- Нүүр
- Сайдын тушаал
- АГААРЫН ХӨЛГИЙН ТЕХНИК ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНЫ ҮНЭМЛЭХ, ЗЭРЭГЛЭЛ /ЗТХС-ын 2019 оны 187 дугаар тушаалаар 7-р хавсралт хүчингүй болсон/
/ЗТХС-ын 2019 оны 187 дугаар тушаалаар 7-р хавсралт хүчингүй болсон/
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын Сайдын
2010 оны 4 дүгээр сарын 16 -ны өдрийн 111 дүгээр
тушаалын 7 дугаар хавсралт
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ДҮРЭМ- 66
АГААРЫН ХӨЛГИЙН ТЕХНИК ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНЫ ҮНЭМЛЭХ, ЗЭРЭГЛЭЛ
А БҮЛЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
66.1. Зорилго
(a) Энэ дүрмийн зорилго нь агаарын хөлгийн техник үйлчилгээний ажилтанд мэргэжлийн үнэмлэх, гэрчилгээ, зэрэглэл олгоход тавигдах шаардлага, үнэмлэх, зэрэглэл, гэрчилгээний хүрээнд эдлэх эрх, үүргийг тогтооход оршино.
66.3. Тодорхойлолт
Гэрчилгээ гэж агаарын хөлөг, түүний бүрэлдэхүүн хэсэгт гүйцэтгэсэн техник үйлчилгээг баталгаажуулах, техник үйлчилгээний үзлэг хийх эрх олгож байгаа баримтыг;
Зөвшөөрөгдсөн сургалт дадлага гэж гэрчилгээжсэн сургалтын байгууллага дээр, эрх бүхий байгууллагаар хянагдсан хөтөлбөрийн хүрээнд хийгдэх сургалт дадлагыг;
Нислэгт тэнцэх чадварыг бататгах гэж агаарын хөлөг, эсхүл түүний бүрэлдэхүүн хэсэгт хийгдсэн техник үйлчилгээний дараа тухайн агаарын хөлөг, эсхүл түүний бүрэлдэхүүн хэсгүүд нислэгт тэнцэх чадварын хүчин төгөлдөр шаардлагад нийцэж байгаа эсэхийг бататгахыг;
Мэргэжлийн чадавхи гэж тогтоогдсон стандартын дагуу хийгдэх ажил үүргийг гүйцэтгэхэд шаардлагатай мэдлэг, ур чадварын нэгдлийг;
Хүний чадавхи гэж нисэхийн аюулгүй ажиллагаа, түүний үр ашигт нөлөөлөх хүний боломж, хязгааруудыг;
Зэрэглэл гэж мэргэжлийн үнэмлэх дээр, эсхүл түүнд хавсарган, тусгай нөхцөл, эрх, хязгааралтын хүрээнд олгогдсон зөвшөөрлийг;
Техник үйлчилгээний баталгаа гэж бүрэн гүйцэт хийгдсэн техник үйлчилгээ нь Нислэгт тэнцэх чадварын зохих стандартад нийцсэн гэдгийг бататган, Хавсралт 6-д ишлэл хийсний дагуу техник үйлчилгээнээс гаргах батламжийг.
66.5. Үнэмлэх, гэрчилгээ, зэрэглэл
(а) Энэ дүрмээр дараах үнэмлэх, гэрчилгээ, зэрэглэлийг олгоно:
1/ техник үйлчилгээний ажилтны дараах ангиллын үнэмлэх:
1.1. онгоц;
1.2. нисдэг тэрэг;
1.3. хүчний төхөөрөмж;
1.4. цахилгаан;
1.5. хэрэглэл;
1.6. радио холбоо;
1.7. агаараас хөнгөн агаарын хөлөг.
2/ техник үйлчилгээг баталгаажуулах гэрчилгээ;
3/ үзлэг хийх гэрчилгээ;
4/ Хавсралт Б –д заасан, бүлэг зэрэглэл;
5/ агаарын хөлөг, түүний бүрэлдэхүүн хэсгийн зэрэглэл.
66.7. Өргөдөл гаргах
(а) Агаарын хөлгийн техник үйлчилгээний ажилтны үнэмлэх, үнэмлэхний нэмэлт ангилал, техник үйлчилгээг баталгаажуулах гэрчилгээ авахаар өргөдөл гаргагч (цаашид Өргөдөл гаргагч гэх) нь ИНЕГ-066/01 маягтыг бөглөж, төлбөрийн баримтын хамт Иргэний нисэхийн ерөнхий газар (цаашид ИНЕГ гэх)-ын даргад ирүүлнэ.
(б) Агаарын хөлөг, түүний бүрэлдэхүүн хэсэгт үзлэг хийх гэрчилгээ авахаар өргөдөл гаргагч нь ИНЕГ-066/03 маягтыг бөглөж, төлбөрийн баримтын хамт ИНЕГ-ын даргад ирүүлнэ.
(в) Өргөдөл гаргагч нь Чикагогийн конвенцийн хэлэлцэн тохирогч аль нэг улсаас олгосон хүчин төгөлдөр үнэмлэх, гэрчилгээтэй бол энэ зүйлийн (а) хэсэг, эсхүл (б) хэсэгт заасан маягтыг бөглөж үнэмлэх, гэрчилгээгээ хавсаргасан байна.
(г) Энэ дүрмийн Хавсралт Б-д заасан зэрэглэл авахаар өргөдөл гаргагч нь ИНЕГ- 066/02 маягтыг бөглөж, төлбөрийн баримтын хамт ИНЕГ-ын даргад ирүүлнэ.
66.9. Үнэмлэх, зэрэглэл, гэрчилгээ олгох
(а) ИНЕГ нь дараах шаардлагыг хангасан өргөдөл гаргагчид энэ дүрмийн дагуу үнэмлэх, зэрэглэл, гэрчилгээ олгоно:
1/ бие болон эрүүл мэнд, оюун санааны хувьд энэ дүрмийн дагуу үнэмлэх, гэрчилгээ эзэмшихэд нийцтэй этгээд байх, "Тохирох зөв хүнийг тодорхойлох" ИНЕГ-Маягт 02 ыг бөглөсөн байх;
2/ үнэмлэх, зэрэглэл, гэрчилгээний дагуу үүрэг гүйцэтгэхийн тулд монгол (англи) хэлээр унших, ойлгох чадвартай байх;
3/ үнэмлэх, зэрэглэл, гэрчилгээ олгоход холбогдох, энэхүү дүрмийн холбогдох бүлэгт заагдсан шаардлагыг хангасан байх;
4/ үнэмлэх, зэрэглэл, гэрчилгээ олгосноор нисэхийн аюулгүй ажиллагаанд харшлахгүй байх.
(б) ИНЕГ нь Чикагогийн конвенцийн хэлэлцэн тохирогч аль нэг улсаас олгосон хүчин төгөлдөр үнэмлэх гэрчилгээг үндэслэн дараах шаардлагыг хангасан өргөдөл гаргагчид үнэмлэх, зэрэглэл, гэрчилгээ олгож болно:
1/ өргөдлийг тухайн үнэмлэх, гэрчилгээг эзэмшихээр хүсэлт гаргагч өөрийн биеэр гаргасан байх;
2/ үнэмлэх, зэрэглэл, гэрчилгээ олгосноор нисэхийн аюулгүй ажиллагаанд харшлахгүй байх;
3/ 66.53-ын (а)–д заасан, Иргэний нисэхийн тухай хуулиар бичгийн болон аман шалгалтуудыг амжилттай өгсөн байх.
(в) Хүлээн зөвшөөрсөн үнэмлэхээр олгосон эрхэд тодорхой хязгаарлалт хийх тохиолдолд үнэмлэхэнд энэ тухай тэмдэглэх бөгөөд үнэмлэх дээр бичигдсэн хугацаанд хүчин төгөлдөр гэдгийг заана.
(г) Улсын агаарын хөлгийн техник үйлчилгээний ажилтны хүчин төгөлдөр үнэмлэх эзэмшигчийн үнэмлэхийг энэ дүрмийн 66.53-ын (а)-гийн 2/-ын шаардлагыг хангасан тохиолдолд ИНЕГ–ын дарга хүлээн зөвшөөрч болно.
66.11. Үнэмлэхний хугацаа
(а) Техник үйлчилгээний ажилтны үнэмлэхийг хугацаагүй олгох бөгөөд Иргэний нисэхийн хуульд заасны дагуу үйлчлэлийг нь түр зогсоох, хүчингүй болгохоос бусад тохиолдолд хүчин төгөлдөр байна.
(б) Агаарын хөлгийн техник үйлчилгээг баталгаажуулах гэрчилгээг 24 сар хүртэл хугацаагаар олгож болно.
(в) Агаарын хөлөг, түүний бүрэлдэхүүн хэсэгт үзлэг хийх гэрчилгээг 5 жилийн хугацаагаар олгож болно.
(г) Агаарын хөлгийн техник үйлчилгээний ажилтны үнэмлэх эзэмшигч нь үнэмлэх, гэрчилгээнүүдийн үйлчлэлийг нь түр зогсоох, хүчингүй болгосон тохиолдолд иргэний нисэхийн баримт бичгийг ИНЕГ-ын даргад нэн даруй хүргүүлнэ.
66.13. Шалгалт
(а) Өргөдөл гаргагч нь шалгалт өгөхдөө:
1/ биеийн байцаалт, бичиг баримтаа авч ирэх;
2/ бичгээр өгөх шалгалтанд 80 хувиас доошгүй үнэлгээ авсан байх;
3/ аман шалгалтын үед холбогдох сэдвээр өөрийн мэдлэгийг бүх талаар
харуулах.
(б) Өргөдөл гаргагч нь үнэмлэх, зэрэглэл, гэрчилгээ авах шалгалтанд амжилттай дүн үзүүлсэн боловч, шалгалт өгсөн өдрөөс хойш 6 сарын дотор холбогдох үнэмлэх, зэрэглэл, гэрчилгээг эдлээгүй тохиолдолд шалгалтыг дахин өгнө.
(в) 66.53-ын (а) хэсгийн 3/-т заасан аман шалгалт өгөхийн тулд өргөдөл гаргагч нь 66.53-ын (а) хэсгийн 2/ ба 4/-т тусгасан бичгийн шалгалт болон мэргэжлийн дадлага туршлагад тавих шаардлагыг хангасан байна.
(г) Өргөдөл гаргагч 66.53-ын (a) хэсгийн 3/-т заасан аман шалгалтанд 3 удаа орж хангалтгүй дүн үзүүлсэн тохиолдолд хамгийн сүүлд шалгалт өгсөн өдрөөс хойш 3 сарын дотор дахин шалгалт өгөх эрхгүй.
66.15. Шалгалтын үед хориглох зүйлс
(a) Энэ дүрмийн дагуу авч буй шалгалтын үед дараах үйлдлийг хориглоно:
1/ бусдаас хуулах;
2/ аливаа мэдээллийн эх үүсвэрээс хуулбарлах;
3/ шалгалт авч байгаа этгээдээс бусад аливаа этгээдтэй ямар нэгэн ;
4/ хэлбэрээр харьцах;
5/ бусдын өмнөөс шалгалт өгөх;
6/ шалгалтын материалыг гадагш авч гарах;
7/ ямар нэгэн хэрэгсэл ашиглан шалгалтын талаар болон шалгалтын
материалаас бичлэг хийх.
(б) Энэ зүйлийн (а) хэсэгт заасан үйлдлийг гаргасан этгээдийн талаар ИНЕГ дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:
1/ тухайн шалгалтанд тэнцээгүйд тооцох;
2/ ИНД-ийн хүрээнд өгөх аливаа шалгалтанд орох эрхийг нь 12 сар хүртэл хугацаагаар хасах;
3/ энэ дүрмийн дагуу олгосон аливаа үнэмлэх, зэрэглэл, гэрчилгээг хураах, эсхүл үйлчлэлийг нь түр зогсоох.
66.17. Мансууруулах бодис, согтууруулах ундаа хэрэглэсэн ажилтанд хүлээлгэх хариуцлага
(а) Техник үйлчилгээний ажилтан ажлын байранд мансууруулах бодис, согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд тухайн ажилтны үнэмлэхийг хураах буюу үйлчлэлийг нь түр түдгэлзүүлэх арга хэмжээ авна.
66.19. Техник үйлчилгээний ажилтны эрүүл мэндэд тавигдах шаардлага
(a)Техник үйлчилгээний ажилтны үнэмлэх эзэмшигч (цаашид үнэмлэх эзэмшигч гэх) нь өөрийн эрүүл мэндийн байдал муудсан, эсхүл муудаж байгаагаа мэдсэн тохиолдолд, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангах үүднээс тухайн үнэмлэхний дагуу олгогдсон аливаа эрхээс сайн дураар татгалзана.
Б БҮЛЭГ. АГААРЫН ХӨЛГИЙН ТЕХНИК ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНЫ ҮНЭМЛЭХ
66.51. Нөөц
66.53. Үнэмлэх авахад тавигдах шаардлага
(а) Өргөдөл гаргагч нь дараах шаардлагуудыг хангасан байна:
1/ 18 нас хүрсэн байх;
2/ дараах сэдвүүдээр амжилттай шалгагдсан байна:
2.1. иргэний нисэхийн хууль тогтоомж ба нислэгт тэнцэх чадварын шаардлагууд: Агаарын хөлгийн техник үйлчилгээний ажилтны үнэмлэх эзэмшигчид холбогдолтой хууль, дүрмүүд, агаарын хөлгийг гэрчилгээжүүлэх ба нислэгт тэнцэх чадварын хадгалалттай холбоотой дүрмүүд, зөвшөөрөгдсөн техник үйлчилгээний байгууллагын зааврууд;
2.2. Байгалийн шинжлэх ухаан ба агаарын хөлгийн тухай ерөнхий мэдлэг: Ерөнхий математик, хэмжих нэгж, агаарын хөлгийн техник үйлчилгээнд хамаарах физик, химийн онол ба физик, химийн үндсэн хуулиуд;
2.3. Агаарын хөлгийн инженеринг: Агаарын хөлгийн хийцийн материалын шинж чанар ба хэрэглээ, агаарын хөлгийн их биеийн бүтцийн зарчим ба гүйцэтгэх үүргүүд, хадлагын технологи, хүчний төхөөрөмж /хөдөлгүүр/ ба түүний системүүд, механик, шингэний систем, цахилгаан ба электрон хүчдэл үүсгүүрүүд, агаарын хөлгийн хэрэглэл ба дэлгэцийн системүүд, агаарын хөлгийн удирдлагын системүүд, агаарын навигаци ба холбооны систем;
2.4. Агаарын хөлгийн техник үйлчилгээ: Зохих нислэгт тэнцэх чадварын стандарт болон холбогдох техник үйлчилгээний зааварт тусгасан аргачлалын дагуу агаарын хөлгийн их бие, бүрэлдэхүүн хэсэг ба системүүдийн дутагдлыг арилгах, хийцийг өөрчлөх, эд ангийг солих, үзлэг шалгалт, засвар, их засвар зэргийг агуулсан агаарын хөлгийн нислэгт тэнцэх чадварын хадгалалтыг бататгах ажлууд;
2.5. Хүний чадавхи: Агаарын хөлгийн техник үйлчилгээтэй холбоотой хүний чадавхи.
3/ аман шалгалт (үнэмлэх эзэмшигчийн хүлээх үүрэг, хариуцлагыг ухамсарласан байдал болон өөрийн дадлага туршлагын талаар)-д хангалттай дүн үзүүлсэн байх;
4/ мэргэжил, дадлагын хувьд дараах шаардлагуудын аль нэгийг хангасан байх:
4.1. ИНД-141-ийн дагуу гэрчилгээжсэн иргэний нисэхийн сургалтын байгууллагаас зохион байгуулсан зөвшөөрөгдсөн цогц сургалтанд хамрагдаж, 24 сараас доошгүй хугацаанд дадлагажсан байх; эсхүл
4.2. бие даан суралцах замаар, агаарын хөлгийн их бие, хөдөлгүүр, эсхүл холбооны тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, өөрчлөлтийг хийхэд ашиглагддаг багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, материал дээр 48 сараас доошгүй хугацаагаар дадлагажсан байх.
(б) Үнэмлэх эзэмшигч ангилал болон нэмэлт ангилал эзэмшихийг хүсвэл энэ зүйлийн (а) хэсгийн 2/-т заасан шалгалтыг өгсөн байхын хамт, мөн дараах шаардлагуудыг хангасан байна:
1/ тухайн ангилалд нийцэх 24 сарын ажлын дадлага, туршлагатай байх, эсхүл
2/ техник үйлчилгээний ажилтны үнэмлэх авснаас хойш 5 болон түүнээс дээш жил ажилласан тохиолдолд тухайн ангилалд нийцэх 12 сарын ажлын дадлага, туршлагатай байх.
(в) Өргөдөл гаргагч нь үнэмлэхний дагуу олгогдох эрхийг хэрэгжүүлэх мэргэжлийн чадавхитай гэдгээ харуулна.
66.55. Эрх, үүрэг
(а) Үнэмлэх эзэмшигч нь энэ зүйлийн (б), (в) болон ИНД-145-ын шаардлагаас хамаарч дараах эрхийг эдлэнэ:
1/ агаарын хөлөг, эсхүл түүний бүрэлдэхүүн хэсгийн техник үйлчилгээг гүйцэтгэх, эсхүл хянах, болон;
2/ техник үйлчилгээний дараа агаарын хөлөг, эсхүл түүний бүрэлдэхүүн хэсгийг техник үйлчилгээнээс гаргах.
(б) Үнэмлэх эзэмшигч нь тухайн агаарын хөлөг, түүний бүрэлдэхүүн хэсгийн талаар ойлголт мэдлэггүй, мөн дараах шаардлага хангагдаагүй тохиолдолд тухайн агаарын хөлөг, эсхүл түүний бүрэлдэхүүн хэсэг дээр аливаа эрх эдлэхгүй:
1/ тухайн агаарын хөлөг, түүний бүрэлдэхүүн хэсгийн хувьд Хавсралт Б-д заагдсан зохих маягийн, эсхүл бүлгийн зэрэглэлгүй, эсхүл
2/ Хавсралт В-д заасан нэмэлт эрхгүй бол.
(в) Үнэмлэх эзэмшигч нь тусгай зориулалтын шалгах тоног төхөөрөмжийг ашиглах сургалтанд хамрагдаагүй бол хавсралт В-д заасан, тусгай зориулалтын шалгах тоног төхөөрөмж шаардагдах нэмэлт эрхийг эдлэхгүй.
(г) ИНЕГ-ын даргаас үнэмлэх эзэмшигчийн гүйцэтгэх ажил үүргээс хамаарч үнэмлэхээр эдлэх эрхийг тодорхой зааж өгч болох бөгөөд энэ талаар тухайн үнэмлэх дээр, эсхүл хавсралт бусад баримт дээр тэмдэглэнэ.
66.57. Дадлага туршлагад тавигдах шаардлага
(а) Үнэмлэх эзэмшигч нь өмнөх 24 сарын туршид дараах шаардлагуудыг хангасан тохиолдолд үнэмлэхний дагуу олгогдох эрхийг эдлэнэ:
1/ 6 ба түүнээс дээш сарын хугацаанд:
1.1. үнэмлэхний дагуу олгогдох эрхийг эдлэсэн; эсхүл
1.2. олгогдсон зэрэглэлийн хүрээнд агаарын хөлгийн техник үйлчилгээнд хяналт тавьж ажилласан; эсхүл
2/ олгогдсон зэрэглэлд хамаарах зөвшөөрөгдсөн сургалт дадлагыг гэрчилгээжсэн сургалт дадлагын байгууллага дээр гүйцэтгэсэн.
3/ үнэмлэх эзэмшигчийн хүлээх үүрэг, хариуцлагыг ухамсарласан байдлын талаарх аман шалгалтад хангалттай дүн үзүүлсэн.
(б) ИНЕГ-ын дарга нь зөвшөөрөгдсөн техник үйлчилгээний байгууллагад мэргэжлийн үнэмлэхгүй аливаа этгээдийг энэ дүрмийн 66.55-д заагдсан хязгаарлагдмал эрх эдлүүлэхийг зөвшөөрч болох бөгөөд харин тухайн этгээд энэ дүрмийн 66.53-ын шаардлагыг хангасан гэдгийг тухайн техник үйлчилгээний байгууллага бататгана.
В БҮЛЭГ. АГААРЫН ХӨЛГИЙН ТЕХНИК ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНЫ ЗЭРЭГЛЭЛ
66.101. Нөөц
66.103. Зэрэглэл авахад тавигдах шаардлага
(a) Энэ дүрмийн дагуу Хавсралт Б-д заасан маягийн, эсхүл бүлгийн зэрэглэл авахаар өргөдөл гаргагч нь дараах шаардлагуудыг хангасан байна:
1/ агаарын хөлгийн техник үйлчилгээний ажилтны үнэмлэхтэй байх; ба
2/ олгогдох зэрэглэлийн хувьд тухайн маяг, эсхүл бүлгийн агаарын хөлөг, түүний бүрэлдэхүүн хэсэг дээр 6 сараас доошгүй хугацаагаар ажилласан дадлага, туршлагатай байх;
3/ энэхүү шаардлагын хүрээнд;
3.1. ИНЕГ-аас авах шалгалтанд хангалттай дүн үзүүлсэн байх; эсхүл,
3.2. тухайн зэрэглэлийн хувьд агаарын хөлөг, түүний бүрэлдэхүүн хэсгийн маягт хамааралтай дараах аль нэг сургалтанд хамрагдсан байх:
3.2.1. ИНД-141-ийн дагуу гэрчилгээжсэн иргэний нисэхийн сургалтын байгууллагаас зохион байгуулсан сургалтанд; эсхүл
3.2.2. тухайн агаарын хөлөг, түүний бүрэлдэхүүн хэсгийн үйлдвэрлэгчээс зохион байгуулсан сургалтанд; эсхүл
3.2.3. хэлэлцэн тохирогч аль нэг улсын эрх бүхий байгууллагаас зөвшөөрөгдсөн сургалтанд.
66.105. Зэрэглэлийн дагуу олгогдох эрх
(a) Бүлгийн зэрэглэл нь үнэмлэх эзэмшигчид тухайн үнэмлэхээр олгогдсон эрхийг энэхүү дүрмийн Хавсралт Б-д тусгагдсан зохих бүлэгт хамаарах аливаа агаарын хөлөг, түүний бүрэлдэхүүн хэсэг дээр эдлэх зөвшөөрлийг олгоно.
(б) ИНД-145-д заасан шаардлагын хүрээнд, маягийн зэрэглэл нь үнэмлэх эзэмшигчид тухайн үнэмлэхээр олгогдсон эрхийг тухайн зэрэглэлд хамаарах маягийн агаарын хөлөг, түүний бүрэлдэхүүн хэсэг дээр эдлэх зөвшөөрлийг олгоно.
Г БҮЛЭГ. ТЕХНИК ҮЙЛЧИЛГЭЭГ БАТАЛГААЖУУЛАХ ГЭРЧИЛГЭЭ
66.151. Бүлгийн хэрэглээ
(a) Энэхүү бүлгийн дагуу олгогдох гэрчилгээ нь зохих түвшинд бэлтгэгдсэн аливаа этгээдэд тухайн гэрчилгээнд заагдсан эрхийн хүрээнд агаарын хөлөг, түүний бүрэлдэхүүн хэсгийн техник үйлчилгээг гүйцэтгэх болон техник үйлчилгээнээс гаргах зөвшөөрөл олгоно.
66.153. Гэрчилгээ авахад тавигдах шаардлага
(a) Агаарын хөлөг, түүний бүрэлдэхүүн хэсгийн техник үйлчилгээг баталгаажуулах гэрчилгээ авахаар өргөдөл гаргагч нь дараах шаардлагуудыг хангасан байна:
1/ техник үйлчилгээг баталгаажуулах гэрчилгээ олгогдох тодорхой маягийн, эсхүл бүлгийн агаарын хөлөг, эсхүл бүрэлдэхүүн хэсгийн хувьд ИНЕГ-ын даргын хүлээх зөвшөөрөх ажлын дадлага туршлагатай байх, ба
2/ техник үйлчилгээг баталгаажуулах гэрчилгээ олгогдох тодорхой маягийн, эсхүл бүлгийн агаарын хөлөг, эсхүл бүрэлдэхүүн хэсгийн хувьд:
2.1. ИНЕГ-ын даргаас хүлээн зөвшөөрсөн сургалтанд амжилттай хамрагдсан байх; эсхүл
2.2. иргэний нисэхийн тухай хуулийн холбогдох заалтуудаас тусгасан, ИНЕГ-ын даргаас хүлээн зөвшөөрсөн шалгалтанд амжилттай дүн үзүүлсэн байх.
66.155. Эрх, үүрэг
(a) Техник үйлчилгээг баталгаажуулах гэрчилгээ олгогдсон этгээд нь дараах эрхийг эдлэнэ:
1/ агаарын хөлгийн аливаа маягийн хувьд үнэмлэх эзэмшигч нь энэ дүрмийн 66.103 –ын 2/-оор шаардсан шаардлагыг хангаагүй боловч тухайн маягийн агаарын хөлгийн техник үйлчилгээг гүйцэтгэх, техник үйлчилгээнээс гаргах; эсхүл
2/ энэ дүрмийн дагуу техник үйлчилгээний ажилтны үнэмлэх эзэмшдэггүй ч ИНЕГ-ын даргаас дараахийг гүйцэтгэх, эсхүл хяналт тавих чадвартай гэж дүгнэгдсэн аливаа этгээдийн хувьд:
2.1. гэрчилгээ олгогдох агаарын хөлөг, эсхүл бүрэлдэхүүн хэсгийн техник үйлчилгээг гүйцэтгэх болон тэдгээрийг техник үйлчилгээнээс гаргах, эсхүл
2.2. ИНД-21-ийн дагуу олгогдсон тусгай ангиллын, туршилтын нислэгт тэнцэх чадварын гэрчилгээтэй агаарын хөлгийн техник үйлчилгээг гүйцэтгэх, техник үйлчилгээнээс гаргах.
Д БҮЛЭГ. АГААРЫН ХӨЛӨГ, ТҮҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮН ХЭСЭГT ҮЗЛЭГ ХИЙХ ГЭРЧИЛГЭЭ
66.201. Бүлгийн хэрэглээ
(a) Энэхүү бүлэг нь, агаарын хөлөг, түүний бүрэлдэхүүн хэсэгт үзлэг хийх этгээдэд гэрчилгээ олгох, түүний эрх хязгаарлалтыг тогтоох бөгөөд дараах ажил үүргийг гүйцэтгэх этгээдэд хамаарна:
1/ ИНД-43 дагуу нислэгт тэнцэх чадварын жилийн үзлэгийг хийх болон бататгах;
2/ үндсэн өөрчлөлт болон үндсэн засварын ажлын дараа техникийн өгөгдлүүдтэй нийцүүлэн бататгах.
66.203. Үзлэг хийх гэрчилгээ олгоход тавигдах шаардлага
(a) Агаарын хөлөг, түүний бүрэлдэхүүн хэсэгт үзлэг хийх гэрчилгээ авахаар өргөдөл гаргагч нь дараах шаардлагуудыг хангасан байна:
1/ энэ дүрмийн дагуу онгоц ба хөдөлгүүр, эсхүл нисдэг тэрэг ба хөдөлгүүрийн ангиллаар үнэмлэх олгогдсон байх ба өргөдөл гаргах үедээ:
1.1. уг үнэмлэхийг 60 сараас доошгүй хугацаагаар эзэмшсэн байх;
1.2. 66.57-д заасан шаардлагыг 60 сараас доошгүй хугацаанд хангаж ажилласан байх.
2/ өмнөх 24 сарын хугацаанд:
2.1. агаарын хөлгийн техник үйлчилгээний ажилтны үнэмлэх эзэмшиж техник үйлчилгээний ажил гүйцэтгэж байсан; эсхүл
2.2. агаарын хөлгийн техник үйлчилгээнд хяналт тавьж байсан.
3/ агаарын хөлгийн их биед их засвар хийхтэй холбоотой, ИНЕГ-ын даргаас хүлээн зөвшөөрөгдсөн шалгалтыг амжилттай өгсөн байх.
4/ ИНД-141-гийн дагуу гэрчилгээжсэн иргэний нисэхийн сургалтын байгууллага, эсхүл ИНЕГ-аас зохион байгуулсан, агаарын хөлөг, түүний бүрэлдэхүүн хэсэгт үзлэг хийхтэй холбоотой сургалтад хамрагдаж бичгийн шалгалтанд хангалттай дүн үзүүлсэн байх.
66.21. Эрх, үүрэг
(а) Энэ зүйлийн (б) хэсгийг харгалзан үзсэнээр, агаарын хөлөг, түүний бүрэлдэхүүн хэсэгт үзлэг хийх гэрчилгээ олгогдсон этгээд дараах эрхийг эдэлнэ:
1/ ИНД-43-т заасны дагуу агаарын хөлгийн НТЧ-ын жилийн үзлэгийг гүйцэтгэх;
2/ ИНД-43-т заасны дагуу үндсэн засварын болон үндсэн өөрчлөлтийн гүйцэтгэл нь ИНД-21-ийн Хавсралтад заасан техникийн өгөгдлүүдтэй нийцэж буйг баталгаажуулах.
(б) Үзлэг хийх гэрчилгээ олгогдсон этгээд нь энэ зүйлийн (а) хэсэгт заасан эрхүүдийг агаарын хөлгийн их бие, хөдөлгүүр, сэнс, эд анги, тоног төхөөрөмжүүдийг шалгахад тохирсон техникийн өгөгдлүүдгүй болон ажлын байр, багаж хэрэгсэлгүй тохиолдолд эдлэхгүй.
66.207. Дадлага туршлагад тавигдах шаардлага
(a) Агаарын хөлөг, түүний бүрэлдэхүүн хэсэгт үзлэг хийх гэрчилгээ олгогдсон этгээд нь өмнөх 12 сарын хугацаанд дараах шаардлагыг хангаагүй тохиолдолд үзлэг хийх гэрчилгээгээр олгогдсон аливаа эрхийг эдлэхгүй:
1/ ИНД-43-т заасны дагуу агаарын хөлгийн техник үйлчилгээний жилийн үзлэгийг 4-өөс доошгүй удаа гүйцэтгэсэн байх; эсхүл
2/ агаарын хөлөгт, эсхүл түүний бүрэлдэхүүн хэсэгт үндсэн засвар эсхүл үндсэн өөрчлөлт хийгдсэний дараа ИНД-21-ийн Хавсралтад заасан техникийн өгөгдлүүдтэй нийцэж буй эсэхийг 4-өөс доошгүй удаа баталгаажуулсан байх; эсхүл
3/ ИНЕГ-аас хүлээн зөвшөөрсөн, 8-аас доошгүй цагийн давтан сургалтанд амжилттай хамрагдсан байх; эсхүл
4/ ИНЕГ-аас хүлээн зөвшөөрсөн шалгалтуудад амжилттай дүн үзүүлсэн байх.
***
Хавсралт А
Шилжилтийн үеийн зохицуулалт
(а) Энэхүү дүрэм батлагдсанаас хойшхи 6 сарын хугацаанд, Дэд бүтцийн сайдын 2001 оны 75 тоот тушаалын хавсралтаар батлагдсан, ИНД-66 "Агаарын хөлгийн техник үйлчилгээний ажилтныг үнэмлэх, зэрэглэл" дүрмийн дагуу олгогдсон үнэмлэх, зэрэглэл гэрчилгээнүүдийг шинэчлэн олгоно.
(б) Энэ дүрэм батлагдахаас өмнө олгогдсон агаарын хөлгийн засвар, техник үйлчилгээний мэргэжлийн аливаа үнэмлэх, гэрчилгээ, зэрэглэлүүдийг, ИНЕГ-аас энэхүү дүрмийн дагуу үнэмлэх, гэрчилгээ, зэрэглэл шинээр олгох хүртэл хүчинтэйд тооцно.
Хавсралт Б
Бүлгийн болон маягийн зэрэглэл
Б.1. Бүлгүүд
Зэрэглэлийг дараах байдлаар бүлэглэн олгоно:
а. Онгоц :
бүлэг1: 5700 кг–аас доош хөөрөлтийн жинтэй, их биеийн төмөр хийцтэй битүүмжлэлгүй онгоц
бүлэг2: их биеийн төмөр хийцтэй битүүмжлэлгүй, бүлэг 1-д хамрагдахгүй бусад онгоц
бүлэг3: хэт хөнгөн онгоц
б. Нисдэг тэрэг :
бүлэг 1: Поршинт хөдөлгүүрт нисдэг тэрэг
бүлэг 2: Турбинт хөдөлгүүрт нисдэг тэрэг
в. Хүчний төхөөрөмж:
бүлэг 1: Поршинт хөдөлгүүр
бүлэг 2: Турбинт хөдөлгүүр
г. Цахилгаан:
бүлэг1: цахилгааны анхдагч үүсгүүртэй, битүүмжлэлгүй, 5700 кг-аас доош хөөрөлтийн жинтэй онгоцны цахилгаан систем
бүлэг 2: тогтмол эргэлтийн төхөөрөмжөөс цахилгааны анхдагч үүсгүүрүүд нь
тэжээгддэг цахилгаан систем
д. Хэрэглэл :
бүлэг1: агаарын хөлгийн хэрэглэлийн ерөнхий систем; нислэгийн хэрэглэлийн үндсэн систем; 5700-аас дээш хөөрөлтийн жинтэй битүүмжлэлтэй онгоцонд суурилагдсанаас бусад битүүмжлэлийн болон агааржуулалтын систем, хүчилтөрөгчийн систем;
бүлэг 2: 5700-аас дээш хөөрөлтийн жинтэй битүүмжлэлтэй онгоцонд суурилагдсан, автомат нислэгийн удирдлагын системүүд болон навигацийн систем:
е. Радио холбоо :
бүлэг 1: VHF, HF, CVR, зорчигчид мэдээлэл өгөх холбооны систем болон ELT –ыг хамарсан, агаарын хөлгийн холбооны системүүд:
бүлэг 2: ADF, VOR, ILS, VLF, Omega, маркерийн радио дамжуулагч (marker beacon), GPS болон GNSS хамарсан, агаарын хөлгийн навигацийн системүүд:
бүлэг 3: цаг агаарын радар, Доплирын хэрэглэл (doppler), радио өндрийн хэмжүүр, DME, автомат хариулагч, болон TCAS хамарсан, агаарын хөлгийн анхдагч болон хоёрдагч радиолокатор:
ж. Агаараас хөнгөн агаарын хөлөг.
Б.2. Маягууд
Зэрэглэлүүдийг тодорхой агаарын хөлөг, эсхүл бүрэлдэхүүн хэсгийн хувьд маягийн зэрэглэл гэж ИНЕГ-ын даргаас олгоно.
а. Онгоц: битүүмжлэлтэй онгоцнууд:
б. Нисдэг тэрэг: Нисдэг тэрэгний Бүлэг 1 болон Бүлэг 2 зэрэглэлд хамаарахгүй гэж ИНЕГ-ын даргаас үзсэн нисдэг тэрэгнүүд
в. Хөдөлгүүр: турбинт хүчний төхөөрөмжүүд
г.Цахилгаан: 5700 кг-аас дээш хөөрөлтийн жинтэй битүүмжлэлтэй онгоцонд суурилуулсан тоноглолууд болон цахилгааны систем:
д. Хэрэглэл: 5700 кг-аас дээш хөөрөлтийн жинтэй битүүмжлэлтэй онгоцонд суурилуулсан нислэгийн нэгдсэн систем:
е.Радио холбоо: 5700 кг-аас дээш хөөрөлтийн жинтэй битүүмжлэлтэй онгоцонд суурилуулсан радио холбооны бүрэн тоноглолууд:
ж. Бүрэлдэхүүн хэсэг: ИНД-43 -д тусгагдсан, агаарын хөлгийн, эсхүл түүний бүрэлдэхүүн хэсгийн техник үйлчилгээ болон их засвар
Хавсралт В – Нэмэлт эрх
(а) Онгоц эсхүл нисдэг тэрэгний ангиллын хувьд, үнэмлэх эзэмшигч нь тодорхой маягийн агаарын хөлөг дээр зэрэглэлтэй бол дараах техник үйлчилгээг хийх, эсхүл хяналт тавих болон уг техник үйлчилгээнээс гаргах нэмэлт эрхийг эдэлнэ:
1/ Бүлэг 1-ийн цахилгааны болон хэрэглэлийн системүүдэд, Бүлэг 1, 2 ба 3-
ийн радио холбооны системүүдэд ИНД-91, ИНД-135-д заасаны дагуу хийгдэх
үзлэг шалгалтууд;
2/ тухайн агаарын хөлөг дээр тусгай зориулалтын шалгах тоног төхөөрөмж
шаардагдахгүй цахилгааны ба хэрэглэлийн эд анги, системүүд (энд
компасын систем хамаарахгүй)-ийн ажиллагааг шалгах, тохируулах, солих
үйлчилгээ;
3/ цахилгаан цэнэг хуримтлуулагчид хийх техник үйлчилгээ;
4/ VHF, HF радио системийг суурилуулах, түүнд хийх техник үйлчилгээ;
5/ шугмын үйлчилгээний үед сольж болох эд ангийг солих;
6/ шууд ба зайн уншилтын компасын тэнцүүлэх хязгаарыг хийх ба шууд
уншилтын компасын эд ангийг солих.
(б) Хүчний төхөөрөмж/хөдөлгүүрийн ангиллын хувьд, үнэмлэх эзэмшигч нь тодорхой маягийн хөдөлгүүрийн зэрэглэлтэй бол дараах нэмэлт техник үйлчилгээг хийх, эсхүл хяналт тавих болон техник үйлчилгээнээс гаргах эрхтэй:
1/ тусгай зориулалтын шалгах тоног төхөөрөмж шаардагдахгүй, хөдөлгүүрийн
хэрэглэлүүдийн ажиллагааг шалгах;
2/ тусгай зориулалтын шалгах тоног төхөөрөмж шаардагдахгүй, хөдөлгүүрт
хамаарах эд ангиуд, системүүдийн ажиллагааг шалгах, тохируулах, солих
үйлчилгээ;
3/ шугмын үйлчилгээний үед сольж болох авионик эд ангийг солих.
(в) Цахилгаан, хэрэглэл, эсхүл радио холбооны ангиллын хувьд зэрэглэлтэй үнэмлэх эзэмшигч нь дараах техник үйлчилгээг хийх, эсхүл хяналт тавих болон уг техник үйлчилгээнээс гаргах нэмэлт эрхийг эдэлнэ:
1/ Бүлэг 1-ийн цахилгааны болон хэрэглэлийн системүүдэд, Бүлэг 1, 2 ба 3-
ийн радио холбооны системүүдэд ИНД-91, ИНД-135-д заасаны дагуу хийгдэх
үзлэг шалгалтууд;
2/ тухайн агаарын хөлөг дээр тусгай зориулалтын шалгах тоног төхөөрөмж
шаардагдахгүй цахилгааны ба хэрэглэлийн эд анги, системүүд (энд
компасын систем хамаарахгүй)-ийн ажиллагааг шалгах, тохируулах, солих
үйлчилгээ;
3/ цахилгаан цэнэг хуримтлуулагчид хийх техник үйлчилгээ;
4/ VHF, HF радио системийг суурилуулах, түүнд хийх техник үйлчилгээ;
5/ шугмын үйлчилгээний үед сольж болох эд ангийг солих;
(г) Агаараас хөнгөн агаарын хөлгийн ангиллын хувьд зэрэглэлтэй үнэмлэх эзэмшигч нь дараах техник үйлчилгээг хийх, эсхүл хяналт тавих болон уг техник үйлчилгээнээс гаргах нэмэлт эрхийг эдэлнэ:
1/ ИНД-91, ИНД-135-д заасаны дагуу хийгдэх тогтмол үзлэг шалгалтууд;
2/ тухайн агаарын хөлөг дээр тусгай зориулалтын шалгах тоног төхөөрөмж
шаардагдахгүй цахилгааны ба хэрэглэлийн эд анги, системүүд (энд
компасын систем хамаарахгүй)-ийн ажиллагааг шалгах, тохируулах, солих
үйлчилгээ;
3/ салгаж болох цахилгааны холбоос, зангилаа эд ангийг засах солих;
4/ VHF, HF радио системийг суурилуулах, түүнд хийх техник үйлчилгээ;
***
ИНД-66 "АГААРЫН ХӨЛГИЙН ТЕХНИК ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНЫ
ҮНЭМЛЭХ, ЗЭРЭГЛЭЛ" –д орсон, ишлэл хийсэн дүрэм
ИНД-145 "Агаарын хөлгийн техник үйлчилгээний байгууллага, гэржилгээжүүлэлт"
ИНД-141 "Иргэний нисэхийн сургалтын байгууллага, гэрчилгээжүүлэлт"
ИНД-21 "Агаарын хөлөгт хамаарах бүтээгдэхүүн, эд анги, гэрчилгээжүүлэлт"
ИНД-43 "Техник үйлчилгээний ерөнхий дүрэм"
ИНД-91 "Нислэгийн үйл ажиллагааны ерөнхий дүрэм"
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ДҮРЭМ- 66
АГААРЫН ХӨЛГИЙН ТЕХНИК ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНЫ
ҮНЭМЛЭХ, ЗЭРЭГЛЭЛ
ГАРЧИГ
А БҮЛЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
66.1. Зорилго
66.3. Тодорхойлолт
66.5. Үнэмлэх, гэрчилгээ, зэрэглэл
66.7. Өргөдөл гаргах
66.9. Үнэмлэх, зэрэглэл, гэрчилгээ олгох
66.11. Үнэмлэхний хугацаа
66.13. Шалгалт
66.15. Шалгалтын үед хориглох зүйлс
66.17.Мансууруулах бодис, согтууруулах ундаа хэрэглэсэн ажилтанд хүлээлгэх хариуцлага
66.19. Техник үйлчилгээний ажилтны эрүүл мэндэд тавигдах шаардлага
Б БҮЛЭГ. АГААРЫН ХӨЛГИЙН ТЕХНИК ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНЫ ҮНЭМЛЭХ
66.51. Нөөц
66.53. Үнэмлэх авахад тавигдах шаардлага
66.55. Эрх, үүрэг
66.57. Дадлага туршлагад тавигдах шаардлага
В БҮЛЭГ. АГААРЫН ХӨЛГИЙН ТЕХНИК ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНЫ ЗЭРЭГЛЭЛ
66.101. Нөөц
66.103. Зэрэглэл авахад тавигдах шаардлага
66.105. Зэрэглэлийн дагуу олгогдох эрх
Г БҮЛЭГ. ТЕХНИК ҮЙЛЧИЛГЭЭГ БАТАЛГААЖУУЛАХ ГЭРЧИЛГЭЭ
66.151. Бүлгийн хэрэглээ
66.153. Гэрчилгээ авахад тавигдах шаардлага
66.155. Эрх, үүрэг
Д БҮЛЭГ. АГААРЫН ХӨЛӨГ, ТҮҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮН ХЭСЭГT ҮЗЛЭГ ХИЙХ ГЭРЧИЛГЭЭ
66.201. Бүлгийн хэрэглээ
66.203. Үзлэг хийх гэрчилгээ олгоход тавигдах шаардлага
66.205. Эрх, үүрэг
66.207. Дадлага туршлагад тавигдах шаардлага
Хавсралт А - Шилжилтийн үеийн зохицуулалт
Хавсралт Б - Бүлгийн болон маягийн зэрэглэл
Хавсралт В - Нэмэлт эрх
Текст томруулах
A
A
A