- Нүүр
- Сайдын тушаал
- ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫН ҮЗЛЭГ, ОНОШЛОГОО ЯВУУЛАХ ЖУРАМ /ЗТХС-ын 2013 оны 132 дугаар тушаалаар хүчингүй болсон/
/ЗТХС-ын 2013 оны 132 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын
2010 оны 06 дугаар тушаалын хавсралт
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫН ҮЗЛЭГ, ОНОШЛОГОО ЯВУУЛАХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.Энэ журмын зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт ашиглагдаж байгаа тээврийн хэрэгслийн техникийн байдал, хэрэглээний стандартын үзүүлэлтийг хангуулах, автотээврийн хэрэгслээс хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд үзүүлэх сөрөг үр дагаврыг бууруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг, оношлогоо явуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2.Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, оношлогоо явуулах үйл ажиллагааг улсын хэмжээнд автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага жилийн турш зохион байгуулна.
3.Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, оношлогоог аймаг, нийслэлд суурин оношлогооны төвд, хот суурин газраас алслагдсан нутаг дэвсгэрт явуулын оношлогооны төвүүдэд хийж гүйцэтгэнэ.
4.Зэвсэгт хүчний болон хилийн цэргийн тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, оношлогоог түүний техникийн шалгах албад явуулах бөгөөд улсын нэгдсэн мэдээнд тусгана.
5.Монгол Улсад суугаа гадаад улсын Элчин сайдын яамд, олон улсын байгууллагын автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг, оношлогоог Гадаад хэргийн яамтай урьдчилан тохиролцсоны үндсэн дээр явуулна.
6.Техникийн хяналтын үзлэг, оношлогоо хийх тусгай зөвшөөрөл бүхий оношлогооны төв нь Автотээврийн тухай хуулийн 17.1-д заасны дагуу техникийн хяналтын үзлэг, оношлогоо хийж, зохих стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгсэлд замын хөдөлгөөнд оролцох эрхийн гэрчилгээ олгоно. Уг гэрчилгээний загварыг автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага батална.
7.Засгийн газрын тогтоолоор батлагдсан техникийн хяналтын үзлэг, оношлогоонд орох хугацаа, төлбөрийн жишгийг баримтлана.
8.Техникийн хяналтын үзлэг, оношлогооны дүн мэдээ, цаашид авах арга хэмжээг тусгасан илтгэх хуудас, материалыг улирал бүр автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Агаарын чанарын албанд хүргүүлнэ.
Хоёр.Техникийн хяналтын үзлэг, оношлогоо явуулах байгууллагын эрх, үүрэг
9.Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, оношлогоог Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.15.5-д заасан тусгай зөвшөөрөл авсан байгууллага эрхлэн явуулна. Уг байгууллага нь Автотээврийн тухай хуулийн 191.2 дахь заалт, "Оношлогооны төв. Ангилал, Ерөнхий шаардлага" стандартын шаардлагуудыг хангасан байна.
10.Техникийн хяналтын үзлэг, оношлогоо явуулах байгууллага нь үйл ажиллагааныхаа талаар үйлчлүүлэгчдэд урьдчилан мэдэгдэж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилна.
11.Тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, оношлогоог дор дурдсан стандартын шаардлагын дагуу явуулна:
11.1."Автотээврийн хэрэгслийн техникийн байдлын үзлэг хийх заавар. Ерөнхий шаардлага";
11.2. "Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ. Тодорхойлолт, Ангилал, Ерөнхий шаардлага";
11.3. "Бензинээр ажилладаг хөдөлгүүртэй автомашин. Утааны найрлага дахь хорт бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ ба хэмжих арга";
11.4. "Дизель хөдөлгүүртэй автомашин. Утааны тортогжилтын зөвшөөрөгдөх дээд хэмжээ ба хэмжих арга";
11.5. "Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих шаардлага";
11.6. "Автотээврийн хөдлөх бүрэлдэхүүний эргономикийн үзүүлэлтүүд".
12.Техникийн хяналтын үзлэг, оношлогоо явуулах байгууллага нь тээврийн хэрэгслийн техник ашиглалттай холбогдсон стандартын үзүүлэлт, шаардлагыг тусгасан технологийн картыг боловсруулж, түүний дагуу техникийн хяналтын үзлэг, оношлогоог явуулна.
13.Шуурхай албаны болон технологийн тээврийн хэрэгсэлд тавигдсан тусгай тоног төхөөрөмж, өнгө, будаг, бичлэг, гэрэл ба дуут дохио нь стандартын дагуу байгаа эсэхийг шалгана.
14.Тоног төхөөрөмжийн баталгаажуулалтыг Автотээврийн тухай хуулийн 191.2.3-д заасны дагуу гүйцэтгэнэ.
15.Тээврийн хэрэгслийн үзлэгийн үед түүний төрөл загвар, улсын дугаар, арал, бүхээг, хөдөлгүүрийн дугаар, өнгө, зориулалт, өмчлөгчийн хаяг зэрэг бүртгэлийн үзүүлэлтийг тээврийн хэрэгслийн гэрчилгээтэй нь тулгах бөгөөд тээврийн хэрэгсэлд зайлшгүй шаардагдах нэмэлт хэрэгслийг /галын хор, ослын зогсолтын тэмдэг, эмийн сан г.м/ шалгана.
16.Тээврийн хэрэгслийн бүртгэлийн үзүүлэлтүүд бичиг баримттай нь зөрсөн буюу засвартай байвал зөрчлийг арилгуулах арга хэмжээ авна.
17.Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар төлсөн тухай баримт бичгийг бүртгэн авч гэрээ бүхий холбогдох татварын албанд интернет сүлжээгээр мэдээлнэ.
18.Үзлэг, оношлогоонд орсон тээврийн хэрэгсэл, түүний бүртгэлийн үзүүлэлтүүдийг компьютерт оруулж, сүлжээгээр тухайн өдөрт багтаан автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мэдээлж байх ба хугацаа хожимдож буй тээврийн хэрэгслийн талаархи мэдээлэл, шаардлагыг дараа сарын 15-ны дотор холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэнд хүргэж үзлэг, оношлогоонд нөхөн оруулах арга хэмжээг шуурхай зохион байгуулна.
19.Нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглаж байгаа тээврийн хэрэгслийг зөвхөн суурин оношлогооны төвд үзлэг, оношлогоонд оруулах бөгөөд үзлэг, оношлогоонд ороогүй, хөдөлгөөний аюулгүй байдал, экологийн стандартын шаардлага хангахгүй байгаа нийтийн тээврийн хэрэгслийн талаархи мэдээллийг Автотээврийн асуудал эрхэлсэн холбогдох төрийн байгууллага, Замын цагдаагийн газар болон Мэргэжлийн хяналтын байгууллагад улирал тутам мэдээлнэ.
20.Оношлогооны төвийн оношлогч инженер нь тээврийн хэрэгсэл эзэмшигч нарт тухайн тээврийн хэрэгслийн техникийн байдлын талаар мэргэжлийн зөвлөгөө, зааварчилгаа өгөх үүрэгтэй.
Гурав.Тээврийн хэрэгслийг өмчлөгч иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг
21.Тээврийн хэрэгслийг өмчлөгч иргэн, хуулийн этгээд нь Засгийн газрын тогтоолын дагуу нийтийн тээврийн хэрэгслийг хагас жил тутамд, бусад тээврийн хэрэгсэл, өөрөө явагч механизм, мотоциклийг жилд нэг удаа тогтсон хугацаанд үзлэг, оношлогоонд хамруулна. Импортоор оруулж ирсэн шинэ тээврийн хэрэгслийг эхний 2 жилд үзлэг, оношлогоонд хамруулахгүй байж болох бөгөөд бүртгэлд заавал бүртгүүлсэн байна.
22. Дараахь тохиолдолд тогтсон хугацааг үл харгалзан тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэг, оношлогоонд оруулна:
22.1.хөдөлгүүр болон арлыг сольсон, нэмэлт төхөөрөмж суурилуулсан, ажил үйлчилгээний шаардлагын дагуу эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр тээврийн хэрэгслийн зориулалтыг өөрчилсөн бол;
22.2.урьд нь техникийн хяналтын үзлэг, оношлогоонд орсон тээврийн хэрэгсэлд зайлшгүй шаардлагаар засвар хийлгэсний дараа эзэмшигч нь хүсэлт гаргасан бол;
22.3.зам тээврийн осолд өртөж хөдөлгөөний аюулгүй байдалд нөлөөлөх агрегат, зангилгаа, механизмд эвдрэл гарсан тээврийн хэрэгслийг засварласан бол дахин замын хөдөлгөөнд орохоос нь өмнө;
22.4.тээврийн хэрэгслийг Монгол Улсад үйлдвэрлэсэн;
22.5.ашиглагдаж байгаад импортоор оруулж ирсэн тээврийн хэрэгслийг ашиглахын өмнө.
23.Ээлжит үзлэг, оношлогоонд оруулахын өмнө автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг төлж холбогдох бичиг баримтыг бүрдүүлсэн байна.
24.Техникийн хяналтын үзлэг, оношлогооны үйлчилгээний төлбөрийг Засгийн газраас тогтоосон тарифын дагуу төлнө.
25.Тээврийн хэрэгсэл эзэмшигч нь технологийн картын дагуу үзлэг, оношлогоо хийхийг шаардаж дутуу буюу чанаргүй үйлчилгээ үзүүлсэн гэж үзвэл гомдлоо автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргаж шийдвэрлүүлнэ. Үйлчилгээтэй холбоотой гомдлыг холбогдох байгууллага 14 хоногийн дотор шалган барагдуулж хариу өгнө.
Дөрөв. Бусад
26.Замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгсэлд зөөврийн техник хэрэгсэл ашиглан хяналт, шалгалт явуулж болох ба энэхүү шалгалтаар техникийн хяналтын үзлэг, оношлогоонд ороогүй, энэ журмын 11-д заасан стандартын шаардлага хангахгүй байгаа нь тогтоогдвол түүнийг холбогдох хуульд заасны дагуу замын хөдөлгөөний аюулгүй байдлын болон автотээврийн мэргэжлийн хяналтын байгууллага, түүний байцаагчид замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх арга хэмжээ авна.
27.Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
-------оОо------
Текст томруулах
A
A
A