A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ИДЭВХТЭН БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ АЖИЛЛУУЛАХ, АЖЛЫН ҮР ДҮНГЭЭР НЬ УРАМШУУЛАХ ТУХАЙ ЖУРАМ
Бүлэг: 1979
Байгаль орчин, аялал жуулчлалын 
сайдын 2010 оны 4 дүгээр сарын 27-ний өдрийн
А-115 дугаар тушаалын хавсралт
 
 
ИДЭВХТЭН БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ АЖИЛЛУУЛАХ, АЖЛЫН ҮР ДҮНГЭЭР НЬ УРАМШУУЛАХ ТУХАЙ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.1. Байгаль орчныг хамгаалах, түүний нөөц баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээхэд тавих хяналтыг тухайн орон нутагт хэрэгжүүлэхэд туслах үүрэг бүхий идэвхтэн байгаль хамгаалагчийг томилон ажиллуулахад энэхүү журмыг мөрдөнө.
1.2. Идэвхтэн байгаль хамгаалагч нь өөрийн үйл ажиллагаандаа Монгол Улсын байгаль орчныг хамгаалах тухай багц хуулиуд болон захиргааны хариуцлагын тухай хууль тогтоомжууд энэхүү журмыг удирдлага болгон ажиллана.
1.3. Идэвхтэн байгаль хамгаалагч нь орон нутагтаа байгаль орчныг хамгаалах чиглэлээр суртал, ухуулга явуулж иргэдийн байгаль орчноо хайрлах сэтгэл зүйг төлөвшүүлэх замаар хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах үүрэг хүлээнэ.
Хоёр. Идэвхтэн байгаль хамгаалагчид нэр
 дэвшигчид тавигдах шаардлага
 
2.1 .Идэвхтэн байгаль хамгаалагчид нэр дэвшигч нь дараахи шалгуурыг хангасан байна.
2.1.1. Урьд ял шийтгэл хүлээж яваагүй.
2.1.3. Оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ хамт олны дунд нэр хүндээр сайн, шулуун шударга чанараараа нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн.
2.1.4. Хяналт шалгалтыг бие даан гүйцэтгэх эрх зүйн зохих мэдлэг боловсролтой.
2.1.5. Тухайн нутгийн оршин суугч байх.
 
Гурав. Идэвхтэн байгаль хамгаалагчаар нэр дэвшүүлэх
 
 
3.1. Баг, хорооны иргэдийн нийтийн хурал тухайн нутаг дэвсгэрт ажиллах идэвхтэн байгаль хамгаалагчид энэ журмын хоёр дахь зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан иргэнээс сонгож нэр дэвшигчийг тодруулах эрх эдэлнэ.
3.2. Баг хорооны оршин суугч иргэд идэвхтэн байгаль хамгаалагчаар өөрийн болон бусад иргэдийн нэрийг дэвшүүлж болно.
3.3. Нэр дэвшигчдийн талаар баг, хорооны иргэдийн нийтийн хурал хэлэлцээд хүн нэг бүрээр санал хурааж, хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг баг хорооны Засаг даргад уламжилна.    
3.4. Баг хорооны иргэдийн нийтийн хурлаар нэр дэвшигчээр шалгарсан хүмүүсийн талаархи саналыг баг, хорооны Засаг дарга 7 хоногийн дотор сум, дүүргийн Засаг даргад хүргүүлнэ.
3.5. Сум, дүүргийн Засаг дарга идэвхтэн байгаль хамгаалагчид нэр дэвшсэн иргэнийг томилуулах саналаа аймаг, нийслэлийн байгаль орчин аялал жуулчлалын газарт 7 хоногийн дотор хүргүүлнэ.
 
Дөрөв. Идэвхтэн байгаль хамгаалагчийг томилох,
Чөлөөлөх бүрэн эрхийг нь баталгаажуулах
 
4.1. Аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Нийслэлийн байгаль хамгаалах газарт идэвхтэн байгаль хамгаалагчаар сумаас санал болгосон иргэний материалыг нягтлан энэ журмын шаардлагыг хангасан хүнийг тушаалаар томилно. 
4.2. Нэр дэвшигчийг байгаль хамгаалагчид томилохоос татгалзах үндэслэл байгаа бол тэр тухайгаа тайлбарлаж тухайн нэр дэвшигчийн материалыг сум, хороонд буцааж энэ журмын 4 дэх зүйлийн дагуу шинээр нэр дэвшигчийг тодруулна.
4.3. Тусгай хамгаалалттай нутагт ажиллах идэвхтэн байгаль хамгаалагчийг орчны бүсийн сум, хорооны иргэдийн нийтийн хурлын шийдвэр, Засаг даргын саналыг үндэслэн хамгаалалтын захиргааны дарга томилж чөлөөлнө.
4.4. Идэвхтэн байгаль хамгаалагчаар томилогдсон иргэнд  Аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, нийслэлийн байгаль хамгаалах газар,  Тусгай хамгаалалттай нутгийн  хамгаалалтын захиргааны дарга  нарын гарын үсэг бүхий идэвхтэн байгаль хамгаалагчийн үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна.
4.5. Үнэмлэх, энгэрийн тэмдэг олгосноор идэвхтэн байгаль хамгаалагчийн бүрэн эрх нь баталгаажна.
4.6. Идэвхтэн байгаль хамгаалагчийн үнэмлэх, энгэрийн тэмдгийн загварыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд батална.
4.7. Улсын хил дээр хил хамгаалах үүрэг гүйцэтгэдэг анги салбарын офицер, ахлагч нарт тухайн сумын Засаг даргын саналыг үндэслэн Аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, Тусгай хамгаалалттай нутгийн  хамгаалалтын захиргааны дарга  нар  Аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, нийслэлийн байгаль хамгаалах газар, Тусгай хамгаалалттай нутгийн  хамгаалалтын захиргааны дарга нар гаргана.
 4.8. Идэвхтэн байгаль хамгаалагч жил бүрийн 12 дугаар сарын 15-ны дотор тухайн жилд хийсэн ажлынхаа тайланг өөрийн томилсон албан тушаалтанд хүргүүлнэ
 
Тав. Идэвхтэн байгаль хамгаалагчийн
бүрэн эрхийн хугацаа
 
5.1. Идэвхтэн байгаль хамгаалагчийн бүрэн эрхийн хугацаа 4 жил байна.
5.2. Үүргээ зохих ёсоор гүйцэтгэж олон түмний дунд нэр хүндтэй байгаа идэвхтэн байгаль хамгаалагчийн бүрэн эрхийг сум, хорооны Засаг даргын саналыг үндэслэн энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаагаар сунгах шийдвэрийг Аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, нийслэлийн байгаль хамгаалах газар, Тусгай хамгаалалттай нутгийн хамгаалалтын захиргааны дарга  нар гаргана.
5.3. Идэвхтэн байгаль хамгаалагчийн бүрэн эрхийг зохих ёсоор хэрэгжүүлээгүй, гэмт хэрэгт холбогдсон эсхүл байгалийн эсрэг гэмт үйлдэлтэй эвлэрсэн тохиолдолд түүний эрхийг хугацаанаас нь өмнө цуцлах шийдвэрийг  Аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газар, нийслэлийн байгаль хамгаалах газар,  Тусгай хамгаалалттай нутгийн хамгаалалтын захиргааны дарга  нар гаргана.
5.4. Эрх нь цуцлагдсан идэвхтэн байгаль хамгаалагчийн орыг нөхөн томилох асуудлыг энэ журмын тавдугаар зүйлд заасны дагуу аймгийн байгаль орчин аялал жуулчлалын газар, нийслэлийн Байгаль хамгаалах газар, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны дарга шийдвэрлэнэ.
5.5. Нөхөн томилогдсон идэвхтэн байгаль хамгаалагчийн бүрэн эрх нь эрх нь цуцлагдсан байгаль хамгаалагчийн эрхийн үлдсэн хугацаатай тэнцүү байна.
5.6. Хууль бус ашиглалтад өртөгдсөн буюу өртөгдөж болзошгүй газар, улсын тусгай хамгаалалттай зарим нутгийн хамгаалалтын дэглэмийг бэхжүүлэх, байгаль орчны  салбарын төрийн байгууллагын ажилтан нарыг байгаль хамгаалах ажиллагаанд оролцуулах зорилгоор байгаль орчны сайдын тушаалаар идэвхтэн байгаль хамгаалагчдын эрх олгож тодорхой нутаг дэвсгэрийг хариуцуулан ажиллуулж болно.
5.7. Шаардлагатай тохиолдолд улсын байцаагч, байгаль хамгаалагчийн удирдлага дор идэвхтэн байгаль хамгаалагчдыг нэгдмэл баг болгон зохион байгуулж ажиллуулж болно.
 
Зургаа. Идэвхтэн байгаль хамгаалагчийн бүрэн эрх
 
6.1 .Идэвхтэн байгаль хамгаалагчид нь байгаль орчныг хамгаалах тухай хуулиар байгаль хамгаалагчдад хариуцуулсан дараахи бүрэн эрхийг эдэлнэ.
6.1.1. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчныг хамгаалах
тухай хууль тогтоомжийг хэрхэн биелүүлж байгааг тухайн нутаг дэвсгэрийн харъяалал дотор хянан, шалгах.
6.1.2. Хяналт, шалгалт хийхээр харъяалах нутаг дэвсгэрийн аж ахуйн
нэгж байгууллагад нэвтрэн орох, үйл ажиллагаатай танилцах.
6.1.3. Иргэдийн ан агнах, байгалийн нөөц баялгийг ашиглах
зөвшөөрөл, төлбөр, хураамж төлсөн эсэхийг шалгаж, ашиглалт явуулах газар нутгийг зааж өгөх.
6.1.4. Зохих зөвшөөрөлгүй буюу төлбөр хураамжаа төлөөгүй иргэдийн ан агнах, байгалийн нөөц баялаг ашиглах үйл ажиллагааг нь зогсоож, тухайн нутгаас гарч явахыг шаардах.
6.1.5. Байгалийн нөөц баялгийг хууль бусаар ашигласан агнасан олборлосон үйлдэлд акт бичиж баримтжуулан, тухайн сум, дүүргийн байгаль хамгаалагч, улсын байцаагчдад шилжүүлэх.
6.1.6. Байгалийн нөөц баялгийг хууль бусаар ашигласан, агнасан, олборлосон тухай мэдээллийг улсын байцаагч, байгаль хамгаалагч, Засаг даргад нэн даруй хүргүүлж Сангийн сайд, Байгаль орчны сайдын 2006 оны 342/366 дугаар тушаалаар батлагдсан журмын дагуу мөнгөн урамшуулал авна.  
6.1.7. Ой хээрийн түймэр, үер, усны  аюул зэрэг гамшиг тохиолдох үед тэр тухай мэдээллийг зохих шатны Засаг даргад цаг алдалгүй дамжуулах, гамшгийн хор уршгийг арилгах арга хэмжээг шуурхай авах,
6.1.8. Хариуцсан нутаг дэвсгэрийн иргэдийн дунд байгаль орчныг  хамгаалах чиглэлээр суртал ухуулга хийх, хэрэг зөрчилтэй тэмцэх, таслан зогсоох хэрэгт тэдгээрийг зохион байгуулан оролцуулах,
6.1.9. Хариуцсан нутаг дэвсгэрийнхээ нөөц баялгийг иргэд ахуйн хэрэгцээндээ хэрэглэх тохиолдолд түүний газар нутаг, хил хязгаарыг зааж өгч мөрдүүлэх.
6.1.10. Хог хаягдлын нэгдсэн цэг тогтоолгох, зориулалтын газарт хаях,  ангилан ялгуулах, эргүүлэн ашиглах,  булах дэглэмийг орон нутагтаа мөрдүүлэх.
6.1.11. Булаг шанд, усны эх ундаргыг хамгаалах, сэргээх,  орон нутгийн хамгаалалтад авахуулах.
6.1.12. Байгаль орчны чиглэлийн төрийн бус байгууллагуудтай үйл  ажиллагаагаа уялдуулах, тэдгээрийн дэмжлэг авах
6.2. Идэвхтэн байгаль хамгаалагч жил бүрийн ажлын үр дүнгээ аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, нийслэлийн Байгаль хамгаалах газар, Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанд  ирүүлэн дүгнүүлж байна.
6.3. Идэвхтэн байгаль хамгаалагч нь үйл ажиллагаагаа харъяалагдах нутаг дэвсгэрийн улсын байцаагч, байгаль хамгаалагч нарын удирдлага, хяналт дор явуулна.
6.4. Идэвхтэн байгаль хамгаалагч нь оршин амьдарч буй нутаг дэвсгэр болон өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржааны нутаг хариуцан ажиллаж байгалийн нөөц баялгийг хамгаалах, нөхөн сэргээх, өсгөн үржүүлэх үүрэгтэй 
6.5. Байгалийн ховор ба ховордсон хийгээд идэвхтэй ашиглалтад өртсөн бүсийн нөөц баялгийг хамгаалах зорилгоор түүний тархац, нутгийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хариуцсан идэвхтэн байгаль хамгаалагч ажиллуулж болно.
6.6. Улсын тусгай хамгаалалттай нутагт ажиллах идэвхтэн байгаль хамгаалагчдын хариуцах нутаг дэвсгэрийн хэмжээг тухайн хамгаалалтын захиргааны дарга тогтооно.
 
Долоо. Идэвхтэн байгаль хамгаалагчдыг урамшуулах
 
7.1. Сум, дүүргийн Засаг дарга, идэвхтэн байгаль хамгаалагчдыг ажлын үр дүнгээр нь шагнан урамшуулахдаа дараахи зарчмыг баримтална.
7.1.1. Байгалийн нөөц баялгийг хууль бусаар бэлтгэсэн, агнасан, түүсэн тухай мэдээлсэн, илрүүлсэн идэвхтэн байгаль хамгаалагчийг тухайн зөрчил гаргагчид ногдуулсан торгуулийн 15 хувиар шагнаж урамшуулна.
7.2. Аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар, нийслэлийн байгаль хамгаалах газар, Тусгай хамгаалалттай нутгийн хамгаалалтын захиргааны дарга нар идэвхтэн байгаль хамгаалагчдын ажлыг жил тутам дараахи үзүүлэлтээр дүгнэнэ.
7..2.1. Илрүүлсэн хэрэг зөрчлийн тоо
7.2.2. Байгалийн эсрэг гэмт хэрэг, зөрчлийн бууралт
7.2.3. Мэдээлэл өгч арга хэмжээ авахуулсан хэрэг зөрчлийн тоо, хэмжээ
7.3. Энэ зүйлийн 8.2-т заасан үзүүлэлтээр хамгийн өндөр амжилт гаргасан 10 байгаль хамгаалагчийг жил тутам шалгаруулж Байгаль орчин, аялал, жуулчлалын  сайдын нэрэмжит шагналаар шагнана.
7.4. Байгалийн нөөц баялгийг хууль бусаар бэлтгэсэн, түүсэн, агнасны улмаас учирсан хохиролд тавигдсан нөхөн төлбөрөөс байгаль хамгаалах санд төвлөрүүлсэн хөрөнгийн 20 хувиар тухайн зөрчлийг илрүүлэн, нөхөн төлбөрийг барагдуулсан идэвхтэн байгаль хамгаалагчийг урамшуулна.
7.5. Сум дүүргийн Засаг дарга өндөр амжилт гаргасан 1, аймаг, нийслэлийн Засаг дарга 3 хүртэл, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 10 хүртэл идэвхтэн байгаль хамгаалагчийг жил тутам шалгаруулан  нэрэмжит шагналаар шагнаж байна.
7.6. Идэвхтэн байгаль хамгаалагчдыг унаа, бие хамгаалах болон холбооны хэрэгслээр хангах үүргийг сум, дүүргийн Засаг дарга хариуцан хэрэгжүүлнэ.
 
 
 
---оОо---