- Нүүр
- Сайдын тушаал
- АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ БАРИХ, ЗАСВАРЛАХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЖУРАМ /ЗТХС-ын 2018 оны 131 дүгээр тушаалаар хүчингүй болсон/
/ЗТХС-ын 2018 оны 131 дүгээр тушаалаар хүчингүй болсон/
Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдын
2010 оны 47 тоот тушаалын 1 дүгээр хавсралт
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ БАРИХ, ЗАСВАРЛАХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЖУРАМ
НЭГ.Ерөнхий зүйл
"Авто замын тухай" хуулийн 5.1.4 дэх заалт, "Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай" хуулийн 15.15.4 дэх заалтын дагуу авто зам, замын байгууламжийг барих, засварлах ажил эрхлэх хүсэлт гаргасан, Монгол улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллагад өмчийн хэлбэрийг үл харгалзан тухайн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сунгах, хүчингүй болгохтой холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.
ХОЁР. Тусгай зөвшөөрөл олгох
2.1. Авто зам, замын байгууламжийг барих, засварлах тусгай зөвшөөрөл /"цаашид зөвшөөрөл" гэх/-ийг ажлын хэсгийн гаргасан дүгнэлтийг үндэслэн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар олгоно.
2.2. Авто зам, замын байгууламжийг барих, засварлах ажил эрхлэх тусгай зөвшөөрөл шинээр авах, сунгуулахыг хүссэн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн бааз, техникийн хангамж, инженер техникийн мэргэжлийн ажилчид болон бусад шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгаж дүгнэлт гаргах ажлын хэсгийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар байгуулна.
2.3. Тусгай зөвшөөрөлтэй холбогдсон мэдээллийн сан бүрдүүлэх, тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй гэрээ байгуулах, гэрээний биелэлтэнд хяналт тавих, тайлан мэдээнд дүн шинжилгээ хийж, дүнг яаманд тайлагнах ажлыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто замын газар хариуцна.
2.4. Авто зам, замын байгууламжийг барих, засварлах ажил эрхлэх тусгай зөвшөөрөл авахыг хүссэн аж ахуйн нэгж нь "Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай" Монгол улсын хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан бичиг баримтыг бүрдүүлнэ.
2.5. Авто зам, замын байгууламжийг барих, засварлах ажил эрхлэх тусгай зөвшөөрөл авахыг хүссэн аж ахуйн нэгж, байгууллагаас энэ журмын 2.4-т заасан баримт бичгийг хүлээн авсан өдрөөс хойш "Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай" Монгол улсын хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу 21 хоногийн дотор асуудлыг шийдвэрлэж, гаргасан дүгнэлтээ Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдад хүргүүлнэ.
2.6. Ажлын хэсэг зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн бааз, техник хангамжтай газар дээр нь танилцаж, ирүүлсэн материалыг хянан үзэж тусгай зөвшөөрлийг олгох дүгнэлт гаргах бөгөөд тухайн үйл ажиллагааг эрхлэх шаардлага хангаагүй гэж үзвэл тусгай зөвшөөрөл олгохоос татгалзана.
2.7. Тусгай зөвшөөрлийг энэхүү журамд заасан нөхцөл, шаардлагыг хангасан Монгол улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж, байгууллагуудад 2.8-д заасан үйл ажиллагааны төрлөөр олгоно.
2.8. Тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааны төрөл
2.8.1 Хатуу хучилттай зам барих
2.8.2 Хайрган хучилттай зам барих
2.8.3 Төмөрбетон гүүр барих
2.8.4 Ган төмөр гүүр барих
2.8.5 Модон гүүр барих
2.8.6 Хатуу болон хайрган хучилттай зам засварлах
2.8.7 Төмөрбетон, ган төмөр, модон гүүр засварлах
2.8.8 Замын байгууламжид хамаарах талбай барих, засварлах
2.8.9 Үерийн хамгаалалтын далан барих
2.8.10 Тавилан барих, засварлах
2.9. Тусгай зөвшөөрлийг олгосны баталгаа болгож гэрчилгээ олгоно.
2.10. Гэрчилгээнд аж ахуйн нэгж, байгууллагын оноосон нэр, хууль ёсны хаяг, улсын бүртгэлийн болон регистрийн дугаар, тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааны төрөл, хүчинтэй байх хугацааг заасан байна.
ГУРАВ. Тусгай зөвшөөрөл авах аж ахуйн нэгжид тавигдах ерөнхий шаардлага
3.1. Тусгай зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгж, байгууллага нь хийх ажлын төрлөөсөө хамаарч зам, гүүрийн барилгын материал болон бүтээгдэхүүнийхээ чанарын туршилт, шинжилгээ хийж гүйцэтгэх лабораторийн тоног төхөөрөмжөөр хангагдсан байна.
3.2. Бусад байгууллагуудаас бэлэн бүтээгдэхүүн худалдан авч зам, гүүрийн хучилт, цутгалт хийдэг аж ахуйн нэгж нь чанарын баталгааны гэрчилгээ бүхий бүтээгдэхүүн худалдан авах ба бүтээгдэхүүний чанарт хяналт тавих талаар баталгаажсан хөндлөнгийн лаборатороор шинжилгээнд оруулах гэрээ байгуулсан байна.
3.3. Зөвшөөрөл авах аж ахуйн нэгж нь эрхлэх үйл ажиллагааны төрлөөсөө хамаарч авто зам, замын байгууламж, материалын болон хэмжилтийн инженер, холбогдох мэргэжилтэй ажиллагсадтай байна.
3.4. Машин механизм, тоног төхөөрөмж нь бүрэн ажиллагаатай, техник, технологийн бүрдэл, тоо хэмжээ, ашиглалтын шаардлага хангасан байна.
3.5. Зам барилгын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай зарим технологийн машин, механизм, тоног төхөөрөмжийг түрээсээр ажиллуулж болох ба энэ тохиолдолд түрээслүүлэгч байгууллагатай түрээсийн гэрээ байгуулсан байна. Тухайн үйл ажиллагааг эрхлэхэд санал болгож байгаа машин механизм, тоног төхөөрөмжийн техник ашиглалтын байдлыг харуулсан техникийн гэрчилгээний хуулбарыг наториатаар батлуулан түрээсийн гэрээнд хавсаргана.
3.6. Тусгай зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгж нь авто замын салбарт үйл ажиллагаа явуулахад мөрдөх Үндэсний стандарт, норм норматив болон бусад техникийн баримт бичгийн бүрдэлтэй байна.
3.7. Тусгай зөвшөөрөл хүссэн баримт бичгийн үнэн зөв болохыг баталгаажуулан аж ахуйн нэгжийн ТУЗ-ийн дарга ТУЗ-гүй бол Гүйцэтгэх захирал Гүйцэтгэх захирал, инженер, ерөнхий нягтлан бодох зэрэг эрх бүхий албан тушаалтнууд гарын үсэг зурж, тэмдэг дарсан байна.
ДӨРӨВ. Тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, сунгах
4.1. Тусгай зөвшөөрөл авахад тавигдах шаардлагыг хангасан аж ахуйн нэгжид "Авто зам, замын байгууламжийг барих, засварлах" тусгай зөвшөөрлийн гэрчилгээг ажил үйлчилгээ эрхлэх ажлын төрлөөр 3 жилийн хугацаатайгаар олгоно.
4.2. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар олгох бөгөөд сайд гарын үсэг зурж, тамга дарна.
4.3. Тусгай зөвшөөрлийн хугацаа, нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд "Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай" Монгол улсын хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасныг үндэслэн тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага түүнийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлж болно.
4.4. Дээр дурьдсан нөхцөл байдал үүссэнийг нотолсон эрх бүхий байгууллагын санал, дүгнэлтийг үндэслэн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох саналыг ажлын хэсэг Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдад танилцуулан шийдвэрлэнэ.
4.5. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн шийдвэрийн талаар тусгай зөвшөөрөл эзэмшигч болон харьяалах татварын албанд 3 хоногийн дотор бичгээр мэдэгдэнэ.
4.6. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн нөхцөл, байдал арилсан тухай гомдол гаргасан захиалагч болон мэргэжлийн хяналтын байгууллагын саналыг үндэслэн тусгай зөвшөөрлийг сэргээнэ.
4.7. Тусгай зөвшөөрлийг дараах тохиолдолд хүчингүй болгоно.
4.7.1. тусгай зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан;
4.7.2. хуулийн этгээд татан буугдсан;
4.7.3. тусгай зөвшөөрлийг авахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон ;
4.7.4. тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн;
4.7.5. тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлийг арилгах талаар тавьсан шаардлагыг биелүүлээгүй.
4.8. Тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тухай шийдвэрийн талаар шийдвэр гарснаас хойш 3 хоногийн дотор тусгай зөвшөөрөл эзэмшигч болон харьяалах татварын албанд бичгээр мэдэгдэнэ.
4.9. Авто зам, замын байгууламжийг барих, засварлах тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон мөн тусгай зөвшөөрлөө гээгдүүлсэн аж ахуйн нэгж байгууллага шаардлага хангасан нөхцөлд зөвшөөрөл авах хүсэлтээ дахин гаргаж болно. Тусгай зөвшөөрлийг үрэгдүүлсэн аж ахуйн нэгжид тусгай зөвшөөрлийн гэрчилгээг нөхөн олгохыг хүссэн өргөдөл, тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг үндэслэн гэрчилгээг нөхөж олгоно.
4.10. Тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас ажлын 10 өдрийн өмнө тусгай зөвшөөрлийг эзэмшигч нь уг зөвшөөрлийг сунгуулах хүсэлтээ ажлын хэсэгт хүргүүлнэ.
4.11. Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн өргөдлийг үндэслэн 3 хоногийн дотор тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эсэх талаар энэхүү журмын 2.2-д заасан ажлын хэсэг дүгнэлт гаргана.
4.12. Ажлын хэсэг тусгай зөвшөөрлийг сунгах эсэх тухай гаргасан дүгнэлтээ Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдад уламжилна. Хуульд өөрөөр заагаагүй бол тусгай зөвшөөрлийг анх олгосон хугацаанаас доошгүй хугацаагаар сунгана.
ТАВ. Зөвшөөрөл олгоход авах хураамж, хариуцлага
5.1. Тусгай зөвшөөрөл олгоход Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн хуулийн 15 дугаар зүйлд заасныг баримтлан тэмдэгтийн хураамж авч улсын төсөвт шилжүүлнэ.
5.2. Тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргасан аж ахуйн нэгж нь тэмдэгтийн хураамжинд 12500 төгрөг төлнө.
5.3. Тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сунгах, хүчингүй болгохтой холбогдон гарсан маргааныг холбогдох хуулийн дагуу шийдвэрлэнэ.
о О о
СОЁМБО
|
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ
БАРИХ, ЗАСВАРЛАХ
ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ
Дугаар ……
Монгол улсын "Авто замын тухай" хуулийн 13.1 дэх заалтыг үндэслэн ………………………...……………………………… аймаг, хотын …………………………………………………. сум, дүүргийн харьяалалтай …………………………………………………… оноосон нэртэй улсын бүртгэлийн ………………...… дугаартай, ..............................регистрийн дугаартай ………………………………………………………… компанид ……………………………………………………………………………………..………………………...………………………………………………………...…. ………………………...………………………………………………………...….………………………...………………………………………………………...….………………………...………………………………………………………...….ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг ……… оны ……… дугаар сарын ………… -ны өдрөөс ………жилийн хугацаатай олгов.
ЗАМ, ТЭЭВЭР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН
САЙД Х. БАТТУЛГА
………… оны ………… сарын ………… өдөр
УЛААНБААТАР ХОТ
/Ар талын хуудас/
Тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага:
Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь авто зам, замын байгууламжийг барих, засварлах, арчлан хамгаалахдаа хууль тогтоомж, эрх зүйн акт, гэрээ, стандарт, норм дүрэм, зураг төсөл, техникийн шаардлагыг хэрэгжүүлж, байгаль орчны нарийвчилсан үнэлгээний дагуу байгаль орчны нөхөөн сэргээлтийг шаардлагын дагуу хийж, замын хөдөлгөөнийг сааталгүй, аваар осолгүй байдлыг ханган ажиллах зэрэг нөхцөл, шаардлагуудыг биелүүлэх үүрэгтэй.
СУНГАЛТ
………… оны ………… сарын ………… өдөр хүртэл сунгав.
ЗАМ, ТЭЭВЭР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН
САЙД Х. БАТТУЛГА
НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ
Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайдын …… оны …… сарын …… -ны өдрийн шийдвэрээр ………………………………………………………………………….
……………………………………………………………………………………………………
…………………………………………………………………………………………………..
нэмэлт өөрчлөлт оруулав.
ЗАМ, ТЭЭВЭР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН
САЙД Х. БАТТУЛГА
Текст томруулах
A
A
A