- Нүүр
- Сайдын тушаал
- МАЛЫН ЭМИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2009 оны 11 дүгээр сарын 19 ний өдрийн
261 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралт
МАЛЫН ЭМИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1 Малын эмийн салбар зөвлөл ("цаашид "Эмийн зөвлөл" гэх )- ийн үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.
1.2 Эмийн зөвлөл нь үйл ажиллагаандаа "Эмийн талаар төрөөс баримтлах бодлого", "Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль", "Малын удмын сан эрүүл мэндийг хамгаалах тухай хууль" болон холбогдох бусад хууль тогтоомжийг мөрдлөг болгоно.
1.3 Эмийн зөвлөл нь мал эмнэлгийн зориулалтаар хэрэглэх эмийн чанар, аюулгүй байдлын шаардлагын түвшинд байлгах, нэр төрлийг олшруулж, сонголт хийх бололцоог өргөтгөх зорилгоор эм, эмийн түүхий эдийн стандарт боловсруулахад дүгнэлт гаргах, шинэ эмийг улсын бүртгэлд бүртгэх үйл ажиллагааг эрхлэн зохион байгуулах, зах зээлд хэрэглэж байгаа эмийн зүйлд тандалт хийж, үнэлэмж өгөх үүрэг бүхий орон тооны бус, мэргэжлийн зөвлөх байгууллага мөн.
Хоёр. Удирдлага зохион байгуулалт
2.1 Эмийн зөвлөл нь дарга, нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдэх бөгөөд Малын эмийн зөвлөлийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны холбогдох газар, хэлтсийн дарга тэргүүлнэ.
2.2 Малын эмийн салбар зөвлөл нь холбогдох төрийн захиргааны болон хяналтын асуудал эрхэлсэн байгууллага, сургалт, эрдэм шинжилгээ, төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөл оролцсон 9 –өөс доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байж болно.
2.3 Эмийн зөвлөлийн ажлын албаны үүргийг Зөвлөлийн нарийн бичгийн дарга гүйцэтгэнэ.
2.4 Эмийн зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь зөвлөлийн хуралдаан байна. Хуралдааныг зөвлөлийн дарга, түүний эзгүйд гишүүдийн олонхийн саналаар томилогдсон гишүүн удирдана.
2.5 Эмийн зөвлөл улиралд нэг удаа хуралдана. Шаардлагатай үед ээлжит бус хуралдааныг зөвлөлийн дарга зарлан хуралдуулж болно. Зөвлөлийн гишүүдийн ирц 80– аас дээш хувьтай бол хуралдааныг хүчинтэйд тооцно.
2.6 Эмийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхийн саналаар шийдвэрлэж зөвлөмж, дүгнэлт гаргана.
2.7 Эмийн зөвлөл нь стандартын дагуу хийсэн "Малын эмийн салбар зөвлөл" гэсэн албан хэргийн тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
2.8 Эмийн зөвлөлийн хуралдааны тэмдэглэлд зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга, хуралдаанд оролцсон гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна.
Гурав. Малын эмийн зөвлөлийн үүрэг, эрх
3.1. Эмийн зөвлөл нь дараах үүрэг хүлээнэ Үүнд:
3.1.1 эмийн талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтэд дүгнэлт өгөх, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар Эмийн үндэсний зөвлөлд санал, танилцуулга, зөвлөмж бэлтгэж өгөх;
3.1.2 мал эмнэлгийн зориулалтаар хэрэглэх эм, эмийн түүхий эдийг бүртгэх, бүртгэлд өөрчлөлт оруулах асуудлыг холбогдох баримт бичиг, эрх бүхий лабораторийн дүнг үндэслэн хэлэлцэж шийдвэр гаргах, гаргасан шийдвэрийн биелэлт, бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих;
3.1.3 мал эмнэлгийн зориулалтаар хэрэглэж буй эм, эмийн түүхий эдийн бүртгэл мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, эмийн мэдээлэл, зар сурталчилгааны асуудлаар мэргэжлийн дүгнэлт, зөвлөмж гаргах, энэ талаар нийтэд мэдээлэх;a
3.1.4 мал эмнэлгийн Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг шинэчлэн батлуулах, хэрэглээнд шаардагдах эмийн нэр төрлийг олшруулах, эмчилгээ, оношлогоонд олон улсын жишигт нийцсэн эм хэрэглэх асуудлаар зөвлөмж гаргах;
3.1.5 Мал эмнэлгийн зориулалтаар хэрэглэж буй эмийн лавлах, Үндэсний фармакопейн талаар санал дүгнэлт гаргах, мэргэжлийн зөвлөлгөө өгөх;
3.1.6 эмийн стандартын төсөлд санал өгөх;
3.1.7 Эмийн үйлдвэрлэлийн нөхцөлд үнэлэмж өгөх;
3.1.8 мал, амьтны биед дасах болон гаж нөлөө ихтэй эмийг хориглох, хязгаарлах асуудлаар зөвлөмж дүгнэлт гаргах;
3.1.9 мал эмнэлгийн зориулалтаар хэрэглэхээр бүртгэгдсэн эмийн чанар, аюулгүй байдал, хүн, мал, амьтны биед үзүүлж байгаа нөлөөллийн талаар гарсан санал, гомдлын дагуу тухайн эм, бэлдмэлийг шалгалт туршилтад хамруулах, гарсан дүнг хэлэлцэж баталгаажуулах, нийтэд мэдээлэх;
3.1.10 эрх хэмжээний асуудлаар олон улсын байгууллагын үйл ажиллагаанд оролцох, хамтран ажиллах, улс, орон нутгийн чанартай хурал цуглаанд оролцох, зохион байгуулах
3.2. Малын эмийн зөвлөл нь дор дурдсан эрх эдлэнэ.
3.2.1 эмийн технологийн талаарх баримт бичгийг холбогдох байгууллага, зохиогчоос гаргуулан авах;
3.2.2 эм, эмийн түүхий эд болон бичиг баримтыг магадлан шинжлэх ажилд эмийн чиглэлээр мэргэшсэн шинжээчийг үндсэн байгууллагатай нь тохиролцсоны үндсэн дээр татан оролцуулах;
3.2.3 мал эмнэлгийн практикт хэрэглэх явцад тухайн эмийн эмчилгээний идэвх, чанар, аюулгүй байдалтай холбогдсон нотолгоотой гомдол, санал гараагүй эмийн сорилт туршилтын дүнг харгалзан улсын бүртгэлийн хугацааг зөвлөлийн хуралдаанд оруулахгүйгээр шууд сунгах;
3.2.4 малын эмийн улсын бүртгэлийн дүрэмд заасан баримт бичгийн бүрдүүлэлт нь шаардлага хангаагүй гэж үзвэл уг асуудлыг Эмийн зөвлөлийн хуралдаанд хэлэлцүүлэхгүйгээр бүртгүүлэгчид буцаах;
3.2.5 аливаа байгууллагаас эмийн талаар гаргасан шийдвэр нь холбогдох хууль, тогтоомжид нийцэхгүй байна гэж үзвэл хүчингүй болгох саналаа зохих байгууллагад тавих;
3.2.6 малын эмийн зөвлөлийн гишүүд хуралдаан, зөвлөлөөс зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд оролцсон тохиолдлод холбогдох хууль эрх зүйн хүрээнд урамшуулал авах эрхтэй
3.2.7 Эмийн хэрэглэх зааврыг зөвлөлийн хуралдааны санал, зөвлөмж, дүгнэлтийг үндэслэн Монгол улсын малын ерөнхий эмч батлан мөрдүүлнэ.
Дөрөв. Зөвлөлийн даргын ажил үүргийн чиглэл
4.1 Эмийн зөвлөлийн дарга нь зөвлөлийн ажлын төлөвлөгөө болон хуралдаанаас гарсан шийдвэрийг баталж, шаардлагатай гэж үзвэл зарим асуудлыг Хүнс, хөдөө аж ахуйн сайдын зөвлөлийн хуралдаанд хэлэлцүүлнэ.
4.2 Эмийн зөвлөлийн үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийг төлөвлөж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тухайн жилийн төсвийн багцад тусгуулна..
4.3 Эмийн зөвлөлийн дарга зөвлөлийн хуралдааныг зарлан хуралдуулж хуралдааныг удирдана.
4.4 Нарийн бичгийн дарга, гишүүдэд үүрэг даалгавар өгч, биелэлтэд нь хяналт тавина.
4.5 Зөвлөлийн хагас, бүтэн жилийн ажлын тайланг гаргаж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын зөвлөлд танилцуулна.
Тав. Эмийн зөвлөлийн нарийн бичгийн даргын ажил үүргийн чиглэл
5.1. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг Эмийн зөвлөлийн даргатай зөвшилцөн боловсруулж батлуулан хуралдааны бэлтгэл ажлыг хангана.
5.2. "Эмийн талаар төрөөс баримтлах бодлого", " Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль" болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах ажлын төлөвлөгөө боловсруулж батлуулах, зохион байгуулан тайлагнана.
5.3. Эмийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэх эм, эмийн түүхий эдийг бүртгэх, бүртгэлд өөрчлөлт оруулахтай холбогдуулан албан ёсоор ирүүлсэн баримт бичигт хянан шүүлт хийж шаардлага хангасан гэж үзвэл хуралдаан болохоос 3-аас доошгүй хоногийн өмнө гишүүдэд тараана.
5.4. Хуралдааны тэмдэглэл хөтөлж, гарсан шийдвэрийг баталгаажуулж, шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна.
5.5. Эмийн улсын бүртгэлийг хариуцан бүртгэл мэдээллийн сан бүрдүүлнэ.
5.6. Шинээр бүртгэсэн эм, бүртгэлээс хасагдсан эмийн талаар хагас жил тутамд, нийтэд мэдээлнэ
5.7. Эмийн зөвлөлийн үйл ажиллагааны зохион байгуулалтын асуудлыг хариуцан ажлын тайланг хагас бүтэн жилээр гаргаж хуралдаанд танилцуулна.
5.8. Эмийн зөвлөлийн үйл ажиллагаатай холбоотой албан хэргийг хөтөлж, баримт бичгийг яамны архивт хүлээлгэн өгнө.
Зургаа. Хариуцлага хяналт
6.1 Эмийн зөвлөл нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын өмнө үүрэг хариуцлага хүлээнэ
6.2 Зөвлөлийн үйл ажиллагаанд нь Төрийн нарийн бичгийн дарга хяналт тавина
--------оОо--------
Текст томруулах
A
A
A