A

A

A

Бүлэг: 1979
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын Сайдын 
 2010 оны  4 дүгээр сарын 16 -ны өдрийн 111 дүгээр
тушаалын 11 дүгээр хавсралт
 
 
 
 
 
 
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ДҮРЭМ-138
 ЭРЭН ХАЙХ, АВРАН ТУСЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
 
 
 
А БYЛЭГ. ЕРӨНХИЙ ЗYЙЛ
 
138.1. Зорилго
 
(a) Энэ дүрмийн зорилго нь иргэний нисэхийн эрэн хайх, авран туслах үйл ажиллагааг зохицуулахад оршино.
  138.3. Тодорхойлолт
 
Авран туслах гэж аюул тулгарсан, эсхүл аюулд нэрвэгдсэн агаарын хөлөгт явсан хүмүүсийг аврах, тэдэнд эмнэлгийн анхны болон бусад шаардлагатай тусламж үзүүлэх, аюулгүй газар нүүлгэн шилжүүлэх үйл ажиллагааг;
 
 
Аюулын мэдээлэл  гэж аюул тулгарсан, эсхүл аюулд нэрвэгдсэн агаарын хөлгийн талаар эрэн хайх, авран туслах үйл ажиллагааг гүйцэтгэх, түүнд оролцох байгууллага, нэгжид мэдээлэх агаарын навигацийн үйлчилгээг;
 
Аюулын үе (DETRESFA) гэж агаарын хөлөг болон түүнд яваа хүмүүст ноцтой аюул тулгарсан ба яаралтай тусламж шаардагдаж байгаа нь тодорхой болсон үеийг;
 
Аюулд нэрвэгдсэн агаарын хөлөг, Аюул тулгарсан агаарын хөлөг гэсэн нэр томъёонуудыг Улсын нисэхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан утгаар ойлгоно;
 
Иргэний нисэхийн эрэн хайх, авран туслах үйл ажиллагааны бүс  гэж нисэхийн эрэн хайх, авран туслах үйл ажиллагааг хэрэгжүүлэх бүсийг;
 
Тодорхой бус үе (INCERFA) гэж агаарын хөлөг болон түүнд яваа хүмүүсийн аюулгүй байдлын талаар эргэлзээ төрүүлсэн нөхцөл байдал бий болсон үеийг;
 
Түгшүүрийн үе (ALERFA) гэж агаарын хөлөг болон түүнд яваа хүмүүсийн аюулгүй байдалд аюул учруулж болохуйц хүчин зүйлүүд бий болсон үеийг;
 
Эрэн хайх гэж аюул тулгарсан, эсхүл аюулд өртсөн агаарын хөлгийн байрлалыг тодорхойлох зорилгоор бие бүрэлдэхүүн, төрөл бүрийн тээврийн хэрэгсэл оролцсон, эрэн хайх үйл ажиллагааг;
 
Эрэн хайх, авран туслах мэдээлэл зохицуулах төв гэж өөрийн хариуцсан бүсэд эрэн хайх, авран туслах үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл зохицуулах үүрэг бүхий нэгжийг;
 
COSPAS/SARSAT (Search and Rescue Satellite-Aided Tracking) гэж хиймэл дагуулуудын тусламжтайгаар эрэн хайх ажиглалт хийх олон улсын нэгдмэл системийг.
 
 
Б БҮЛЭГ. ЭРЭН ХАЙХ, АВРАН ТУСЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ   138.51. Иргэний нисэхийн эрэн хайх, авран туслах үйл ажиллагааны бүс
 
(а) Иргэний нисэхийн эрэн хайх, авран туслах үйл ажиллагааны бүс нь Монгол Улсын иргэний нисэхэд ашиглах агаарын зай буюу Улаанбаатар нислэгийн мэдээллийн район (UB FIR)-той давхацна.
 
(б) Иргэний нисэхийн эрэн хайх, авран туслах үйл ажиллагааны бүсийг Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-д мэдээлж, Ази-Номхон далайн бүсийн агаарын навигацийн төлөвлөгөөнд тусгана.
 
138.53. Эрэн хайх, авран туслах үйл ажиллагаа гүйцэтгэх байгууллага
 
(а) Агаарын хөлөгт  аюул тулгарсан, эсхүл агаарын хөлөг аюулд нэрвэгдсэн тохиолдолд эрэн хайх авран туслах үйл ажиллагааг зохих хууль тогтоомж, журам, төлөвлөгөөний дагуу онцгой байдлын алба, батлан хамгаалах, хил хамгаалах, хэв журам сахиулах, эрүүл мэндийн байгууллага, иргэний нисэхийн эрэн хайх, авран туслах мэдээлэл зохицуулах төв болон холбогдох бусад байгууллага хамтран гүйцэтгэнэ.
 
138.55. Эрэн хайх, авран туслах мэдээлэл зохицуулах төв
 
(а) Иргэний нисэхийн эрэн хайх, авран туслах мэдээлэл зохицуулах төв нь эрэн хайх, авран туслах үйл ажиллагааг удирдан зохион байгуулж байгаа болон  гүйцэтгэж байгаа албан тушаалтан, байгууллага, нэгжид дэмжлэг үзүүлэх, холбогдох мэдээлэл зохицуулалтыг гүйцэтгэх үүрэгтэй.
 
(б) Эрэн хайх, авран туслах мэдээлэл зохицуулах төв нь 24 цагаар, тасралтгүй үйл ажиллагаа явуулна.
 
(в) Эрэн хайх, авран туслах мэдээлэл зохицуулах төв нь дараах баримт бичгийг боловсруулж мөрдөнө:
 
1/      эрэн хайх, авран туслах мэдээлэл зохицуулах төвийн үйл ажиллагааны заавар;
2/      ослын мэдээлэл хүлээн авах, дамжуулах журам;
3/      эрэн хайх, авран туслах үйл ажиллагаа явуулах хилийг тодорхойлох журам.
 
(г) Эрэн хайх, авран туслах үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах үүднээс шаардлагатай гэж үзвэл эрэн хайх, авран туслах мэдээлэл зохицуулах дэд төвүүдийг байгуулж болно.
 
(д) Эрэн хайх, авран туслах мэдээлэл зохицуулах төв нь COSPAS/SARSAT-аас мэдээлэл хүлээн авах цэг байна.
 
138.57. Эрэн хайх, авран туслах мэдээлэл зохицуулах төвийн ажлын байранд тавих шаардлага
 
(а) Эрэн хайх, авран туслах мэдээлэл зохицуулах төв нь дараах зүйлсээр хангагдсан байна:
 
1/      эрэн хайх, авран туслах жижүүрлэлт, мэдээлэл зохицуулалтын байр;
2/      хариуцлагын бүсийн зураг;
3/      штурманы тооцооны хэрэгсэл;
4/      радио-холбооны хэрэгсэл;
5/      харилцаа холбооны хэрэгсэл;
6/      эрэн хайх, авран туслах үйл ажиллагаанд шаардлагатай бусад тоног төхөөрөмж, хэрэгсэл.
 
(б) Эрэн хайх, авран туслах мэдээлэл зохицуулах төв нь радио-холбооны дараах хэрэгсэлтэй байна:
 
1/      хэт богино долгионы 121.5 МГц давтамж дээр хүлээн авагч/дамжуулагч;
2/      богино долгионы 5680 КГц давтамж дээр хүлээн авагч/дамжуулагч;
3/      эрлийн бүсэд эрэн хайх үйл ажиллагаа явуулж байгаа бие бүрэлдэхүүн, нэгжтэй холбоо тогтоох хэт богино долгионы 123.1 МГц давтамж дээр хүлээн авагч/дамжуулагч;
4/      нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний радио-холбоог сонсох боломжтой радиостанц.
 
(в) Эрэн хайх, авран туслах мэдээлэл зохицуулах төв нь харилцаа холбооны дараах хэрэгсэлтэй байна:
 
1/      улс хооронд ба хот хоорондын ярианы эрх бүхий телефон утас, факс;
2/      нислэгийн мэдээллийн AFTN, бусад сүлжээ;
3/      интернэт.
 
138.59. Эрэн хайх, авран туслах мэдээлэл зохицуулах төвийн боловсон хүчинд тавих шаардлага
 
      (а) Эрэн хайх, авран туслах мэдээлэл зохицуулах төвийн ажилтан нь дараах шаардлагыг хангасан байна:
 
1/      эрэн хайх, авран туслах мэдээлэл зохицуулах чадвартай, зохих түвшинд бэлтгэгдсэн байх;
2/      радио-холбоо, телефон утсан холбоогоор англи хэлээр харилцах зохих мэдлэг, чадвартай байх.
 
      (б) Эрэн хайх, авран туслах мэдээлэл зохицуулах төв нь ажилтнуудын сургалт дадлагын бүртгэлийг хөтөлж хадгална.
 
138.61. Эрэн хайх, авран туслах мэдээлэл зохицуулах төвийн Үйл ажиллагааны заавар
 
      (а) Эрэн хайх, авран туслах мэдээлэл зохицуулах төвийн үйл ажиллагааны зааварт дараах зүйлсийг тусгасан байна:
 
1/      эрэн хайх, авран туслах үйл ажиллагааны зохион байгуулалтын  ерөнхий бүдүүвч, эрэн хайх авран туслах мэдээлэл зохицуулах төвийн гүйцэтгэх үүрэг;
2/      эрэн хайх, авран туслах мэдээлэл зохицуулах төвийн албан тушаалтан, ажилтан тус бүрийн ажлын байрны тодорхойлолт;
3/      хэвийн болон аюулын нөхцөл байдлын үед ажилтнуудын гүйцэтгэх  үүрэг;
4/      эрэн хайх, авран туслах мэдээлэл зохицуулах үйл ажиллагааны тайлан гаргах журам;
5/      эрэн хайх, авран туслах мэдээлэл зохицуулах төвийн ажилтнуудын сургалт дадлагын хөтөлбөр.
 
138.63. Эрэн хайх, авран туслах харилцан ажиллагааны зохицуулалт
 
(а) Эрэн хайх, авран туслах мэдээлэл зохицуулах төв нь эрэн хайх, авран туслах үйл ажиллагааны мэдээлэл зохицуулах чиглэлээр дор дурдсан байгууллага, нэгжтэй харилцан ажиллах гэрээтэй байна. Үүнд:
 
1/      онцгой байдлын алба;
2/      агаарын тээвэрлэгч байгууллага;
3/      хариуцлагын бүсэд байрлаж байгаа нисэх буудал;
4/      батлан хамгаалах асуудал эрхэлсэн холбогдох байгууллага;
5/      эрүүл мэндийн асуудал эрхэлсэн холбогдох байгууллага;
6/      байгаль орчны асуудал эрхэлсэн холбогдох байгууллага;
7/      хил хамгаалах байгууллага;
8/      цагдаа, хэв журам сахиулах байгууллага;
9/      нийслэл, аймгийн орон нутгийн захиргааны байгууллага;
10/  хүмүүнлэгийн байгууллага;
11/  харилцаа холбооны байгууллага;
12/  шаардлагатай бусад байгууллага.
 
(б) Энэ зүйлийн (а) хэсэгт заасан харилцан ажиллагааны гэрээнд дараах зүйлсийг тусгана:
 
1/      харилцан ажиллагааны үндсэн зарчим;
2/      талуудын эрэн хайх, авран туслах үйл ажиллагаанд гүйцэтгэх үүрэг,      
            хариуцлага;
3/      талуудаас эрэн хайх, авран туслах үйл ажиллагаанд оролцох хүн хүч, техник,  
            тоног төхөөрөмж, тэдгээрийн  жагсаалт, ажиллах хуваарь;
4/      талуудын эрэн хайх, авран туслах үйл ажиллагааны цар хүрээ, хязгаар;
5/      үйл ажиллагаа явуулах хугацаа, хязгаарлалтууд;
6/      талуудын хаяг, хоорондын холбоо барих журам;
7/      эрэн хайх, авран туслах тус тусын үйл ажиллагааг удирдах албан тушаалтан;
8/      аюулын мэдээллийн пост, ослын талбайн захирагчийн томилолт;
9/      эрэн хайх, авран туслах хамтарсан буюу нэгдсэн дадлага сургалтад хамрагдах  
            журам.
 
(в) Иргэний нисэхийн эрэн хайх, авран туслах үйл ажиллагааны чиглэлээр хамтран ажиллах тухай гэрээ хэлэлцээрийг ICAO-гийн стандарт, зөвлөмжид үндэслэн хөрш орнуудын ижил төрлийн байгууллагатай байгуулна.
 
138.65. Урьдчилсан бэлтгэл
 
(а) Эрэн хайх, авран туслах мэдээлэл зохицуулах төв нь хүчин төгөлдөр дараах мэдээлэл бүхий лавлахтай байна:
 
1/      эрэн хайх, авран туслах үйл ажиллагааг гүйцэтгэх, оролцох байгууллага, нэгж, аюулын мэдээллийн постууд;
2/      Улаанбаатарын Нислэгийн мэдээлэлийн район (цаашид Улаанбаатар-НМР гэх)-д үйлчилгээ эрхэлж байгаа нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллага;
3/      эрэн хайх, авран туслах үйл ажиллагаанд оролцох байгууллага нэгжийн хаяг, телефон утас;
4/      эрэн хайх, авран туслах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх боломжтой радио-станцын цэг, дуудлага, ажлын цагийн хуваарь;
5/      аврах хэрэгслийн хангалт, нөөц агуулагдаж байгаа цэг, хаяг;
6/      хөрш зэргэлдээ улсын  эрэн хайх, авран туслах төвүүдийн хаяг, цагийн  хуваарь;
7/      хоногийн нислэгийн төлөвлөгөө.
 
138.67. Эрэн хайх, авран туслах үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөө
 
(а) Эрэн хайх, авран туслах нэгдсэн төлөвлөгөөнд дараах зүйлсийг тусгана:
 
1/      эрэн хайх, авран туслах мэдээлэл зохицуулах төв, эрэн хайх, авран туслах үйл ажиллагааг гүйцэтгэх, түүнд оролцох байгууллага, нэгж, тэдгээрийн үүрэг, хариуцлага;
2/      эрэн хайх, авран туслах үйл ажиллагааны удирдлага;
3/      эрэн хайх, авран туслах үйл ажиллагааг эхлүүлэх, дуусгах журам;
4/      аюулын мэдээллийн постын ажиллах журам;
5/      аюулын тухай ба эрэн хайх авран туслах үйл ажиллагаанд шаардлагатай нисэхийн болон бусад мэдээллийг хүлээн авах, дамжуулах журам;
6/      эрэн хайх, авран туслах үйл ажиллагааны үед эрэн хайх авран туслах мэдээлэл зохицуулах төвийн үүрэг;
7/      эрэн хайх, авран туслах үйл ажиллагаанд ашиглах харилцаа холбооны хэрэгсэл, давтамж, дуудлага, тэдгээрийг ашиглах аргачилал;
8/      эрэн хайх, авран туслах үйл ажиллагаанд ашиглах агаарын хөлөг,  тээврийн хэрэгсэл, тэдгээрийг ашиглах аргачилал, шатахууны хангалт хийх цэг;
9/      эрэн хайх, авран туслах үйл ажиллагаанд шаардагдах тоног төхөөрөмж,  эд зүйлс, хүнс, аврах хэрэгслийн хангалт, нөөц, байршил;
10/  ослын талбар дахь үйл ажиллагаа;
11/  ослын талбар дахь үлдэгдлийг хамгаалах журам.
 
138.69. Эрэн хайх, авран туслах сургуулилт
 
(а) Эрэн хайх, авран туслах үйл ажиллагааг үр дүнтэй явуулах бэлтгэлийг хангах зорилгоор Эрэн хайх, авран туслах үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсан байгууллага, нэгжийг хамарсан сургуулилтыг жилд нэгээс доошгүй удаа зохион байгуулна.
 
138.71. Осол зөрчлийн мэдээлэл дамжуулах
 
(а) Осол зөрчлийн мэдээлэл дамжуулах үйл ажиллагаа нь энэ дүрэм, ИНД-12 "Осол, зөрчлийн талаар мэдээлэх" болон Зөвлөмжийн цуврал ЗЦ-12-ын дагуу явагдана.
 
138.73. Аюулын мэдээллийн пост
 
(а) Аюулын мэдээллийн пост нь аюул тулгарсан, эсхүл аюулд нэрвэгдсэн агаарын хөлгийн талаар мэдээлэл хүлээн авах, мэдээллийг Эрэн хайх, авран туслах мэдээлэл зохицуулах төвд шуурхай дамжуулна.
 
(б) Аюулын мэдээллийн постын үүргийг дараах этгээд гүйцэтгэнэ:
 
1/      агаарын хөлгийн нисэх баг;
2/      нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллага, түүний салбар нэгжүүд;
3/      нисэх буудал;
4/      хот суурин, орон нутгийн засаг захиргаа;
5/      онцгой байдлын алба, түүний нэгжүүд;
6/      цагдаагийн хэлтэс, тасаг;
7/      батлан хамгаалах байгууллага;
8/      хил хамгаалах байгууллагын анги салбар;
9/      харилцаа холбооны байгууллага, салбарууд;
10/  байгаль орчныг хамгаалах байгууллага, салбарууд;
11/  цаг уурын ажиглалтын цэг, станц;
12/  холбогдох аж ахуйн нэгж, байгууллага.
 
(в) Аюулын мэдээллийн пост нь дараах шаардлагыг хангасан байна:
 
1/      эрэн хайх, авран туслах мэдээлэл зохицуулах төв, нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллага, тус тусын байгууллагын оперативын жижүүрт шуурхай мэдээлэл дамжуулах харилцаа холбооны хэрэгсэлтэй;
2/      аюулын мэдээлэл болон эрэн хайх авран туслах үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл дамжуулах бүдүүвчтэй;
3/      эрэн хайх, авран туслах үйл ажиллагаанд тус тусын чиглэлээр хүн хүч, техник хэрэгслийг дайчлан оролцуулах зохих эрх олгогдсон.
 
 
в БҮЛЭГ. ЭРЭН ХАЙХ, АВРАН ТУСЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
 
138.101. Мэдээллийг нягтлах, дүн шинжилгээ хийх
 
(а) Эрэн хайх, авран туслах мэдээлэл зохицуулах төв нь эрэн хайх, авран туслах үйл ажиллагааг эхлэхээс өмнө болон үйл ажиллагаа явагдаж байх хугацаанд авсан бүх мэдээлэл үнэн зөв, бодитой эсэхийг магадлан шалгаж, авч хэрэгжүүлэх арга хэмжээний яаравчлалын түвшин, үйлчлэх цар хүрээг тодорхойлох зорилгоор урьдчилсан дүн шинжилгээ хийнэ.
 
(б) Мэдээлэлд хийх шалгалт, дүн шинжилгээг аюулын нөхцөл байдлаас хамааран аль болох шуурхай гүйцэтгэж, холбогдох арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлнэ.
  138.103. Аюулын үе шат ба ажиллагаа
(а) Аюулын үе шатуудыг дараах байгууллагууд зарлана:
 
1/      Тодорхойгүй үе (INCERFA)-ийг нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллага;
2/      Түгшүүрийн үе (ALERFA), Аюулын үе (DETRESFA)-ийг эрэн хайх авран туслах мэдээлэл зохицуулах төв.
 
138.105. Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний мэдээлэл
 
(a) Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллага, нэгж нь аюулын нөхцөл байдлын талаар хүлээж авсан мэдээллийг аюулын нөхцөл байдлаас хамаарч эрэн хайх, авран туслах мэдээлэл зохицуулах төвд дараах дэс дарааллыг баримтлан мэдээлнэ:
 
1/      мэдээллийн эх сурвалж;
2/      аюулын нөхцөл байдлын төрөл, шинж  чанар;
3/      нислэгийн төлөвлөгөөнөөс авсан зарим чухал өгөгдөхүүнүүд;
4/      агаарын хөлөгтөй хамгийн сүүлд холбоо барьсан салбар, нэгж, агаарын хөлөг, холбоо барьсан цаг, ашигласан радио давтамж;
5/      агаарын хөлгийн байрлалын талаарх сүүлчийн мэдээ, мөн байрлалыг ямар аргаар тодорхойлсон тухай;
6/      агаарын хөлгийн өнгө ба таних тэмдэг;
7/      мэдээлэл дамжуулсан салбар, нэгжээс авсан арга хэмжээ;
8/      нөхцөл байдлын талаарх бусад мэдээлэл.
  138.107. Бусад байгууллага, нэгжийн мэдээлэл
 
(а) Агаарын хөлөгт илт аюул тулгарсныг харсан, эсхүл энэ тухай ямар нэг мэдээлэл авсан байгууллага, аж ахуйн нэгж, иргэн нь аюулын мэдээллийн постын үүрэг гүйцэтгэгч аль нэг байгууллага, нэгжид Иргэний нисэхийн тухай Монгол Улсын хуулийн 29.2-ын дагуу нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.
 
(б) Эрэн хайх, авран туслах мэдээлэл зохицуулах төв нь хүлээн авсан бүх мэдээллийг нэгтгэн дүгнэж, тулгарсан нөхцөл байдалд тохирох аюулын үеийг зарлана.
 
138.109. Аюулын үе шатуудад авч хэрэгжүүлэх арга хэмжээ
 
(а) Эрэн хайх, авран туслах мэдээлэл зохицуулах төв нь аюулын үе шатууд зарлагдсан тохиолдолд дараах арга хэмжээг тухайн нөхцөлд тохируулан авч хэрэгжүүлнэ:
 
1/      Тодорхой бус үе (INCERFA)-д дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
 
1.1.      нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллага, нэгжтэй харилцан ажиллаж, агаарын хөлөг тодорхойгүй нөхцөл байдалд орсон, агаарын хөлөгт аюул тулгарсан байж болзошгүй нөхцөл байдлын талаарх мэдээллийг шуурхай цуглуулах, нягтлан шалгах;
1.2.      агаарын хөлөгт тулгарсан аюул, үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэл дамжуулах ерөнхий бүдүүвчийн дагуу холбогдох албан тушаалтанд мэдээлэх;
1.3.      нислэгийн төлөвлөгөө байхгүй тохиолдолд тухайн агаарын хөлгийн нислэг үйлдэх агаарын зам, нисэн гарсан болон буух тооцоот цагийг тодруулахад тус болохуйц мэдээлэл олж авах оролдлого хийх;
1.4.      нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний холбогдох салбар, нэгжтэй хамтран ажиллаж агаарын хөлгийн байрлал, эсхүл түүний нислэгийн маршрутыг тодорхойлох оролдогыг хийх;
1.5.      холбооны боломжит бүх сувгаар агаарын хөлөгтэй холбоо тогтоох оролдлогыг хийх;
1.6.      буулт үйлдэх бололцоотой аэродром болон бусад газраас (нисэн гарсан аэродромыг оролцуулан) уг агаарын хөлгийн талаар лавлах;
1.7.      авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд агаарын хөлгийн байрлалыг тодорхойлох, тодорхой бус үеийг төгсгөх, эсхүл түгшүүрийн үед шилжих;
1.8.      авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тулгарсан нөхцөл байдлын талаар нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллага, агаарын тээвэрлэгч, холбогдох бусад байгууллага, нэгжид цаг тухайд нь мэдээлэх.
2/      Түгшүүрийн үе (ALERFA)-д дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
2.1        эрэн хайх, авран туслах байгууллага, нэгжид шуурхай мэдэгдэж бэлэн байдалд шилжүүлэх арга хэмжээг авах;
2.2        шинэ мэдээллийг хүлээн авах, бүртгэх, дүн шинжилгээ хийх;
2.3        аюул тулгарсан буюу аюулд нэрвэгдсэн байж болзошгүй агаарын хөлгийн байрлалыг тодорхойлох оролдлогыг хийх, энэ талаар харилцан ажиллагч, эсхүл эрэн хайх, авран туслах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх боломжтой холбогдох байгууллага, нэгжтэй шуурхай холбоо тогтоож харилцан ажиллах;
2.4        нислэгийн төлөвлөгөө, цаг агаарын байдал, газрын гадаргууны тогтоц, радио холбоо сааталд орох магадлал, агаарын хөлгийн байрлалын талаарх сүүлчийн мэдээлэл, хамгийн сүүлд холбоо барьсан цаг, нисэгчийн зэрэглэл, дадал зуршил зэрэгт нарийвчилсан дүн шинжилгээ хийх, уг асуудлаар шаардлагатай байгууллага, нэгжтэй хамтран ажиллах;
2.5        агаарын хөлгийн шатахуун дуусах цагийг тооцоолох, цаг агаарын таагүй нөхцөл байдалд уг агаарын хөлгийн нислэг, техникийн шинж чанар хэрхэн өөрчлөж болохыг судлах;
2.6        авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд агаарын хөлгийн байрлалыг тогтоох оролдлогыг хийх, түгшүүрийн үеийг төгсгөх, эсхүл аюулын үед шилжих;
2.7        авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тулгарсан нөхцөл байдлын талаар нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллага, агаарын тээвэрлэгч, холбогдох бусад байгууллага, нэгжид цаг тухайд нь мэдээлэх.
3/      Аюулын үе (DETRESFA)-д дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
3.1        эрэн хайх, авран туслах нэгдсэн төлөвлөгөөний дагуу эрэн хайх, авран туслах үйл ажиллагааг шуурхай эхлүүлэх талаар эрэн хайх, авран туслах байгууллага, нэгжид мэдээлэх;
3.2        хүлээн авч дүн шинжилгээ хийсэн мэдээлэлд тулгуурлан агаарын хөлгийн байрлалыг тодорхойлох үйл ажиллагааг гүйцэтгэх;
3.3        агаарын хөлөг эзэмшигчид үүссэн нөхцөл байдлын талаар шуурхай мэдээлж, холбогдох мэдээллээр хангаж ажиллах;
3.4        ондоо эх сурвалжаас мэдээлэл хүлээн авсан тохиолдолд холбогдох нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллага, нэгжид шуурхай мэдэгдэх;
3.5        эрэн хайх, авран туслах нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсан, эсхүл түүнд тусгагдаагүй боловч эрэн хайх, авран туслах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх боломжтой радио-станцын цэг, холбогдох нэгжид агаарын хөлөгт аюул тулгарсан буюу аюулд нэрвэгдсэн байж болзошгүй нөхцөл байдлын талаар шуурхай мэдээлж, уг агаарын хөлөгтэй холбоо тогтоох оролдлого хийх,  уг агаарын хөлөгт боломжит дэмжлэг туслалцааг үзүүлэх, түүнтэй холбоотой мэдээ мэдээллээр шуурхай хангах хүсэлтийг тавих;
3.6        эрэн хайх, авран туслах нэгдсэн төлөвлөгөөний дагуу эрэн хайх бүс, эрэн хайх, авран туслах үйл ажиллагааг явуулах аргачиллын талаар санал боловсруулж эрэн хайх авран туслах үйл ажиллагааны удирдлага, холбогдох байгууллага нэгжид мэдээлэх;
3.7        нислэг техникийн осол зөрчлийг шинжлэн шалгах байгууллагад шуурхай мэдээлэх;
3.8        агаарын хөлгийг бүртгэсэн улсад үүссэн нөхцөл байдал, холбогдох мэдээллийг хүргүүлэх талаар холбогдох байгууллагатай харилцан ажиллах;
3.9        агаарын хөлөг Монгол Улсын агаарын зайгаас гарсан байж болзошгүй тохиолдолд хөрш улсын эрэн хайх, авран туслах байгууллагад үүссэн нөхцөл байдлын талаар мэдэгдэж, шаардлагатай дэмжлэгийг авах талаар харилцан ажиллах;
3.10    агаарын хөлөг хөрш зэргэлдээ улсын агаарын зайд нэвтрэн орсон бөгөөд эрэн хайх, авран туслах үйл ажиллагаа явуулах үүргийг тухайн улсын эрэн хайх, авран туслах байгууллага өөртөө авах хүртэл эрэн хайх, үйл ажиллагааг зохицуулах.
  138.111. Мэдээллийг бүртгэж баримтжуулах
 
(а) Эрэн хайх, авран туслах мэдээлэл зохицуулах төв нь агаарын хөлөг аюулд нэрвэгдсэн, эсхүл аюул тулгарсан тохиолдол бүрийг мэдээлэл ирсэн цаг хугацаагаар нь дараах байдлаар бүртгэнэ:
 
1/      мэдээлэл хүлээж авсан эх сурвалж, аюулын мэдээллийн пост;
2/      мэдээлэл хүлээн авсан огноо, цаг, минут;
3/      мэдээллийн агуулга;
4/      мэдээлэл өгсөн, хүлээн авсан байгууллага, нэгж, ажилтан.
 
 (б) Аюулын мэдээлэлд холбоотой мэдээллийн эх хувь, баримт нотолгоо (гэрэл зураг, видео бичлэг, факс, цахилгаан мэдээ, маягтууд, газрын зураг г.м )-г аюулын мэдээнд хавсаргана.
 
(в) Эрэн хайх, авран туслах мэдээлэл зохицуулах төвийн ажилтан энэ зүйлийн (а) хэсэгт заасан бүртгэлийг ИНЕГ 138/01 маягт-д  бүртгэнэ.
  138.113. Эрэн хайх, авран туслах үйл ажиллагааг түр,  бүрмөсөн зогсоох
 
(а) Эрэн хайх, авран туслах үйл ажиллагааг эрэн хайх авран туслах үйл ажиллагааг удирдаж байгаа албан тушаалтны шийдвэрээр зогсооно.
 
 (б) Эрэн хайх, авран туслах мэдээлэл зохицуулах төв нь энэ зүйлийн (а) хэсэгт заасны дагуу эрэн хайх авран туслах үйл ажиллагааг зогсоосон тухай үйл ажиллагаанд оролцож байгаа байгууллага, алба, нэгжид мэдээлнэ.
 
(в) Эрэн хайх, авран туслах үйл ажиллагааг зогсоосны дараа агаарын тээвэрлэгч эрлийг үргэлжлүүлж болно. Энэ тохиолдолд агаарын тээвэрлэгч болон эрэн хайх, авран туслах мэдээлэл зохицуулах төв нь агаарын тээвэрлэгчийг шаардлагатай мэдээлэл, тусламжаар дэмжиж ажиллана.
 
(г) Эрлийн ажиллагаа, үр дүнгээс шалтгаалан идэвхтэй эрэн хайх, авран туслах үйл хугацаагаар зогсоосон бөгөөд нэмэлт мэдээлэл хүлээн авсаныг үндэслэн шаардлагатай ажиллагааг түр гэж үзвэл эрэн хайх үйл ажиллагааны удирдлагаас эрлийн ажиллагааг сэргээн үргэлжлүүлж болно.
 
138.115. Эрэн хайх авран туслах үйл ажиллагааны дохио, тэмдэг
 
(а) Эрэн хайх, авран туслах үйл ажиллагааны дохио тэмдэг ашиглахдаа Чикагогийн конвенцийн Хавсралт 12-ын нэмэлтэд заасан зааврыг мөрдөнө.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Иргэний нисэхийн дҮрэм – 138
ЭРЭН ХАЙХ, АВРАН ТУСЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
 
 
  А БYЛЭГ. ЕРӨНХИЙ ЗYЙЛ
 
138.1. Зорилго 138.3. Тодорхойлолт   Б БҮЛЭГ. ЭРЭН ХАЙХ, АВРАН ТУСЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ   138.51. Иргэний нисэхийн эрэн хайх, авран туслах үйл ажиллагааны бүс 138.53. Эрэн хайх, авран туслах үйл ажиллагаа гүйцэтгэх байгууллага 138.55. Эрэн хайх, авран туслах мэдээлэл зохицуулах төв 138.57. Эрэн хайх, авран туслах мэдээлэл зохицуулах төвийн ажлын байранд  тавих шаардлага 138.59. Эрэн хайх авран туслах мэдээлэл зохицуулах төвийн боловсон хүчинд тавих шаардлага 138.61. Эрэн хайх авран туслах мэдээлэл зохицуулах төвийн үйл ажиллагааны заавар 138.63. Эрэн хайх авран туслах харилцан ажиллагааны зохицуулалт 138.65. Урьдчилсан бэлтгэл 138.67. Эрэн хайх, авран туслах үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөө 138.69. Эрэн хайх, авран туслах сургуулилт 138.71. Осол зөрчлийн мэдээлэл дамжуулах 138.73. Аюулын мэдээллийн пост   в БҮЛЭГ. ЭРЭН ХАЙХ, АВРАН ТУСЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА   138.101. Мэдээллийг нягтлах, дүн шинжилгээ хийх 138.103. Аюулын үе шат ба ажиллагаа
138.105. Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний мэдээлэл
138.107. Бусад байгууллага, нэгжийн мэдээлэл
138.109. Аюулын үе шатуудад авч хэрэгжүүлэх арга хэмжээ
138.111. Мэдээллийг бүртгэж баримтжуулах 138.113. Эрэн хайх, авран туслах үйл ажиллагааг түр,  бүрмөсөн зогсоох
138.115. Эрэн хайх, авран туслах үйл ажиллагааны дохио, тэмдэг
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Инд – 138 "ЭРЭН ХАЙХ, АВРАН ТУСЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА" дүрмэнд орсон ишлэл дүрмүүд
 
1. ИНД-12 "Осол, зөрчлийн талаар мэдээлэх"