A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • АЙМАГ, ОРОН НУТАГТ ЗОРЧИГЧ, ШУУДАН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ /Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 91-р тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 91-р тушаалаар хүчингүй болсон/

Дэд бүтцийн сайдын 2002 оны 42 дугаар тушаалын хавсралт
 
АЙМАГ, ОРОН НУТАГТ ЗОРЧИГЧ, ШУУДАН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
 
1.             Аймаг, орон нутагт зорчигч шуудан тээврийн үйлчилгээг зохицуулах зөвлөл /Цаашид зөвлөл гэнэ)-ийн зорилго нь тухайн орон нутагт зорчигч тээвэр, төрийн шуудан, хэвлэл, иргэдийн захидал харилцааны хүргэлт түгээлтийг зах зээлийн эрэлт нийлүүлэлт, төр засгийн бодлого зохицуулалтад нийцүүлэн хамгийн оновчтой, үр ашигтай, хөнгөн шуурхай, иргэдийн эрх ашигт нийцүүлж, өмчийн харилцаа удирдлагын бүтцэд харшлахгүйгээр зорчигч, шуудан тээврийн ажил үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулан нэмэгдүүлсэн, нэгдмэл үйл ажиллагааг зохицуулахад оршино.
2.             Зөвлөл нь зорчигч, шуудан тээврийн ажил үйлчилгээний хүрээнд төр засгийн бодлого болон Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд мэргэжлийн зөвлөлгөө зөвлөмжөөр хангаж, зорчигч шуудан тээврийн ажил үйлчилгээний бодлого боловсруулах, биелэлтэд хяналт тавих, үр дүн тооцох үүрэг бүхий Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөл байна.
3.             Зөвлөл нь Засаг даргын шууд удирдлагаар ажиллах бөгөөд өөрийн үйл ажиллагаагаа Тээвэр зохицуулалтын болон Шуудан холбооны албадаар дамжуулан хэрэгжүүлнэ.
4.             Зөвлөл нь Засаг даргын тамгын газар, Тээвэр зохицуулалтын алба, Шуудан холбооны алба, Мэргэжлийн хяналтын алба, Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн төлөөлөлтэй 5-аас 7 хүнтэй байх ба дарга, нарийн бичгийн даргатай байна. Дарга, гишүүд, нарийн бичгийн даргыг Засаг даргаас томилох бөгөөд Тээвэр зохицуулалтын алба, Засаг даргын Тамгын газар, Шуудан холбооны албадын төлөөллийн этгээд зөвлөлийн даргаар ээлжлэн томилогдож болно.
5.             Зөвлөлийн хурлыг зохион байгуулах, хурлын материал бэлтгэх, хүргүүлэх, шийдвэрийн төсөл, холбогдох баримт бичиг боловсруулах, шийдвэрийн биелэлтэд хяналт тавих зэрэг ажлыг нарийн бичгийн дарга эрхлэн явуулна.
6.             Зөвлөлийн хурлаас зөвлөмж гаргах ба уг зөвлөмжийг Засаг даргад хүргүүлж хУУльд нийцсэн шийдвэр гаргуулна. Аливаа асуудлыг олонхын саналаар шийдвэрлэнэ. Энэ талаар хуралдааны явцад тэмдэглэл хөтөлж дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж баталгаажуулна.
7.             /ДБС-ын 2002 оны 105 тоот тушаалаар хүчингүй болсон./
8.             Зөвлөл нь ажлынхаа дүн, статистик мэдээ тайланг хагас, бүтэн жилээр Засаг даргад танилцуулж, дүгнүүлж ажиллана. Уг дүгнэлтийг Автотээврийн газар, Шуудан Цахилгаан Холбооны газар, "Монгол шуудан" ТӨҮГ-т тус тус хүргүүлнэ.
9.             Зөвлөл нь үйл ажиллагаандаа Автотээврийн тухай хууль, Харилцаа холбооны тухай хууль, Засгийн газрын шийдвэр, автотээвэр болон шуудан холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын шийдвэрийг удирдлага болгон хэрэгжүүлнэ.
10.        Зөвлөл нь Тээвэр зохицуулалтын алба, Шуудан Холбооны албадын эрх ашгаас илүүд төр засгийн бодлого, Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, голч шударга, хэрэгжих боломжтой улс орон, иргэдийн эрх ашгийг эрхэмлэсэн гарган ажиллана.
Хоёр. Зөвлөлийн эрх, үүрэг
11.      Зохицуулах зөвлөл нь дор дурьдсан үүрэг хүлээнэ. Үүнд:
а/ нийтийн тээвэр, шуудан тээвэрлэлтийг тухайн нутаг дэвсгэрт нэгтгэн зохицуулах, зохион байгуулах бодлогын чанартай зөвлөмж гаргах ба зохицуулах зөвлөл улиралд нэгээс доошгүй удаа хуралдах;
б/ /ДБС-ын 2002 оны 105 тоот тушаалаар хүчингүй болсон./
в/ автотээвэр болон шуудан холбооны талаар төрөөс баримтлах бодлоготой уялдуулан тухайн орон нутагт автотээвэр, шуудан, зорчигч тээврийн талаар баримтлах бодлого боловсруулахад идэвхтэй оролцох;
г/ хүн амын нутагшил, байршлын онцлог, зорчигч шуудан тээвэрлэлтийн хэрэгцээнээс шалтгаалан өрсөлдөх боломжгүй чиглэлд орон нутагт зорчигч, шуудан тээвэрлэлтийг зохих нөхөн төлбөр олгох нөхцөлтэйгөөр тээвэрлэгчтэй гэрээ хийж гүйцэтгэх төсөл, санал боловсруулах;
д/ Тээвэр зохицуулалтын алба, Шуудан холбооны албыг мэргэжлийн удирдлага аргачлал, зөвлөмжөөр хангаж үйл ажиллагаанд нь хяналт тавьж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах арга хэмжээ авах;
е/ зорчигч, шуудан тээвэрлэлттэй холбогдож гарсан гомдол саналыг зохицуулах зөвлөлийн хурлаар хэлэлцэж зохих шийдвэр гаргуулж, хариу өгөх;
ё/ өмчийн хэлбэр харгалзахгүйгээр зорчигч, шуудан тээврийн ажил үйлчилгээ эрхлэх тээвэрлэгчдийг сонгон шалгаруулахад болон энэ төрлийн тусгай зөвшөөрлийг олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, сэргээх талаар санал гаргах;
ж/ Тээвэр зохицуулалтын алба, Шуудан холбооны албадын удирдах ажилтан, мэргэжилтнүүдийн мэргэжил, боловсролыг дээшлүүлэх, давтан сургах арга хэмжээг зохион байгуулах санал боловсруулж, шийдвэрлүүлэх;
з/ орон нутаг, аймаг хоорондын зорчигч шуудан тээврийн батлагдсан хуваарь, графикт зохицуулалт хийх санал боловсруулах;
и/ Тээвэр зохицуулалтын алба, Шуудан холбооны албадын ажлын уялдаа холбоо, ажил үйлчилгээний заагийг тус тусын дотоод дүрэм, чиг үүргийг харгалзан хамтран ажиллах нөхцөлөөр зохицуулах;
й/ орон нутагт зорчигч, шуудан тээврийн хөлсний жишиг үнэ тогтоох, шуудан зорчигч тээвэрлэх давтамжийг нэмэгдүүлэх талаар санал боловсруулж Засаг Даргаар батлуулах;
к/ тээвэр, шуудангийн үйлчилгээний шинэ салбар, цэг, зорчигч шуудан тээврийн шинэ чиглэл нээж ажиллуулах асуудлыг хэлэлцэж, шийдвэрлүүлэх;
л/ орон нутагт мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэх авто тээврийн болон харилцаа холбооны хяналтын улсын байцаагчийг томилж, чөлөөлөхөд санал өгөх;
м/ сумдын шууданчдыг сумын шуудан-зорчигч тээврийн зохицуулагчаар ажиллуулах асуудлыг шийдвэрлүүлэх.
12.        Зөвлөл нь дор дурьдсан эрх эдэлнэ.
а/ мэргэжлийн байгууллагуудтай хамтран зорчигч, шуудан тээврийн ажил үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэдийг арга зүйн зөвлөгөөгөөр хангах; /ДБС-ын 2002 оны 105 тоот тушаалаар өөрчилсөн./
б/ зорчигч, шуудан тээврийн ажил үйлчилгээг тэргүүний сайн гүйцэтгэж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэнийг дээд шатны байгууллагаар шагнаж урамшуулах талаар тодорхойлолт гаргах;
в/ зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, нөхөн томилуулах талаар Засаг даргад санал өгөх;
г/ зорчигч, шуудан тээврийн ажил үйлчилгээний талаар холбогдох байгууллагуудтай хамтран эсвэл дангаар орон нутагт буюу хөрш зэргэлдээ аймгуудыг оролцуулан семинар, зөвлөлгөөн, үзүүлэх сургууль, болзолт уралдаан зохион байгуулах.
Гурав. Зохицуулах зөвлөлийн үйл ажиллагааны санхүүжилт
13.        Зохицуулах зөвлөлийн дарга, гишүүд нь үндсэн байгууллага, аж ахуйн нэгжээсээ цалинжина. Зохицуулах зөвлөлийн гишүүдийн ажлын идэвх, оролцоо, үйл ажиллагааны үр дүнг харгалзан Засаг даргын шийдвэрээр зохих урамшуулал олгож болох бөгөөд уг урамшилд олгох шагналыг тухайн хүнийг харъяалах байгууллага, аж ахуйн нэгж хариуцна.
14.        Зохицуулах зөвлөлийн ажлын бичиг хэргийн зардал.нэгдсэн сургалт семинар, болзолт уралдаанд зарцуулах мөнгөн хөрөнгийн эх үүсвэрийг Засаг даргын тамгын газар, Тээвэр зохицуулалтын алба, Шуудан холбооны албад оролцооны хэмжээгээр хувь тэнцүүлэн гаргана. Шаардлагатай зарим тохиолдолд Автотээврийн газар, "Монгол шуудан" ТӨҮГ-аас зохих хэмжээний хөрөнгийн эх үүсвэр гаргаж болно.