A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Байгалийн тодорхой төрлийн баялгийг хариуцан хамгаалах, ашиглах, эзэмших иргэдийн нөхөрлөлийн баримтлах журам /БОАЖС-ын 2022 оны А/146 дугаар тушаалаар хүчингүй болсон.
Бүлэг: 1979
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын
2010 оны. А-250 дугаар тушаалын 1 дүгээр  хавсралт
 
Байгалийн тодорхой төрлийн баялгийг хариуцан хамгаалах,
ашиглах, эзэмших иргэдийн  нөхөрлөлийн  баримтлах журам
 
Нэг.  Нийтлэг үндэслэл
 
1.1. Энэ журмын зорилго нь байгалийн нөөц баялгийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх ажилд нутгийн иргэд нөхөрлөл байгуулах, хамтын менежментийг арга хэлбэрийг нэвтрүүлэх замаар зохион байгуулалттайгаар оролцох, байгалийн тодорхой төрлийн баялгийг иргэдийн нөхөрлөл хариуцан хамгаалах, ашиглах, эзэмшихтэй холбогдсон харилцааг  зохицуулахад оршино.
 
            1.2. Байгаль орчныг хамгаалах иргэдийн  нөхөрлөл /цаашид "Нөхөрлөл" гэх/- ийн энэхүү журмын дагуу хариуцан хамгаалах, ашиглах, эзэмших байгалийн тодорхой төрлийн баялаг гэдэгт Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 311 дүгээр зүйлийн 311.6 дахь заалтад заасанчлан газрын хэвлийн баялаг, бэлчээр, усан сан бүхий газар, улсын тусгай хэрэгцээний газраас бусад байгалийн бүх төрлийн нөөц баялаг хамаарна.
 
1.3. Ойн сангийн тодорхой хэсгийг иргэдийн нөхөрлөлд гэрээгээр эзэмшүүлэхэд Засгийн газрын 2009 оны 227 дугаар тогтоолоор батлагдсан журмыг мөрдөнө.
 
1.4. Аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга, байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч нь нөхөрлөлийн үйл ажиллагаанд хууль тогтоомжийн хүрээнд дэмжлэг туслалцааг үзүүлэх, хяналт тавих эрх, үүрэгтэй.
 
Хоёр. Нөхөрлөлийг байгуулах
 
2.1. Нутгийн иргэд өөрийн байнга оршин суугаа сум, дүүргийн нутаг дэвсгэрт байгаа байгалийн тодорхой төрлийн нөөц баялгийг хамгаалах, зохистой ашиглах, эзэмших иргэдийн нөхөрлөлийг Монгол Улсын Иргэний хуулийн 476, 481 дүгээр зүйлд заасны дагуу байгуулна.
 
2.2. Нөхөрлөлийн гишүүд хамтран ажиллах тухай гэрээ байгуулна. Гэрээндээ нөхөрлөлийн оноосон нэр, хаяг, албан бичгийн нүүр, тэмдэг, дундын сангийн эд хөрөнгийн төрөл, хэмжээ, дансны дугаар, дундын хөрөнгийг захиран зарцуулах, нөхөрлөлд элсэх, гарах журам болон гишүүний эрх, үүрэг, нөхөрлөлийн хурлаар хэлэлцэх асуудал, нөхөрлөлийн удирдлагыг сонгох журам, нөхөрлөлийн үйл ажиллагаа, татан буулгах зэрэг асуудлыг тусгасан байна.
 
2.3. Нөхөрлөлийн гишүүдийн тоо 10-аас доошгүй байна. Нөхөрлөлийн ахлагч нь нөхөрлөлийнхөө бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэсний үндсэн дээр тухайн сум, дүүргийн иргэдийг нөхөрлөлдөө оруулж болно.
 
2.4. Нөхөрлөлд хариуцуулах газар нутгийн хэмжээг нөхөрлөлийн гишүүдийн тоо, чадавхи, байгалийн нөөц баялагийн тархац, хэмжээ, тухайн газар нутгийн байгаль газар зүйн болоод экологийн онцлог зэргийг харгалзан тогтооно. Нөхөрлөлд нэг гишүүнд ноогдох газар нутгийн хэмжээ нь 500 га-гаас хэтрэхгүй байна.
 
2.5. Нөхөрлөлийн хариуцан хамгаалах газар нутаг нь нөхөрлөлийн гишүүдийн байнга оршин суудаг сум, дүүргийн нутаг дэвсгэрт харьяалагдсан байна.
 
2.6. Хэрвээ нөхөрлөл нь энэ журмын 2.4-т зааснаас илүү хэмжээний газар нутгийг хариуцан хамгаалах хүсэлтэй бол энэ тухайгаа аймаг, нийслэлийн Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын санал дүгнэлтийг гаргуулсны үндсэн дээр тухайн сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тавьж шийдвэрлүүлнэ.
 
2.7. Нөхөрлөл нь дүрэм, байгаль хамгаалах чиглэлээр явуулах үйл ажиллагааны хөтөлбөр болон байгалийн нөөцийн менежментийн төлөвлөгөөтэй байна.
 
            2.8. Байгаль хамгаалах чиглэлээр явуулах үйл ажиллагааны хөтөлбөр болон менежментийн төлөвлөгөөнд байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг зохистой ашиглах, эзэмших, нөхөн сэргээхтэй холбогдсон үйл ажиллагаа, арга хэмжээг тусгана.
 
            Гурав. Байгалийн тодорхой төрлийн баялгийг хариуцан хамгаалах талаар хүсэлт гаргах, шийдвэрлэх
 
3.1. Нөхөрлөл нь байгалийн тодорхой төрлийн баялгийг хариуцан хамгаалах ашиглах, эзэмших талаарх хүсэлтээ сум, дүүргийн Засаг даргаар уламжлан Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд гаргана. Хүсэлт гаргахдаа дараахь баримт бичгийг бүрдүүлсэн байна. Үүнд:
 
3.1.1. байгалийн тодорхой төрлийн баялгийг хариуцан хамгаалахыг хүссэн өргөдөл
 
          3.1.2. байгалийн тодорхой төрлийн баялгийг хариуцан хамгаалахыг зөвшөөрсөн баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын санал
 
          3.1.3. нөхөрлөлийг байгуулсан гишүүдийн хамтран ажиллах тухай гэрээний хуулбар
 
        3.1.4. байгаль хамгаалах чиглэлээр явуулах үйл ажиллагааны хөтөлбөр
 
         3.1.5. хариуцан хамгаалахыг хүссэн газар нутгийн хэмжээ, хилийн зааг, байршил, байгалийн нөөцийн тархац, хэмжээг харуулсан тойм зураг,
 
        3.1.6. нөхөрлөлийн гишүүдийн иргэний үнэмлэхний хуулбар.
 
            3.2. Нөхөрлөлийн байгалийн тодорхой төрлийн баялгийг хариуцан хамгаалах тухай хүсэлтийг сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх ажлыг сум, дүүргийн Засаг дарга хариуцан зохион байгуулна.
 
            3.3. Нөхөрлөлд энэ журмын 3.1.4, 3.1.5 дахь заалтад дурьдсан хөтөлбөр, газрын зургийг боловсруулж бэлтгэхэд аймаг, нийслэлийн Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас мэргэжлийн туслалцаа үзүүлнэ.
 
            3.4. Энэхүү журмын 3.1-д заасан болон Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 311 дүгээр зүйлийн 311.2, 311.7 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан бол сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал асуудлыг хурлаараа хэлэлцэж, нөхөрлөлд байгалийн тодорхой төрлийн баялгийг хариуцуулан хамгаалуулах тухай тогтоол гаргана.
 
Дөрөв. Гэрээ байгуулах, сунгах
 
4.1. Сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг үндэслэн тухайн сум, дүүргийн Засаг дарга нөхөрлөлтэй байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулах гэрээг байгуулж, гэрчилгээ олгоно.
 
4.2. Энэ журмын 4.1-д заасан гэрээг нөхөрлөлийн үйл ажиллагааг төлөвшүүлэх, хариуцан хамгаалж байгаа газар нутгийн байгаль орчны төлөв байдалд үнэлгээ өгөх, менежментийн төлөвлөгөөг боловсруулах зэрэг бэлтгэл ажлыг хангах үүднээс эхний ээлжинд 1 жилийн хугацаагаар, цаашид 10 жилийн давтамжтайгаар 60 хүртэл жилийн хугацаагаар байгуулж болно. 
 
 4.3. Гэрээг сунгасан тухай тэмдэглэгээг нөхөрлөлийн гэрчилгээнд сум, дүүргийн Засаг дарга хийнэ.
 
Тав. Нөхөрлөлийн эрх, үүрэг   
 
5.1. Байгаль орчныг хамгаалах чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааны хөтөлбөр, менежментийн төлөвлөгөөний биелэлтийн байдлыг сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд жил бүр танилцуулж, тайлан тавьж байна.
 
 5.2. Хариуцан хамгаалж байгаа газар нутагтаа байгаль орчныг хамгаалах, хяналт шалгалт явуулах, хууль бус үйлдлийг таслан зогсоох,  түүнчлэн учруулсан хохирлыг буруутай эдгээдээр нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах талаар  эрх бүхий байгууллага албан тушаалтанд тавих, шаардах, шаардлагатай бол хуулийн байгууллагад хандах арга хэмжээ авна.
 
5.3. Хавар намрын хуурайшил ихтэй, түймрийн эрсдэл өндөр цаг үед байнгын эргүүл, жижүүр ажиллуулах, мэдээллийг сум, дүүргийн Засаг дарга болон холбогдох бусад албан тушаалтанд тогтоосон хугацаанд мэдээлж байна.
 
5.4. Нөхөрлөл нь гишүүдийнхээ дотроос идэвхтэн байгаль хамгаалагч ажиллуулж болно. Идэвхтэн байгаль хамгаалагчид аймаг, нийслэлийн Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, сум, дүүргийн байгаль орчны хяналтын улсын байцаагч шаардлагатай дэмжлэг туслалцааг үзүүлнэ.
 
5.4. Хариуцан хамгаалж байгаа газар нутагтаа нэн ховор, ховор амьтан, ургамал, түүний амьдрах орчныг хамгаалах, өвөл, хаврын улиралд болон цаг уурын хүндрэлтэй үед амьтдын гол идээшил нутагт өвс тэжээл, хужир мараа тавьж өгөх, ус задгайлах, амьтны халдварт өвчний голомтыг тусгаарлах, амьтны нөөцөд халгаатай махчин амьтдын тоо толгойг зохицуулах, сийрэгжүүлэх, туршилт судалгаа явуулах зэрэг арга хэмжээг мэргэжлийн байгууллагын зөвлөмж, туслалцаатайгаар авч хэрэгжүүлнэ. 
 
            5.5. Хариуцан хамгаалж буй газар нутгийн төлөв байдал, нөөц, түүний өөрчлөлт, хөдөлгөөнд тогтмол ажиглалт хийж, мэдээллийг байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчид өгч байна. 
 
            5.6. Бэлчээрийг улирлын хуваарь, сэлгээтэй ашиглах, гол горхи, булаг шанд, усны эхийг хамгаалах, цас борооны усыг цуглуулах, худаг гаргах зэргээр усжуулах, хадлангийн талбайг хаших, бордох, аргал хөрзөн түлдэг зуух болон нар, салхины эрчим хүч ашиглаж мод, бутлаг ургамлыг хэрэглээг багасгах замаар орчны доройтол, цөлжилт, хуурайшилтаас сэргийлэх арга хэмжээг авч ажиллана.
 
            5.7. Хариуцан хамгаалж байгаа газар нутагтаа мод бут, ургамал тарих, амьтан шилжүүлэн болон сэргээн нутагшуулах ажлыг мэргэжлийн байгууллагын зөвлөлгөө туслалцаатайгаар хэрэгжүүлнэ.
 
5.8. Сум, дүүргийн Засаг даргын зөвшөөрснөөр өөрийн хариуцан хамгаалж байгаа газар нутгийн байгалийн бүх төрлийн нөөц баялгийг менежментийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу зохих төлбөр, хураамжтайгаар ашиглах замаар үр өгөөжийг нь тогтвортой хүртэх, худалдан борлуулах, олсон орлогын 50-иас доошгүй хувийг дундын сандаа төвлөрүүлэн, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зориулан зарцуулна.
 
5.9. Хариуцан хамгаалж буй газар нутгаа тэмдэгжүүлэх, хадлангийн талбай болон туршилт, судалгаа, нөхөн сэргээлт хийх газрыг хашиж, хамгаалж  болох бөгөөд харин бусад иргэдийн нэвтрэх, аялал жуулчлал хийхэд саад учруулах, зэрлэг амьтны нүүдлийг хаах зэргийг  хориглоно.
 
            5.10. Нутгийн иргэдийн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, зохистой ашиглах талаарх мэдлэг боловсролыг дээшлүүлэх болон нөхөрлөлийн үйл ажиллагааг иргэдэд тайлбарлан таниулах чиглэлийн сургалт, мэдээлэл сурталчилгааны ажлыг холбогдох байгууллага, мэргэжилтнүүдтэй хамтран зохион байгуулж байна.
 
            5.11. Нөхөрлөл нь улсын болон орон нутгийн төсөв, олон улсын төслийн хөрөнгөөр гүйцэтгэх байгаль хамгаалах чиглэлийн арга хэмжээ, төсөл хөтөлбөр боловсруулах, санал өгөх, уралдаант шалгаруулалтанд оролцох эрхтэй.
 
            5.12. Байгаль орчныг хамгаалах чиглэлийн уулзалт ярилцлага, семинар зөвлөлгөөн, мэргэжил шинээр олгох хийгээд давтан сургах сургалтанд гишүүдээ хамруулж байна.
 
            Зургаа. Бусад зүйл
 
6.1. Нөхөрлөлийн байгаль орчныг хариуцан хамгаалахтай холбогдсон маргааныг энэхүү журам, гэрээнд болон холбогдох хууль тогтоомжид  заасны дагуу шийдвэрлэнэ.
 
            6.2. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 311 дүгээр зүйлийн 311.10 дахь хэсэгт заасны дагуу сум, дүүргийн Засаг дарга нөхөрлөлийн үйл ажиллагааг зогсоож, гэрээг цуцлана.
             
6.3. Нөхөрлөл нь өөрийн үйл ажиллагааг зогсоох болон гэрээг цуцлах тухай сум, дүүргийн Засаг даргын шийдвэрийг зөвшөөрөхгүй бол гомдлоо аймаг, нийслэлийн Засаг даргад, эсвэл шүүхэд гаргаж болно.
 
            6.4. Нөхөрлөл нь хууль тогтоомж болон гэрээг зөрчиж байгаль орчинд хохирол учруулсан бол тухайн сум, дүүргийн Засаг дарга учруулсан хохирлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу барагдуулах, нөхөн сэргээлгэх арга хэмжээ авна.
          
           6.5. Аймаг, нийслэлийн байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэхүү гэрээний биелэлтэд хяналт тавьж, нөхөрлөлийн үйл ажиллагаанд тавих хяналтыг сулруулсан, байгалийн нөөц баялгийг нөхөрлөлийн нэр барьж хууль бусаар ашиглах бололцоо олгосон Засаг даргыг хууль тогтоомжийн дагуу  арга хэмжээ авахуулах талаар саналыг аймаг, нийслэлийн Засаг даргад эсвэл хууль хяналтын байгууллагад хандаж тавина.    

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ

2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр

Дугаар А/146

Улаанбаатар хот

Тушаал хүчингүй болгох тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2, 60.1.3, 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэг, 68 дугаар зүйлийн 68.2 дахь хэсэг, Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хуралдааны 62 дугаар тэмдэглэлийн 1.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Байгаль орчныг хамгаалах тухай хуульд тусгайлан эрх олгогдоогүй үндэслэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны "Журам, гэрээ, гэрчилгээний загвар батлах тухай" А/250 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт, 1998 онд батлагдсан Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль хүчингүй болсон үндэслэлээр Байгаль орчны сайдын 2006 оны "Журам, заавар батлах тухай" 119 дүгээр тушаал, 2006 оны "Журам батлах тухай" 195 дугаар тушаал, 2000 онд батлагдсан Аюултай хог хаягдлын импорт, хил дамжуулан тээвэрлэлтийг хориглох, экспортлох тухай хууль хүчингүй болсон үндэслэлээр Байгаль орчны сайдын 2003 оны "Аюултай хаягдлын хадгалалт, устгалын бүртгэл хөтлөх, мэдээ гаргах заавар батлах тухай" 127 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

2. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд холбогдох өөрчлөлтийг хийлгэж ажиллахыг Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар (А.Энхбат)-т үүрэг болгосугай.

САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ