- Нүүр
- Сайдын тушаал
- ОСОЛ, ЗӨРЧЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭХ /ЗТХС-ын 2019 оны 187 дугаар тушаалаар хүчингүй болсон/
/ЗТХС-ын 2019 оны 187 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын
2010 оны 77 дугаар тушаалын хавсралт
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ДҮРЭМ - 12
ОСОЛ, ЗӨРЧЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭХ
А БҮЛЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
12.1.ЗОРИЛГО
(а)Энэ дүрмээр иргэний агаарын хөлгийн осол, ноцтой зөрчил болон иргэний нисэхийн аюулгүй ажиллагаатай холбоотой аливаа бусад хэрэг явдлын талаар мэдээлэл хүлээн авах, мэдээлэл цуглуулах үйл ажиллагааг зохицуулна.
(б)Осол, зөрчлийн талаар мэдээлэл хүлээн авах, цуглуулах үйл ажиллагааны гол зорилго нь хэн нэгнийг буруутгах, эсхүл хариуцлага хүлээлгэхэд бус, осол, зөрчил давтан гарахаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээ авахад оршино.
12.3.ҮЙЛЧЛЭХ ХҮРЭЭ
(а)Энэ дүрэм нь энэ зүйлийн (б)-д зааснаас бусад, иргэний нисэхийн бүх үйл ажиллагаанд хамаарна.
(б)Энэ дүрэм нь ИНД-101, ИНД-103, ИНД-104, ИНД-105 болон ИНД-106-ийн дагуу явуулж буй үйл ажиллагаанд хамаарахгүй.
12.5.ТОДОРХОЙЛОЛТ
Агаарын хөлгийн дутагдалтай холбоотой зөрчил гэж нислэг үйлдэж байгаа, эсхүл газарт байрлаж байгаа агаарын хөлгийн, эсхүл түүний эд анги, тоног төхөөрөмжийн гэмтэл, дутагдлаас шалтгаалсан зөрчлийг;
Аэродром дээрх зөрчил гэж агаарын хөлгийн ашиглалтын үед гарсан дараах зөрчлийг:
1/агаарын хөлөг аэродромын хаалт хашлага, барилга байгууламж, тэмдэг тэмдэглэгээ зэргийг мөргөж, шүргэснээс; эсхүл
2/агаарын хөлгийн явгалах зам, талбайн гадаргуугийн гэмтлээс; эсхүл
3/аэродром дээрх тоног төхөөрөмжийн гэмтлээс шалтгаалсан;
Агаарын зайн зөрчил гэж дараах зөрчлийг:
1/агаарын хөлгүүд өөр хоорондоо мөргөлдөхөөссэргийлэх; эсхүл
2/агаарын хөлгүүд нислэгийн хөдөлгөөний удирдлагаар хангагдаж байх үедээ газар дээрх саадтай мөргөлдөхөөс сэргийлэх зорилгоор дүрэм, журмаас гажих, эсхүл дүрэм журмын зохицуулалтгүйгээс /shortcomings/ шалтгаалсан;
Нислэгийн хөдөлгөөний удирдлагаас шалтгаалсан зөрчил гэж агаарын хөлөг нислэгийн удирдагчийн удирдлага дор нислэг болон хөөрөлт, буулт үйлдэх, аэродром дээр явгалах үедээ өөр бусад агаарын хөлөг, газар дээрх барилга байгууламж, байгалийн саад зэрэгт аюултайгаар ойртсон болон тэдгээрээс зайлж гарах үед гарсан зөрчлийг;
Аюултай ачаатай холбогдсон зөрчил гэж агаарын хөлгөөр аюултай ачаа тээвэрлэхтэй холбогдсон дараах зөрчлийг:
1/аюултай ачааг боож баглах журмыг зөрчсөнөөс хүний бие болон өмч хөрөнгөд гэмтэл учруулах, шатах, эвдрэх, сэгсрэгдэх болон цацраг идэвхит бодис алдагдах, хортой шингэн бодис асгарах, гоожих; эсхүл
2/аюултай ачааг буруу мэдүүлсэн, савласан, буруу шошго зүүсэн болон тэмдэглэсэн, бичиг баримтыг зохих ёсоор бүрдүүлээгүй.
Мэдээлэлтэй холбоотой зөрчил гэж АIP-ийн шугамаар түгээгдсэн алдаатай, бүрэн бус мэдээлэл, газрын зураг, баримт бичгийг ашигласнаас шалтгаалсан зөрчлийг;
Нисэхийн аюулгүй байдалтай холбоотой зөрчил гэж агаарын хөлгийн ажиллагаанд хөндлөнгийн хууль бус үйлдлийн улмаас гарсан зөрчлийг;
Осол, ноцтой зөрчил, зөрчил гэсэн нэр томъёонуудыг ИНД-1 "Тодорхойлолт ба товчлол"-д зааснаар;
Осол, зөрчлийг шинжлэн шалгах байгууллага гэж осол, ноцтой зөрчлийг шинжлэн шалгах, шалтгааныг тогтоох аюулгүй ажиллагааны зөвлөмж гаргах эрх бүхий байгууллагыг;
Шувуутай холбоотой зөрчил гэж агаарын хөлөг нислэгийн үед шувуутай мөргөлдсөн, эсхүл шувууд агаарын хөлөгт хэт ойртсоны улмаас гарсан зөрчлийг;
Холбоо, навигацийн тоног төхөөрөмжөөс шалтгаалсан зөрчил гэж газрын холбоо, навигаци, цахилгааны тоног төхөөрөмжид гарсан гэмтэл, дутагдлаас шалтгаалсан зөрчлийг тус тус ойлгоно.
Тайлбар: Энэ дүрэмд, "осол, ноцтой зөрчил, зөрчил" гэсэн нэр томьёонуудыг нийтлэг байдлаар хэрэглэхдээ "осол, зөрчил" гэж томъёолсон болно.
Б БҮЛЭГ.ОСОЛ, ЗӨРЧЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭХ
12.51.Осол, ноцтой зөрчлийн тухай заавал мэдээлэх
(а)Дараах этгээд нь агаарын хөлгийн осол болон энэ дүрмийн Хавсралт Б-д заасан ноцтой зөрчлийн талаар Иргэний нисэхийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /цаашид ИНЕГ гэх/ болон Осол, зөрчлийг шинжлэн шалгах байгууллага /цаашид ОЗШШБ гэх/-д нэн даруй мэдээлнэ:
1/агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ эзэмшигч;
2/агаарын хөлөгт засвар үйлчилгээ, өөрчлөлт сайжруулалт хийдэг, эсхүл агаарын хөлгийн тоног төхөөрөмж, тэдгээрийн хэсгийг үйлдвэрлэдэг байгууллагын гэрчилгээ эзэмшигч;
3/нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллагын гэрчилгээ эзэмшигч;
4/аэродромын гэрчилгээ эзэмшигч;
5/нисэх буудлын ажилтан;
6/агаарын навигацийн техник хангалтын үйлчилгээний байгууллагын гэрчилгээ эзэмшигч.
12.53.Осол, ноцтой зөрчлийн тухай нарийвчилсан мэдээлэл
(а)Ослын үед аливаа этгээд амь насаа алдсан буюу хүнд гэмтэл авсан, эсхүл агаарын хөлөг сураггүй алга болсон, эсхүл энэ дүрмийн Хавсралт Б-д заасан ноцтой зөрчил гарсан тохиолдолд энэ дүрмийн 12.51-ийн (а)-д заасан гэрчилгээ эзэмшигч нар нь осол, ноцтой зөрчлийн тухай нарийвчилсан мэдээллийг осол, ноцтой зөрчил гарснаас хойш 7 хоногийн дотор ИНЕГ-012/01 маягтын дагуу гаргаж ИНЕГ-ын даргад ирүүлнэ.
(б)Осолд өртсөн агаарын хөлгийн нисэх багийн гишүүн бүр нь болсон явдлын талаарх тодорхойлолтыг энэ зүйлийн (а)-д заасан маягтад хавсаргана.
(в)Хэрэв нисэх багийн гишүүний биеийн эрүүл мэндийн хувьд энэ зүйлийн (б)-д заасан тодорхойлолтыг гаргаж өгөх боломжгүй тохиолдолд тодорхойлолтыг нөхөн гаргуулж авна.
Тайлбар: ИНЕГ-12/01 маягтыг бөглөх дэлгэрэнгүй зааврыг энэ дүрмийн зөвлөмжийн цуврал ЗЦ-12/01-д бий. 12.53. Зөрчлийн талаар заавал мэдээлэх
(а)Энэ дүрмийн Хавсралт А-д заасан зөрчлийн талаар дараах Гэрчилгээ эзэмшигч нар ИНЕГ болон ОЗШШБ-д нэн даруй мэдээлнэ. Үүнд:
1/ИНД-119, ИНД-129-ийн дагуу гэрчилгээ эзэмшигч нь агаарын зайн зөрчил, агаарын хөлгийн ашиглалт, аюултай ачаа, агаарын хөлгийн дутагдал, нисэхийн аюулгүй байдал, шувуутай холбоотой зөрчлийн талаар;
2/ИНД-172-ийн дагуу гэрчилгээ эзэмшигч нь агаарын зайн зөрчил, нислэгийн хөдөлгөөний удирдлагаас шалтгаалсан зөрчлийн талаар;
3/ИНД-145 болон ИНД-148-ийн дагуу гэрчилгээ эзэмшигч нь агаарын хөлгийн дутагдалтай холбоотой зөрчлийн талаар;
4/ИНД-139-ийн дагуу гэрчилгээ эзэмшигч нь аэродром дээрх болон шувуутай холбоотой зөрчлийн талаар;
5/ИНД-171-ийн дагуу гэрчилгээ эзэмшигч нь холбоо, навигацийн тоног төхөөрөмжөөс шалтгаалсан зөрчлийн талаар;
6/ИНД-140-ийн дагуу гэрчилгээ эзэмшигч нь нисэхийн аюулгүй байдалтай холбоотой зөрчлийн талаар;
7/ИНД-175-ын дагуу гэрчилгээ эзэмшигч нь мэдээлэлтэй холбоотой зөрчлийн талаар.
(б)Нислэгийн хөдөлгөөний удирдлагаас шалтгаалсан зөрчил, агаарын зайн зөрчил болон шувуунаас шалтгаалсан зөрчилд өртсөн агаарын хөлгийн дарга уг зөрчлийн талаар ОЗШШБ болон ИНЕГ-т нэн даруй мэдэгдэнэ.
(в)Энэ зүйлийн (а)-д заасан зөрчлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг гэрчилгээ эзэмшигч нь зөрчил гарснаас хойш 10 хоногийн дотор ИНЕГ-12/02 маягтын дагуу гаргаж ИНЕГ-т ирүүлнэ.
Тайлбар: Энэ бүлэгт заасан "нэн даруй" гэдгийг тухайн осол, ноцтой зөрчил гарснаас хойш 6 цагийн доторх хугацаа гэж ойлгоно.
12.57.Осол, зөрчлийн талаар сайн дураар мэдээлэх
(а)Энэ дүрмийн дагуу осол, зөрчлийн талаар заавал мэдээлэх үүрэг хүлээгээгүй боловч агаарын хөлөг ашигладаг, түүнд засвар, үйлчилгээ хийдэг болон иргэний нисэхийн бусад үйл ажиллагаанд оролцогч болон аливаа бусад этгээд нь осол, зөрчлийн талаар, эсхүл иргэний нисэхийн аюулгүй ажиллагаанд бий болсон бодит аюул, эрсдлийн талаар ИНЕГ-т, эсхүл ОЗШШБ-д мэдээлж болно.
(б)Энэ зүйлийн (а)-д заасны дагуу мэдээлэл хүлээн авсан эрх бүхий байгууллагууд нь ирүүлсэн мэдээллийг зөвхөн аюулгүй ажиллагааг дээшлүүлэх зорилгод ашиглана гэдгийг бататгах үүднээс тухайн мэдээлэгчийн, эсхүл гуравдагч этгээдийн хувийн байдлыг тогтооход ашиглаж болзошгүй зүйлүүдийг мэдээллээс хасна.
(в)Иргэний нисэхийн үнэмлэх эзэмшигч хувь хүн, гэрчилгээ эзэмшигч байгууллага нь иргэний нисэхийн хууль, дүрмийг санамсар болгоомжгүй аль нэг байдлаар зөрчсөн зөрчлийнхөө талаар ОЗШШБ, эсхүл ИНЕГ-т сайн дураараа мэдээлсэн тохиолдолд мэдээлэл хүлээн авсан эрх бүхий байгууллага нь ирүүлсэн мэдээллийг ямар ч тохиолдолд мэдээлэгчийн эсрэг ашиглахыг хориглоно.
В БҮЛЭГ.БУСАД ЗҮЙЛ
12.101.Зөрчлийг шинжлэн шалгах ба тайлагнах
(а) Энэ дүрмийн Хавсралт А-д заасан зөрчлийг ИНЕГ-ын эрх бүхий этгээд зөрчил гарснаас хойш 90 хоногийн дотор шинжлэн шалгаж, тайланг ОЗШШБ-д хүргүүлнэ.
12.103.Мэдээллийн нууцыг хамгаалах
(а)ИНЕГ болон ОЗШШБ нь энэ дүрмийн дагуу хүлээн авсан аливаа мэдээллийг нууцлах журмыг тогтоосон байх ба ирүүлсэн мэдээллийг зөвхөн энэ дүрмийн 12.1-ийн (б)-д заасан зорилгоор ашиглана.
12.105.Осол, зөрчлийн мэдээллийн сан
(а)ИНЕГ нь осол, зөрчлийн мэдээлэлд дүн шинжилгээ хийх болон урьдчилан сэргийлэх аливаа арга хэмжээг тодорхойлох зорилго бүхий осол зөрчлийн мэдээллийн сантай байна.
(б)Мэдээлэл солилцох үйл ажиллагааг хялбарчлах зорилгоор мэдээллийн сангийн системд Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын стандарт загварыг ашиглана.
(в)ИНЕГ нь иргэний нисэхийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудтай аюулгүй ажиллагааны мэдээллийг тогтмол солилцоно.
12.107.Осол, зөрчлийн мэдээллийн систем
(а)Иргэний нисэхийн үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагууд нь осол, зөрчлийн мэдээллийг хүлээн авах, тайлагнах системийг тогтоосон байна.
12.109.Гадаадын агаарын хөлгийн эвдрэл гэмтлийн талаар мэдэгдэх
(a)ИНЕГ нь, Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын агаарын хөлөгт тохиолдсон эвдрэл гэмтлийн талаар тухайн агаарын хөлгийг Бүртгэгч улсад нэн даруй мэдэгдэнэ.
12.111.Хариуцлага
(a)Иргэний нисэхийн үйл ажиллагаанд гарсан аливаа осол, зөрчлийг мэдээлээгүй нуун дарагдуулсан, худал мэдээлсэн хувь хүн, эсхүл аж ахуйн нэгж, байгууллагад Иргэний нисэхийн тухай хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
---оОо---
ХАВСРАЛТ А.ЗААВАЛ МЭДЭЭЛЭХ ЗӨРЧЛҮҮДИЙН ЖАГСААЛТ
А-1.Агаарын хөлгийн нислэгийн үйл ажиллагаа
1.1.Агаарын хөлгийн үйл ажиллагаа /operation of the aircraft/
1/V-хурдны ойролцоо буюу түүнээс дээш хурданд аюултай, эсхүл аюулд хүргэж болзошгүй нөхцөл байдал үүссэн тохиолдол (зогсоогдсон хөөрөлт, сүүл цохих, хөдөлгүүр унтрах г.м);
2/Шийдвэр гаргах өндрөөс нам өндөрт 2 дугаар тойрогт гарснаас болж аюултай, эсхүл аюулд учруулж болзошгүй нөхцөл байдал үүссэн;
3/Гадны аливаа баримжаалах цэггүйгээр шийдвэр гаргах өндөр, эсхүл доошлох хамгийн бага үнэмлэхүй өндрөөс (MDA) доош орсон;
4/Өөрийн байгаа байрлал, эсхүл ойр орчиндоо нисэж байгаа бусад агаарын хөлөгтэй байрлалын хувьд баримжаа алдах;
5/Агаарын хөлгийн систем, эд ангийн ажиллагаа, аргачлалын алдаанаас үүдэлтэй агаарын замын тогтоогдсон шугам ба өндрөөс хазайсан зориудын бус хазайлт;
6/Нисгэх багийн гишүүдийн хооронд (CRМ), эсхүл бусад этгээдтэй /бүхээгийн гишүүд, НХУ, инженер/ харилцаа холбоо тасрах;
7/Түлшний тэнцвэржилтийн хязгаарлалтыг давсан;
8/SSR буюу тусгай үйлчилгээ хүссэн кодыг, эсхүл өндрийн хэрэглэлийг буруу тохируулсан;
9/Навигацид ашиглагддаг, эсхүл үзүүлэлтүүдийг тооцоолоход ашигладаг тоног төхөөрөмжид буруу өгөгдөл оруулсан, буруу програмчилсан, эсхүл буруу өгөгдөл ашигласан;
10/Радио-телефоны мэдээг буруу хүлээж авсан, эсхүл буруу ойлгосон;
11/Агаарын хөлөг нь өөр агаарын хөлөг, тээврийн хэрэгсэл, эсхүл газар дээр байгаа бусад объекттой мөргөлдөх;
12/Нислэгийн аливаа үе шатанд агаарын хөлгийн зохих конфигураци (configuration)-д оруулах боломжгүй болох /хөл анги болон хөл ангийн хавхаг /landing gear door/, флапс, слатс, тогтворжуулагч /stabiliser/ г.м./;
13/Сургалтын, эсхүл систем шалгах зорилгоор дуураймал гэмтэл үүсгэснээс болж аюултай, эсхүл аюулд хүргэж болзошгүй нөхцөл байдал үүссэн;
14/Хэвийн бус чичиргээ;
15/Конфигурацийн анхааруулга (configuration warning), хурдны уналт /stall warning/-ын анхааруулга, хэт хурдны анхааруулга (over-speed warning) зэрэг агаарын хөлгийн маневртай холбоотой анхааруулах систем ажиллах, үүнд доорх тохиолдлыг тооцохгүй:
(а)нисгэх баг нь дээрх шинж тэмдэг хуурамч гэдгийг тодорхой мэдэж, энэхүү хуурамч анхааруулга нь аюул, эсхүл хүнд байдал үүсгэхгүйг мэдэж байвал;
(б)сургалтын болон туршилтын зорилгоор үйл ажиллагаа явуулж байсан бол;
16/GPWS/TAWS буюу газар ойртолтыг анхааруулах систем дараах тохиолдолд ажилласан:
(а)агаарын хөлөг урьдчилан төлөвлөж байснаас илүү газартай ойртсон
(б)ойртолтын (mode 4) үе шатанд дугуй болон буух үеийн флапс /flaps/-ны тохируулгыг тохиромжтой байрлалд нь тавиагүйгээс анхааруулга дуугарсан;
(в)анхааруулгад хариу үйлдэл хийх үед нисгэх багт аливаа хүндрэл, эсхүл аюул үүссэн нөхцөл байдал (бусад агаарын хөлөгтэй ойртолт үүссэн г.м.), /Энэхүү анхааруулгад аливаа Mode, эсхүл бүх төрлийн анхааруулгууд орно/;
17/GPWS/TAWS буюу газар ойртолтыг анхааруулах системийн дохио /alert/-нд хариу үйлдэл хийх үед нисгэх багт аливаа хүндрэл, эсхүл аюул үүссэн нөхцөл байдал;
18/Хэт ачаалалтай буултын дараах үзлэг хийхэд хүргэсэн "ачаалалтай буулт" /heavy landing/.
Онцгой нөхцөл /emergencies/
19/Дараах шалтгааны улмаас онцгой нөхцөлийн үед нисгэх баг болон агаарын хөлгийн үйлчлэгчээс стандартын бус журам ашиглах шаардлага гарсан:
(a) журам байдаг боловч журмын дагуу хийгээгүй;
(б) журам байгаагүй;
(в) журам нь хангалттай биш, эсхүл нийцэхгүй;
(г) журам нь буруу;
(д) буруу журам ашигласан.
20/Нөхцөл байдлыг зохицуулахын тулд газарт, эсхүл агаарт онцгой нөхцөлийн үеийн журмыг мөрдсөн, эсхүл аврах тоног, төхөөрөмжийг ашигласан;
21/Гарах хаалга, гэрэлтүүлэг зэргийг багтаасан аврах тоног төхөөрөмжийн татгалзал /үүнд, техник үйлчилгээ, сургалт, туршилтын үеийг оруулна/.
Агаарын хөлгийн баг үүрэг гүйцэтгэх чадвараа алдах /crew incapacitation/
22/Нисгэх багийн аль нэг гишүүн үүрэг гүйцэтгэх чадвараа алдах (хөөрөлтийн дараа үүргээ гүйцэтгэх чадваргүй болоход хүрч болзошгүй хөөрөлтийн өмнөх тохиолдлыг оруулна);
23/Агаарын хөлгийн үйлчлэх бүрэлдэхүүний аль нэг гишүүн биеийн эрүүл
мэндийн, эсхүл өөр бусад ямар нэг шалтгааны улмаас /шархдах г.м./ онцгой нөхцөлд ажил үүрэг гүйцэтгэх чадвараа алдах.
Бэртэл, гэмтэл /injury/
24/ Осолд тооцогдохгүй боловч зорчигч, эсхүл агаарын хөлгийн багийн гишүүдээс хэн нэг нь ноцтой бэртэл, гэмтэл авсан тохиолдол.
Цаг уур /meteorology/
25/Аянга, цахилгааны улмаас агаарын хөлөгт эвдрэл, гэмтэл учрах, нислэгийн хэвийн үйл ажиллагаа алдагдах;
26/Мөндөр агаарын хөлөгт эвдрэл, гэмтэл учруулах, нислэгийн үйл ажиллагаа алдагдах;
27/Салхины шилжлэгт орсон;
28/Мөсдөлтийн улмаас агаарын хөлөгт эвдрэл, гэмтэл учрах, үйл ажиллагааг доголдуулах.
Аюулгүй байдал /security/
29/Агаарын хөлгийг хууль бусаар булаан эзлэх, эсхүл тэсрэх бөмбөгийн заналхийлэл;
30/Агаарын хөлөгт нууцаар нэвтэрсэн хүнийг илрүүлсэн тохиолдол.
Бусад /other occurences/
31/Мэдээлэх шаардлагагүй ч, цаашид аюулд хүргэж болзошгүй давтагдан гарч буй тодорхой тохиолдлууд;
32/Шувуутай мөргөлдсөний улмаас агаарын хөлөгт гэмтэл учирсан;
33/Нислэг үйлдэж буй агаарын хөлөг дагалдах хуйлралд орсон тохиолдол;
34/Агаарын хөлөг, түүний бүхээгт байгаа, эсхүл газар дээр байгаа хүнд аюул учруулсан, эсхүл аюул учруулж болзошгүй тохиолдлууд.
А-2.Агаарын хөлгийн техникийн дутагдалтай холбоотой зөрчлүүд
2.1.Агаарын хөлгийн бүтцийн эвдрэл гэмтэл
1/Агаарын хөлгийн хийцийн хүчилсэн хэсэгт үүссэн, түүний аюулгүй ажиллагаанд нөлөөлж байгаа болон нөлөөлж болзошгүй гэмтэл;
2/Агаарт болон газарт санамсаргүй шалтгаанаар, эсхүл элэгдлийн улмаас үүссэн гэмтэл /зэврэлт, цууралт, деформац г.м./;
3/Системийн хэвийн үйл ажиллагааг аюулд хүргэх эд ангийн эвдрэл, гэмтэл;
4/Нислэгийн үед агаарын хөлгийн бүтцийн аливаа эд анги салах;
5/Үндсэн эд ангийн зөвшөөрөгдсөн хэмжээнээс давсан эвдрэл, гэмтэл.
2.2.Агаарын хөлгийн систем, тоноглолын дутагдал, эвдрэл
1/Агаарын хөлгийн үндсэн болон туслах системийн эд ангиудын гэмтэл, дутагдал, Үүнд:
(а) хөдөлгүүр, түүний удирдлагын;
(б) гидро системийн удирдлагын;
(в) агаарын хөлгийн удирдлагын;
(г) цахилгаан хангамжийн системийн;
(д) агаар хангамжийн системийн;
(е) мөсдөлт эсэргүүцэх системийн;
(ж) холбооны системийн;
(з) навигацийн систем болон хэрэглэлүүдийн;
(и) дохиоллын төхөөрөмж болон системүүдийн;
(к) тормозны системийн;
(л) дугуй, түүнийг удирдах системийн.
2/Дараах нөхцөл байдлын улмаас агаарын хөлгийн үндсэн болон туслах системийн эд ангиудад үүссэн гэмтэл, дутагдал:
(а) ашиглалтын стандартын журам, удирдах аргуудыг хангалтгүй биелүүлснээс;
(б) туслах систем болон орлох системүүдийн хангалтгүй ажиллагаанаас;
(в) дутагдал, татгалзлыг арилгах нисэх багийн хариу үйл ажиллагаа, шийдвэрийн үр дүнд үүссэн болон үүсэж болзошгүй аюултай нөхцөл;
(г) олон хөдөлгүүрт агаарын хөлгийн аль нэг хөдөлгүүрийн дутагдал, татгалзал.
3/Дараах аль нэг нөхцөл байдал үүссэн:
(а) агаарын хөлөг дотор хортой хий, утаа гарах;
(б) гал гарахад хүргэсэн болон хүргэж болзошгүй түлшний гоожилт;
(в)түлшийг авараар юүлэх системийн гэмтлээс болж түлшийг санамсаргүйгээр их хэмжээгээр асгасан, гал гарах аюул бий болгосон, агаарын хөлгийн эд ангийг их хэмжээгээр бохирдуулсан;
(г) түлшийг авараар юүлэх систем бүрмөсөн ажилгүй болсон;
(д) түлш өгөх, хуваарилах ажиллагаанд нөлөөлсөн түлшний системийн гэмтлүүд;
(е) агаарын хөлгийн эд ангийг аюул үүсгэхээр бохирдуулсан, эсхүл гал гарах аюул үүсгэж байгаа масло, гидро шингэн, бусад шингэнүүд асгарсан, гоожсон;
(ж) унтарсан хөдөлгүүрийг дахин асаах боломжгүй болсон;
(з) сэнсийг флюгердэх болон флюгерээс гаргах боломжгүй болсон;
(и) хөдөлгүүрийг унтраах, хүчийг нь удирдах боломжгүй болсон;
(к) аюултай нөхцөлд хүргэж болзошгүй, зөвшөөрөгдсөн үзүүлэлттэй харьцуулахад үзүүлэлт огцом унах (үзүүлэлтүүдийн зарцуулалтыг анхаарах, тормослох үйлдэл, түлшний зарцуулалт г.м)
(л) хөдөлгүүр, сэнс, даах сэнс, туслах хөдөлгүүрийн эргэлт зөвшөөрөгдсөн
хэмжээнээс хэтрэх;
(м) нислэгийн удирдлагын тоног төхөөрөмжийн тэгш хэмгүй байдал (флапс, слат, хурд сааруулагч г.м).
(н) агаарын хөлгийн удирдлагын системийн ажиллагаа удаашрах, гэмтэх, ажлын шингэнүүд, удирдлагын хөдөлгөөн хязгаарлагдах;
(о) нисдэг тэрэгний сэнснүүдийн авто тогтворжуулагчид гэмтэл гарах, бүрэн ажилгүй болох;
(п) агаарын хөлгийг нислэгийн ямарч үед хүссэн байдлаар жолоодох боломжгүй болох;
(р) нисгэх багийн гишүүдийг төөрөгдөлд оруулж болзошгүй хэрэглэлийн системийн гэмтлүүд;
(с) дохиоллын системийн гэмтлүүд /нисгэх баг гэмтэлтэй гэдгийг урьдчилан мэдсэнээс бусад/;
(т)заавал гүйцэтгэх шалгалтын үр дүнд чухал гэгдэх систем, эд ангид илрүүлсэн ямар нэгэн татгалзал, дутагдал;
(у)техникийн үйлчилгээ, их засварын үед илрүүлсэн, ашиглалтын ердийн нөхцөлд байж боломгүй элэгдэл, эвдрэл;
2.3.Хүчний төхөөрөмж /хөдөлгүүр, сэнс болон роторын системүүд/, туслах хөдөлгүүр /APUs/
1/Хөдөлгүүр унтрах, эсхүл хөдөлгүүрийн дутагдал;
2/Хөдөлгүүр, туслах хөдөлгүүр, стартер, генератор зэрэг өндөр эргэлттэй
эд ангийн гэмтэл;
3/Хөдөлгүүрийн эд ангийн эвдрэл, гэмтэл, дутагдал;
4/Хөдөлгүүрийн ажиллагааг өөрчлөөгүй байхад зүтгэх хүчинд аливаа өөрчлөлт орох (хэлбэлзэл, өөрчлөлт, алдагдал);
5/Тодорхой хугацаатай эд ангийн хувьд дуусах хугацаанаас нь өмнө гарсан аливаа гэмтэл, эвдрэл;
6/Хөдөлгүүрийн параметрүүд байх хэмжээнээс хэтрэх.
Сэнсний хувьд:
7/Хөдөлгүүр, эсхүл сэнсний эд ангийн гэмтэл, эвдрэл;
Роторын хувьд:
8/Нислэгийн үед роторын иж бүрдэл салах, эсхүл роторын удирдлагад алдаа гаргахад хүргэж болохуйц үндсэн роторын gearbox/бүрэлдэхүүн хэсгийн гэмтэл, эвдрэл;
9/Сүүлний роторын дамжуулах системийн гэмтэл;
Туслах хөдөлгүүрийн /APU/ хувьд:
10/Ашиглалтанд шаардсан үед туслах хөдөлгүүр /APU/ унтрах, эвдрэх /ETOPS, MEL г.м./;
11/Туслах хөдөлгүүрийг /APU/ унтраах боломжгүй болох;
12/Тогтоогдсон хэмжээнээс хэт хурдлах.
2.4.Бусад
13/Агаарын хөлгийн загварын онцлог шинж чанар, эсхүл үл нийцлээс үүдэн аливаа аюултай нөхцөл болон сүйрэлд хүргэж болзошгүй аливаа зөрчил;
14/Агаарын хөлөг, эсхүл түүний бүхээгт байгаа хүмүүсийг аюултай нөхцөл байдалд хүргэж болзошгүй зарим тохиолдлууд (бүхээгийн тоног төхөөрөмжийн, усны системийн, нэмэлт тоноглолын г.м);
15/Гал, дэлбэрэлт, хортой болон хор хөнөөлтэй хий;
16/Агаарын хөлөг, эсхүл агаарын хөлгийн ойр орчимд байгаа хүн, барилга байгууламжид аюул учруулж болзошгүй, эсхүл агаарын хөлөгт сууж яваа хүмүүсийн аюулгүй байдалд нөлөөлөхүйц бусад тохиолдлууд;
17/Нислэгийн үедийн нисгэгчийн суудлын тохируулгын алдагдал.
А-3.Агаарын хөлгийн техник үйлчилгээ болон засвар
1/Үзлэг шалгалт хийх үед агаарын хөлгийн эд анги, бүрэлдэхүүн хэсгийг буруу угсарсан;
2/Бүтцийн гэмтэлд хүргэх, хөдөлгүүрээс гарах халуун агаарын алдагдал;
3/Тодорхой хугацаатай эд ангийн хувьд дуусах хугацаанаас нь өмнө гарсан аливаа эвдрэл гэмтэл;
4/Аливаа шалтгаанаас болж доорх эд анги, хэсгүүд эвдрэл, элэгдэлд орох:
(а)үндсэн эд анги, эсхүл үндсэн эд ангийн гэмтэл, элэгдэл нь үйлдвэрлэгчийн гаргасан Засварын заавар /Repair Manual/-ын хязгаарлалтыг даван, тухайн эд ангийг засварлах, эсхүл бүтнээр нь солих шаардлага гарсан;
(б)үндсэн бус /secondary/ эд ангийн улмаас агаарын хөлгийг аюулд хүргэхүйц, эсхүл хүргэж болзошгүй тохиолдол;
(в)хөдөлгүүр, сэнс, эсхүл нисдэг тэрэгний роторын систем.
5/Нислэгт тэнцэх чадварын удирдамж, эсхүл ИНЕГ-аас гаргасан бусад заавал дагах удирдамжийг биелүүлэх явцад илэрсэн элэгдэл, гэмтэл, эсхүл аливаа тоног төхөөрөмжийн, системийн аливаа эвдрэл гэмтлийг зөвхөн дараах тохиолдолд мэдээлнэ:
(а)заавал биелүүлэх удирдамжийг хэрэгжүүлэгч байгууллагаас анх удаа илрүүлсэн бол;
(б)аливаа нэмэлт, заавал биелүүлэх удирдамжид тогтоогдсон хэмжээнээс хэтэрсэн, эсхүл тусгай журам байдаггүй бол.
6/Онцгой тохиолдлын систем, эсхүл тоног төхөөрөмжийн эвдрэл. Техник, үйлчилгээ, эсхүл туршилтын үед хэрэглэсэн ч гэсэн бүх гарах хаалга болон гэрэлтүүлэг ажиллуулахыг оруулна;
7/Техник үйлчилгээний журмын шаардлагыг биелүүлэхэд гарсан ноцтой алдаа, эсхүл үл нийцэл;
8/Аливаа бүтээгдэхүүн, эд анги, тоног төхөөрөмж, материалын эх үүсвэр мэдэгдэхгүй, эсхүл сэжигтэй байх;
9/Техник үйлчилгээг алдаанд хүргэх буруу, эсхүл дутуу техник, үйлчилгээний өгөгдөл;
10/Агаарын хөлгийн систем, эсхүл тоног, төхөөрөмжийг шалгах, туршихад ашиглагддаг газрын тоног төхөөрөмжийн гэмтэл, эвдрэл, доголдол.
А-4.Агаарын навигацын үйлчилгээ,тоног төхөөрөмж болон газрын үйлчилгээтэй холбоотой зөрчлүүд
4.1.Нислэгийн хөдөлгөөний удирдлага
1/Осол, эсхүл мөргөлдөх аюулд орохуйц дараах нөхцөл байдлууд:
(а) зайлсхийх үйлдэл шаардаагүй зурвасан дээрх ойртолт;
(б) зурвасан дээрх саадыг тойрох, зогсох/excursion/;
(в) НХУ-ын заавраас гажих.
2/Өндрийн хэрэглэлийн тохируулгын даралтын мэдээллийг алдаатай өгөх;
3/Агаарын хөлгийг радиолокаторт буруу таних;
4/Чухал мэдээллийг алдаатай дамжуулах, хүлээн авах;
5/Агаарын хөлөг хоорондын аюулгүй зайчлал алдагдах;
6/Нислэгийн явцад тогтоосон агаарын зайг мэдээлэхгүйгээр /дур мэдэн/ өөрчлөх;
7/Харилцаа холбооны функц алдагдах;
8/Бодит ажиглалтын функц алдагдах;
9/Өгөгдөл боловсруулалт болон хуваарилах функц алдагдах;
10/Навигацийн функц алдагдах.
4.2.Холбоо, навигацийн тоног төхөөрөмж
1/Радио навигацийн байгууламжийн техникийн өгөгдөл нь нарийвчлалын зөвшөөрөгдөх хэлбэлзлийн гадна ажиллаж байгаа, эсхүл гэмтлээс шалтгаалан техникийн ажиллагаа бүрэн зогсох;
2/Холбооны байгууламжийн техникийн өгөгдөл нь нарийвчлалын зөвшөөрөгдөх хэлбэлзлийн гадна ажиллаж байгаа, эсхүл гэмтлээс шалтгаалан техникийн ажиллагаа бүрэн зогсох.
4.3.Мэдээлэлтэй холбоотой
1/Дараах баримт бичгүүд алдаатай, эсхүл буруу хийгдсэнээс шалтгаалсан зөрчил:
(а) AIP;
(б) газрын зураг;
(в) нислэгийн зураг;
(г) заавар;
(д) цаг уурын мэдээлэл.
А.5.Аэродром болон аэродромын тоног төхөөрөмжтэй холбоотой зөрчлүүд
1/Аэродромын гэрэл суултын системд гэмтэл учирсан, эсхүл бүрэн ажиллагаагүй болсон;
2/Аэродромын талбайн хучилтын гэмтлүүд;
3/Аэродромын талбайд түлш их хэмжээгээр асгарсан;
4/Аэродромын талбай дээрх аюултай, саадтай хэсгийн тэмдэглэгээг алдаатай буюу дутуу хийсэн, эсхүл огт хийгээгүй;
5/Хөөрөх буух зурвас, явгалах замыг гадны зүйлээр хаасан;
6/Аэродром дээр хөдөлгөөн үйлдэж байгаа агаарын хөлгүүд өөр хоорондоо буюу бусад тээврийн хэрэгсэл, газрын төхөөрөмжтөй мөргөлдсөн;
7/Аэродромд хөдөлгөөн үйлдэж байгаа агаарын хөлөг хиймэл хучилттай хэсгээс санамсаргүйгээр гарсан.
А.6.Зорчигч, ачаа тээвэрлэхтэй холбоотой зөрчлүүд
1/Ачаа, шуудан тээвэрлэснээр агаарын хөлгийн бүтэц, систем, эсхүл тоноглол их хэмжээгээр бохирдсон;
2/Зорчигч, тээш, ачааг агаарын хөлгийн жин, төвлөрөлтөд нөлөөлөхөөр буруу байрлуулсан;
3/Ачаа, тээш /гар тээш орно/-ийг агаарын хөлөг, түүний тоноглол болон түүнд байгаа хүмүүст, эсхүл онцгой нөхцөлийн үед нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд саад болохоор ачих/байрлуулах;
4/Ачааны чингэлэг, эсхүл бусад зүйлийг буруу байрлуулснаас аюултай ачаа сав, баглаа боодлоосоо асгарах, гоожих, эсхүл цацраг идэвхит бодис алдагдах;
5/Холбогдох дүрэм, журмыг зөрчиж буруу тэмдэг тэмдэглэгээ хийсэн, буруу савлаж багласан аюултай ачааг тээвэрлэсэн, эсхүл тээвэрлэхийг завдсан.
А.7.Газрын үйлчилгээтэй холбоотой зөрчлүүд
1/Агаарын хөлгийн систем, тоног төхөөрөмжийг турших, шалгахад ашиглагдах газрын тоног төхөөрөмжийн гэмтэл, эвдрэл, доголдол;
2/Шаардагдах үйлчилгээний журмыг биелүүлэхэд гарсан ноцтой алдаа, эсхүл үл нийцэл;
3/Буруу төрлийн, эсхүл бохирдсон түлшээр сумалгаа хийх, үүнд бусад төрлийн шингэнийг оруулна (хүчилтөрөгч, ундны ус г.м).
А.8.Шувуутай холбоотой зөрчлүүд
1/Нислэг үйлдэж буй агаарын хөлөг шувуутай мөргөлдсөн;
2/Нэг, эсхүл сүрэг шувуу нислэг үйлдэж буй агаарын хөлөгт хэт ойртож нисгэгчийг түгшүүр зарлахад хүргэсэн.
ХАВСРАЛТ Б.ЗААВАЛ МЭДЭЭЛЭХ НОЦТОЙ ЗӨРЧЛИЙН ЖАГСААЛТ
1/Нислэгт байгаа агаарын хөлөг мөргөлдөж болзошгүй аюултай нөхцөл байдлаас гарах зорилгоор зайлшгүй үйлдэл хийхэд хүргэсэн аюултай ойртолт;
2/Хэвийн удирдлага, хяналттай агаарын хөлөг аюулгүй зайнаас доош орж, газрын гадаргуутай мөргөлдөхөөс зайлсхийсэн нөхцөл;
3/Хаалттай болон чөлөөлөгдөөгүй ХБЗ-аас болж агаарын хөлгийн хөөрөлтийг зогсоох;
4/Хаалттай болон чөлөөлөгдөөгүй ХБЗ-ны саадаас, аюулгүй зайнаас бага зайд хөөрөлт үйлдэх;
5/Хаалттай болон чөлөөлөгдөөгүй хөөрч, буух зурваст буух оролдлого хийх, буух;
6/Гүйлтийн болон өндөр авалтын эхний шатанд агаарын хөлөг шаардлагатай үзүүлэлтүүдэд хүрэх боломжгүй/ чадамжгүй болох;
7/Нислэгийн үед зорчигчийн бүхээг болон ачааны тасалгаанд гал гарах, утаа орж ирэх, хөдөлгүүрт гал гарах /гал унтраах хэрэгсэл ашиглан галыг унтраасан ч гэсэн/;
8/Нисгэх баг хүчилтөрөгчийн төхөөрөмж яаралтай ашиглахад хүргэсэн нөхцөл;
9/Осолд тооцогдохгүй, агаарын хөлгийн бүтцийн, эсхүл хөдөлгүүрийн эвдрэл;
10/Агаарын хөлгийн нислэгийн үйл ажиллагаанд ноцтой нөлөөлж болох нэг болон түүнээс дээш систем ажилгүй болох;
11/Нислэгийн үед нисгэх багийн гишүүд хөдөлмөрийн чадвараа алдах;
12/Нисгэх багаас түлшний хэмжээний талаар онцгой нөхцөл зарласан /түлшний хэмжээ ноцтойгоор багассан, эсхүл түлш шилжүүлэх боломжгүй болсон, эсхүл хэрэглэх боломжтой /usable/ түлшийг дуустал хэрэглэсэн г.м./;
13/Хөөрөлт, буултын үед зурвасыг давах, зурвасанд хүрэхгүй буух, зурвасны хажуу тийш гарах гэх мэт хөөрөлт, буултын үеийн зөрчил;
14/Системийн татгалзал, цаг агаарын аюултай үзэгдэлтэй бүсэд орох, нислэгийн өгөгдөхүүний хязгаарлалтаас давах зэрэг агаарын хөлгийг жолоодоход хүндрэл учруулсан нөхцөл;
15/Нислэгийн удирдлага болон навигацид зайлшгүй шаардлагатай нөөц системийн нэгээс дээш системийн татгалзал;
16/Агаарын хөлгөөс сэнсний алганы аливаа хэсэг салах /газартай шүргэлцэж салснаас бусад/ тохиолдол;
17/Агаарын хөлгийн нисгэгчийн бүхээгийн дэлгэц /Primary Flight Display (PFD) болон Primary Navigation Display (PND), мөн бусад бүрэлдэхүүн дэлгэцүүд болох Electronic Flight Instrument System display (EFIS), Engine Indication and Crew Alerting System (EICAS), Electronic Centralized Aircraft Monitor (ECAM) г.м/-үүдийн 50-иас дээш хувийн мэдээлэл бүрэн алдагдсан;
18/Хэрэглэлийн нислэгийн дүрэм /ХНД/-ийн нислэгийн төлөвлөгөөгөөр болон "А" ангиллын агаарын зайд нислэг үйлдэж байгаа агаарын хөлөг нэг болон түүнээс дээш агаарын хөлөгтэй мөргөлдөх бодит эрсдлээс зайлсхийхийн тулд Аirborne Collision and Avoidance System (ACAS)-аас өгсөн зөвлөмжийг дагасан;
19/Нисдэг тэрэгний даах сэнсний, эсхүл сүүлний сэнсний алганы эвдрэл;
20/Гал, дэлбэрэлт, утаа, эсхүл хортой утаа /галыг унтраасны дараа гарч байгаа утааг оруулна/;
21/Аврах ажиллагаа /evacuation/ хийхэд хүргэсэн тохиолдол;
22/Битүүмжлэл алдагдсан;
23/Онцгой нөхцөл байдал зарлахад хүргэсэн тохиолдол /mayday, эсхүл panne/.
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ДҮРЭМ-12
ОСОЛ, ЗӨРЧЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭХ
ГАРЧИГ
А БҮЛЭГ.ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
12.1.Зорилго
12.3.Үйлчлэх хүрээ
12.5.Тодорхойлолт
Б БҮЛЭГ.ОСОЛ, ЗӨРЧЛИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭХ
12.51.Осол, ноцтой зөрчлийн талаар заавал мэдээлэх
12.53.Осол, ноцтой зөрчлийн тухай нарийвчилсан мэдээлэл
12.55.Зөрчлийн талаар заавал мэдээлэх
12.57.Осол, зөрчлийн талаар сайн дураар мэдээлэх
В БҮЛЭГ.БУСАД ЗҮЙЛ
12.101.Зөрчлийг шинжлэн шалгах ба тайлагнах
12.103.Мэдээллийн нууцыг хамгаалах
12.105.Осол, зөрчлийн мэдээллийн сан
12.107.Осол, зөрчлийн мэдээллийн систем
12.109.Гадаадын агаарын хөлгийн эвдрэл гэмтлийн талаар мэдэгдэх
12.111.Хариуцлага
ХАВСРАЛТ А.ЗААВАЛ МЭДЭЭЛЭХ ЗӨРЧЛҮҮДИЙН ЖАГСААЛТ
ХАВСРАЛТ Б.ЗААВАЛ МЭДЭЭЛЭХ НОЦТОЙ ЗӨРЧЛИЙН ЖАГСААЛТ
ИНД-12."Осол, зөрчлийн талаар мэдээлэх"-д ишлэл хийсэн дүрмийн жагсаалт:
ИНД-1."Тодорхойлолт ба товчлол"
ИНД-92."Аюултай ачаа тээвэрлэх"
ИНД-101."Хүнгүй нисдэг төхөөрөмж болон автожир–үйл ажиллагаа";
ИНД-103."Хэт хөнгөн агаарын хөлөг – үйл ажиллагаа";
ИНД-104."Планер-үйл ажиллагаа";
ИНД-105."Шүхрийн үйл ажиллагаа";
ИНД-106."Дельтаплан-үйл ажиллагаа";
ИНД-119."Агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ";
ИНД-139."Аэродром, гэрчилгээжүүлэлт ба ашиглалт"
ИНД-140."Нисэхийн аюулгүй байдлын үйлчилгээний байгууллагыг гэрчилгээжүүлэх"
ИНД-129."Гадаадын агаарын тээвэрлэгчийг гэрчилгээжүүлэх"
ИНД-145."Агаарын хөлгийн техник үйлчилгээний байгууллагыг гэрчилгээжүүлэх"
ИНД-148."Агаарын хөлөгт хамаарах бүтээгдэхүүн, эд анги үйлдвэрлэгч байгууллагыг гэрчилгээжүүлэх"
ИНД-171."Агааарын навигацийн үйлчилгээний техникийн байгууллага-үйл ажиллагаа ба гэрчилгээжүүлэлт"
ИНД-172."Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний байгууллага-гэрчилгээжүүлэлт"
ИНД-175."Нисэхийн мэдээллийн үйлчилгээний байгууллага, гэрчилгээжүүлэлт.
Текст томруулах
A
A
A