- Нүүр
- Сайдын тушаал
- ҮР ХӨНДӨЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ
Эрүүл мэндийн сайдын 2010 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 105 дугаар тушаалын хавсралт
ҮР ХӨНДӨЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ
1. Эрүүл мэндийн тухай хуулийн 36.2-дугаар заалт, "Үр хөндөлтийн тусламж, үйлчилгээ" MNS 5488:2005 Монгол улсын стандартыг хэрэгжүүлэн, үр хөндөлтийг зохицуулахад энэхүү журмыг мөрдөнө.
2. Үр хөндөлтийг эрт үеийн, хожуу үеийн гэж тодорхойлно.
а. "Эрт үеийн үр хөндөлт" гэж жирэмсний эхний арван хоёр долоо хоног дотор үр хөврөлийг авах ажилбарыг хэлнэ,
б. "Хожуу үеийн үр хөндөлт" гэж жирэмсний арван гурван долоо хоногоос хорин хоёр долоо хоногийн дотор жирэмсэлтийг эмнэлгийн аргаар таслах ажилбарыг хэлнэ.
3. Эрт үеийн үр хөндөлтийг эрүүл ахуй, халдвар хамгааллын нөхцөл бүрдсэн, гарч болох хүндрэлээс сэргийлэх, эмчлэх бэлтгэлийг бүрэн хангасан, хүндрэл гарсан тохиолдолд арга зүйн дагуу найдвартай эмчлэх, 24 цагаар үйлчилгээ үзүүлэх, "Эх барих буюу эмэгтэйчүүдийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах" тусгай зөвшөөрөлтэй, магадлан итгэмжлэгдсэн эмнэлэгт хийнэ.
4. Эрт үеийн үр хөндөлтийг эмэгтэйн өөрийнх нь хүсэлтээр төлбөртэйгээр, эмч нарын зөвлөгөөний шийдвэрээр төлбөргүйгээр холбогдох шинжилгээг бүрдүүлж, зөвхөн эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмч гүйцэтгэнэ.
5. Хожуу үеийн үр хөндөлтийг мэргэжлийн эмч нарын дүгнэлт, зөвлөгөөний шийдвэрээр дор дурьдсан заалтаар зөвхөн Эх нялхсын эрдэм шинжилгээний төв, нийслэлийн амаржих газар, аймгийн төрөх тасагт болон 3 дахь заалтыг хангасан эх барихын чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй магадлан итгэмжлэгдсэн хувийн хэвшлийн эмнэлэгт зөвхөн эх барих эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмч төлбөргүйгээр гүйцэтгэнэ.
а. Тухайн жирэмсэлт нь эх, ургийн амь нас, эрүүл мэндэд аюултай болох нь тогтоогдсон,
б. 18 хүртэлх насны охид өөрөө хүсвэл, эцэг эх асран хамгаалагчийн зөвшөөрлөөр,
в. 40-өөс дээш насны эмэгтэй өөрөө хүсвэл,
г. Сэтгэцийн эмгэгтэй,
д. Цусан төрөл ойртсон нь нотлогдсон,
е. Бэлгийн хүчирхийлэлд өртөж жирэмсэлсэн,
6. 5-дугаар заалтын а, б, в, г, д, е-гээс бусад тохиолдолд жирэмснийг хожуу хугацаанд таслахыг хориглоно.
7. Дараах тохиолдолд үр хөндөхийг түр хойшлуулж, холбогдох эмчилгээг хийсний дараа үр хөндөх ажилбарыг гүйцэтгэнэ.
а. Эрхтэн тогтолцооны цочмог үрэвсэл болон үрэвсэлт өвчний сэдрэлттэй,
б. Бэлэг эрхтний цочмог үрэвсэлтэй болох нь нотлогдсон,
8. Үр хөндөх ажилбар хийсэн эмч тухайн ажилбарын талаар "Үр хөндөлтийн түүх" АМ-18 маягтанд тэмдэглэж, үр хөндөлтийн бүтгэлийг АМ-19 маягтаар бүртгэнэ.
9. Эрт үеийн үр хөндөлтийг хийхийн өмнө эмэгтэйн хүсэлтийг бичгээр авч, "Үр хөндөлтийн түүх" АМ-18 маягтад хавсаргана.
10. Хожуу үед үр хөндөхөд дараах баримт бичгийг бүрдүүлж, "Үр хөндөлтийн түүх" АМ-18 маягтад хавсаргана.
а. Эмч нарын зөвлөгөөний шийдвэр,
б. Эмэгтэй болон түүний нөхрийн, 18 хүртэлх насны охидын өөрийн болон эцэг, эх асран хамгаалагчийн бичгээр гаргасан хүсэлт,
в. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн тухай хуулийн байгууллагын тодорхойлолт,
г. Цусан төрөл ойртсон нь нотлогдсон хуулийн байгууллагын тодорхойлолт.
11. Үр хөндүүлэхийн хор уршиг, үр хөндөлтийн үед болон дараа гарч болох хүндрэл, давтан үр хөндөлтөөс сэргийлэх талаар зөвлөгөөг үйлчлүүлэгчид өгч, энэ тухай "Үр хөндөлтийн түүх" АМ-18 маягтанд тэмдэглэнэ.
12. Эрүүл мэндийн статистик мэдээлэл хариуцсан эмч үр хөндөлтийн тухай тайланг ЭМТ 201.11 маягтаар үндэслэн нэгтгэж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг- Эрүүл мэндийн газарт мэдээлнэ.
ооОоо
Текст томруулах
A
A
A