- Нүүр
- Сайдын тушаал
- СУРГАЛТЫН ЗАРДАЛ ОЛГОХ ЖУРАМ
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2006 оны
52 дугаар тушаалын 2 дугаар хавсралт
СУРГАЛТЫН ЗАРДАЛ ОЛГОХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгөөр мэргэжлийн сургалтыг зохион байгуулах зардлын хэмжээ нь сургалтын дэмжлэг, хангамж харилцааны зардал, хөдөлмөрийн зах зээлийн дэмжлэг гэсэн бүрэлдэхүүн хэсгүүдээс бүрдэнэ.
1.2 Сургалтын дэмжлэгт суралцагчид олгох мөнгөн тэтгэлэг, сургалтын томилолттой холбогдсон унаа, хоолны зардлыг тооцно.
1.3 Хангамж харилцааны зардалд сургагч багшийн ажлын хөлс, сургалтын материал, тоног төхөөрөмж, анги танхимын түрээс, үйл ажиллагааны /цахилгаан, ус халаалт г.м/, тараах материал, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн зардал болон чадамжийн гэрчилгээний үнийг багтааж тооцно.
1.4 Хөдөлмөрийн зах зээлийн дэмжлэгт сургалттай холбогдсон зар сурталчилгаа, сургалтын явцын хяналт, сургалтын эргэх холбоо, сургалтын хэрэгцээний судалгаа, сургалтын хөтөлбөр боловсруулсны зардлуудыг тус тус тооцно.
1.5 Мэргэжлийн сургалтын зардлын дээд хэмжээг мэргэжлийн ялгавартайгаар тогтоохдоо бүс нутгийн онцлог, амьжиргааны түвшний байдал, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, эдийн засгийн хөгжилд үзүүлэх нөлөө, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ зэрэг нийгэм эдийн засгийн болон хувь хүн, ажил олгогчийн оролцооны байдлыг харгалзана.
Хоёр. Сургалтын зардлыг тогтоох
2.1 Сургалтын нийт зардлыг тооцохдоо бүрэлдэхүүн хэсгүүдийн зардлыг тодорхойлж, мэргэжлийн ялгавартайгаар нэг суралцагчид ноогдох зардлын дээд хэмжээг тогтооно. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас санхүүжүүлэх нэг суралцагчид ноогдох сургалтын зардлыг мэргэжлийн ялгавартайгаар Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.
2.2 Сургалтын зардлыг тогтоосон үндэслэл, бодит байдлын үнэлгээ шинжилгээг сургалтын байгууллага болон суралцагчийн оролцооны аргад тулгуурлан зохион байгуулах ажлыг Хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хариуцна.
2.3 Сургалтын зардлын тооцоо судалгаа, сургалтын төлбөрийн жишиг үнийн мэдээллийг мэргэжлийн төрөл, хэлбэрүүдээр тооцон гаргаж олон нийтэд мэдээлэн сурталчлах ажлыг Хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага зохион байгуулна.
Гурав. Сургалтын зардал
3.1 Хөдөлмөр эрхлэлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас жил бүр хөдөлмөр эрхлэлтийн бодлоготой уялдуулсан мэргэжлийн сургалтын бодлогын чиглэл, хандлага, хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн судалгааны үр дүн, төлөв байдлын дүн шинжилгээ ба урьдчилсан хэрэгцээг тодорхойлсны үндсэн дээр сургалтын зардлын санхүүжилтийн хуваарилалт, сургалтын нэр төрөл, суралцах хүний тооны дээд хязгаарыг тогтоож орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийн албанд хүргүүлнэ.
3.2 Сургалтыг захиалгаар зохион байгуулах гэрээнд мэргэжлийн сургалтын төрөл, хэлбэр, хугацаа, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгох сургалтын төлбөр, суралцагчийн унаа, хоолны зардал, суралцагчаас болон ажил олгогчоос оролцон төлөх төлбөрийн харьцаа зэргийг тусгана.
3.3 Сургалтын зардлыг олгохдоо сургалтад оролцогч талуудын сургалтын төлбөрийн талаар харилцан хүлээх үүрэг хариуцлагаа биелүүлээгүйгээс гарсан хохирол, төлбөрийн зөрүүг шийдвэрлэх асуудлыг сургалт зохион байгуулах гэрээнд тусгайлан заасан байна.
Текст томруулах
A
A
A