судалгааны төвөөс тавих бөгөөд энэ ажиллагааны зардлыг төлбөр авах цэгийн орлогын 2 хувиар бодож санхүүжүүлнэ.

Тав.Төлбөр хураах цэгийн үйл ажиллагааны санхүүжилт

5.1.Төлбөр авах цэгийн сар бүрийн орлого, үйл ажиллагааны зардлын гүйцэтгэл, ажлын тайланг цэгийн ахлагчаас сар бүрийн 30-наар тасалбар болгон Авто замын хяналт судалгааны төвд хүргүүлнэ.

5.2.Төлбөр авах цэгүүдийн үйл ажиллагааны зардлын гүйцэтгэлд тухайн төлбөр авах цэгээс улсын замын санд тушаасан орлогын баримтын хуулбар, үнэт Цаасны тооцоо бодсон акт болон зардал гарсан болохыг нотлох хүчин төгөлдөр санхүүгийн баримтуудын баталгаажсан хуулбаруудыг хавсаргана.

5.3.Авто замын хяналт судалгааны төвөөс зардлыг зохих журмын дагуу бүрдүүлж, баримтжуулан Зам, тээвэр, аялал жуулчлалын яаманд хүргүүлэх ба яамны Авто замын газар, Санхүү, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны газрууд тус бүр ажлын 5 өдөрт багтаан хянаж, баталгаажуулан санхүүжүүлэх эсэхийг шийдвэрлэнэ.

5.4.Төлбөр авах цэгийн жилийн орлогын төлөвлөгөөг давуулан биелүүлсэн тохиолдолд давсан орлогын дүнгийн 10 хүртэл хувийг тухайн төлбөр авах цэгийн ажилтан, ажилчдад урамшуулал болгон олгоно.

5.5.Төлбөр авах цэг нь батлагдсан орлогын улирлын төлөвлөгөөг биелүүлээгүй, тасалсан тохиолдолд тухайн улирлын үйл ажиллагааны зардлыг 10% -иар хасч санхүүжүүлнэ.

Зургаа. Бусад зүйл

6.1.Төлбөр авах цэгийн үйл ажиллагаанд тухайн чиглэлийн зам хариуцагч байгууллагын инженер, санхүүгийн ажилтан болон Авто замын хяналт, судалгааны төвийн бүс нутаг хариуцсан хяналтын инженер, эдийн засагчид хяналт тавина.

6.2.Төлбөр авах цэгийн ажиллах хэвийн нөхцөл, ажиллагсдын аюулгүй байдлыг Авто замын хяналт, судалгааны төв түүнээс томилогдсон ажилтан, цэгийн ахлагч нар бүрэн хариуцна.

6.3.Авто зам, замын байгууламж, төлбөр авах цэгээс 50 м-ийн тойрогт үйлдвэр, үйлчилгээ, худалдаа явуулахыг хориглоно.

6.4.Төлбөр хураах цэг нь хөдөлгөөний эрчмийн тооллого, судалгааны ажлыг "Хөдөлгөөний эрчмийн тооллого хийх" журамд заасны дагуу хийж гүйцэтгэнэ. Хөдөлгөөний эрчмийн тооллогын автомат тоологч тавьсан тохиолдолд автомат тоологчийн ашиглалтын байдалт хяналт тавьж ажиллана.

6.5.Монгол улсын Засгийн газрын 2002 оны 177 дугаар тогтоол, энэхүү журмын заалтыг биелүүлээгүй хувь хүн, аж ахуйн нэгж байгууллагад эрх бүхий улсын байцаагчаас Монгол улсын "Авто замын тухай", "Захиргааны хариуцлагын
тухай", "Иргэний хууль"-ийн зохих заалтын дагуу хариуцлага хүлээлгэнэ.