A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • НИСЛЭГ-ТЕХНИКИЙН ЗӨРЧЛИЙГ ШАЛГАЖ ШИЙДВЭРЛЭХ /Энэ дүрмийг ЗТБХБС-ын 2010 оны 111 дүгээр тушаалаар хүчингүй болгосон/
Бүлэг: 1979
Дэд бүтцийн сайдын 2002 оны 261 тоот тушаалын нэгдүгэр хавсралт
 
 
 
НИСЛЭГ-ТЕХНИКИЙН ЗӨРЧЛИЙГ ШАЛГАЖ ШИЙДВЭРЛЭХ
 

А БҮЛЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

13.1.Зорилго

Нислэг-техникийн зөрчлийг шалгаж шийдвэрлэх үйл ажиллагааны журмыг тогтооход энэ дүрмийн зорилго оршино.

13.2.Тодорхойлолт

Нислэг-техникийн зөрчил (incident)-гэж нислэг-техникийн осол болон ноцтой зөрчлөөс бусад, агаарын хөлгийн хөлгийн ашиглалттай холбогдсон, агаарын хөлгийн аюулгүй үйл ажиллагаанд нөлөөлж байгаа, эсхүл нөлөөлж болзошгүй тохиолдлуудыг хэлнэ.

13.3.Зөрчлийг мэдээлэх

Аливаа этгээд нь нислэг-техникийн зөрчлийн тухай ИНД-12-т заасны дагуу ИНЕГ-т нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.

13.4.Зөрчлийг шалгах ерөнхий ажиллагаа

(а) ИНЕГ-ын дарга энэ дүрмийн 13.3-т заасны дагуу ирүүлсэн мэдээлэлд дурьдсан зөрчлийг шалгуулахаар ИНЕГ-ын эрх бүхий этгээдэд шилжүүлнэ.

(б) ИНЕГ-ын эрх бүхий этгээд нь зөрчлийг шалгахын өмнө "Зөрчлийг шалгах тухай тогтоол" гаргана.

13.5.Гомдол гаргах

(а) Аливаа этгээд иргэний нисэхийн хууль тогтоомж зөрчсөн үйлдэл, эс үйлдлийн талаар ИНЕГ-ын даргад гомдол гаргаж болно. Энэ заалт нь ИНЕГ-ын дарга болон ИНЕГ-ын ажилтнуудын хөдөлмөрлөх үүргийнхээ хүрээнд хийсэн үйлдэлтэй холбогдуулж гаргасан гомдолд хамаарахгүй.

(б) Энэ зүйлийн (а)-гийн дагуу гаргасан гомдол нь дараах шаардлагыг хангасан байна:

1/ зохих шийдвэр гаргуулах буюу арга хэмжээ авахуулах зорилгоор, ИНЕГ-ын даргын нэр дээр бичгээр ирүүлсэн байна;

2/ хэрэв мэдэгдэж байгаа бол гомдолд холбогдож буй этгээдийн нэр, хаяг, албан тушаал, мөн зөрчигдсөн гэж үзэж байгаа хууль, дүрмийн заалтыг тодорхой заасан байна;

3/ гомдлын үндэслэлийг товч бөгөөд тодорхой заасан байна;

4/ гомдол гаргагч өөрийн нэр, хаягийг тодорхой заасан байна;

5/ гомдол гаргагч буюу түүний итгэмжлэгдсэн этгээд гарын үсгээ зурсан байна.

(в) Энэ зүйлийн (б)-д заасан шаардлагыг хангаагүй гомдлыг мэдээлэл гэж үзэн энэ дүрмийн 13.4-т заасны дагуу шалгана.

(г) Энэ зүйлийн (б)-д заасан шаардлагыг хангасан гомдлыг бүртгэж хуулбарыг гомдолд дурьдагдсан хүн бүрт хүргүүлнэ.

(д) ИНЕГ-ын дарга гомдлыг шалгаж шийдвэрлэх хангалттай үндэслэл байгаа эсэхийг тогтооно. Хэрэв гомдлыг шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзвэл гомдлыг хэрэгсэхгүй болгож энэ тухай үндэслэлийг гомдол гаргагч болон гомдолд нэр дурдагдсан этгээдэд мэдэгдэнэ.

(ж) ИНЕГ-ын дарга гомдлыг шалгах хангалттай үндэслэл байна гэж үзвэл энэ тухай шийдвэр гаргаж гомдлыг шалгах ажиллагааг ямар албан тушаалтанд хариуцуулсан тухай гомдолд нэр дурьдагдсан хүн бүрт мэдэгдэнэ.

(з) Гомдол болон бусад тодорхойлолт, гомдлыг шийдвэрлэсэнтэй холбоотой материалыг ИНЕГ-ын Дүрмийн бүртгэлийн хэсэгт хадгална.

13.6.Бичиг баримт, протокол

Иргэний нисэхийн багц дүрэмд, хадгалахаар болон ИНЕГ-ын даргад өгөхөөр заасан аливаа бичиг баримт, протоколыг ИНЕГ-ын даргын шийдвэрийн дагуу явуулж байгаа зөрчлийг шалгах, хариуцлага хүлээлгэх, зөвшөөрөл олгох болон бусад ажиллагаанд ашиглаж болно.

13.7.Тодорхой зөрчлийг захиргааны журмаар шийдвэрлэх

(а) Зөрчил нь гэмт хэргийн шинжгүй болох нь тогтоогдвол ИНЕГ-ын эрх бүхий этгээд түүнийг захиргааны журмаар шийдвэрлэнэ.

(б) Энэ зүйлийн (а)-гийн дагуу явуулах захиргааны ажиллагаа нь дараах хэлбэртэй байна:

1/ зөрчилд холбогдох этгээдэд "сануулга" өгөх;

2/ зөрчлийг арилгах арга хэмжээг заасан албан бичиг өгөх.

(в) Зөрчил гаргагч энэ зүйлийн (б)-д заасны дагуу зөрчлийг арилгах арга хэмжээг бүрэн аваагүй бол түүнд хуульд заасан арга хэмжээ авч болно.

Б БҮЛЭГ. ЗӨРЧИЛ ГАРГАГЧИД ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ

13.8.Торгууль ногдуулах

(а) Хууль тогтоомжоор эрх олгогдсон этгээд нь Иргэний нисэхийн тухай хууль болон түүний дагуу гарсан дүрэм, журмыг зөрчсөн этгээдэд торгууль ногдуулахдаа дараах зүйлүүдийг харгалзана:

1/ зөрчлийн шинж чанар;

2/ зөрчил гаргагчийн гэм буруугийн хэмжээ;

3/ урьд өмнө зөрчил гаргаж байсан эсэх;

4/ торгууль төлөх чадвар;

(б) Энэ зүйлийн (а)-д заасан тохиолдолд зөрчил гаргагч нь ИНЕГ-ын эрх бүхий этгээдэд дараах зүйлийн аль нэгийг гаргах эрхтэй:

1/ зөрчил гараагүй тухай, эсхүл тухайн зөрчилд тухайн хэмжээний торгууль шийтгэл шаардлагагүйг харуулсан баримт, гэрчийн тодорхойлолт,

2/ торгуулийн хэмжээг бууруулахыг хүссэн бичгийн хүсэлт, үүнд ямар хэмжээгээр бууруулах тухай, үндэслэл, түүнийг батлах баримт, хэрэв ногдуулсан торгуулийг төлөх чадваргүй бол ногдуулсан торгууль нь уг этгээдийг үйл ажиллагаагаа цаашид хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болгохыг харуулсан санхүүгийн баримт,

3/ зөрчлийн талаар хэлэлцүүлэг явуулах тухай хүсэлт /бичгээр/.

13.9.Хэлэлцүүлэг

(а) Зөрчилд холбогдсон хэн боловч энэ дүрмийн 13.8-ын (б)-гийн 3/-т заасан хэлэлцүүлгийг энэ дүрмийн "В" Бүлэгт заасан журмаар явуулахыг хүсэх эрхтэй ба энэ тухай хүсэлтийг ИНЕГ-ын даргын нэр дээр, бичгээр ирүүлнэ.

(б) Зөрчилд холбогдсон этгээд энэ зүйлийн (а)-д зааснаар хэлэлцүүлэг явуулах хүсэлт тавьсан бол түүний эх хувийг бүртгэлд үлдээж, хуулбарыг хүсэлт гаргасан этгээдэд явуулна.

13.10.Давхар болон давтан шалгалт

(а) ИНЕГ-ын дарга нь аливаа иргэний агаарын хөлөг, агаарын хөлгийн хөдөлгүүр, пропеллер, хэрэгсэл, агаарын навигацийн төхөөрөмжийг давхар шалгах /reinspect/, аль ч иргэний нисэхийн ажилтныг давтан шалгах /reexamine/ эрхтэй.

(б) ИНЕГ-ын дарга энэ зүйлийн (а)-д заасан шалгалтуудын дүнд шаардлагатай гэж үзвэл аливаа гэрчилгээ /үйлдвэрлэлийн, нислэгт тэнцэх чадварын, агаарын тээвэрлэгчийн болон агаарын навигацийн тоног төхөөрөмжийн/, нисэхийн ажилтны мэргэжлийн үнэмлэхийг бүхэлд нь буюу зарим хэсгийг өөрчилсөн, түдгэлзүүлсэн буюу хүчингүй болгосон шийдвэр гаргах эрхтэй.

(в) Энэ зүйлийн (б)-д заасны дагуу шийдвэр гаргахын өмнө гэрчилгээ, үнэмлэх эзэмшигчид гаргасан зөрчил, авах арга хэмжээний талаар мэдэгдэх ба яаралтайгаас бусад тохиолдолд түүнд буруутгаж байгаа асуудалд хариу тайлбар өгөх бололцоо олгоно.

(г) Үнэмлэх, гэрчилгээ эзэмшигч нь энэ зүйлийн (в)-гийн дагуу ирүүлсэн мэдэгдлийг хүлээж аваад дараах шийдвэрийн аль нэгийг гаргах эрхтэй:

1/ буруутгаж байгаа зүйлийг хүлээн зөвшөөрч үнэмлэх, гэрчилгээгээ хураалгах;

2/ буруутгасан зүйлд бичгээр хариу тайлбар өгөх.

(д) Үнэмлэх, гэрчилгээ эзэмшигч нь энэ зүйлийн (в)-гийн дагуу ирүүлсэн мэдэгдлийг хүлээж авснаас хойш 15 хоногийн дотор хариу ирүүлээгүй бол ИНЕГ-ын дарга холбогдох шийдвэрийг гаргана.

В БҮЛЭГ. ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЯВУУЛАХ, ШИЙДВЭРЛЭХ

13.11.Хэлэлцүүлэг явуулах тухай хүсэлт

(а) Нислэг-техникийн зөрчилд холбогдогч нь хэлэлцүүлэг явуулах тухай хүсэлтийг бичгээр гаргана. Хүсэлтэд ИНЕГ-аас санал болгосон арга хэмжээг товч дурьдаж, Хэлэлцүүлэг явуулахыг хүсэж байгааг заана.

(б) Зөрчилд холбогдогч нь ИНЕГ-ын даргаас санал болгосон арга хэмжээний мэдэгдлийн хариуг Хэлэлцүүлгийн хүсэлтийн хамт гаргана.

13.12.Хэлэлцүүлгийн тухай хүсэлтийг хүлээж авах

(а) ИНЕГ-ын дарга нь өөрийн нэр дээр ирүүлсэн хэлэлцүүлгийн тухай хүсэлтийг зөрчлийг шалгах этгээдэд шилжүүлж шийдвэрлүүлнэ.

(б) Хэлэлцүүлгийн хүсэлтийг шийдвэрлэхээр хүлээн авсан этгээд нь дараах ажиллагааг гүйцэтгэнэ:

1/ хэлэлцүүлгийн өмнөх уулзалтын тухай мэдэгдлийг холбогдох хүмүүст явуулах;

2/ зөрчилд холбогдогчоос зөрчлийн талаар тодорхойлолт гаргуулж авах;

3/ зөрчлийн талаар нотлох баримт хүлээж авах;

4/ асуудлыг талуудын тохиролцоогоор шийдвэрлэх, хөнгөвчлөхийн тулд хэлэлцүүлгийн өмнө уулзалт хийх;

5/ шийдвэр гаргахад шаардлагатай үйл баримтыг тогтоох, үнэлэлт өгөх.

(в)Хэлэлцүүлгийн тухай хүсэлтийг шийдвэрлэхээр хүлээн авсан этгээд нь хэлэлцүүлэг явуулах өдөр, цаг, газрыг тогтоож хэлэлцүүлэгт оролцох хүмүүст энэ тухай мэдэгдэнэ.

13.13.Хэлэлцүүлэг явуулах

(а) Хэлэлцүүлэгт дараах хүмүүсийг оролцуулна:

1/ хэлэлцүүлэг явуулахаар хүсэлт гаргагч;

2/ ИНЕГ-ын эрх бүхий этгээд;

3/ хэлэлцүүлгийн тухай хүсэлтийг шийдвэрлэхээр хүлээн авсан этгээдээс шаардлагатай гэж үзсэн бусад хүмүүс.

(б) Хэлэлцүүлгийн төгсгөлд хэлэлцүүлгийн үеэр тогтоогдсон зүйл, дүгнэлт, тэдгээрийн үндэслэлийг бичгээр гаргаж, дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:

1/ арга хэмжээний тухай мэдэгдлийг хүчингүй болгох, эсхүл

2/ зөрчилд арга хэмжээ авах тухай тушаал/шийдвэр гаргана.

13.14.Нэн даруй биелүүлэх шийдвэр

(а) Хэлэлцүүлгийн эцэст дараах байдал тогтоогдвол ИНЕГ-ын эрх бүхий этгээд нэн даруй биелүүлэх шийдвэрийг гаргана:

1/ зөрчил нь иргэдийн эрүүл мэнд буюу амь нас, эд хөрөнгөд үлэмж аюул учруулж байгаа, ба

2/ нийтийн ашиг сонирхлын үүднээс дээрх аюулыг нэн даруй арилгахыг шаардаж байгаа бол.

(б) Энэ зүйлийн (а)-д заасан нэн даруй биелүүлэх шийдвэрийг холбогдох этгээдэд утас буюу цахилгаанаар мэдэгдэх ба холбогдох үйл баримт, шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг заасан бичгийн тодорхойлолтыг биеэр хүргэж өгөх буюу шуудангаар явуулна.

(в) Нэн даруй биелүүлэх шийдвэр гаргасан албан тушаалтан гаргасан шийдвэр нь энэ зүйлийн (а)-д заасан шаардлагад нийцэхгүй болсныг тогтоовол тушаал/шийдвэрийг хүчингүй болгох буюу түдгэлзүүлнэ.

(г) Нэн даруй биелүүлэх шийдвэрийг гардуулснаас хойш 3 хоногийн дотор зөрчил гаргасан этгээд Хэлэлцүүлгийн тухай хүсэлт гаргаж болох бөгөөд энэ тохиолдолд:

1/ зөрчил гаргасан этгээд илүү урт хугацаа хүсээгүй бол хүсэлтийг нэн даруй биелүүлэх шийдвэрийг гаргаснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэнэ;

2/ хэлэлцүүлгийн төгсгөлд нэн даруй биелүүлэх шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх, эсхүл хэвээр үлдээх тухай шийдвэр гаргана.

(д) Энэ зүйлийн (г)–д заасны дагуу Хэлэлцүүлгийн тухай хүсэлт гаргасан нь нэн даруй биелүүлэх шийдвэрийн үйлчлэлийг түдгэлзүүлэхгүй.

13.15.Давж заалдах

(а) Хэлэлцүүлгийн тухай хүсэлт гаргасан этгээд Хэлэлцүүлгийн эцсийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор ИНЕГ-ын даргад давж заалдаж болно.

(б) Энэ зүйлийн (а)-д заасны дагуу давж заалдсан нь Нэн даруй биелүүлэх шийдвэрийн үйлчлэлийг түдгэлзүүлэхгүй.

(в) ИНЕГ-ын дарга давж заалдсан гомдлыг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор Нэн даруй биелүүлэх шийдвэрийг хүчингүй болгосон, өөрчилсөн, эсхүл бататгасан тушаал гаргана. Тушаалд үндэслэлийг заана.