- Нүүр
- Сайдын тушаал
- АВТО ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГАД АНГИЛАЛ ТОГТООХ ЖУРАМ /ЗТС-ын 2016-04-12-ны 90-р тушаалаар хүчингүй болсон/
/ЗТС-ын 2016-04-12-ны 90-р тушаалаар хүчингүй болсон/
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 04 дүгээр сарын 29 -ны өдрийн
128 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт
АВТО ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГАД АНГИЛАЛ ТОГТООХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү журмын зорилго нь Монгол Улсын нутаг дэвсгэрт автотээврийн хэрэгслийн техник ашиглалттай холбогдсон ажил үйлчилгээ эрхэлж байгаа авто үйлчилгээний байгууллагад тавигдах нөхцөл шаардлага, хүлээх үүргийг тодорхойлж, тэдгээрийн үйл ажиллагааг дэмжин туслахад оршино.
1.2. Автотээврийн хэрэгслийн техникийн байдлыг оношлох, техникийн үйлчилгээ, засвар хийх, тосолгооны болон ашиглалтын бусад материал, сэлбэгээр хангах, цэнэглэх, худалдахтай холбогдсон үйл ажиллагааг эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагыг авто үйлчилгээний байгууллага гэнэ.
1.3. Авто үйлчилгээнд тавигдах нөхцөл, шаардлагыг хангасан иргэнд ангилал олгож болно.
1.4. Авто үйлчилгээний байгууллагад ангилал олгох үйл ажиллагааг аймаг, орон нутагт тухайн аймгийн Засаг даргын дэргэдэх автотээврийн асуудал хариуцсан агентлаг, Улаанбаатар хотод автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага (цаашид эрх бүхий байгууллага гэх) тус тус эрхлэн явуулна.
1.5. Эрх бүхий байгууллага нь ангилал тогтоолгох хүсэлтийг хүлээн авах, хянан үзэж шийдвэрлэх, бүртгэх, мэдээллийн сан бүрдүүлэх, гэрээ байгуулах, гэрчилгээ олгох зэрэг ангилал тогтоохтой холбогдсон ажлыг зохион байгуулна.
1.6. Авто үйлчилгээний байгууллагын ажил, үйлчилгээний талаархи мэдээллийн сан бүрдүүлэхтэй холбогдсон зааврыг автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.
1.7. Ангилал тогтоолгосон байгууллагатай гэрээ байгуулах бөгөөд уг гэрээнд авто үйлчилгээ эрхлэхэд тавигдах нөхцөл шаардлагыг тусган жил бүр дүгнэж ажиллана.
Хоёр. Тавигдах ерөнхий шаардлага
2.1. Ангиллыг доорхи нөхцөл, шаардлагыг хангасан авто үйлчилгээний байгууллагад олгоно. Үүнд:
а) хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй байх;
б) холбогдох стандартад заагдсан шаардлагуудыг бүрэн хангасан байх;
в) авто үйлчилгээний төрөл тус бүрээр технологийн карт гарган, шаардлагатай тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангагдаж, өргөж тээвэрлэх, хэмжих, хянах багаж хэрэгсэл, өндөр даралтанд ажиллах тоноглолуудыг хэмжил зүйн мэргэжлийн байгууллагаар жил бүр шалгуулж баталгаажуулах, холбогдох дүрэм, стандартаар тогтоосон шаардлагыг хангасан ажлын байр, талбай, зогсоолтой байхаас гадна галын болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагыг хангасан, ажиллагсдын тав тухтай ажиллах орчин нөхцлийг бүрдүүлсэн байх;
г) авто үйлчилгээний байгууллагын менежер, мэргэжилтэн нь эрхэлсэн ажлынхаа чиглэлээр мэргэшүүлэх сургалтанд хамрагдаж, үнэмлэх, гэрчилгээ авсан, засвар үйлчилгээний ажилтан нь тусгай сургалтанд хамрагдсан, өөрийн эрхлэх ажил, үйлчилгээний чиглэлээр мэргэшсэн байх;
д) "Аюултай ачаа, ангилал, техникийн ерөнхий шаардлага" стандартад заасан аюултай ачаа тээвэрлэдэг тээврийн хэрэгсэлд авто үйлчилгээний ажлыг тусгай зориулалтын зөвшөөрөгдсөн байр, талбай бүхий хөдөлмөр хамгаалал, галын аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд хийхээс гадна ажлын байранд цахилгаан цэнэг саармагжуулах тоноглолыг заавал байрлуулсан байх;
е) аюултай ачаа тээвэрлэдэг тээврийн хэрэгсэлд засвар, үйлчилгээ хийх засварчинг мэргэшсэн сургалтанд хамруулж, тусгай зориулалтын хамгаалах ажлын хувцас, багаж хэрэгслээр хангасан байх;
ё) авто үйлчилгээг тухайн газар дээр нь дуудлагаар очиж гүйцэтгэх тохиолдолд тусгай зориулалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлтэй хөдөлгөөнт ажлын байр бүхий тээврийн хэрэгслийг ашиглах;
ж) ажилчдын амралтын болон ариун цэврийн өрөөтэй байх;
з) засвар, үйлчилгээнд ашиглах, хэрэглэгчдэд худалдах сэлбэг хэрэгсэл, тос, тосолгооны болон бусад материал нь гарал үүслийн гэрчилгээтэй байх;
и) тухайн авто үйлчилгээний онцлог, хүрээ, ангилалаас хамааран засвар үйлчилгээнд орсон тээврийн хэрэгслийн талаар мэдээллийн сан бүрдүүлж, хийсэн засвар, үйлчилгээндээ баталгаат хугацаа гаргадаг байх.
2.2. Ангилал тогтоолгоход дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
а) улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, аж ахуйн нэгж, байгууллагын удирдах ажилтны анкет, иргэний үнэмлэхний хуулбар, холбогдох бичиг баримт;
б) мэргэжлийн боловсон хүчний хангамж, туршлага, мэргэшсэн байдал;
в) ангилалд тавигдах шаардлагыг хэрхэн хангасан тухай танилцуулга;
г) авто үйлчилгээний нэр төрөл, тэдгээрийг гүйцэтгэх технологийн карт, үйлчилгээний үнэ тариф, ажиллах цагийн хуваарь;
д) үйлчилгээний барилга, байгууламж, цехүүдийн тоног төхөөрөмжийн байршил бүхий бүдүүвч зураг;
е) үйлдвэрлэлийн хүчин чадал, тоног төхөөрөмжийн тоо, марк, тэдгээрийн үзүүлэлтүүд.
Гурав. Ангилал тогтоох
3.1. Эрх бүхий байгууллага нь ангилал тогтоолгох тухай хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш 21 хоногийн дотор ангилал олгох эсэхийг шийдвэрлэнэ. Хавсаргасан материал нь холбогдох хууль, журам, стандартад заасан шаардлагыг хангаагүй, дутуу материал ирүүлсэн бол дахин тодруулах буюу нэмэгдэл материал гаргуулахаар хүсэлт гаргасан этгээдэд 3 хоногийн дотор буцаана.
3.2. Авто үйлчилгээ нь A, B, C гэсэн гурван хүрээний ангилалтай байна. Үүнд:
3.2.1. автомашины хөдөлгөөний аюулгүй байдлыг шууд хангахтай холбоотой агрегат, зангилаа, механизм /явах анги, тоормос, жолоо, гэрэлтүүлэг, дохиолол систем гэх мэт/-ын иж бүрэн засвар, үйлчилгээ, оношлогоо хийх чиглэлээр ажиллаж буй авто үйлчилгээний байгууллага нь "А" хүрээнд хамаарах;
3.2.2. хүн ам, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхтэй холбоотой агрегат, зангилаа /хөдөлгүүр, хүч дамжуулах анги, кузов засвар, автомашин угаалга, явуулын болон дуудлагын үйлчилгээ, оёдол, доторлогоо засвар, үйлчилгээ, оношлогоо гэх мэт/ иж бүрнээр гүйцэтгэх чиглэлээр ажиллаж буй авто үйлчилгээний байгууллага нь "В" хүрээнд хамаарах;
3.2.3. автомашин, сэлбэг худалдах, авто бирж, автотехникийн зах ажиллуулах, сэлбэг хэрэгсэл, тосолгооны болон ашиглалтын бусад материалаар хангах, цэнэглэх, авто зогсоол зэрэг үйлчилгээ эрхлэх чиглэлээр ажиллаж буй авто үйлчилгээний байгууллага нь "С" хүрээнд хамаарах.
3.3. Авто үйлчилгээний нэр төрөл, барилга, байгууламж, тоног төхөөрөмж, мэргэжлийн боловсон хүчин, санхүү, эдийн засгийн чадавхи, сэлбэг, хэрэгслийн хангамж, баталгаат байдал, чанарын түвшин, үйлчилгээний цогц байдал зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан хүрээ тус бүрийг дотор нь 3 ангилалд хуваана.
А1. хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой бүх агрегат, механизм, зангилааны засвар, үйлчилгээг иж бүрнээр хийх, стандартын шаардлага хангасан, өөрийн үйлдвэрлэлийн байртай, баталгаат засварын газрууд;
А2. хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой үндсэн агрегат, механизм, зангилааны засвар, үйлчилгээг төрөлжсөн хэлбэрээр хийх, стандартын шаардлага хангасан, өөрийн үйлдвэрлэлийн байртай байх;
А3. хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой зарим агрегат, механизм, зангилааны засвар, үйлчилгээг хэсэгчилсэн хэлбэрээр хийх, стандартын шаардлага хангасан, өөрийн биш, түрээсийн үйлдвэрлэлийн байртай байж болох;
В1. автомашины хөдөлгөөний аюулгүй байдалд шууд холбоогүй боловч хүн ам, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхтэй холбоотой бүх агрегат, зангилаа, механизмын засвар үйлчилгээг иж бүрнээр гүйцэтгэх, өөрийн үйлдвэрлэлийн байр, тоног төхөөрөмжтэй байх;
В2. автомашины хөдөлгөөний аюулгүй байдалд холбоогүй боловч хүн ам, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхтэй холбоотой агрегат, зангилаа, механизмын засвар, үйлчилгээг төрөлжсөн хэлбэрээр хийх, өөрийн үйлдвэрлэлийн байр, тоног төхөөрөмжтэй байх;
В3. автомашины хөдөлгөөний аюулгүй байдалд холбоогүй зарим агрегат, зангилаа, механизмын засвар, үйлчилгээг хэсэгчилсэн хэлбэрээр хийх, түрээсийн байранд өөрийн болон түрээсийн тоног төхөөрөмжөөр үйлчилгээ явуулдаг байх;
С1. автомашин, сэлбэг хэрэгсэл, тослох материалыг үйлдвэрлэгчээс шууд бөөнөөр нийлүүлдэг дистрибютер байгууллага;
С2. авто бирж, автотехникийн зах, төв ажиллуулах зэргээр авто үйлчилгээ эрхлэгчдэд ажлын байраар хангах болон бусад үйлчилгээ үзүүлдэг байгууллага;
С3. сэлбэг хэрэгсэл, тосолгооны болон ашиглалтын бусад материалын жижиглэн худалдаа, авто зогсоол болон бусад худалдаа үйлчилгээ эрхэлдэг байгууллага, иргэд.
3.4. Ангилал тус бүрд тавигдах шаардлага, үйлчилгээний чанарын түвшинг харгалзан эрх бүхий байгууллагын шийдвэрээр авто үйлчилгээний байгууллагад зохих ангилалын гэрчилгээг олгоно.
3.5. Авто үйлчилгээний байгууллага нь уг гэрчилгээг үйлчилгээний танхимд харагдахуйц газар байрлуулна.
Дөрөв. Авто үйлчилгээний ангилал олгох хугацаа,
түүнийг хүчингүй болгох
4.1. Авто үйлчилгээний байгууллагад ангилалыг 3 хүртэлхи жилийн хугацаагаар олгоно.
4.2. Ангиллын гэрчилгээ эзэмшигч нь түүний хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө сунгуулах хүсэлтээ гаргах бөгөөд түүнийг анх олгосон хугацаагаар сунгаж болно. Тухайн үйлчилгээний ангилалд өөрчлөлт оруулах тохиолдолд хүсэлтээ эрх бүхий байгууллагад гаргана.
4.3. Авто үйлчилгээний ангилал олгосон хугацааг сунгахад авто үйлчилгээний байгууллагаас ирүүлсэн ажлын тайлан, ангилалын шаардлагыг хэрхэн хангаж байгаа талаархи үзүүлэлт, гэрээг дүгнэсэн байдал зэргийг харгалзан үзнэ.
4.4. Эрх бүхий байгууллага нь дараахь тохиолдолд авто үйлчилгээний ангиллыг хүчингүйд тооцно. Үүнд:
а) эзэмшигч хуулийн этгээд, иргэн хүсэлт гаргасан;
б) эзэмшигч хуулийн этгээд татан буугдсан, иргэн нас барсан;
в) ангилалд заасан ажил үйлчилгээг шалтгаангүйгээр гурван сараас дээш хугацаагаар эрхлээгүй буюу ангилалд тавигдах шаардлагын түвшинг хангахгүй болсон;
г) үйлчлүүлэгчдээс удаа дараа (2 ба түүнээс дээш) гомдол гарч тэр нь мэргэжлийн байгууллагаас үндэслэлтэй гэж тогтоогдсон;
д) ангиллын гэрчилгээг бусдад шилжүүлсэн, худалдсан, барьцаалсан;
е) гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн.
Тав. Зохих ангилал бүхий авто үйлчилгээний
байгууллагын эрх, үүрэг
5.1. Авто үйлчилгээний байгууллага нь мэргэжлийн байгууллагаар ажил үйлчилгээнийхээ чанар байдлыг үнэлүүлж зохих ангилал тогтоолгох, ангиллаа ахиулах, ажил үйлчилгээний талаархи мэдээллээ мэдээллийн нэгдсэн санд байршуулах, түүгээр дамжуулан сурталчилуулах эрхтэй.
5.2. Авто үйлчилгээний байгууллага нь эрх бүхий байгууллагад өөрийн ажил, үйлчилгээний талаархи статистик мэдээллийг авто үйлчилгээний онцлогоос хамааруулан гэрээнд заасан хугацаанд гаргаж өгөх үүрэгтэй.
------- oOo -------
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 128 дугаар тушаалын хоёрдугаар хавсралт
|
ГЭРЧИЛГЭЭ
...................... байгууллагын даргын .… оны... сарын ...-ны өдрийн ... дугаар тушаалыг үндэслэн ................................. аймаг (нийслэл)-ийн ……………….. сум (дүүрэг)-ын нутаг дэвсгэрт байрлах .......................... регистрийн дугаартай .......................................................................................................... байгууллагад ............. хүрээний ...... ангилалын эрхийг ... … оны .... сарын ... -ны өдрөөс эхлэн ... жилийн хугацаатай олгов.
Авто үйлчилгээ эрхлэх ........ ангилалд тавигдах шаардлагыг гэрээнд тусгасан бөгөөд энэхүү гэрчилгээ нь гэрээний хамт хүчинтэй.
ГАРЫН ҮСЭГ
/Арын нүүр/
1. Эрхлэх авто үйлчилгээ, хүрээний ангилал:
д/д
|
АНГИЛАЛ
|
Хүчинтэй хугацаа
|
1
|
|
|
2
|
|
|
3
|
|
|
4
|
|
|
5
|
|
|
6
|
|
|
7
|
|
|
8
|
|
|
2. Нэмэлт өөрчлөлт:
д/д
|
Нэмэлт өөрчлөлтийн агуулга
|
Бүртгэсэн
|
|
Огноо
|
Ажилтан, тэмдэглэл
|
||
|
|
|
|
Энэхүү гэрчилгээ нь засвартай бол хүчингүй.
Текст томруулах
A
A
A