A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ШИНЖИЛГЭЭНИЙ ОБЪЕКТЫГ ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГАД ХҮРГҮҮЛЭХ, ХАДГАЛАХ, ШИЛЖҮҮЛЭХ, УСТГАХ ЖУРАМ /ХЗС-ын 2014 оны А/208 тоот тушаалаар хүчингүй болгосон/
Бүлэг: 1979
/ХЗС-ын 2014 оны А/208 тоот тушаалаар хүчингүй болгосон/
              
  Хууль зүй, дотоод хэргийн сайдын

2010 оны 44 дүгээр тушаалын хавсралт

 

ШИНЖИЛГЭЭНИЙ ОБЪЕКТЫГ ШҮҮХИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ

БАЙГУУЛЛАГАД ХҮРГҮҮЛЭХ, ХАДГАЛАХ, ШИЛЖҮҮЛЭХ, УСТГАХ ЖУРАМ

 

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Эрүү, иргэн, захиргааны болон бусад хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжилгээний объектыг шүүхийн шинжилгээний байгууллагад хүргүүлэх, хадгалах, шилжүүлэх, устгахад энэхүү журмыг баримтална.

Хоёр. Шинжилгээний объектыг шинжилгээний байгуулагад хүргүүлэх

2.1.Шинжилгээний объект нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т заасан шаардлагыг хангасан байна.

2.2.Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд нь шинжилгээний объектыг шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлт /цаашид "тогтоол" гэх/-ийг хамт шинжилгээний байгууллагад албан бичгээр хүргүүлнэ.

2.3.Шинжилгээ хийлгэх тухай тогтоолд шинжилгээний объектын онцлог, шинж байдал, тоо хэмжээний талаархи мэдээллийг тодорхой тусгана.

2.4.Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд нь шинжилгээний объектын бүрэн бүтэн, аюулгүй байдал, нууцлалыг ханган битүүмжилж, шинжилгээний байгууллагад өөрийн биеэр, эсхүл цагдаагийн байгууллагын тусгай шуудангаар хүргүүлнэ.

2.5.Овор хэмжээ ихтэй шинжилгээний объектыг шуудангийн болон тээврийн байгууллагын тавьсан шаардлагын дагуу хайрцаглан битүүмжлэн түүн дээр албан бичгийн дугаар, хүлээн авагчийн хаяг зэргийг тодорхой бичиж хүргүүлнэ.

Гурав.Шинжилгээний объектыг хүлээн авах

3.1.Шинжилгээ хийлгэх тухай тогтоол болон шинжилгээний объектыг хүлээн авах ажилтан/цаашид бичиг хэргийн ажилтан гэх/-ыг шүүхийн шинжилгээний төв байгууллага, аймаг, нийслэлийн шүүхийн шинжилгээний албаны дарга томилж, нууцын баталгаа авна. 

3.2.Шинжилгээний объект нь тэсэрч дэлбэрэх, цацраг идэвхт, хими биологийн хор хөнөөл учруулж болзошгүй бодис байвал бичиг хэргийн ажилтан мэргэжлийн шинжээчид танилцуулан хянуулж, хүлээн авах эсэхийг шийдвэрлэнэ.

3.3.Бичиг хэргийн ажилтан нь шинжилгээний объектыг шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдээс ирүүлсэн тогтоолтой тулган түүний битүүмжлэл, тоо ширхэг, шинж байдал, бүрэн бүтэн байдлыг шалгаж, хүргэж ирсэн ажилтны нэр, албан тушаал зэргийг бүртгэн гарын үсэг зуруулан хүлээж авна.

3.4.Бичиг хэргийн ажилтан нь шинжилгээ хийлгэх тухай тогтоол болон шинжилгээний объектыг шинжилгээний байгууллагын эрх бүхий албан тушаалтанд танилцуулж, хуваарилсан шинжээчид хүлээлгэн өгч гарын үсэг зуруулна.

Дөрөв. Шинжилгээний обьектыг хадгалах

4.1.Шинжилгээний объектыг хүлээн авч шинжээчид хүлээлгэн өгөх, эсхүл шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдэд буцаах хүртэл бичиг хэргийн ажилтан, үзлэг, шинжилгээ хийх явцад шинжээч тусгай зориулалтын өрөөнд зохих зааврын дагуу хадгална.

4.2.Шинжилгээний объектыг хадгалах нарийвчилсан зааврыг Шүүхийн шинжилгээний төв байгууллага тогтооно.

Тав. Шинжилгээний объектыг шилжүүлэх, буцаан хүргүүлэх

5.1.Шинжээч шинжилгээ хийж дууссаны дараа шинжилгээний объектыг шилжүүлэхдээ шинжилгээний явцад тухайн объектод өөрчлөлт орсон эсэх талаар тайлбар бичин гарын үсэг зурж бичиг хэргийн ажилтанд хүлээлгэн өгнө.

5.2.Бичиг хэргийн ажилтан нь шинжээчийн дүгнэлт, магадлагаа, шинжилгээний объектыг шинжээчээс нэг бүрчлэн хүлээн авч, шинжилгээ дууссан огноог бүртгэнэ.

5.3.Бичиг хэргийн ажилтан шинжээчийн дүгнэлтийн агуулгыг нууцалж түүнийг задруулахгүй байх үүрэгтэй.

5.4.Бичиг хэргийн ажилтан нь шинжээчээс хүлээн авсан материалыг буцаахдаа албан бичгийн хамт дугтуйлж битүүмжлэн лацдаж цагдаагийн байгууллагын тусгай шууданд хүлээлгэн өгнө.

5.5.Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд, эсхүл холбогдох эрх бүхий албан тушаалтан өөрийн биеэр ирсэн тохиолдолд бичиг хэргийн ажилтан нь огноо, тухайн этгээдийн нэр, албан тушаал, огноо, албаны үнэмлэхний дугаарыг бүртгэн авч, шинжээчийн дүгнэлт, шинжилгээний объектыг хүлээлгэн өгнө.

5.6.Шинжилгээний объектыг энэ журмын 5.4, 5.5 дах хэсэгт зааснаас бусад байдлаар хүлээлгэн өгөхийг хориглоно.

Зургаа. Шинжилгээний объектыг устгах

6.1.Шинж чанараа алдаж, шинжилгээнд дахин ашиглах боломжгүй болсон, эсхүл дээжийг нь санд авч архивласан биологийн гаралтай объект /цус, үрийн шингэн, шүлс, шээс, ходоодны агууламж, үс, хумс, яс, эд эсийн хэсэг /-ыг устгаж болно.

6.2.Шинжилгээний объектыг устгахдаа Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 135 дугаар тогтоолоор баталсан "Аюултай хог хаягдлыг ангилах, цуглуулах, савлах, түр байршуулах, аюулгүй болгох, хадгалах, устгах журам", Эрүүл мэндийн сайд, Байгаль орчны сайдын хамтарсан 2002 оны 249/201 дүгээр тушаалаар батлагдсан "Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлыг ангилах, цуглуулах, хадгалах, тээвэрлэх, устгах заавар"-ыг тус тус мөрдөнө.

6.3.Энэ журмын 6.1-д зааснаас бусад шинжилгээний объектыг устгахыг хориглоно.

Долоо. Журам зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

7.1.Энэ журмыг зөрчсөн алба хаагчдад хууль тогтоомжид заасан хариуцлага ногдуулна.