- Нүүр
- Сайдын тушаал
- РАШААНЫГ АШИГЛАХ, ХАМГААЛАХ ЖУРАМ /БОАЖС, ЭМС-ын 2020 оны А/301,/А/265 дугаар хамтарсан тушаалаар хүчингүй болсон/
/БОАЖС, ЭМС-ын 2020 оны А/301,/А/265 дугаар хамтарсан тушаалаар хүчингүй болсон/
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэндийн сайдын 2010 оны 03 сарын 30-ны өдрийн
А-79/99 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралт
РАШААНЫГ АШИГЛАХ, ХАМГААЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү журам нь рашааныг ашиглах, хамгаалахтай холбогдох харилцааг зохицуулна.
1.2.Энэхүү журмын хэрэгжилтэд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаа, аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн асуудал хариуцсан газар, Байгаль орчны асуудал хариуцсан газар, Мэргэжлийн хяналтын газар болон эрх бүхий мэргэжлийн байцаагч хяналт тавина.
Хоёр. Рашааны эрэл, хайгуул, судалгаа
2.1.Рашааны эрэл, хайгуул, судалгааны ажлыг санхүүжүүлэгч байгууллагын захиалгаар эрх бүхий Усны мэргэжлийн байгууллага гүйцэтгэнэ.
2.2.Рашааны эрэл, хайгуул, судалгааны ажлын явцад энэ журмын 1.2-д заасан эрх бүхий байгууллага хяналт тавина.
2.3.Рашааны эрэл, хайгуул, судалгааны ажлын эцсийн үр дүнгийн тайланг Усны асуудал эрхэлсэн засгийн газрын эрх бүхий байгууллагад хүргүүлж тайлагнана.
2.4.Рашааны эрэл, хайгуул, судалгааны ажлаар тогтоогдсон рашааны ашиглалтын нөөцийг Усны асуудал эрхэлсэн засгийн газрын эрх бүхий байгууллагаар батлуулж мэдээллийг Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
2.5. Рашааны эрэл, хайгуул, судалгааны ажлын үр дүнгийн тайланд дараахь үзүүлэлтүүд тусгагдсан байна. Үүнд:
2.5.1.рашааны газарзүй, геоморфологи, геологийн тогтоц, тектоник бүтэц, гидрогеологийн нөхцөл;
2.5.2.рашааны физик шинж чанар, химийн найрлагыг тодорхойлсон ажлын үр дүн, дүгнэлт;
2.5.3.рашааны физик шинж чанар, химийн найрлагыг үндэслэн аливаа өвчнийг анагаах чадварыг тодорхойлсон Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх мэргэжлийн салбар зөвлөлийн дүгнэлт;
2.5.4.рашааны нөөцийг бодит болон боломжит үйлдвэрлэлийн зэрэглэлээр тогтоосон тооцоо.
Гурав. Рашааны ордыг паспортжуулах
3.1.Рашааны эрэл, хайгуул, судалгаагаар нөөц нь батлагдсан рашааны орд бүр паспорттай байна.
3.2.Рашааны ордын паспортын загварыг Эрүүл мэндийн болон Байгаль орчны асуудал эрхэлсэн сайдын хамтарсан тушаалаар батална.
3.3.Рашааны ордын паспортыг тухайн аймаг, нийслэлийн Байгаль орчны асуудал хариуцсан газар хөтөлж рашааныг ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад баталгаажсан хуулбарыг олгоно.
Дөрөв. Рашааныг хамгаалах
4.1.Рашааныг ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь Усны асуудал эрхэлсэн засгийн газрын эрх бүхий байгууллагын дүгнэлтийг үндэслэн "Рашааны тухай хууль"-ийн 8 дугаар зүйлийн 8.1.2-д заасны дагуу хамгаалалтын болон ариун цэврийн бүсийг тогтоолгоно.
4.2.Рашааны ариун цэврийн бүсийг хашаажуулж, хамгаалалтын бүсийг тэмдэгжүүлэх үүргийг рашааныг ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хариуцна.
4.3.Рашааны эх, ундарга, ариун цэврийн бүс дотор газар ухаж хөндөх, овоо босгохыг хориглоно.
4.4.Рашааны эх, ундаргыг өөрийн хөрөнгөөр тохижуулж, тоноглон хамгаалсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь тухайн байгууламжийг давуу эрхээр эзэмшинэ.
4.5.Рашааны чанар, ашиглалт, горимын ажиглалтанд аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн асуудал хариуцсан газар, Байгаль орчны асуудал хариуцсан газар болон Мэргэжлийн хяналтын газар хяналт тавина.
Тав. Рашааныг ашиглах
5.1.Рашааныг ашиглагч нь рашааны илэрц буюу булгийн эхийг тохижуулж байгалийн ундаргын хэмжээнд ашиглах бөгөөд цооног болон дамжуулах хоолой нь баталгаажсан усны тоолууртай байна.
5.2.Рашааныг ашиглах хэмжээ нь баталгаажсан нөөцийн хэмжээнд бол хэд хэдэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зэрэг ашиглаж болно. Харин тэдгээр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын рашааныг ашиглахад "Рашааны тухай хууль"-ийн 11 дүгээр зүйлд заасны дагуу шийдвэрлэнэ.
5.3.Тусгай хамгаалалттай газар нутагт рашаан ашиглах бол түүнийг ашиглахтай холбоотой асуудлыг "Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль", журам, дүрэмд нийцүүлэн зохицуулна.
5.4.Рашааныг ашиглах сонирхол бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь рашаан ашиглах хүсэлт, "Рашааны тухай хууль"-ийн 11 дүгээр зүйлд заасны дагуу бүрдүүлсэн бичиг баримт болон рашааны ордын паспортын баталгаажсан хуулбарын хамт аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд уламжилна.
5.5.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нь рашааныг ашиглах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай "Рашаан ашиглуулах гэрээ"-г аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэн Засгийн газраас тогтоосон хугацаагаар байгуулна.
5.6."Рашааныг ашиглуулах гэрээ"-ний загварыг Эрүүл мэндийн болон Байгаль орчны асуудал эрхэлсэн сайдын хамтарсан тушаалаар батална.
5.7."Рашааныг ашиглуулах гэрээ"-г үндэслэн аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга гэрээ байгуулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад рашаан ашиглах эрхийн бичиг олгоно. Рашааныг ашиглагч эрхийн бичгээ Улсын усны мэдээллийн санд бүртгүүлнэ.
5.8.Рашааныг ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглаж буй рашааны чанар, найрлагыг улирал тутамд өөрийн хөрөнгөөр шинжлүүлнэ.
Зургаа. Рашааны ашиглалт, хамгаалалтын мэдээ, тайлан гаргах
6.1.Рашааны мэдээллийн сан нь "Рашааны тухай хууль"-ийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасны дагуу бүрдэх бөгөөд Усны асуудал эрхэлсэн Засгийн газрын эрх бүхий байгууллага хөтлөн явуулна.
6.2.Рашааны эрэл, хайгуул болон газрын хэвлийтэй харьцах бусад ажиллагааны үед илэрсэн рашааны тухай мэдээллийг Усны асуудал эрхэлсэн Засгийн газрын эрх бүхий байгууллагад бүртгүүлэх үүргийг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хүлээнэ.
6.3.Рашааныг ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь рашаан ашиглах зорилгоор өрөмдсөн цооног, тохижуулсан рашааны талаархи мэдээллийг тухай бүрт нь аймаг, нийслэлийн Байгаль орчны асуудал хариуцсан газраар дамжуулан Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Усны асуудал эрхэлсэн Засгийн газрын эрх бүхий байгууллагад хүргүүлнэ.
6.4.Рашааныг ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь рашааны орчинд байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөр хэрэгжүүлэх ба рашааны найрлага, чанар болон түвшний өөрчлөлтийг аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн асуудал хариуцсан газар болон Байгаль орчны асуудал хариуцсан газарт тухай бүрт нь мэдээлнэ.
6.5.Аймаг, нийслэлийн Байгаль орчны асуудал хариуцсан газар нь рашааны ашиглалт, хамгаалалтын тайлан, мэдээг Байгаль орчин, аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан маягтын дагуу нэгтгэж жил бүрийн 12 дугаар сарын 01-ний дотор Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Усны асуудал эрхэлсэн Засгийн газрын эрх бүхий байгууллагад ирүүлнэ.
Долоо. Бусад
7.1.Рашааныг ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын буруутай үйл
ажиллагааны улмаас рашаан бохирдох, рашааны нөөц, ундарга багасах, чанар нь алдагдвал мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн "Рашааны тухай хууль"-ийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
7.2.Энэхүү журмыг зөрчсөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад Монгол улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
Текст томруулах
A
A
A