A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • БАРИЛГЫН САЛБАРЫН МЭРГЭЖИЛТНИЙ ТАСРАЛТГҮЙ МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТ, ШАЛГАЛТЫН
Бүлэг: 1979
 
                                                                 Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын
                                                            сайдын 2010 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 196 дугаар тушаалын  хоёрдугаар  хавсралт
 
 
БАРИЛГЫН САЛБАРЫН  МЭРГЭЖИЛТНИЙ ТАСРАЛТГҮЙ МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ  СУРГАЛТ, ШАЛГАЛТЫН
ЖУРАМ
 
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.1.           Энэхүү журам нь хот байгуулалт, зам, барилга, зураг төсөл, барилгын материалын үйлдвэрлэл, газрын харилцааны /цаашид салбар гэх/ салбарын мэргэжилтний мэдлэг боловсролын түвшин, мэргэжлийн ур чадвар, бүтээл туршлагыг үнэлэх замаар тасралтгүй мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг олгох сургалт, шалгалтыг зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулна.
1.2.           Энэхүү журмын зорилго нь салбарт ажиллаж буй инженер, архитектор, төсөвчдийн мэргэжлийн ур чадварыг орчин үеийн техник, технологийн чиг хандлага, салбарын хөгжил дэвшлийн шаардлагад нийцүүлэн тасралтгүй дээшлүүлэхэд чиглэнэ.
1.3.           Мэргэжилтний тасралтгүй мэргэжил дээшлүүлэх  сургалт, мэргэжлийн зэрэг олгох, сунгах ажиллагааг удирдан зохион байгуулах, хяналт тавих, цаашид энэхүү тогтолцоог тасралтгүй сайжруулж боловсронгуй болгоход салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дэргэдэх "Салбарын мэргэжилтний мэргэжил, дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг олгох орон тооны бус Зөвлөл" /цаашид Зөвлөл гэх/ -ийн үйл ажиллагаа чиглэгдэнэ.
Хоёр. Сургалт, шалгаруулалтын удирдлага зохион байгуулалт.
 
2.1.           Салбарын мэргэжилтний мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг олгох, сунгах сургалт, шалгалтыг Зөвлөлөөс баталсан сургалтын хөтөлбөрийн дагуу зохион байгуулна.
2.2.           Салбарын мэргэжилтний мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг олгох, сунгах сургалт, шалгалтыг төлөвлөж, хэрэгжүүлэх, сургалтын нэгдсэн хөтөлбөр, сургалтын төлөвлөгөө, сургалт бүрийн хөтөлбөрийг боловсруулах үйл ажиллагаанд салбарын чиглэлийн зөвлөх, тэргүүлэх зэрэгтэй мэргэжилтнүүд болон мэргэжлийн төрийн болон төрийн бус байгууллагуудыг татан оролцуулна. Энэ зорилгоор салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулах, сургалтын үр дүнг үнэлэх, мэргэжилтэнд мэргэжлийн зэрэг олгох шалгаруулалтыг зохион байгуулах  Зөвлөлийн чиг үүргийг хэрэгжүүлнэ.
 
Гурав. Сургалт зохион байгуулах  үйл ажиллагаа
 
3.1.           Салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь сургалтын байгууллагуудтай хамтран салбарын мэргэжилтний мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг олгох, сунгах сургалтын нэгдсэн хөтөлбөрийг  жил тутам шинэчлэн баталгаажуулж  хэрэгжүүлнэ.
3.2.           Нэгдсэн хөтөлбөрт салбарын мэргэжилтнүүдэд зориулсан мэргэжүүлэх сургалт болон тодорхой сэдвээр явагдах урт, богино хугацааны чадавхижуулах сургалтын төрлийг тогтоох ба эдгээр сургалтын чиглэл, сэдэв, сургалт явуулах хэлбэр, хугацааг нарийвчлан тусгана.
3.3.           Нэгдсэн хөтөлбөрт тусгагдсан аливаа сургалтыг агуулга, сэдвийн хувьд мэргэжүүлэх, чадавхижуулах гэсэн хоёр чиглэлээр явуулна.
3.4.           Салбарын мэргэжилтэн бүр тухайн мэргэжлийн чиглэлээр жил бүр 10 багц цаг хангахуйц сургалтыг сургалтын нэгдсэн хөтөлбөрт мэргэжүүлэх ба чадавхижуулах чиглэлээр тусгасан байна.
Дөрөв. Сургалтын хөтөлбөр
4.1.            Сургалт зохион байгуулах байгууллага нь зохион байгуулахаар төлөвлөж буй сургалт бүрийн хөтөлбөрийг Зөвлөлөөр хэлэлцүүлнэ.
4.2.            Сургалтын хөтөлбөрт сургалтын нэр, зорилго, зорилт, төрөл, чиглэл, цагийн багтаамж, олгогдох багц цаг, сургалт зохион байгуулах байршил болон хугацаа,  сургалтад хамрах мэргэшлийн хүрээ, сургалтын товч агуулга, сургалтын үед ашиглах гарын авлага, тараах материал, суралцагчийн мэдлэг чадварыг сорих бодлого, дасгал, асуулт, хариултын хамт тусгасан байна.
4.3.            Чадавхижуулах нэг сургалтын хөтөлбөр нь 1 багц цагаас доошгүй, 6 багц цагаас илүүгүй хэмжээний багтаамжтай байх ба урт хугацааны сургалтын хувьд хөтөлбөрийг сэдвийн хувьд хэсэгчлэн баталж болно.
4.4.            Мэргэжүүлэх нэг сургалтын хөтөлбөр нь 4 багц цагаас багагүй хэмжээний багтаамжтай байна.
4.5.            Сургалтын хөтөлбөр нь салбарын мэргэжилтний суралцах, мэдлэг, чадвар, мэргэжлээ дээшлүүлэх эрэлт хэрэгцээнд түшиглэсэн байх ба агуулгын хувьд онолын мэдлэгээс гадна суралцагсдад дадлагын ур чадвар олгоход чиглэсэн байна.
4.6.            Нэгдсэн хөтөлбөрийн хүрээнд орон нутагт ажиллаж буй мэргэжилтнүүдэд зориулсан бүсчилсэн сургалт болон орон нутгийн салбарын байгууллага, аж ахуйн нэгжийн дотоодын сургалтын хөтөлбөрийг боловсруулж зохион байгуулахад салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас арга зүйн туслалцаа үзүүлж хамтран ажиллана.
 
Тав. Тасралтгүй мэргэжил дээшлүүлэлт, бүтээлийг үнэлэх, багц цаг тооцох
 
5.1.           Салбарын мэргэжилтний мэргэжлийг дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг олгох  сургалтын багц цагийг танхимын хичээл болон танхимын бус үйл ажиллагааны хэлбэрээр хангаж болно. Мэргэжсэн зэрэгтэй мэргэжилтэн нь танхимын бус хэлбэрээр, зөвлөх, тэргүүлэх зэрэгтэй мэргэжилтэн нь танхимын сургалтын хэлбэрээр нийт багц цагийн тус тус 30-аас доошгүй хувийг хангасан байна.
5.2.           Мэргэжүүлэх сургалтын танхимын хичээлийн 16 цагийг сургалтын 1 багц цаг, чадавхижуулах сургалтын танхимын хичээлийн 32 цагийг сургалтын 1 багц гэж тооцож болох ба сургалтын хөтөлбөрийн агуулгыг Зөвлөл хэлэлцэн тухайн сургалтын багц цагийн хэмжээг батална.
5.3.           Мэргэжилтэн нь танхимын хичээлд биечлэн бүрэн оролцсон тохиолдолд тухайн        хөтөлбөрт заасан багц цагийг хангасанд тооцно.
5.4.           Зэрэг горилогч нь бүтээлийн тайланг Загвар №1-ийн дагуу, зэрэг сунгах болон ахиулах мэргэжилтэн нь зэрэг авснаас хойш хийсэн бүтээлийн тайланг мэргэжил дээшлүүлсэн бодит цагийн хэмжээгээр тооцож Загвар №2-ийн дагуу гаргаж нотлох баримт материалыг хавсаргана.
 
 
 
 
Загвар №1
 
 
…………………. овогтой ……………….бүтээлийн тайлан
 
Бүтээлийн нэр
Гүйцэтгэсэн хугацаа, он, сар
Өөрөө гүйцэтгэсэн, оролцсон, хэрэгжүүлсэн аль нь болох
Шийдвэр гаргасан, баталгаажуулсан байгууллага, албан тушаалтан
 
 
 
 
 
 
           Тайланг бичсэн зэрэг горилогч :                                                          /                                /
           Хянаж баталгаажуулсан:                                                                       /                              /
 
 
Загвар №2
 
…………………. овогтой ………………......-ний мэргэжил дээшлүүлсэн тайлан
 
Мэргэжил дээшлүүлсэн хэлбэр, агуулга, сэдэв
Хугацаа он, сар, өдөр
Хамтарч оролцсон байдал
Бодит  цагийн хэмжээ
Багц цагт шилжүүлсэн
 
 
 
 
 
 
 
Тайланг бичсэн зэрэг горилогч :                                                   /                                /
            Хянаж баталгаажуулсан:                                                                /                              /
 
5.5.           Салбарын мэргэжилтний мэргэжлийг дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг олгох  сургалтын багц цагийг танхимын бус дараахь хэлбэрийн үйл ажиллагаагаар хангаж болно. Үүнд:
а. Салбарын чиглэлээр хууль, эрх зүйн баримт бичиг, норм, дүрэм, стандартын төсөл боловсруулах ажлын хэсэгт орж ажилласан ба тухайн баримт бичиг нь батлагдсан бол 4 багц цаг;
б. Салбарын чиглэлийн хууль эрх зүйн баримт бичиг, норм, дүрэм, стандартад санал өгч тусгуулсан, шүүмж хийсэн бол 1 багц цаг;
в.  Мэргэжлийн заавар, зөвлөмж, гарын авлага гаргасан бол 5 багц цаг;
г.  Мэргэжлийн ном, нэг сэдэвт бүтээл нийтлүүлсэн бол 10 багц цаг;
д. Мэргэжлийн сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлсэн бол нэг өгүүлэл тухайн сэдвийн чиглэлээр 2 багц цаг;
е.   Магистрын зэрэг хамгаалсан бол хамгаалсан сэдвийн чиглэлээр 10 багц цаг;
ё.   Докторын зэрэг хамгаалсан бол хамгаалсан сэдвийн чиглэлээр 30 багц цаг;
ж. Салбарын чиглэлээр төсөл, хөтөлбөр боловсруулах, судалгаа хийх ажлын хэсэгт ажиллаж, ажлын тайлан, илтгэлийг нийтлүүлсэн бол тайлан тус бүрээр 4 багц цагийг ажилласан хүний тоогоор хувь тэнцүүлэн;
3. Шинээр бэлтгэсэн илтгэл, хичээлийн лекц /Заасан сэдвийн чиглэлээр хичээлийн 4 цаг тутамд 1 багц цаг/;
и.Их, дээд сургууль төгсөгчийн дипломын ажил удирдсан  /1 оюутан-0.5  багц цаг/;
к. Шалгалтын асуулт, тест боловсруулсан /багц бүр нь 20 асуулт бүхий 10
багц тест - 0,5 багц цаг/;
л. Шалгалтын комиссын бүрэлдэхүүнд орж ажилласан /1 удаа-0,5 багц цаг/.
5.6.           Мэргэжилтэн нь танхимын бус хэлбэрээр багц цаг хангасан тодорхойлолтыг өөрөө гаргаж, зохих нотлох баримтын хамт салбарын асуудал эрхэлсэн төрийн  захиргааны байгууллагад жил бүр ирүүлж байна. Зөвлөл нь танхимын бус хэлбэрээр багц цаг олгох асуудлыг жил бүр хэлэлцэн шийдвэрлэж хариу мэдэгдэнэ.
 
Зургаа. Мэргэжилтний сургалт, багц цагийн тайлан, мэдээлэл
 
6.1 Мэргэжилтэн бүр мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг горилох, сунгах сургалтад хамрагдаж, сургалтын багц цаг хангаснаа нотлох ба энэ талаарх жилийн тайлангаа тухайн жилийн 12 дугаар сард багтаан Зөвлөлд ирүүлнэ.
6.2 Сургалт зохион байгуулсан байгууллага нь тухайн сургалтад оролцож багц цаг хангасан мэргэжилтнүүдийн нэрсийн жагсаалтыг сургалт явагдсан тайлангийн хамт сургалт явагдсанаас  хойш ажлын 10 өдөрт багтаан салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ.
6.3 Салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг горилох, сунгах сургалт болон сургалтад хамрагдсан мэргэжилтнүүдийн талаархи нэгдсэн мэдээллийн санг хөтөлж, цахим мэдээлэл, лавлагааг өгөх үйлчилгээг салбарын удирдах байгууллагад үнэ төлбөргүй үзүүлнэ.
 
Долоо. Багц цагийг хангаагүй асуудлыг шийдвэрлэх
 
7.1 Мэргэжилтэн нь мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг горилох, сунгах сургалтад хамрагдсан болон сургалтын багц цаг хангасан талаархи өөрийн мэдээлэл, бүртгэлтэй танилцах, лавлагаа авах, буруу мэдээллийг өөрчлөх, засвар оруулахыг шаардах эрхтэй.
 
Найм. Мэргэжлийн зэрэг олгох шалгалтын ажиллагаа
 
8.1    Зөвлөл нь мэргэжилтний мэдлэгийн түвшин, мэргэжлийн ур чадварыг шалгалтаар, бүтээл, туршлагыг ажил байдлын тодорхойлолт, бүтээлийн тайланг зохих журмын дагуу магадлан шалгах замаар тодорхойлно.
8.2     Зөвлөлөөс мэргэжлийн зэрэг олгох сургалт, шалгалт зохион байгуулах хугацааг баталгаажуулан тухайн оны эхэнд олон нийтэд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарлаж мэдэгдэнэ.
8.3    Мэргэжлийн зэрэг олгох шалгалт нь мэргэжсэн зэрэг горилогчид нэг, зөвлөх болон тэргүүлэх зэрэг горилогчид хоёр хүртэл үе шаттайгаар явагдана. Үүнд:
                                    а. Нэгдүгээр шат. Мэргэжлийн шалгалт /мэргэжлийн чиглэлийн мэдлэг, ур чадвар  болон салбарын хууль, эрх зүйн баримт бичиг, норм, дүрэм, стандарт, журам, зааврын  талаарх мэдлэгийг шалгах/
                                    б. Хоёрдугаар шат. Тайлан, сэдвийн хамгаалалт /илтгэлийн хураангуй /реферат/ бичих, техник технологийн шийдэл, зураг төсөл, төсөвт экспертиз хийх/
8.4      Мэргэжсэн зэрэг горилогч нь мэргэжлийн болон мэргэжлийн ур чадварын шалгалтад авбал зохих нийт онооны 80 буюу түүнээс дээш хувь, зөвлөх болон тэргүүлэх зэрэгт ахиулан горилогч нь 90 буюу түүнээс дээш хувийн амжилт үзүүлсэн бол тэнцсэнд тооцно.
8.5      Мэргэжлийн шалгалтыг бичгээр, тест, зураг тооцоо, загвар зэргээр авна.
8.6    Мэргэжлийн хүрээний чиглэлээр докторын зэрэг хамгаалсан тохиолдолд зөвлөх, тэргүүлэх зэрэг горилогчийн бичгээр уламжилсан хүсэлтийг үндэслэн зөвхөн мэргэжлийн шалгалтаас чөлөөлж болно.
8.7    Архитекторын мэргэжсэн зэрэг горилогч нь мэргэжлийн шалгалтад тэнцсэн тохиолдолд мэргэжлийн ур чадварын /тодорхой сэдвээр, тогтоосон хугацаанд жижиг хэмжээний төсөл боловсруулж хамгаалах/ шалгалтыг өгнө.   
8.8   Зэргийн хугацаагаа сунгуулж буй мэргэжилтэн нь  өөрийн мэргэжлийн чиглэлээр норм, дүрэм, стандарт, техникийн баримт бичиг боловсруулсан болон санал, шүүмж, дүгнэлтийг мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлсэн материалаа мэдээллийн сан болон архивын нэгж болгон хадгалуулсан байна. Энэхүү санал, дүгнэлтээ тайлан хамгаалалтад бүрдүүлэх материалд хавсаргасан байна.
8.9  Эхний шатны шалгаруулалтад тэнцээгүй зэрэг горилогч нь дараагийн шатны шалгаруулалтад орох эрхгүй болно.
8.10         Шалгалтын комисс нь зэрэг горилогчийн шалгалтын дүн, бүтээл, туршлагад үндэслэн    зэрэг олгох саналаа Зөвлөлд оруулж шийдвэрлүүлнэ.
8.11   Мэргэжлийн шалгалтыг бичгээр болон тестээр, тайлан хамгаалалт болон ур чадварын шалгалтыг тухайн горилогчийн мэргэжлийн хүрээнд гүйцэтгэсэн ажлын бүтээл, ур чадварын түвшинг  ярилцлагын хэлбэрээр авна.
8.12 Зөвлөх зэрэг горилогчийн илтгэл/реферат/-ийг салбарын тухайн мэргэжлийн чиглэлийн  зөвлөх зэрэгтэй болон эрдмийн зэрэг цолтой мэргэжилтнээр шүүмжлүүлсэн байна. Комиссын бүрэлдэхүүн болон илтгэл/реферат/-ийн шүүмжлэгчийг горилогчоос, горилогчийг шүүмжлэгчээс тус тус нууцална.
8.13         Шалгалтын тест, бодлого, өгөгдлийг тестийн сангаас сонгох бөгөөд энэ нь шалгалт авах өдөр, цаг хүртэл байгууллагын нууцад хамаарна.
8.14          Зэрэг горилогчийн авсан нийт онооны нийлбэрийг шалгалтын комиссын нарийн бичгийн    дарга нэгтгэн дүгнэж, дундаж оноог гаргах ба комиссын дарга энэ дүнг комиссын гишүүдийн хурлаар хэлэлцүүлэн гишүүн бүрээр гарын үсэг зуруулж баталгаажуулна.
8.15          Зөвлөх болон тэргүүлэх зэрэг горилогч нь сэдвийн хамгаалалтын материалаа товлосон хугацаанаас 14 хоногийн өмнө тухайн сургалт хариуцсан мэргэжилтэнд хүлээлгэн өгсөн байна.
8.16         Комиссын гишүүд нь горилогчийн сэдвийн хамгаалалтын материалтай хамгаалалтаас өмнө нэг бүрчлэн танилцсан байна.
8.17         Комиссын гишүүд горилогчийн илтгэл, тайланг түүний онол, техник технологийн түвшин, мэдээлэл тусгалт, үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломж, нэвтрүүлсэн байдал,           шинэлэг санаа, ач холбогдол, асуултад хариулсан байдал, шүүмжийн   үнэлгээ зэрэг үзүүлэлтээр дүгнэж болно.
8.18         Комиссын нарийн бичгийн дарга нь шалгалтын нэгдсэн дүн, холбогдох материалыг цэгцэлж шалгалт дууссанаас хойш нэг сарын дотор Зөвлөлийн гишүүн бүрд хүргэж танилцуулан, хурлаар шийдвэрлүүлнэ. Шалгалтын үнэлгээн дээр маргаантай асуудал гарвал горилогч нь гомдол, саналаа Зөвлөлд бичгээр тавьж шийдвэрлүүлнэ. Энэ шийдвэр эцсийн шийдвэр байна.
8.19         Шалгалтын үйл ажиллагаанд хөндлөнгийн хянагчаас гадна мэргэжлийн төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгч хяналт тавьж болно.
8.20         Комиссын гишүүдэд нөлөөлөхийг оролдсон, горилогчийг үндэслэлгүй дэмжиж, бусдаас хэт зөрүүтэй үнэлгээ тавьсан гишүүнийг комисс хэлэлцэж, түүний үнэлгээг комиссын нэгдсэн дүнд оруулах эсэхийг шийдвэрлэнэ.
8.21         Мэргэжлийн зэрэг горилогч нь шалгаруулалтад тэнцээгүй  бол дахин шалгаруулалтад оролцох хүсэлтээ бичгээр гаргасны үндсэн дээр шалгаруулалтад оролцож болно.
 
Ес.  Зөвлөх инженерийн зэрэг горилох сэдвийн илтгэлийн хураангуй /реферат/
 
9.1   Илтгэлийн хураангуй нь  барилга, зам, хот байгуулалт, зураг төсөл, барилгын материалын үйлдвэрлэл, газрын харилцааны салбарт шинэ техник, дэвшилтэт технологи нэвтрүүлэх үйлдвэрлэлийн удирдлага, зохион байгуулалт, өрсөлдөх чадварыг сайжруулахад чиглэгдсэн, шинжилгээ судалгаа бүхий онол практикийн бага хурлын илтгэлийн хэмжээнд бичигдсэн, тодорхой асуудал дэвшүүлж шийдвэрлэх арга замыг заасан байвал зохино.
9.2.   Илтгэлийн хураангуйг 15-25 хуудсанд /Arial, 12/ багтаан бичиж, мэргэжлийн шалгалтын комиссоос оноож өгсөн салбарын тэргүүлэх /эрдэмтэд, зөвлөх/ мэргэжилтнээр шүүмжлүүлсэн байна.
9.3.      Илтгэлийн хураангуй бичих чиглэлийг дараах байдлаар сонгоно.
·     Баталсан сэдвийн жагсаалтаас сонгох
·     Шалгалтын комиссоос зөвшөөрсөн сэдвээр
·     Шалгалтын комиссоос оноож өгсөн сэдвээр
9.4       Илтгэлийн товчлолыг зохиогчийн зөвшөөрөлтэйгээр нийтийн хүртээл болгож болно.
9.5             Илтгэлийн хураангуй нь оршил, асуудлын судлагдсан байдал, судалгаа боловсруулалт, хэрэгжүүлэлт, туршилт, тухайн ажлын үр дүн, санал дүгнэлт, ашигласан материал, хавсралтаас бүрдэнэ.
9.6     Оршил: Зөвлөх инженерийн зэрэг горилж буй сэдвийн үндэслэл, ач холбогдол, түүний шинэлэг талын тухай болон илтгэлийн ерөнхий байдлыг товч дүгнэж бичнэ. Энэ сэдвээр зэрэг горилогч ямар зүйл бүтээсэн, туршсан, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн /зураг төсөл, норм, норматив, заавар, журам, машин техник, технологи, удирдлагын арга барил, ном зохиол, шинэ бүтээл, тэргүүн туршлага, ШБОЗ гэх мэт/ энэ нь ямар асуудал шийдвэрлэснийг дурдана.
9.7             Асуудлын судлагдсан байдал: тухайн сэдвээр гадаадын улс орнууд болон манай оронд судалсан байдал, онолын үндэслэл, ямар үр дүнд хүрснийг бичнэ. Мөн судалгаа шинжилгээ, үйлдвэрлэл, туршилтын ямар арга хэрэглэж юу зохион бүтээсэн, түүний өөрийн орны урьд нь байсан үйлдвэрлэлийн үзүүлэлт, болон хөгжингүй орны техник эдийн засгийн үзүүлэлттэй харьцуулсан судалгаа, дүгнэлт хийсэн байна.
9.8             Судалгаа, боловсруулалт, хэрэгжүүлэлт, туршилт: энэ сэдвээр явуулсан судалгаа, туршилтын ажил болон үйлдвэрлэлд нэвтрүүлснээр гарсан бодит үр дүнг биет болон тоон үзүүлэлтээр гаргах, түүний нийгэм, эдийн засгийн ач холбогдол, тулгамдсан ямар асуудлыг шийдвэрлэсэн буюу шийдвэрлэхэд тус дөхөм үзүүлсэнийг тодорхой тусгана.
9.9             Ажлын үр дүн:  энэ сэдвээр гаргасан шинэ санаа, эсвэл онцлог шинэлэг зүйл юу байгаа, цаашид үйлдвэрлэл, практикт нэвтрүүлэх эрх зүйн орчин түүхий эд, технологи, машин механизм, тоног төхөөрөмж, ажиллах боловсон хүчний хангамжийн асуудал учирч болох бэрхшээл, шийдэх тулгамдсан асуудлууд зэргийг бичнэ.
9.10         Санал, дүгнэлт: энэ асуудал олон улсын болон хөгжилтэй орны хэмжээнд ямар байгаа, манай орны нөхцөлд шийдвэрлэх, хэрэгжүүлэхэд гарч болох төвөгшилтэй маргаантай асуудлууд юу байгаа, тэдгээрийг ямар арга замаар хэрхэн шийдвэрлэх тухай өөрийн үзэл бодлоо үндэслэл, тооцоотой гаргана.
9.11         Ашигласан хэвлэл, материал:  сэдвийг боловсруулахад ашигласан гадаад, дотоодын хэвлэл, сурах бичиг, норм дүрэм, заавар журам, интернетийн мэдээллийг жагсааж бичнэ. Ашигласан материал нь илтгэлийн хураангуй дотор заавал иш татагдсан эсвэл дугаараараа заагдсан байна.
9.12         Хавсралт:  Сэдвийн судалгаа, туршилтын үр дүн түүнд холбогдох хүснэгт, график зураг, үзүүлэн материалыг хавсаргана. Мөн сэдвийн хамгаалалтын дүн хэрэглэх зарим биет үзүүлэн, загвар, альбом байж болно. Хавсралт материалын тоо хэмжээнд тодорхой хязгаарлалт байхгүй бөгөөд энэ нь рефератын ерөнхий хэмжээнд орохгүй.
9.13         Рефератын нүүр нь төрийн захиргааны байгууллага, сургалт зохион байгуулсан байгууллага, горилогчийн нэр, шүүмжлэгчийн нэр, зэрэг, албан тушаал зэргийг агуулсан байна.
------------ о О о ------------