A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЭДИЙН ЗАСГИЙН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ЖУРАМ /ХЗДХС, СС-ын 2017-А/114,141 дүгээр тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/ХЗДХС, СС-ын 2017-А/114,141 дүгээр тушаалаар хүчингүй болсон/

 

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын

хамтарсан 2010 оны 110/137 дугаар тушаалын хавсралт

 

 

ЭДИЙН ЗАСГИЙН ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Энэ журмаар эрүү, иргэн болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан нөхцөл байдал илэрсэн тохиолдолд эдийн засгийн шинжилгээ (цаашид шинжилгээ гэх) хийх харилцааг зохицуулна.

1.2.Шинжилгээ хийхдээ Шүүхийн шинжилгээний тухай болон банк, төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэл, татвар, өмчийн холбогдолтой хууль тогтоомжийг удирдлага болгоно.

Хоёр. Шинжилгээ хийж, дүгнэлт гаргах

2.1.Шинжилгээг Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан үндэслэлээр хийнэ.

2.2.Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 8.2-д заасны дагуу шинжилгээг Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн захирал, орон нутагт тухайн аймгийн орон тооны бус комиссын дарга шинжилгээ хийж, дүгнэлт гаргах шинжээчид хуваарилна.

2.3.Орон тооны бус шинжээчээр шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулах тохиолдолд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасныг баримтлахаас гадна шинжилгээ хийлгэх тухай томилолт бичиж тухайн томилогдсон шинжээчийн ажилладаг байгууллагад хүргүүлнэ.

2.4.Шинжилгээ хийхээр томилогдсон орон тооны бус шинжээчийг түүний ажиллаж байгаа төрийн болон аж ахуйн нэгж, байгууллага нь шинжилгээ хийх хугацаанд үндсэн ажлаас нь түр чөлөөлж, цалинг хэвээр олгоно.

2.5.Шинжилгээ хийхэд шинжээч дор дурдсан материалуудыг хүлээн авсан байвал зохино. Үүнд:

2.5.1.баримтын шалгалтын акт, үнэлгээний тайлан, тэдгээртэй холбогдсон материал, хурлын протокол, шийдвэр, шалгагдсан үеийн бараа материалын үлдэгдлийн бүртгэл;

2.5.2.эд хөрөнгийн тооллогын бүртгэл, эд хариуцагчийн тооцоо бодсон акт түүнтэй холбогдсон материал;

2.5.3.эд хариуцагчийн хариуцаж байсан эд хөрөнгө, бараа материал, мөнгөн хөрөнгийн орлого, зарлагын бүх баримтууд, хөтөлсөн данс бүртгэл, сар, улирлын тайлангууд, эд хариуцагчийн тайлбар, тодорхойлолт; 

2.5.4.мөнгөн хөрөнгийн болон материалын орлого, зарлагын падаан, төлбөрийн даалгавар, нэхэмжлэл, бэлэн мөнгөний чек тасалбар, банкин дахь харилцах дансны хуулга, тендерийн материал, ажлын тооцооны хуудас зэрэг үндсэн баримт материалууд; 

2.5.5.нягтлан бодох бүртгэлийн хураангуй ба дэлгэрэнгүй бүртгэл /ерөнхий дэвтэр, нэрийн данс, журнал бүртгэлийн маягтууд/ улирал, жилийн санхүүгийн болон үнэлгээ, татварын тайлан; 

2.5.6.аж ахуйн нэгж, байгууллагын захирал /дарга/-ын тушаал, ажиллагсадтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, гэмтсэн, гологдол болсон, актлагдсан, үнэ хямдруулсан, дахин үнэлсэн зүйлийн тухай баримт, данс бүртгэлээс хассан зүйлсийн актууд бусад холбогдох баримтууд;

2.5.7.шинжилгээ хийгдэж байгаа хэргийн талаар бусад мэргэжлийн байгууллагын гаргасан акт, дүгнэлтүүд;

2.5.8.хавтаст хэрэг болон хэргийн бусад материалууд /яллагдагч, шүүгдэгч, гэрчийн этгээдүүдийн мэдүүлэг, протокол/

2.6.Нэмэлт, дахин шинжилгээг хийхдээ Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19, 20 дугаар зүйлийг баримтална.

2.7.Шинжээч нь Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн захирал болон орон нутгийн орон тооны бус комиссын даргаар батлуулсан төлөвлөгөөний дагуу шинжилгээг явуулахдаа магадлалж буй хэрэг тус бүрд, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үндсэн баримт материал, хийсэн тооцоо, судалгаа, үнэлгээ зэргээр "ажлын баримт" бүрдүүлнэ.

2.8.Ажлын баримт нь шинжилгээний дүгнэлтийг бүрэн нотлоход хүрэлцээтэй анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн баримт, шинжээчийн бэлтгэсэн ажлын материал, хүмүүстэй хийсэн ярилцлагын тэмдэглэл, холбогдох хүмүүсээс гаргуулан авсан тайлбар, тодорхойлолт, албан бичиг, бусад баримт зэргээс бүрдэнэ.

2.9.Ажлын баримтыг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн болон орон нутгийн шүүхийн шинжилгээний алба хүлээн авах бөгөөд шинжилгээ явуулсны дараа уг баримтыг архивын хууль тогтоомжинд заасны дагуу архивын нэгж болгон архивт хадгална.

2.10.Шинжээч нь шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн шийдвэрээр шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа шаардлагатай тохиолдолд шинжилгээний дүгнэлтэд зарим тооцоо, судалгааг хавсаргаж болно.

2.11.Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17.1, 17.3-д заасны дагуу шинжээчийн дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн захирал болон аймгийн шүүхийн шинжилгээний албаны даргаар баталгаажуулж, шинжээч томилсон этгээдэд хүргүүлнэ.

2.12.Шинжээч нь хэргийг холбогдогч, хариуцагч, нэхэмжлэгч зэрэг хүмүүстэй зөвхөн шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдээс зөвшөөрөгдсөн газарт уулзаж ажлаа явуулна.

Гурав. Эдийн засгийн шинжээчийн эрх, үүрэг

3.1.Шинжээч нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 13, 14-т зааснаас эрх үүргээс гадна дор дурдсан үүрэг гүйцэтгэнэ. Үүнд:

3.1.1.шинжилгээний дүнг үндэслэн өмч хөрөнгө, хөрөнгийн үнэлгээ, банк, татварын холбогдолтой хэрэг зөрчил гарч байгаа нөхцөл шалтгааныг судалж санхүү, бүртгэл тооцооны ажлыг сайжруулах, хууль тогтоомжийг мөрдөж ажиллах талаар санал гаргах;

3.1.2.шинжилгээний дүгнэлтийг комисст ирүүлснээс хойш ажлын 3 өдрийн дотор хурлаар хэлэлцүүлэх;

3.1.3.орон тооны бус шинжээч нарт шинжилгээ хийх тухай бүр томилолт бичиж, шинжээчийн тусгай дугаар бүхий тэмдэг олгож, шинжилгээний ажил дуусмагц хураан авч хадгалж байх;

3.1.4.аймгийн орон тооны бус комисс нь орон тооны бус шинжээчид үнэмлэх олгох, тэдний бүртгэл, судалгааг хөтлөх;

3.2.Шинжээч нь дор дурдсан эрх эдэлнэ. Үүнд:

3.2.1.шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдээс ирүүлсэн баримт, материалууд нь шинжилгээ хийх шаардлага хангаагүй байвал буцаах;

3.2.2.зарим тохиолдолд орон тооны бус төв комиссын хуралд шинжилгээ хийхтэй холбогдсон асуудлаар зохих хүмүүсийг ирүүлж, асууж, лавлах, хэрэгцээтэй асуудлаар тайлбар, тодорхойлолт авах;

Дөрөв. Бусад

4.1.Шинжээч томилох эрх бүхий этгээдэд шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан нэхэмжлэгч, хариуцагч нь нэг цагт 5000 төгрөгөөр тооцож үйлчилгээний хөлс төлөх бөгөөд уг орлогыг улсын төсөвт төвлөрүүлнэ.

4.2.Дахин шинжилгээгээр анхан шатны шинжилгээний дүгнэлт буруу болох нь тогтоогдвол тухайн шинжилгээ хийсэн ажлын хөлсийг буцаан олгоно.

4.3.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дэргэд шинжээчийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэж мэргэжлийн зөвлөгөө өгөх чиг үүрэг бүхий Орон тооны бус төв комисс ажиллах ба бүрэлдэхүүнийг Шүүхийн шийнжилгээний үндэсний хүрээлэнгийн захирал батална.

4.4.Дахин шинжилгээ хийсэн тохиолдолд орон тооны бус төв комисс нь тухайн асуудлыг хурлаар хэлэлцэж тэмдэглэл үйлдэн дүгнэлтэд хавсаргана.

4.5.Аймаг дахь орон тооны бус комиссын бүрэлдүүнийг Шүүхийн шинжилгээний албаны даргын саналыг үндэслэн аймгийн Засаг дарга 3-5 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж болно.

4.6.Орон тооны бус комиссын ажилд тухайн шатны шинжилгээний алба мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлнэ.

4.7.Энэ журмыг зөрчсөн шинжээч болон албан тушаалтанд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.