A

A

A

Бүлэг: 1979
 
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 
2010 оны 01 дүгээр сарын 20 -ны өдрийн
 19 дүгээр тушаалын хавсралт
 
АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН БҮРТГЭЛ ХӨТЛӨХ, УЛСЫН ДУГААР ОЛГОХ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1. Энэ журмын зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
 
2. Автотээврийн хэрэгслийг бүртгэх, автотээврийн хэрэгслийн гэрчилгээ, улсын дугаар олгох, шилжилт хөдөлгөөн хийх, бүртгэлээс хасах, автотээврийн хэрэгслийн талаархи статистик бүртгэл хөтлөх, дүн шинжилгээ, судалгаа хийх, мэдээллийн сүлжээ, сан байгуулах, мэдээллээр хангах, нууцлалыг хамгаалах, хадгалах зэрэг үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэхэд энэхүү журмыг мөрдөнө.
 
З. Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох үйл ажиллагааг улсын хэмжээнд Автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /цаашид Бүртгэлийн байгууллага гэх/ эрхлэн гүйцэтгэнэ. Бүртгэлийн байгууллага нь автотээврийн хэрэгслийн бүртгэлийн чиглэлээр дараахь үйл ажиллагааг явуулна.  Үүнд:                 
3.1. автотээврийн хэрэгслийг шинээр бүртгэж, автотээврийн  хэрэгслийн гэрчилгээ болон улсын дугаар олгох;
3.2. автотээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг бүртгэх;
3.3. автотээврийн хэрэгслийн гэрчилгээ, улсын дугаарыг нөхөн олгох, ашиглах боломжгүй болсон гэрчилгээ болон улсын дугаарыг шинэчлэн солих;
3.4. автотээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасах;
3.5. автотээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийн санг бүрдүүлэх, лавлагаа гаргах;
3.6. автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох үйл ажиллагааны тайлан мэдээг сар, улирал, жилээр гаргаж авто тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад мэдээлэх.
 
4. Монгол Улсын Гүйцэтгэх ажлын тухай хуульд заасны дагуу гүйцэтгэх ажлын зориулалтаар ашиглаж байгаа автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, халхавч дугаар олгох үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулахгүй.
 
5. Аймаг, нийслэл, сум, дүүргийн доторхи бүртгэл, шилжилт хөдөлгөөнийг тухайн аймаг, дүүргийн, харин тэдгээрийн хоорондох шилжилт хөдөлгөөнийг шилжин ирж буй аймаг, дүүргийн бүртгэлийн ажилтан бүртгэж мэдээллийн нэгдсэн санд оруулна. 
 
6. Автотээврийн хэрэгслийн улсын дугаарыг аймаг, нийслэлийн бүртгэлийн байгууллагаар дамжуулан олгоно. Аймаг, нийслэлийн хооронд шилжилт хөдөлгөөн хийгдэж буй тохиолдолд шилжин ирж буй аймаг, дүүргийн бүртгэлийн байгууллага улсын дугаарын тэмдгийг шинээр олгон хуучин дугаарын тэмдгийг бүртгэлийн төв байгууллагад хүргүүлнэ.
7. Автотээврийн хэрэгслийн улсын дугаарын тэмдэг нь Монгол Улсын стандартад нийцсэн байна.
 
8. Иргэн, хуулийн этгээд шинээр автотээврийн хэрэгсэл өмчилж авсан бол 72 цагийн дотор улсын бүртгэлд бүртгүүлэх ба иргэний тухайд зөвхөн 16 нас хүрсэн бол түүний нэр дээр холбогдох баримт бичгийг үндэслэн бүртгэнэ.
Хоёр. Автотээврийн хэрэгслийг улсын бүртгэлд шинээр бүртгэх
9. Автотээврийн хэрэгслийг  шинээр бүртгэж,  улсын  дугаар  олгоход дараахь бичиг баримтыг үндэслэнэ:
 
9.1. улсын хилээр импортоор оруулж ирсэн автотээврийн хэрэгслийн техникийн паспорт, үйлдвэрийн дагалдах бичиг;
9.2. улсын хилээр импортоор оруулж ирсэн автотээврийн хэрэгслийн гаалийн бүрдүүлэлт хийснийг нотлох баримт;
9.3. техникийн хяналтын үзлэг, оношлогооны дүгнэлт;
9.4. улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;
9.5. автотээврийн хэрэгсэлд улсын дугаар авах талаар гаргасан иргэний хүсэлт, хуулийн этгээдийн шийдвэр, албан бичиг, бүртгэлийн маягт, шилжүүлснийг нотлох бусад баримт;
9.6. өмчлөгчийн иргэний үнэмлэх, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
9.7. дипломат болон олон улсын байгууллагуудын тухайд гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын албан бичиг.
 
10. Монгол Улсад үйлдвэрлэх автотээврийн хэрэгсэл, түүний эд анги, сэлбэг хэрэгсэл нь стандартын шаардлага хангаагүй, холбогдох байгууллагын зөвшөөрөлгүйгээр үйлдвэрлэсэн автотээврийн хэрэгсэлд улсын дугаар олгохгүй.  
 
11. Иргэн, хуулийн этгээд нь байнга оршин суугаа газраасаа бусад аймаг, нийслэлээс шинээр автотээврийн хэрэгсэл өмчилж авсан тохиолдолд тухайн аймаг, нийслэлийн  бүртгэлийн байгууллага бүртгэж, улсын дугаарын түр тэмдгийг байнга оршин суугаа газраа очиж бүртгүүлэх хүртэл буюу 14 хоногийн хугацаагаар олгоно.
 
12. Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх болон улсын хилээр түр хугацаагаар оруулан ирж тодорхой хугацааны дараа буцаан гаргах нөхцөлтэй автотээврийн хэрэгслийг Гаалийн тухай хуулийн 186.1-д заасны дагуу хилийн гаалийн байгууллага бүртгэж, Автотээврийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад мэдээлнэ.
 
Гурав. Автотээврийн хэрэгслийн шилжилт, хөдөлгөөнийг бүртгэх
 
13. Дараахь тохиолдолд автотээврийн хэрэгслийн шилжилт, хөдөлгөөнийг бүртгэнэ:
 
13.1. автотээврийн хэрэгслийг өмчлөгч иргэн, хуулийн этгээд нь автотээврийн хэрэгслээ худалдах, бэлэглэх зэргээр бусдад шилжүүлсэн;
13.2. өмчлөгч иргэний болон хуулийн этгээдийн оршин байгаа газар өөрчлөгдсөн;
13.3. автотээврийн хэрэгслийн зориулалт, хөдөлгүүр, арал, бүхээгний дугаар, өнгө өөрчлөгдсөн;
13.4. хуулийн этгээд улсын бүртгэлээс хасагдсан болон өмчлөгч иргэн нас барсан.
 
14. Өмчлөгч нь энэ журмын 13-д заасан өөрчлөлт хөдөлгөөнийг ажлын 7 хоногийн дотор хийлгэх үүрэгтэй.
 
15. Автотээврийн хэрэгслийн шилжилт, хөдөлгөөнийг дор дурьдсан бичиг, баримтыг үндэслэн бүртгэнэ:
 
15.1. иргэн болон хуулийн этгээдээс бусад иргэн, хуулийн этгээдэд шилжүүлэх бол шилжүүлсэн болон шилжүүлж авсан иргэн, хуулийн этгээдийн шийдвэр, албан бичиг, бүртгэлийн маягт, шилжүүлснийг нотлох бусад баримт;
15.2. автотээврийн хэрэгслийн гэрчилгээ;
15.3. өмчлөгчийн иргэний үнэмлэх, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
15.4. техникийн хяналтын үзлэг, оношлогоонд хамрагдсан баримт;
15.5. автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлсөн тухай баримт, гэрчилгээ
 
Жич: Шилжүүлснийг нотлох бусад баримт гэдэгт бусдад худалдсан, бэлэглэсэн болон худалдан авсан тухай нотариатаар баталсан гэрээ, тодорхойлолт мөн тухайн орон нутгийн бүртгэлээс хассан тухай бүртгэлийн байгууллагын тодорхойлолт, худалдахыг зөвшөөрч бусдад олгосон итгэмжлэл, өр зээлийн барьцаанд байсан бол түүнийг дуусгавар болгосон тухай холбогдох байгууллагын лавлагаа, тодорхойлолт, өмчлөх эрх шилжүүлсэн тухай шүүхийн шийдвэр зэрэг хамаарна.
 
16. Автотээврийн хэрэгслийн өмчлөгч нь нас барсан тохиолдолд өв залгамжлагчийн нэр дээр, шүүхийн шийдвэрээр хураасан буюу шилжүүлсэн бол шийдвэрт заасан иргэн, хуулийн этгээдийн нэр дээр бүртгэнэ.
 
17. Автотээврийн хэрэгслийн зориулалт, хөдөлгүүр, арал, бүхээгний дугаарыг өөрчилсөн тохиолдолд тухайн өөрчлөлт нь стандартын шаардлага хангаж байгааг нотолсон техникийн хяналтын үзлэг, оношлогооны дүгнэлтийг үндэслэн өөрчлөлт хийнэ.
 
18. Бүртгэлээс хасагдсан хуулийн этгээдийн тухайд татан буугдсан хуулийн этгээдийн үүсгэн байгуулагчдын хүсэлт, улсын бүртгэлийн байгууллагын тодорхойлолтыг үндэслэн шилжилт хийж болно.
 
19. Байнгын бүртгэлтэй газраасаа өөр аймаг, хотод 31-180 хоногийн хугацаагаар буюу түр шилжин суурьших иргэн нь тухайн аймаг, дүүргийн бүртгэлийн байгууллагад очин автотээврийн хэрэгслийн гэрчилгээндээ тэмдэглэл хийлгэнэ.
 
20. Байнгын бүртгэлтэй газраасаа өөр аймаг, хотод 180 хоногоос дээш хугацаагаар бүрмөсөн шилжин суурьших иргэн нь автотээврийн хэрэгслээ шилжин очиж буй орон нутгийнхаа бүртгэлийн байгууллагад бүртгүүлнэ.
Дөрөв . Автотээврийн хэрэгслийн улсын дугаарын тэмдэг, гэрчилгээг нөхөн олгох
21. Автотээврийн хэрэгслийн улсын дугаар, гэрчилгээг үрэгдүүлсэн тохиолдолд дараахь бичиг, баримтыг үндэслэн нөхөн олгоно:
 
21.1. улсын дугаар, автотээврийн хэрэгслийн гэрчилгээ нөхөн олгохыг хүссэн бүртгэлийн маягт, албан бичиг;
21.2. автотээврийн хэрэгслийн гэрчилгээг хаяж гээгдүүлснийг зарлуулж хүчингүй болгосон тухай баримт;  
21.3. автотээврийн хэрэгслийн гэрчилгээний үнэ тушаасан баримт;
21.4. улсын дугаар нөхөн олгох бол автотээврийн хэрэгслийн гэрчилгээ.
 
22. Нэг болон хосоор нь улсын дугаарын тэмдгийг үрэгдүүлсэн тухай тэмдэглэлийг бүртгэлийн байгууллагын нэгдсэн мэдээллийн санд оруулна.
 
23. Хуучирч муудсан, бичлэг тэмдэглэл нь баларсан, ашиглах боломжгүй болсон автотээврийн хэрэгслийн улсын дугаар, гэрчилгээг өмчлөгчийн хүсэлтээр үнийг төлүүлэн сольж олгоно.
 
Тав.  Автотээврийн  хэрэгслийг  бүртгэлээс  хасах
24. Автотээврийн хэрэгслийг цаашид ашиглах боломжгүй болсон, гадаад улсад бүрмөсөн гаргах тохиолдолд өмчлөгч нь түүнийг улсын бүртгэлээс хасуулна.
 
25. Автотээврийн хэрэгслийг бүртгэлээс хасах тохиолдолд дараахь бичиг, баримтыг  үндэслэнэ.Үүнд:
 
25.1. автотээврийн хэрэгслийг цаашид ашиглах боломжгүй болсон бол улсын бүртгэлээс хасуулах тухай өмчлөгчийн  хүсэлт;
25.2. автотээврийн хэрэгслийг гадаад улсад бүрмөсөн гаргах болсонтой холбогдуулан улсын бүртгэлээс хасуулах тухай өмчлөгчийн  хүсэлт;
25.3. татварын албаны тодорхойлолт;
25.4. автотээврийн  хэрэгслийн  гэрчилгээ;
25.5.  улсын дугаарын тэмдэг.
 
26. Автотээврийн хэрэгслийг өмчлөгч иргэн, хуулийн этгээд нь энэ журмын 25-д заасны дагуу бүртгэлээс хасуулах тухай хүсэлтээ аймаг, дүүргийн бүртгэлийн байгууллагад ирүүлнэ.
 
27. Бүртгэлийн байгууллага нь энэ журмын 25-д заасан бичиг, баримтыг үндэслэн улсын дугаарын тэмдэг, автотээврийн хэрэгслийн гэрчилгээг хураан авч, автотээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хассан тухай тодорхойлолтыг өмчлөгчид олгоно. 
 
28. Бүртгэлийн байгууллага нь энэ журмын 25.2-д заасан бичиг, баримтыг үндэслэн улсын дугаарын тэмдгийг хурааж, улсын бүртгэлээс хассан тухай болон шинээр олгосон  явуулын дугаарыг  автотээврийн хэрэгслийн гэрчилгээн дээр бичиж тэмдэглэнэ.
 
29. Монгол Улсад байнга оршин суугаа болон удаан хугацаагаар зорчих гадаадын иргэний автотээврийн хэрэгслийг энэ журмын 25-д заасан бичиг баримтыг үндэслэн бүртгэлээс хасна.
 
30. Бүртгэлийн байгууллага нь энэ журмын 25, 26, 27, 28, 29-д заасны дагуу ирүүлсэн бичиг, баримтыг үндэслэн автотээврийн хэрэгслийн улсын бүртгэл, мэдээллийн санд бүртгэлээс хасагдсан тухай тэмдэглэгээ хийнэ.
 
31. Бүртгэлээс  хасагдсан  автотээврийн хэрэгслийн гэрчилгээ, холбогдох материалыг архивт хадгалж, хураан авсан улсын дугаарын тэмдгийг Бүртгэлийн байгууллага хяналт тавьж устгана.
Зургаа.  Автотээврийн хэрэгслийн улсын  бүртгэлийн сан, лавлагаа
32. Бүртгэлийн байгууллага нь  Монгол  Улсад   ашиглагдаж  байгаа  бүх  төрлийн   автотээврийн  хэрэгслийн  улсын  бүртгэл,  мэдээллийн санг хөтөлж, баяжилт хийнэ.
 
33. Хэрэг маргааныг шийдвэрлэхтэй холбогдуулж хууль хяналтын эрх бүхий байгууллагаас бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу автотээврийн хэрэгслийн бүртгэлтэй холбогдсон лавлагааг бичгээр гаргаж өгнө.
Долоо. Улсын дугаарын тэмдгийг хураах, буцааж олгох
34. Өөр автотээврийн хэрэгслийн улсын дугаарыг ашигласан, техникийн хувьд бүрэн бус, техник ашиглалтын стандарт шаардлагыг хангаагүй, техникийн хяналтын үзлэг, оношлогоонд тогтоосон хугацаанд ороогүй, автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараа төлөөгүй автотээврийн хэрэгслийн улсын дугаарын тэмдгийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын болон автотээврийн хяналтын улсын байцаагч түр хурааж болно.
 
35. Автотээврийн хэрэгслийн улсын дугаарын тэмдгийг энэ журмын 34-д заасан үндэслэлээр хураан авсан байцаагч энэ тухайгаа Бүртгэлийн байгууллагад  ажлын 8 цагийн дотор мэдэгдэнэ.
 
36. Автотээврийн хэрэгслийн жолоочийн гаргасан зөрчил, дутагдлыг арилгуулсны үндсэн дээр улсын дугаарын тэмдгийг буцаан олгох бөгөөд энэ нь захиргааны хариуцлага хүлээлгэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
Найм. Бусад зүйл
З7. Автотээврийн хэрэгслийн гэрчилгээ, бүртгэлийн маягт, картны загварыг Бүртгэлийн байгууллагын дарга баталж, батлагдсан загварын дагуу хэвлүүлж аймаг, дүүргийн Бүртгэлийн байгууллагад хуваарилан өгч, зарцуулалтад нь хяналт тавина.
 
38. Автотээврийн хэрэгслийн улсын дугаарыг аймаг, дүүрэгт хуваарилах, олголтод хяналт тавих, тайлан мэдээ гаргаж нэгтгэх журмыг Бүртгэлийн байгууллагын дарга батална.
 
39. Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох үйл ажиллагаатай холбоотой санал, гомдлыг авто тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргах ба уг гомдолд 14 хоногийн дотор хариу өгнө.
 
40. Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
 
-----------oOo----------