- Нүүр
- Сайдын тушаал
- АГААРЫН ЗАЙГ ТОГТООХ /ЗТХС-ын 2019 оны 187 дугаар тушаалаар 8-р хавсралт хүчингүй болсон/
/ЗТХС-ын 2019 оны 187 дугаар тушаалаар 8-р хавсралт хүчингүй болсон/
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын Сайдын
2010 оны 4 дүгээр сарын 16 -ны өдрийн 111 дүгээр
тушаалын 8 дугаар хавсралт
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ДҮРЭМ - 71
АГААРЫН ЗАЙГ ТОГТООХ
А БҮЛЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
71.1. Зорилго
(a) Энэ дүрмийн зорилго нь иргэний нисэхэд ашиглах Монгол Улсын агаарын зайг тогтоох, түүнийг ангилах үйл ажиллагааг зохицуулах журмыг тогтооход оршино.
71.3. Тодорхойлолт, товчлол
Монгол Улсын агаарын навигацийн бүртгэл гэж Монгол Улсын иргэний нисэхэд ашиглах нэгж агаарын зай, агаарын зам, нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний маршрут, агаарын навигацийн үйлчилгээний холбогдох бусад мэдээллийг агуулсан баримт бичгийг;
Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний маршрут гэж нислэгийн хөдөлгөөний үйлчилгээгээр хангагдах агаарын зам, тэдгээрийн сүлжлийг;
Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээ (цаашид НХҮ гэх) гэж нислэгийн хөдөлгөөний удирдлага, нислэгийн мэдээллийн үйлчилгээ болон аюулын түгшүүрийн мэдээллийн үйлчилгээг нэгтгэсэн цогц үйл ажиллагааг;
Нислэгийн мэдээллийн район гэж нислэгийн хөдөлгөөний удирдлага ба нислэгийн мэдээллийн үйлчилгээ явуулж байгаа, өндөр ба өргөнөөр хязгаарлагдсан агаарын зайг;
Нислэгийн хөдөлгөөний удирдлага (цаашид НХУ гэх) гэж агаарын хөлгүүд өөр хоорондоо, мөн агаарын хөлөг аэродромын талбай дээрх аливаа саадтай мөргөлдөхөөс сэргийлэх, нислэгийн хөдөлгөөний урсгалыг зохицуулах зорилготой үйлчилгээг;
Нислэгийн мэдээллийн үйлчилгээ гэж нислэгийн аюулгүй ба үр ашигтай гүйцэтгэлийг хангахад шаардлагатай мэдээлэл, зөвлөмжөөр хангах нислэгийн хөдөлгөөний үйлчилгээг;
Нэгж агаарын зай гэж нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний нэг нэгжийн хариуцлагын бүсээр тогтоогдсон, өндөр ба өргөнөөр хязгаарлагдсан агаарын зайг;
Удирдлагын район гэж газрын гадаргаас тооцож тогтоосон тодорхой нэг өндрөөс дээшхи нислэгийн хөдөлгөөний удирдлагаар хангагдах агаарын зайг;
Удирдлагын бүс гэж агаарын зайн ангиллаас хамааран хэрэглэлийн нислэгийн дүрэм, ил харааны нислэгийн дүрмээр үйлдэгдэх нислэгт үйлчилгээ үзүүлж байгаа, өндөр ба өргөнөөр хязгаарлагдсан агаарын зайг;
Үндсэн цэг гэж нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний маршрут, эсхүл агаарын хөлгийн нислэгийн чиглэлийг тодорхойлох, навигацийн болон нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний зорилгоор ашиглах газарзүйн байршлыг;
Хяналттай агаарын зай гэж агаарын зайн ангиллаас хамааран хэрэглэлийн нислэгийн дүрэм, ил харааны нислэгийн дүрмээр үйлдэгдэх нислэгийг нислэгийн хөдөлгөөний удирдлагын үйлчилгээгээр хангах, өндөр ба өргөнөөр хязгаарлагдсан агаарын зайг;
Хяналтгүй агаарын зай гэж зөвхөн нислэгийн мэдээллийн үйлчилгээгээр хангагдах агаарын зайг.
71.5. Монгол Улсын агаарын навигацийн бүртгэл
(а) Монгол Улсын агаарын навигацийн бүртгэлийг Иргэний нисэхийн ерөнхий газар (цаашид ИНЕГ гэх) хөтөлнө.
(б) Монгол Улсын агаарын навигацийн бүртгэлд дараах мэдээллийг хүчин төгөлдөр байх хугацааны хамт бүртгэнэ:
1/ иргэний нисэхэд ашиглахаар тогтоосон нэгж агаарын зай, түүний тодорхойлолт;
2/ агаарын замууд, тэдгээрийн тодорхойлолт;
3/ илтгэх цэгүүд, тэдгээрийн тодорхойлолт;
4/ агаарын хаалга, тэдгээрийн тодорхойлолт;
5/ нисэн гарах, нисэн ирэх стандарт маршрут, тэдгээрийн тодорхойлолт;
6/ холбогдох бусад мэдээлэл.
(в) Хүчин төгөлдөр байх хугацаа нь дуусгавар болсон, цуцалсан агаарын зай, зам, цэг, хаалга, холбогдох бусад мэдээллийг бүртгэлээс хасна.
71.7. Агаарын зайн мэдээлэл
(а) Энэ дүрмийн дагуу тогтоосон агаарын зайн мэдээлэл, түүний хүчин төгөлдөр болох огноо, үргэлжлэх хугацаа, нислэгийн үйл ажиллагаанд шаардлагатай бусад мэдээллийг Монгол Улсын Нисэхийн мэдээллийн эмхэтгэл (цаашид НМЭ гэх), NOTAM мэдээгээр зохих журмын дагуу зарлана.
(б) Энэ дүрмийн дагуу тогтоосон агаарын зай нь энэ зүйлийн (а) хэсэгт заасны дагуу зарлагдсанаар хүчин төгөлдөр болно.
71.9. Агаарын зайн тодорхойлолт
(а) Агаарын зайн тодорхойлолт нь дараах мэдээллийг агуулна:
1/ агаарын зайн индекс;
2/ агаарын зайн хил хязгаар;
3/ нэмэлт бусад мэдээлэл.
(б) Агаарын зайн индексийг дараах байдлаар тогтооно:
1/ хяналттай агаарын зайн хувьд:
1.1. "ZMA" үсгүүдийн ард хоёр хүртэл оронтой тоо;
1.2. Нислэгийн зурагт "А" үсгийн ард хоёр хүртэл оронтой тоо
байхаар.
2/ хяналтгүй агаарын зайн хувьд:
2.1 "ZMG" үсгүүдийн ард хоёр оронтой тоо;
2.2 Нислэгийн зурагт "G" үсгийн ард хоёр оронтой тоо байхаар;
(в) Агаарын зайн хэвтээ хилийг дараах байдлаар тодорхойлно:
1/ хилийн шугамаар холбосон цэгүүдийн газарзүйн байршлын солбилцолоор (градус, минут, секундээр);
2/ дараах дүрслэлээр буюу тэдгээрийн хосолбороор:
2.1 үргэлжилсэн шугамаар;
2.2 газарзүйн цэгийн солбилцлыг төв болгон авсан, тодорхой
радиусаар татсан тойрог шугамаар, эсхүл түүний хэсгээр;
2.3 хоёр цэгийг холбосон их тойруу шугамаар;
2.4 өргөрөгтэй параллель/зэрэгцээ шугамуудаар.
(г) Агаарын зайн босоо хил хязгаарыг нислэгийн цуваа, харьцангуй, жинхэнэ өндрүүдийн аль тохирохоор нь тодорхойлно.
(д) Агаарын зайн тодорхойлолтод агуулагдах нэмэлт мэдээлэлд уг агаарын зайн ашиглалтын хязгаарлалт, шаардлагатай бусад мэдээлэл багтана.
71.11. Нислэгийн мэдээллийн район
(а) Монгол Улсын Нислэгийн мэдээллийн район (цаашид НМР гэх) нь Улаанбаатар-НМР (UB FIR) байна.
(б) Улаанбаатар-НМР-ны хил хязгаарыг дараах байдлаар тогтооно:
1/ хэвтээ хил нь Монгол Улсын хил (газарзүйн солбилцлоор)-ээр; дээд хязгааргүй;
2/ доод хил нь газрын гадаргаар.
(в) Улаанбаатар-НМР нь удирдлагын район, бүс, нислэгийн мэдээллийн бүс, секторт хуваагдана.
(г) Нислэгийн мэдээллийн районд үзүүлэх суурь үйлчилгээ нь нислэгийн мэдээлэл (FIS)-ийн болон аюулын түгшүүр мэдээлэл (ALS)-ийн үйлчилгээ байна.
71.13. Хяналттай агаарын зай
(а) Нислэгийн мэдээллийн районы тодорхой хэсэгт НХУ үзүүлэх шаардлагатай тохиолдолд:
1/ энэ дүрмийн дагуу удирдлагын район, бүсийг тогтоох; ба
2/ зөвхөн ХНД-ээр нислэг үйлдэх агаарын зайд энэ дүрмийн В бүлэгт заасан
"А" ангилал, ИХНД-ээр нислэг үйлдэж болох агаарын зайд "В", "С", "D", "E"
ангиллын аль тохиромжтойг тогтооно.
(б) НХҮ-ний үйл ажиллагааг хөнгөвчлөх зорилгоор удирдлагын районыг дэд секторуудад хувааж болно.
(в) Удирдлагын район, бүсийг тогтоосон тохиолдолд уг агаарын зайд НХУ үзүүлэх нэгжийг тогтооно.
(г) НХУ-ын нэгжийн дуудлагыг агаарын зай тогтоогдсон аэродром, хот суурин, газар орны нэрийн аль тохиромжтойг сонгож онооно.
(д) Тогтоосон удирдлагын район, бүсэд НХУ үзүүлээгүй тохиолдолд уг агаарын зай нь хяналтгүй агаарын зайд тооцогдоно.
71.15. Хяналтгүй агаарын зай
(а) Нислэгийн мэдээллийн район дахь удирдлагын район, удирдлагын бүсээс бусад агаарын зайг хяналтгүй агаарын зайд тооцно.
(б) Хяналтгүй агаарын зайг энэ дүрмийн В бүлэгт заасан "F", "G" ангиллын аль тохирохоор ангилна.
71.17. Түр агаарын зай
(а) Агаарын зайг түр тогтоож болох ба уг агаарын зайн хүчинтэй хугацаа 3 сараас илүүгүй байна.
71.19. НХҮ-ний маршрут ба агаарын замыг тогтоох
(а) НХҮ-ний маршрут ба агаарын замыг тухайн агаарын замын өргөн, дээд доод хязгаарын хамт тогтооно.
(б) НХҮ-ний маршрут нь нэг буюу хэд хэдэн агаарын замаас бүрдэнэ.
(в) НХҮ-ний зэргэлдээ маршрутууд нь хоорондоо аюулгүй зайтай байна.
(г) НХҮ-ний зэргэлдээ маршрутууд хоорондох аюулгүй зайг тогтоохдоо уг замаар нислэг үйлдэх агаарын хөлгийн навигацийн чадавхи, агаарын зам дагуух навигацийн тоноглолын хангалт, долгионы бүрхэлтийг тооцно.
(д) Нислэгийн хөдөлгөөний эрчимжилт, төрөл ба ээдрээтэй байдлаас хамааран нам өндрийн нислэгт зориулсан тусгай агаарын замыг тогтоож болно.
(е) Агаарын зам нь индекстэй байна. Нисэн гарах ба нисэн ирэх стандарт маршрутаас бусад маршрут, агаарын замын индексийг энэ дүрмийн Хавсралт 1-д заасан журмаар тогтооно.
71.21. Үндсэн цэгийг тогтоох
(а) Үндсэн цэгийг навигацийн газрын тоног төхөөрөмжид харгалзуулан тогтооно.
(б) Тухайн байршилд навигацийн газрын тоног төхөөрөмж байхгүй нөхцөлд үндсэн цэгийг агаарын хөлгийн навигацийн тоноглол тодорхойлж чадахуйц газар зүйн байршилд тогтооно.
(в) Үндсэн цэгийн нэрийг энэ дүрмийн Хавсралт 2-т заасны дагуу өгнө.
71.23. Үндсэн цэгийг илтгэх цэг болгон тогтоох
(а) НХҮ-ний байгууллага нислэгийн хөдөлгөөний харьцаа, агаарын хөлгийн байрлалыг тодорхойлох зорилгоор сонгосон үндсэн цэгүүдийг илтгэх цэгээр тогтооно.
(б) Илтгэх цэгийг тогтоохдоо дараах хүчин зүйлсийг харгалзан үзнэ:
1/ нислэгийн хөдөлгөөний төрөл, шинж чанар;
2/ нислэгийн эрчимжилт;
3/ агаарын хөлгийн хурд;
4/ зайчлалын стандарт;
5/ агаарын зайн зохион байгуулалт;
6/ НХУ-ын аргачилал;
7/ агаарын зайд нислэгийн үе шатууд (өндөр авалт, алдалт, чиг шулуун нислэг г.м) хэрхэн хуваарилагдаж байгаа;
8/ удирдлага шилжүүлэх журам;
9/ Эрэн хайх, авран туслах төв (цаашид ЭХАТ гэх)-ийн үйл ажиллагааны шаардлага;
10/ радио-холбооны завгүйдлийн байдал, ачаалал;
11/ агаарын хөлгийн навигацийн чадавхи, нарийвчлал.
(в) Илтгэх цэгийг заавал илтгэх ба шаардлагаар илтгэх цэг гэж ангилна.
(г) Заавал илтгэх цэгийг тогтоохдоо дараах зарчмыг мөрдлөг болгоно:
1/ нисэх багийн болон нислэгийн удирдагчийн ажиллагаанд хүндрэл үл
учруулахуйцаар боломжит цөөн тоотой тогтоох;
2/ навигацийн тоног төхөөрөмжийн хангалттай эсэх нь заавал илтгэх цэг тогтоох
үндэслэл болохгүй байх;
3/ заавал НМР ба удирдлагын район, бүсийн хил дээр байрлах шаардлага
тавигдахгүй.
(д) НХУ-ын шаардлагаар илтгэх цэгийг нислэгийн удирдагч нислэгийн хөдөлгөөний удирдах үйл ажиллагаанд агаарын хөлгийн байрлалын талаар нэмэлт мэдээлэл авах зорилгоор тогтооно.
71.25. Нисэн гарах ба нисэн ирэх стандарт маршрут
(а) Нисэн гарах ба нисэн ирэх стандарт маршрутыг тогтоож болно.
(б) Нисэн ирэх ба нисэн гарах стандарт маршрутын индексийг энэ дүрмийн Хавсралт 3-т заасны дагуу тогтооно.
71.27. Хяналт
(а) Агаарын зайн зохион байгуулалт, ангилал нь бодит нөхцөлд нийцэж байгаа эсэхэд 2 жил тутамд нэгдсэн хяналт, дүн шинжилгээ хийнэ.
Б БҮЛЭГ. ХЯНАЛТТАЙ АГААРЫН ЗАЙД ТАВИГДАХ ШААРДЛАГА
71.51. Удирдлагын район
(а) Удирдлагын районыг ХНД-ээр нислэг үйлдэхэд шаардагдах орон зайг хангахуйц хэмжээтэй, түүнд үзүүлэх НХУ болон навигацийн үйлчилгээтэй зохицсон байдлаар тогтооно.
(б) Удирдлагын районыг дараах байдлаар ангилан тогтооно:
1/ удирдлагын доод район:
1.1 нэг буюу ойролцоо байрлах хэд хэдэн аэродром дээрхи агаарын зайг агуулсан, Ойртолтын нислэгийн хөдөлгөөний удирдлагаар хангагдах ойртолтын удирдлагын район хэлбэрээр (Terminal Control Area); эсхүл
1.2 Районы нислэгийн хөдөлгөөний удирдлагаар хангагдах удирдлагын доод район (Lower Control Area);
2/ Районы нислэгийн хөдөлгөөний удирдлагаар хангагдах удирдлагын дээд район (Control Area);
3/ удирдлагын бүс (Control Zone).
(в) Удирдлагын районы хилийг дараах байдлаар тогтооно:
1/ дээд хязгаарыг далайн түвшинээс 16000 метр буюу түүнээс илүүгүй өндөрт байхаар тогтоох ба түүнээс дээш НХУ үзүүлэхгүй;
2/ доод хязгаар нь газрын болон усан гадаргаас дээш 200 метр (700 фут) буюу түүнээс багагүй өндөрт, эсхүл ХНД-ийн нислэгийн доод цуваанаас доош 150 метр (500 фут) буюу багагүй өндөрт;
3/ доод хязгаарыг далайн түвшинээс 900 метр (3000 фут) буюу түүнээс дээш тогтоох бол доод хил нь ИНД-91-д заасан ИХНД-ээр нислэг үйлдэх өндөртэй адил байна;
4/ хэвтээ хилийг уг агаарын зайд үзүүлэх НХУ, навигацийн тоноглолын ашиглалтын хүрээг харгалзан тогтооно.
(г) Ойртолтын удирдлагын район, удирдлагын доод районы дээд хилийг удирдлагын дээд районы доод хилтэй нэг өндөрт, эсхүл ИНД-91-д заасан нислэгийн өндрөөр тогтооно.
(д) НХУ-ын үйл ажиллагааг хялбарчлах зорилгоор удирдлагын районыг хоёр буюу түүнээс дээш секторт хувааж болно.
71.53. Удирдлагын бүс
(а) Удирдлагын бүсийг дараах байдлаар тогтооно:
1/ Аэродромын удирдлагын бүс; эсхүл
2/ Аэродром ба ойртолтын удирдлагын нэгдмэл бүс.
(б) Удирдлагын бүс нь хэрэглэлийн нислэгийн цаг агаарын нөхцөлд ХНД-ээр тухайн аэродромд нисэн ирэх болон нисэн гарах нислэгийн маршрутыг бүрэн хамарсан байна.
(в) Удирдлагын бүсийн хилийг дараах байдлаар тогтооно:
1/ хэвтээ хязгаар нь:
1.1 хэрэглэлээр нислэг үйлдэх цаг агаарын нөхцөлд ХНД-ээр тухайн
аэродромд нисэн ирэх ба нисэн гарах маршрутыг бүрэн
хамарсан байх;
1.2 аэродромын төвөөс уг аэродромд ХНД-ээр ойртолт үйлдэх
чиглэлд 20 км (10 NM)-ээс багагүй зайд байх.
(г) Удирдлагын бүс нь ойртолтын удирдлагын район, эсхүл удирдлагын районы хэвтээ хязгаарын хүрээнд багтаж байгаа бол түүний доод хязгаарыг газрын гадарга, дээд хязгаар нь ойртолтын удирдлагын район, эсхүл удирдлагын районы доод хилээр тогтооно.
(д) Хэрэв удирдлагын бүс нь ойртолтын удирдлагын район, эсхүл удирдлагын дээд районы хэвтээ хязгаарын гадна оршиж байгаа бол түүний дээд доод хязгаарыг тусгайлан тогтооно.
(е) Удирдлагын бүс нь ойртолтын удирдлагын район, эсхүл удирдлагын районы доор залган, эсхүл түүний хэвтээ хүрээний гадна орших бөгөөд дээд хилийг нь удирдлагын районы доод хилээс өндөрт тогтоох тохиолдолд уг дээд хилийг нисэх баг ойлгоход хялбар байдлаар сонгож тогтооно. Удирдлагын бүсийн уг дээд хязгаар нь далайн түвшинээс дээш 900 м (3000 фут) буюу түүнээс багагүй өндөрт тогтоох бол ИНД-91-д заасан ИХНД-ээр нислэг үйлдэх өндөртэй адил байна.
(ж) Удирдлагын бүсийн хэвтээ хилийг газарзүйн байршлын онцлогт тулгуурлан тогтоож болно.
(з) НХУ-ын үйл ажиллагааг хялбарчлах зорилгоор удирдлагын бүсийг хоёр буюу түүнээс дээш секторт хувааж болно.
71.55. Ерөнхий зориулалтын агаарын хөлгийн нислэгийн бүс
(а) ИХНД-ээр нислэг үйлдэх боломжийг хангах зорилгоор хяналттай агаарын зайн зарим хэсэгт ерөнхий зориулалтын агаарын хөлгийн (цаашид ЕЗАХ гэх) нислэгийн бүсийг тогтоож болно.
(б) ЕЗАХ-ийн нислэгийн бүсийг тогтоосон тохиолдолд уг бүсэд НХУ ба нислэгийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх нэгжийг тодорхойлж, агаарын зайн индексийг "MGLG" үсгүүдийн ард тоо байхаар, нислэгийн зурагт "G" үсгийн ард тоо байхаар тогтооно.
(в) ЕЗАХ-ийн нислэгийн бүсийн ашиглалтын горимыг дараах байдлаар тогтооно:
1/ өдрийн цаг бүрэн ашиглалттай байх; эсхүл
2/ НХҮ-ний нэгжид мэдэгдэж зөвшөөрөл авсны үндсэн дээр нислэг үйлдэх.
(г) ЕЗАХ-ийн нислэгийн бүсэд дараах шаардлага тавигдана:
1/ зөвхөн өдрийн цагт хүчин төгөлдөр байх;
2/ уг бүсийг идэвхитэй үйл ажиллагаатай үед "G" ангиллын агаарын зайд тооцох.
(д) НХҮ-ний нэгж нь нислэгийн хөдөлгөөний аюулгүй ажиллагааг хангуулах үүднээс ЕЗАХ-ийн нислэгийн бүс дэх үйл ажиллагааг зогсоох эрхтэй.
71.57. Туслах агаарын зай
(а) Нисэхийн аюулгүй ажиллагааг хангах, НХҮ-ний үйл ажиллагааг хялбарчлах болон олон улсын нэгдсэн төлөвлөгөө, гэрээг хэрэгжүүлэх зорилгоор дараах туслах агаарын зайг тогтоож болно:
1/ агаарын хөлгийн навигацийн тоноглолын чадавхи, нарийвчлал, агаарын замын сүлжил, нислэгийн эрчимжилт зэргийг харгалзан тогтоосон RNP/PBN агаарын зай;
2/ агаарын хөлгийн өндрийн хэрэглэлийн нарийвчлал, агаарын замын сүлжил, нислэгийн эрчимжилт зэргийг харгалзан тогтоосон RVSM агаарын зай.
(б) Энэ зүйлийн (а) хэсгийн 1/ ба 2/-д заасан агаарын зайг байнгын тогтоох тохиолдолд хяналттай агаарын зайд тооцно.
В БҮЛЭГ. АГААРЫН ЗАЙН АНГИЛАЛ
71.101. "А" ангиллын агаарын зай
(а) Дараах шаардлагыг хангах агаарын зайд "А" ангилал тогтооно.
1/ зөвхөн ХНД-ээр нислэг үйлдэх;
2/ бүх нислэгүүд нислэгийн хөдөлгөөний удирдлагаар хангагдах;
3/ бүх агаарын хөлгүүд хооронд зайчлалыг хангуулах;
4/ нисэх баг ба нислэгийн удирдагчийн хооронд хоёр талын тасралтгүй радио-холбоотой байх.
71.103. "В" ангиллын агаарын зай
(а) ХНД, ИХНД-ээр нислэг үйлдэх, дараах шаардлагыг хангасан хяналттай агаарын зайд "В" ангилал тогтооно:
1/ бүх нислэгүүд нислэгийн хөдөлгөөний удирдлагаар хангагдах;
2/ агаарын хөлгүүд хооронд зайчлалыг хангуулах;
3/ нисэх баг ба нислэгийн удирдагчийн хооронд хоёр талын тасралтгүй радио-холбоотой байх.
71.105. "С" ангиллын агаарын зай
(а) ХНД ба ИХНД-ээр нислэг үйлдэх, дараах шаардлагыг хангасан хяналттай агаарын зайд "С" ангилал тогтооно:
1/ бүх нислэгүүд нислэгийн хөдөлгөөний удирдлагаар хангагдах;
2/ дараах нислэгүүдэд зайчлалыг хангуулах:
2.1 ХНД-ээр үйлдэх нислэгүүдийн хооронд;
2.2 ХНД ба ИХНД-ээр үйлдэх нислэгүүдийн хооронд.
3/ ИХНД-ээр үйлдэх нислэгийг бусад ИХНД-ээр үйлдэх нислэгийн хөдөлгөөний мэдээллээр хангах;
4/ нисэх баг ба нислэгийн удирдагчийн хооронд хоёр талын тасралтгүй радио-холбоотой байх.
71.107. "D" ангиллын агаарын зай
(а) ХНД ба ИХНД-ээр нислэг үйлдэх, дараах шаардлагыг хангасан агаарын зайд "D" ангилал тогтооно:
1/ бүх нислэгүүд нислэгийн хөдөлгөөний удирдлагаар хангагдах;
2/ ХНД-ээр үйлдэх нислэгүүдийн хооронд зайчлалыг хангуулах;
3/ нислэгийн хөдөлгөөний тухай дараах мэдээллээр хангах:
3.1 ХНД-ээр үйлдэх нислэгт ИХНД-ээр үйлдэх нислэгийн хөдөлгөөний тухай;
3.2 ИХНД-ээр үйлдэх нислэгт ХНД-ээр үйлдэх болон ИХНД-ээр үйлдэх бусад нислэгийн хөдөлгөөний тухай.
4/ нисэх баг ба нислэгийн удирдагчийн хооронд хоёр талын тасралтгүй
радио-холбоотой байна.
71.109. "E" ангиллын агаарын зай
(а) ХНД ба ИХНД-ээр нислэг үйлдэх, дараах шаардлагыг хангасан хяналтгүй агаарын зайд "Е" ангилал тогтооно:
1/ зөвхөн ХНД-ээр үйлдэх нислэгүүд нислэгийн хөдөлгөөний
удирдлагаар хангагдах;
2/ ХНД-ээр үйлдэх нислэгүүд хооронд зайчлал хангуулах;
3/ бүх нислэгүүд нислэгийн мэдээллийн үйлчилгээгээр хангагдах;
4/ нислэгийн удирдагч ба нисэх багийн хооронд хоёр талын
тасралтгүй радио-холбоотой байна.
71.111. "F" ангиллын агаарын зай
(а) Дараах шаардлагыг хангасан хяналтгүй агаарын зайд "F" ангилал тогтооно:
1/ ХНД-ээр үйлдэх нислэгүүдийг нислэгийн хөдөлгөөний зөвлөмжөөр хангах;
2/ нисэх багийн хүсэлтээр бүх нислэгт нислэгийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх.
71.113. "G" ангиллын агаарын зай
(а) Энэ дүрмийн 71.57, 71.101, 71.103, 71.105, 71.107-д зааснаас бусад, дараах хяналтгүй агаарын зайд "G" ангилал тогтооно:
1/ зөвхөн ИХНД-ээр нислэг үйлдэгдэх;
2/ нисэх багийн хүсэлтээр нислэгийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх.
Хавсралт 1
АГААРЫН ЗАМЫН ИНДЕКС
1.1. Агаарын замын индексийг тогтоох
1.1.1. Агаарын замын индекс нь латин үсэг ба тоо хосолсон 6-аас илүүгүй тэмдэгттэй, үндсэн индекс нь нэг үсэг, түүний ард тэмдэглэх 1-999 цувралаас сонгосон тооноос бүрдэнэ.
1.1.2. Индексийн үсгийг дараах байдлаар сонгоно:
а. Ази-Номхон далайн бүсийн агаарын замын сүлжилд багтаж байгаа, RNAV бус агаарын замын хувьд: "A", "B", "G", "R" үсгүүдийн аль нэгийг;
б. Ази-Номхон далайн бүсийн агаарын замын сүлжилд багтаж байгаа, RNAV бүхий агаарын замын хувьд: "L", "M", "N", "P" үсгүүдийн аль нэгийг;
в. Ази-Номхон далайн бүсийн агаарын замын сүлжилд багтдаггүй агаарын замын хувьд: "H", "J", "V", "W" үсгүүдийн аль нэгийг;
г. Ази-Номхон далайн бүсийн агаарын замын сүлжилд багтдаггүй, RNAV бүхий агаарын замын хувьд: "Q", "T", "Y", "Z" үсгүүдийн аль нэгийг.
1.1.3. Шаардлагатай тохиолдолд агаарын замын индекст дараах тодотгол угтварыг залгаж болгоно:
а. Нисдэг тэрэгний нислэгт зориулагдсан нам өндрийн агаарын замыг илтгэх зорилгоор "K" үсэг;
б. Агаарын зам ба түүний хэсэг нь дээд агаарын зайд харьяалагдаж байгааг илтгэх зорилгоор "U" үсэг;
в. Дуунаас хурдан нислэг үйлдэгдэх агаарын замыг илтгэх зорилгоор "S" үсэг.
1.1.4. НХҮ-ний байгууллагаас тогтоосон, эсхүл Бүсийн агаарын навигацийн гэрээнд заасны дагуу агаарын зам дагуу үзүүлэх үйлчилгээний төрлийг онцлон заах, эсвэл агаарын хөлгийн навигацийн чадавхид шаардлага тогтоох үүднээс агаарын замын индекст дараах нэмэлт дагаврыг залгаж болно:
а. 6000 метрээс дээшхи RNP-1 замын хувьд: "Y" үсэг;
б. 6000 метрээс доошхи RNP-1 замын хувьд: "Z" үсэг;
в. Зөвхөн нислэгийн хөдөлгөөний зөвлөмжийн үйлчилгээгээр хангагдах замын хувьд: "К" үсэг;
г. Зөвхөн нислэгийн мэдээллийн үйлчилгээгээр хангагдах замын хувьд: "G" үсэг.
1.1.5. НХУ-ын хяналттай, нислэгийн хөдөлгөөний зөвлөмжийн болон мэдээллийн үйлчилгээгээр хангагдах агаарын зам нь нислэгийн зураг ба НМЭ-т тэмдэглэгдэн тусгагдсан байна.
1.1.6. Үндсэн замд түүний дамжих ойртолтын удирдлагын бүсүүдээс үл хамааран нэг ижил индекс тогтоогдоно.
1.1.7. Ялгаатай замуудад индексийг давхцуулан тогтоохгүй.
1.2. Агаарын замын индексийг холбоонд хэрэглэх
1.2.1. Хэвлэмэл мэдээлэлд индексийг хураангуйлахгүй хэрэглэнэ.
1.2.2. Радио-холбоонд агаарын замын индексийг үсэг болон тоог дуудах ICAO-гийн хэвшмэл дуудлагаар дуудаж мэдээлнэ.
1.2.3. "K", "U", "S" үсгэн угтваруудыг дараах байдлаар дуудна:
"K" коптер (Kopter)
"U" аппер (Upper)
"S" суперсоник (Supersonic)
1.2.4. "F", "G", "Y", "Z" үсгэн дагавруудыг радио-холбоонд хэрэглэх шаардлагагүй.
1.2.5. Ази-Номхон далайн бүсийн агаарын замын сүлжилд багтах агаарын замын индексийн төслийг ICAO-ын Ази-Номхон далайн бүсийн төвд илгээж мэдэгдэнэ.
Хавсралт 2
ҮНДСЭН ЦЭГИЙН НЭР
2.1. Навигацийн газрын төхөөрөмжийн байршлаар оноосон нэр тогтоох
2.1.1. Навигацийн тоног төхөөрөмж байрлаж байгаа хот суурин, газар нутгийн нэрээр үндсэн цэгийг нэрлэхдээ дараах зарчмыг баримтална:
а. үндсэн цэгийг нисэх баг ба НХҮ-ний ажилтан дуудахад хүндрэл учруулахгүй байдлаар нэрлэх;
Жишээ: Мандалговь – Мандал;
б. цэгийн нэр нь нисэх баг, нислэгийн удирдагч хоорондын радио-холбоонд хэрэглэгдэж байгаа бусад нэр, хэллэгтэй ойролцоо дуудагдаж төөрөгдөл үүсгэхгүй байх;
в. 6 үсэг, хоёр үеэс бүрдсэн байх.
2.2. Навигацийн тоног төхөөрөмж дээр тогтоогдсон үндсэн цэгийн нэр
2.2.1. Навигацийн тоног төхөөрөмж дээр тогтоосон үндсэн цэгийн нэр нь уг төхөөрөмжийн радио индекстэй ижил байна.
2.2.2. Навигацийн тоног төхөөрөмж дээр тогтоосон үндсэн цэгийн нэр нь 1100 км (600 NM)-ын радиуст байгаа бусад цэгийн нэртэй давхцаж болохгүй.
2.3. Радио навигацийн төхөөрөмжгүй байршилд тогтоогдсон үндсэн цэгийн нэр
2.3.1. Навигацийн тоног төхөөрөмжгүй байршилд үндсэн цэг тогтоох тохиолдолд нэг үгээр уншиж дуудах боломжтой, 5 үсгээс бүрдсэн нэр онооно.
Жишээ: SERNA, INTIK, DARNO.
2.3.2. Цэгийн оноосон нэр нь бусад цэгийн нэртэй ойролцоо дуудагдаж төөрөгдөл үүсгэхгүй байвал зохино.
2.3.3. Цэгийн оноосон нэрийг давхцуулан тогтоохгүй.
2.3.4. Цэгийн оноосон нэрийн төслийг ICAO-ын Ази-Номхон далайн бүсийн төвд илгээж мэдэгдэнэ.
Хавсралт 3
НИСЭН ГАРАХ БА НИСЭН ИРЭХ СТАНДАРТ МАРШРУТЫН ИНДЕКС
3.1. Үгээр илэрхийлэх индекс
3.1.1. Нисэн гарах ба нисэн ирэх стандарт маршрутын үгээр илэрхийлэгдэх индексийг дараах зүйлсээс, харгалзах дэс дарааллаар тогтооно:
а. үндсэн илтгэгч;
б. хүчин төгөлдөрийг илтгэгч;
в. маршрут илтгэгч;
г. "departure" ба "arrival" үгийн аль нэг;
д. хэрэв маршрут зөвхөн ИХНЖ-ын нислэгт зориулагдсан бол "V" үсэг.
3.1.2. Үндсэн илтгэгч нь нисэн гарах стандарт маршрут төгсөх, эсхүл нисэн ирэх стандарт маршрут эхлэх үндсэн цэгийн нэр байна.
3.1.3. Хүчин төгөлдөрийг илтгэгч нь 1-9 цуваанаас сонгосон тоо байна.
3.1.4. Маршрутыг заагч нь латин цагаан толгойн "I", "O" үсгээс бусад үсгээс сонгосон үсэг байна.
3.2. Кодолсон индекс
3.2.1. Нисэн гарах ба нисэн ирэх стандарт маршрутын кодолсон индексийг дараах зүйлээс, харгалзах дэс дарааллаар тогтооно:
а. энэ зүйлийн 3.1.2-д заасан үндсэн цэгийн нэр;
б. энэ зүйлийн 3.1.3-д заасан хүчин төгөлдөрийг илтгэгч;
в. энэ зүйлийн 3.1.4-д заасан маршрут илтгэгч.
3.2.2. Ялгаатай маршрутуудад ижил индекс оноохгүй.
3.2.3. Үндсэн илтгэгч нь нэг, ялгаатай маршрутуудын хувьд тус тусын маршрут илтгэгчээр ялгагдана.
3.2.4. Хүчин төгөлдөр болохыг илтгэгч нь "1"-ээс эхлэн дэс дарааллаар тогтоогдоно. Стандарт маршрутад өөрчлөлт орох бүрт дараагийн тоогоор тэмдэглэгдэх ба "9"-өөр төгссөн илтгэгчийн дараагийн өөрчлөлт "1"-ээр эхлэх дарааллаар давтагдан дугаарлагдана.
3.2.5. Нисэн гарах стандарт маршрутын индексийн жишээ:
а. үгэн индекс: Bulgan One Departure
б. кодолсон индекс: BU 1
3.2.6. Нисэн ирэх стандарт маршрутын индексийн жишээ:
а. үгэн индекс: Bulgan Two Alpha Arrival
б. кодолсон индекс: BU 2 A
3.2.7. Ил хараагаар нисэн гарах стандарт маршрутын индексийн жишээ:
а. үгэн индекс: Bulgan Three Bravo Departure Visual
б. кодолсон индекс: BU 3 B
---оОо---
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ДҮРЭМ - 71
АГААРЫН ЗАЙГ ТОГТООХ
ГАРЧИГ
А БҮЛЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
71.1. Зорилго
71.3. Тодорхойлолт, товчлол
71.5. Монгол Улсын агаарын навигацийн бүртгэл
71.7. Агаарын зайн мэдээлэл
71.9. Агаарын зайн тодорхойлолт
71.11. Нислэгийн мэдээллийн район
71.13. Хяналттай агаарын зай
71.15. Хяналтгүй агаарын зай
71.17. Түр агаарын зай
71.19. НХҮ-ний маршрут ба агаарын замыг тогтоох
71.21. Үндсэн цэгийг тогтоох
71.23. Үндсэн цэгийг илтгэх цэг болгон тогтоох
71.25. Нисэн гарах ба нисэн ирэх стандарт маршрут
71.27. Хяналт
Б БҮЛЭГ. ХЯНАЛТТАЙ АГААРЫН ЗАЙД ТАВИГДАХ ШААРДЛАГА
71.51. Удирдлагын район
71.53. Удирдлагын бүс
71.55. Ерөнхий зориулалтын агаарын хөлгийн нислэгийн бүс
71.57. Туслах агаарын зай
В БҮЛЭГ. АГААРЫН ЗАЙН АНГИЛАЛ
71.101. "A" ангиллын агаарын зай
71.103. "B" ангиллын агаарын зай
71.105. "C" ангиллын агаарын зай
71.107. "D" ангиллын агаарын зай
71.109. "Е" ангиллын агаарын зай
71.111. "F" ангиллын агаарын зай
71.113. "G" ангиллын агаарын зай
Хавсралт
Хавсралт 1. Агаарын замын индекс
Хавсралт 2. Үндсэн цэгийн нэр
Хавсралт 3. Нисэн гарах ба нисэн ирэх стандарт маршрутын индекс
Текст томруулах
A
A
A