A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР АЧАА, ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ /ЗТХС-ийн 2020 оны А/24 дүгээр тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979
/ЗТХС-ийн 2020 оны А/24 дүгээр тушаалаар хүчингүй болсон/
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын
2009 оны 201 дүгээр тушаалын хавсралт
 
 
 
АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР АЧАА, ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ
 
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.1.Энэхүү дүрмийн зорилго нь Монгол улсын нутаг дэвсгэрт автотээврийн хэрэгслийг ашиглах болон ачаа, зорчигч тээвэрлэлтийн ажил, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллага, иргэн /цаашид "тээвэрлэгч" гэх/ тээврийн үйлчилгээг хэрэглэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэн /цаашид "тээвэрлүүлэгч" гэх/-д тавигдах шаардлага, хүлээх эрх, үүргийг тодорхойлж, түүнтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2.Олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын нутаг дэвсгэр дээр автотээврийн хэрэгслээр тээвэрлэлт гүйцэтгэж байгаа гадаадын хуулийн этгээд, иргэнд энэхүү дүрэм нэгэн адил үйлчилнэ.
1.3.Тээвэрлэгчийн үндсэн зорилт нь улс орон, хүн амын тээврийн хэрэгцээг бүрэн хангаж, зорчигчийг ая, тухтай, аюулгүй зорчих нөхцөл, ачааны чанар, бүрэн бүтэн байдлыг ханган цаг хугацаанд нь тээвэрлэхэд чиглэгдэнэ.
 
Хоёр. Тээвэрлэлт
 
2.1.Автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон орон нутгийн захиргааны байгууллага нь автотээврийн талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэх, тээвэрлэлтийг зохион байгуулж зохицуулах, хяналт тавих эрх бүхий байгууллагуудын харилцан уялдааг хангаж ажиллана.
2.2.Тээвэрлэгч нь Иргэний хууль болон Автотээврийн тухай хуульд нийцсэн тээвэрлэлтийн гэрээг тээвэрлүүлэгчтэй байгуулж тээвэрлэлтийг гүйцэтгэнэ.
Ачаа тээвэрлэлтийн гэрээг ачаа дагалдах бичгийн хэлбэрээр байгуулах бөгөөд тээвэрлүүлэгч нь тээвэрлэгчид ачааг хүлээлгэн өгч ачаа дагалдах бичигт талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Нийтийн зорчигч тээвэрт зорчигч нь зорчих тасалбар худалдан авсанаар тээвэрлэлтийн гэрээг байгуулсанд тооцно. 
2.3.Автотээврийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрөл авсан этгээд нь тусгай зөвшөөрөл олгосон байгууллагатай тээвэрлэлтийн ажил, үйлчилгээ эрхлэхэд тавигдах нөхцөл, шаардлага, арга хэлбэрийг нарийвчлан тусгасан гэрээ байгуулна.
2.4.Улс хоорондын ачаа, зорчигч тээвэрлэлтийг холбогдох олон улсын гэрээ, хэлэлцээрийн дагуу гүйцэтгэнэ. Монгол Улсын хил нэвтрэн хийгдэх зорилготой хот хоорондын болон орон нутгийн байнгын ачаа тээвэрлэлтийг улс хоорондын тээвэрлэлтэнд хамруулна.       
2.5.Нийтийн тээвэр, шуудан, жуулчин тээвэрлэлт, улс хоорондын ачаа тээвэрлэлтийн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй тээвэрлэгч болон хот хоорондын ачаа тээвэрлэлт /тусгай зөвшөөрөл шаардахгүй/ гүйцэтгэж байгаа тээвэрлэгч нь тээвэрлэлт гүйцэтгэх тутамдаа тухайн чиглэлийн автотээврийн хяналтын товчоодод замын хуудас, ачаа дагалдах бичгийг шалгуулж бүртгүүлнэ.
2.6.Тээвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллага нь автотээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, тээвэрлэлтийн нөхцөлийг хэрхэн хангасныг шалгаж, замын хуудас баталгаажуулан олгох мэргэжлийн алба, хүмүүсийг зохион байгуулан ажиллуулна.
2.7.Аюултай ачаа, овор ихтэй, урт, хүнд ачаа тээвэрлэх бол тухайн аймаг, нийслэлийн зам, тээврийн асуудал эрхэлсэн байгууллагаас баталгаажуулсан замын хуудас авч энэхүү дүрмийн 5.5.1, 5.5.2-д заасны дагуу тээвэрлэлтийг гүйцэтгэнэ.
2.8.Тээвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллага нь ачаа, зорчигч тээвэрлэх зориулалтын бүх төрлийн автомашин, чиргүүл, автобус, троллейбус зэрэг автотээврийн хэрэгсэл, техникийн үйлчилгээ, засвар хийх, автотээврийн хэрэгслийг хадгалах зориулалтын барилга байгууламж, тоног төхөөрөмжтэй, мэргэжлийн инженер, техникийн ажилтан, мэргэшсэн жолооч, засварын ажилтантай байна.
2.9.Тээвэрлэгч нь автотээврийн хэрэгслийн техникийн үйлчилгээ, засварыг тогтоосон горимын дагуу гүйцэтгэсэн, тээвэрлэлтийн болон техник ашиглалтын шаардлага хангасан, техникийн хяналтын үзлэг, оношлогоонд заасан хугацаанд хамрагдаж тэнцсэн автотээврийн хэрэгслээр замын хөдөлгөөн, тээвэрлэлтэнд оролцоно. Улс, хот хоорондын нийтийн тээвэр, шуудан тээвэрлэлтийн үйлчилгээг зөвхөн өөрийн эзэмшлийн автотээврийн хэрэгслээр гүйцэтгэнэ. 
2.10.Тээвэрлэгч нь тээвэрлэлтийн ажил, үйлчилгээг зөвхөн тухайн ангилалын мэргэшсэн жолоочоор гүйцэтгүүлэх бөгөөд автотээврийн хэрэгслийг зориулалтын гарааш, зогсоол, талбайд тавина.
2.11.3орчигч, ачаа тээвэрлэж яваа автотээврийн хэрэгсэл замд эвдэрч саатвал тухайн тээвэрлэлтийг гүйцэтгэж байгаа тээвэрлэгч ачаа, зорчигчдыг зохих газар нь хүргэх, автотээврийн хэрэгсэлд техникийн тусламж үзүүлэх арга хэмжээг яаралтай авна.
2.12.Автозам, гүүр түүний байгууламжийг эзэмшигч нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саатал учруулахгүйгээр осол, зөрчилгүй, саадгүй зорчиход бэлэн байлгана.
2.13.Тээвэрлэгч, тээвэрлүүлэгч, зорчигч нь Монгол Улсын хууль тогтоомж болон энэхүү дүрмийн заалтыг хэрхэн биелүүлж байгаад тавих хяналт, шалгалтыг автотээврийн хяналтын улсын байцаагч гүйцэтгэнэ.
 
Гурав. Зорчигч тээвэрлэлт
 
3.1.Нийтийн тээврийн ажил, үйлчилгээ эрхлэх тээвэрлэгч нь холбогдох стандартад нийцсэн, зүүн гар талдаа жолооны хүрд бүхий зорчигчийг баруун гар тал руугаа буулгаж, суулгах нөхцлийг хангасан автобус, троллейбус, суудлын автомашин зэрэг зорчигч тээвэрлэх зориулалттай автотээврийн хэрэгслээр тээвэрлэлт гүйцэтгэнэ.
3.2.Таксинаас бусад нийтийн тээврийн үйлчилгээг тогтоосон замнал, цагийн хуваариар зохицуулна. Нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарь нь зорчигчдоос бага хугацаа зарцуулж ая тохитой, аюулгүй зорчих нөхцөл, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, жолооч, кондукторын хөдөлмөрийн хэвийн нөхцөл, автотээврийн хэрэгслийг оновчтой ашиглах боломжийг бүрдүүлсэн байна.
3.3.Эрх бүхий байгууллага нийтийн тээврийн үйлчилгээний замналыг тогтоохдоо  зорчигч урсгалын хэмжээ, замын зорчих хэсэг дэх хөдөлгөөний давтамж, замнал түүний нөхцөл байдал, замын нэвтрэн өнгөрүүлэх чадварыг судалж замналын зогсоол, зогсоолын байгууламж, эхний, дундын, эцсийн зогсоолын байршлыг тогтоож, үйлчилгээ эрхлэгчтэй хамтарч бий болгоно.
3.4.Хотын доторхи болон хот орчмын нийтийн тээвэрлэлтийн чиглэлийн эхлэл, төгсгөл завсрын зогсоол дээр үйлчилгээний цагийн хуваарийг зорчигчдод үзэгдэх газарт байрлуулна.
3.5.Улс, хот хоорондын болон аймаг хоорондын нийтийн тээврийн үйлчилгээний зогсоол, бүртгэлийн цэгүүдэд тасалбар түгээврийн ажиллах болон автобус, автомашины ирэх, хөдлөх цагийн хуваарь тэрчлэн зорчигчид, тээш тээвэрлэлтийн тариф, энэхүү дүрмийн зарим гол заалтыг үзэгдэх газар байрлуулна.
3.6.Хот болон аймаг хооронд зорчин явагчдад замналын дагуух зогсоолд зорчигчийн тасалбар худалдах түгээвэр ажиллуулахаас гадна түгээвэр ажиллуулах боломжгүй нөхцөлд жолооч зорчигчийн тасалбарыг худалдана. Мөн хот, аймаг хооронд зорчих тасалбарыг тухайн замналын эхний, эцсийн зогсоолд урьдчилан худалдана. Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээний тодорхой цэгүүдэд жолооч, зорчигчдыг түр амрах, хооллох байр, бие засах газруудыг холбогдох стандартын дагуу үйлчилгээ эрхлэгчтэй хамтарч бий болгоно.
3.7.Тээвэрлэгч болон тээвэр зуучлагч нь зорчигчдын тээшийг хүлээн авч хадгална. Харин галын аюултай, тэсэрч дэлбэрэх, хортой болон орчныг бохирдуулах зэрэг үйлчлэлтэй аюултай ачаа тээш, ил задгай тээш, хүнсний түргэн гэмтэх, эмзэг бүтээгдэхүүнийг хүлээн авч хадгалахыг хориглоно.
3.8.Тээш хадгаламжид зорчигчийн тээшийг хадгалахаар хүлээн авч, баримт олгох бөгөөд уг баримтаар тавьж олгоно. Зорчигч нь тээшээ тээвэрлүүлэхээр хүлээлгэн өгөх, хадгалуулахдаа зохих хөлсийг төлнө.
3.9.Улс, хот, аймаг хооронд, орон нутгийн нийтийн зорчигч тээврийн хэрэгслээр 60х40х20 см-ээс илүүгүй овор хэмжээтэй, 20 кг хүртэл жинтэй гар тээшийг үнэ төлбөргүй тээнэ.
Дээр заасан хэмжээнээс хэтэрсэн ачааг зохих хөлсийг төлүүлэн тээвэрлэх бөгөөд автотээврийн хэрэгслийн даац, багтаамжаас илүү гарсан тохиолдолд тухайн замналд нийтийн тээврийн ажил, үйлчилгээ эрхлэж байгаа тээвэрлэгч бороо, цас, тоос, шороо болон байгалийн бусад нөлөөллөөс хамгаалсан автотээврийн хэрэгслээр тээвэрлэх ажлыг зохион байгуулж болно. Ачаа тээвэрлэх хөлсийг тогтоохдоо Автотээврийн тухай хуулийн 12.1 дэх заалтыг баримтална.    
3.10.Хэмжээ, шинж чанараараа бусад тээшид нөлөөлөхгүй, автомашинд ачиж байрлуулах боломжтой бүрэн бүтэн сав, баглаа, боодолтой тээшийг хүлээн авч тээвэрлэнэ.
3.11.3орчигч тээвэрлэлтийн үйлчилгээг гүйцэтгэх тээвэрлэгч нь дор дурдсан үүрэг хүлээнэ.
3.11.1.гэрээ, хэлцэл, чиглэлийн дагуу зорчигчдод хөнгөн шуурхай үйлчилж, аян замд нь амрааж, хооллох, шаардлагатай бол зочид буудалд оруулах зэрэг үйлчилгээгээр хангаж хугацаанд нь хүргэх;
3.11.2.автотээврийн хэрэгслийг техникийн хувьд бүрэн бүтэн байлгахын хамт өнгө үзэмж сайн, сандал, бүрхүүл, халаалт, гэрэл, гишгүүр, шат зэрэг зориулалтын төхөөрөмжөөр бүрэн тоноглож, зорчигчийн ая тухтай, аюулгүй зорчих нөхцлийг хангасан байх;
3.11.3.нийтийн тээврийн үйлчилгээний байнгын чиглэлд үйлчлэхдээ хөдөлгөөний нэгдсэн хуваарьт орж түүнийг мөрдөн ажиллах;
3.11.4.нийтийн тээврийн үйлчилгээ явуулж байгаа автотээврийн хэрэгслийн дотор тээврийн хөлсний тарифын хэмжээ, автотээврийн хэрэгслээр аюулгүй, соёлтой үйлчлэх, үйлчлүүлэхтэй холбогдсон хууль тогтоомжийн заалтуудыг нийтэд харагдах газар байрлуулах ба зорчигчдод зөвхөн тогтоосон журмаар хэвлэсэн зорчигчийн тасалбар олгох;
3.11.5.нийтийн тээврийн хэрэгслээр улс, хот хооронд зорчигчдын овог, нэр, регистрийн дугаарыг бүртгэн авч, зорчигчийн тасалбарыг үйлчилгээний төрөл, автотээврийн хэрэгслийн зориулалт, суудлын тоонд тохируулан олгох;
3.11.6.улс, хот, аймаг хооронд зорчигч замдаа өвчлөх зэрэг хүндэтгэх шалтгаанаар цааш явж чадахгүйд хүрвэл замын үлдсэн хэсэгт ногдох зардлыг буцаан өгөх буюу дараагийн автотээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зохих газарт нь хүргэх арга хэмжээ авах;
3.11.7.нийтийн зорчигч тээврийн хэрэгслийн жолооч, кондуктор нь зорчигчдод нийгмийн хэв журам сахих, тээврийн үйлчилгээний дүрэм, журмыг биелүүлэх талаар шаардлага тавьж холбогдох арга хэмжээ авах.
3.12.Нийтийн тээврийн хэрэгслээр зорчигч нь дор дурдсан үүрэг хүлээнэ.
3.12.1.үйлчилж байгаа хүмүүсийн хөдөлмөрийг хүндэтгэх, тэднээс үүргээ биелүүлэхэд нь туслалцаа үзүүлэх, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байх, буух суухдаа дарааллын журмыг баримтлах, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, жирэмсэн эмэгтэйчүүд, бага насны хүүхэдтэй хүмүүст суудал тавьж өгөх, буух суухад нь туслах;
3.12.2.улс, хот, аймаг хооронд зорчин явах хугацаандаа иргэний үнэмлэх, холбогдох бусад бичиг баримт, зорчигчийн тасалбарыг биедээ авч явах ба жолооч, кондуктор болон шалгах эрх бүхий хүмүүсийн анхны шаардлагаар үзүүлэх;
3.12.3.нийтийн тээврийн хэрэгслээр зорчигчдын амь нас, эрүүл мэндэд аюул хохирол учруулж болзошгүй мөн тэдний хувцас, эд зүйл, автотээврийн хэрэгслийг бохирдуулах буюу гэмтээж болзошгүй, хурц үзүүр, иртэй зүйл, галын аюултай, тэсэрч дэлбэрэх, идэмхий болон хордуулах бодис, буу зэвсэг, мал амьтан авч явахгүй байх;
3.12.4.нийтийн тээврийн хэрэгсэл дотор тамхи татах, хог хаях, согтууруулах ундааны зүйл хэрэглэх, жолооч, кондукторын зөвшөөрөлгүй цонх, хаалга онгойлгох, хөдөлгөөний үеэр жолоочтой ярих болон хөдөлгөөний аюулгүй байдалд харшлах үйлдэл хийхгүй байх;
3.12.5.зорчих замд түр бууж амрах, буудал товчоонд бүртгүүлэх, хоноглох үед байгаль орчныг бохирдуулах зөрчил гаргахгүй байх.
3.13.Зорчигчид нь автотээврийн хэрэгслийн сандал, гэрэл, бүрхүүл болон бусад тоноглол, төхөөрөмжийг гэмтээвэл түүний үнийг төлж хохиролгүй болгоно.
3.14.Зорчигч нь нийтийн тээврийн хэрэгсэл хөдлөхөөс 4-өөс доошгүй цагийн өмнө урьдчилан худалдан авсан зорчих тасалбарыг буцаах бол тасалбарын үнийг эргүүлж авах, харин энэ хугацаанаас хожуу боловч хуваарьт тээврийн хэрэгсэл хөдлөхөөс өмнө тасалбараа буцааж өгвөл тээвэрлэгчээс тогтоосон үйлчилгээний хөлсийг суутган, тасалбарын үнийг эргүүлэн авч болно.
3.15.Зорчигч хоцорсон бол 8 цагийн дотор тээвэрлэгчээс тогтоосон үйлчилгээний хөлсийг нэмж төлөн дараагийн хуваарьт автотээврийн хэрэгслээр зорчих эсхүл 3 хоногийн дотор тээвэрлэгчээс тогтоосон зохих хөлсийг суутган төлж, зорчих тасалбарын үнийн үлдсэн хэсгийг буцаан авч болно.
3.16.Хэрэв зорчигч нь замдаа өвчлөх зэрэг хүндэтгэх шалтгаанаар цааш явж чадахгүйд хүрвэл замын үлдсэн зайд ногдох зардлыг буцаан авах бөгөөд тээвэрлэгчээс тогтоосон үйлчилгээний хөлсийг нэгэн адил төлнө.
3.17.Хэрэв нийтийн тээврийн хэрэгсэл цагийн хуваариар гарахгүй нэг цагаас дээш хугацаагаар хүлээлгэвэл зорчигч худалдан авсан зорчих тасалбараа буцаан өгч мөнгөө эргүүлэн авч болно.
3.18.Таксигаар зорчигч нь зөвхөн таксийн хөлсний тоолуурт заасан заалтаар, үйлчилгээний хөлсийг төлөх бөгөөд тээш тээвэрлэсний хөлсийг давхардуулан төлөхгүй. Таксинд үйлчилүүлсний төлбөрийн баримтыг таксийн жолооч олгоно.
3.19.Таксийн үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага нь такси бүрийг хэмжих хэрэгслийн баталгаажуулалтанд хамрагдсан хөлсний тоолуур /таксометр/-аар тоноглож, тухайн орон нутгийн захиргааны байгууллагын тогтоосон нийтлэг мөрдөх үнэ, тарифыг баримтлан эөвхөн хөлсний тоолуурт /таксометрын/ гарсан хөлсийг авна.
 
Дөрөв. Шуудан тээвэрлэлт
 
4.1.Тээвэрлэгч нь шуудангийн байгууллагатай хийсэн гэрээний үндсэн дээр шууданг хот хоорондын болон орон нутгийн нийтийн тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ.
4.2. Шуудан тээврийн хөлсийг гэрээгээр тогтооно.
4.3.Тээвэрлэж байгаа шууданг хаяж үрэгдүүлсэн, гэмтээсэн, саатуулсны хариуцлагыг гэм буруутай ажилтан холбогдох хууль тогтоомж болон автотээвэр, шуудангийн байгууллагын хооронд байгуулсан шуудан тээвэрлэлтийн гэрээний үндсэн дээр хүлээнэ.
 
Тав. Ачаа тээвэрлэлт
 
5.1.Тээвэрлэгч нь ачаа тээвэрлэлтийн гэрээг ачаа дагалдах бичгийн хэлбэрээр тээвэрлүүлэгчтэй байгуулж, тээвэрлэлтийн нөхцөл, шаардлагыг хангасан техникийн хувьд бүрэн бүтэн автотээврийн хэрэгслээр гэрээнд заасан газарт тогтоосон хугацаанд нь хүргэж үйлчилнэ. 
5.2.Ачаа тээвэрлэлтийн гэрээнд /ачаа дагалдах бичигт/  тээвэрлэгч, тээвэрлүүлэгчийн хүлээх үүрэг, хариуцлага, тээвэрлэлтийн нөхцөл, тухайн ачаатай холбогдсон мэдээлэл, үйлчилгээний хэмжээ,  тээвэрлэлтийн зай, ачааны төрлөөс хамааруулж автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан ачаа, зорчигч тээвэрлэлтийн жишиг тарифыг үндэслэн тогтоосон тээврийн хөлс, тээвэрлэлттэй холбогдсон бусад зардал, түүнийг төлж дуусгах эцсийн хугацаа, ачааг даатгуулах эсэх тухай заалт, ачааг дутуу тээсэн буюу хугацаа хожимдуулсан, тээвэрлэхээр хүлээн авсан ачаа, тээшийг алдсан, дутагдуулсан, гэмтээсэн, автотээврийн хэрэгслийг саатуулсан, тээврийн хөлсийг хугацаанд нь төлөөгүйгээс хүлээх хариуцлага, гэрээ цуцлах нөхцөл зэрэг тээвэрлэлттэй холбогдсон асуудлуудыг тусгана.
5.3.Нэгдсэн зориулалт, зохион байгуулалттайгаар тээвэрлүүлэх ачааны захиалгыг хүлээн авч гэрээ байгуулсан тээвэр  зохицуулах буюу зуучлагч байгууллага нь шаардагдах автотээврийн хэрэгслийн хэрэгцээг тодорхойлон тээвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд мэдээлэн тэдгээрийг уг тээвэрлэлтэд чөлөөтэй өрсөлдүүлж оролцуулна.
5.4.Тээвэрлэгч нь ачааны шинж чанар, овор хэмжээ, тээвэрлэлтийн нөхцөл, тээвэрлэлтэд тавих шаардлага, тоо хэмжээ зэргээс хамааруулж тухайн төрөл, ангиллын ачаанд тохирсон хөдлөх бүрэлдэхүүний зориулалт, төрлийг сонгож тээвэрлэлтийг гүйцэтгэнэ.  
5.5.Аюултай ачаа, овор ихтэй, урт, хүнд ачаа, хүнсний түргэн гэмтэх, эмзэг бүтээгдэхүүнийг зөвхөн зориулалтын буюу тухайн ачааг тээвэрлэхэд тусгайлан бэлтгэсэн автотээврийн хэрэгслээр тээвэрлэнэ.
5.5.1.Аюултай ачааг "Автотээврийн хэрэгслээр хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд аюул хохирол учруулж болзошгүй ачаа тээвэрлэх журам", бусад холбогдох хууль тогтоомж болон Аюултай ачаа. Ангилал. Техникийн ерөнхий шаардлага MNS 4978:2000 стандарт, аюулгүй ажиллагааны зааврын дагуу  тээвэрлэнэ;
5.5.2.Автотээврийн хэрэгслийн оврын болон жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ стандартаар тогтоосноос хэтэрсэн тохиолдолд тухайн аймаг, нийслэлийн замын цагдаагийн газар болон автозамын газартай тээвэрлэлтийн хөдөлгөөний замнал, цагийн хуваарийг тохиролцож баталгаажуулсан байх бөгөөд холбогдох /Овор ихтэй, урт, хүнд ачааны тээвэрлэлт. Ангилал. Ерөнхий шаардлага MNS 5345:2003/ стандартын дагуу тээвэрлэнэ; 
5.5.3. Хүнсний түргэн гэмтэх, эмзэг бүтээгдэхүүнийг тогтоосон горимынх нь дагуу хөргөгч бүхий /рефрижератор/ битүү бүрхүүлтэй зориулалтын автотээврийн хэрэгслээр холбогдох /Хүнсний түргэн гэмтэх, эмзэг бүтээгдэхүүнийг тээвэрлэх. Ангилал. Ерөнхий шаардлага MNS 5343:2003/ стандартын дагуу тээвэрлэнэ.
            5.6.Тээвэрлэгч нь ачаа тээвэрлэлт гүйцэтгэхдээ дор дурдсан үүрэг хүлээнэ.
5.6.1.захиалгат буюу гэрээт ачааг зориулалтын автотээврийн хэрэгслээр тогтоосон хугацаанд хүлээн авах газарт нь чанар байдлыг алдагдуулахгүй бүрэн бүтэн хүргэх;
5.6.2.тээвэрлүүлэгчдэд өөрсдийн нэр хаяг, тээврийн хүчин чадал, үнэ тариф зэрэг тээврийн үйлчилгээтэй холбогдсон үнэн зөв мэдээлэл өгөх;
5.6.3.гэрээ буюу захиалгат ачааг тээвэрлэгчийн буруугаас өөр газарт буулгасан бол уг ачааг өөрийн зардлаар зохих газарт нь хүргэж өгөх.
5.7.Тээвэрлүүлэгч нь ачаа тээвэрлүүлэхдээ дор дурдсан үүргийг хүлээнэ.
5.7.1.ачааны баглаа, боодол, сав, бэхэлгээ, битүүмжлэлт /лац, ломбо/, хаягийг холбогдох стандарт, техникийн нөхцөлийн дагуу хийсэн байх;
5.7.2.ачааг ачиж буулгахад шаардагдах машин механизм, бусад хэрэгсэл болон хүн хүчийг бэлтгэж, зам талбайг чөлөөтэй байлгах;
5.7.3.ачааг ачсан, буулгасан тухай тэмдэглэлийг ачааны дагалдах бичигт бүрэн хийж жолоочид олгох;
5.7.4.ачааг ачихдаа сайтар бэхлэх, задгай ачаа тээвэрлэхэд унаж, гээгдэхээс хамгаалсан бүтээлэг хэрэглэх, мөн хөдөлгөөний аюулгүй байдал болон ачааны бүрэн бүтэн байдалд нөлөөлөхгүй, автотээврийн хэрэгсэлд эвдрэл, гэмтэл учруулахгүй байх шаардлагыг хангах.
5.8.Дээр дурдсан бэлтгэлийг хангаагүй тохиолдолд тээвэрлэгч нь уг ачааг тээвэрлэхээс татгалзаж болно. Энэ тохиолдолд гэрээнд заасан хугацаанд ачааг тээвэрлүүлээгүйгээс хүлээх хариуцлагаас чөлөөлөгдөнө.
5.9.Автомашин ачилтанд ирсэн хугацааг жолооч ачаа ачих газарт ирж замын хуудсаа үзүүлж бүртгүүлснээс, буулгалтанд ирсэн хугацааг жолооч буулгах газарт ирж ачааны дагалдах бичгийг үзүүлж бүртгүүлснээс тус тус эхлэн тооцно.
5.10.Жолооч нь замын хуудас, ачааны  дагалдах бичгийг ачаа хүлээн авагчийн ачаа ачих, буулгах ажлыг хариуцсан төлөөлөгчид өгөх ба тэр нь замын хуудас, ачааны  дагалдах бичгэнд ачилт, буулгалтанд ирсэн болон дууссан цагийг тэмдэглэн гарын үсэг зурна. 
5.11.Ачааг ачсан буюу буулгасан талаар ачааны дагалдах бичгийг зохих ёсоор бүрдүүлэн жолоочид өгснөөр ачилт, буулгалтанд хугацааг дууссанд тооцно.
5.12.Ачаа дагалдах бичгийг автомашин бүрд гурван хувь үйлдэж, талууд гарын үсгээ зурж, эхний хувийг ачаа илгээгчид, үлдсэн 2 хувийг нь жолоочид ачааг дагалдуулан өгнө.
Ачаа хүлээн авагч байгууллага нь ачааг хүлээж авсны дараа ачааны дагалдах бичиг дээр холбогдох тэмдэглэл хийж жолоочид нэг хувийг нь эргүүлж өгнө.
5.13.Тээвэрлүүлэгч нь ачааг хүлээн авахдаа дор дурдсан журмыг баримтална.
5.13.1.ачаа нь стандартын сав, баглаа, боодол, хайрцаг, багцлалтай байвал түүний шошгонд заасан тоо ширхэг, хүндийн хэмжээ, чанар байдлаар хүлээн авч, хүлээлгэж өгөх;
5.13.2.стандартын сав, баглаа, боодол, хайрцаг сав хэрэглэх боломжгүй задгай ачааг газар дээр нь хэмжиж тогтоосон хүндийн хэмжээгээр;
5.13.3.газар дээр нь хэмжих, жигнэх бололцоогүй ачааг тээвэрлүүлэгчтэй тохиролцсон хэмжээгээр;
5.13.4.бараа материал, түүхий эд, хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн зэрэг ачааг тээвэрлэлтэд бэлтгэх, тээвэрлэх явцад бүрэн бүтэн байдлыг нь хамгаалах, чанарыг нь алдагдуулахгүйн тулд стандартын баглаа, боодол, сав хайрцаг, шошго, хаяг зэргийг урьдчилан хангуулах;
5.14.Тээвэрлэлтийн гэрээний дагуу тээвэрлэж ирсэн ачааг ачаа хүлээн авагч нь  энэхүү дүрмийг баримтлан саадгүй хүлээн авах бөгөөд хэрэв ачааны лац, ломбо, баглаа, боодол, хайрцаг, сав гэмтсэн буюу шошгонд хүндийн хэмжээг заагаагүй бол тогтоосон журмаар хэмжих, нэг бүрчлэн шалган тоолж хүлээн авна.
Ачаа дагалдах бичигт заасан хэмжээнээс зөрсөн буюу гэмтсэн байвал тусгай акт тогтоон хүлээн авна.
5.15.Тээвэрлэгч нь тээвэрлэлтэд хүлээн авсан ачааг гагцхүү ачааны дагалдах бичигт дурдсан газарт буулгана.
Хэрэв ачаа буулгах газрыг өөрчлөх зайлшгүй шаардлага гарвал ачаа илгээгч өөрийн гэрээтэй буюу захиалга өгсөн тээвэрлэгчид мэдэгдэж холбогдох арга хэмжээ авахуулах ба үүнтэй холбогдон гарах зардлыг хариуцна.
5.16.Хүлээн авагчийн гэрээ, захиалгагүй ачааг тээвэрлүүлбэл түүнээс үүдэн гарах бүх зардал, хохирлыг ачаа илгээгч хариуцна.
5.17.Хүлээн авагч байгууллага нь ачааг буулгаж авсны дараа автомашины тэвш, чингэлгийг цэвэрлэх бөгөөд шаардлагатай бол ариутгал хийнэ.
5.18.Тээвэрлэгч болон тээвэрлүүлэгч нь хоорондоо гэрээнд заасан хариуцлагыг тооцохдоо гэрээ дүгнэсэн баримтыг үндэслэх бөгөөд хэрэв тохиролцоонд хүрч чадахгүй нөхцөлд холбогдох хууль тогтоомжийн дагуу шүүх, хяналтын байгууллагад хандаж асуудлыг шийдвэрлүүлнэ.
5.19.Байгалийн гэнэтийн аюул, хүн малын гоц халдварт өвчинтэй тэмцэх, гал түймэр эсэргүүцэх, улсын аюулгүй байдлыг хангахтай холбогдуулан зайлшгүй шаардлагатай нөхцөлд хуулиар тогтоосон хүрээнд эрх бүхий байгууллага тээврийн дайчилгааг нөхөн олговортойгоор хийж болно.
5.20.Дайчилгаанд хамрагдсан автотээврийн хэрэгсэл бүхий аж ахуйн нэгж, байгууллага, иргэд нь автотээврийн хэрэгслийг тогтоосон хугацаанд заавал гаргах үүрэгтэй.
 
Зургаа. Тээвэрлэлтийн даатгал
 
6.1.Тээвэрлэгч нь зорчигч болон гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэнд, ачаа тээшинд учирч болзошгүй хохирлыг арилгах зорилгоор Иргэний хууль, Даатгалын тухай хууль, Автотээврийн тухай хуулинд нийцүүлсэн гэрээг даатгалын байгууллагатай урьдчилан байгуулж ажиллана.
 
 
___ оОо ___