A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ШҮҮХ ЭМНЭЛГИЙН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ЖУРАМ /ХЗС, ЭМС-ын 2014-12-05-ны өдрийн А/215/421 тоот тушаалаар хүчингүй болгосон/
Бүлэг: 1979

/ХЗС, ЭМС-ын 2014-12-05-ны өдрийн А/215/421 тоот тушаалаар хүчингүй болгосон/

Хууль зүй, дотоод хэргийн сайд,

Эрүүл мэндийн сайдын хамтарсан

2010 оны 135/256-р тушаалын хавсралт

 

 

ШҮҮХ ЭМНЭЛГИЙН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ЖУРАМ

 

Нэг. Ерөнхий зүйл

1.1.Эрүү, иргэний болон бусад хэрэг маргааныг хянан шийдвэрлэх явцад шинжлэх ухааны онол, арга зүйд тулгуурлан анагаах ухаан, биологийн холбогдолтой асуудлаар шүүх эмнэлгийн шинжилгээ (цаашид "шинжилгээ" гэх) хийхэд энэхүү журмыг баримтлана.

1.2.Шинжээч эмч /цаашид "шинжээч" гэх/ нь төрөлжсөн нарийн мэргэжилтэй байх бөгөөд хууль дээдлэх, хүний эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх, хараат бус байх, нууцыг хадгалах, шинжилгээг тал бүрээс нь бүрэн бодитой, шинжлэх ухааны үндэстэй хийх зарчимыг баримтална.

1.3.Шинжилгээ хийхдээ Шүүхийн шинжилгээний тухай, Эрүүгийн байцаан шийтгэх, Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Эрүүл мэндийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийг удирдлага болгоно.

Хоёр. Шинжилгээний төрөл

2.1.Шинжилгээ нь анхдагч, нэмэлт, дахин гэсэн төрлүүдтэй байх ба эдгээрийг дангаар болон бүрэлдхүүнтэйгээр хийж болно.

2.2.Дараахь тохиолдол шинжилгээг бүрэлдхүүнтэйгээр хийнэ. Үүнд:

2.2.1.онц хүнд хэрэг болон илэрхий ээдрээ, маргаантай тохиолдолд;

2.2.2.эмч, эмнэлгийн ажилтны мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой тохиолдолд;

2.2.3.шарил шинжлэх тохиолдолд;

2.2.4.эхийн эндэгдлийн тохиолдолд;

2.3.Дахин шинжилгээг заавал бүрэлдхүүнтэйгээр хийх бөгөөд бүрэлдэхүүний тоо нь сондгой байна.

Гурав. Шинжилгээний баримт бичиг, түүний хөтлөлт

3.1.Шинжилгээний баримт бичгийг төрийн албан хэрэг хөтлөх журмын дагуу монгол хэлээр ойлгомжтой бичнэ.

3.2.Шинжлүүлэгч монгол хэл мэддэггүй, эсвэл хараагүй, дүлий, сэтгэцийн эмгэгтэй байвал орчуулагч, хэлмэрч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нарыг оролцуулан шинжилгээ хийх ба орчуулагч, хэлмэрчийг шинжилгээнд оролцуулахыг шинжээч томилсон хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгч хариуцна.

3.3.Орчуулах боломжгүй гадаад үг, нэр томъёог олон улсын нэршлээр хэрэглэнэ.

3.4.Шинжилгээний баримт бичиг нь удиртгал, үзлэг ба шинжилгээ, дүгнэлт гэсэн хэсгүүдээс бүрдэнэ.

3.5.Удиртгал хэсэгт дор дурдсан мэдээллийг тусгана:

3.5.1.шинжилгээ хийсэн газар, огноо, цаг хугацаа;

3.5.2.шинжилгээ хийх болсон үндэслэл;

3.5.3.шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн талаархи мэдээлэл;

3.5.4.шинжилгээ хийсэн шинжээчийн талаархи мэдээлэл /овог нэр, боловсрол, мэргэжил, ажилласан жил, эрдмийн болон мэргэжилийн зэрэг, цол, албан тушаал/;

3.5.5.шинжилгээний объектын тухай мэдээлэл /овог, нэр, нас, хүйс, хаяг, хэдэн тоот ямар хэргийн материал, эсхүл ямар эд мөрийн баримт/;

3.5.6.шинжилгээ хийхэд байлцсан хүмүүсийн тухай мэдээлэл;

3.5.7.санаатай худал дүгнэлт гаргасан тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг сануулсан тэмдэглэл;

3.5.8.хэргийн байдлын талаархи товч мэдээлэл;

3.6.Шинжилгээний хэсэгт дор дурдсан мэдээллийг тусгана:

3.6.1.шинжлүүлэгчийн зовиур, бие эрхтэнд гарсан өөрчлөлтийн тухай мэдээлэл;

3.6.2.үзлэг, шинжилгээний цаг хугацааны тухай тэмдэглэл, дүрслэл оношлогооны болон эмнэл зүйн, лабораторын үндсэн ба төрөлжсөн нарийн мэргэжилийн эмчийн зөвлөлгөөг зэргийг оролцуулан;

3.6.3.цогцос магадлан шинжилсэн бол төгсгөлд нь шүүх эмнэлгийн онош бичнэ.

3.7.Дүгнэлтийн хэсэгт дор дурдсан мэдээллийг тусгана:

3.7.1.шинжээч томилсон захирамж, тогтоолд тавигдсан асуулт бүрт хариулах;

3.7.2.шинжилгээ дууссан огноо;

3.7.3.нэмэлт магадлан шинжилгээ хийсэн бол анхны дүгнэлт гаргасан шинжээч эмч нь өөрийн дүгнэлтийн дугаарыг дурьдаж, нэмж хийсэн шинжилгээнийхээ хариуг хавсарган шууд дүгнэлт гаргаж болно.

3.8.Шинжээч нь хуулийн болон мэргэжлийн бус хүрээний асуудал хөндөж дүгнэлт гаргахгүй.

3.9.Шинжээчид асуулт тавигдаагүй боловч үзлэг, шинжилгээний явцад илэрсэн, тухайн хэрэг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий асуудлыг шинжээчийн санаачлагаар дүгнэлтэд тусгаж болно.

3.10.Шинжээч нь шинжилгээний бичиг баримтаа хянан, гарын үсгээ зурж, эмчийн болон байгууллагын тэмдгээр баталгаажуулснаар хүчинтэйд тооцно.

3.11.Дүгнэлтийг хоёр хувь үйлдэж нэг хувийг шинжээч томилсон этгээдэд, үлдэх хувийг байгууллагын архивт, нэгдүгээр шатлалын эмнэлэгт шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн бол тухайн эмнэлгийн бичиг хэрэгт хадгална.

3.12.Шинжээчийн дүгнэлтийг энэхүү журамд зааснаар батлагдсан загварын дагуу бичих ба өөрөөр үйлдэхийг хориглоно.

Дөрөв. Шинжээчийн үйл ажиллагаа

4.1.Шинжээч нь хэргийн газрын үзлэг, мөрдөн байцаалтын туршилтанд оролцож, хүн, цогцос, шарил, эд мөрийн баримт болон хэргийн материалд тулгуурлан шүүх эмнэлгийн бүх төрлийн шинжилгээ хийж, шаардагдах бүх төрлийн хялбар сорилуудыг тавина.

4.2.Шинжилгээнд ирүүлсэн эд мөрийн баримтад шинжээчээс гадна анагаах, эм зүй, шүүх химийн мэргэжилээр мэргэшсэн "химийн шинжээч", анагаах, биоанагаах болон шүүх биологиор мэргэжсэн" биологийн шинжээч", анагаах, эмгэг судлал болон эд, эс судлалаар мэргэжсэн "эд эс судлаач-шинжээч", анагаах, дүрс оношилгоогоор мэргэжсэн "дүрс оношилгооны шинжээч", эмнэл зүйн лабораторын мэргэжлээр мэргэжсэн лабораторын шинжээч шинжилгээг хийнэ.

4.3.Шинжээч нь хэрэг газрын үзлэгт оролцох, хүний бие /гэмтлийн зэрэг тогтоох, нас тогтоох, бэлгийн халдашгүй байдал, эрх чөлөөнд халдсан гэмт хэрэгт шинжилгээ хийх/, цогцост шинжилгээ хийх ба хэргийн материалд бүрэлдхүүнтэй шинжилгээ явуулж болно.

4.4.Шинжээч нь зөвхөн эрх бүхий этгээдийн шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамжаар шинжилгээ хийж дүгнэлт гаргана.

4.5.Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэлээр шинжээч нь шинжилгээ хийхээс татгалзаж болно.

4.6.Шинжээч нь Шүүхийн шинжилгээний тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, бусад хууль дүрэм, журамд заасан эрхийг эдэлж, хариуцлага хүлээнэ.

Тав. Шүүх эмнэлгийн шинжилгээний объектуудыг шинжлэх

5.1.Хүний биед шинжилгээ хийхэд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 28, 29 дүгээр зүйлийг баримтлана.

5.2.Нас барагчийн цогцост шинжилгээ хийхэд дараахь журмыг баримтална:

5.2.1.шинжилгээг тусгай тоноглогдсон өрөө, тасалгаанд хийх боловч гамшгийн нөхцөл үүссэн, эсхүл орон нутагт болон шарил шинжлэх зэрэг тохиолдолд тухайн нөхцөлд тохируулан хийх;

5.2.2.шинжилгээний тэмдэглэлийг зөвхөн тухайн шинжилгээний явцад байлцаж буй эмч, эмнэлгийн дунд мэргэжилтэн, бичээч, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч нарын аль нэгээр нь бичүүлэх;

5.2.3.нас барагчийн гавал, цээж, хэвлийн хөндийн эрхтнүүдийг заавал нэг бүрчлэн шинжилэх, ингэхдээ цээж, хэвлийн хөндийн агууламж, гялтангийн байдал, гадны биет, эрхтнүүдийн байрлалыг тэмдэглэж, дотор эрхтнүүдийг иж бүрдлээр нь гаргаж араас нь урагш, дээрээс нь доош чиглэлээр эрхтэн бүрийг хамруулан үзлэг хийж эрхтэн тус бүрийн доорхи үзүүлэлтүүдийг тусгасан тэмдэглэл хөтөлнө:

5.2.3.1.өнгө; /үндсэн, суурь өнгө, туяаралаар ялган бичих/ 

5.2.3.2.хэлбэр;

5.2.3.3.тогтоц; /хатуу, биелэг, зөөлөн, шаврархаг, улбагар, хагас шингэн, хийрхэг г.м/

5.2.3.4.гадаргуу; /толигор, гялгар, барзгар, зангилаажсан, мөхлөгжсөн, жигд бус/

5.2.3.5.ирмэг; /нимгэн, зузаан, мохоо, хурц/

5.2.3.6.хэмжээ; /урт, өргөн, зузааныг сантиметрээр/

5.2.3.7.жин; /граммаар/

5.2.3.8.цуллаг эрхтний цусан хангамж;

5.2.3.9.сав эрхтний салст бүрхүүл болон дотор хананы байдал;

5.2.3.10.агууламж, гадны биет;

5.2.3.11.бүтэц; /үе, давхарга, дэлбэн, дэлбэнцэр, хэлтэн, хэлтэнцэр/

5.2.3.12.эмгэг өөрчлөлт;

5.2.3.13.гэмтэл түүний байрлал, шинж байдал;

5.2.3.14.яс, үе мөч;

5.2.4.цогцосноос авах нэмэлт шинжилгээний дээжүүдийг лабораториудаас гаргасан зааврын дагуу авна;

5.2.5.эмгэг судлалын шинжилгээний явцад нас барахад хүргэсэн гадны нөлөө /гэмтэл/, түүний шинж тэмдэг илэрвэл хуулийн байгууллага, тухайн эмнэлгийн захиргаанд мэдэгдэж, шинжээч эмчийг шинжилгээнд оруулах ба шүүх эмнэлгийн шинжилгээ хийх журмыг баримтална;

5.2.6.цогцост шинжилгээ хийх явцад эд эрхтнээс шинжилгээний болон эрдэм шинжилгээ, сургалтын зорилгоор дээж авсан бол энэ тухайгаа магадлан шинжилгээний тэмдэглэлд заавал тусгана;

5.2.7.цогцост шаардлагагүй зүслэг хийх, эрхтнийг таслах, авахыг хориглоно;

5.2.8.цогцосыг шинжлэх үед эрх бүхий этгээдийн зөвшөөрлөөр ар гэр, төрөл төрөгсөдийн төлөөллийг байлцуулж болно.

5.3.Эд мөрийн баримтад шинжилгээ хийхэд дараахь зүйлийг баримтална:

5.3.1.эд мөрийн баримтанд шүүх биологи, шүүх хими, шүүх эд эсийн, дүрс оношилгоо, эмнэл зүйн лаборатори эмнэлэг-криминалистикийн шинжилгээг шинжээч томилох эрх бүхий этгээдийн тогтоол, захирамжаар хийнэ;

5.3.2.эд мөрийн баримт нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-д заасан шаардлагыг хангасан байх ба шинжлэх зүйл бүрдэл болоогүй бол тэдгээрийг холбогдох байгууллага, хүмүүсээс шаардаж авах хүртэл шинжилгээг хойшлуулж болно;

5.3.3.шүүх эмнэлгийн төрөлжсөн лабораториудын үйл ажиллагааны стандартыг Шүүхийн шинжилгээний төв байгууллага баталж мөрдүүлнэ;

5.3.4.эд мөрийн баримт шинжлэх явцад бусад мэргэжилтнийг оролцуулах шаардлага гарвал шинжээч томилсон этгээдэд мэдэгдэж мэргэжилтэн, шинжээчийг томилуулна;

5.4.Эрүү, иргэн, захиргааны хэргийн материалыг үндэслэн шинжилгээ хийхэд дараахь зүйлийг баримтална:

5.4.1.шинжээч нь хавтаст хэргийн материалыг тогтоол, дагалдах материалын хамт, тусгай бүртгэлтэй хүлээн авч шинжилгээ хийх;

5.4.2.хэргийн материал нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-д заасан шаардлагыг хангасан байх;

5.4.3.шаардлагатай тохиолдолд хүний биед дахин үзэлэг хийх, нэмэлт шинжилгээ хийх, шарилийг шинжлэх зэрэг арга хэмжээ авах ба энэ тухайгаа шинжээч томилсон этгээдэд мэдэгдэж дээрх арга хэмжээг авах нөхцөлөөр хангуулах;

5.4.3.хавтаст хэргийн материалын нууцлал болон түүний бүрэн байдлыг шинжээч эмч хариуцах;

Зургаа. Дүгнэлт гаргах хугацаа, зардал

6.1.Шинжээчийн дүгнэлт гаргах хугацааг шинжилгээний объектын төрөл, онцлог, цар хүрээг харгалзан шинжээч томилох эрх бүхий этгээд тогтооно.

6.2.Шинжээч нь тогтоол хүлээж авснаас хойш доорхи хугацаанд дүгнэлт гаргах чиглэл баримтална. Үүнд:

6.2.1.хүний биед үзлэг хийсэн бол ажлын 3 хүртэл;

6.2.2.нэмэлт шинжилгээ хийсэн бол ажлын 5;

6.2.3.цогцос шинжилсэн бол ажлын 7;

6.2.4.эд эсийн болон нэмэлт шинжилгээ хийсэн бол ажлын 10;

6.2.5.лабораторийн нарийн шинжилгээ хийсэн эсхүл хэргийн материалаар шинжилгээ хийсэн бол ажлын 14;

6.2.6.шарил шинжилсэн бол ажлын 21 хоногт багтаан дүгнэлтийг гаргана.

6.3.Нэмэлт материал шаардагдах тохиолдолд хугацааг сунгаж болно.

6.4.Дүгнэлт гаргах хугацааг сунгах зайлшгүй шаардлагатай бол энэ тухай шинжээч томилсон этгээдэд урьдчилан мэдэгдэнэ.

Долоо. Бусад

7.1.Шүүх хуралдаанд шинжээчээр оролцсоны хөлсийг Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон бусад хуульд заасны дагуу гаргана.

7.2.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дэргэд шинжээчийн дүгнэлтийг хэлэлцэж мэргэжлийн зөвлөгөө өгөх чиг үүрэг бүхий Орон тооны бус комисс ажиллах ба ажиллах журам, бүрэлдэхүүнийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн захирал батална.

7.3.Орон тооны бус комисс нь дахин шинжилгээ хийсэн тохиолдолд тухайн асуудлыг хурлаар хэлэлцэх бөгөөд тэмдэглэл үйлдэж, дүгнэлтэд хавсаргана.

7.4.Энэ журмыг зөрчсөн албан тушаалтанд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.