- Нүүр
- Сайдын тушаал
- ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГААНЫ ЗАРДЛЫГ ТОДОРХОЙЛОХ ЖУРАМ
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2010 оны 104 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралт
ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГААНЫ ЗАРДЛЫГ ТОДОРХОЙЛОХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал /цаашид "зардал" гэх/-ыг тодорхойлоход Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, энэхүү журмыг мөрдөнө.
Хоёр. Зардлыг тодорхойлох
2.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн, 82.2.1, 82.2.2, 82.2.5-т заасан зардлыг шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр авагчтай харилцан тохиролцсон хэмжээгээр тодорхойлно.
2.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 82.2.3, 82.2.4-т заасан зардлыг тухайн үед мөрдөгдөж байгаа эрх бүхий байгууллагаас тогтоосон үйлчилгээний хөлсний хэмжээгээр тодорхойлно.
Гурав. Зардлаас чөлөөлөх
3.1. Дараахь төлбөр авагчийг оршин суугаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт, холбогдох бичиг баримтыг үндэслэн зардлаас чөлөөлнө:
3.1.1. хүүхдийн тэтгэлэг авагч;
3.1.2. бусдын амь бие, эрүүл мэндэд учирсан хохирлын төлбөр авагч;
3.1.3. амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрх толгойлсон, 2-оос дээш бага насны хүүхэдтэй төлбөр авагч;
3.1.4. хөгжлийн бэрхшээлтэй төлбөр авагч;
3.1.5. өндөр настай төлбөр авагч;
3.2. Энэ журмын 3.1-д заасан төлбөр авагчийн зардлыг шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагааны зардлаас гаргаж шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсны дараа төлбөр төлөгчөөс нөхөн гаргуулж буцаан төвлөрүүлнэ.
Дөрөв. Зардлыг тооцох журам
4.1.Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр авагчтай гэрээ байгуулж, зардлыг тухай бүрт нь гаргуулна.
4.2. Төрийн байгууллагын нэхэмжлэлтэй гүйцэтгэх баримт бичигт зардлыг урьдчилан гаргуулахгүй бөгөөд биелэгдсэн үнийн дүнгийн хэмжээнээс суутган авна.
4.3.Шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолыг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор төлбөр авагчтай энэ журмын 4.1-д заасан гэрээг байгуулна.
4.4.Энэ журмын 4.3-т заасан гэрээг ахлах шийдвэр гүйцэтгэгч хянаж, батална.
4.5.Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсны дараа шийдвэр гүйцэтгэгч энэ журамд заасан санхүүгийн анхан шатны баримтыг бүрдүүлэн зардлыг төлбөр төлөгчөөс нөхөн гаргуулж, төлбөр авагчид буцаан олгоно.
4.6.Төлбөрийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол зардлыг гүйцэтгэгдсэн үнийн дүнгийн хэмжээгээр төлбөр төлөгчөөс нөхөн гаргуулна.
4.7.Төлбөр авагч, төлбөр төлөгч нь хэд хэдэн этгээд байгаа бол зардлыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн, 82.6-д заасны дагуу гаргуулна.
4.8. Зардлыг төлбөр авагчаас хэсэгчлэн гаргуулж болно.
Тав. Зардлын санхүүгийн баримт гаргах
5.1. Зардлыг гаргуулахдаа тухайн бүр нь санхүүгийн баримт үйлдэнэ.
5.2. Зардлыг бэлнээр хүлээн авсан болон дансанд төвлөрүүлсэн талаархи баримт нь нэгдсэн дугаартай, хэвлэмэл маягт байна.
5.3. Зардалд бэлэн мөнгө хүлээн авсан, түүнийг дансанд төвлөрүүлсэн талаархи баримтыг 3 хувь үйлдэж, шийдвэр гүйцэтгэгч, төлбөр авагч нар гарын үсэг зуран, төлбөр авагчид 1 хувийг өгч, 1 хувийг гүйцэтгэх баримт бичигт, үлдэх 1 хувийг албаны санхүүд өгнө.
5.4.Энэ журмын 5.3-т заасан санхүүгийн баримт ямар нэгэн завсаргүй байна.
5.5.Шийдвэр гүйцэтгэгч нь зардалд тооцон хүлээн авсан бэлэн мөнгийг төв суурин газарт 24 цаг, хөдөө орон нутагт 72 цагийн дотор албаны дансанд шилжүүлнэ.
5.6.Шийдвэр гүйцэтгэгч нь зардлын санхүүгийн тайланг тухай бүр үйлдэн холбогдох санхүүгийн болон бусад баримтуудыг хавсарган ахлах шийдвэр гүйцэтгэгчид хянуулна.
5.7. Зардалд тооцон авсан бэлэн мөнгийг зориулалт бусаар зарцуулахыг хориглоно.
5.8.Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг үрэгдүүлсэн гэм буруутай этгээд бүх хохирлыг бүрэн хэмжээгээр хариуцна.
5.9.Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр авагч, төлбөр төлөгч нарт зардлын зарцуулалтыг танилцуулж болно.
Зургаа.Бусад зүйл.
6.1.Энэхүү журмыг зөрчсөн этгээдэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн болон холбогдох бусад хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
-----оо0оо-----
Текст томруулах
A
A
A