A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЦОГЦОСТ ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ЖУРАМ /ХЗС, ЭМС-ын 2014-12-05-ны өдрийн А/216/422 тоот тушаалаар хүчингүй болгосон/
Бүлэг: 1979

/ХЗС, ЭМС-ын 2014-12-05-ны өдрийн А/216/422 тоот тушаалаар хүчингүй болгосон/

 

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын

2010 оны 189/385 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралт

 

 

ЦОГЦОСТ ШИНЖИЛГЭЭ ХИЙХ ЖУРАМ

 

Нэг. Ерөнхий зүйл

1.1.Нас барагчийн цогцост шүүх эмнэлгийн шинжилгээ /цаашид "шинжилгээ" гэх/ хийхэд энэ журам болон "Шүүх эмнэлгийн шинжилгээ хийх журам", Монгол Улсын стандарт МNS 5733:2004, холбогдох хууль тогтоомжийг баримтална.

1.2.Шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдээс /цаашид "шинжээч томилох этгээд" гэх/ ирүүлсэн тогтоол, захирамжийг Шүүхийн шинжилгээний байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүлээн авч, шинжээчийн мэргэжил, ажлын дадлага, туршлага, мэрэгшсэн байдал, эрдмийн цол зэрэг, ажлын ачаалал зэргийг харгалзан тухайн хэрэгт хувийн сонирхолгүй шинжээчид хуваарилна.

1.3.Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, криминалистикийн шинжээч фото зураг авах, видео бичлэг хийх, схем зураг үйлдэх, тэмдэглэл хөтлөх зэргээр хэргийн газрын анхны байдлыг нарийвчлан бэхжүүлсэний дараа шинжээч нь нас барагчийн цогцост /цаашид "цогцос" гэх/ үзлэг хийж, зөөвөрлөнө.

1.4.Цогцост дараахь дарааллаар шинжилгээ хийнэ. Үүнд:

1.4.1.шинжээч томилсон тогтоол, захирамж, эмнэлгийн бичиг баримт, бусад материалтай танилцах;

1.4.2.цогцост гадна үзлэг хийх;

1.4.3.дотор эрхтэнд шинжилгээ хийж, лабораторийн шинжилгээнд дээж авах.

1.5.Цогцсыг тусгайлан тоноглогдсон зориулалтын өрөөнд зөөвөрлөн байрлуулж, шинжилгээ хийх ба харин гамшгийн байдал үүссэн буюу хөдөө орон нутагт шинжилгээ хийх, шарил шинжлэх тохиолдолд тухайн нөхцөлд тохируулан хийнэ.

1.6.Бага эмч, эсхүл мөрдөн байцаагч шинжилгээний явцад үзлэг, шинжилгээний тэмдэглэл /цаашид "тэмдэглэл" гэх/ хөтлөх ба зурагчин шинжилгээ хийх үеийн цогцсын ерөнхий байдал, гэмтэл, өөрчлөлтийн фото зургийг авч, шинжилгээний бичиг баримтанд хавсаргана.

1.7.Ар гэрийнх нь хүмүүс хүсэлт гаргавал цогцост шинжилгээ хийх ажиллагаанд төлөөллийн нь хүнийг байлцуулж болно.

1.8.Шинжилгээ хийх ажиллагаанд дадлагажигч эмч, анагаах ухааны болон хууль зүйн их, дээд сургуулийн оюутнуудыг оролцуулж болох ба шинжээч тэдгээрт шинжилгээний үр дүнгийн талаар урьдчилан тайлбарлахыг хориглоно.

1.9.Цогцост шинжилгээ хийсэн шинжээч, шинжилгээнд оролцсон бага эмч, туслах ажилтан нар шинжээч томилсон этгээдээс бусад этгээдэд шинжилгээний үр дүнгийн талаар мэдээлэл өгөхийгхориглоно.

1.10.Эмнэлгийн байгууллагад эмчлүүлж байгаад нас барсан хүний цогцост шинжилгээ хийсэн шинжээч нь эмгэг судлал, эмнэл зүйн зөвлөгөөн хийж болох ба энэ тохиолдолд шинжээч томилсон этгээдээс зөвшөөрөл авсан байна.

1.11.Цогцост анхны шинжилгээ хийсэн шинжээчийг давтан шинжилгээ хийх, шарил шинжлэх үед мөрдөн байцаагчийн зөвшөөрлөөр байлцуулж болно.

1.12.Шинжээч шинжилгээ хийхдээ "Шүүхийн шинжилгээний тухай" хуулийн 13,14 дүгээр зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээх ба мөн хуулийн 15 дугаар зүйлд заасан хориглосон үйл ажиллагааг дагаж мөрдөнө.

ХОЁР. Цогцост гадна үзлэг хийх

2.1.Гадна үзлэгийг дараахь байдлаар гүйцэтгэнэ. Үүнд:

2.1.1.цогцсыг зөөвөрлөх буюу хувцсыг нь тайлахын өмнө цогцсын ерөнхий байдал, сүв тус бүрээс гарсан зүйл, биед хутга, багаж болон бусад гадны биет хатгагдсан, зоогдсон эсэхийг сайтар шалгах;

2.1.2.цогцсын нас, хүйс, урт, жин, биеийн галбир, мах мариа, эрхтэний бүрэн бүтэн байдлыг тодорхойлохоос гадна үзлэгийг эхлэх;

2.1.3.цогцосыг дээрээс доош, урдаас арагш чиглэлээр нэг бүрчлэн үзэж, үсний өнгө, хэлбэр, хоёр нүдний зовхи, хүүхэн хараа, хамрын хэлбэр, уруул, амны салстын өнгө, шүдний бүрэн бүтэн байдал, хоёр чихний дэлбэн, хүзүү, их бие, мөчдийн ерөнхий байдал, өөрчлөлт, түүнчлэн ам, хамар, чихний суваг, шээс, өтгөний сүв тус бүрээс ялгарсан зүйлийг шалгаж, өнгө шинж байдлыг нь тодорхойлон үзлэгийн тэмдэглэлд нарийвчлан тусгах;

2.1.4.цогцсын эрт үеийн өөрчлөлт /хөрөлт, хөшилт, хүүрийн толбо, хаталт/-ийг нарийвчлан тогтоож, хожуу үеийн өөрчлөлт илэрсэн /ялзрал, саванжилт, занданшилт, намагшилт / эсэхийг тодорхойлох.

2.2.Цощост илэрсэн гэмтэл, өөрчлөлтийг дараахь байдлаар тодорхойлж, тэмдэглэлд тусгана. Үүнд:

2.2.1.гэмтлийн төрөл;

2.2.2.гэмтлийн байрлал /үүнийг гэмтэл биеийн аль хэсэгт байгааг босоо, хэвтээ тэнхлэгийн дагуу анатомийн нэршлээр нь тодорхойлно/-ыг тодорхойлох;

2.2.3.гэмтлийн өнгө /үүнийг арьс, салстын өнгөний хувирлаар, хэрэв үндсэн
өнгө биш бол ямар туяа болохыг заах, эсхүл олон улсын өнгө тодорхойлогчийг ашиглан тодорхойлно/-ийг тогтоох;

2.2.4.гэмтлийн хэмжээ/үүнийгалслагдсан цэгүүдийн хооронд перпендикуляр огтлолоор хэмжиж тодорхойлно/-г тодорхойлох;

2.2.5.гэмтлийн гадаргуу / үүнийг барзгар, гөлгөр, овгор, хонхор, шүүдэс
бохирдолт байгаа эсэхээр тодорхойлно/-г тодорхойлох;

2.2.6.гэмтлийн зах ирмэг / үүнийг тэгш, тэгш бус, долгионтсон, шүдэлсэн, зах ирмэгт зулгаралт үүссэн, арьс хууларсан зэргээр тодорхойлно/-ийг;

2.2.7.гэмтлийн хэлбэр /үүнийг геометрийн дүрс, нийтлэг төстэй зүйлийн хэлбэрээр илэрхийлнэ/- ийг тодорхойлох.

2.3.Цогцсын нас, хүйс, нас баралтын шалтгаантай холбоотой дараахь зүйлийг тодорхойлж, тэмдэглэлд тусгана. Үүнд:

2.3.1.өвчин, эмгэгийн гадаад илрэл, хаван, тууралт, цэврүү, гүвдрүү, судас өргөссөн эсэх;

2.3.2.эмэгтэй хүний тухайд хөх, нөсөө, товчны хэлбэр, хэмжээ, гадна бэлэг эрхтэн, охин хальс, үтрээний амсар, хярзан, хошногоны амсрын байдал, өтгөний сүв, үтрээ, хөхнөөс ялгарсан зүйл;

2.3.3.ураг, нярайн цогцсын тухайд, жин, урт, биеийн галбир, салиа, зунгаг, толгойн хэмжээс, үс, шар үс, гуравдагч зовхи, чих, хамрын мөгөөрсний хэлбэржилт, хавирганы завсар, цээжний хэлбэр, хумсны ургалт, бэлгийн их, бага уруулын байдал, төмсөг хуухнагт буусан эсэх, хүйн байрлал, үрэвслийн цагираг, хүйн таслагдсан үзүүрийн байдал, /усанд дүрж үзэх/, ихэсийн хэмжээ, жин, хэлтэнгийн тоо, цус хуралт, шохойжилт;

2.3.4.Хэн болох нь тодорхойгүй цогцсын тухайд урт, жин, биеийн галбир, мах мариа, нүүрний хэлбэр, төрх, сахал, үсний байдал, мэнгэ, үү, сорви, шивээс, хиймэл эрхтэн, өвчин, эмгэгийн гадаад илрэл зэрэг таньж болох онцлогуудыг.

ГУРАВ. Дотор эрхтэний болон лабораторийн шинжилгээ

3.1.Шинжээч цогцсын гавал, цээж, хэвлийн хөндийн эрхтнүүдийг заавал нэг бүрчлэн шинжлэх ба шинжилгээг аль ч хөндийгөөс эхлэн хийж болно.

3.2.Цогцсын хөндийг нээмэгц эхлээд дотор эрхтэний байрлал болон тухайн хөндийд шингэн, эсхүл гаднын биет байгаа эсэхийг сайтар тогтооно.

З.З.Шаардлагатай үед хийн, агаарын, өөхөн бөглөөдөс илрүүлэх сорил хийнэ.

3.4.Дайвар хөндийг нээх болон мөчдийг шалгах шаардлага гарвал цогцсыг аль болох ар талаас нь нээж үзнэ.

3.5.Шинжээч дотор эрхтэнийг нэг бүрчлэн үзэж шинжлэн, дараахь байдлаар тэмдэглэлд тусгана. Үүнд:

3.5.1.гол судасны агууламж, өргөн, уян чанар, хатуурлын товрууны илрэл, гэмтэл, өөрчлөлт;

3.5.2.бөөрний дээд булчирхайн хэмжээ, давхрагын зааг, гэмтэл, өөрчлөлт;

3.5.3.бөөрний өөхөн эд болон бөөрний хэмжээ, өнгө, гадаргуу, тогтоц, цусан хангамж, тэвшинцэр, шээлүүр, давсагны байдал, шээсний өнгө, хэмжээ, гэмтэл, өөрчлөлт;

3.5.4.улаан хоолойн агууламж, салстын өнгө, судасны өргөсөл, гэмтэл, өөрчлөлт;

3.5.5.хэл, залгиур, төвөнхийн мөгөөрс, ховч ясны гэмтэл, өөрчлөлт

3.5.6.цагаан мөгөөрсөн ба гуурсан хоолойн агууламж, салстын өнгө, цагираг мөгөөрсний байдал, гэмтэл, өөрчлөлт;

3.5.7.цээж, хэвлийн хөндийн цуллаг эрхтэнийг дээрээс доош чиглэлээр үзэж шинжлэх ба эрхтэн тус бүрийн өнгө, хэлбэр, тогтоц / хатуу, биелэг, зөөлөн, улбагар /, гадаргуу /толигор, гялгар, барзгар, овон товон, жигд бус/, ирмэг /хурц, мохоо/, хэмжээ /урт, өргөн, зузаан см-ээр/, жин /гр-аар/, цусан хангамж, бүтэц, эмгэг өөрчлөлт, гэмтлийн шинж, байрлал;

3.5.8.зүрх, үнхэлцгийн гадаргуу, эдгээрийн хөндий дэх агууламж, ховдлын ханын зузаан, цусан хангамж, хавхлаасын дэлгэсэн урт, хавхлагын ба хөхлөг булчингийн байдал, титэм судасны хатуурал, сүвний нарийсал, гэмтэл, өөрчлөлт;

3.5.9.ходоод, 12 нугалаа гэдэс, цөсний хүүдий, нарийн ба бүдүүн гэдэсний агууламж, салстын өнгө, атираа нуглаасын байдал, гэмтэл , өөрчлөлт;

3.5.10.голт, уушгины уг, чацархайн тунгалгийн булчирхай, судасны салаалалт;

3.5.11.багана нуруу, хавирга, эгэм, өвчүү, аарцаг, дээд, доод мөчдийн ясны гэмтэл, өөрчлөлт;

3.5.12.толгойн хуйхны дотор тал, гавлын орой, суурь яс, тархины хатуу ба зөөлөн бүрхүүл, тархины бөмбөлөг, түүний судасжилт, тархины эдийн гэмтэл, өөрчлөлт, ховдлын агууламж, шаардлагатай тохиолдолд гавлын дайвар хөндийн агууламж.

3.6.Шинжилгээ хийсний дараа туслах ажилтан цогцсын хөндийд дотор эрхтнүүдийг нэг бүрчлэн буцаан байрлуулж, оёж, цэвэрлэнэ.

3.7.Цогцост шаардлагагүй зүслэг хийх, эд эрхтэнийг нь гэмтээх, устгах, дутаах, авахыг хориглоно.

3.8.Дотор эрхтэний шинжилгээ хийх үедээ шинжээч нь тогтоосон аргачлалын дагуу лабораторийн болон нэмэлт шинжилгээнд дээж авч, холбогдох лабораторид илгээлт бичгийн хамт хүргүүлэх ба уг бичигт хэний, аль эрхтнээс хэзээ, хэдий хэмжээгээр дээж авсан, түүнд ямар төрлийн шинжилгээ хийхийг тэмдэглэж, үхлийн шалтгааныг товч бичнэ.

З.9.Цогцсоос эрдэм шинжилгээ, сургалт, эмчилгээ, оношлогооны зорилгоор шинжилгээний дээж авах тохиолдолд тэмдэглэлд тусгайлан заана.

ДӨРӨВ. Шинжээчийн дүгнэлт

4.1.Цогцост илэрсэн гэмтэл, өөрчлөлт, лабораторын шинжилгээний хариу, эмнэлэгийн бичиг баримт, бусад материалыг нэгтгэн үнэлж үзсэний үндсэн дээр шинжээч нь шүүх эмнэлгийн шинжилгээний онош тавина.

4.2.Нас барагчийн үхлийн шалтгааныг тогтоож, онош тавихдаа шинжээч нь "Өвчин гэмтэл ба үхлийн шалтгааны олон улсын дүн бүртгэлийн ангилал" -ыг баримтлана.

4.3.Шинжээчийн дүгнэлтийг шинжээч томилсон этгээдийн тогтоол, захирамжинд тавигдсан асуулт тус бүрт хариулах журмаар гаргана.

4.4.Шинжээч гаргасан дүгнэлтээ хуульд заасны дагуу шүүхийн шинжилгээний байгууллагын эрх бүхий албан тушаалтанд танилцуулснаар тухайн шинжилгээг хийж дууссанд тооцно.

4.5.Шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцах бөгөөд шүүхийн шинжилгээний байгууллагын эрх бүхий албан тушаалтан шинжээчийн гаргасан дүгнэлтийг өөрчлөхийг хориглох ба уг албан тушаалтан нь шинжээч өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд, шинжлэх ухааны тодорхой арга зүйд тулгуурлан тухайн шинжилгээг хийж, бодит үр дүнг дүгнэлтэд үнэн зөв тусгасан эсэхийг нарийвчлан танилцаж, заавар, зөвлөлгөө өгнө.

4.6.Шинжээч дүгнэлтээ хоёр хувь үйлдэж, нэгийг нь шинжээч томилсон этгээдэд өгч, үлдэх хувийг байгууллагын архивт хадгалуулах ба дүгнэлтийг өөр этгээдэд өгөхийг хориглоно.