- Нүүр
- Сайдын тушаал
- Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт-шинжилгээний хөтөлбөр, тайлан боловсруулах, хянан хүлээн авах, батлах журам
Байгаль орчин, аялал жуулчлалын
Сайдын 2011 оны 02 сарын 16-ны өдрийн
А-36 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт
Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт-шинжилгээний хөтөлбөр, тайлан боловсруулах, хянан хүлээн авах, батлах журам
Нэг. Ерөнхий зүйл
1.1. Төсөл хэрэгжүүлэгч болон ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч иргэн, хуулийн этгээд нь "Байгаль орчныг хамгаалах тухай", "Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай", "Ашигт малтмалын тухай" Монгол улсын хуулийн дагуу байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлэх үйл ажиллагаанд энэхүү журмыг мөрдлөг болгоно.
1.2. Ашигт малтмалын хайгуул хийх, түүнийг олборлох, байгалийн бусад нөөц баялгийг ашиглах явцад байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээхтэй холбогдсон арга хэмжээг тодорхойлон, шаардагдах зардлыг тооцож хариуцах эзэн, хугацааг зааж баталгаажуулсан баримт бичгийг байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө /цаашид "төлөвлөгөө" гэх/ гэнэ.
1.3. Төсөл хэрэгжүүлэх болон ашигт малтмалын хайгуул, ашиглалт хийх явцад байгаль орчинд учирч буй сөрөг нөлөөллийг тухай бүр илрүүлэх зорилгоор лабораторийн шинжилгээ, ажиглалт, хэмжилт хийх хөтөлбөр түүнд шаардагдах зардлыг тооцож баталгаажуулсан баримт бичгийг орчны хяналт-шинжилгээний хөтөлбөр /цаашид "хөтөлбөр" гэх/ гэнэ.
1.4. Төлөвлөгөө, хөтөлбөр нь ашигт малтмалыг хайх, олборлох болон байгалийн бусад нөөцийг ашиглах төсөл /цаашид "төсөл" гэх/-өөс байгаль орчинд учруулж буй болон учруулж болзошгүй сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах арга хэмжээг тодорхойлох, түүнд шаардагдах хөрөнгө зардлыг тооцох, баталгаатай болгох үндэслэл болно.
1.5. Төсөл хэрэгжүүлэгч байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт-шинжилгээний хөтөлбөрийг жил, жилээр нарийвчлан тодотгож байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийсэн байгууллагаар батлуулан мөрдөнө.
1.6. Ашигт малтмалынхаас бусад төрлийн төсөл хэрэгжүүлэгч нь тухайн жилийн төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын 50-иас доошгүй хувийг сум, дүүргийн байгаль орчныг хамгаалах тусгай дансанд төвлөрүүлж, төлөвлөгөөний биелэлтийг жил тутам тайлагнана.
1.7. Ашигт малтмал ашиглах төслийн байгаль орчныг хамгаалах арга хэмжээний зардлын баталгааг "Ашигт малтмалын тухай" хуулийн 39 дүгээр зүйлийн 39.8-т заасан журмын дагуу мөн хуулийн 39.1.9-д зааснаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэргэдэх Төрийн сангийн тусгай дансанд, ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагааны үед 38.1.8-д заасны дагуу сум дүүргийн засаг даргын нээсэн тусгай дансанд тус тус байршуулна.
Хоёр. Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт-шинжилгээний хөтөлбөрт дараах асуудлуудыг заавал тусгасан байна.
2.1.Төлөвлөгөөнд дараах ажлуудыг тусгасан байна. Үүнд:
- Оршил буюу төсөл хэрэгжүүлэгчийн тухай /үйл ажиллагаа явуулагч аж ахуйн нэгжийн/ товч танилцуулга;
- төсөл хэрэгжүүлж буй газрын засаг, захиргааны харъяалал;
- дэд бүтэц, зам харилцаа;
- хэдэн оноос ажиллаж эхэлсэн;
- үйл ажиллагааны хэд дэх жилдээ ажиллаж байгаа;
- төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь үр ашигтай байгаа эсэх;
- цаашид хэдэн жил үйл ажиллагаа явуулах боломжтой тухай, техник тоног төхөөрөмжийн тухай;
- ажиллах хүчний тухай мэдээллүүд.
2.1.2. Төсөл хэрэгжиж буй үйлдвэр, уурхайн орчмын Байгаль орчны төлөв байдлын товч мэдээллийг тусгасан байна. Үүнд:
- Газарзүйн бүсчлэлд хамаарах байдал;
- Цаг уур, уур амьсгалын товч тодорхойлолт;
- Гадаргын усан сүлжээ;
- Газрын доорхи ус;
- Хөрс, ургамал, ан амьтны талаархи товч мэдээлэл;
- Геологийн тогтоцын тухай товч мэдээлэл.
2.1.3. Үйлдвэр, уурхайн үйл ажиллагааны тухай мэдээллийг тусгасан байна. Үүнд:
- Үйлдвэрийн өдөр тутмын үйл ажиллагааг технологийн дараалал;
- Баяжуулах технологийг схем зургаар харуулж хийсэн товч бичиглэл;
- Тайлант жилийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаар байгаль орчинд үзүүлсэн сөрөг нөлөөллийн тухай;
- Шинээр олборлолтод өртсөн газрын хэмжээ;
- Агаар, хөрс, ургамал, усан орчинд үзүүлсэн нөлөөлөл;
- Хатуу хог хаягдал, хорт хаягдлын талаарх мэдээлэл.
- Уурхайн үйл ажиллагаанаас болж байгаль орчинд учруулах бодит хор нөлөөллийн тухай болон болзошгүй аюулын тухай тэмдэглэл.
2.1.4. "Байгаль орчны удирдлагын тогтолцоо-Шаардлага, хэрэглэх арга заавар MNS ISO 14001:2005" стандартын дагуу байгаль орчны удирдлагын тогтолцооны шаардлагыг хангахтай холбогдсон ажлууд;
2.1.5. Ажилчдад байгаль орчны талаар мэдээлэл түгээх, сургалт явуулах, мэдлэг чадвар олгохтой холбоотой ажлууд;
2.1.6. Үүсэж болох эрсдэлийг тооцож, болзошгүй аюул ослын үед авах хариу арга хэмжээнүүд;
2.1.7. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнд тусгагдсан сөрөг нөлөөллийг бууруулах, арилгахтай холбогдсон арга хэмжээнүүд.
2.2.Хөтөлбөрт дараахи ажлуудыг тусгасан байна. Yүнд:
2.2.1.Төслийн Хэрэгжилтийн явцад ус, хөрс, агаарт үүсэх бохирдол, байгаль орчны бүрэлдэхүүн хэсэг бүрт орох аливаа өөрчлөлтийг хянах, судлах, шинжлэх арга, аргачлалууд;
2.2.2.Хяналт-шинжилгээ хийх хугацаа, сорьц болон хэмжилт хийх цэгийн байршил;
2.2.3.Шинжилгээний үр дүнг нэгтгэх, тайлагнах хэлбэр;
2.3.Төсөл, хөтөлбөрийг хариуцан гүйцэтгэх эзэн, хэрэгжүүлэх хугацаа, зардлыг үзүүлэлт тус бүрээр нарийвчлан тодорхойлох бөгөөд төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны орон зай, цаг хугацааг бүрэн хамарсан байна.
2.4.Төлөвлөгөө, хөтөлбөрийг хугацаанд нь бүрэн хэрэгжүүлэхтэй холбогдсон хариуцлагыг төсөл хэрэгжүүлэгч хүлээнэ.
Гурав. Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөр боловсруулах
3.1. Төлөвлөгөө, хөтөлбөрийг байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланг үндэслэн жил бүр шинэчлэн боловсруулж батлуулна. Төлөвлөгөө, хөтөлбөрийг мэргэжлийн байгууллагын туслалцаатайгаар боловсруулж болно.
3.2. Төлөвлөгөө, хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг тухайн төслийг хэрэгжүүлэгч үйл ажиллагааныхаа зардалд багтаан төлөвлөж зарцуулна.
3.3. Төслийг хэрэгжүүлэх явцад үйл ажиллагааны чиглэл өөрчлөгдөх, техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх зайлшгүй шаардлага гарсан тохиолдолд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон төлөвлөгөөнд нэмэлт, тодотгол хийж, зохих журмын дагуу батлуулсан байна.
3.4. Төлөвлөгөө боловсруулахад байгаль орчны бүрэлдэхүүн тус бүр /ус, хөрс, агаар г.м/-ээр дараахи анхаарах асуудлуудыг тусгана. Үүнд:
3.4.1. Төслийг хэрэгжүүлснээс үүсэх сөрөг нөлөөлөл, шинж чанар, хэмжээ, эрчим, үргэлжлэх хугацаа, эх үүсвэр, тархалт, хамрах хүрээ, нөлөөлөлд өртөх зүйлсийн нэр, төрөл, тоо, хэмжээ, хамрах хүрээ;
3.4.2. Төслийг хэрэгжүүлснээс үүсэх сөрөг нөлөөллийг бууруулах, арилгах арга зам, нөлөөллийг бууруулах, арилгахад шаардагдах зардал;
3.4.3.Стандарт, нормоор зөвшөөрөгдөх зохистой хэмжээ, стандарт, нормын нэр, батлагдсан он, сар, өдөр, хугацаа, зөвшөөрөгдөх хэмжээ;
3.4.4.Нөлөөллийг бууруулах, арилгах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ.Үүнд:
- Техник, технологийн нэмэлт арга хэмжээ;
- Шүүх, тунгаах, цэвэрлэх, саармагжуулах, төмөргүйжүүлэх, хоргүйжүүлэх, цэнгэгжүүлэх;
- Дарж булах, шатаах, ялгаруулах, нэрэх,
- Нэмэлт тоног төхөөрөмж байгуулах,
3.4.5. Удирдлага, зохион байгуулалт, дотоод дэг журмын талаар авах арга хэмжээ, Үүнд:
- Сургалт, сурталчилгаа;
- Мэдээ, тайлан гаргах, мэдээлэх хэлбэр.
3.5. Нөлөөллийг бууруулах, арилгах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ хэмжээнд шаардагдах зардал. Үүнд:
- Байгалийн болон бусад төрлийн нөөц баялаг ашиглах асуудал: байгалийн нөөц баялгийн нэр төрөл, тоо, хэмжээ, түүхий эдийн нэр төрөл, тоо хэмжээ, туслах материалын нэр төрөл, тоо хэмжээ, цахилгаан, эрчим хүч г.м. болон нөхөн сэргээх арга хэмжээ, түүнд шаардагдах зардал;
- Хатуу, шингэн хаягдал: нэр төрөл, хэмжээ, эх үүсвэр, цуглуулах, хадгалах, тээвэрлэх, боловсруулах, цэвэрлэх, дахин ашиглах, эргүүлэн ашиглах, зайлуулах, устгах, булшлах арга технологи, дээрх арга хэмжээнд шаардагдах зардал;
- Гал түймрээс сэргийлэх арга хэмжээ, түүнд шаардагдах зардал;
- болзошгүй аюул, ослоос сэргийлэх арга хэмжээ, түүнд шаардагдах зардал, химийн хорт бодисоос сэргийлэх, түүнээс үүдэн гарсан осолд анхны тусламж үзүүлэх арга зам, шаардагдах хөрөнгө зардал;
- Аюултай хог хаягдлын талаар авах удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ, түүнд шаардагдах зардал, ажиллагсадын эрүүл мэндийг хамгаалах, хөдөлмөр хамгааллын талаар авах арга хэмжээ, түүнд шаардагдах зардал;
- Төсөл хэрэгжих орчны хүн амыг сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ, түүнд шаардагдах зардал, түүх, соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах арга хэмжээ, түүнд шаардагдах зардал.
3.6. Ашигт малтмал эрж хайх, олборлох төслийн төлөвлөгөө боловсруулах явцад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй холбогдох стандартуудыг мөрдлөг болгоно. Үүнд:
3.6.1. "Байгаль орчин. Эвдэрсэн газрын нөхөн сэргээлт. Нэр томьёо, тодорхойлолт." MNS 5914-2008/;
3.6.2."Уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаар эвдэрсэн газрын ангилал" /MNS 5915-2008/;
3.6.3. "Газар шорооны ажлын үед үржил шимт хөрсний хуулалт, хадгалалт /MNS 5916-2008/;
3.6.4. "Уул уурхайн үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаар эвдэрсэн газрын нөхөн сэргээлт, Техникийн ерөнхий шаардлага /MNS 5917-2008/;
3.6.5. "Эвдэрсэн газрыг ургамалжуулах, Техникийн ерөнхий шаардлага" /MNS 5918-2008/;
3.6.6. Газрын тостой холбогдох үйл ажиллагааны үеийн байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлт хийх стандарт
3.7 Орчны хяналт-шинжилгээний хөтөлбөрийг дараахи бүтэцтэйгээр боловсруулна. Үүнд:
3.7.1.Байгаль орчны бүрэлдэхүүн тус бүрт үзүүлэх нөлөөлөл;
3.7.2.Хяналт-шинжилгээ явуулах зайлшгүй шаардлагатай үзүүлэлтүүд;
3.7.3.Хяналт-шинжилгээ явуулах төрөл, хэлбэр;
3.7.4.Хяналт-шинжилгээ хийх, сорьц авах цэгийн байршил;
3.7.5.Хяналт-шинжилгээ явуулах хугацаа, давтамж;
3.7.6.Хяналт-шинжилгээ явуулах арга, аргачлал;
3.7.7.Хяналт-шинжилгээ явуулахад шаардлагатай техник, тоног төхөөрөмж;
3.7.8.Хяналт-шинжилгээний үр дүнг нэгтгэх, тайлагнах арга,хэлбэр.
3.8.Орчны хяналт-шинжилгээ явуулахад шаардагдах зардлыг нарийвчлан тодорхойлж, орчны хяналт-шинжилгээний үр дүнг нэгтгэх, тайлагнах, мэдээлэх асуудлыг хөтөлбөрт нарийвчлан тусгана.
3.9. Төлөвлөгөөг төв байгууллагад БОАЖЯ-ны ХБОБНГ-ын мэргэжилтэн бүртгэж, газрын орлогч дарга хянаж, газрын даргаар батлуулна, аймаг, нийслэлд Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга баталж, холбогдох мэргэжилтэн хянаж, бүртгэнэ. Төлөвлөгөө, хөтөлбөрийн баталгаажих нүүр хуудасны загварыг журмын нэгдүгээр хавсралтанд зааснаар, тайлангийн нүүр хуудасны загварыг журмын хоёрдугаар хавсралтад заасны дагуу мөрдөнө.
3.10 Ашигт малтмал хайх, олборлох үеийн үйл ажиллагааны төлөвлөгөө, хөтөлбөрт 3.6, 3.7-т заасан асуудлыг оруулахаас гадна дараахи асуудлуудыг тусгана. Үүнд:
3.10.1 Ил уурхай
3.10.1.1 Ашиглалтад орсон цагаас хойших эвдрэлд өртсөн нийт талбайн хэмжээг тогтоох;
3.10.1.2. Дотоод, гадаад овоолгын хэмжээг тогтоох;
3.10.1.3. Үүсмэл ордын байршил, хэмжээ, агуулгыг тогтоох;
3.10.1.4. Мэргэжлийн байгууллагаар уулын ажлын дэвсгэр зураг хийлгэж, түүнд тайланд онд нөхөн сэргээсэн болон төлөвлөгөөт онд нөхөн сэргээх ажлын зураглалыг М1:2000-иас багагүй хэмжээтэйгээр гаргаж хавсаргах;
3.10.1.5 Биологийн нөхөн сэргээлтэд зориулан бэлтгэсэн үржил шимт хөрсний хэмжээг тогтоох, хадгалах технологийг мөрдөх;
3.10.1.6 Биологийн нөхөн сэргээлтэд ашиглах үржил шимт хөрсний үндсэн үзүүлэлт газар шорооны ажлын үед шимт хөрс хуулалт, хадгалалт MNS5916:2008 стандартын шаардлага хангаж буй эсэхийг лабораторийн шинжилгээгээр тогтоох;
3.10.1.7. Үржил шимт хөрсний хэмжээ нөхөн сэргээх талбайд хүрэлцээтэй эсэх талаархи тооцоо хийх;
3.10.1.8. Эвдэрсэн газрыг нөхөн сэргээж ашиглах чиглэл тогтоох/ хөдөө аж ахуйн, ойн аж ахуйн, усны аж ахуйн, амралт сувиллын, барилгын, байгаль орчныг хамгаалах гэх мэт/;
3.10.1.9. Барилгын материалын зориулалтаар ашиглах түгээмэл тархацтай ашигт малтмалын хэмжээ тооцоог гаргах, тэнд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээ тодорхойлох;
3.10.1.10. Техникийн болон биологийн нөхөн сэргээлт;
3.10.1.11. Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2010 оны А-417 дугаар тушаалаар батлагдсан "Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон газарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх аргачлал"-ыг мөрдөх;
3.10.1.12. Гадаргын усны бохирдолыг багасгах, газрын доорхи усыг хамгаалах;
3.10.1.13. Усан сан газрын энгийн хамгаалалтын бүсийн дэглэмийг баримтлаж ажиллах;
3.10.1.14. Ашиглалтад өртөж байгаа усны эх үүсвэрээс ашиглаж болох усны хэмжээг мэргэжлийн байгууллагаар тогтоолгох;
3.10.1.15. Ус ашиглах дүгнэлт гаргуулах;
3.10.1.16. Хаягдал усны даланд хангалттай хэмжээний ус хадгалах, сэтэрч халихгүй байх;
3.10.1.17. Ил уурхайн карьерыг усаар дүүргэх бол газрын доорхи усны шүүрэлтийн хэмжээг тогтоох;
3.10.1.18. Ил уурхайд ашиглах цэвэр, бохир усны далан, ус дамжуулах, ус татах байгууламжийн зураг төсөл түүний мөрдөлтийг хангах;
3.10.1.19. Хаягдал усан дахь бохирдуулагч бодисын хэмжээ, найрлага түүнийг цэвэршүүлэх арга зам, цэвэрлэх байгууламжийн зураг төсөл түүний мөрдөлт;
3.10.1.20. Олборлолтын явцад Усны хяналт шинжилгээг хөтөлбөрийн дагуу Байгаль орчны төв лаборатори болон орон нутгийн лабораториудаар тогтмол хийлгэж байх;
3.10.1.21. Агаарын бохирдолтыг бууруулах;
3.10.1.22. Агаар бохирдуулагч эх үүсвэрийг тодорхой болгох;
3.10.1.23. Агаарын бохирдолт, тоос шорооноос хамгаалах ажлын хэмжээг тогтоох;
3.10.1.24. Шинэ дэвшилтэт технологи нэвтрүүлэх чиглэлээр хийх ажлууд;
3.10.1.25. Тоос үүсэх гадаргыг хучих,усан болон зуурамтгай материалын хучаас бий болгох;
3.10.1.26. Агаарын бохирдолтыг тохирох үзүүлэлт, тогтоосон цэгүүдийн дагуу хянах, хяналт шинжилгээг тогтмолжуулах;
3.10.1.27. Эвдэрсэн газрыг нөхөн сэргээж ашиглах чиглэл тогтоох/ хөдөө аж ахуйн, ойн аж ахуйн, усны аж ахуйн, амралт сувлалын, барилгын, байгаль орчныг хамгаалах гэх мэт/;
3.10.2. Хүдрийн орд болон нүүрсний уурхай
3.10.2.1. Уурхайн малталтад өртөх талбайн хэмжээг тодорхойлох;
3.10.2.2. Дотоод, гадаад овоолго, хөрсний овоолгын хэмжээг тодорхойлж төлөвлөгөөнд тусгах;
3.10.2.3. Мэргэжлийн байгууллагаар уулын ажлын дэвсгэр зураг хийлгэж, түүнд тайланд онд нөхөн сэргээсэн болон төлөвлөгөөт онд нөхөн сэргээх ажлын зураглалыг М1:2000 масштабаас багагүй хэмжээтэйгээр гаргах;
3.10.2.4. Үйлдвэрийн барилга, инженерийн байгууламж, авто ба төмөр зам байгуулах ажлын зураг төсөл, хийгдэх ажлын хэмжээг тодорхойлох;
3.10.2.5. Барилгын материалын зориулалтаар ашиглах түгээмэл тархацтай ашигт малтмалын хэмжээ, тооцоог гаргах, тэнд хэрэгжүүлэх байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлох;
3.10.2.6. Овоолгын тэгшлэлт, налууг стандартад заасны дагуу гүйцэтгэх ажлын хэмжээ, талбайг тооцож гаргах;
3.10.2.7. Овоолгыг химийн хортой эсэхийг тогтоолгох асуудлыг хяналт шинжилгээний хөтөлбөрт тусгайлан тусгах;
3.10.2.8. Хортой болох нь тогтоогдсон талбай, бохирдсон хөрс зэргийг хоргүйжүүлж, саармагжуулах ажлын хэмжээг тогтоож, хэрэгжүүлэх арга замыг бодитойгоор төлөвлөх;
3.10.2.9. Усны үер, газар хөдлөлт зэрэг байгалийн гамшиг, осол аваарын үед авах арга хэмжээний төлөвлөгөөг гаргах;
3.10.2.10. Техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх ажлын хэмжээ, зардлыг холбогдох стандарт, аргачлалын дагуу төлөвлөх;
3.10.2.11. Эвдэрсэн газрыг нөхөн сэргээж ашиглах чиглэл тогтоох/ хөдөө аж ахуйн, ойн аж ахуйн, усны аж ахуйн, амралт сувилалын, барилгын, байгаль орчныг хамгаалах гэх мэт/.
3.10.2.12. Ил уурхайн гүнээс гарах шүүрлийн усанд дээж шинжилгээ хийж, хоргүйжүүлэн саармагжуулж, байгаль орчинд халгүй аргаар зайлуулах, үр ашигтай зарцуулах арга замыг төлөвлөх.
3.10.3. Далд уурхай
3.10.3.1. Далд уурхайн хэмжээнд үүссэн хоосон орон зайг тодорхойлох/жил бүр өөрчлөх/;
3.10.3.2. Уулын цул чулуулгийн нуралт үүсэж болох эрсдэл бүхий цэг талбайг урьдчилан тогтоох;
3.10.3.3. Нуралтаас хамгаалах бэхэлгээ хийх;
3.10.3.4. Газрын гадарга дээр үүссэн цөмрөлт, шилжилтийн талбайн хэмжээг тогтоох;
3.10.3.5. Цөмрөлт, шилжилтийг зогсоох, булж дарах арга хэмжээ авах
3.10.3.6. Газрын гадарга дээр байгуулах овоолгын хэмжээ, байршлыг тогтоох;
3.10.3.7. Биологийн нөхөн сэргээлтэд зориулан бэлтгэсэн үржил шимт хөрсний хэмжээг тогтоох;
3.10.3.8. Биологийн нөхөн сэргээлтэд ашиглах үржил шимт хөрсний үндсэн үзүүлэлт газар шорооны ажлын үед шимт хөрс хуулалт, хадгалалт стандартын шаардлага хангаж буй эсэхийг лабораторийн шинжилгээгээр тогтоох;
3.10.3.9. Эвдэрсэн газрыг нөхөн сэргээж ашиглах чиглэл тогтоох /хөдөө аж ахуйн, ойн аж ахуйн, усны аж ахуйн, амралт сувилалын, барилгын, байгаль орчныг хамгаалах гэх мэт/;
3.10.3.10. Техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх ажлын хэмжээ, зардлыг холбогдох стандарт, аргачлалын дагуу төлөвлөх
3.10.3.11. Далд уурхайн газрын гүнээс гарсан чулуулгийн үйрмэгт шинжилгээ хийлгэж, агаарт хорт бодис ялгаруулж байгаа эсэхийг тодорхойлон, газрын гадаргад их хэмжээний исэлдэлт бий болгохгүй байх арга хэмжээг тусгах;
3.10.3.12. Ил уурхайн гүнээс гарах шүүрлийн усанд дээж шинжилгээ хийж, хоргүйжүүлэн саармагжуулж, байгаль орчинд халгүй аргаар зайлуулах, үр ашигтай зарцуулах арга замыг төлөвлөх.
3.10.4. Баяжуулах үйлдвэр
3.10.4.1. Химийн хортой болон аюултай бодис хадгалах, тээвэрлэх, ашиглах,устгах журамыг хэрэгжүүлэх зорилгоор авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй тусгах;
3.10.4.2. Химийн хорт болон аюултай бодисыг зориулалтын сав баглаатайгаар, хор аюулын лавлах мэдээлэлд заасан нөхцөлийг ханган тусгай агуулахад хадгалах, зориулалтын тээврийн хэрэгслээр, тогтоосон маршрутын дагуу тээвэрлэх арга хэмжээг төлөвлөгөөнд тусгах;
3.10.4.3. Химийн хортой болон аюултай бодис хадгалах тээвэрлэх, ашиглах, устгах үед гарч болзошгүй ослын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг тусгайлан боловсруулж оруулах (нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, хор саармагжуулах бодис, уусмалыг тодорхойлон хангалттай хэмжээгээр нөөцлөх, ажлын байранд байрлуулах, гэх мэт);
3.10.4.4. Химийн хортой болон аюултай бодистой харьцаж ажиллах ажилтан, ажиллагсдын сургалт тогтмол хийх;
3.10.4.5. Баяжуулах үйлдвэр, хаягдлын далан, шугам хоолойгоос хагас боловсруулсан бүтээгдэхүүн, хаягдал шлам орчинд хаягдах, алдагдахаас хамгаалах;
3.10.4.6. Агаарын бохирдолтыг хянах мэдээллийн тоног төхөөрөмж суурилуулах;
3.10.4.7. Хаягдлын далан, лагийн талбайгаас газар доорхи усны бохирдолт үүсгэж буй эсэхэд хяналт тавих хяналтын цооног байгуулах;
3.10.4.8. Хаягдал үүссэн тохиолдолд түүнийг тогтоох далан хаалт байгуулах үйл ажиллагааг бүрэн тусгах.
3.10.4.9. Баяжуулалтанд флотацийн болон уусгалтын арга хэрэглэж буй үйлдвэрүүд хаягдлын нуурын талбайд хийгдсэн экологи-гидрогеологийн судалгааны талаар товч бичих ба нуурын хийц, хамгаалалт, тусгаарлалтын байдал, далангийн өндөрлөлт, нуурын өргөжүүлэлт, тэлэлтийн талаар тусгах.
3.10.5. Уурхайн туслах байгууламж
3.10.5.1 Уурхайн үйлдвэрлэлийн зам, талбайг байгаль орчинд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байхаар байгуулах;
3.10.5.2 Тоос шороо үүсэх осол аваараас урьдчилан сэргийлэх зааварчилгаа, замын тэмдэглэл байрлуулах;
3.10.5.3 Уурхайн тосгоноос хаягдаж буй ахуйн хог хаягдал, бохир усыг цэвэрлэх байгууламжаар зайлуулах, халдваргүйжүүлэх устгах арга хэмжээ авах;
3.10.5.4 Цахилгаан болон дулааны эх үүсвэр, засварын цех, авто машин, хүнд механизмын ашиглалтаас үүсэх нефтийн бүтээгдэхүүний хаядлыг цуглуулах устгах арга хэмжээ.
3.10.6. Газар зүйн мэдээллийн системийн зураг бэлтгэх
3.10.6.1. Өндөр ялгах чадвартай хиймэл дагуулын мэдээлэл зургийг зуны улиралд үүлгүй үед авч бэлтгэх (Уурхайн үйл ажиллагаа эхлэхийн өмнөх үе, уурхайн үйлдвэрлэлийн үед жил бүр);
3.10.6.2. Тухайн уурхайн эдэлбэр газрыг бүрэн хамарсан М1:2000 масштабаас багагүй хэмжээтэй, олборлолтод өртсөн газар, өртөх газар, өнгөн хөрсний овоолго, хар хөрсний овоолго, зам, цахилгааны шугам, кемп, эргэлтийн нуур, усны эх үүсвэр, хаягдлын аж ахуй, техникийн нөхөн сэргээлт хийсэн болон хийгээгүй талбай, биологийн нөхөн сэргээлт хийсэн талбай, орчны хяналт шинжилгээ хийх цэгүүд, хатуу хог хаягдлын цэг зэргийг тусгасан зураглал;
3.10.6.3. Зурагт дүн шинжилгээ хийж тойм зураг, тооцоонд оруулсан материал;
3.10.6.4. Байгаль орчныг хамгаалах ажлын үр дүнгийн талаархи мэдээлэл /олборлолтод өртсөн талбай, нөхөн сэргээсэн талбай гэх мэт/.
Дөрөв. Төлөвлөгөө, хөтөлбөрийг батлах
4.1.Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тухайн жилийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийг батлахдаа дараахи бичиг баримтыг үндэслэнэ. Үүнд:
4.1.1. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайлан;
4.1.2. Ашигт малтмалын газар Мэргэжлийн хяналтын ерөнхий газраар хянагдаж батлагдсан тухайн жилийн уулын ажлын төлөвлөгөө, техник эдийн засгийн үндэслэл, нөөцийн хөдөлгөөний тайлан;
4.1.3. Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар өмнөх онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, хэрэгжилтэд өгсөн үнэлэлт, хэрэгжилтийн хувь;
4.1.4. Тухайн оны төлөвлөгөө, хөтөлбөрт заасан хөрөнгийн 50 хувийг ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаанаас бусад төрлийн төсөл хэрэгжүүлэгчид сум дүүргийн Засаг даргын дэргэд нээсэн тусгай дансанд, ашигт малтмалын ашиглалтын үйл ажилагаа явуулах аж ахуйн нэгж байгууллагууд Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд нээсэн тусгай дансанд төвлөрүүлсэн баримт;
4.1.5. Тухайн жилийн төлөвлөгөө, хөтөлбөрийг хянах явцад байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний тайланд тусгагдсан байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийн дагуу тухайн жилд хийх ажлыг бүрэн гүйцэд тусгасан эсэхийг тодруулан шаардлагатай бол засвар, өөрчлөлт хийлгэнэ.
4.5 Байгаль, цаг агаарын давагдашгүй хүчин зүйлээс бусад шалтгаанаар өмнөх оны төлөвлөгөө, хөтөлбөрийг хангалтгүй биелүүлсэн тохиолдолд дараа жилийн төлөвлөгөө, хөтөлбөрийг батлахаас татгалзах үндэслэл болно.
Тав. Төлөвлөгөө, хөтөлбөрийн биелэлтийг хянаж, хүлээн авах
Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчныг хамгаалах тухайн жилийн төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийн хэрэгжилтийг хүлээн авахдаа дараахи бичиг баримтыг үндэслэнэ. Үүнд:
5.1. Тухайн аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх талаар хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, хэрэгжилтэд өгсөн урьдчилсан үнэлэлт, хэрэгжилтийн хувийг тооцсон материалын талаархи албан бичиг;
5.2. Нөхөн сэргээлтийг зохих стандартын дагуу хийсэн тохиолдолд орон нутгийн нөхөн сэргээлтийн байнгын комисс хүлээн авсан акт, М1:2000 масштабтай зураг;
5.3. Уул уурхайн олборлолтын улмаас эвдэрсэн газрын мэдээллийн маягт БОХ-3-ийн дагуу батлагдсан уулын ажлын төлөвлөгөөний үзүүлэлтүүдийг багтаасан байх.
5.4. Төлөвлөгөө хөтөлбөрийн хэрэгжилтийг хангалттай сайн, хангалттай, хангалтгүй, дүгнэх боломжгүй гэсэн үнэлгээгээр дүгнэнэ.
5.5. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах үүрэг, өмнөх оны төлөвлөгөө, хөтөлбөрийг бүрэн биелүүлсэн бол Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4, 39 дүгээр зүйлийн 39.4-т заасны дагуу буцаан барьцааны мөнгийг олгоно.
5.6. Тухайн төсөл хэрэгжүүлэгчийн төлөвлөгөө, хөтөлбөрийн биелэлт, нөхөн сэргээлтийн ажлын гүйцэтгэлд болон тэдгээрийн үр дүнг хүлээн авсан орон нутгийн байнгын коммиссын акт, өгсөн үнэлэлтэд байгаль орчны эрх бүхий мэргэжлийн байгууллага, төрийн бус байгууллагууд нь орон нутгийн иргэдийн төлөөллийг оролцуулан хөндлөнгийн хяналт шалгалтыг хийж дүгнэлтээ БОАЖЯ-нд ирүүлж болно.
5.7. Хөндлөнгийн хяналт, шалгалтад шаардагдах зардлыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шийдвэрлэнэ.
5.8. Тухайн жилийн уулын ажлын төлөвлөгөө болон байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний хоорондын уялдааг шалгаж, зөрүүтэй тохиолдолд засуулах талаар холбогдох байгууллагуудад хандаж болно.
5.9. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй төслийн тухайн жилийн төлөвлөгөө, хөтөлбөрийг үнэлгээ хийлгэх хүртэл хойшлуулна.
5.10. Өмнөх оны төлөвлөгөө, хөтөлбөрийн хэрэгжилтийг жил бүрийн 10 дугаар сарын 15-наас дараа оны 2 дугаар сарын 15-ны дотор, тухайн жилийн төлөвлөгөө, хөтөлбөрийг 2 дугаар сарын 15-наас дараа оны 3 дугаар сарын 15-ны дотор Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газарт ирүүлнэ.
Зургаа. Бусад
6.1. Өмнөх оны төлөвлөгөө, хөтөлбөрийн хэрэгжилтийг хүлээн авч дүгнэх, тухайн жилийн төлөвлөгөө хөтөлбөрийг хянаж, батлах ажлыг төв байгууллагад Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газар, аймаг, нийслэлд Байгаль орчин, аялал жуулчлалын газар гүйцэтгэнэ.
6.2. Тухайн жилийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөр, тэдгээрийн хэрэгжилтийн тайланг тус бүр 3 хувь үйлдэж ирүүлэх ба мөн электрон/file/ хэлбэрээр ирүүлнэ.
6.3. Өмнөх оны төлөвлөгөө, хөтөлбөрийн хэрэгжилтийг хүлээн авч дүгнэх, тухайн жилийн төлөвлөгөө, хөтөлбөрийг хянан батлах, эсэх асуудлыг ажлын 14 хоногт багтааж, шийдвэрлэнэ.
6.4. Шууд буюу нөхцөл болзолтой хэрэгжүүлэх төслийн төлөвлөгөө, хөтөлбөрийг байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийсэн байгууллага батална.
-000-
Журмын нэгдүгээр хавсралт
Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт-шинжилгээний
хөтөлбөрийн баталгаажих нүүр хуудасны загвар
Батлав. БОАЖЯ-ны Хүрээлэн буй Батлав. ……….. ХХК-ийн захирал
орчин байгалийн нөөцийн газрын захирал /......................../
дарга / ........................../
эсхүл Аймаг, нийслэлийн
Байгаль орчин, аялал жуулчлалын
газрын дарга / ........................../
(Аймаг, сум, байршил, тухайн төслийн нэр)
…………………....................... байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт шинжилгээний хөтөлбөр
ХЯнасан:БОАЖЯ-ны ХБОБНГ-ын орлогч дарга / ............................../ эсхүл .................. аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн /............................/
БҮРТГЭСЭН:БОАЖЯ-ны ХБОБНГ-ын мэргэжилтэн /.............................../
эсхүл .................. аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн /.............................../
болоВсруулсан:
1. ………..ХХК-ийн Байгаль орчны ажилтан …………………./…...………………/
2. …………….ХХК-ийн уулын инженер ………………………./…......……………../
20... он
Журмын хоёрдугаар хавсралт
Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө, орчны хяналт-шинжилгээний
хөтөлбөрийн биелэлтийн тайлангийн нүүр хуудасны загвар
Батлав. ………..ХХК-ийн захирал
/ /
(Аймаг, сум, байршил, тухайн төслийн нэр)
….. оны байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн ажлын тайлан, орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийн биелэлт
ХЯнасан:БОАЖЯ-ны ХБОБНГ-ын орлогч дарга /.........................../
эсхүл .................. аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн /............................/
БҮРТГЭСЭН:БОАЖЯ-ны ХБОБНГ-ын Мэргэжилтэн /.........................../
эсхүл .................. аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн /.........................../
болоВсруулсан:
1. ..................ХХК-ний Байгаль орчны ажилтан /.............................../
2. /................................/
Байгаль орчин, аялал жуулчлалын
сайдын 2011 оны ..... сарын … -ны өдрийн
………дугаар тушаалын 2 дугаар хавсралт
ЭВДЭРСЭН ГАЗРЫГ НӨХӨН СЭРГЭЭСЭН ТУХАЙ АКТ
20… оны … дугаар дугаар …
сарын … -ний өдөр
¹
|
Асуулт
|
Хариулт
|
|
Байршил Аймаг ,нийслэл: сум, дүүрэг: баг, хороо: газрын нэр:
|
|
|
Аж ахуйн нэгжийн нэр Хаяг: Аж ахуйн нэгжийн гэрчилгээний дугаар: регистр:
|
|
|
………….тусгай зөвшөөрлийн Дугаар: Талбай:
|
|
|
Нөхөн сэргээлт хүлээлгэн өгсөн албан тушаалтан: овог нэр:
|
|
|
Нөхөн сэргээлтийн ажлыг газар дээр нь хэмжиж зураглал үйлдсэн мэргэжлийн байгууллагын нэр: хаяг:
|
|
|
Нөхөн сэргээлтийн ажлын хэмжээ, чанар, үр дүн:
|
|
|
Ирэх онд хийх нөхөн сэргээлтийн хэмжээ /Га-аар/
|
|
|
Нэмэлт мэдээлэл
|
|
Нөхөн сэргээлт хийсэн тухай
ДҮГНЭЛТ:
ТАЙЛБАР:
Нөхөн сэргээлтэд хамрагдсан талбай, хийсэн ажлын хэмжээг техникийн болон биологийн гэж ангилан хэмжилтийн дүнг үндэслэн тогтооно.
Биологийн нөхөн сэргээлтэд ашигласан мод бут, ургамлын төрөл зүйлийг тодорхой тусгана..
АКТ ГАРГАСАН:
Комиссын дарга:
- ………. аймаг /нийслэлийн /………… сум/дүүрэг/-ын Засаг дарга…………………
/эсхүл томилогдсон албан тушаалтан/
-Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга
Гишүүд:
Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч
Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Газар, газрын хэвлий хариуцсан мэргэжилтэн
Байгаль орчин, аялал жуулчлалын газрын Усны асуудал хариуцсан мэргэжилтэн
/……………………../ хариуцсан хэсгийн байгаль хамгаалагч
/……………… ……./ сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч
/……………………./ сумын иргэдийн төлөөлөл
ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН:
………… ХХК-ийн захирал / .................................../
-000-
Текст томруулах
A
A
A