A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ТЕХНИК ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ ДҮРЭМ /Энэ дүрмийг ЗТБХБС-ын 2010 оны 111 дүгээр тушаалаар хүчингүй болгосон/
Бүлэг: 1979

Дэд бүтцийн сайдын 2002 оны 261 тоот тушаалын хоёрдугаар хавсралт

 

ТЕХНИК ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ ДҮРЭМ

 

А БҮЛЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

43.1.Зорилго

Энэ дүрмээр дараах үйл ажиллагааг зохицуулна:

1/ ИНД-21-ийн дагуу Нислэгт тэнцэх чадвар (цаашид НТЧ гэх)-ын гэрчилгээ олгогдсон бага оврын агаарын хөлөгт ИНД-91-д шаардсаны дагуу хийгдэх техник үйлчилгээ (цаашид ТҮ гэх);

2/ ИНД-21-ийн дагуу НТЧ-ын гэрчилгээ олгогдсон бага оврын агаарын хөлгийг ИНД-91-д шаардсаны дагуу ТҮ-нээс гаргах;

3/ ИНД-21-ийн дагуу НТЧ-ын гэрчилгээ олгогдсон агаарын хөлөгт суурилагдсан эд анги, тоног төхөөрөмжид ИНД-91-д шаардсаны дагуу ТҮ гүйцэтгэх, тэдгээрийг ТҮ-нээс гаргах;

4/ НТЧ-ын жилийн үзлэг хийх.

43.2.Тодорхойлолт

Удирдлагын систем гэж агаарын хөлгийн агаар дахь байрлал буюу хөдөлгөгч хүчийг өөрчилж буй агаарын хөлгийн болон хөдөлгүүр, сэнсний удирдлага, түүнд хамаарах ажлын механизмуудыг удирдах нэгдсэн системийг;

Техник үйлчилгээ гэж агаарын хөлгийн нислэгт тэнцэх чадварыг хадгалах үүднээс хийгдэх бүх төрлийн засвар, өөрчлөлт, үзлэг, хуваарьт болон хуваарьт бус үйлчилгээг;

Техник үйлчилгээнээс гаргах гэж агаарын хөлөгт ТҮ-ний ажил хийгдсэний дараа нислэгт тэнцэх чадварын стандартад нийцэж буйг эрх бүхий ажилтнаас баталгаажуулсныг тус тус ойлгоно.

Б БҮлэг. Техник ҮйлЧилгээ

43.3.Техник үйлчилгээг гүйцэтгэх зөвшөөрөл

(a) Энэ зүйлийн (б), (в)-д зааснаас гадна дараах шаардлагыг хангасан инженер техникийн ажилтанд агаарын хөлөг, түүний эд ангид ТҮ хийх зөвшөөрөл олгоно :

1/ ИНД-66-гийн дагуу олгогдсон агаарын хөлгийн техник үйлчилгээний ажилтны мэргэжлийн үнэмлэх, холбогдох маягийн зэрэглэлтэй; эсхүл

2/ Чикагогийн конвенцийн хэлэлцэн тохирогч улсаас олгосон агаарын хөлгийн техник үйлчилгээний ажилтны мэргэжлийн үнэмлэх болон холбогдох маягийн зэрэглэл нь ИНЕГ-аар хүлээн зөвшөөрөгдсөн; эсхүл

3/ ИНД-145-ын дагуу гэрчилгээжсэн байгууллагаас ТҮ гүйцэтгэх зөвшөөрөл олгосон; эсхүл

4/ ТҮ-г дараах этгээдийн шууд хяналтад гүйцэтгэх бол:

ИНД-66-ын дагуу, агаарын хөлгийн ТҮ-ний ажилтны мэргэжлийн үнэмлэх, холбогдох маягийн зэрэглэлтэй этгээд, эсхүл

ИНД-145-ын дагуу гэрчилгээжсэн байгууллагаас зөвшөөрөл олгогдсон этгээд.

(б) ИНД-61-ийн дагуу нисэгчийн үнэмлэх, холбогдох маягийн зэрэглэл эзэмшигч нь дараах тохиолдолд энэ дүрмийн Хавсралт A-д заасан ТҮ-г гүйцэтгэнэ:

1/ холбогдох сургалтад хамрагдсан;

2/ агаарын хөлгийг эзэмшигч, эсвэл ашиглагчийн эрхтэй бол.

(в) Планер, түүний бүрэлдэхүүн эд анги, тоног төхөөрөмжид ТҮ хийх этгээд нь:

1/ ИНД-149-ийн дагуу нисэх клубын гэрчилгээ эзэмшигч байна; эсхүл

2/ ИНД-149-ийн дагуу нисэх клубын гэрчилгээ эзэмшигчийн шууд хяналтад ТҮ-г гүйцэтгэнэ.

43.4.Техник үйлчилгээг гүйцэтгэх

 (a) Агаарын хөлөг, түүний эд ангид ТҮ гүйцэтгэх этгээд нь дараах шаардлагыг хангасан байна:

1/ агаарын хөлгийн НТЧ-ын хадгалалтыг хангахад шаардлагатай ТҮ-ний үйл ажиллагаа болон агаарын хөлгийн бүтэц, систем, тоног төхөөрөмжийн талаар зохих мэдлэгтэй байна;

2/ агаарын хөлгийн ТҮ-ний хөтөлбөр, үйлдвэрлэгчийн зааврыг мөрдөж ажиллахад шаардагдах ажлын байр, багаж тоног төхөөрөмжийг бүрдүүлсэн байна;

3/ НТЧ-ын хадгалалтын зааварчилга, үйлдвэрлэгчийн ТҮ-ний заавар, журам, технологийг ашигладаг байна (заавар, түүний нэмэлт өөрчлөлтийг ИНЕГ-ын дарга хүлээн зөвшөөрсөн байна);

4/ ИНД-21-ийн "Ж" Бүлэгт заасны дагуу материал сэлбэг, тоног төхөөрөмжийг ашиглана;

5/ энэ зүйлийн (а)-гийн 3/-т заасан зааварт шаардсан шалгах багаж төхөөрөмж ашиглана;

6/ үйлдвэрлэгчийн зөвлөсөн тусгай болон шалгах тоног төхөөрөмж, эсхүл түүнтэй адилтгах, ажиллах нөхцөл нь шалгагдаж баталгаажсан тоног төхөөрөмж ашиглана;

7/ агаарын хөлөг, түүний эд анги нь НТЧ-ын холбогдох шаардлагуудыг хангаж байгаа эсэхийг бататган ТҮ-г гүйцэтгэнэ;

8/ ТҮ-г гүйцэтгэхдээ үйлдвэрлэгчийн ТҮ-ний зааврын "НТЧ-ын хязгаарлалт" гэсэн бүлэг, эсхүл НТЧ-ын хадгалалтыг хангах талаар гарсан зааврыг мөрдөнө;

9/ ТҮ-г ИНД-91 ба ИНД-119-ийн дагуу ИНЕГ-ын эрх бүхий этгээдээр  батлагдсан хөтөлбөрийг үндэслэн гүйцэтгэж байгаа бол :

(i) ТҮ-ний хөтөлбөрийг гүйцэтгэхээс өмнө агаарын  хөлөгт бүрэн үзлэг хийнэ;

(ii) анхан шатны үзлэг хийсний дараа хөтөлбөрийн дагуу нарийвчилсан үзлэг хийнэ;

10/ агаарын хөлөг, түүний эд анги НТЧ-ын шаардлага хангасан эсэхийг бататган ТҮ-нээс гаргахдаа түүний техникийн нөхцөл байдал нь тухайн агаарын хөлөг, эд ангийн анхны хувилбар болон хийгдсэн өөрчлөлт шинэчлэлттэй нийцэж байгаа эсэхийг дараах үзүүлэлтээр тодорхойлно :

(i)аэродинамик;

(ii) бүтцийн бөх бат байдал;

(iii) чичиргээ болон эвдрэл гэмтлийг эсэргүүцэх чадвар;

(iv) НТЧ-т нөлөөлөх бусад шинж чанар.

(б) Энэ зүйлийн (г)-д зааснаас бусад тохиолдолд ИНД-145-ын дагуу гэрчилгээ эзэмшээгүй аливаа этгээд агаарын тээврийн үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа дараах агаарын хөлөг, эд ангид ТҮ-г гүйцэтгэхгүй ба тэдгээрийг ТҮ-нээс гаргахгүй:

1/ үйл ажиллагаанд ашиглах агаарын хөлөг нь:

(i)                 хөөрөлтийн хамгийн их жин нь 5700 кг-аас их; эсхүл

(ii)               нисэх багийн гишүүдийн суудлаас гадна 10 ба түүнээс дээш зорчигчийн суудалтай;

2/ энэ зүйлийн (б)-гийн 1/-д дурьдсан агаарын хөлөгт суурилуулах болон суурилагдсан эд анги;

(в) Энэ зүйлийн (г)-д зааснаас бусад тохиолдолд ИНД-145-ын дагуу гэрчилгээ эзэмшээгүй аливаа этгээд агаарын хөлөг, түүний бүрэлдэхүүн эд ангид дараах ТҮ гүйцэтгэхгүй ба тэдгээрийг ТҮ-нээс гаргахгүй:

1/ эд ангийн их засвар;

2/ НТЧ-тай холбогдолтой өгөгдөхүүний шаардлагын улмаас үйлдвэрлэгч, эсхүл ИНЕГ-ын даргаар баталгаажсан эталоныг ашиглан агаарын хөлөг, түүний эд ангид гүйцэтгэх ТҮ;

3/ дор дурьдсанаас бусад тохиолдолд эд анги, түүний бүрэлдэхүүн хэсэгт лабораторийн үзлэг хийх, шаардлагатай дутагдлыг арилгах ТҮ:

(i) эд ангийн дутагдалтай хэсгийг ердийн аргаар солих;

(ii)               шалгах багаж хэрэгсэлгүйгээр ажиллагааг шалгах үед дутагдал нь илэрхий мэдэгдэж байх;

4/ агаарын хөлгийн хөдөлгүүрт хийх дараах ТҮ:

(i)                 цилиндр болон бүлүүрийн хэсэгт үзлэг хийхээс бусад тохиолдолд поршинт хөдөлгүүрийг задлах, угсрах; эсхүл

(ii)               хөдөлгүүрийн ашиглалтын зааврын дагуу үндсэн бүрээс их биеийн холбоосоор салган үндсэн эргэх эд анги болон бүрээс их биеийг солих ажиллагаанаас бусад тохиолдолд турбинт хөдөлгүүрийн үндсэн эргэх хэсэг, эсхүл үндсэн бүрээс их биеийг задлах угсрах; эсхүл

(iii) редукторын гэмтэл дутагдлыг засах.

5/ тухайн агаарын хөлгийн үйлдвэрлэгчээс гаргасан зааврын дагуу сэнсний динамик тэнцвэржүүлэлт хийхээс өөрөөр тэнцвэржүүлэлт хийх ТҮ,

6/ үйлдвэрлэгчээс гаргасан ТҮ-ний зааврын дагуу дотор талын үзлэг хийх зорилгоор задлахаас бусад тохиолдолд нисдэг тэрэгний дамжуулах редукторын аливаа эд ангийг задлах ТҮ;

(г) Энэ зүйлийн (б), (в) хэсэг нь тусгай ангиллын НТЧ-ын гэрчилгээтэй агаарын хөлөг, эсхүл хөнгөн агаарын хөлөг, планер, хөдөлгүүрт планер, агаарын бөмбөлөгт хамаарахгүй.

43.5.Их засварын бүртгэл

Дараах ажиллагаа хийгдээгүй тохиолдолд аливаа этгээд агаарын хөлөг, түүний их бие, хөдөлгүүр, сэнс, тоног төхөөрөмж, эд ангийн их засварын бүртгэл, бичилтийг техникийн баримтад хийхийг хориглоно:

1/ задаргаа, цэвэрлэгээ, үзлэг, шалгалт, засвар нь ИНЕГ-ын даргаас хүлээн зөвшөөрсөн арга технологийн дагуу хийгдсэн ба буцаан угсрагдсан ;

2/ дараах байдлаар шалгагдсан:

(i) ИНД- 21-ийн дагуу маягийн гэрчилгээ, үйлдвэрлэлийн зөвшөөрөл эзэмшигчийн боловсруулсан, ИНЕГ-аас хүлээн зөвшөөрсөн техникийн үзүүлэлтүүд болон стандартын дагуу; эсхүл

(ii)          ИНЕГ-аас хүлээн зөвшөөрсөн бусад техникийн үзүүлэлтүүд болон стандартын дагуу.

43.6.       Жилийн ба 100 цагийн үзлэг шалгалт

ИНД-91-д шаардсан, жилийн ба 100 цагийн үзлэг шалгалтыг энэ дүрмийн Хавсралт А-д заасны дагуу хийнэ.

43.7.       Радио тоноглолын үзлэг шалгалт.

ИНД-91-д шаардсан, агаарын хөлгийн радио тоноглолын үзлэг шалгалтыг энэ дүрмийн Хавсралт Б-д заасны дагуу хийнэ.

43.8.       Өндөр хэмжигч системийг шалгах

ИНД-91-д шаардсан, агаарын хөлгийн нислэгийн өндөр хэмжигч системийг шалгах үзлэгийг үйлдвэрлэгчийн зааврын дагуу боловсруулсан, ИНЕГ-аас баталгаажуулсан ТҮ-ний хөтөлбөрийн дагуу шалгана.

43.9.       Агаарын хөлгийн хариулагчийг шалгах

ИНД-91-д шаардсанаар, агаарын хөлгийн хариулагчийг үйлдвэрлэгчийн зааврын дагуу боловсруулсан, ИНЕГ-аас баталгаажуулсан ТҮ-ний хөтөлбөрийн дагуу шалгана.

43.10.  Ослын байршил дамжуулагчийн үзлэг шалгалт

ИНД-91–д шаардсан, ослын байршил дамжуулагчийг шалгах үзлэгийг энэ дүрмийн Хавсралт Г-д заасны дагуу гүйцэтгэнэ.

43.11.  Үл эвдэх сорилын аргаар шалгах.

Агаарын хөлөг, түүний эд ангийн ТҮ-нд шингэний нэвчих арга, соронзон бөөмийн арга, хуйларсан гүйдлийн арга, хэт авианы болон радиографийн зэрэг үл эвдэх сорилын аргуудыг ашиглах бол тухайн ТҮ-г гүйцэтгэх этгээд нь:

1/ ашиглаж буй техник технологид тохирсон, олон улсын байгууллагаас олгосон гэрчилгээ, эсхүл ИНЕГ-аас хүлээн зөвшөөрсөн адил чанарын гэрчилгээтэй байна;

2/ ИНЕГ-аас хүлээн зөвшөөрсөн үл эвдэх сорилын аргын зохих аргачлал, техник технологийг ашиглан гүйцэтгэнэ.

43.12.  Техник үйлчилгээний бичиг баримтын хөтлөлт

(a) Агаарын хөлөг, түүний эд ангид ТҮ хийсэн аливаа этгээд уг ТҮ-ний ажил дууссаны дараа бичиг баримтын дараах хөтлөлтийг хийнэ :

1/ үзлэг шалгалт хийхэд ашигласан заавар, технологи ба ТҮ-ээр хийгдсэн нийт ажилд болон техникийн үзүүлэлт;

2/ буусан, суурилуулсан эд ангийн :

(i) тодорхойлолт;

(ii) үйлдвэрлэгчийн болон серийн дугаар;

(iii) ИНЕГ-ын Маягт "НЭГ"-ийн тайлбар, эсхүл ТҮ-нээс гаргасан баримт;

3/ хийсэн ТҮ-ний ажил, үзлэг шалгалтын үр дүн, газарт болон агаарт шалгасан дүгнэлт;

4/ өндөр хэмжигч системийн үзлэг шалгалт, шалгагдсан өндрийн хамгийн их хэмжээ, огноо;

5/ дууссан огноо;

6/ ТҮ хийсэн этгээдийн, эсхүл ТҮ-нээс гаргасан  эрх бүхий этгээдийн нэр;

7/ ТҮ-г хийсэн байгууллагын нэр, хаяг;

8/ ТҮ хийгдэх болсон шалтгаан (хатуу буулт, эсхүл зөрчил, дутагдлын улмаас үүссэн эвдрэл гэмтэл, дутагдал гэх мэт).

(б) ТҮ хийх этгээд нь:

1/ хөлгийн борт журнал болон ИНЕГ-аас хүлээн зөвшөөрсөн ТҮ-ний бичиг баримтад энэ зүйлийн (а)-д заасан бичилтийг хийнэ;

2/ бичиг баримтын хөтлөлтийг тод гаргацтай бичнэ;

3/ дараах бичиг баримтад ТҮ-ний ажлын карт-наряд болон холбогдох бусад зүйлийг лавлах болгон тэмдэглэнэ :

(i)             борт журнал;

(ii)           ИНЕГ-ын хүлээн зөвшөөрсөн ТҮ-ний  бичиг баримт.

43.13.  Техник үйлчилгээний бичиг баримтад тавигдах шаардлага

Энэ дүрмийн дагуу үйлдэх техникийн бичиг баримт, тайланд санаатайгаар худал мэдээлэл оруулах, бичиг баримт, тайланг хуурамчаар үйлдэх, засварлахыг хориглоно.

В БҮлэг. Техник ҮйлЧилгээнээс гаргах

43.14.  Агаарын хөлөг, түүний эд ангийг техник үйлчилгээнээс гаргах эрх

(a) Энэ зүйлийн (б)-д зааснаас бусад тохиолдолд дараах шаардлагыг хангасан этгээд агаарын хөлөг, түүний эд ангийг ТҮ-нээс гаргах эрхтэй:

1/ ИНД-66-ын дагуу, агаарын хөлгийн ТҮ-ний ажилтны хүчин төгөлдөр мэргэжлийн үнэмлэх, холбогдох маягийн зэрэглэлтэй; эсхүл

2/ ИНД-145-ын дагуу гэрчилгээ эзэмшигч байгууллагаас ТҮ-г баталгаажуулах эрх олгогдсон, эсхүл

3/ ИНЕГ-аас олгосон мэргэжлийн үнэмлэхэнд агаарын хөлөг, түүний эд анги тоног төхөөрөмжийг ТҮ-нээс гаргах эрхийн тэмдэглэгээ хийгдсэн байна;

4/ нисэгчийн үнэмлэх эзэмшигч этгээд нь ТҮ-г энэ дүрмийн 43.3-ын (б)-гийн дагуу гүйцэтгэнэ:

5/ агаарын хөлөг, эсхүл түүний эд ангийн ТҮ Монгол Улсын нутаг дэвсгэрийн гадна хийгдэх бол тухайн ТҮ-г гүйцэтгэх этгээд нь Чикагогийн конвенцийн хэлэлцэн тохирогч аль нэг улсын эрх бүхий байгууллагаас олгосон мэргэжлийн үнэмлэхтэй байна.

(б) Аливаа этгээд ИНД-149-д заасны дагуу планер болон түүний эд ангийн ТҮ-г баталгаажуулах зөвшөөрөлтэй бол планер, түүний эд ангид ТҮ хийгдсэний дараа тэдгээрийг ТҮ-нээс гаргаж болно.

43.15.  ТҮ-нээс гаргахад тавигдах шаардлагууд.

(a) Шаардлага хангаагүй, эсхүл ТҮ нь холбогдох дүрмийн дагуу гүйцэтгэгдээгүй агаарын хөлөг, түүний эд ангийг ТҮ-нээс гаргахыг хориглоно.

(б) Агаарын хөлөг, түүний эд ангид хийгдсэн үндсэн өөрчлөлт, үндсэн засвар нь энэ дүрмийн "Д" Бүлэгт заагдсаны дагуу баталгаажаагүй тохиолдолд тэдгээрийг ТҮ-нээс гаргахыг хориглоно.

(в) Агаарын хөлөг, түүний эд ангийн өөрчлөлт, эсвэл засварын үеийн техникийн үзүүлэлтүүд нь Нислэг ашиглалтын зааварт тусгагдсан нислэгийн үзүүлэлтүүд ба ашиглалтын хязгаарлалтуудыг өөрчлөхөд хүрвэл тухайн өөрчлөлтүүдийг Нислэг ашиглалтын зааварт оруулах хүртэл агаарын хөлөг, түүний эд ангийг ТҮ-нээс гаргахыг хориглоно.

43.16.  Техник үйлчилгээний дараах  баталгаажуулалт

(a) Агаарын хөлөг, түүний эд ангийг ТҮ-нээс гаргах эрх бүхий этгээд агаарын хөлгийн бортжурнал болон бусад бичиг баримтад энэ дүрмийн 43.12-ын (б)-гийн 1/-д шаардсаны дагуу тэмдэглэл хийхдээ:

1/ ТҮ-нээс гаргах баталгааг:

(i)                 энэ дүрмийн 43.12-т шаардсан бичилтүүд хийгдсэний дараа ;

(ii)               ТҮ-ний ажил нь холбогдох дүрмийн дагуу хийгдэж ТҮ-нээс гаргах шаардлагад нийцсэнийг бататгасны дараа тус тус гаргана;

2/ ТҮ-нээс гаргах баталгаанд:

(i)                 баталгаа гаргасан этгээдийн гарын үсэг, үнэмлэх /зөвшөөрлийн дугаар;

(ii)               баталгаа гаргасан он, сар, өдрийг бичнэ.

(б)       Агаарын хөлөгт суурилагдаагүй, эсхүл суурилуулах гэж байгаа эд ангийг ТҮ-нээс гаргах тохиолдолд ТҮ-нээс гаргах эрх бүхий этгээд нь тухайн эд ангид: дараах бичиг баримтын бүрдүүлэлт хийнэ:

1/    ИНЕГ-ын Маягт НЭГ-ээр :

(i)                 тухайн ТҮ ИНД-145-ын дагуу гэрчилгээжсэн байгууллагаар хийгдсэн байхыг; эсхүл

(ii)               тухайн эд анги нь экспортлогдсон байхыг шаардана; эсхүл

2/    ИНЕГ-ын Маягт ХОЁР-оор.

43.17.  Ажиллагаагүй тоног төхөөрөмж.

ИНД-91-ийн дагуу, ажиллагаагүй байж болох тоноглолтой агаарын хөлөг, түүний эд ангийг ТҮ-нээс гаргах этгээд нь:

1/ агаарын хөлгийг ашиглагч/эзэмшигч этгээдэд ажиллагаагүй тоноглолын жагсаалтыг гаргаж өгнө;

2/ агаарын хөлгийн бүхээгийн ажиллагаагүй тоног төхөөрөмж, удирдлагын болон хяналтын самбарын зохих хэсэгт "АЖИЛЛАГААГҮЙ" гэсэн бичээс, санамжийг байрлуулсан байна;

3/ агаарын хөлгийн бортжурнал, эсхүл бусад бичиг баримтад ТҮ-нээс гаргасан тухай бичилтийг:

(i) энэ дүрмийн 43.12-т шаардсан бичилтүүд хийгдсэний дараа хийх ба;

(ii) ТҮ-ний ажлууд холбогдох дүрмийн дагуу хийгдэж, агаарын хөлөг, түүний эд ангийг ТҮ-нээс гаргах шаардлагыг хангасан гэдгийг заасан байна.

43.18.  Техникийн дутагдал

Холбогдох дүрэм, зааврын дагуу үзлэг шалгалтыг гүйцэтгэсний эцэст агаарын хөлөг, түүний эд ангийг ТҮ-нээс гаргах боломжгүй байвал үзлэгийг гүйцэтгэсэн этгээд нь:

1/ тухайн агаарын хөлөгт илэрсэн НТЧ-ын хадгалалтад нөлөөлөх дутагдлын жагсаалтыг Тээвэрлэгчид гаргаж өгнө;

2/ энэ дүрмийн 43.12-ын (б)-гийн 1/-д шаардсан, агаарын хөлгийн бортжурнал, эсхүл бусад бичиг баримтад агаарын хөлөг, түүний эд ангийг ТҮ-нээс гаргахад нийцэхгүй байгаа талаар бичилт хийнэ;

3/ энэ зүйлийн 2/-т заасан бичилтэд:

(i)       бичилт хийсэн этгээдийн гарын үсэг, мэргэжлийн үнэмлэх/ зөвшөөрлийн дугаар;

(ii)     бичилт хийсэн он, сар, өдрийг тэмдэглэнэ.

43.19.  Давхар үзлэг шалгалт

 (a) Агаарын хөлөг, түүний эд анги болон аль нэг удирдлагын системийн тохируулга, эсхүл өөрчлөлт ба анх удаагийн угсралт хийсний дараа, дараах давхар үзлэг шалгалтыг гүйцэтгээгүй тохиолдолд тухайн агаарын хөлөг, түүний эд ангийг ТҮ-нээс гаргахыг хориглоно:

1/ энэ дүрмийн 43.14-ийн дагуу эрх олгогдсон этгээдийн гүйцэтгэх удирдлагын системийн ТҮ-ний дараа түүнийг ТҮ-нээс гаргах үзлэг;

2/ дараах шаардлагыг хангасан өөр этгээдээр давхар үзлэг хийлгэх:

(i)       давхар үзлэгийг гүйцэтгэхэд шаардлагатай дадлага туршлагатай, зохих сургалтад амжилттай хамрагдсан; ба

(ii)     энэ зүйлийн 1/-д заагдсан этгээд томилсон байна.

(б) Энэ зүйлийн (a)-д заасан аюулгүй ажиллагааны давхар үзлэгийг гүйцэтгэх этгээд нь энэ дүрмийн 43.12-ын (б)-гийн 1/-д шаардсаны дагуу бортжурнал, эсхүл бусад бичиг баримтад дараах бичилтийг хийнэ:

1/ тухайн агаарын хөлгийн удирдлагын систем, эсхүл эд ангийн удирдлагын систем нь аливаа саадгүй, зөв ажиллаж байгааг тэмдэглэнэ;

2/ бичилт хийсэн этгээдийн гарын үсэг, мэргэжлийн үнэмлэх/зөвшөөрлийн дугаар болон бичилт хийсэн он, сар, өдрийг тэмдэглэнэ.

43.20.  Поршинт хөдөлгүүрийг газарт асааж шалгах

Жилийн, эсхүл 100 цагийн үйлчилгээ хийгдсэн поршинт хөдөлгүүрт агаарын хөлгийг ТҮ-нээс гаргахдаа дараах зүйлийг бататгана:

1/ агаарын хөлгийн хөдөлгүүр болон хөдөлгүүрийн ажлын горимыг үйлдвэрлэгчээс өгсөн зааварчилгын дагуу дараах байдлаар газарт асааж шалгасан байна:

(i)                 хөдөлгүүрийн чадал (бага горим дээрх эргэлт);

(ii)               асаалтын систем;

(iii)             түлш болон маслоны даралт;

(iv)             цилиндрийн болон хөргөлтийн температур, мөн маслоны температур;

2/ гадна агаарын хэм болон агаарын даралт, үр дүнгийн дэлгэрэнгүй бичилтийг:

(i)                 тухайн хөдөлгүүрийн техникийн журнал, эсхүл агаарын хөлгийн бортжурналд; эсхүл

(ii)               ИНЕГ-аас хүлээн зөвшөөрсөн ТҮ-ний баримтад хийнэ.

43.21.  Турбинт хөдөлгүүрийг газарт асааж шалгах

Жилийн, эсхүл 100 цагийн үйлчилгээ хийгдсэн турбинт хөдөлгүүрт агаарын хөлгийг ТҮ-нээс гаргахдаа дараах зүйлийг бататгана:

1/ хөдөлгүүрийн ажлын горимыг үйлдвэрлэгчээс өгсөн зааварчилгын дагуу газарт асааж шалгасан байна:

2/ гадна агаарын хэм болон агаарын даралт, хянах үзүүлэлтүүдийн дэлгэрэнгүй бичилтийг:

(i)            тухайн хөдөлгүүрийн техникийн журнал, эсхүл агаарын хөлгийн бортжурналд; эсхүл

(ii)          ИНЕГ-аас хүлээн зөвшөөрсөн ТҮ-ний баримтад хийнэ.

43.22.  Техникийн бичиг баримтын бүрдэл

Техникийн бичиг баримтын бүрдэл дутуу, хийгдэх ёстой бичлэг, хойшлогдсон засвар үйлчилгээний талаарх мэдээлэл зэрэг нь дутуу хийгдсэн бол аливаа этгээд агаарын хөлөг, түүний эд ангийг ТҮ-нээс гаргаж болохгүй.

Г БҮлэг. Нислэгт Тэнцэх Чадварын жилийн Үзлэг

43.23.  Үзлэгийг гүйцэтгэх этгээд

a) Энэ зүйлийн (б)-д зааснаас бусад тохиолдолд, ИНД-66-гийн "Д" Бүлгийн дагуу мэргэжлийн эрх авсан этгээд агаарын хөлгийн НТЧ-ын жилийн үзлэг шалгалтыг гүйцэтгэх эрхтэй.

(б) Аливаа этгээд дараах тохиолдолд планерын НТЧ-ын жилийн үзлэгийг гүйцэтгэж болно:

1/ эрх бүхий байгууллагаас планерын НТЧ-ын жилийн үзлэгийг гүйцэтгэх эрх олгогдсон;

2/ планер, түүний эд ангид үзлэг хийх, шалгах, зааварчлах сургалтад амжилттай хамрагдсан.

43.24.  Үзлэгт тавигдах шаардлага

(a) Энэ зүйлийн (б)-д зааснаас бусад тохиолдолд, аливаа этгээд агаарын хөлгийн НТЧ-ын жилийн үзлэгийг гүйцэтгэж баталгаажуулахаас өмнө:

1/ тухайн агаарын хөлөг нь өөрийн маягийн гэрчилгээндээ нийцэж байгаа эсэхийг бататгана;

2/ аливаа өөрчлөлт болон засвар нь ИНД-21-д бичигдсэн техникийн өгөгдөхүүнүүдтэй нийцэж буй эсэхийг бататгана;

3/ ТҮ-ний зохих хөтөлбөрт тусгагдсан бүх ТҮ бүрэн хэмжээгээр хийгдсэн эсэхийг бататгана;

4/ хүчин төгөлдөр бүх НТЧ-ын удирдамж (AD) гүйцэтгэгдсэн эсэхийг бататгана;

5/ техникийн бичлэгт орсон бүх дутагдлуудад ИНД-91–ийн дагуу арга хэмжээ авсан эсэхийг бататгана;

6/ ТҮ-нээс гаргах бүх ажиллагаа нь "В" Бүлгийн дагуу хийгдсэн эсэхийг бататгана;

7/ бүх эд ангийн их засвар болон ашиглалтын хугацаа нь зохих ТҮ-ний хөтөлбөрт тусгагдсан хязгаарт байгаа эсэхийг бататгана;

8/ агаарын хөлгийн бортжурнал дээрх жин ба төвлөрөлтийн өгөгдөхүүнүүд нь цэвэр нямбай, гаргацтай бичигдсэн ба тухайн агаарын хөлгийн маягийн гэрчилгээнд заагдсан хязгаарлалтад байгаа эсэхийг бататгана;

9/ тухайн агаарын хөлгийн Нислэгийн ашиглалтын зааварт хамгийн сүүлчийн өөрчлөлт, шинэчлэлтийг хийсэн эсэхийг бататгана;

10/ тухайн агаарын хөлгийн ерөнхий байдалд хийх үзлэгийг гүйцэтгэсэн байна.

(б) Энэ зүйлийн (a)-гийн 1/ ба 2/–т бичигдсэн шаардлагууд нь ИНД-21-ийн "Е" Бүлгийн дагуу тусгай ангиллын НТЧ-ын гэрчилгээ олгогдсон агаарын хөлөгт хамаарахгүй.

43.25.  Баталгаажуулах бичилт

Агаарын хөлгийн НТЧ-ыг тогтоох жилийн үзлэгийг гүйцэтгэж, баталгаажуулж байгаа этгээд нь агаарын хөлгийн бортжурнал ба техникийн бичиг баримтад:

1/ дараах бичилтийг хийнэ:

 

Энэхүү агаарын хөлөгт НТЧ-ын жилийн үзлэг хийгдсэн бөгөөд ИНД-91 болон ИНД-43-ын шаардлагуудыг хангасан болохыг баталгаажуулав.

_____ он ____ сар ____ өдөр, ____. дугаар, __________________ гарын үсэг

 

2/    дараагийн үзлэг хийгдэх он, сар, өдрийг бичнэ.

43.26.  Үзлэгээр илэрсэн дутагдлыг бүртгэх, засах

(a) НТЧ-ын жилийн үзлэгийг гүйцэтгэсэн этгээд тухайн агаарын хөлөг энэ дүрмийн 43.24-ийн (a)-д заасан шаардлагуудыг хангаагүйг тогтоовол:

1/ илэрсэн дутагдлуудын бичилтийг агаарын хөлгийн бортжурнал болон бусад техникийн зөвшөөрөгдсөн бичиг баримтад хийнэ;

2/ илэрсэн дутагдлын талаар ИНЕГ-т мэдээлнэ.

(б) НТЧ-ын жилийн үзлэгийг гүйцэтгэсэн этгээд энэ дүрмийн 43.24-ийн (a)-гийн 2/-т бичигдсэн шаардлагатай холбоотой дутагдлыг илрүүлбэл тухайн агаарын хөлгийг эзэмшигчийн баталгаагаар, дутагдлыг засах хугацааг хойшлуулж болно.

(в) Энэ зүйлийн (б)-гийн дагуу зөвшөөрөгдөх тэрхүү хойшлуулагдсан ТҮ нь:

1/ тухайн агаарын хөлгийн нислэгийн аюулгүй ажиллагаанд нөлөөлөхгүй байна;

2/ тухайн агаарын хөлгийн бортжурнал болон бусад техникийн зөвшөөрөгдсөн бичиг баримтад НТЧ-ын жилийн үзлэг хийсэн этгээдээр бичигдсэн байна.

Д БҮлэг. Үндсэн ӨӨрЧлӨлт, Үндсэн засварыг баталгаажуулах

43.27.  Үйлчлэх хүрээ

Энэ бүлэгт ИНД-21-ийн дагуу НТЧ-ын стандарт, эсхүл хязгаарлагдмал ангиллын гэрчилгээ олгогдсон агаарын хөлгүүдийн үндсэн өөрчлөлт, засварыг баталгаажуулах үйл ажиллагааны журмыг тогтооно.

43.28.  Үндсэн өөрчлөлт, засварыг баталгаажуулах

Аливаа этгээд дараах тохиолдолд агаарын хөлөг, түүний эд ангид хийгдэх үндсэн өөрчлөлт, засварыг баталгаажуулахгүй:

1/ ИНД- 66-гийн "Д" Бүлгийн дагуу үзлэг шалгалт хийх эрхгүй бол;

2/ ИНД-145-ын дагуу ТҮ-ний байгууллагын гэрчилгээ олгогдоогүй, баталгаажуулах эрхгүй бол;

3/ планер болон түүний эд ангийн хувьд :

(i)             ИНД-149-ийн дагуу нисэх клубийн гэрчилгээ олгогдоогүй, баталгаажуулах эрхгүй; эсхүл

(ii)           ИНЕГ-аас хүлээн зөвшөөрсөн шалгалтыг өгөөгүй, зааварчлах сургалтад хамрагдаагүй бол.

43.29.  Баталгаажуулалтад тавигдах шаардлага

Агаарын хөлөг, түүний эд ангийн үндсэн өөрчлөлт, засварыг баталгаажуулах этгээд юуны өмнө тухайн өөрчлөлт, засвар нь ИНЕГ-аас хүлээн зөвшөөрсөн техникийн өгөгдөхүүн, стандарт шаардлагад тохирч байгаа эсэхийг магадална.

43.30.  Баталгаажуулалт

(a) Энэ зүйлийн (б)-д зааснаас бусад тохиолдолд, агаарын хөлөг болон түүний эд ангийн үндсэн өөрчлөлт, засвар нь энэ дүрмийн 43.29-д шаардсан стандарт шаардлагад тохирч байвал тэдгээрийг баталгаажуулах этгээд нь ИНЕГ-337 маягтыг бүрдүүлэх ба маягтын хуулбарыг агаарын хөлгийн бүртгэлийн гэрчилгээ эзэмшигчид өгнө.

(б) ИНД-145-ын дагуу гэрчилгээжсэн ТҮ-ний байгууллага нь энэ зүйлийн (a)-д шаардсан мэдээллийг ИНЕГ-337 маягтаас өөр бичиг баримтаар өгч болно.

(в) ИНЕГ-337 маягт бүрдүүлэн баталгаажуулж буй этгээд нь бүрдүүлсэн маягтын хуулбарыг баталгаажилт хийгдсэнээс хойш 7 хоногийн дотор ИНЕГ-т ирүүлсэн байна.

Хавсралт A. НисэгЧийн гҮйцэтгэх ТеХНИК ҮЙЛЧИЛГЭЭ

ИНД-43.3-ын (б)-гийн дагуу эрх олгогдсон этгээд дараах зүйлийг багтаасан ТҮ-г гүйцэтгэнэ:

1/ дугуй, эсхүл өехийн арын хамгаалалтын тулгуур бүрээс (tail skid shoes) солих;

2/ таг, бүрээс, нээлхий зэргээс бусад, задалж салгах шаардлагагүй хэсгүүдийн тосолгоо хийх;

3/ дараах хэсгүүдээс бусад хэсэгт энгийн, эсхүл тур зуурын даавуун нөхөөсөн засвар хийх ба тухайн засвар нь товгор оёдол, эсвэл restringing-гүй байна:

(i)                 удирдлагын гадаргуу дээр;

(ii)               удирдлагын гадаргуу болон үндсэн бүтцийн хэсгийг салгах шаардлагатай хэсэг дээр;

4/ дараах ажиллагааг багтаагаагүй, эд ангийн хамгаалах материал, тусгаарлагч болон бүрхэвч, бүтээлгийн хуучирсан, эсхүл эвдэрсэн хэсгийг засаж сэргээх ажил:

(i)                 бүтцийн аливаа үндсэн хэсгийг салгах, задлах; эсхүл

(ii)               аливаа ажлын системүүдийн гэмтэл дутагдал; эсхүл

(iii)             удирдлагын гадаргууг засаж сэлбэх, хамгаалж тусгаарлах:

5/ үндсэн бүтцэд орохгүй таглаа панель, эсвэл бүрхүүлүүдэд түр зуурын болон энгийн хялбар засвар хийх;

6/ бүтэц, эсхүл аливаа систем, тоноглолыг салгахгүйгээр хажуугийн цонхыг солих;

7/ агаарын хөлгийн цэнэг хуримтлуулагчийг солих;

8/ гал хамгаалагч болон гэрлүүдийг солих;

9/ дараах зүйлүүдийг багтаасан GPS-ын тоноглолын ТҮ:

(i)                 хүлээн авагчийг суурилуулах болон салгахад хялбар, тухайн төхөөрөмж дээрээ ажиллагааг шалгах боломжтой, суурилуулах болон салгах зааварчилгаа нь ойр бэлэн байх;

(ii)               замын мэдээллийн санд өөрчлөлт оруулах.

10/ шингэний саванд гидро шингэн нэмж хийх:

11/ хөдөлгүүрийн компрессорын үеийг угаах:

(i)                 угаах төхөөрөмжийг суурилуулахад хөдөлгүүрийн удирдлагын анхдагч системийг задалж салгах шаардлагагүй байх;

(ii)               угаах тухай зохих мэдээлэлтэй байх ба энэ нь угаах тоног төхөөрөмжийг суурилуулах болон салгаж авах журмыг багтаасан байх бөгөөд хөдөлгүүрийн угаах болон хатаах эргэлтийн үед аюулгүй ажиллагааг хангах.

12/ дараах тохиолдолд ховил дээр хөдөлгөөнтэй байх тоноглол болон суудал, хаалгануудыг суурилуулах болон салгах:

(i)                 тухайн тоноглол суурилагдсан болон суурилагдаагүй үеийн агаарын хөлгийн хэв загвар нь хүлээн зөвшөөрөгдсөн бол;

(ii)               агаарын хөлгийн нислэг ашиглалтын зааварт тухайн тоноглолыг суурилуулсан болон суурилуулаагүй үеийн жин төвлөрөлтийн өгөгдөхүүнийг багтаасан нислэгийн аюулгүй ажиллагааны мэдээлэл орсон бол;

(iii)             тухайн тоноглолыг суурилуулах ба салгах тухай мэдээлэл ойр, бэлэн байгаа бол;

(iv)             тусгай багаж хэрэгсэл шаардлагагүй, эсвэл ээлжит үзлэг шаардсан бол.

13/ дахин давтагддаг НТЧ-ын удирдамжийг гүйцэтгэх ба энэхүү үзлэг нь:

(i)                 удирдлагын систем нь ИНД-91-д заагдсаны дагуу нислэгт шалгагдсан байх ба тухайн агаарын хөлөг үйлчилгээнд гарахаас өмнө дахин үзлэг хийгдсэн байна;

(ii)               тусгай багаж тоног төхөөрөмж шаардагдахгүй байна.

 

Хавсралт Б. Агаарын хөлгийн радио тоноглолын Үзлэг

Энэ дүрмийн 43.7-д дурьдагдсан этгээд нь дараах үзлэг шалгалтыг гүйцэтгэнэ:

1/ ашиглалтын явцад хийгдсэн ТҮ, техникийн бичиг баримтын хөтлөлтийг холбогдох дүрэм заавартай харьцуулан шалгах,

2/ тоноглолын суурийн холбоос бэхэлгээ болон зөөллөгч амортизаторуудын ажиллагааны хэвийн эсэргүүцэл нь 0.05 ОМ байгаа эсэхийг шалгах;

3/ радио тоноглолуудын хооронд харилцан үүсэх радио долгионы нөлөөг үзэж шалгах;

4/ дотоод холбооны системүүдийг шалгаж бататгах:

(i)            аудио оролтын сигналгүй үед шуугианы үлдэгдэл түвшин 30 децибелл (dB)-ээс доош байгаа эсэх;

(ii)          хэвийн сигналын оролттой үеийн хэвийн болон хэвийн бус гаралтын харьцаа 45 dB-ээс багагүй байгаа эсэх;

5/ дараах төхөөрөмжийн дамжуулах фидерийн шугам ба антенны VSWR-ыг шалгах ба болон 3:1-ээс бага байгааг шалгах:

(i)            хэт богино долгионы радиостанц (VHF)

(ii)          богино долгионы радиостанц (HF)

(iii)        зай хэмжигч (DME)

(iv)        Ослын байршил дамжуулагч (ELT);

6/ дараах системүүдийн сувагчлал зөв эсэхийг шалгах:

(i)            радиостанц ;

(ii)          радиостанц (приемпередатчикаас  АСУ хүртэлх);

(iii)        хэрэглэлийн буултын систем (ILS);

(iv)        хэт богино долгионы тусламжтайгаар онгоцны нислэгийн чиглэлийн өнцөг хэмжигч (VOR);

(v)          DME.

7/ Нислэгийн хэвийн ажиллагаанд VHF холбооны системийн хангалт тохирч байгаа эсэхийг үзэж шалгах;

8/ HF холбооны системд дараах зүйлсийг үзэж шалгах :

(i)            антены холбоос ба тусгаарлагчийн эсэргүүцэл хэвийн эсэх,

(ii)          системийн ажиллагаа нь хэвийн нислэгийн үйл ажиллагаанд нийцэж буй эсэх;

9/ Радио компасын ажиллагааг дараах заалтаар үзэж шалгах:

(i)            чиглэлгүй антены тусгаарлагч, эсэргүүцэгч болон холбоосыг шалгах;

(ii)          сонсголыг шалгах;

10/ ILS хүлээн авагчийн ажиллагааг зөөврийн шалгах хэрэгслээр дараах заалтын дагуу шалгах:

(i)            модуляцийн алдааг заах анхааруулах тугийг шалгах, курс глиссадын заалтын нарийвчлалыг шалгах, курсийн сигналын өргөнийг шалгах, хүлээн авагчийн мэдрэмжийг шалгах

(ii)          хүлээн авагчийн сонсголыг шалгах;

11/  VOR-ын ажиллагааг зөөврийн шалгах хэрэгслээр дараах заалтын дагуу шалгах:

(i)            модуляцийн алдааг мэдээлэгч туг дохиог шалгах;

(ii)          радио соронзон чиглэл заагч (RMI) индикаторын нарийвчлалыг 30°-ын зайтайгаар бүх чиглэлд үзэх,

(iii)        хөдөлгөөн, өөрчлөлт болон курсийн өргөн хэмжигчийн чөлөөтэй байдлыг ±1°-ын нарийвчлалтайгаар шалгах;

(iv)        хүлээн авагчийн сонсголыг шалгах;

12/       Чиглүүлэгч радиостанцын дохио хүлээн авагч (маркер)-ийн ажиллагааг зөөврийн шалгах хэрэгслээр дараах заалтын дагуу шалгах:

(i)            ажиллагааг 400, 1300 ба 3000 Гц дээр болон дохиолох гэрлийн хамт шалгах;

(ii)          дохиоллыг өндөр/нам мэдрэмж дээр шалгах;

13/ DME-гийн ажиллагааг зөөврийн шалгах хэрэгслээр дараах заалтын дагуу шалгах:

(i)            шалгаж буй зайн нарийвчлал болон газрын хурдны заалтыг шалгах;

(ii)           хүлээн авагчийн сонсголыг шалгах.

Хавсралт В. Жилийн ба 100 цагийн Үзлэг

Энэхүү хавсралт нь энэ дүрмийн 43.6-д заагдсан этгээдэд хамааралтай.

Нэг. Ерөнхий зүйл

1/ Агаарын хөлөг ба түүний эд ангид цэвэрлэгээ хийнэ.

2/ Эд анги, систем, тоноглол, агрегатуудад үзлэг шалгалт хийж ажиллагааг шалгана.

3/ Үзлэгийн панель, хаалт, капот нээлхий, бүрээс зэргийг авсан байдалд үзлэгийг хийнэ.

Хоёр. Үзлэг

(а) Дараах зүйлийн ерөнхий байдлыг шалгана:

(1) ажлын хязгаарын хүрээнд бүрэн зөв ажиллаж байгаа хэрэглэл тоноглол,

(2) тохируулга бүрэн зөв хийгдсэн эсэх,

(3) зохих тосолгоотой эсэх,

(4) шингэний хэмжээ болон түвшний тохиргоо,

(5) хийн даралтын тохиргоо,

(6) аюулгүй болон цэвэр байдал,

(7) тэмдэг, тэмдэглэгээний зөв байрлал болон гаргацтай байдал,

(8) элэгдэл зохих хязгаартаа байгаа эсэх,

(9) бэхэлгээ боолт нь бүрэн ба сулраагүй эсэх,

(10) нүх сувгууд бөглөрсөн эсэх,

(11) зөвшөөрөгдсөн хязгаарлалтуудыг шалгах,

(12) олс, оосрын зангилгаа, бэхэлгээ зөв байрласан, гэмтээгүй, аюулгүй байх,

(13) зөвшөөрөгдсөнөөс илүү хэмжээгээр:

(i)                 гоожилт байгаа эсэх;

(ii)               зэврэлтэд орсон, эсхүл хамгаалах будаг шингэнүүд бохирдож гэмтсэн эсэх;

(iii)             цууралт үүссэн эсэх;

(iv)             хэлбэр дүрсээ алдсан, зурагдаж үрэгдсэн, гадаргууд толбо нүх үүссэн болон гэмтэж салбарсан эсэх;

(v)               илэрхий эвдэрч гэмтсэн;

(vi)             шатсан гулдайсан, эсхүл хэт халалтаас гэмтсэн эсэх.

(б) Дараах зүйлүүд энэ хэсгийн (а)-д тусгагдсан шалгуураар болон дараах нөхцөл байдлаар шалгагдсан байна:

1/ их биеийн болон хөвөгч хэсгийн эд ангиудын хувьд дараах зүйлийг шалгана:

(i)              арьс, бүрхэвчүүд нь муудаж үрчийсэн болон бусад гэмтлийн шинж тэмдэг байгаа эсэх, мөн гэмтэл согогтой болон найдваргүй бэхлэгдсэн эсэх;

(ii)            систем, эд ангийн ажиллагаа хэвийн эсэх, гэмтэл байгаа эсэх;

2/ нисэх багийн болон зорчигчийн бүхээг дэх эд ангиудын хувьд дараах зүйлийг шалгана:

(i)            бүхээгийн бохир байдал болон суурийн бэхэлгээ суларсан эсэх, тоноглол нь удирдлагуудыг гэмтээж гацааж болзошгүй эсэх;

(ii)          бүхээгийн халаалтын системүүд нь нүүрс моноксиадын бохирдолтыг үүсгэж болох эсэх;

(iii)        суудал болон даруулга бүснүүд муудсан, тохируулагч механизмууд илэрхий гэмтсэн эсэх;

(iv)        цонх болон цонхны шил арчигч муудаж гэмтсэн эсэх;

(v)          хэрэглэлүүд муудсан эсэх, бэхэлгээ тэмдэглэгээ нь ашиглалтад тохирох эсэх;

(vi)        онгоцны болон хөдөлгүүрийн удирдлагууд зөв суурилагдсан эсэх, ашиглалтад нийцэх эсэх;

(vii)      цахилгаан цэнэг хуримтлуулагч нь зөв суурилагдсан, цэнэглэгдсэн эсэх;

(viii)    аврах гарцууд ашиглалтад нийцэж байгаа эсэх;

(ix)        системүүд зөв суурилагдсан, эсхүл муудсан, илэрхий гэмтсэн болон бэхэлгээ найдвартай эсэх:

3/ хөдөлгүүр болон пилоны эд ангиудын хувьд дараах зүйлийг шалгана :

(i)            хөдөлгүүрийн хэсэгт илүүдэл тос, түлш, эсвэл гидро шингэн гоожсон шинж тэмдэг байгаа эсэх;

(ii)          зэрэг боолтууд зөв чангалагдсан эсэх, мөн илэрхий суларсан болон гэмтсэн эсэх;

(iii)        цилиндрийн шахалт сул, хэвийн бус ажиллагааны үед тосны систем дэх үртэс дохиологч болон шүүрэн дээр төмрийн үртэс, эсхүл гадны биет илрэх эсэх;

(iv)        хөдөлгүүрийн бэхэлгээний сулралт болон бэхэлгээний цууралт;

(v)          чичиргээ зөөллөгч эдийн муудаж гэмтсэн байдал;

(vi)        хөдөлгүүрийн удирдлагын гэмтэл, холболт болон бэхэлгээ зөв эсэх;

(vii)      дамжуулах шугам, хоолой ба бэхэлгээ хавчаарын сулралт байгаа эсэх, байрлал зөв эсэх;

(viii)    хийн гарах хоолойн цууралт, гэмтэл багаа эсэх, бэхэлгээ зөв эсэх;

(ix)        тулгуур бэхэлгээг хамгаалах эд анги;

(x)          зөв суурилуулалт, ерөнхий байдал, эвдрэл гэмтлээс хамгаалах бэхэлгээний бүх системүүд;

(xi)        хөдөлгүүрийн капотны цууралт, гэмтэл:

4/ хөл ангийн хэсгийн эд ангиудын хувьд дараах зүйлийг шалгана:

(i)                 бүх эд ангийн бэхэлгээ, холболт, ерөнхий байдал;

(ii)               холбоос, бэхэлгээний үрэгдэл, элэгдэл, гэмтэл;

(iii)             зөөллөх тулгуурын сумлагаа зөв эсэх;

(iv)             хураах ба түгжих механизмын ажиллагаа зөв эсэх;

(v)               шингэний шугам дахь шингэний алдагдал;

(vi)             цахилгаан системийн залгуурууд зөв холбогдсон, элэгдэл, эвдрэлтэй эсэх;

(vii)           дугуйн цууралт, гэмтэл, холхивчны ерөнхий байдал;

(viii)         дугуйн резинэн гадаргуугийн элэгдэл, гэмтэл;

(ix)             тормозны тохиргоо зөв эсэх;

(x)               хөвөгч болон гулгагч эдийн бэхэлгээний найдвартай байдал, гэмтэл гарсан эсэх:

5/ далавч болон төв хэсгийн эд ангийн ерөнхий байдал, гадаргуугийн гэмтэл, муудалт, бэхэлгээнүүдийн найдвартай байдлыг шалгана,

6/ их биеийн төгсгөлийн хэсэгт хамаарах эд анги болон системийн ерөнхий байдал, гадаргуугийн гэмтэл ба муудалт, эд анги зөв байрлагдсан болон ажиллагаа хэвийн эсэх, бэхэлгээний найдвартай байдал,

7/ сэнсний хэсгийн эд ангийн хувьд дараах зүйлийг шалгана:

(i)            сэнсний цууралт, сэтрэлт, тахийлт, тосны алдагдал;

(ii)          боолтын чангалалт, түгжээ зөв эсэх;

(iii)        мөсдөлт эсэргүүцэх эд ангийн  ажиллагаа, гэмтэл дутагдал;

(iv)        удирдлагын механизмуудын ажиллагаа зөв эсэх, найдвартай бэхэлгээ, хязгаарлагдсан хөдөлгөөн;

(v)          эд ангийн суурилуулалт зөв эсэх, ерөнхий байдал, гэмтэл байгаа эсэх, бэхэлгээний найдвартай байдал:

8/ радио тоноглолуудын хувьд дараах зүйлийг шалгана:

(i)            радио цахилгаан тоноглолуудын суурилуулалт зөв эсэх, суурь бэхэлгээ найдвартай эсэх;

(ii)          цахилгааны шугам сүлжээний холболт, таталт зөв эсэх, найдвартай бэхэлгээтэй, гэмтэл байгаа эсэх;

(iii)        утасны холбоосын суурилуулалт зөв эсэх, ерөнхий байдал;

(iv)        антены ерөнхий байдал, бэхэлгээ, ажиллагаа;

9/ нисдэг тэрэгний хувьд дараах зүйлсийг шалгана:

(i)            хөтлөгч гол ба түүнтэй ижил систем;

(ii)          дамжуулах системийн эд ангиуд;

(iii)        даах сэнс;

(iv)        сүүлний сэнс;

10/ энэ жагсаалтад ороогүй бусад эд ангийн суурилуулалт болон ажиллагааны хэвийн байдал.

Хавсралт Г. Ослын байрлал дамжуулагЧийг шалгах

Энэ дүрмийн 43.10-т заагдсан этгээд дараах зүйлийг шалгана:

1/ маяк болон бэхэлгээнд зэврэлт гарсан эсэх, ерөнхий байдал;

2/ доргилтоос ажилладаг залгуурын ажиллагаа;

3/ дамжуулагчийн гаралт нь үйлдвэрлэгчээс тодорхойлсон шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгах төхөөрөмжөөр шалгаж бататгах.

Дэд бүтцийн сайдын 2002 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 261 тоот тушаалын Хавсралт 3

 

Планер - Үйл ажиллагаа

 

A БҮлэг. ЕрӨнхий зҮйл

104.1    Зорилго

Энэ дүрмийн зорилго нь:

1/ планерын үйл ажиллагаанд хамаарах ИНД-91-ийн нэмэлт журмыг тогтоох; ба

2/ планерын үйлчилгээнд хамаарах ИНД-43-ын нэмэлт журмыг тогтоох; ба

3/ ИНД-91 болон ИНД-43-ын зарим заалтаас планерын үйл ажиллагааг чөлөөлөхөд тус тус оршино.

104.2     Тодорхойлолт

Планер гэж дельтапланаас бусад, аливаа хүчний төхөөрөмжийн тусламжгүйгээр агаартай харилцан үйлчилж, агаарын урсгалын нөлөөллөөр агаарт тогтон нислэг үйлдэх агаараас хүнд нисэх төхөөрөмжийг;

Эрх бүхий байгууллага гэж Иргэний нисэхийн ерөнхий газрын даргаас, энэ дүрмийн дагуу планерын үйл ажиллагаа явуулах, түүнд хяналт тавих эрх олгогдсон байгууллагыг тус тус хэлнэ.

104.3    Нисэгчид тавигдах шаардлага

(а) Планерын нисэгч нь:

1/ дараах төрлийн үнэмлэх, гэрчилгээг эзэмшсэн байна :

(i)                 планерын нисэгчийн хүчин төгөлдөр гэрчилгээ, эсхүл

(ii)               ИНД-61-ийн дагуу олгогдсон коммерийн нисэгч (планер)-ийн хүчин төгөлдөр үнэмлэх; болон

2/ дараах шаардлагыг хангасан байна:

(i)                 18 нас хүрсэн байх;

(ii)               нислэг бүрд А буюу В ангиллын планерын багш нисэгчээс зөвшөөрөл авсан байх;

3/ үнэмлэх гэрчилгээгээр олгогдсон эрх, хязгаарлалтын хүрээнд үйл ажиллагаанд оролцох; ба

4/ планерын хувьд тогтоогдсон стандарт, журмыг баримтлах.

(б) Эрх бүхий байгууллагаас томилогдсон багш нисэгчийн шууд хяналтад нислэг үйлдэх аливаа этгээд энэ зүйлийн (а)-гийн 1/, 2/ ба 3/-т заасан шаардлагыг үл харгалзан планераар нислэг үйлдэж болно.

104.4    Шалгах нислэг

(а) Планерын нисэгчийн гэрчилгээтэй болон зохих зэрэглэлтэй этгээд нь ИНД-91-ийн 91.9-ийн (в)-гийн 3/-ыг үл харгалзан, планерын нислэгт тэнцэх чадварын гэрчилгээ олгох, эсхүл шинэчлэх зорилгоор шалгах нислэг үйлдэж болно.

(б) Планерын нисэгчийн гэрчилгээтэй болон зохих зэрэглэлтэй этгээд нь ИНД-91-ийн 91.110-ын (б)-гийн 1/-ийн (i)-ийг үл харгалзан, планерын техник үйлчилгээний чанар нислэгийн үзүүлэлтэд тохирч байгаа эсэхийг шалгах зорилгоор шалгах нислэг үйлдэж болно.

104.5    Нислэг ашиглалтын заавар

ИНД-91-ийн 91.13-ын (а)-гийн 2/-ыг үл харгалзан, аливаа этгээдийг дараах нөхцөлд Нислэг ашиглалтын зааваргүйгээр планераар нислэг үйлдэхийг зөвшөөрч болно:

1/ нисэгч нь Нислэг ашиглалтын заавартай нислэгийн урьдчилсан төлөвлөлтийн явцад танилцсан бол;

2/ нисэгчийн бүхээгт аюулгүй ажиллагаанд шаардагдах бүх мэдээллүүд тавигдсан бол.

104.6    Хэрэглэлийн дуураймал нислэг

ИНД-91-ийн 91.20-ын (а)-гийн 1)-ийг үл харгалзан, планерын нисэгчийн гэрчилгээ эзэмшигч нь планерт хэрэглэлийн дуураймал нислэгийн аюулгүй ажиллагаа хариуцсан нисэгчээр нислэг үйлдэж болно.

104.7    Газар дахь дохио

Хэрэв планерын нислэгийн үед газрын дохио шаардлагатай бол планерын хөөрөх, буух чиглэлийг заасан цагаан өнгийн том суман дохиог хэрэглэнэ.

Б БҮлэг. Нислэгийн ЖУРАМ

104.8    Нислэгийн хөдөлгөөнд оролцох

(а) ИНД-91-ийн 91.43-ын (б)-г үл харгалзан, планерын нислэгийн үед баруун гар талд нь уулын хэц байгаа тохиолдолд, планерын эгц урдаас өөр планер ойртох тохиолдолд түүнд зам тавьж баруун гар тал руу эргэхийг энэ дүрмээр шаардахгүй.

(б) ИНД-91-ийн 91.43-ын (г)-г үл харгалзан, планер нь уулын хэц дээгүүр нисэж байхдаа өөр планерыг гүйцэж түрүүлэх тохиолдолд уулын хэц талаар тойрч түрүүлнэ.

(в) ИНД-91-ийн 91.43-ын (д)-г үл харгалзан, хоёр планер буултын ойртолтыг зэрэг үйлдэж байгаа тохиолдолд илүү үзүүлэлттэй планер нь бага үзүүлэлттэй планертаа зам тавьж өгнө.

104.9    Хэрэглэлийн нислэгийн цаг уурын нөхцөл

ИНД-91.55-ыг үл харгалзан, ИНД-91-ийн Е Бүлгийн шаардлагыг дагаж мөрдөлгүйгээр, планерын нисэгч нь дараах тохиолдолд хэрэглэлийн нислэгийн цаг уурын нөхцөлд планераар нислэг үйлдэж болно:

1/ ИНЕГ-аас үүлэн дунд нислэг үйлдэх зөвшөөрөл олгосон; эсхүл

2/ үүлэн дунд нислэг үйлдэхэд зориулагдсан хязгаарлагдмал бүс тогтоогдсон; эсхүл

3/ үүлэн дундах нислэг үйлдэх газар нутаг дээр буюу ойролцоо ХНЖ үйлдэгдэх нислэгийн хөдөлгөөнгүй гэсэн баталгааг ойролцоох нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албанаас 15 минут тутамд мэдээлэл авч байгаа бол G ангиллын агаарын зайд үйлдэнэ.

104.10    Үүлэн доогуурх нислэг

ИНД-91.55-ын (а)-гийн 2/-ыг үл харгалзан, E ба G ангиллын агаарын зайд нислэг үйлдэх планерын нисэгч нь 900 м (3000 фут)-ийн үнэмлэхүй өндрөөс дээш өндөрт болон 300 м (1000 фут)-ийн харьцангуй өндрөөс дээш өндөрт, харин 3300 м (11000 фут)-ийн үнэмлэхүй өндрөөс доош өндөрт нислэг үйлдэхдээ үүлний доод суурьд 150 м (500 фут)-ээс ойргүй нислэг үйлдэнэ.

104.11.Шатахууны шаардлага

ИНД-91.57-д заасан шаардлага нь планерын нисэгчид хамаарахгүй.

104.12.Хамгийн нам өндөр

ИНД-91.60–ын (а)-гийн 3)-ыг үл харгалзан, планерын нисэгч нь дараах тохиолдолд газрын гадаргуугаас дээш 150м (500 фут)-ээс нам өндөрт нислэг үйлдэж болно:

1/ хэрэв газар дээрх хүн буюу өмч хөрөнгөд хохирол учруулахгүй бол уулын хэцээс хөөрөх; эсхүл

2/ хэрэв планерын зааварлагч хөөрөлтийн үед гарч болох алдаа, дутагдлын талаар сургалт дадлага явуулж байгаа бол.

104.13.ИХНЖ-аар үйлдэх чиг шулуун нислэгийн өндөр

ИНД-91.61-ийг үл харгалзан, нислэгийн соронзон чиглэлд чиг шулуун нислэгийн өндөр, эсхүл нислэгийн цувааг барих шаардлагагүй.

В БҮлэг. Тоног тӨхӨӨрӨмж БА ТеХНИК ҮйлЧилгээний шаардлага

104.14.Агаарын хөлгийн тоног төхөөрөмж

(а) Дараах хэрэглэл, тоног төхөөрөмжгүй планераар нислэг үйлдэхийг хориглоно:

1/ нислэгийн хурд заагч, ба

2/ агаарын даралтыг мэдрэмтгий өндөр хэмжигч, ба

3/ соронзон луужин, ба

4/ суудал бүрийн хамгаалах бэхэлгээ бүс, ба

5/ эмийн сан, ба

6/ хөдөлгүүрт планерын хувьд –

(i)                 шатахууны бак тус бүрийн хэмжүүр;

(ii)               маслын даралтын хэмжүүр ба хөдөлгүүрийн дохиоллын төхөөрөмж;

(iii)             хөдөлгүүрийн эргэлт заагч тахометр, эсхүл хөдөлгүүр хэт эргэлтийг дохиологч гэрэл;

7/ хэрэглэлийн нислэгийн цаг уурын нөхцөл (IMC)-д үйлдэх нислэгийн хувьд:

(i)                 вариометр;

(ii)               хальтиргаа заагч ;

(iii)             нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний алба /ATS/-тай харилцах радио холбооны станц.

(б) ИНД-91.85-ыг үл харгалзан, дараах тоног төхөөрөмжүүд нь планерт хэрэглэх радио холбооны төхөөрөмжийн шаардлагыг хангасан байх бөгөөд тэдгээрийг батлагдсан зааврын дагуу суурилуулан, хүлээн авах антеныг зохих долгион дээр тохируулсан байна:

1/ Icom ICA 2

2/ Icom IC-A20

3/ King KX99

4/ Narco HT830

104.15.Техник үйлчилгээний ерөнхий шаардлага

Планераар үйл ажиллагаа гүйцэтгэх этгээд нь дараах зүйлсийг бататгана :

1/ планер нь нислэгт тэнцэх чадвартай гэдгийг;

2/ ИНД-39-ийн дагуу гарсан Нислэг тэнцэх чадварын холбогдох бүх удирдамжууд гүйцэтгэгдсэн гэдгийг;

3/ тухайн агаарын хөлгийн хувьд үйлдвэрлэгчээс гаргасан техник үйлчилгээний заавар, эсхүл гарын авлагад заагдсан хугацаат үзлэг шалгалт, нислэгт тэнцэх чадварын хязгаарлалтад хамаарах журмууд мөрдөгдөж байгаа гэдгийг;

4/ шаардлагатай үзлэг, дутагдал засах ажиллагаа ИНД-43-ын дагуу хийгдсэн гэдгийг.

104.16.Техник үйлчилгээний үзлэг

Өмнөх 12 хуанлийн сарын хугацаанд дараах шаардлага хангагдаагүй планерыг аливаа этгээд нислэгийн үйл ажиллагаанд оролцуулж болохгүй:

1/ энэ дүрмийн 104.17-д заасан техник үйлчилгээний хөтөлбөрийн дагуу үзлэг хийгдэж ИНД-43-т заасны дагуу үйлчилгээнээс чөлөөлөгдсөн байх;

2/ ИНД-21-ийн дагуу НТЧ-ын гэрчилгээ олгох үзлэг хийгдсэн байх.

104.17.Техник үйлчилгээний хөтөлбөр

Планер ашиглагч нь планерын их бие, сэнс, аваарын тоног төхөөрөмж, эд анги, хөдөлгүүрт дараах хөтөлбөрийн дагуу техник үйлчилгээ хийнэ:

1/ үйлдвэрлэгчээс зөвлөмж болгосон техник үйлчилгээний хүчин төгөлдөр хөтөлбөр; эсхүл

2/эрх бүхий байгууллагаар хянан батлагдсан болон энэ дүрмийн 104.18-ийн дагуу ИНЕГ-аар батлагдсан, планер эзэмшигчийн боловсруулсан техник үйлчилгээний хөтөлбөр.

104.18.Техник үйлчилгээний хөтөлбөрийг батлах

(а) Энэ дүрмийн 104.17-гийн 2/–т заагдсан техник үйлчилгээний хөтөлбөрийг хянан батлуулахын тулд уг хөтөлбөрийг бичгээр үйлдэж Эрх бүхий байгууллага, эсхүл ИНЕГ-ын даргад ирүүлнэ.

(б) Энэ дүрмийн 104.17–гийн 2/-т заасан хөтөлбөр нь дараах зүйлсийг агуулсан байна:

1/ агаарын хөлгийг сургалтад ашиглах, эсхүл үгүй эсэхийг тодорхойлсон байх;

2/ хөтөлбөрт тусгагдсан үзлэг шалгалтыг ашиглалтын цаг буюу хуанлийн хугацаа, эсхүл тэдгээрийн нийлмэл байдлаар гүйцэтгэх хуваариуд;

3/планерын төрөл, загварын хувьд шаардлагатай үзлэг шалгалтыг хамарсан техник үйлчилгээний заавар журмууд; тухайн заавар журамд планерын их бие, мотор, сэнс, бүрэлдэхүүн бусад хэсэг, авран хамгаалах тоног төхөөрөмжийн үзлэг шалгалтыг нарийвчлан заасан байх.

(в)Техник үйлчилгээний хөтөлбөрт нэмэлт өөрчлөлт оруулахдаа өмнөх хөтөлбөрт заагдсан техник үйлчилгээний үечлэл, хугацааг алдагдуулахгүй байлгана.

(г)Эрх бүхий байгууллага, эсхүл ИНЕГ-аас энэ дүрмийн 104.17–гийн 2/-т заагдсан техник үйлчилгээний хөтөлбөрт нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзвэл планер эзэмшигч нь уул нэмэлт өөрчлөлтийг оруулна.

104.19.Нислэгт тэнцэх чадварын жилийн үзлэг

ИНД-91.111-ийг үл харгалзан, планерын хувьд, хамгийн сүүлчийн техник үйлчилгээнээс гаргаснаас хойш 100 цаг, эсхүл хуанлийн 12 сарын аль эрт болсноор нь тооцож нислэгт тэнцэх чадварын жилийн үзлэгийг гүйцэтгэнэ.

104.20.Техникийн бүртгэл хөтлөлт

Планераар нислэг үйлдэж байгаа этгээд нь планерын техникийн бичиг баримтын бүртгэл хөтлөх ба уг бүртгэлд дараах зүйлсийг тусгана:

1/ нислэг үйлдэгчийн нэр, хаяг;

2/ планерт хийгдсэн техник үйлчилгээний хөтөлбөрүүд;

3/ планерт үзлэг хийсэн байдал, дараах үзлэгийн хугацаа, тухайн үзлэгийн он, сар, өдөр;

4/ нислэгт тэнцэх чадварын жил тутмын үзлэг, хамгийн сүүлд шалгалт үзлэг хийсэн он, сар, өдөр;

5/ нийт ашиглалтын хугацаа болон өдөрт ниссэн цаг;

6/ өдөр тутмын нислэг үйлдсэн нисэгчийн гарын үсэг;

7/ тоноглолын анхдагч ба хоёрдогч шалгалт үзлэг хийсэн тэмдэглэл, гарын үсэг;

8/ нислэгийн үед, эсхүл дараа гэмтэл, эвдрэлийн талаарх нисэгчийн тэмдэглэл;

9/ хоёр үзлэгийн хооронд гарсан эвдрэл гэмтлийг засварласан тухай тэмдэглэл, засварын дараа ашиглалтад өгсөн баталгаа.

10/ ИНД-91.97-д заасны дагуу ажиллагаагүй гэж тооцогдсон тоног төхөөрөмжийн засварын тухай нарийвчилсан тодорхойлолт.

(б)Энэ зүйлийн (а)-д заасан мэдээллийг техникийн бүртгэлийн журналд тэмдэглэсэн байх ба өдөр тутмын нислэгийн хуудсанд тэмдэглэгдэх нислэгийн цаг болон нийт ашиглалтын цагаас бусад мэдээ нь бодит цаг үеийн мэдээлэл байна.

104.21.Нисэгчийн гүйцэтгэх техник үйлчилгээ

(а)ИНД-43.3-ын (б)-г үл харгалзан, планерын нисэгч нь тухайн планерыг эзэмшигч болон ашиглагч бол ИНД-43-ын Хавсралт А-д заасан техник үйлчилгээг гүйцэтгэж болно.

(б)ИНД-43.14-ийн (а)-д заасныг үл харгалзан, планерын нисэгч нь энэ хэсгийн (а)-д заасан техник үйлчилгээг гүйцэтгэсний дараа тухайн планерыг техник үйлчилгээнээс гарган баталгаажуулж болно