- Нүүр
- Сайдын тушаал
- ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН, АЖИЛЛАХ ЖУРАМ
Сангийн сайдын 2010 оны 112 дугаар тушаалын 4 дүгээр хавсралт
ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭНИЙ МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН, АЖИЛЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэ журмын зорилго нь хөрөнгийн үнэлгээний тайлангийн талаар үнэлгээчин, гомдол гаргасан үйлчлүүлэгчийн хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2. Магадлагч үнэлгээчин дүгнэлт гаргахдаа Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 болон 9 дүгээр зүйлийн 2-4 дэх заалтыг удирдлага болгож ажиллана.
1.3. Энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж, мэргэжлийн удирдлагаар хангах асуудлыг Сангийн яамны нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар улсын хэмжээнд хариуцна.
Хоёр. Мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн
2.1. Мэргэжлийн зөвлөл нь хөрөнгийн үнэлгээний тайлантай холбоотойгоор үнэлгээчин, үйлчлүүлэгчийн хооронд үүссэн маргааныг зөвхөн үйлчлүүлэгчийн гомдол /цаашид "гомдол" гэх/-оор хянан хэлэлцэнэ.
2.2. Мэргэжлийн зөвлөл нь дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдэнэ.
2.3. Мэргэжлийн зөвлөлийг дарга, нарийн бичгийн даргыг оролцуулан 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. Мэргэжлийн зөвлөлийн даргаар Сангийн яамны нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын дарга, нарийн бичгийн даргаар хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагын ажилтанг томилно.
2.4. Хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагын санал болгосоноор мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүний 2/3-оос доошгүй хувь нь хөрөнгийн үнэлгээний чиглэлээр мэргэшсэн байна.
2.5. Мэргэжлийн зөвлөл нь гомдол маргаан үүсгэсэн тайланд магадлагаа хийж дүгнэлт гаргах үүрэг бүхий үнэлгээчин /цаашид "магадлагч" гэх/-ийг томилон дүгнэлт гаргуулна.
Гурав . Мэргэжлийн зөвлөлийн бүрэн эрх
3.1.Мэргэжлийн зөвлөл дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
3.1.1. гомдлыг харьяаллын дагуу хянан шийдвэрлэх;
3.1.2. гомдлыг хянан шийдвэрлэхэд шаардлагатай баримт бичиг, мэдээ, судалгааг холбогдох этгээдээс гаргуулж авах эрх, тэдгээрийн нууцлалыг хадгалах, гомдлыг хянан шийдвэрлэсний дараа авсан материалын эх хувийг буцааж өгөх үүрэгтэй;
3.1.3. үйлчлүүлэгч, үнэлгээчин болон холбогдох бусад этгээдээс тайлбар, нотлох баримт гаргуулж авах;
3.1.4.шаардлагатай тохиолдолд орчуулагч, шинжээч томилж ажиллуулах;
3.1.5. хянан шийдвэрлэж байгаа асуудал нь гэмт хэргийн шинжтэй бол уг асуудлыг зохих журмын дагуу хууль хяналтын байгууллагад шилжүүлэх;
3.1.6. хөрөнгийн үнэлгээний тайлан үндэслэлгүй буюу хуульд нийцээгүй нь тогтоогдвол түүнийг гаргасан үнэлгээчний тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох саналыг Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд өргөн мэдүүлэх.
Дөрөв. Гомдол хянан шийдвэрлэх ажиллагаа
4.1. Мэргэжлийн зөвлөл нь гомдлыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор хянан
шийдвэрлэх бөгөөд зайлшгүй шаардлагатай гэж үзвэл зөвлөлийн дарга уг
хугацааг нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно.
4.2. Мэргэжлийн зөвлөлийн нарийн бичгийн дарга нь хуралдаан болохоос 2-оос доошгүй хоногийн өмнө зөвлөлийн дарга, гишүүдэд хуралдааны тов, төлөвлөгөө болон хэлэлцэх асуудлын танилцуулга, материалыг хүргэнэ.
4.3. Мэргэжлийн зөвлөлийн хуралдаанд маргааны оролцогч талууд болон Мэргэжлийн зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүд болон магадлагч оролцоно. Хуралдааныг гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь оролцсоноор хүчинтэйд тооцно.
4.4. Мэргэжлийн зөвлөлийн хуралдааныг Мэргэжлийн зөвлөлийн дарга даргална. Мэргэжлийн зөвлөлийн даргын түр эзгүй үед хуралдааныг Мэргэжлийн зөвлөлийн даргын үүрэг болгосноор түүний үүргийг түр гүйцэтгэх зөвлөлийн аль нэг гишүүн даргална.
4.5. Мэргэжлийн зөвлөлийн хуралдаанд хэлэлцүүлэх асуудлыг Зөвлөлийн нарийн бичгийн дарга оруулна.
4.6. Мэргэжлийн зөвлөлийн хуралдаанд Мэргэжлийн зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүд таслах /батлах/ эрхтэй оролцоно.
4.7. Мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаарх шийдвэрийг дийлэнх олонхийн саналаар гаргана. Мэргэжлийн зөвлөлийн гишүүдийн санал тэнцсэн тохиолдолд мэргэжлийн зөвлөлийн даргын саналаар шийдвэр гаргана.
4.8. Мэргэжлийн зөвлөлийн хуралдааны товыг маргалдагч талуудад зарласан боловч тэдгээр нь хүндэтгэн үзэх шалтгаан /өвчтэй байсан, гадаад буюу орон нутагт томилолтоор явсан/-гүйгээр хуралдаанд ирээгүй нь гомдлыг хуралдаанаар хэлэлцэн шийдвэр гаргахад нөлөөлөхгүй.
4.9. Мэргэжлийн зөвлөлийн нарийн бичгийн дарга нь зөвлөлийн дотоод ажлыг хариуцна. Нарийн бичгийн дарга нь зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын бэлтгэлийг хангаж (магадлагч нарт томилолт бичиж олгох, магадлагчийн гаргасан дүгнэлт материалыг танилцаж хүлээн авах, буцаан хүргүүлэх, зөвлөлөөс гаргасан шийдвэрийн биелэлтэнд хяналт тавьж, магадлагааны ажлын мэдээ тайланг нэгтгэн гаргах), хуралдааны тэмдэглэлийг хөтөлнө.
4.10. Мэргэжлийн зөвлөлийн тогтоолд гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна. Мэргэжлийн зөвлөлийн хуралдааны тэмдэглэлд Мэргэжлийн зөвлөлийн дарга болон нарийн бичгийн дарга гарын үсэг зурж баталгаажуулна. Мэргэжлийн зөвлөлийн даргын түр эзгүйд хуралдааны тэмдэглэлд түүний үүргийг түр гүйцэтгэж байгаа зөвлөлийн гишүүн гарын үсэг зурна.
Тав. Мэргэжлийн зөвлөлийн шийдвэр
5.1. Мэргэжлийн зөвлөл нь хөрөнгийн үнэлгээний тайлантай холбоотойгоор үнэлгээчин, гомдол гаргасан үйлчлүүлэгчийн хооронд үүссэн маргааныг хянан хэлэлцэж дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:
5.1.1. гомдлыг хэсэгчлэн хангаж, үнэлгээний тайланг өөрчлөх;
5.1.2. гомдлыг бүхэлд нь хангаж, үнэлгээний тайланг хүчингүй болгох;
5.13. гомдлыг хэрэгсэхгүй болгож, үнэлгээний тайланг хэвээр үлдээх.
5.2. Энэ журмын 5.1-д заасан шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна. Тогтоолд зөвлөлийн дарга, гишүүд гарын үсэг зурна.
5.3. Мэргэжлийн зөвлөлийн шийдвэрийг хуралдаанд оролцогчдод уншиж сонсгоно. Ингэхдээ тухайн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргах эрхийг нь маргааны оролцогч талуудад тайлбарлана.
5.4. Тогтоол нь удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэх бөгөөд түүнд дараахь зүйлийг тусгана. үүнд:
5.4.1. удиртгал хэсэгт тогтоолыг хэзээ, хаана, гаргаж байгаа, хурлын дарга, оролцсон гишүүд, нарийн бичгийн дарга, маргааны оролцогч талуудыг нэрлэн заана;
5.4.2. тодорхойлох хэсэгт гомдлын шаардлага, маргааны оролцогч талуудын тайлбарын агуулга, магадлагчийн дүгнэлтийг заана;
5.4.3. үндэслэх хэсэгт гомдлыг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг Мэргэжлийн зөвлөлөөс хэрхэн үнэлж байгаа тухай тэмдэглэнэ;
5.4.4. тогтоох хэсэгт гомдлыг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг, заалтыг тодорхой зааж, гомдлын шаардлагыг хангасан, эсхүл зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон, гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тухай тусгана.
5.4.5. Энэ журмын 5.5-д зааснаар мэргэжлийн зөвлөлийн магадлагаа хийсэн зардлыг хэн гаргахыг нэрлэн заана.
5.5. Мэргэжлийн зөвлөл нь хөрөнгийн үнэлгээний тайлантай холбоотойгоор үнэлгээчин, гомдол гаргасан үйлчлүүлэгчийн хооронд үүссэн маргааныг хянан хэлэлцэж дараах шийдвэрийн аль нэгийг гаргана. Үүнд:
5.5.1. Журмын 5.1.1-д заасан шийдвэр гарсан үед зардлыг үнэлгээчин, гомдол гаргасан үйлчлүүлэгч 2-т хувь тэнцүүлэн тогтоох;
5.5.2. Журмын 5.1.2-т заасан шийдвэр гарсан бол зардлыг үнэлгээчин, гомдол гаргасан үйлчлүүлэгчид буцааж төлөхөөр;
5.5.3. Журмын 5.1.3-т заасан шийдвэр гарсан бол зардлыг гомдол гаргасан үйлчлүүлэгчид буцааж олгохгүй байх.
5.6. Мэргэжлийн зөвлөлийн нарийн бичгийн дарга зөвлөлийн хүчин төгөлдөр шийдвэрийг маргааны оролцогч талуудад гардуулна. Зөвлөлийн нарийн бичгийн дарга тогтоолыг гардуулсан тухай тэмдэглэл хийж, бүртгэнэ.
Зургаа. Гомдол хянан шийдвэрлэх ажиллагаанд
оролцогчийн эрх, үүрэг
6.1. Гомдол хянан шийдвэрлэх ажиллагаанд гомдол гаргасан үйлчлүүлэгч, тухайн хөрөнгийн үнэлгээний тайланг бичсэн үнэлгээчин оролцох бөгөөд тэдгээрийг маргааны оролцогч талууд гэнэ.
6.2.Гомдол хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч үйлчлүүлэгчийн эрх, үүрэг:
6.2.1.Магадлагчийн дүгнэлт болон мэргэжлийн зөвлөлийн шийдвэртэй
танилцах;
6.2.2. Хөрөнгийн үнэлгээний тайлантай холбогдуулан гомдол гаргасан үндэслэл, тайлбар, нотлох баримт, мэргэжлийн зөвлөлийн ажиллах зардлыг төлсөн баримтыг Мэргэжлийн зөвлөлд гаргаж өгөх;
6.2.3. Мэргэжлийн зөвлөлийн хуралдаанд өөрийн биеэр оролцох буюу өөрийн төлөөлөгчийг оролцуулах;
6.2.4. хууль тогтоомжид заасан бусад эрх, үүрэг.
6.3.Гомдол хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч үнэлгээчний эрх, үүрэг:
6.3.1. Ирүүлсэн гомдол, түүний үндэслэл, магадлагчийн гаргасан дүгнэлт болон мэргэжлийн зөвлөлийн шийдвэртэй танилцах;
6.3.2. Маргаантай холбоотой өөрийн байр суурь, тайлбар, нотлох баримтыг Мэргэжлийн зөвлөлд гаргаж өгөх;
6.3.3. Мэргэжлийн зөвлөлийн хуралдаанд оролцох буюу өөрийн төлөөлөгчийг оролцуулах;
6.3.4. хууль тогтоомжид заасан бусад эрх, үүрэг.
Долоо. Сонирхлын зөрчил
7.1. Дараахь тохиолдолд Мэргэжлийн зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүн болон магадлагч гомдол хянан шийдвэрлэх ажиллагаанд үл оролцох ба өөрөө татгалзах үүрэгтэй:
7.1.1. маргааны оролцогч тал болох үнэлгээчний буюу үйлчлүүлэгч иргэний гэр бүл, төрөл садан бол;
7.1.2. маргааны оролцогч тал болох үйлчлүүлэгч хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч бол;
7.1.3. гэр бүл, төрөл садан нь маргааны оролцогч тал болох хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан (төлөөлөн удирдах зөвлөл, хамтын гүйцэтгэх удирдлагын гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн) бол.
7.2. Энэ журмын 7.1-д заасан үндэслэлээр Мэргэжлийн зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүн, магадлагчийг гомдол хянан шийдвэрлэх ажиллагаанаас гаргахыг маргааны оролцогч тал хүсч болох ба энэ тохиолдолд хүсэлтээ зөвлөлд бичгээр ирүүлнэ. Мэргэжлийн зөвлөл хүсэлтийг 2 хоногийн дотор шийдвэрлэнэ.
7.3. Мэргэжлийн зөвлөлийн гишүүн гомдол хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан өргөдөл гарсны улмаас зөвлөлийн хуралдааны ирц бүрдэхгүй болсон тохиолдолд санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн татгалзан гарсан гишүүнийг чөлөөлж, шинээр гишүүн томилно.
7.4. Энэ журмын 7.3-т заасан тохиолдолд мөн журмын 2.3, 2.4-т заасан зарчмыг удирдлага болгоно.
7.5. Энэ журмын 7.1, 7.2-т заасан зарчмыг зөрчиж гаргасан Мэргэжлийн зөвлөлийн шийдвэрийг хүчингүйд тооцно.
Найм. Үйлчилгээний хөлс
8.1. Мэргэжлийн зөвлөлийн ажлын хөлсийг Хөрөнгийн үнэлгээний ажлын болон мэргэжлийн зөвлөлийн үйлчилгээний хөлсний жишиг, түүнийг хэрэглэх журмаар зохицуулна.
Ес. Хүлээлгэх хариуцлага
9.1. Энэ журмыг зөрчсөн албан тушаалтанд хууль тогтоомжид заасан хариуцлага ногдуулна.
* * *
Текст томруулах
A
A
A