- Нүүр
- Сайдын тушаал
- ӨМГӨӨЛӨГЧИЙН МЭРГЭШЛИЙН ШАЛГАРУУЛАЛТ ЯВУУЛАХ ЖУРАМ Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016-12-16 Дугаар А/120 тушаалаар хүчингүй болсон.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016-12-16 Дугаар А/120 тушаалаар хүчингүй болсон.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2010 оны
52 дугаар тушаалын 2 дугаар хавсралт
ӨМГӨӨЛӨГЧИЙН МЭРГЭШЛИЙН ШАЛГАРУУЛАЛТ ЯВУУЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох мэргэшлийн шалгаруулалт явуулахад энэхүү журмыг баримтална.
1.2.Өмгөөлөгчийн мэргэшлийн шалгаруулалтыг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд байгуулагдсан Мэргэшлийн хороо зохион байгуулна.
1.3.Мэргэшлийн шалгаруулалт явуулах хугацааг Хууль зүй, дотоод хэргийн сайд тогтооно.
Хоёр.Мэргэшлийн шалгаруулалт явуулах товыг нийтэд зарлах, шалгаруулалтад оролцох хүсэлт гаргасан хуульчдыг бүртгэх
2.1.Мэргэшлийн шалгаруулалтын товыг шалгаруулалт эхлэхээс 30-аас доошгүй хоногийн өмнө өдөр тутмын хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлана.
2.2.Зарлалд мэргэшлийн шалгаруулалт явуулах газар, хугацаа, мэргэшлийн шалгаруулалтад оролцогчдоос бүртгүүлэхэд шаардагдах бичиг баримтын бүрдүүлбэрийн жагсаалт болон холбогдох бусад мэдээллийг тусгана.
2.3.Мэргэшлийн шалгаруулалтад оролцох хүсэлт гаргасан хуульчдын бүртгэлийг шалгаруулалт зарласан өдрөөс эхлэн ажлын 14 хоногт багтаан хийх бөгөөд шалгаруулалт эхлэхээс 7 хоногийн өмнө дуусгавар болгоно.
2.4.Мэргэшлийн шалгаруулалтад оролцогчдын бүртгэлийг Монголын Өмгөөлөгчдийн холбооны Ажлын албаны ажилтнуудын оролцоотойгоор хийнэ.
2.5. Мэргэшлийн шалгаруулалтад оролцогч нь дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ:
2.5.1.өмгөөлөгчийн мэргэшлийн шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл/Мэргэшлийн хорооноос баталсан маягтаар/;
2.5.2.эрх зүйн бакалаврын диплом болон иргэний үнэмлэхийн хуулбар /нотариатчаар гэрчлүүлсэн/;
2.5.3.хуульчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн гэрчилгээний хуулбар /нотариатчаар гэрчлүүлсэн/;
2.5.4.ял шийтгэлгүй тухай цагдаагийн байгууллагын тодорхойлолт;
2.5.5.ажиллаж байгаа, эсхүл хамгийн сүүлд ажиллаж байсан байгууллагаас олгосон ажил байдлын тодорхойлолт;
2.5.6.төрийн албанд ажиллаж байсан оролцогчийн хувьд тухайн байгууллагаас чөлөөлөгдсөн шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
2.5.7.төрийн тусгай албан хаагчдын эмнэлгээс олгосон маягтын дагуу эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан тухай баримт;
2.5.8.бүртгэлийн хураамж төлсөн баримт.
2.6.Энэ журмын 2.5-д дурдсан бичиг баримтын бүрдүүлбэрийг хангаагүй нь тухайн оролцогчийг бүртгэхээс татгалзах үндэслэл болно.
Гурав. Мэргэшлийн хорооны эрх хэмжээ
3.1.Мэргэшлийн хорооны үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байх бөгөөд бүх гишүүдийн дийлэнхи олонхи оролцсоноор хуралдаан хүчин төгөлдөр болно.
3.2.Мэргэшлийн хороо хэлэлцсэн асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнхи олонхийн саналаар шийдвэрлэх ба хуралдааны явцын тухай тэмдэглэл хөтөлнө.
3.3.Мэргэшлийн хороо мэргэшлийн шалгаруулалт явуулахтай холбогдуулж дараахь бүрэн эрх эдэлнэ:
3.3.1.мэргэшлийн шалгаруулалтад оролцогчдыг бүртгэх маягтын загварыг боловсруулж, батлах;
3.3.2.мэргэшлийн шалгаруулалтын сорил, бодлогын даалгаврыг боловсруулж бэлтгэх, нууцлалыг хангах;
3.3.3.мэргэшлийн шалгаруулалт явуулах бэлтгэл ажлыг зохион байгуулах;
3.3.4.мэргэшлийн шалгаруулалтад оролцохоор бүртгүүлсэн хуульчдын бичиг баримтын бүрдүүлбэрийг шалгаж нягтлах;
3.3.5.шалгаруулалтад оролцогчийн бичиг баримт нь зохих шаардлага хангаагүй тохиолдолд түүнийг мэргэшлийн шалгаруулалтад оруулахгүй байх асуудлыг шийдвэрлэж, хариуг бичгээр мэдэгдэх;
3.3.6.мэргэшлийн шалгаруулалтыг тогтоосон хугацаанд энэхүү журмын дагуу явуулах;
3.3.7.мэргэшлийн шалгаруулалтын дүнг гаргаж, оролцогчдод мэдээлэх;
3.3.8.мэргэшлийн шалгаруулалттай холбогдож шалгаруулалтад оролцогчдоос гаргасан гомдол, маргааныг шийдвэрлэх.
3.4.Мэргэшлийн шалгаруулалтын сорилго, бодлогын нууцлалыг Мэргэшлийн хорооны дарга хариуцна.
Дөрөв.Мэргэшлийн хорооны дарга, гишүүдийн бүрэн эрхийн хугацаа, хүлээх хариуцлага
4.1.Мэргэшлийн хорооны дарга, гишүүдийн бүрэн эрхийн хугацаа 3 жил байна.
4.2.Мэргэшлийн хорооны дарга, гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тохиолдолд холбогдох байгууллагын саналыг харгалзан тэдгээрийн бүрэн эрхийн хугацааг мөн хугацаагаар сунгаж болно.
4.3.Мэргэшлийн шалгаруулалтын материалын нууцлалыг бусдад задруулах, танил тал харах, шалгаруулалтад тэнцүүлэхээр бусдад урьдчилан амлах, шалгуулагчийн даалгаврын гүйцэтгэлийг шударга бус дүгнэх зэргээр ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гишүүний бүрэн эрхийг хугацаанаас нь өмнө дуусгавар болгоно.
4.4.Энэ журмын 4.3-т заасан шийдвэрийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гаргаж, хувийг холбогдох байгууллагад хүргүүлнэ.
Тав. Мэргэшлийн шалгаруулалт явуулах, дүгнэх
5.1.Мэргэшлийн шалгаруулалт нь сорилго болон бодлого бодох гэсэн 2 хэлбэртэй байна.
5.2.Шалгуулагч бүрт шалгалтын даалгаврын болон гүйцэтгэлийн хуудас өгөх ба шалгуулагч нь даалгаврын хуудсаа уншиж, гүйцэтгэлийн хуудсыг бөглөнө.
5.3.Сорилгын даалгавар нь холбогдох хууль тогтоомж, мэргэжлийн мэдлэгийн түвшинг тодорхойлох 100 асуулттай байх бөгөөд зөв хариулт бүрт 1 оноо өгнө.
5.4.Бодлогын даалгавар нь эрх зүйн салбарын чиглэлээр урьдчилан бэлтгэсэн өгөгдлийг хууль хэрэглэж бодох, өмгөөллийн үйл ажиллагаанд холбогдох бичиг баримт боловсруулах практик чадварыг шалгуулагчаар биечлэн гүйцэтгүүлэхэд чиглэнэ.
5.5.Бодлогын нийлбэр оноо 60 байх бөгөөд шалгуулагч нь 30 ба түүнээс дээш оноо авсан байвал зохино.
5.6.Бодлогын өгөгдөл бүрт өгөх оноог нөхцөл бүрийн дор тэмдэглэнэ.
5.7.Сорилгод хариулах хугацаа 100 минут, бодлого бодох хугацаа бодлого бүрт 60 минут байна.
5.8.Шалгуулагч нь сорилгын шалгалтаар авбал зохих 100 онооноос 60 ба түүнээс оноо авсан бол түүнийг бодлогын шалгалтад оруулна.
5.9.Сорилго, бодлогын гүйцэтгэлийн нийт онооны нийлбэр 160 байх бөгөөд сорилго болон бодлогын нийлбэр дүнгээр 90 ба түүнээс дээш оноо авсан хүнийг шалгалтад тэнцсэн гэж үзнэ.
5.10.Сорилгыг гүйцэтгэхдээ хууль тогтоомж, эрх зүйн сурах бичиг, бусад ном товхимол ашиглахыг хориглох бөгөөд харин бодлогын шалгалтын үед холбогдох хууль хэрэглэхийг зөвшөөрнө.
5.11.Бодлогыг дүгнэхдээ хариултын хууль зүйн үндэслэл, бүрэн хариулсан байдал, бичиг баримтын боловсруулалтын түвшинг харгалзана.
5.12.Шалгуулагчийн даалгаврын гүйцэтгэлийн хуудсыг нууцалсан шифрээр дугаарлана.
5.13.Сорилгыг дүгнэхдээ гүйцэтгэлийн хуудсыг зориулалтын машинаар уншуулж, оролцогчдод оноог нууцалсан шифрийн дугаараар мэдээлнэ.
5.14.Бодлогын даалгаврыг шалгалт дууссан өдрөөс хойш ажлын 3 хоногт багтаан дүгнэнэ.
5.15.Мэргэшлийн хороо шалгаруулалт дууссан өдрөөс хойш ажлын 7 хоногт багтаан дүнг нэгтгэж, оролцогчдод мэдээлнэ.
5.16.Шалгуулагч нь шалгалтын үеэр гар утсаа унтраах бөгөөд чихэвч, пейжер, зөөврийн компьютер, аудио, видео техник хэрэгсэл, ном дэвтэр болон бусад зүйлсийг авч орох, ашиглахыг хориглоно.
5.17.Мэргэшлийн шалгаруулалтын явцад Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголын Өмгөөлөгчдийн холбооны төлөөлөл хяналт тавьж, уг шалгаруулалтыг зохион байгуулахад захиргааны болон бусад туслалцаа дэмжлэгийг Мэргэшлийн хороонд үзүүлнэ.
Зургаа.Шалгалтыг хүчингүй болсонд тооцох
6.18.Дараахь тохиолдолд мэргэшлийн шалгаруулалтад оролцогчийн шалгалтыг хүчингүй болсонд тооцно:
6.18.1.энэхүү журмын 5.16-д заасан зөрчил гаргасан;
6.18.2.шалгуулж буй бусад оролцогчидтой харилцах, тэдэнд туслах буюу тусламж авах оролдлого хийсэн;
6.18.3.гүйцэтгэлийн хуудсанд зөвшөөрөгдсөнөөс бусад тэмдэглэгээ хийсэн, таних тэмдэг тавьсан, өөр өнгийн бэхээр бөглөсөн;
6.18.4.мэргэшлийн шалгаруулалтад оролцохоор бүртгүүлэхдээ хуурамч бичиг баримт бүрдүүлсэн болох нь илэрсэн.
Долоо. Маргааныг хянан шийдвэрлэх
7.1.Мэргэшлийн хороо нь энэхүү журмын 5.16-д заасан зөрчил болон шалгалтын үнэлгээтэй холбогдсон гомдол, маргааныг тухай бүр хянан шийдвэрлэнэ.
7.2.Шалгуулагч нь шалгаруулалтын дүнг мэдээлсэн өдрөөс хойш ажлын 3 хоногт багтаан гомдлоо Мэргэшлийн хороонд гаргана.
7.3.Мэргэшлийн хорооны дарга нь шалгуулагчийн гомдлыг шалгах, хуралдаанд танилцуулах гишүүнийг томилж, гомдлыг ажлын 3 хоногт багтаан хорооны хуралдаанаар шийдвэрлүүлнэ.
7.4.Шалгуулагч нь Мэргэшлийн хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор гомдлоо хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд гаргаж болно.
Найм.Өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгуулахаар санал хүргүүлэх
8.1.Мэргэшлийн хороо нь дараахь бичиг баримтыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлнэ:
8.1.1.мэргэшлийн шалгаруулалтын дүнг үндэслэн шалгаруулалтад тэнцсэн хүмүүст өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгуулах тухай санал;
8.1.2.мэргэшлийн шалгаруулалт зохион байгуулсан тухай дэлгэрэнгүй тайлан.
Ес.Бусад асуудал
9.1.Мэргэшлийн шалгаруулалтын зардлыг бүртгэлийн хураамжаар санхүүжүүлнэ.
9.2.Бүртгэлийн хураамжийн хэмжээг Мэргэшлийн хороо тогтоож, зарцуулалтын тайланг Хууль зүй, дотоод хэргийн сайдад хүргүүлнэ.
9.3.Мэргэшлийн шалгаруулалттай холбогдох баримт бичгийг Монголын Өмгөөлөгчдийн холбооны архивт хадгална.
Текст томруулах
A
A
A