- Нүүр
- Сайдын тушаал
- АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААХ, ЧИГЛЭЛ ӨӨРЧЛӨХ, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТЭНХЛЭГИЙН ДААЦАД ХЯЗГААРЛАЛТ ХИЙХ ЖУРАМ
Зам тээвэр, барилга хот байгуулалтын
сайдын 2010 оны 3 дугаар сарын 23-ны
өдрийн 80 дугаар тушаалын хавсралт
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААХ, ЧИГЛЭЛ ӨӨРЧЛӨХ, ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТЭНХЛЭГИЙН ДААЦАД ХЯЗГААРЛАЛТ ХИЙХ ЖУРАМ
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 Монгол улсын нутаг дэвсгэр дээр байгалийн гамшгийн улмаас авто замын байгууламжид эвдрэл, гэмтэл гарч хаагдах, засвар шинэчлэлт хийх үед авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор олон улс, улс, орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжийг хаах, чиглэлийг өөрчлөх, түр замаар явуулах, авто тээврийн хэрэгслийн тэнхлэгийн даацад /цаашид авто замыг хаах, чиглэл өөрчлөх, даац хязгаарлах гэнэ/ тодорхой хугацаанд хязгаарлалт, зохицуулалт хийхэд, энэхүү журмыг мөрдөнө.
2 Олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол Монгол улсын нутаг дэвсгэр дээр авто зам, замын байгууламжийг ашиглаж байгаа гадаад улсын тээврийн хэрэгсэлд энэхүү журам нэгэн адил хамаарна.
3 Хүн, малын гоц халдварт өвчин, гал түймэр зэрэг гэнэтийн аюул гарсан тохиолдлоос бусад үед олон улсын болон улсын чанартай авто зам, замын байгууламжийг хаах, чиглэл өөрчлөх, даац хязгаарлах шийдвэрийг Авто зам, замын байгууламжийн засвар, арчлалт, хамгаалалтыг хариуцсан байгууллагын санал дүгнэлтийг үндэслэн Авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гаргана.
4 Хүн, малын гоц халдварт өвчин, гал түймэр зэрэг гэнэтийн аюул гарсан тохиолдлоос бусад үед орон нутгийн чанартай авто замыг хаах, чиглэл өөрчлөх даац хязгаарлах шийдвэрийг тухайн орон нутгийн авто зам, авто тээврийн улсын хяналтын байцаагч, тээвэр, авто замын албаны хамтарсан дүгнэлтийг үндэслэн аймаг, нийслэлийн Засаг дарга гаргана.
5 Хүн, малын гоц халдварт өвчин, гал түймэр зэрэг гэнэтийн аюул гарсан тохиолдолд олон улс болон улс, орон нутгийн чанартай авто замыг хаах, чиглэл өөрчлөх, даац хязгаарлах асуудлыг Улсын байнгын онцгой комиссийн шийдвэр, Авто зам, замын байгууламжийн засвар, арчлалт, хамгаалалтыг хариуцсан байгууллагын саналыг үндэслэн Авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гаргана.
6 Улс болон орон нутгийн авто зам, замын байгууламжаар зорчин явж байгаа авто тээврийн хэрэгслийн тэнхлэгийн даацад хязгаарлалт хийх, замын чиглэл өөрчлөх, хаах тухай шийдвэрийг Авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь холбогдох яам, газрууд болон тухайн Авто зам, замын байгууламжийн засвар, арчлалт, хамгаалалтыг хариуцсан байгууллагад албан ёсоор тухай бүрд нь шуурхай мэдээлнэ.
7 Авто замыг хаах, чиглэл өөрчлөх, даац хязгаарлах тухай мэдээллийг уг үйл ажиллагааг эхлүүлэхээс 7-оос доошгүй хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарлаж нийтэд мэдээлнэ. Мэдээлэлд тухайн чиглэлийн авто замыг хаах, чиглэл өөрчлөх, тэнхлэгийн даацад хязгаарлалт хийж эхлэх болон дуусгавар болгох хугацааг тодорхой зааж өгнө.
8 Зам хариуцагч байгууллага нь авто замыг хаах, чиглэл өөрчлөх, даац хязгаарлах шийдвэрийг орон нутгийн тээвэр, авто замын байгууллага, Замын цагдаагийн албанд шуурхай мэдэгдэж, түр зам гаргах, тэмдэг, тэмдэглэгээг тавих болон, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлыг зохион байгуулж хэрэгжүүлнэ.
ХОЁР. АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААХ
1 Хүн, малын гоц халдварт өвчин, гал түймэр зэрэг гэнэтийн аюул тохиолдлоос бусад үед авто зам, замын байгууламжийг дараах нөхцөлд түр хааж хугацааг нь тогтооно. Үүнд:
1.1. Авто зам дээр уулын чулуулгийн нуралт үүсэх бодит аюул бий болсон,
1.2. Зам, гүүр их хэмжээгээр эвдэрч, яаралтай засварлах шаардлагатай болсон,
1.3. Богино хугацаанд цэвэрлэх боломжгүй их хэмжээний цас орж зам хаагдсан,
1.4. Хавар, намрын улиралд хөрсний хөлдөлт гэсэлтийн улмаас замын хийц хэсгүүдэд нь суулт, овойлт үүссэн үед тээврийн хэрэгслийн тэнхлэгийн даацад хязгаарлалт хийж.
1.5. Зун намрын улиралд замын их болон урсгал засварын ажлыг гүйцэтгэх үед хэсэгчлэн.
1.6. Шинээр хийгдэж байгаа зам, гүүрийн барилгын ажлын үед тодорхой хугацаагаар зохих норм дүрмийг баримтлан хаах.
2 Авто зам, замын байгууламжийг хаах тухай шийдвэр гарсан тохиолдолд Зам хариуцагч байгууллага түр зам, гарцуудыг техникийн шаардлагын дагуу гаргаж, авто замын орох гарах хэсэгт болон хүндрэлтэй хэсгүүдэд тэмдэг тавьж тэмдэгжүүлэн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангана.
ГУРАВ. АВТО ЗАМЫН ЧИГЛЭЛИЙГ ӨӨРЧЛӨХ
1. Авто замын чиглэлийг авто зам, замын байгууламж тодорхой хугацаагаар хаагдах, тээврийн хэрэгслийн тэнхлэгийн даацыг хязгаарлах тохиолдолд өөрчилнө.
2. Авто замын чиглэлийг өөрчлөх, хаах тухай шийдвэрийг Авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гаргана.
3. Өөрчлөгдсөн замын чиглэлийг тэмдэгжүүлэн, гарц зурвас гаргаж замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүргийг тухайн Зам хариуцагч байгууллага хүлээнэ.
ДӨРӨВ. АВТО ЗАМААР ЯВАХ ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТЭНХЛЭГИЙН ДААЦАД ХЯЗГААРЛАЛТ ХИЙХ
1. Авто зам, замын байгууламжаар өнгөрөх авто тээврийн хэрэгслийн тэнхлэгийн даацад хязгаар тогтоох хамгийн хүнд ачааллыг авто замын паспорт гүүрийн карт, замын ашиглалтын нөхцөлд хийсэн үзлэг, шинжилгээнд тулгуурлаж гаргана.
2. Олон улс болон улсын чанартай авто замаар өнгөрөх авто тээврийн хэрэгслийн тэнхлэгийн даацын хязгаар нь Монгол улсын MNS 4598-2003 стандартад нийцсэн байна.
3. Зам, замын байгууламжийн даац хязгаарлах асуудлыг зам хариуцагч байгууллагын саналыг үндэслэн Авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага шийдвэрлэнэ.
4. Авто замыг ашиглаж буй авто тээврийн хэрэгслийн даацыг хязгаарлах тохиолдолд хязгаар тогтоосон хэсэгт авто тээврийн хөдөлгөөнийг саадгүй өнгөрүүлэх түр замыг гаргаж тэмдэгжүүлэх ажлыг тухайн зам хариуцагч байгууллага гүйцэтгэнэ.
ТАВ. БУСАД
1. Энэхүү журмын хэрэгжилтэнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто замын газар хяналт тавина.
--oOo—
Текст томруулах
A
A
A