A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • МОНГОЛ УЛСЫН НУТАГТ АРХЕОЛОГИ, ПАЛЕОНТОЛОГИЙН ХАЙГУУЛ, МАЛТЛАГА, СУДАЛГАА ХИЙХ ЖУРАМ
Бүлэг: 1979
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны 05 сарын 18 -ны өдрийн
222 дугаар  тушаалын нэгдүгээр хавсралт
 
 
 
МОНГОЛ  УЛСЫН НУТАГТ АРХЕОЛОГИ, ПАЛЕОНТОЛОГИЙН ХАЙГУУЛ, МАЛТЛАГА, СУДАЛГАА ХИЙХ ЖУРАМ
                                          Нэг. Ерөнхий үндэслэл
     1.1.Монгол Улсын нутагт хийгдэж буй археологи, палеонтологийн хайгуул, малтлага, судалгааны ажлыг шинжлэх ухааны үндэстэй арга зүйгээр гүйцэтгэх, хянах, холбогдох баримтыг зохих шаардлагын дагуу бүрдүүлж, судалгааны хэрэглэгдэхүүн болгох, олдворыг хамгаалах үйл  ажиллагааг зохицуулахад энэхүү журмыг мөрдөнө.
 
            1.2. Монгол Улсын "Соёлын өвийг хамгаалах тухай хууль"-ийн 13.1-д заасны дагуу археологи, палеонтологийн  аливаа олдвор нь төрийн өмч байна.          
 
                              Хоёр. Археологи, палеонтологийн  хайгуул, малтлага,  
                                                        судалгаа хийх зөвшөөрөл олгох
 
            2.1.  Монгол Улсын нутаг дэвсгэрт археологи, палеонтологийн хайгуул, малтлага, судалгаа хийх зөвшөөрлийг  Мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн  Боловсрол,соёл, шинжлэх ухааны сайдын тушаалаар олгоно.
 
           2.2. Археологи, палеонтологийн хайгуул, малтлага, судалгааг мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллага эрхлэн явуулна.
 
           2.3. Археологи, палеонтологийн хайгуул, малтлага, судалгаа хийх байгууллага хүсэлтээ малтлага, судалгааны ажил эхлэхээс нэг сарын өмнө Мэргэжлийн зөвлөлд ирүүлэх бөгөөд дараах шаардлага хангасан тохиолдолд зөвшөөрөл олгоно:            
2.3.1.   Хайгуул, малтлага, судалгаа хийх хөтөлбөртэй байх, хөтөлбөрт:  
•                 хайгуул, малтлага, судалгаа явуулах зорилго;
•                 хайгуул, малтлага, судалгаа хийх газар нутгийн нэр
малтлага хийх газрын кординат;
•         аль үеийн дурсгалуудыг ямар арга зүйгээр судлах үндэслэл;
•         хайгуул,   малтлага,   судалгаа   хийх  мэргэжлийн эрдэмтэн, судлаачдын   танилцуулга;
•         хайгуул, малтлага, судалгаа хийх хугацаа, багаж хэрэгсэл, машин тоног төхөөрөмж, хүн хүчний тооцоог  тусгасан байна.
 
2.3.2.  өмнөх жилийн хайгуул, малтлага, судалгааны ажлын тайланг зохих шаардлагын түвшинд бичиж хугацаанд нь Мэргэжлийн зөвлөлд хүлээлгэн өгсөн байх;    
2.3.3. малтлага   хийсэн   газраа аюулгүй болгон засаж хайгуул,  малтлага явуулсан тухай товч мэдээллийн хамт тухайн орон нутгийн захиргаанд албан ёсоор хүлээлгэн өгсөн байх;  
2.3.4.  малтлагаар илэрсэн олдворуудыг илэрсэн өдрөөс хойш 3 сарын
дотор тухайн сум, аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газарт мэдээлсэн байх ба нэг жилийн дотор  соёлын өвийн бүртгэл - мэдээллийн санд бүртгүүлсэн байх.
              2.4. Хот суурин, барилга байгууламж барих, шинээр зам тавих, усан цахилгаан станц байгуулах, ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах, зэрэг аж ахуйн үйл ажиллагаа явуулахад зориулан газар олгохоос өмнө палеонтологи, археологийн мэргэжлийн байгууллагаар уг газарт урьдчилан хайгуул, малтлага, судалгаа хийлгэж дүгнэлт гаргуулна.
2.5. Урьдчилсан хайгуул, малтлага, судалгаа хийлгэх, олдворыг авран хамгаалахад  шаардагдах  зардлыг  энэ  журмын  2.4-т заасан  газарт үйл  ажиллагаа явуулах захиалагч  хариуцна.
 
 2.6. Шаардлагатай тохиолдолд Мэргэжлийн зөвлөл нь археологи,  палеонтологийн хайгуул,  малтлага,  судалгааны  ажлын  явц, технологи, гүйцэтгэл, тайлан бичилтэд мэргэжлийн судлаачдаас  бүрдсэн  комисс  томилон дүгнэлт гаргуулж болно.
                    
           Гурав. Археологи, палеонтологийн хайгуул, малтлага,
                       судалгаа хийх байгууллага, судлаачийн үүрэг
 
             3.1. Археологи, палеонтологийн хайгуул, малтлага, судалгаа хийх байгууллага, судлаач нь дараах үүрэгтэй байна:
                         
                          3.1.1. Археологи, палеонтологийн хайгуул, малтлага, судалгаа хийх байгууллага болон судлаач нь уг ажилтай холбоотой хууль, тогтоомжтой сайтар танилцаж, үйл ажиллагаандаа мөрдлөг болгоно.
 3.1.2. Археологи, палеонтологийн хайгуул, малтлага, судалгаа хийх байгууллага, судлаач  нь ажлаа эхлэхийн өмнө тухайн сум, дүүргийн Засаг даргад мэдэгдэж, малтлага, судалгааныхаа зорилго, ач холбогдлыг танилцуулна.
 3.1.3. Археологи, палеонтологийн судалгаа хийсэн байгууллага,
судлаач нь хээрийн судалгааны тайлангаа дараа жилийн эхний хагас жилд багтаан гар болон гэрэл зургийн хамт хоёр хувь үйлдэж, өөрийн  байгууллагын эрдмийн    зөвлөлөөр    хэлэлцүүлсэн    дүгнэлт,    протоколын    хамт  нэг хувийг Мэргэжлийн   зөвлөлд   хүлээлгэн   өгнө.   Нөгөө   хувийг   өөртөө хадгална.
3.1.4.  Мэргэжлийн  зөвлөл нь  судалгааны  ажлын  тайланг   хэлэлцэн
үнэлэлт, дүгнэлт  өгсний дараа  шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас томилсон Итгэмжлэн хадгалагчид шилжүүлнэ.
          3.1.5. Гадаадын эрдэм шинжилгээний байгууллага Монгол Улсын нутаг дэвсгэр дээр археологи, палеонтологийн хайгуул, малтлага, судалгаа хийхдээ Монгол Улсын эрдэм шинжилгээний холбогдох байгууллагатай хамтран гүйцэтгэнэ.
          3.1.6. Монгол Улсын нутагт археологи, палеонтологийн хамтарсан
судалгаа явуулсан гадаадын байгууллага, эрдэмтэд монголын талын эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэдтэй урьдчилан тохиролцсоны үндсэн дээр уг судалгааны үр дүнгээр ном бүтээл хэвлэн нийтлүүлж болно.
          Дөрөв.  Археологи, палеонтологийн олдворын хамгаалалт, хадгалалт         
            4.1. Археологи, палеонтологийн олдворын зэрэглэлийг тогтоолгох, музейд шилжүүлэх, хамтран  судлах асуудлыг гэрээгээр зохицуулна.  
             4.2. Археологи, палеонтологийн олдворууд хосгүй үнэт гэдэг нь тогтоогдвол улсын музейд  шилжүүлэн хадгалуулна.
           4.3. Үнэт ба ердийн дурсгалт зүйлд хамаарах  олдвор, дээжийг хадгалах нөхцөл хангасан улс, аймгийн музейд шилжүүлнэ.
            4.4. Улс, аймгийн музейд шилжүүлснээс бусад олдворыг түүнийг олж илрүүлсэн төрийн өмчийн эрдэм шинжилгээний байгууллагын сан хөмрөгт хадгална.
            4.5. Археологи, палеонтологийн аливаа олдворыг хадгалж байгаа байгууллага тухайн олдворыг олон нийтэд сурталчилж болно.   
                                                Тав.  Бусад
                       
5.1. Археологи, палеонтологийн хайгуул, малтлага, судалгаа хийх тухай Боловсрол, соёл шинжлэх ухааны сайдын тушаалаар олгох зөвшөөрлийн тэмдэгтийн хураамжийг "Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль"-ийн 15.1 дэх заалтын дагуу Сүхбаатар дүүргийн татварын албанд төлнө.
           
5.2. Хайгуул, малтлага, судалгааны үед илэрсэн олдворыг анхан шатанд нь авран хамгаалах, олдворт газрыг нөхөн сэргээх  ажлыг  хайгуул, малтлага, судалгааны ажил хийхээр зөвшөөрөл авсан байгууллага гүйцэтгэнэ. 
             
 
                                   -------------------оОо--------------