- Нүүр
- Сайдын тушаал
- НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ЭТГЭЭДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ /Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 91-р тушаалаар хүчингүй болсон/
/Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 91-р тушаалаар хүчингүй болсон/
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 228 дугаар тушаалын хавсралт
НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ЭТГЭЭДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ
Нэгдүгээр зүйл. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү журмын зорилго нь Авто тээврийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7 дахь хэсэг, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх этгээдийг сонгон шалгаруулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
1.2. Авто тээврийн тухай хууль болон Иргэний хуульд нийцүүлэн боловсруулсан энэхүү журмын дагуу сонгон шалгаруулалт явуулж Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг олгоно.
1.3. "Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх этгээдийг сонгон шалгаруулах журам"-ыг
/Цаашид "сонгон шалгаруулалт" гэх / баримтлан Авто тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгон шалгаруулалтыг явуулна.
1.4. Сонгон шалгаруулалтыг шударга, ил тод, хараат бус, өрсөлдөх тэгш боломжтой олон нийтийн хяналтын дор явуулах нөхцлийг бүрдүүлнэ.
1.5. Аймаг, нийслэлийн Засаг дарга нь орон нутгийн тээвэрлэлт, хот доторх болон хот орчмын тээвэрлэлтийг гүйцэтгэх этгээдийг сонгон шалгаруулахад энэхүү журмыг баримталж болно.
Хоёрдугаар зүйл. Нэр томъёоны тайлбар
2.1. Энэхүү журамд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
2.1.1. "Сонгон шалгаруулалтын материал" гэж Авто тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас зарласан сонгон шалгаруулалтанд оролцохоор ирүүлсэн бичиг баримтыг;
2.1.2."Оролцогч" гэж сонгон шалгаруулалтын материал ирүүлсэн Авто тээврийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7-д заасан сонирхогч этгээдийг;
2.1.3. "Сонгон шалгаруулалтын материал авах эцсийн хугацаа" гэж нь энэхүү журмын 4 дүгээр зүйлийн 4.2.6-д заасан хугацааг;
2.1.4. "Өдөр тутмын сонин" гэж Монгол Улсад өдөр тутам хэвлэгдэн нийтлэгддэг үндэсний сонинг;
2.1.5. "Сонгон шалгаруулалтын урилга" гэж энэхүү журамд заасан, өдөр тутмын сонинд нийтлэгдсэн зарыг;
2.1.6. "Сонгон шалгаруулалтын баримт бичиг" гэж Авто тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас сонгон шалгаруулалтад оролцогчдод зориулан гаргасан сонгон шалгаруулалтын нөхцөл шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг;
2.1.7. "Шалгарсан оролцогч" гэж сонгон шалгаруулалтаар хамгийн өндөр үнэлгээ авсан оролцогчийг;
2.1.8. "Сонгон шалгаруулалт" гэж Авто тээврийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7-д заасны дагуу энэхүү журмаар нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх этгээдийг сонгох үйл ажиллагааг;
2.1.9. "Сонгон шалгаруулалтын чиглэл" гэж сонгон шалгаруулалтын урилгад заасан нийтийн тээвэрлэлтийн чиглэлийг;
2.1.10. "Сонгон шалгаруулалтын комисс" гэж энэхүү журмын дагуу сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг явуулах Авто тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын тушаалаар батлагдсан бүрэлдэхүүнийг;
2.1.11. "Сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлт" гэж энэхүү журмын дагуу явагдсан сонгон шалгаруулалтын үйл ажиллагааны үр дүнг тодорхойлсон баримт бичгийг;
Гуравдугаар зүйл. Сонгон шалгаруулалтын бэлтгэл хангах
3.1. Сонгон шалгаруулалтын материалыг Авто тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын Тээвэр зохицуулалтын асуудал хариуцсан нэгж боловсруулж сонгон шалгаруулалт зарлах чиглэл болон холбогдох мэдээллийг Авто тээврийн газрын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, сонгон шалгаруулалт зарлах эсэх тухай шийдвэр гарган Авто тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын тушаалаар батлуулна.
3.2. Авто тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгон шалгаруулалт явуулах шаардлагатай гэж үзсэн бол Авто тээврийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7-д заасны дагуу өргөдөл гаргасан сонирхогч этгээдэд сонгон шалгаруулалт болох тухай мэдэгдэл хүргүүлнэ.
Дөрөвдүгээр зүйл. Сонгон шалгаруулалтын урилга
4.1. Авто тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын сонгон шалгаруулалт явуулах тухай тушаалыг үндэслэн Тээвэр зохицуулалтын асуудал харицсан нэгж энэхүү журмын 3.2-т заасны дагуу явуулах сонгон шалгаруулалтын зар, сонгон шалгаруулалтын урилгыг өдөр тутмын сонинд нийтэлж, байгууллагын вэб сайтын нүүр хуудсанд байршуулна.
4.2. Сонгон шалгаруулалтын урилгад дараахь мэдээллийг тусгасан байна.
4.2.1. Сонгон шалгаруулалтын чиглэл, нэр;
4.2.2. Түншлэл оролцуулах эсэх;
4.2.3. Сонгон шалгаруулалтын материалыг ирүүлэх хаяг, хүлээн авах ажилтан;
4.2.4. Сонгон шалгаруулалтын материалыг хүлээн авах эцсийн хугацаа;
4.2.5. Сонгон шалгаруулалтын материалыг нээх хугацаа, газар;
4.3. Сонгон шалгаруулалтын материалыг хүлээн авах эцсийн хугацаа нь өдөр тутмын сонин, байгууллагын вэб сайтад сонгон шалгаруулалтын урилга нийтлэгдсэнээс хойш ажлын 14 өдрөөс доошгүй байна.
Тавдугаар зүйл. Сонгон шалгаруулалтын материалд
тавигдах шаардлага, түүнийг хүлээн авах
5.1. Сонгон шалгаруулалтын материал нь Авто тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас гаргасан сонгон шалгаруулах баримт бичгийн дагуу бүрдүүлсэн эх ба хуулбар гэсэн 2 хувь байна.
5.2. Битүүмжилсэн сонгон шалгаруулалтын материалын, хавтасны гадна талын зүүн дээд буланд сонгон шалгаруулалтанд оролцохоор материалыг ирүүлж буй этгээдийн нэр, хаяг, сонгон шалгаруулалт зарласан чиглэл, нэр, сонгон шалгаруулалтын материалын хуудасны нийт тоо, эх эсхүл хуулбар хувийн аль нь болохыг бичсэн байна.
5.3. Сонгон шалгаруулалтад оролцогч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын захирал, дарга эсхүл төлөөлөгч биечлэн сонгон шалгаруулалтын урилгад заасан хугацаанд, дурьдсан хаягаар, хуудас тус бүрийг дугаарлан баталгаажуулан лацдаж, битүүмжилсэн сонгон шалгаруулалтын материалыг Авто тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын Тээвэр зохицуулалтын асуудал хариуцсан нэгжийн холбогдох мэргэжилтэнд хүлээлгэн өгнө.
5.4. Энэ журмын 5.2 дахь заалтад заасан шаардлагыг хангасан сонгон шалгаруулалтын материалыг Тээвэр зохицуулалтын асуудал хариуцсан нэгжийн холбогдох мэргэжилтэн хүлээн авч бүртгэлийн дэвтэрт бүртгэх ба сонгон шалгаруулалтын материалын хавтас дээр бүртгэсэн он, сар, өдөр, цаг, минут, бүртгэлийн дугаарыг тэмдэглэж, энэ тухай тодорхойлолтыг оролцогчид өгнө.
5.5. Сонгон шалгаруулалтын материал нь энэ журмын 5.2 дахь заалтад заасан шаардлагыг хангахгүй бол Тээвэр зохицуулалтын асуудал хариуцсан нэгжийн холбогдох мэргэжилтэн тэмдэгдэл үйлдэн хүлээн авахаас татгалзсан үндэслэл, буцаасан он, сар, өдөр, цаг, минутыг тэмдэглэсэн тодорхойлолтыг сонгон шалгаруулалтын материалын хамт сонгон шалгаруулалтын материалыг авч ирсэн этгээдэд буцаан өгнө.
5.6. Сонгон шалгаруулалтын урилгад заасан хугацаа дуусмагц Тээвэр зохицуулалтын асуудал хариуцсан нэгжийн холбогдох мэргэжилтэн хүлээн авсан болон буцаасан сонгон шалгаруулалтын материалын бүртгэх дэвтэрийг хааж, ирүүлсэн нийт сонгон шалгаруулалтын материалыг сонгон шалгаруулах комиссын даргад тэмдэглэл үйлдэн хүлээлгэн өгнө.
Зургаадугаар зүйл. Сонгон шалгаруулалтын материалыг
нээх
6.1. Сонгон шалгаруулах комисс сонгон шалгаруулалтын урилгад заасан газарт, дурьдсан хугацаанд сонгон шалгаруулалтын материалыг нээнэ.
6.2. Сонгон шалгаруулалтын материалыг нээх үед дараахь зарчмыг баримтлана:
6.2.1. Сонгон шалгаруулалтын материал ирүүлсэн иргэн, аж ахуй нэгж, байгууллага тэдгээрийн төлөөлөгчийг сонгон шалгаруулалтын материал нээх ажиллагаанд оролцуулах нөхцлийг Авто тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага бүрдүүлэх;
6.2.2. Сонгон шалгаруулалтанд ирүүлсэн материалын эхийг задалж, бүрдэл нь бүрэн эсэхийг шалгаж дэлгэрэнгүй тэмдэглэл хөтлөх;
Долдугаар зүйл. Сонгон шалгаруулалтын комисс
7.1. Сонгон шалгаруулах комисс нь дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдсэн 5-9 хүртэл хүний бүрэлдэхүүнтэй байна.
7.2. Сонгон шалгаруулалт явуулах комиссын бүрэлдэхүүнд Авто тээврийн чиглэлээр мэргэжлийн ур чадвартай, сонгон шалгаруулалтын материал үнэлэх туршлагатай Авто тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын ажилтан орох ба бүрэлдэхүүнийг Авто тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын тушаалаар батална.
7.3. Сонгон шалгаруулах комиссын бүрэлдэхүүнд Авто тээврийн салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулж болно.
7.4. Сонгон шалгаруулалтын материалыг нээж үзсэний дараа сонгон шалгаруулах комисс сонгон шалгаруулалтын материал тус бүрт үнэлгээ өгнө.
7.5. Сонгон шалгаруулах комисс нь нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх этгээдийн сонгон шалгаруулалтын материалд үнэлгээ өгөх баталсан "Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх этгээдийг сонгон шалгаруулах журам"-ын 2 дугаар хавсралтаар баталсан үнэлгээний дүгнэлтийн дагуу шалгуур үзүүлэлт тус бүрээр оноогоор дүгнэнэ:
7.6. Сонгон шалгаруулах комиссын 75 ба түүнээс дээш хувийн ирцээр сонгон шалгаруулах комиссын хуралдаан нь хүчин төгөлдөр болох ба комисс нь дараахь эрх үүрэгтэй.
7.6.1. Сонгон шалгаруулалтыг урилгад заасан чиглэлд, хугацаанд нь эхлүүлэх;
7.6.2. Сонгон шалгаруулалт явуулах тухай Авто тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын тушаалыг сонгон шалгаруулалтад оролцогчдод танилцуулах, холбогдох асуудлаар оролцогчдоос тавьсан асуултанд тайлбар өгөх;
7.6.3. Сонгон шалгаруулалтын материалд энэхүү журмын хавсралтаар батлагдсан үнэлгээний хүснэгтийн дагуу үнэлгээ хийж, дүгнэлт гаргах;
7.6.4. Сонгон шалгаруулалт зарласан чиглэлд сонгон шалгаруулалтын материал ирээгүй бол энэ тухай тэмдэглэл үйлдэх;
7.6.5. Сонгон шалгаруулалт зарласан чиглэлд ирүүлсэн бүх сонгон шалгаруулалтын материал нь энэ журмын 6.2.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй бол сонгон шалгаруулалтыг хүчингүй болгож, дахин сонгон шалгаруулалт явуулах тухай дүгнэлт гаргах;
7.6.6. Сонгон шалгаруулалтын үйл явцыг нэг бүрчлэн үнэн зөв, бүрэн тэмдэглэх.
7.7. Сонгон шалгаруулалтын комиссийн дарга, нарийн бичгийн дарга, гишүүдэд Төрийн нууцын тухай хууль, Байгууллагын нууцын тухай хууль, Хувь хүний нууцын тухай хуульд заасан мэдээллийг задлах, нийтлэх буюу тараахыг хориглоно.
7.8. Сонгон шалгаруулалтын материалыг ажлын 10 өдөрт багтаан үнэлж, сонгон шалгаруулах комиссын хуралдааны тэмдэглэл үйлдэнэ.
Наймдугаар зүйл. Сонгон шалгаруулалтанд
оролцогчдын эрх, үүрэг
8.1 Сонгон шалгаруулалтад оролцогч дараахь эрх, үүрэгтэй:
8.1.1. Сонгон шалгаруулалтын талаар Авто тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай харилцахдаа аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөгч, дарга, захирлаар дамжуулан харилцах;
8.1.2. Сонгон шалгаруулалтын материал үнэн зөв бүрдүүлж ирүүлэх;
8.1.3. Сонгон шалгаруулалтай холбоотой асуудлаар Авто тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас лавлагаа, мэдээлэл авах;
Есдүгээр зүйл . Сонгон шалгаруулалтанд шалгарсан оролцогч
9.1. Сонгон шалгаруулалтаар хамгийн өндөр үнэлгээ авсан оролцогчийг тухайн чиглэлийн сонгон шалгаруулалтад ялсанд тооцно.
9.2. Үнэлгээ тэнцсэн тохиолдолд сонгон шалгаруулах комиссын бүх гишүүдийн дахин үнэлгээ хийж ялагчийг тодруулна.
Аравдугаар зүйл. Сонгон шалгаруулалтын дүнг зарлах
10.1. Сонгон шалгаруулалтын материалд үнэлгээ хийж дууссанаас хойш ажлын 5 өдрийн дотор сонгон шалгаруулах комисс нь:
10.1.1. Сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлтийг Авто тээврийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргын тушаалаар баталгаажуулна.
10.1.2. Авто тээврийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргын тушаалыг үндэслэн шалгарсан оролцогчид сонгон шалгаруулалтад шалгарсан тухай харин бусад оролцогч нарт шалгараагүй үндэслэлийг дурьдсан мэдэгдлийг өгнө.
Арваннэгдүгээр зүйл. Тусгай зөвшөөрөл олгох
11.1. Сонгон шалгаруулалтын комиссын дүгнэлтийг үндэслэн шалгарсан оролцогчид Авто тээврийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг олгоно.
11.2. Шалгарсан оролцогч нь Авто тээврийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга болон холбогдох нэгжтэй Авто тээврийн тухай хуулийн 15 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагад хяналт тавих нөхцлийг тусгасан гэрээ байгуулна.
11.3. Шалгарсан оролцогч тусгай зөвшөөрөл авахаас татгалзаж буйгаа бичгээр мэдэгдсэн, түүнчлэн тухайн сонгон шалгаруулалтанд шалгарсан оролцогч нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол Авто тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь хамгийн өндөр үнэлгээ авсан удаахь оролцогчид тусгай зөвшөөрөл олгох тухай шийдвэр гаргана.
--- оОо ---
Текст томруулах
A
A
A